
Blog
-
“МӨРӨӨДЛИЙН БАГ”-ИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг АНУ-ын NBA-ийн од, супермэн хочит Двайт Ховард ирж нээж байсан нь саяхан. Тэгвэл 8 сарын турш манай улсын бүх аймаг сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй мянган хүүхэд багачууд аваргын төлөө өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсны эцэст өнөөдөр “Мөрөөдлийн баг”-ийн аваргууд тодорлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шилдгүүдэд шагнал гардуулах ёслолд оролцож хэлсэн үгэндээ Хүн бүр мөрөөдөлтэй. Гагцхүү мөрөөдлөө биелүүлэхийг тулд эрүүл чийрэг бие бялдартай байх нь чухал. Тиймээс бид сагсан бөмбөгийн спортоор дамжуулан нийтийн биеийн тамир, хүүхэд залуучуудынхаа эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлэх өсвөр үеийнхний авьяас чадварыг нээн илрүүлэх үүднээс Ерөнхий сайдын хувьд, спортод хайртай хүний хувьд энэхүү санаачилгыг гаргасан юм гэдгээ хэллээ.
Мөн тэрээр “Мөрөөдлийн баг”-ийн тэмцээнд 300 мянга гаруй хүүхэд идэвхтэй оролцсон нь хүүхэд багачууд маань спортоор хичээллэх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байна гээд нийт багш дасгалжуулагч тамирчдадаа талархаж байгаагаа илэрхийллээ. Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгаас идэвхитэй оролцож, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор Завхан аймгаас ирсэн баг тамирчид шилдгээр шалгарсан нь орон нутагт энэхүү спортоор амжилт гаргах үндэс суурь байгааг илтгэж байна хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн баг дасгалжуулагчид үндэсний хэмжээнд зохиогдож байгаа тэмээнд 30 жилийн дараа аймгаа төлөөлөн оролцож байгаадаа баяртай байна гэж байлаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр баг тамирчид “Мөрөөдлийн баг” хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байх санаачилгыг гаргасныг Монгол Улсын Ерөнхий сайд дэмжиж байгаагаа хэллээ. Тэмцээний бага насны ангилалд Өмнөговь аймгийн Баяндалай сумын эрэгтэй, Завхан аймгийн эмэгтэй баг, Дунд насны ангилалд Нийслэлийн 48-р дунд сургуулийн эрэгтэй баг, Спорт сургуулийн эмэгтэй баг тамирчид, Ахлах насанд Орхон аймгийн эрэгтэй, Дорноговь аймгийн эмэгтэй баг 1-р байранд шалгарч алтан медаль, аваргын малгай футболк, 2.000.000 төгрөг үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Үүнээс гадна тэмцээний шилдгийг шилдэг нэг тоглогч АНУ-ын NBA-ын playoff-ын тоглолтыг үзэх эрхийн бичгээр шагнагдлаа. Түүнчлэн энэ өдрүүдэд ОХУ-ын Уфа хотноо болж байгаа Олимп, Дэлхийн аварга Сергей Беловын нэрэмжит олон улсын хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээнд нийслэлээс шалгарсан “Мөрөөдлийн баг”-ийн тамирчид оролцож байна.
-
Террорист гэмт этгээдийг баривчилсан З.Буяннэмэхэд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ
Тайландын Вант улсаас Хонконг хүрэх онгоцонд энэ сарын 16-ны өдөр болсон явдлын талаар монголчууд төдийгүй дэлхийн олон орны иргэд ярьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, жирийн монгол залуугаар бахархаж байна. СХ 712 онгоцны аяллын явцад амиа золиослохыг завдсан алан хядагчийг барьж саатуулан 216 зорчигчийн амь насыг хамгаалсан Монгол Улсын Иргэн Заяабаатарын Буяннэмэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 4 дүгээр сарын 18-ны энэ өдөр хүлээн авч уулзлаа.

Баатарлаг зориг, авхаалж самбаа гарган, шуурхай ажиллан террорист гэмт этгээдийг барьж саатуулан олон зуун эрдэнэт хүний амийг аварч, монгол хүний эр зоригийг олон улсад таниулсан танаар Монголын ард түмэн бахархаж байгаа гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлж талархлын бичиг, дурсгалын зүйл гардууллаа.
З.Буяннэмэх онгоцонд болсон явдлын талаар “Тэр этгээд 40 орчим насны Филиппин хүн байсан. Онгоц газардахаас 20 орчим минутын өмнө нэг нөхөр хаалга онгойлгох гэж дайрч онгоцны үйлчлэгч болон хоёрдугаар нисгэгчтэй зууралдаад гэнэтийн юм болсон. Өөрийн мэдэлгүй очоод өнөө нөхрийг хоолойгоор нь боож унаган, хоёрдугаар нисгэгчийн өгсөн гаваар гавлаад онгоц газардтал хажуудаа суулгаж авч явсан” гэж ярихад Ерөнхий сайд “Их мэдрэмжтэй, зоригтой байж, бахархам үйл хийжээ. Манай монгол залуучуудаас л ийм эрэлхэг зориг, авхаалж самбаа гарна” хэмээгээд З.Буяннэмэхээр бахархаж байгаагаа хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭНД БАЙНА
~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр боллоо. Энэ өдөр Засгийн газар 24 асуудал хэлэлцэж 13 асуудалтай танилцан холбогдох шийдвэр гаргажээ ~

Монгол Улсын Засгийн газрын өр 9.6 тэрбум ам.доллар хүрсэн тухай УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өмнө нь мэдээлж байсан нь ташаа ойлголт. Гадаад өр зохистой хэмжээнээс хэтрээгүй, өөрөөр хэлбэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар хэллээ. Нийт гадаад өрийн 2.2 тэрбум ам.доллар нь Засгийн газарт хамааралтай бөгөөд үлдэх 7.4 тэрбум ам.доллар нь хувийн хэвшил, түүн дотроо банк, банк бус байгууллагын өр байгаа гэдгийг Монголбанкны албан ёсны мэдээлэлд дурджээ.
Засгийн газар өнгөрсөн онд 257.9 тэрбум төгрөгийн гадаад зээл авч ашигласан бөгөөд өрийн үлдэгдэл 2011 оны гүйцэтгэлээр 2,650.9 тэрбум төгрөг байна. Нийт зээлийн үлдэгдлийн 66.2 хувийг төслийн, 21.6 хувийг санхүүгийн, 10.3 хувийг автозамын, 1.6 хувийг хөтөлбөрийн зээл, үлдсэн 0.3 хувийг Олон улсын валютын сангийн зээл эзэлж байгаа тухай Сангийн яамны танилцуулгад дурдсан байна. Тэгвэл дотоод өрийн үлдэгдэл мөн оны гүйцэтгэлээр 503.3 тэрбум төгрөг болжээ. Төсвийн алдагдал, улирлын чанартай дутагдал болон орон сууц, жижиг, дунд үйлдвэр, ноос, ноолуурын салбарыг дэмжих, зарим ажлыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар өнгөрсөн онд 358.3 тэрбум төгрөгийн үнэт цаас гарган арилжаалж, эргэн төлөлтөд 20 тэрбум төгрөг төлсөн байна. Засгийн газрын нийт өр өнгөрсөн онд 3,154.2 тэрбум төгрөг болжээ.
