
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Сүхбаатарын Батболд

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Сүхбаатарын Батболд
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болж яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон зарим агентлагийн дарга нарыг томиллоо. Засгийн газар төрийн ажлыг тасралтгүй, жигд явуулах үүднээс Төрийн албаны зөвлөлөөс санал болгосон нэр бүхий хүмүүсийг ийнхүү ээлжит бус хуралдаанаасаа ажилд нь томилсон байна.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Бадамждоржийн Батхишигийг Гадаад харилцааны яамны, Намжилын Түмэндэмбэрэлийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо. Түүнчлэн Лувсандагвын Амарсанааг Засгийн газрын тохируулагч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын, Пүрвээгийн Дэлгэрнаранг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын даргын албан тушаалд томиллоо. Дээрх хүмүүсийг тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлагыг нь харгалзан томилсон байна.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг
1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд 10 жилийн сургууль, 1979 онд ЗХУ-ын Ленинград хотын Их сургууль төгссөн. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Тэргүүн шадар дипломат болон доктор, дэд профессор цолтой. УБДС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого судлах төв, Нийгмийн ухааны институтэд Эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, МАХН-ын Төв хорооны дэд дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, БНБУ-д суух Элчин сайд, Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан. Төрийн албанд 33 жил ажиллаж байгаа юм.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл
1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1977 онд 10 жилийн сургууль, 1985 онд ЗХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2001-2002 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, төгссөн. Улс ардын аж ахуйн төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй. Доктор. МАХН-ын Төв хорооны Сэтгүүлүүдийн нэгдсэн редакцид утга зохиолын ажилтан, “Боловсрол” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Прогноз” төвийн дэд захирал, МАХН-ын Удирдах зөвлөлд Сан хөрөнгө эрхлэх газрын дарга, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын Улаан-Үд хотод суух Ерөнхий консул, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирал, Эрүүл мэндийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 26 жил ажиллаж байна.
Бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа
1953 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1971 онд 10 жилийн сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Москва хотын Нийгэм, улс төрийн дээд сургууль төгссөн. Барилгын инженер-эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй. Дархан хотын Байшин үйлдвэрлэх комбинатад эдийн засагч, комбинатын дарга, Дархан хотын Барилгын үйлдвэрлэлийн нэгдлийн дарга, Дархан хотын АДХГЗ-ны дарга, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга, БНХАУ-д суух Элчин сайд, МАХН-ын Ажлын албаны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байгаа юм.
Авто тээврийн газрын дарга П.Дэлгэрнаран
1964 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1983 онд 10 жилийн сургууль, 1989 онд ЗХУ-ын Москва хотын Цэргийн улс төрийн дээд сургууль, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. Ерөнхий цэргийн офицер, хуульч мэргэжилтэй. Талх, чихрийн үйлдвэрийн ХЗЭ-ийн хорооны дарга, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны дэд дарга, хотын Залуучуудын холбооны тэргүүн, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, УИХ дахь МАХН-ын бүлэгт референт, “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн Өмчийн газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, Авто тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн албанд 10 жил ажиллаж байгаа юм.
2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,
Хүндэт зочид төлөөлөгчидөө,
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэгч нийслэл Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж, харилцан уялдаатай ажиллан туслалцаа, дэмжлэг үзүүлэхээр хүрэлцэн ирсэн та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Аливаа улсын хөгжлийн цар хүрээ нийслэл хотынх нь хөгжлийн түвшин, иргэдийн ая тухтай амьдралын хэв, шинж, нийгмийн амьдралд оролцох тэдний идэвхээр тодорхойлогддог билээ.

Чуулганд оролцогч Та бүхэн Улаанбаатар хотын хөгжлийн гол зангилаа асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж, энд хэлэлцэх төслүүдийг нийслэлийн иргэдийн сайн сайхны тусын тулд харилцан уялдаатайгаар авч үзэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлно гэдэгт итгэл төгс байна. Улаанбаатар хотын тулгамдсан гол асуудал нь хот төлөвлөлтийн зохистой бодлогыг хэрэгжүүлэн гэр хорооллыг барилгажуулах ажлыг түргэвчлэх, агаар, хөрсний бохирдол болон авто замын түгжрэлийг дорвитой бууруулах, инженерийн шугам сүлжээг иж бүрэн шинэчлэх, нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлж метро байгуулах, цэцэрлэгт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал юм.
Хүндрэл, бэрхшээлийн гол шалтгаан нь ихэнхдээ иргэдийн хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжин ирэлт нэмэгдэж, хүн амын механик өсөлтийн үр дагавартай холбоотой. Хүн амын төвлөрөл нь эдийн засагт эргэлт бий болгодог эерэг нөлөөтэй ч энэ нь Улаанбаатар хотын хувьд дэд бүтцийн хэт ачаалал, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах сөрөг хүчин зүйл болж байна. Цаашид бид хүн амын өндөр нягтралтайхотын нийтлэг жишигт хүрсэн хот байгуулалтын оновчтой төлөвлөлтийн дагуухөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх болно.
Засгийн газраас Улаанбаатар хотод тулгамдаад буй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болох томоохон төслүүд, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банк 5.75-6 хувийн хүүтэй 580 сая ам. долларын бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжлаа. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зээлийн хүүг 6 хувь болгох шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай инженерийн шугам сүлжээг барих ажлын эхлүүлэв. Нийслэл бүртгэлтэй өмчөө ашиглах замаар санхүүгийн зах зээлээс маш таатай нөхцөл бүхий хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр босгох боломжтой болсон.
Бид өнгөрсөн жилийн чуулга уулзалтаас хойш Төсвийн шинэ хуультай болж, төсвийн төвлөрлийг сааруулж, 20-30 жилээр хөгжлөө төсөөлж, тооцдог тогтолцоог хэвшүүлэх алхмууд хийгдэж эхлээдбайна. Мөн Засгийн газар дунд хугацааны тэргүүлэх чиглэлийн хөгжлийн бодлогын төслийг бэлтгэж, хөгжлийн бодлогыг хуулиар тогтоох нь хөрөнгө оруулагчдад нааштай хандлага үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидэнд боломж их бий. Энэ боломжоо ашиглан хөрөнгө оруулагчид зөв бодлого тодорхойлон хэрэгжүүлбэл амжилтанд хүрнэ. Нийслэл хотын иргэдийн ая тухтай амьдарч, ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр өнөөдөр энэ чуулганаар хэлэлцэгдэж байгаа олон төсөл, хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллах та бүхний ажилд амжилт хүсье.
Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцогч Хүндэт зочид төлөөлөгчдөө,
Та бүхнийгУлаанбаатар хотын хөгжлийн хэтийн төлөвийн талаарх сонирхолтой илтгэлүүдэданхаарлаа хандууланчуулга уулзалтад идэвхтэй оролцож, саналбодлоо чөлөөтэй илэрхийлж, хөгжлийн хөшүүрэг болсон олон чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газрын түвшинд Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бэрхшээл, хүндрэл, давуу тал, хөгжих боломжийг маш сайн ойлгож байгаа. Тэдгээрийг шийдвэрлэх эрх зүйн болон эдийн засгийн үндсийг бий болгоход Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно. Эдийн засгийн энэ чуулганаар хэлэлцсэн асуудлууд, гарсан санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэхийг нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад чиглэл болгоё.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Нийслэл Улаанбаатар хот дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, томоохон төсөл, хөтөлбөрт нээлттэй оролцуулах боломж олгож байна гэдгээ зарлалаа. 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Гадаад харилцааны яаманд болж байгаа Олон улсын хөрөнгө оруулагчдын гуравдугаар чуулганы үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр энэ тухай мэдэгдсэн байна. Нийслэл хотод тулгамдаад байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, хамтран хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг хөрөнгө оруулагчдад танилцуулах нь энэ удаагийн чуулганы гол зорилго юм.

Тухайлбал хотын цэвэр усан хангамж, цэвэрлэх байгууламжийг сайжруулах, хөрсний ус ашиглах, метро байгуулах, “100 мянган орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, гэр хорооллыг барилгажуулах, авто замын салбарт ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг танилцуулна.
Байгаль орчин, нийгмийн салбар ч хөрөнгө оруулагчдын чуулганы анхаарлын төвд байна.
Тухайлбал Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, Туул голд минж нутагшуулах төсөл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явц зэргийг танилцуулахаар төлөвлөжээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлэхдээ “Засгийн газар Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бэрхшээл, хүндрэл, давуу тал, хөгжих боломжийг маш сайн ойлгодог бөгөөд эдгээрийг шийдвэрлэх эрх зүйн болон эдийн засгийн үндсийг бий болгоход бүх талын дэмжлэг үзүүлж ирсэн, үзүүлэх ч болно” гэлээ.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүг 6 хувь болгосон, гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай инженерийн шугам, сүлжээг барих ажлыг эхлүүлсэн, хотод хэрэгжүүлэх нэн шаардлагатай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан зэргийг Ерөнхий сайд дурдлаа. Түүнчлэн “Хүн ам ихээр төвлөрсөнхотын нийтлэг жишигт хүрсэн хот байгуулалтын оновчтой төлөвлөлтийн дагуу хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан, эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ” гэж хэлэв.
Олон улсын хөрөнгө оруулагчдын өмнөх хоёр чуулганаас гарсан санал, зөвлөмжийг нийслэлийн төр, захиргааны байгууллага ажил, бодлого, хөтөлбөртөө тодорхой хэмжээгээр тусган хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийнхийг ч мөн адил тусгах юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хамтран зохион байгуулж байгаа энэ чуулганд гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын банк, санхүүгийн байгууллага, ах дүү хотууд, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
“Аялал жуулчлал XXIзуун” үндэсний чуулганы эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье.
Улс орны маань хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болсон аялал жуулчлалын салбарын төлөөлөл Та бүхэн үндэсний чуулганаа зохион байгуулж, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж ойрын болон хэтийн зорилтоо тодорхойлж байгаад талархал илэрхийлье. Даян дэлхийн даяаршилын нөлөөгөөр олон улсын аялал жуулчлал жилээс жилд өсөн нэмэгдэж, хамгийн хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийн салбар, мөн олон улсын чанартай экспортын томоохон үйлдвэрлэлд тооцогдох болжээ. Аялал жуулчлалын байгууллагын албан ёсны мэдээнээс үзвэл дэлхий дахины дотоодын нийт бүтээгдэхүүний 5 гаруй хувь, нийт экспортын 6 орчим хувийг аялал жуулчлалын салбар дангаараа үйлдвэрлэдэг болж. Олон улсын жуулчдын тоо 2011 онд 980 саяд хүрч өмнөх оноос 4,4 хувиар өсчээ.