ӨМНИЙН ГОВЬД НҮҮРС ХЭРХЭН ТЭЭВЭРЛЭЖ БАЙГААГ ШАЛГАЖЭЭ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалын дагуу Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж байгаа 13 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг сайд Т.Ганди Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дээрх аж ахуйн нэгжүүдэд ололттой болон дутагдалтай тал аль аль нь байна. Цаашид гадаадаас ажиллах хүч авч байгаа аж ахуйн нэгжүүд, ялангуяа Цогтцэций сумаас Гашуунсухайт боомт хүртэлх чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа явцад мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан үзлэг, шалгалт хийн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын талаар дүгнэлт гаргаж, хариуцлага тооцох нь зүйтэй гэж сайд Т.Ганди хэллээ.
Мөн гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тавих хяналтыг сайжруулах, хууль, тогтоомж зөрчсөн этгээдэд ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгааг танилцуулгад дурджээ. Түүнчлэн гадаадын ажилчдаар нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг Эдийн засгийн цагдаагийн газар болгон өргөтгөх, нийгмийн даатгал, хөдөлмөрийн асуудал хариуцсан ажилтны орон тоог нэмэх, төрийн үйлчилгээний нэг цэгийн төв ажиллуулах, Оюутолгой, Тавантолгойн төслүүдийн хүрээнд хүнд даацын жолооч, оператор нарыг тусгайлсан сургалтаар бэлтгэж мэргэшүүлэх нь зүйтэй гэдгийг сайд Т.Ганди танилцуулгадаа санал болгожээ.
СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ 70 МЯНГА ОРЧИМ ИРГЭН ГАДААДАД АМЬДАРЧ БАЙНА
“Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах тухай журам”-ын төслийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар танилцууллаа. Төсөлд Монгол Улсаас хилийн чандад суугаа нийт 40 Дипломат төлөөлөгчийн газарт иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комисс, салбар комисс байгуулах, тэдгээрийн чиг үүрэг, сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, танилцуулах, санал авах ажлыг зохион байгуулах, саналыг нууцлалыг хангах зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулжээ.
Журмын төслийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Гадаад харилцааны сайдын хамтарсан тогтоол, тушаалаар батлахаар төлөвлөсөн байна. Төсөлд тусгаснаар сонгуулийн эрх бүхий иргэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө тухайн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт ирж бүртгүүлэх ёстой. Иргэд санал өгөхдөө өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсвэл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэж хуудсаа дугтуйд битүүмжлэн саналын хайрцагт хийх юм. Гэхдээ сонгогч бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс хамаарч саналаа биечлэн өгөх боломжгүй бол итгэмжлэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болохыг журамд тусгаад байна.
Салбар комисс иргэдийн саналыг санал хураалт дууссан өдрийн дараагийн өдрийн дотор Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх зэргийг ч нарийвчлан тусгажээ. Өнөөдрийн байдлаар гадаадад сонгуулийн эрх бүхий 70 мянга орчим иргэн байгаа бөгөөд иргэний шинэчилсэн бүртгэлд 33 мянга гаруй хүн хамрагдаад байна.
ИРЭХ ЖИЛҮҮДЭД ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
Засгийн газрын хуралдаанаар эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Ирэх 5 жилд манай улс хүнээ хөгжүүлэх, ажиллаж, амьдрах аюулгүй таатай орчныг бүрдүүлэх, хүнд ээлтэй засаглалыг төлөвшүүлэн эдийн засгаа бүсчлэн хөгжүүлэхийг тэргүүлэх чиглэл болгохоор төлөвлөжээ. Мөн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, хүнд үйлдвэрийн суурийг тавин боловсруулах үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх юм. Түүнчлэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлнэ гэж тэргүүлэх чиглэлд тусгаад байна.
Мөн хуралдаанаар “Эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Үндсэн чиглэлийг Өсөлтийн үр шимийг нийгмийн бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн, Бодит салбарын хөгжлийн, Байгаль орчин, бүс нутгийн хөгжлийн болон Хүнд өгөөжтэй нийгмийн бодлого, Төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэл, Гадаад бодлого, батлан хамгаалах гэсэн бүлэгтэй байхаар боловсруулсан байна. Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, шинэ Засгийн газрын ажлын эхлэл болохоор төлөвлөн боловсруулснаараа онцлог юм.
“ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
“Хөдөөгийн хөгжил” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хөтөлбөрийг эхний ээлжинд 2012-2015 онд хэрэгжүүлж хөдөөгийн өрхийн бодит орлогыг 2010 оны түвшингээс 2 дахин нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулах зорилт тавьж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр малчин өрхийн амьжиргаа нь байгаль цаг уур, түүхий эдийн үнэ, ханшийн өөрчлөлтөөс хэт хамаарах хамаарал багасч, хөдөөгийн иргэд нийгмийн суурь үйлчилгээг жигд хүртэх нөхцөл бүрдэнэ.
Мөн бүх сум, зарим томоохон баг, тосгон байнгын эрчим хүчээр хангагдаж, иргэд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг бүрэн хүртэх боломжтой болох юм. Түүнчлэн сум өөрийн санхүүгийн эрх мэдэлтэй болж, орлогоо бүрдүүлэн зарлага, санхүүжилтээ иргэдийн оролцоотой төлөвлөн баталж хэрэгжүүлдэг болох зэрэг зорилтыг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.
ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДААС ШАЛТГААЛАН АЖИЛ УДААШИРЧЭЭ
“Халх гол” төсөл болон баруун бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай танилцууллаа. Сайд Т.Бадамжунайн танилцуулгаас үзвэл Халх голын сав газарт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй тогтвортой эрхлэх боломжийг бүрдүүлэх үүднээс үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн ч орон нутгийн удирдлагуудаас болж цаг алдаж байна. Тухайлбал аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд 50 орчим мянган га талбайд тариалан эрхлэх хүсэлт гаргасан ч аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргаагүй байна. Мөн Халх гол сумын төвийн цэвэр, бохир усны шугамыг сэргээн засварлах ёстой ч зураг төслийн ажил нь хийгдээгүй байгааг сайд Т.Бадамжунай хэллээ.
Үүнтэй холбогдуулан “Халх гол төслийг хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх, сумын төвийн цэвэр, бохир усны шугамыг сэргээн засварлах зураг төсвийн болон шинэчлэн засварлахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. “Халх гол” төслийн хүрээнд Халх голын бүс нутагт ашиглалтгүй байсан 30,0 мянган га атаршсан талбайгаас 19,8 мянган га талбайг хуулийн дагуу эзэмшүүлж эргэлтэд оруулжээ. Мөн өөрийн техникгүй жижиг аж ахуйн нэгж болон өрхийн тариалан эрхлэгчдийг техникийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор нэг тэрбум төгрөгөөр Техник үйлчилгээний дундын төв байгуулан ажиллаж байна.
2011 онд 6 аж ахуйн нэгж 9 орчим мянган га-д үр тариа тариалж, 13 мянган га-д уриншийн боловсруулалт хийснээр энэ онд 15 мянган га-д үр тариа тариалж, 15,0 мянган га-д уринш боловсруулалт хийх боломж бүрдсэн байна. Энэ нь төсөл хэрэгжихийн өмнөх жилтэй харьцуулахад 3,3 дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Тэгвэл баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зорилгоор 2010-2012 онд нийтдээ 1,6 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн байна. Үүнээс гадна “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 500 сая төгрөгийн зээлээр Увс аймагт жилд 600 тонн чацаргана боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Мөн жимс, жимсгэний суулгац үржүүлэгчдийг дэмжих зорилгоор 2010-2012 онд Увс аймгийн иргэн, аж ахуйн нэгжээс 1,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 880 мянган ширхэг чацарганы суулгац худалдан авч бусдад олгосон байна.
“АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан агаарын хөлөг олон улсын хилийн боомтгүй нисэх буудалд зайлшгүй буулт хийсэн тохиолдолд хилийн хяналтыг гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах зохицуулалт бүрдүүлэх, холбогдох журмыг боловсруулан баталгаажуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын паспорт хяналтын нэгдсэн сүлжээний программ хангамжийг сайжруулах, шаардагдах хөрөнгийг шуурхай шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.
Түүнчлэн агаарын тээврийг хялбаршуулахтай холбогдсон үйл ажиллагаа, арга хэмжээ нь аялал жуулчлал, олон улсын худалдааны хөгжилд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох, үнэлгээ өгөх боллоо. “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр” 181 заалттай бөгөөд 2011 оны байдлаар 154 заалт бүрэн хэрэгжиж, 21 заалт 30-90 хүртэл хувийн биелэлттэй, 6 заалт хэрэгжээгүй байна. Хөтөлбөрийн дундаж хэрэгжилт 92 хувьтай гэсэн тооцоо гарчээ.
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний дөрөв дэх хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоол гарахаар боллоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Шадар сайд М.Энхболд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгалаа. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд болон нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх, эрсдэл өндөртэй салбаруудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр боловсруулж, баталж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2013 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт даалгажээ.
ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТАЛЛАА
ОХУ-ын Москва хотноо энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан “Нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. 2009 онд манай 46 мянга гаруй иргэн ОХУ-ын хилээр нэвтэрсэн бөгөөд 77 орчим хувь нь тухайн улсад бүртгэлд хамрагджээ. Тэгвэл манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ тоогоор ОХУ хоёрдугаар байрт ордог байна. ОХУ-ын иргэд ихэвчлэн уул уурхай, боловсролын салбарт ажилладаг гэсэн судалгаа гарчээ. 2011 оны эцсийн байдлаар тус улсын 1000 гаруй иргэн манай улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан байна.
Энэ нь иргэдийн шилжих хөдөлгөөн хоёр улсын нийгэм, эдийн засагт ач холбогдолтойг харуулж байгаа төдийгүй иргэдийн эрхийг хангахад чиглэгдсэн зохицуулалтыг бий болгох шаардлагатай болсныг харуулж байгаа юм. Иймээс дээрх хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр хоёр улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ болон хувь хүний хөдөлмөрлөх эрхийг хангах боломж бүрдэж байна.
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ
“Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан, “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ хийж, цаашид баримтлах бодлого, арга хэмжээний саналын хамт Засгийн газарт оруулахыг сайд Т.Бадамжунайд даалгалаа. Мөн хуралдаанаар “Чацаргана“ үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаад дэвшүүлсэн шалгуур, үзүүлэлтийг хангахад шаардлагатай арга хэмжээг дэмжихэд зориулсан хөрөнгийг улсын төсөвт нэмж тусгахыг сайд Т.Бадамжунай, Д.Хаянхярваа нарт даалгалаа.
Мөн чацарганы байгалийн нөөцийг шинэчлэн тогтоох, генефонд байгуулах, чацарганаар үйлдвэрлэх бүтээгдэхүүний биохимийн найрлага, бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл, хүний бие махбодид үзүүлэх нөлөө зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээ, клиник судалгаа хийх төслийг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлж байхыг сайд Ё.Отгонбаярт даалгажээ.
БАЯНХОНГОР АЙМАГТ ИНГЭ ИХЭРЛЭЖЭЭ
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэнгийн нурууны дөрөвдүгээр багийн малчин Н.Амарсанаагийн улаан зүсмийн ингэ ихэрлэсэн байна. Монголчууд мал сүрэг, тэр дундаа тэмээ ихэрлэхийг ихэд бэлэгшээдэг юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай ихэр ботгоны зургийг Монгол Улсын Ерөнхий сайдад Засгийн газрын хуралдааны дараа хүлээлгэн өгч, ихэр ботго эсэн мэнд бойжиж байгааг дуулгалаа. Өмнө нь тус аймгийн Баян-Овоо сумын малчин Т.Содномдаржаагийн хотонд таван ихэр, Бууцагаан сумын Баянбүрдийн багийн малчин Б.Баяндэлгэрийн хотонд дөрвөн ихэр хурга мэндэлсэн юм. Үүнээс гадна Төв аймгийн Баян-Өнжүүл сумын гуравдугаар багийн малчин Ч.Ганболдын хотонд гурван ихэр тугал, Архуст сумын Ноён шанд нэгдүгээр багийн малчин С.Жадамбын хотонд таван ихэр ишиг бойжиж байна.
ТОВЧ МЭДЭЭ
- Засгийн газрын хуралдаанаас Тагнуулын ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томиллоо. Д.Гэрэл өмнө нь Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Тагнуулын ерөнхий газрын дарга байсан Р.Болд Монгол Улсаас Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод байгаа юм.
- “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 2011 оны хэрэгжилтийн явцтай танилцаад гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д танилцуулахаар боллоо.
- Чойр-Сайншанд чиглэлийн 176, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто зам, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах барилгын ажил, далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн суурь бүтэц, угсралт хийх зэрэг ажилд гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахаар тогтлоо. Гадаадын ажилчид, мэргэжилтнүүдийг энэ онд багтаан буцаан гаргах юм байна.
- УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
- УИХ-ын гишүүн А.Тлейхан нар цэцэрлэг, сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заал шинээр барих тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Төслөөр шийдвэл 2012-2015 онд боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт жил бүр 300-400 тэрбум төгрөг болж, төсвийн ачаалал их хэмжээгээр нэмэгдэхээр байна. Иймээс хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хийхдээ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсвийн орлогод нийцүүлж, жил бүр улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг уламжлахаар боллоо.
- “Цэргийн дайчилгааны нөөцийн материал хэрэгслийн үзлэг явуулж байх тухай”, “Цэргийн хувцас өмсөх дүрэм батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжиж холбогдох саналыг уламжлахаар тогтлоо. Мөн хар тамхи, мансууруулах бодисын эсрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж Ерөнхийлөгчөөс “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжлээ.
- УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
- “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам”-ыг баталлаа. Аж ахуйн нэгжүүд нэгдэх, нийлэх, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авснаар зах зээлд төвлөрөл бий болж, өрсөлдөөнийг хязгаарлах, үгсэн хуйвалдах, өрсөлдөгчийг зах зээлээс шахан гаргах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрддэг тул үүнээс сэргийлж дээрх журмыг гаргасан байна.
- “Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” болон Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголтын банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хэлэлцээрийн хүрээнд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл зэргийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
- Манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2011 оны 12 дугаар сарын гүйцэтгэлээр 4.159.6 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 118.3 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар давж биелжээ. Энэ нь 2010 оны мөн үеийнхээс 1.037.1 тэрбумаар буюу 33.2 хувиар өссөн гэсэн үг юм. Нэгдсэн төсвийн зарлага урьдчилсан гүйцэтгэлээр 5.056.8 тэрбум төгрөг зарцуулахаас гүйцэтгэлээр 4.792 тэрбум төгрөгт хүрсэн байна. Зарлагын 94.8 хувийг санхүүжүүлжээ
- 2012 оны 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх-ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дөрөвдүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв.
- Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцын тухай сайд Д.Зоригт танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бичил уурхайн үйл ажиллагааны хамрах нутаг дэвсгэрийн хүрээ, бичил уурхайчдын тоог харгалзан сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан энэ асуудлыг хариуцсан хүн ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ. Бичил уурхайчдад ногдуулах албан татварын хувь, хэмжээг бууруулах талаар гарч байгаа санал, хүсэлт болон энэ заалт хэрэгжихгүй байгаа шалтгааныг судлан шаардлагатай бол хуулийн уг заалтыг өөрчлөх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
- Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын барилгын хөрөнгө оруулалтын эх үүсвэрт зориулж 800 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор боллоо. Зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, хугацаанд нь эргүүлэн төлөхийг Засаг дарга Ц.Жанлавт даалгав.
- Говь-Алтай аймгийн Тайшир, Дорноговь аймгийн Эрдэнэ, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт байгуулсан Газар хөдлөлтийг судлах сүлжээ станц байрладаг газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Тусгай хэрэгцээнд авсан газрын талбайтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуулын талбайн эвдэгдсэн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээр нөхөн сэргээлт хийлгэж хүлээн авахыг аймгуудын Засаг дарга нарт даалгажээ.
- Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг Монгол Улсын баатар, хурандаа генерал Бутачийн Цогийн, Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнг Монгол Улсын Төрийн шагналт, академич Шагдарын Цэгмидийн, Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийг Монгол Улсын хүний гавьяат эмч Ядамын Мөнхчулууны нэрэмжит болгохоор тогтлоо.
- Жүдо бөх, софт теннис, самбо бөхийн дэлхийн цомын аварга, шатар, кураш бөх, бүстэй бөхийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад нийт 187 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. Дээрх тэмцээнүүдэд манай60 тамирчин, 7 дасгалжуулагчийн хамт оролцож медаль хүртсэн байна.
-
10 ГАРУЙ МЯНГАН АЖЛЫН БАЙР ЭЗНЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар бэлэн ажлын байрны захиалга 12 мянгад хүрээд байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ. Ялангуяа бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа энэ үед энэ тоо улам өсөх төлөвтэй байна. Иймээс ажил олгогч болон ажил хайж байгаа иргэдийг холбох, ажилд зуучлах, мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос өгөх зорилгоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын Мянганы Сорилтын Сан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар хамтран Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд “Хаврын хөдөлмөрийн яармаг”-ийг уламжлал ёсоор зохион байгуулж байна.
Энэ яармаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, эрх зүйн орчин шинэчлэгдэж, мэдээллийн технологид тулгуурласан хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээлэл, зуучлалын үйлчилгээний шинэ орчинг бүрдүүлсэн үед болж байгаагаараа онцлогтой гэж албаны хүмүүс үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд яармагийг нээж хэлсэн үгэндээ Засгийн газар хүнээ хөгжүүлж, ажилтай орлоготой болгохыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийн нэг болгон ажиллаж байгааг тэмдэглэв. Засгийн газар төмөр зам, 100 мянган орон сууц гээд бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж, ажлын байр олноор бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн болон мэргэжлийн сургалтын орчинг бодитой арга хэмжээг ээлж дараатай авч байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн хэллээ.
Үүний дүнд аймаг, сумдад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хуваарилж байгаа хөрөнгийн хэмжээ 3 дахин нэмэгдэж байгаагийн дээр шинээр бий болсон ажлын байрны 50-иас доошгүй хувь орон нутагт бий болжээ. “Хүчит зам”, “Очир ундраа”, “Улаанбаатар такси” зэрэг компанид ажилд орсон, сургалтын төвүүдэд сонирхсон мэргэжлээрээ суралцах нэр бүхий залууст Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажлын байрны батламж, сургалтын эрхийн бичгийг нь гардууллаа. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар манай улсад ядуурлын түвшин 2010 оныхоос 9 хувиар буурсан байна. Энэ нь Засгийн газраас ажлын байр бий болгож, иргэдээ ажилтай, орлоготой болгохоор явуулж байгаа ажлын үр дүн юм.
Албан ёсны мэдээллээс үвэл ядуурлын хамралт 29.8 хувь болж 2010 оныхоос 9.4 пунктээр, ядуурлын гүнзгийрэлт 7.6 хувь болж 3.7 пунктээр, ядуурлын мэдрэмж 2.8 хувь болж 2010 оныхоос 1.8 пунктээр тус тус буурчээ. Баруун бүсийн ядуурлын хамралт 30.2, Хангайн бүсийнх 38.9, Төвийн бүсийнх 27.2, Зүүн бүсийнх 34.3, Улаанбаатар хотод 23.5 хувь болж, 2010 оныхоос бүс бүрт 2.1-20.9 пунктээр буурсан байна. Ядуурал сумын төв, хөдөөд хамгийн их буурсан бөгөөд 2010 оныхоос 18.9 пунктээр буурсан байна.
Засгийн газар цаашид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараас чөлөөлөх, зээлийн хүүгийн зөрүүг төлөх, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн татварыг хөнгөлөх, хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох хоршооллыг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Ингэснээр ажлын байр олноор бий болж, иргэд ажилтай, орлоготой болж улмаар ядуурлаас гарах боломж бүрдэх юм. Засгийн газар өнгөрсөн оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд үүний дүнд 70 гаруй мянган хүн шинээр, байнгын ажилтай болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
-
Шаардлагад хариу өглөө
МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Д.ГАНБОЛД ТАНАА
Шаардлагын хариу өгөх тухай
“Цөмийн аюулгүй Монгол орны төлөө” цуглаанд оролцогсод болон Байгаль орчны төрийн бус байгууллагуудаас Засгийн газарт тавьж буй шаардлагуудтай Монгол Улсын Ерөнхий сайд танилцаад өгсөн чиглэлийн дагуу дараах хариуг хүргүүлж байна.
1. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 3-р сарын 10-13-нд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр цөмийн энергийн салбарт хамтран ажиллах талаар байгуулсан далд гэрээ, хэлцлээ олон нийтэд ил тод болгох талаар:
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Засгийн газрын урилгаар 2012 оны 3 дугаар сарын 11-15-ны өдрүүдэдтус улсад албан ёсны айлчлал хийсэн.Энэхүү айлчлал нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд хэрэгжсэн бөгөөд айлчлалын үеэр цөмийн энергийн салбартай холбоотой гэрээ, хэлэлцээр байгуулаагүй болно.
2. Цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар өмнө хийсэн оролдлого, нууц хэлцлүүдээ ил тод болгож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, хэрэв тийм оролдлого үнэхээр байгаагүй аваас Ерөнхий сайд С.Батболд өөрийн биеэр ард түмэндээ “Ийм зүйл байгаагүй гэдгээ батлан мэдээлэх талаар:
Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа эрх бүхий яам, газрууд нь бусад орнуудтай цөмийн хаягдлыг булшлах, хадгалах талаар ямар нэг гэрээ, хэлэлцээр байгуулаагүй болно. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт аливаа хэлбэрээр гадаад улсын цөмийн хаягдлыг булшлах нь хуулиар хориотой бөгөөд манай улсын зүгээс цөмийн хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт булшлах талаар аливаа улстай гэрээ, хэлэлцээ явуулаагүй бөгөөд байгуулаагүй гэсэн тайлбар, мэдэгдлүүдийг удаа дараа хийж байсан болно.
Тухайлбал, Цөмийн энергийн газрын удирдлага, холбогдох нэгжийн дарга, мэргэжилтнүүд энэ асуудлаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр (“Ийгл” ТВ, ТВ-9, ТВ-25 телевиз, Үндэсний шуудан, Өдрийн сонин) удаа дараа ярилцлага өгч, уг мэдээлэл худлаа, ташаа болохыг тайлбарлаж няцаасан болно. Мөн Улс төрийн тойм болон Үндэсний шуудан сонины 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дугаарт албан ёсны Мэдэгдэл хэвлүүлсэн. Цөмийн энергийн газар 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зарим телевиз, сонины сэтгүүлчдэд энэ асуудлаар дахин мэдээлэл хийж, тайлбар өгч, байр сууриа илэрхийлж байсан бөгөөд “Гадаад орны цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах” талаархи мэдээлэл худал болохыг няцаасан албан ёсны мэдэгдлийг Цөмийн энергийн газрын цахим хуудсанд байрлуулсан болно.
Монгол Улс цөмийн хаягдал булшлах талаар гадаад оронтой гэрээ байгуулж байгаагүй бөгөөд цаашид энэ асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулахыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ урд өмнө Ерөнхий сайд С.Батболд хариуцлагатайгаар мэдэгдэж байсан бөгөөд Япон Улсын Засгийн газрын урилгаар 2012 оны 3 дугаар сарын 11-15-ны өдрүүдэдтус улсад хийсэнайлчлалынхаа үеэр мөн ийнхүү мэдэгдсэн болохыг Та бүхэн анхаарч сонссон гэдэгт итгэж байна.
3. 2009 онд “түргэн, түүхий”, зөвхөн ашиглалтыг дэмжих зорилгоор баталсан Цөмийн энергийн тухай хуулиас лиценз олгох, уран хайх, ураны түүхий эдийг олборлох, баяжуулах, АЦС байгуулах, цөмийн хаягдал булшлах тухай заалтуудыг нэн даруй хүчингүй болгох талаар:
Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Улсын Их Хурлаас Цөмийн энергийн тухай хуулийг батлан гаргасан бөгөөд энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжтой нийцсэн болно.
Монгол Улсын Засгийн газар Үндсэн хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухайхууль болон Цөмийн энергийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эдгээр хуульд гадаад улсын цөмийн хаягдлыг булшлахыг хориглосон болно. Тухайлбал, Улсын Их Хурлаас 200 онд баталсан Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухайхуулийн 4 дүгээр зүйлд “аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулах, улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно” гэж заасан.
Мөн Улсын Их Хурлаас 2000 онд баталсан Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн 5.1-д “цөмийн эрчим хүч, технологийг зөвхөн цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр анагаах ухаан, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэл, судалгаа зэрэг гагцхүү энхийн зорилгоор Монгол Улсын олон улсын гэрээний дагуу олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчимд нийцүүлэн ашиглана” гэж, 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасан зорилгоор болон Монгол Улсын хил орчимд хүн ам, байгаль орчны аюулгүй байдалд шууд нөлөөлөх буюу алсдаа сөргөөр нөлөөлж болзошгүй цөмийн шаар, аюултай хог хаягдал булшлах буюу хадгалуулахгүй байх талаар Олон улсын атомын энергийн агентлаг болон олон улсын холбогдох бусад байгууллага, цөмийн хөтөлбөр бүхий улстай хамтран ажиллана” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу Монгол Улсад аливаа хэлбэрээр гадаад улсын цацраг идэвхт хаягдлыг импортлох,улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглох бөгөөд гагцхүү “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-д заасны дагуу Монгол Улс өөрийн онцлогт тохирсон цөмийн эрчим хүчний станцтай болсон тохиолдолд түүнээс гарах цөмийн хаягдлыг булшлах асуудал нь хуулиар зохицуулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газар нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, дүрэм, журмыг хатуу мөрдөж ирсэн бөгөөд цаашид ч мөрдөж ажиллах болно.
4. Хайгуул, ашиглалтын лиценз олгох зорилгоор байгуулсан “Цөмийн энергийн газар”-ын удирдлагатай хариуцлага тооцох, бүр татан буулгах талаар:
Цөмийн энергийн тухай хуулийн 11.1-д заасны дагуу Цөмийн энергийн газар нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгууллага бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой мэргэжлийн байгууллага юм.
Дэлхий дахинд цөмийн технологийг хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд болон бусад салбарт олон улсын дүрэм, журам, стандарт, хууль тогтоомжийн дагуу өргөнөөр ашиглаж байгаа нь тус салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, бодлого, шийдвэрийг оновчтой болгох, хяналт шалгалт, түүнд хэрэглэгдэх багаж хэрэгслэлийг сайжруулах, аливаа эрсдэл, аюул заналаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.
Иймд Цөмийн энергийн газрыг татан буулгах боломжгүй бөгөөд цаашид тус байгууллагыг бэхжүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай, ёс зүйтэй шилдэг ажиллах хүчнээр хангах, ажиллах эрх зүйн орчин, дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох, орчин үеийн найдвартай, өндөр технологи, техник хэрэгслээр хангах асуудлыг үе шаттайгаар судалж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
Тус газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, цаашид удирдлага, зохион байгуулалт, хяналтын хувьд бэхжүүлэх зорилгоор Цөмийн энергийн газрын удирдлагад хариуцлага тооцох шийдвэрийг саяхан Засгийн газар гаргасан болно.