Өөрөөр хэлбэл Японд болсон байгалийн гамшиг, Ойрхи дорнод, Хойд Африкийн улс төрийн нөхцөл байдлын өөрчлөлт зэргээс үл хамаарч шинэ өсөлтийг үзүүлсэн бас онцлогтой гэж үзэж байна. Энэ өсөлт нь 2012 онд үргэлжилж нэг тэрбумд хүрэх тооцоо гарсан байна. Аялал жуулчлалын салбар ийнхүү өсч, түүнээс олох орлогын хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ ажлын байр, эдийн засгийн шинэ боломжуудыг нээж байгаа юм. 2011 онд Ази Номхон далайн орнуудад ирсэн гадаадын жуулчдын тоо 11 саяар нэмэгдэж 216 саяд хүрсэн байна. Харин сүүлийн 3 жилд Монголд ирсэн жуулчдын тоо 11 хувь, аялалжуулчлалаасолсонорлого32,5 хувиар нэмэгдсэн байна. 2011 оны байдлаар аялал жуулчлалын салбарын нийт орлого 280 гаруй сая ам.доллар болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувийг эзэлж, энэ салбарт 25мянга орчим ажлын байр бий болоод байна.
Аялал жуулчлалын салбарын энэхүү өсөлтийг даган шийдвэрлэх ёстой асуудал бэрхшээл ч урган гарах боллоо. Бидний өмнө тулгамдаж байгаа асуудал бэрхшээл бүрийг шийдвэрлэж байж л энэхүү салбарын хөгжлийг эрчимтэй нөхцөл бүрдэнэ. Тийм учраас Засгийн газар аялал, жуулчлалын салбарын хөгжилд илүү их анхаарч байна. Энэ салбарын тогтвортой хөгжлийг хангахад төрөөсиргэдийнхээ бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх, ядуурал ажилгүйдлийг бууруулахад аялал жуулчлалын салбар голлох үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Ингэснээр байгаль, экологид ээлтэй ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэргүүлэх салбар болгох учиртай юм.
Манай улсын хөгжлийн томоохон баримт бичигүүдэд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх стратеги дэвшүүлсэнийг Та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ хүрээнд жуулчин тээвэрлэх болон хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулах, томоохон цогцолборуудыг барьж байгуулах, аялагч, жуулчдын сонирхлыг татсан бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх зорилтуудыг тавьсан. Эдгээр зорилтууд маань ямархуу түвшинд хэрэгжиж байна вэ? аль асуудалд нь ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй, төрийн ямар дэмжлэг шаардлагатай байгаа, хувийн хэвшлийнхэнд ямар боломжийг бүрдүүлж өгөх талаар Та бүхнийг саналаа илэрхийлж байр сууриа нэгтгэсэн гэдэгт итгэж байна. Энэхүү үндэсний чуулганы дагуу манай Засгийн газар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төсөөлөлд дурьдснаар аялал жуулчлалын чиг хандлага Зүүн Азийн орнуудад чиглэгдэж, манай хөрш улсуудад зочлогчдын тоо эрс нэмэгдэх бодит боломжийг Та бид алдалгүй ашиглах ёстой. Монгол Улс энэ бүс нутагт хамрагдаж байгаа орны хувьд XXI зууны дэлхийн аялал, жуулчлалын хөгжлийн чиг хандлагыг судалж, тэргүүлэх салбарын хэмжээнд хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлага бий болж байна. Түүнчлэн манай Засгийн газар Япон улсын жуулчдад визгүй зорчих хөнгөлөлтийг үзүүлсэн нь Зүүн өмнөд Азийн бүсэд харилцан жуулчлах нөхцөл боломжийг нээж байгаа хэрэг юм. Энэ боломжийг манай аялал жуулачлалын байгууллагууд өргөнөөр ашиглах ёстой.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Монгол Улсын аялал жуулчлалын салбар хөгжлийнхөө эхний хүндхэн үеийг ардаа орхиж хөгжлийн шинэ шатанд гарлаа. Хөгжлийн энэхүү шинэ шат нь манай улс байгалийн нөөц баялагаа олборлох, мэдлэгт суурилсан эдийн засаг, бүтээлч үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх цаг үед таарч байна. Энэ боломж, бололцоог ашиглахийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Тиймээс аялал жуулчлалын салбарын хөгжлийн зарим асуудлаар Та бүхэнтэйгээ саналаа хуваалцъя.
Нэгд: Аялал жуулчлалын хөгжлийн бодлого нь үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль орчин, соёл урлаг, түүх соёлын өвийн асуудалтай холбогдож тэдгээрээс хамаарч байдаг. Жуулчин тээвэрлэх, хүлээн авах дэд бүтцийн хөгжил сул, тээврийн төрөл, хэлбэр зохистой хүрэлцээгүй, виз авах нөхцөл хүндрэлтэй, жуулчдын сонирхлыг татах бүтээгдэхүүн ховор, үйлчилгээний чанар харьцангуй муу, бүтээгдэхүүний үнэ өндөр, жуулчны улирал богино гэх зэрэг хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд эдийн засаг, эрх зүйн таатай орчин, бодит боломжийг бүрдүүлэх шаардлагатай юм. Аялал жуулчлалын салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, салбар хоорондын зохицуулалт, үүрэг хариуцлагыг тодорхой болгохын тулд аялал жуулчлалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.
Мөн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, томоохон цогцолборыг барьж байгуулах, маркетингийн оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тусган “Аялал жуулчлал” нэртэй үндэсний шинэ хөтөлбөрийг боловсруулж, батлуулах үүрэг чиглэл өгч байна.
Хоёрт: Аялал жуулчлал нь даяаршилын эрин үед нэг улс орны төдийгүй олон улсын шинж чанартай болж, үндэстэн дамнасан, хоршсон хэлбэрт шилжиж байна. Ийм нөхцөл байдалд бүс нутаг, олон улсын хэмжээнд монголын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилт тулгарч байна.
Гадаадын жуулчдыг хүлээн авахын зэрэгцээ дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монголчуудыг гадаадад жуулчлуулах нь өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болно. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд салбарын яам, аймаг, нийслэлийн Засаг дарга ихээхэн санаачлага гарган хамтран ажиллаж ахиц дэвшил гаргах цаг болсон. Дотоодын аялал жуулчлал бол хүн ардыг соён гэгээрүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхээс гадна нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах онцгой ач холбогдолтой.
Нөгөө талаас аялал жуулчлалын их түрэлтийг дагалдан хууль бус мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис түгээх зэрэг улс үндэстэн дамнасан гэмт хэрэг, нийгмийн шинж чанартай өвчин дэлгэрч байгааг бодлого, үйл ажиллагаандаа анхаарч ажиллах шаардлагатай. Тогтвортой хөгжлийн нийтлэг зарчмыг мөрдлөгө болгоогүй аялал жуулчлал нь хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялаг, соёлын өв, үндэсний уламжлал, зан заншил, үнэт зүйлст хохирол учруулах аюултай байна. Тиймээс аялал жуулчлалын үйлдвэрлэлд байгаль орчин, нутгийн иргэдийг дэмжсэн хариуцлагатай хэлбэрийг сонгон бэхжүүлж, олон улсын стандартад хүргэх хэрэгтэй.
Гуравт: Жуулчдын сонирхлыг татах бүтээгдэхүүний асуудал бидний анхаарлын төвд байх учиртай. Манай улсад онгон дагшин байгаль, дэлхийд ховор нүүдэлчдийн ахуй, амьд соёл, зан заншил, газар дээрээ болон доороо түүхийн гайхамшигт дурсгалууд үелээстэй байгаагаараа бид зүй ёсоор бахархдаг. ЮНЕСКО үүнийг хүлээн зөвшөөрч Монголын өв соёлын арав гаруй үнэт зүйлсийг дэлхийн өвөөр бүртгэн авч, хүн төрөлхтний ирээдүй хойчийн тусын тулд хадгалан хамгаалах ёстой гэж дэлхийд зарлан тунхагласан билээ. Гэтэл бид гайхамшигт өв соёлоо хадгалан хамгаалах, сэргээн засах, шинэчлэн бүтээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, сурталчилан алдаршуулахад хангалттай ажиллаж чадаагүй байна. Сүүлийн жилүүдэд түүх, соёлын үнэт дурсгалуудыг хууль бусаар ухаж төнхөх, тонох, эвдэн сүйтгэх, улмаар музейн үзмэрийг хулгайлах, наймаалах явдал оршсоор байна.
Мөн уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор байгалийн унаган төрхийг алдагдуулах, түүх соёлын үнэт зүйлс, түүний орчныг бохирдуулах хандлага ч нэмэгдэх хандлагатай боллоо. Иймээс байгаль, соёлын өвийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулах, аялал жуулчлалын дорвитой бүтээгдэхүүн бий болгох, үндэсний соёлын парк, палентеологийн орд болон томоохон археологийн дурсгалт газруудад нээлттэй музей түүх, соёлын томоохон цогцолборууд барьж байгуулах зэрэгт Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллах болно.
Дөрөвт: Аялал жуулчлалын байгууллага, зочид буудал, жуулчны бааз, амралт аялал жуулчлалын цогцолборуудын үйлчилгээ, хөтөч, тайлбарлагчийн соёл, зан ааш, мэдлэг, ур чадвар нь Монгол улсын нүүр царай болдог. Тиймээс олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний байгууламж барьж ажиллуулах, мэргэжилтнүүдийн чадварыг сайжруулах шаардлага тулгарч байна. Энэ чиглэлээр төрөөс дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох, тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийн хөтөлбөрт аялал жуулчлал эрхэлдэг байгууллага, компани, төрийн бус байгууллага хувь хүмүүсийг хамруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Тавд: Манай улс дэлхийн Монгол судлал, Нүүдлийн соёл иргэншил судлал, сурталчилгааны эх орон, жинхэнэ төв нь байх учиртай. Монгол судлалыг өргөн хүрээнд хөгжүүлэх, монгол үндэстний байгаль, соёлын өвийг дэлхийн өвд бүртгүүлэн алдаршуулах, сурталчлах ажлыг аялал жуулчлалын дэлхийн сүлжээтэй холбох шаардлага байна. Монгол Улсын Засгийн газар энэ талаар анхаарч Монгол судлалыг хөгжүүлэх тусгай шийдвэр гаргаж санхүүгийн байнгын эх үүсвэрийг тодорхой болгосон. Цаашид төр, хувийн хэвшлийн байгууллагууд гадаад сурталчилгааны асуудалд хамтран ажиллахыг үүрэг болгож байна. Тиймээс монголын соёлыг сурталчилах, аялал жуулчлалын сурталчилгаа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт суулгах талаар бүгдээрээ санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд эдгээр асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэхийнтөлөө ажиллах болно. Мөн “Аялал жуулчлал XXIзуун” үндэсний чуулганы зочид төлөөлөгчид Та бүхний санал, санаачилга, зөвлөмжийг засгийн газрын үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.
Улсынхаа эдийн засгийн гол салбар болсон аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орноо сурталчилах, байгаль орчин, түүх соёлын өвөө хайрлан хамгаалах их үйлсэд ажил амьдралаа зориулж ирсэн Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
2012 оны 3 дугаар сар 23. Төрийн ордон
Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай супер компьютерийг Монголд анх удаагаа цаг уурчид ашиглаж эхэллээ. Цаг агаарын урьдчилсан мэдээний чанарыг сайжруулж, малчин Доржийн хаваржаанд цаг агаар ямар байхыг тав хоногийн өмнөөс мэдээлж өгч чадах энэхүү супер компьютерийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. АНУ-д үйлдвэрлэсэн Crayмаркийн супер компьютер нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бөгөөд Зүүн Азийн орнуудад, тухайлбал, хятад Солонгосын дараагаар манай улс ашиглаж эхлэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2009 оны 12 дугаар сарын 7-нд байгаль орчны салбарынхантай хийсэн уулзалт ярилцлагын үеэр цаг уурчид ийм компьютертэй болох хүсэлт тавьсан бөгөөд Засгийн газар хөрөнгө гарган шийдвэрлэснээр тэдний хүсэлт өнөөдөр ажил хэрэг боллоо.

Манай улс бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан голлон эрхэлдэг, байгаль, цаг агаараас ихээхэн хамааралтай. Дэлхий нийт ч ийм хамааралтай болж байгаа энэ үед ийм өндөр хүчин чадалтай компьютертэй болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд иргэн бүр мэдээлэлтэй, мэдээлэл нь өндөр чанартай байх учиртай. Тиймээс ч Засгийн газраас хөрөнгө гарган супер компьютер авч монголчууд бид цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээ илүү нарийвчлалтайгаар хүлээн авах болж байна. Энэ нь улс орны эдийн засагт төдийгүй, хувь хүний амьдралд ч ихээхэн боломжийг бий болгох юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд дурдлаа.
Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх агуу боломж бүхий ийм компьютерийг монгол инженерүүд ажиллуулж, чанартай мэдээлэл боловсруулж чадаж байгаа нь бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж байгаагийн нэг том жишээ юм гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгоод цаг агаарын төлөвийн чиг хандлагыг 100 жилээр гаргах бололцоотой гэдэг нь улс орныхоо хөгжлийг төлөвлөх ихээхэн боломжийг бий болгоно. Энэ боломжийг бид ялангуяа, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбартаа бүрэн дүүрэн ашиглах учиртай гэдгийг онцлон хэллээ.
Мөн тэрбээр өнөөдөр бид эдийн засгийн хөгжлөө онцгойлон ярьж байгаа. Ярих ч учиртай. Гэхдээ байгаль орчныхоо асуудлыг энэ хөгжлийн өмнө тавьдаг зарчмыг үсрэнгүй хөгжлийнхөө энэ гараан дээр ирсэн бид төрийн бодлого болгох ёстой гэдгийг чухалчлаад энэ яриаг хий хоосон уриа лоозон биш ажил хэрэг болгох нь байгаль орчны салбарт ажилладаг нийт хүмүүсийн үүрэг гэдгийг ч Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ. Үүнд Засгийн газар хөрөнгө хүч, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар ард иргэддээ ажлаа тайлагнах дөхөж буй энэ үед зарим салбар үйл ажиллагааныхаа хэрэгжилтийг эхнээс нь дүгнэж, цэгнэж байна. Үүний илрэл болсон нэгэн арга хэмжээ өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур орчны шинжилгээний газарт боллоо. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Цогтбаатар салбарынхаа дөрвөн жилийн ажлын тайланг танилцуулж, 2009 оны уулзалтын үеэр Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гардуулсан юм.
Салбар болгон хийсэн ажлаа дүгнэх учиртай. Засгийн газар ч ажлаа тайлагнах ёстой. Тайлангийн хугацаанд өгсөн үүрэг даалгаврын биелэлт, үр дүн ямар байна гэдэг чиг хандлага руу орж байгийн илрэл нь өнөөдөр болж буй энэ арга хэмжээ юм гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Өнөөдөр дэлхийн усны өдөр, маргааш цаг уурын өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд байгаль орчны салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол оронд дулааралт эрчимтэй болж ган зуд, аадар тунадас, уруйн үер, хүчтэй шороон ба цасан шуурга зэрэг байгаль цаг агаарын аюултай үзэгдлийн давтагдал нэмэгдэж гарах хохирлын хэмжээ, байгаль орчны доройтол жилээс жилд нэмэгдэж улс орны тогтвортой хөгжилд ихээхэн хүндрэл, бэрхшээл учруулж, цаашид ч энэ байдал өсөх хандлагатай байна. Энэ эрсдэлийг багасгах, улс орны тогтвортой хөгжлийг хангахад ирээдүйгээ харсан төлөвлөлт, өндөр технологи, шинжлэх ухаанч арга барил асуудлыг шийдэх үндэс болж байгаа. Ийм үед секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай Супер компьютер чухал хэрэгтэй хэмээн цаг уурчид тайлбарлаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Эдүгээгээс 31 жилийн тэртээ 1981 оны гуравдугаар сарын 22-нд малчин ардын хүү анх удаа сансарт нисч, Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал тохион хүн бүр баяр бахдал, урам зоригоор дүүрэн байсан нь саяхан. Тэгвэл өнөөдөр энэхүү түүхэн өдрийг эргэн дурсаж,эрдэмтэн, судлаачид сансар судлалын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Орчин үеийн сансар судлал-Монгол Улс” эрдэм шинжилгээний хуралд оролцож хэлсэн үгэндээ “Манай улс дэлхийн олон орноос сансарт хүнээ нисгэсэн 10 дахь улс орон болж чадсан нь манай орны сансар судлалын салбарт чухал ач холбогдолтой үйл явдал болсон төдийгүй хамтарсан нислэг нь ОХУ, Монгол Улсын сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг юм ” гэлээ.

Мөн цаашид сансар судлалыг хөгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах, төр, засгаас ямар хэлбэрээр дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудал тодорхойгүй байгаад дүгнэлт хийх цаг болсныг онцлоод,энэ салбарыг төр, засгийн бодлогын төвд байлгах үүднээс “Сансар судлалын үндэсний зөвлөл”-ийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллах шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Түүнчлэн энэ чиглэлээр холбогдох яамд, Шинжлэх ухааны академи, мэргэжлийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллаж тодорхой санал, зөвлөмжийг энэ хурлаас гаргана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Алтан гартай инженерүүд “ нүдний гэм” болсон энэ үед залуусын уран сэтгэлгээг хөгжүүлэх нэгэн төслийг Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар хоёр дахь жилдээ эхлүүлээд байна. Энэ бол “ Залуу зохион бүтээгч” төслийн уралдаан бөгөөд орой болгон МҮОНТ-ээр гарч, хүүхэд залуус төдийгүй бүх насныхны үзэх дуртай нэвтрүүлэг хэдийнээ болжээ. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр тус төслийн уралдааны гуравдугаар шатанд тэнцсэн 31 бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
“ Монгол улсын хөгжлийг хөдөлгөгч нь монгол хүн өөрөө юм. Өөрөөр хэлбэл “ Монголыг Монгол толгой хөгжүүлнэ “ хэмээн бид ярьж байгаа. Ард түмэн нь бүтээгч байх Засгийн газрын бодлогын тодорхой үр дүнгийн нэг илрэл нь залуус та бүхний эдгээр бүтээл болж байна. Жил ирэх тусам энэ уралдааны бүтээлүүд улам чанаржиж байна. 20 жилийн дараах Монгол улс нэлээн гайгүй хөгжилтэй улс орнуудын тоонд орох боломж ч бүрдлээ. Тухайлбал үүнд эдийн засгийн өсөлтийг нэрлэж болох бөгөөд үүнд итгэл нэмсэн нэг зүйл нь залуус та бүхний эдгээр бүтээл юм. Сайн сайхан зүйлийг Засгийн газар бүх боломжоороо дэмжинэ. Мөн түүнчлэн эдгээр бүтээлд хандив болон сэтгэлгээний дэмжлэг үзүүлсэн Монголын үндэсний компаниуддаа талархал илэрхийлж байна “ хэмээн Засгийн газрын тэргүүн үзэсгэлэнгийн үеэр залуусд хандан хэлсэн үгэндээ онцоллоо.
Гар утас, комьпютерээс өөр зүйлд анхаарлаа хандуулах нь багассан өнөөгийн монгол залуусд энэ төслийн уралдаан нэлээн өгөөжөө өгч байгааг зохион байгуулагчид дурьдаж байв. Тэднийг жаахан дэмжээд өгөхөд л монгол хүүхэд залуусын төрөлхийн авьяас, чадвар нь гарч ирж байгаа гэх урмын үг ч сонсогдож байлаа. Монгол улсын ирээдүйн иргэдийг техник сэтгэхүйтэй болгон төлөвшүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа “ Залуу зохион бүтээгч “ төслийн энэ жилийн уралдаанд нэлээн их дэвшлүүд гарчээ.
Баруун, зүүн, төвийн гэсэн үндсэн гурван маршрутаар нэгдүгээр шатаа зохион байгуулсны зэрэгцээ ӨМӨЗО-ны Хөх хот, ОХУ-ын Буриад улсын Улаан-үд хотуудад мөн явагдаж, нийтдээ 350 гаруй залуус 700 гаруй санаа бүтээлээрээ уралдаанд идэвхтэй оролцжээ. Агаарт байсан санаанууд энэ жилийн хувьд бодит хөрсөнд бууж ирсэн нь их амжилт байлаа гэж уралдааны зохион байгуулагчид ярьж байна. Орон нутгаас идэвхтэй оролцох болж, ялангуяа Увс, Сэлэнгэ аймгаас ирсэн багууд зохион байгуулалттайгаар сайн оролцож байгааг тэд онцоллоо.
Хөрш зэргэлдээ 3 орны хүүхэд залуусын оюун сэтгэлгээгээр бүтсэн хараагүй иргэдэд зориулсан мэдрэгчтэй таяг, зөөврийн ариун цэврийн өрөө, нисэгчгүй онгоц, ухаалаг хүлэмжүүд, төгөлдөр хуур заагч, модыг 100 хувь хаягдалгүй боловсруулах олон үйлдэлт хөрөө рам, өөрөө явагч ногоо хураагч, монгол гэрийг суурин ахуй нөхцөлд зориулан өөрчилсөн гэр, бохир усыг 00-д ашиглаж болох шийдэл гээд олон шилдэг санаанууд эндээс төрөн гарсан байна. Монгол улс цаашид хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болоход энэ төсөл үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхий сайд ч мөн онцлон тэмдэглэж байлаа. Мөн энэ жилийн бүтээлүүд эко тал руу нэлээн чиглэсэн , багш нар хүүхдүүдтэйгээ нэлээн идэвхтэй оролцож байгааг, үндэсний компаниуд ирээдүйн боловсон хүчнүүдээ нэлээн сонирхож байгаа гээд олон онцлогуудыг зохион байгуулагчид нэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ .
~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын таатай нөхцөл олгохыг зорьж татвартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан, нүүрсний 20 хоногийн аюулгүйн нөөц бүрдүүлэх хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн, Иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсэг байгуулсан зэрэг нь онцлох сэдэв байлаа ~

Засгийн газрын хуралдаанаар “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийн нэгдүгээр шатны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хэрэгжилттэй танилцаад, ажлаа эрчимжүүлэхийг сайд нар болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд даалгалаа. 2011-2013 онд хэрэгжих Үндэсний стратегийн нэгдүгээр шатанд 36 ажил хийхээр тусгасан бөгөөд 2011 онд хэрэгжүүлэх 12 ажил дунджаар 51 хувийн биелэлттэй байгаа нь хангалтгүй гэж Ерөнхий сайд үзэн ийм үүрэг өгсөн байна.
Засгийн газар сүүлийн гурван жил төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой судалгааны үр дүнд татвартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Ерөнхий сайд С.Батболдоос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов.
Ингэснээр Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг дээшлүүлэх, орлого нь тодорхой бус болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын таатай нөхцөл, хөнгөлөлт үзүүлэх асуудал хүчтэй яригдаж эхэллээ. Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ онцлов. Хэрэв тухайн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлогын дүн 50 сая төгрөгөөс дотогш байвал “НЭГ” хувийн татвар төлж байхаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд тусгасан гэж сайд хэллээ.
Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргагч аж ахуйн нэгж, иргэний татвар ногдох орлогын хэмжээ 10 сая төгрөг байвал татвар төлөгчөөр бүртгэгддэг бол үүнийг 50 сая төгрөг болгохоор тусгажээ. Мөн орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй бизнес эрхлэгчдээс авдаг татварын хувь, хэмжээг тодорхой хязгаарт өөрчлөх эрхийг орон нутагт олгохоор хуулийн төсөл боловсруулсан байна.
Засгийн газар ийнхүү санхүүгийн шинэчлэлийг эхлүүлж байгаа бөгөөд цаашид улсын хэмжээнд санхүүгийн эрх чөлөө олгох /өршөөл/ ажлыг эхлүүлж, санхүүгийн бүртгэлийн тайлан тооцоог нэг мөр цэгцтэй, шударга явуулах нь зүйтэй гэж сайд Т.Бадамжунай хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД АХАЛНА
Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулан байгууллаа. Харин аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо бүрт тухайн шатны Засаг дарга Ажлын хэсгийг ахлах болжээ. Иргэний үнэмлэх нь УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтад зайлшгүй хэрэгтэй төдийгүй сонгуулиас өмнө үнэмлэхийг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд төрийн болон орон нутгийн байгууллагын дэмжлэг туслалцаа, оролцоо шаардлагатай учир Засаг дарга нарыг тухайн орон нутаг дахь Ажлын хэсгийн ахлагчаар томилсон байна.
Үнэмлэх олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Ажлын хэсгийн ахлагч нарт даалган, иргэний үнэмлэхний олголтын талаар 6 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг сайд Ц.Нямдоржид үүрэг болголоо. Иргэний үнэмлэхийг 496 нэгжээр дамжуулан шууд олгохоор төлөвлөөд байна. Үнэмлэх хэвлэх байр, тоног төхөөрөмж бэлэн болсон бөгөөд нууцлал бүхий бэлдэцийг 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний хооронд Финлянд Улсаас авчирна. Энэ дагуу үнэмлэхийг 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 11 хүртэл хугацаанд тасралтгүй хэвлэж, иргэдэд тараах юм. Иргэний үнэмлэх нэг удаа олгоход шаардагдах хураамжийг иргэдээс авахгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
“НҮҮРСНИЙ АЮУЛГҮЙН НӨӨЦ” БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ТӨСВИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах, өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулж 7 тэрбум 305 сая 800 мянган төгрөгийн төсвийн зээл олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Олгосон зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, энэ онд багтаан бүрэн буцаан төвлөрүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгажээ.
“Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг өвлийн оргил ачааллын үед 20 хоногийн нөөцтэй байлгахаар тооцсон байна. Зээл нь станц, уурхайнууд хооронд өр авлага үүсгэхгүй байх, хуримтлагдсан өр авлагыг бууруулах, эдийн засаг, санхүүгийн чадавхийг нь дээшлүүлэхэд дэмжлэг болох учиртай юм. Түүнчлэн уурхайнууд энэ оны 2 дугаар улиралд хийхээр төлөвлөсөн уулын тоног төхөөрөмж, технологийн автомашин, механизмуудын засвараа хугацаанд нь гүйцэтгэх боломж бүрдэж, нүүрсний нөөц бэлдэх тээврийн хэрэгслүүдийн найдвартай байдал ч бий болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР 82 ХУВЬТАЙ БАЙНА
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2011 оны байдлаар 82 хувьтай. Зарим зорилтын энэ онд хүлээгдэж байгаа үр дүнг тооцож үзэхэд эхний хагас жилийн байдлаар 87 орчим хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Засгийн газар 2010 онд санхүү, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, үр дүнд нь бий болсон олон эерэг үзүүлэлтийг тогтворжуулан, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх эдийн засаг, хөрөнгө, санхүүгийн үндэс сууриа бэхжүүлж чаджээ.
Тэгвэл өнгөрсөн онд нэн тэргүүнд макро эдийн засгийн өсөлтийг хангах, дэд бүтэц, бүтээн байгуулалт, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих замаар эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлжээ. Энэ ололт амжилтдаа тулгуурлан ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах, иргэдийн бодит орлогыг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхэд, залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын заримынх нь үр дүн гарч байгааг сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.
Түүнчлэн 2011 он тодорхой хугацааны дараа үр дүн нь мэдэгдэх олон ажлыг эхлүүлж, хэрэгжих эх суурийг нь тавьсан жил болсон байна. Цаашид Дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, аймгуудын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг, дунд үйлдвэр, Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж, шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхлэх, нөөц нь тогтоогдсон стратегийн зарим ордыг эргэлтэд оруулах зэрэг зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг сайтар нягтлан, сайд нараас гаргасан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
ТОВЧ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Наурызын баярыг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей тэргүүтэй иргэдийг 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Өдөр, шөнө тэнцдэг 03 дугаар сарын 22-ны өдөр Наурызын баяраа тэмдэглэх гэж байгаа казах түмэнд Ерөнхий сайд нутгийн зөвлөлийн гишүүдээр нь дамжуулан Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

“Манай улсын эдийн засгийн өсөлт 17,3 хувьтай гарсан. Энэ өсөлт цаашид ч хадгалагдаж, тогтвортой байх төлөв ажиглагдаж байна. Үүний үр шимийг нийт иргэд, бүс нутаг, алслагдсан нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хүртээхийг Засгийн газар зорьж байгаа. Энэ чиглэлээр цаашид улам эрчимтэй ажиллана” гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлэв. Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар казах түмний төлөөллийг төрийн хэмжээнд хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад нутгийн зөвлөлийн дарга А.Бакей талархал илэрхийллээ.
Төр, засаг алслагдсан бүс нутаг, ялангуяа Баян-Өлгий аймгийг дэмжин хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж байгаагийн дүнд иргэдийн ахуй амьдрал өөдлөн дэвжиж байгааг тэрээр хэлэв. Бүрэн бус тоогоор Улаанбаатар хотод 10 гаруй мянган казах иргэн ажиллаж, амьдардаг юм байна. Иймээс цаашид казах, урианхай, тува иргэдийн соёл, оюуны хэрэгцээг хангах зорилгоор нийслэлд Соёлын төв байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг нутгийн зөвлөлийнхөн Ерөнхий сайдаас хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 21 аймагт, тэр дундаа Баян-Өлгий аймагт томилолтоор ажилласан. Тухайн үед Баян-Өлгийчүүд алслагдсан бүсийн нэмэгдэл, урамшуулал олгох, казах хэл дээрээ радио, телевизийн мэдээлэл авах сувагтай болох, Монгол-Хятадын хилийн Даян, Улаан уулын боомтоос Монгол-Оросын хилийн Цагааннуур, Улаанбайшинтын боомт хүртэл хатуу хучилттай зам тавих, номын сан, Хүүхэд, залуучуудын парк, 920 хүүхдийн суудалтай сургууль, орчин үеийн оношлогоо, эмчилгээний төвтэй болох зэрэг хүсэлтийг гүйцэтгэх засаглалын тэргүүнд тухайн үед тавьж байсан юм.
Эдгээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, төлөвлөгөөний дагуу үндсэнд нь бүрэн хэрэгжүүлж дуусч байна. Наурыз буюу Хаврын баяр нь урин цагийн эхлэл. Энэ өдрийн маргаашаас өдөр уртасч, малчны хотонд төлийн дуу цангинан, өвс ногоо ургаж эхэлдэг хэмээн казах түмэн бэлэгшээдэг байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей өнгөрсөн онд Наурызын баярыг “Хүн төрөлхтөний халдашгүй соёлын өв”-ийн жагсаалтад бүртгэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.