5. Уран хайх, олборлох бүх лицензүүдийг цуцлах, цаашид нэг ч лиценз олгохгүй байх талаар:
“Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”болон Цөмийн энергийн тухай хууль батлагдсанаас хойшхи хугацаанд нийт 44 аж ахуйн нэгжийн 220 цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл байснаасхууль тогтоомжийн дагуу өнгөрсөн хугацаанд 28 аж ахуйн нэгжийн 119 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээг авсан байна.
Монгол Улсад 2012 оны 4дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 14 аж ахуйн нэгжийн 99 хайгуулын тусгай зөвшөөрөл, 2 аж ахуйн нэгжийн 2 ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 101 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 181 дүгээр зарлигаар цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж байхаар шийдвэрлэсэн бөгөөд цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох учиртай.
6.Францын “Арева” зэрэг компаниуд уран олборлолт, баяжуулалтыг нэн даруй зогсоож, ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй гадаадын компаниудын үйл ажиллагааг хориглох тухай шийдвэр нэн даруй гаргах талаар:
Бүгд Найрамдах Франц Улсын төрийн өмчит томоохон компани болох “Арева” компани нь “Арева Монгол” ХХК-иар дамжуулан Монгол Улсад 1996 оны 11 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд үйл ажиллагаагаа Цөмийн энергийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагуудын хүрээнд явуулж байна. Аливаа иргэн, хуулийн этгээдийн эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зогсоох учиртай бөгөөд одоогоор тус компанийн цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг зогсоох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байна.
7. Хэрэв Монгол Улс цөмийн энергийг ашиглахгүйгээр эрчим хүчний хэрэгцээгээ хангаж чадахгүй гэж төр засаг үзэж байгаа бол энэ үндэслэлээ ард түмэндээ тайлбарлан “Ард түмний санал асуулга” явуулсны үндсэн дээр эрчим хүчийг ашиглах асуудлаа шийдвэрлэх талаар:
Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 5.3.2-т “Атомын эрчим хүч ашиглах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж, улмаар атомын цахилгаан станц барих зорилт тавьж ажиллах” хэмээн заасан. Үндэсний хөгжлийн цогц бодлого нь Монгол Улсын Үндэсний хөгжлийн хэтийн төлөв, стратегийн талаархи ард түмний санаа бодол болон улс төрийн намуудын үзэл баримтлал, байр суурийг нэгтгэн илэрхийлж тусгасан бодлогын чухал баримт бичиг юм.
Мөн түүнчлэн Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.2.4-т ”Ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, баталгаажсан нөөцийг нэмэгдүүлэн, олборлолтод хөрөнгө оруулах сонирхол бүхий стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран Мардайн зэрэг ураны ордуудыг ашиглаж эхэлнэ” гэж; 2.2.9-т ”Цөмийн эрчим хүчийг ашиглах нарийвчилсан судалгаа хийж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Цацрагийн хяналт, аюулгүй байдлыг сайжруулна” гэж тус тус заасан болно.
Манай улсын эрчим хүчний хэрэглээ 2025 он гэхэд 3950 МВт буюу одоо байгаа эрчим хүчний хэрэглээнээс 4 дахин өсөх төлөвтэй байна. Эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний баталгаат байдлыг хангах нь улс орны хувьд нэн чухал бөгөөд үндэсний эрчим хүчний системийг хэд хэдэн эрчим хүчний эх үүсвэртэй хослуулан хөгжүүлэх нь эрчим хүчний дутагдал, хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх гол арга зам юм. Манай улс Цөмийн эрчим хүчний станцтай болсноор эрчим хүчнийхээ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай хангах бололцоо бүрдэх бөгөөд нүүрстөрөгч ялгаруулалтыг боломжит түвшин хүртэл бууруулах бололцоотой болохыг судалгааны дүн харуулж байна.
Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээг тодорхойлох асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан судалгааг үе шаттайгаар хийж байна. Тухайлбал, МУИС-ийн Цөмийн судалгааны төв Монгол Улсад цөмийн эрчим хүч ашиглах талаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд судлахаар төлөвлөж байна. Монгол Улс цөмийн энергийг ашиглаж, эрчим хүчний хэрэгцээгээ хангах асуудлаар ард түмний санал асуулга явуулах талаархи Та бүхний саналыг судалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
8. Цөмийн энергийг ашиглах, уран олборлох, баяжуулах, АЦС байгуулах талаар ойрын үед төрийн бус байгууллагуудыг оролцуулан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулах талаар:
Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах асуудлаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж, санал бодлоо солилцон, хэлэлцүүлэг зохион байгуулах Та бүхний саналыг зарчмын хувьд дэмжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ньЕрөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл, хөтөлбөрүүд болон бусад асуудлуудыг ард нийтээр хэлэлцүүлж, иргэдийн санал, бодол, байр суурийг тусгах зорилготой бөгөөд тус танхимд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцан шийдвэрлэдэг болно.
9. Цацраг идэвхт бодис, цөмийн аюул, хаягдал, цөмийн терроризмын талаар ард иргэдийг мэдээллээр хангах, хор холбогдлыг ойлгуулах, сэрэмжлүүлэх, “Цөмийн энергийн тухай” хуулийг цөмийн хор хөнөөлөөс ард иргэд болоод амьд байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах хууль болгон өөрчлөн сайжруулах талаар:
Цөмийн энергийн газар нь цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, цацраг идэвхт бодис, цөмийн аюул, терроризмын талаар ард иргэдийг мэдээллээр хангах, хор холбогдлыг ойлгуулах, сэрэмжлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэй хамтран ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Цөмийн энергийн тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
-
Хоёр улсын харилцаанд хувь нэмрээ оруулахыг Кентийн хунтайж хүсэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Кентийн Эрхэм дээд Хунтайж Майкл манай улсад айлчилж байгаа. Тэрбээр одоогийн Хатан хааныг төлөөлж гадаадын чухал арга хэмжээнд оролцдог нэгэн юм. Хунтайж Майкл 2012 оны 4 дүгээр сарын 17-ны энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхлаа. Урилгыг нь хүлээн авсан Хунтайжид Ерөнхий сайд талархал илэрхийлээд Монгол оронд тавтай зочлохыг урилаа. Монгол Английн харилцааг ялангуяа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд дурдаад хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэх нь чухал гэдгийг хэллээ.

Монголын Хөрөнгийн биржтэй Лондонгийн Хөрөнгийн бирж хамтран ажиллаж байгаа болон Монгол Улс Ерөнхий боловсролын сургуулийн сургалтдаа Кембрижийн боловсролын хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлж эхэлж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Эрхэм дээд Хунтайжийг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол оронд анх удаагаа зочилж байна, сэтгэгдэл өндөр байгаа гэдгээ Хунтайж энэхүү уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд боломжоо дайчлан ажиллана гээд өөрийн зүгээс Монголд ямар хөрөнгө оруулалт хийж болох талаар судалж байгаа гэдгээ Хунтайж хэллээ.
Английн одоогийн Хатан хаан хоёрдугаар Элизабетын аав болон Майкл Хунтайжийн аав төрсөн ах дүүс бөгөөд Майкл 5 дугаар Жорж хааны дөрөв дэх хүү Кентийн гүн Жоржийнд төржээ. Түүнийг төрөхөд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвелт загалмайлж, Майкл Жорж Чарльс Франклин хэмээн нэр өгсөн гэдэг. Хунтайж Майкл ихэнх цагаа төрийн бус байгууллага болон олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд зориулдаг төдийгүй Хатан хааныг төлөөлж гадаадын чухал арга хэмжээнүүдэд оролцдог байна. Түүний манай улсад хийж буй айлчлал энэ сарын 14-нд эхэлсэн бөгөөд тэрбээр өөрийн орны болон олон улсын томоохон компаниудын төлөөллийг дагуулан иржээ. Кентийн Хунтайжийн айлчлал маргааш өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
1м2 талбайн үнэ өсч байгаад дүгнэлт хийж хариуцлагатай хандахыг уриаллаа
Монгол улсын Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “100 мянган айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй өрнүүлж байгаа энэ үед монголын барилгын салбарын удирдах ажилтнууд зөвлөгөөнөө хийж байна. Тус зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн бөгөөд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэллээ. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц” төслийг гардан хэрэгжүүлэгчид нь манай барилгын салбарын нийт ажиллагсад, хамт олон юм гэдгийг Засгийн газрын тэргүүн тэдэнд хандсан үгэндээ тэмдэглэлээ. “ Монгол хүн эрүүл, боловсролтой байж орлого олж, бүтээлч амьдрахад зайлшгүй шаардлагатай нэг “материаллаг” хөрөнгө бол орон сууц юм.
Орон сууцтай болох нь хувь хүн болон гэр бүлд “хувийн бусад хөрөнгө”-ийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ингэж хувь хүн, өрхийн амьдрал сайжирвал улс үндэстний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд эерэгээр нөлөөлнө. Иймээс Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах үйлсэд ихээхэн анхаарч, ажиллаж байгаа бөгөөд үүнд “100 мянган айлын орон сууц” төслийн үйл ажиллагаа нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү төслийг 2016 он хүртэл хэрэгжүүлснээр зөвхөн хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилтыг биелүүлээд зогсохгүй бага, дунд орлоготой иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, барилга, орон сууцны үйлдвэрлэл, угсралтыг нэмэгдүүлэх,барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх,шинэ техник технологи нэвтрүүлэх, барилгын салбарын мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэх, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тогтолцоог хөгжүүлэх, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийг бий болгох, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэнэ.
“100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд барих 79486айлын, 2012 оны 82 дугаар тогтоолоор 47537 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг тус тус баталж, 2016 он хүртэлх хугацаанд нийт 127023 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллыг барихаар боллоо. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бөгөөд иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ихээхэн дотоод нөөц, боломж байгааг бидэнд илтгэн харуулж байна.
Монгол улсын хүн амынорон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг 6 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж, иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 200.0 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрч, үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргалаа. Ингэснээр иргэд 20 хүртэлх жилийн хугацаатай, 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг авч орон байрны нөхцөлөө сайжруулах боломжийг олгосон төдийгүй орон сууцны зах зээлд дэх эрэлтийг дэмжиж, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийн тогтолцоог бүрдүүлэх эхний алхмыг хийлээ.
Өчигдөр Төрийн банкинд дээр анхны зээлдэгч нарт зээл олгох үйл ажиллагааг албан ёсоор нээж, бодитоор хэрэгжих эхлэлийг тавилаа.Түүнчлэн орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдийнжилийн 6 хувь хүртэлхүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлээр худалдан авах орон сууцны талбайн хэмжээг 55м2–аар тогтоосон нь иргэдийн орон сууц худалдан авах сонголтыг 3 хүртэлх өрөө сууц болгон нэмэгдүүлж, тохилог ая тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүллээ.
“100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд орон сууцны цогцолбор хорооллуудыг барих, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилгоор эхний ээлжинд Баянголын ам, Буянт-Ухаа, Яармаг, МҮОНРТ-ийн орчмын орон сууцны хороолол, 7, 14-р хорооллын цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд зориулан нийт 408.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн. Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, барилга угсралтын ажлын хэмжээ нэмэгдэн барилгын материалын хэрэгцээ өсөж байгаатай уялдуулан материал хийц, эдлэлийн чанар, аюулгүй байдал, бат бэхийг шинжлэн тогтоох лабораторийг байгуулах хөрөнгийн асуудлыг Засгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гэвч иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэнтэй холбогдон энэ оны гуравдугаар сарын байдлаар “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж ашиглалтад орж байгаа болон захиалга авч байгаа орон сууцны барилгын 1м2 талбайн худалдан борлуулах дундаж үнэ 1.570.8 мянган төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 292.5 мянган төгрөгөөр буюу 22.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнийг судлан шалгаж үзэхэд барилгын компаниуд нь зах зээлд дэх эрэлтийн өсөлтийг далимдуулан бодит бусаар үнээ хөөсрөлттэй тогтоож байгаа дүгнэлт гарлаа. Өнөөгийн байдалд эрх бүхий байгууллагуудаас барилгын нэгж талбайн төсөвт өртөг, барилга угсралтын ажлын үнийн индексийн дагуу орон сууцны барилгын 1м2 талбайн өртгийг тооцоход дээд тал нь 1193,0 мянган төгрөгт багтаж байгаа бөгөөд барилгын захилагч, гүйцэтгэгч компаниудын ашиг 20 орчим хувиар орж тооцогдсон. Үүнд барилгын захиалагч, гүйцэтгэгч нар дүгнэлт хийж, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж хариуцлагатай хандах шаардлагатай байгааг Ерөнхий сайд тус зөвлөгөөн дээр хэлсэн үгэндээ уриаллаа.
Цаашид “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилтийг олгосон банк, санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, мөн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх,орон сууцны хотхон, хорооллын инженер /цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо/-ийн хангамжийн түгээх гол шугам сүлжээг төлөвлөх, барих ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарт улсын төсвөөс тухайн ажлын санхүүжилтийг буцаан олгохасуудлыг боловсруулж байгаа гэдгийг зөвлөгөөний төлөөлөгчдөд дуулгаад, барилгачдадаа амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл , мэдээллийн албанаас мэдээллээ.
-
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй
~ Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг ~
Монгол Улсын барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг тохиолдуулан улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцон хөдөлмөрлөж байгаа нийт барилгачид, барилгын салбарын алдар гавъяатан, ахмадууд, эрхэм хүндэт төлөөлөгчид, ноёд хатагтай та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.
Сүүлийн жилүүдэд манай орны барилгын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжиж, гүйцэтгэсэн барилга угсралт, зураг төслийн ажил, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн 2011 онд 450.6 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн 2010 оны гүйцэтгэлээс даруй 99.8 тэрбум төгрөгөөр буюу 28.5 хувиар өсчээ. 2011 оны жилийн эцсийн байдлаар барилгын салбарт нийт 2130 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж, тэдгээрт ажиллагсадын тоо дөчин мянгагаруйд хүрлээ.
Энэ нь барилгын үйлдвэрлэл эрчимжиж, улсын хөгжилд салбарын гүйцэтгэх үүрэг, оруулж байгаа хувь нэмэр үлэмж өсч байгааг харуулж байна. Монгол Улсын Засгийн газраас “Нийслэл болон орон нутагт 100 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогод ахиц дэвшил гаргах” зорилтыг дэвшүүлж Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “100 мянган айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй өрнүүлж байна. 2011 онд хөдөө, орон нутагт 392, Улаанбаатар хотод 9443, улсын хэмжээнд нийтдээ 301.2 тэрбум төгрөгийн өртөгтэй, 562309.3 м2 талбай бүхий 9835 айлын орон сууцны, нийтдээ 128 барилга ашиглалтад оржээ.
Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оныүйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц” төслийг гардан хэрэгжүүлэгчид нь манай барилгын салбарын нийт ажиллагсад, хамт олон билээ. Монгол хүн эрүүл, боловсролтой байж орлого олж, бүтээлч амьдрахад зайлшгүй шаардлагатай нэг “материаллаг” хөрөнгө бол орон сууц юм. Орон сууцтай болох нь хувь хүн болон гэр бүлд “хувийн бусад хөрөнгө”-ийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ингэж хувь хүн, өрхийн амьдрал сайжирвал улс үндэстний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд эерэгээр нөлөөлнө.
Иймээс Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах үйлсэд ихээхэн анхаарч, ажиллаж байгаа бөгөөд үүнд “100 мянган айлын орон сууц” төслийн үйл ажиллагаа нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү төслийг 2016 он хүртэл хэрэгжүүлснээр зөвхөн хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилтыг биелүүлээд зогсохгүй бага, дунд орлоготой иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, барилга, орон сууцны үйлдвэрлэл, угсралтыг нэмэгдүүлэх, барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, барилгын салбарын мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэх, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тогтолцоог хөгжүүлэх, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийг бий болгох, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэнэ.
Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дэс дараатай бодлогын арга хэмжээнүүдийг авахад онцгой анхаарч, холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган ажиллаж байна. Засгийн газрын 2011 оны 341 дүгээр тогтоолоор “100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд барих 79486 айлын, 2012 оны 82 дугаар тогтоолоор 47537 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг тус тус баталж, 2016 он хүртэлх хугацаанд нийт 127023 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллыг баригдахаар боллоо. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бөгөөд иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ихээхэн дотоод нөөц, боломж байгааг бидэнд илтгэн харуулж байна.
Монгол улсын хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 85 дугаар тогтоолоор иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг 6 хувиас хэтрүүлэхгүйбайхаар шийдвэрлэж, 2012 оны 55 дугаар тогтоолоор иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 200.0 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрч, үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргалаа. Ингэснээр иргэдэд 20 хүртэл жилийн хугацаатай, 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг авч орон байрны нөхцөлөө сайжруулах боломжийг олгосон төдийгүй орон сууцны зах зээлд дэх эрэлтийг дэмжиж, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийн тогтолцоог бүрдүүлэх эхний алхмыг хийлээ. Өчигдөр Төрийн банкинд дээр анхны зээлдэгч нарт зээл олгох үйл ажиллагааг албан ёсоор нээж, бодитоор хэрэгжих эхлэлийг тавилаа.
Түүнчлэн 2012 оны 54 дүгээр тогтоолоор орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдийнжилийн 6 хувь хүртэл хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлээр худалдан авах орон сууцны талбайн хэмжээг 55м2 –аар тогтоосон нь иргэдийн орон сууц худалдан авах сонголтыг 3 хүртэлх өрөө сууц болгон нэмэгдүүлж, тохилог ая тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүллээ. “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд орон сууцны цогцолбор хорооллуудыг барих, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 149 дүгээр тогтоолоор эхний ээлжинд Баянголын ам, Буянт-Ухаа, Яармаг, МҮОНРТ-ийн орчмын орон сууцны хороолол, 7, 14-р хорооллын цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд зориулан нийт 408.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн. Ийнхүү гэр хороолол болон шинээр барилгажих талбайд орчин үеийн орон сууцны хорооллыг барьж байгуулснаар Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг багасахад чухал нөлөөг үзүүлэх болно.
Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, барилга угсралтын ажлын хэмжээ нэмэгдэн барилгын материалын хэрэгцээ өсөж байгаатай уялдуулан материал хийц, эдлэлийн чанар, аюулгүй байдал, бат бэхийг шинжлэн тогтоох лабораторийг байгуулах хөрөнгийн асуудлыг Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын 2011 оны 12 дугаарзахирамжаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын болон төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг хангаж шуурхай зохицуулах, зохих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх үүрэг бүхий Үндэсний хороог байгуулж, Шадар сайд М.Энхболдоор ахлуулан ажиллуулж байна.
Гэвч иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэнтэй холбогдон энэ оны гуравдугаар сарын байдлаар “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж ашиглалтад орж байгаа болон захиалга авч байгааорон сууцны барилгын 1м2 талбайн худалдан борлуулах дундаж үнэ 1.570.8 мянган төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 292.5 мянган төгрөгөөр буюу 22.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнийг судлан шалгаж үзэхэд барилгын компаниуд нь зах зээлд дэх эрэлтийн өсөлтийг далимдуулан бодит бусаар үнээ хөөсрөлттэй тогтоож байгаа дүгнэлт гарлаа. Өнөөгийн байдалд эрх бүхий байгууллагуудаас барилгын нэгж талбайн төсөвт өртөг, барилга угсралтын ажлын үнийн индексийн дагуу орон сууцны барилгын 1м2 талбайн өртгийг тооцоход дээд тал нь 1193,0 мянган төгрөгт багтаж байгаа бөгөөд барилгын захилагч, гүйцэтгэгч компаниудын ашиг 20 орчим хувиар орж тооцогдсон. Үүнд барилгын захиалагч, гүйцэтгэгч нар дүгнэлт хийж, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж хариуцлагатай хандах шаардлагатай байгааг энд онцлон хэлэхийг хүсч байна.
Цаашид “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилтийг олгосон банк, санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, мөн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, орон сууцны хотхон, хорооллын инженер/цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо/-ийн хангамжийн түгээх гол шугам сүлжээг төлөвлөх, барих ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарт улсын төсвөөс тухайн ажлын санхүүжилтийг буцаан олгохасуудлыг боловсруулж байна.
Мөн Засгийн газраас хувийн хэвшлийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Хөгжлийн банкаар дамжуулан зээлийн баталгаа гарах, тусгайлсан орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох банк, санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. “100 мянган айлын орон сууц” төсөлд тусгасан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэйг энд зориуд цохон тэмдэглэж, идэвхи санаачилга гарган дэмжиж оролцохыг та бүхэнд уриалж байна.
Барилгачин та бүхний ажил үйлс дэлгэрч, барилгын салбар амжилт бүтээлээр арвин байх болтугай.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА