Blog

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын “Эрүүл хүүхэд- Монголын ирээдүй” аяны нээлтийн арга хэмжээнд хэлсэн үг

     

    Монгол Улсынхаа ирээдүй, эзэн болсон хүүхэд, багачууд аа,

    Эцэг, эхчүүд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, багш сурган хүмүүжүүлэгчид ээ,

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхээр тодорхой зорилтуудыг тусгасан байгаа. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тэргүүний хувьд 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүлжүүлэх “Эрүүл хүүхэд” аяныг санаачлан “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” уриатайгаар зохион байгуулах ажил эхэлж байна.

    Манай улсынхүн амын цэвэр өсөлт2010 оны байдлаар 1.7 хувьд хүрч, тэдний 36.1 хувийг 18 хүртэлх насны хүүхэд, 12.1 хувийг 19-24 насны залуучууд эзэлж байна. Хүн амын гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа нь манай улсынирээдүй өөдрөг, гэгээлэг, хөгжлийн асар их нөөц, боломжтойг харуулж байгаа юм.

    Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод 2015 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөнд 20,0 промиль хүртэл буюу 1990 оны түвшингээс 5 дахин бууруулах зорилт дэвшүүлсэн. Бид Мянганы хөгжлийн зорилтод хүрэх магадлал өндөртэй орны тоонд орж байгаа хэдий ч хүүхдийн эрүүл мэндийн түвшин хангалтгүй хэвээр байна.

    Эрүүл мэндийн бүртгэл зүйн мэдээгээр 10.000 хүүхдэд ноогдох өвчлөл нялхсын хувьд 48.5, 1-4 хүртэлх насанд 72.3, 5-15 насанд 126.7, 16-19 насанд 66,8 хувь тохиолдож байна. Өсвөр насны хүүхдийн өвчлөлд амьсгал, хоол боловсруулах болон шээс, бэлгийн тогтолцооны өвчин эмгэгзонхилж, 10-19 насныхны дунд өвчлөл 10.000 хүүхэд тутамд 65.1 болж нэмэгджээ. Цэрэг татлагын өнгөрсөн оны тайлангаас үзэхэд эрүүл мэндээр хасагдаж байгаа залуусын 15,4 хувь нь дотрын, 14,3 хувь нь нүдний эмгэг, 14,3 хувь нь чих, хамар хоолойн, 10,7 хувь нь жин, өндрийн алдагдлын, 7,2 хувь нь мэдрэлийн өвчний улмаас тэнцээгүй гэсэн анхаарах ёстой үзүүлэлт байна.

    Эдгээр үзүүлэлтнь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээжигд биш байгааг илэрхийлэхийн зэрэгцээ хүүхэд, өсвөр үеийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эцэг эх, асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатайг харуулж буй үзүүлэлт юм. Энэ бүх нөхцөл байдал бидний санааг ихээр зовоож байгаа юм.

    Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс хот суурин газар руу шилжих хөдөлгөөн нэмэгдлээ. Үүнээс үүдэн хотын хүн ам огцом нэмэгдэж хөдөөгөөс шилжин суурьшигчдын хүүхэд эрүүл мэндийн болон нийгмийн бусад үйлчилгээг хүртэхэд хүндрэл учрах боллоо. Үүний зэрэгцээ эцэг, эхийн хараа хяналтаас гадуур, гэр оронгүй, хаяг, харьяалалгүйхүүхдийн эрүүл мэндийн асуудалд төрөөс онцгой анхаарах шаардлагатай байна.

    Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд өдөр тутмын хяналт тавьж, эрүүл мэндийн боловсрол олгох сургуулийн эмчийн тоог нэмэгдүүлэх, сумын сургуулийг сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тогтмол хяналтанд байлгах асуудлыг Боловсролын тухай хуульд тодорхой тусгасан байгаа. Цаашид уг хуулийн хэрэгжилтийг хангаж, Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн чанарыг сайжруулахад анхаарах ёстой болж байна.

    Өнөөдөр хүүхдийн өвчлөлийг арилгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна эрүүл орчинд сурч боловсрох, амьдрахад эцэг, эхчүүд бид анхаарлаа улам нэмэгдүүлэх шаардлага бий болж байна. Хүүхдийг дам тамхидалтаас сэргийлэх, аливаа хорт зуршил, буруу зан үйлээс татгалзах, зөв хооллож, биеийн тамир, спортоор хичээллэх, амьдралын зөв дадал бий болгоход эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэн бүр хүчин зүтгэх учиртай.

    Засгийн газраас 2012 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд гэр бүлийн хөгжилд хүүхдийн эрүүл мэндийн асуудал онцгой байр суурь эзэлдгийг Та бид сайн мэдэж байгаа. Үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулахад гэр бүл, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, тэдний хүүхэд асран хамгаалах дадал, чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, дэмжих шаардлагатай байна.    

    Эдгээр нөхцөл байдлаас үүдэн Засгийн газрын тэргүүний хувьд хүүхэд, багачуудынхаа эрүүл мэнд, ирээдүйд анхаарал хандуулж, “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлж байна. Уг арга хэмжээний хүрээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг дотор, амны хөндий, чих, хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулан, бие бялдрын хөгжлийг үнэлж эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн хүүхдийн эрүүл мэндийн талаар мэдээллийн сан бий болгож, үүнд тулгуурлан эрүүл мэндийн байгууллагуудын бүртгэлийн тогтолцоог төгөлдөршүүлнэ. Ингэснээр хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн боловсрол дээшилж, өвчлөлөөс хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн ихээхэн нөөцийг хэмнэх болно.

    Дөнгөж сая би Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Вербист” асрамжийн төвөөр орж аяны эхлэлтэй танилцлаа. Аян зохион байгуулалт сайтай, эцэг, эхчүүд, сургууль, цэцэрлэгүүдийн оролцоо өндөр, эмч, эмнэлгийн ажилтнуудын  сэтгэл, зүтгэл их байгаа нь таатай байлаа. “Эрүүл хүүхэд аян”-ыг амжилттай зохион байгуулах зорилгоор 100 ажил бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар бүх талаар зохион байгуулж, бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагууд хүчин зүтгэж байна.

    Төлөвлөгөөний хүрээнд үзлэг, оношилгоо хийх эмч, мэргэжилтнүүдийг сургалтад бүрэн хамруулахын зэрэгцээ хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн маягтыг бий болгон мэдээллийн санд оруулах юм. Үүний зэрэгцээ хүүхдийн анагаахын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн мэргэд, шилдэг эмч, багш нарын бүрэлдэхүүнтэй зөвлөх багийг ч ажиллуулж байна. “Эрүүл хүүхэд” аяныг Засгийн газрын түвшинд нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий Ерөнхий сайдаар ахлуулсан Удирдах хорооны бүрэлдэхүүн, Ажлын хэсгийг байгуулсан. Энэ хорооны удирдах бүрэлдэхүүн, ажлын хэсгийнхний санаачилга, хичээл зүтгэл, хяналт хариуцлагаас аяны үр дүн шууд шалтгаалах учраас Та бүхнийг хамтдаа хариуцлагатай ажиллана гэдэгт итгэж байна.  

    Аяны хүрээнд зарцуулагдах 18 тэрбум төгрөгийг Засгийн газар шийдвэрлэж, үзлэгт хамрагдах хүүхдийнх нь тоогоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүллээ. Энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагуудын зүгээс тодорхой дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд гүн талархал илэрхийлж байна.

    Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг, эрүүл мэндийг дэмжигч сургууль, хамт олон болоход идэвхтэй оролцож, хүүхдийн төлөө бүх хүн За гэж хэлэх хэрэгтэй гэж би уриалж байна. Аяныг хэрэгжүүлснээр 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн байдлын түвшинг тогтоож, цаашид эрүүлжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Мөн өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж тогтмолжуулах Мянганы хөгжлийн зорилтыг хангахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болно.

    Засгийн газраас зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд мэргэжлийн байгууллага, иргэд, эцэг, эхчүүдийг идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

    “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны үйл ажиллгаанд амжилт хүсч, Монголын үрс маш олон болохыг ерөөе.

    2012 оны 3 дугаар сар 19.      Соёлын төв өргөө

  • 1990-ээд оноос хойш Монгол төрийн гадна үлдсэн хүүхдийн эрүүл мэндийн асуудал Ерөнхий сайдын анхааралд ирлээ

    Мал сүрэг, эд хөрөнгө, машин техник, хашаа байшиндаа анхаарал тавьж, тоолж, бүртгэлжүүлдэг манай улсад өнөөдрөөс нэгэн өөр өнгө бүхий, чухал арга хэмжээ бодитоор эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга  С.Батболдын санаачилсан 18 хүртлэх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт  хамруулах, эрүүл чийрэг өсгөлүүн бие бялдартай болгоход чиглэгдсэн ажил өнөөдөр улс орон даяар “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” уриатайгаар эхэлж байна. Аав, ээжийн нандин эрдэнэ, улс орны ирээдүй болсон бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд анхаарах чухал ажлаа Монголын төр 1990-ээд оноос хойш таг мартсан гэж хэлж болно. Эмч нар ч үүнийг өнөөдөр хүлээн зөвшөөрөн ярьж, “Эрүүл хүүхэд” аяныг хоёр гараа өргөн талархан хүлээн авч байна.


    ”Эрүүл монгол хүн” хэмээсэн хөтөлбөр хэдэн жилийн өмнө хэрэгжсэн ч үүнд хүүхдүүд хамрагдаагүй. Тиймээс Ерөнхий сайд С.Батболд ирээдүй хойчийнхоо төлөө цагаа олсон буянтай ажлыг эхлүүлж байгаад талархаж байгаагаа Ардын эмч, Хүний гавьяат эмч, хүүхдийн зөвлөх эмч Д.Малчинхүү илэрхийлээд Монголын мянга мянган хүүхдийн эрүүл мэндийн төлөөх энэхүү ажилд хичээнгүйлэн зүтгэж, хөтөлбөрийн гадна нэг ч хүүхэд үлдээлгүй хамруулахын төлөө ажиллах болно гэдгээ хэлж байлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд санаачилсан ажил нь бодит амьдрал дээр хэрхэн бууж, ажил хэрэг болж байгаатай танилцахаар хүмүүсийн нэрлэж заншсанаар Эх, нялхсын эрдэм шинжилгээний төв буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон “Вербист” асрамжийн төвөөр очлоо. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Ерөнхий сайдыг очиход Нийслэлийн 28 дугаар сургуулийн хүүхдүүд үзлэг оношилгоонд хамрагдаж байлаа.

    Ерөнхий сайд эхлээд нүдний эмчийн өрөөгөөр орлоо. Өглөөнөөс хойш 60-аад хүүхэд үзлэгт хамрагдсанаас 10 гаруй нь  харааны доголдолтой, нүдний шил зүүх шаардлагатай. Гэсэн ч эдгээр хүүхэд ийм үзлэгт орж хараагаа нягтлуулж байгаагүйгээс бүгд шил зүүдэггүй, хараа муутай гэдгээ ч мэдэхгүй байна гэж эмч хэллээ.

    Мөн ерөнхий үзлэг хийж байгаа эмч хүүхдүүдийн өсөлт бойжилт хэвийн байгаа ч хөдөлгөөний дутагдалтай байгаа талаар Ерөнхий сайдад хэллээ. Эдгээр нь хүүхдүүд маань зурагт их үздэг, компьютерийн ард удаан хугацаагаар суудаг, спортоор хичээллэхгүй байгаатай холбоотой. Тиймээс ерөнхий боловсролын сургууль бүрийг спорт заалтай болгох ажлыг яаравчлах үүргийг БСШУ-ы сайд Ё.Отгонбаярт өглөө. Ерөнхий сайдыг очиход “Вербист” асрамжийн газрын 50 хүүхэд үзлэг оношилгоондоо ид хамрагдаж байлаа.

    Эдгээр хүүхдийн дунд түрүүчийн адил хоолойн өвчлөл элбэг байсан ч харааны доголдолтой нэг ч хүүхэд байсангүй. Мөн аав ээжийнхээ асрамжид байдаг хүүхдүүдтэй харьцуулахад биеийн өсөлт, хөгжлөөр арай илүү байна гэсэн дүгнэлтийг эмч нар хийжээ. Энэ нь хүүхдүүд тогтсон цагт чанартай, тэжээллэг хооллодогоос гадна биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийдэг, зурагт, компьютер шагайж удаан хугацаагаар суудаггүйтэй нь холбоотой гэж эмч нар тайлбарлаж байлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд эмч, багш нартай уулзаж, ярилцахдаа “Үнэт эрдэнэ болсон хүүхдүүддээ анхаарал тавих нь төр засгийн үүрэг. Хүүхдүүдийн эрүүл мэндэд гагцхүү ээж, аавууд анхаарал тавих бус төр засаг оролцож, манлайлал үзүүлье гэсэн юм. “Эрүүл хүүхэд” аяны үр дүнд мэдээллийн нэгдсэн сан бий болно. Хүүхдүүдийн маань биеийн хөгжил, эрүүл мэнд нь ямар байна гэхчлэн гол мэдээллийг бий болох үзлэг оношилгоог хийж байна. Үүний дүнд бид юунд анхаарах, ямар эмчилгээ, сургалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулах вэ гэдгээ цогцоор нь тодорхойлно. Хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндийн талаар явуулах бодлого харагдах учиртайг хэлж байлаа.

    Энэ үеэр нэгэн сэтгүүлч Ерөнхий сайдаас “Та таван хүүхэдтэй, өнөр бүлийн эзэн. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаардаг вэ” гэж сонирхоход Ерөнхий сайд С.Батболд “Ажилдаа дарагдаад хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд цаг зав гаргаж чаддаггүй аав ээжүүд олон. Хариуцлагатай сайн аав, ээжүүд ч бий гэж хэлээд “Эрүүл хүүхэд” аянд багш, сурган хүмүүжүүлэгчид,  эцэг эхчүүдийг идэвхтэй оролцохыг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

  • “ЭРҮҮЛ ХҮҮХЭД” АЯНД 18 ХҮРТЭЛХ НАСНЫ БҮХ ХҮҮХЭД ХАМРАГДАНА

     

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд” аян 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр орон даяар эхэллээ. Нийслэл хотод энэ арга хэмжээний нээлт Соёлын төв өргөөнд болж гүйцэтгэх засаглалын тэргүүнээс гадна Эрүүл мэндийн яам, сургууль, эцэг, эхчүүд, хүүхдийн төлөөлөл оролцсон байна. 18 хүртэлх насны бүх хүүхдийг дотор, амны хөндий, чих, хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулж, бие бялдрын хөгжлийг үнэлж, эрүүл болгох, хүүхдийн эрүүл мэндийн тухай мэдээллийн сан бий болгон, эрүүл мэндийн байгууллагуудын бүртгэлийг сайжруулах нь “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны гол зорилго юм.

    Манай улсын нийт хүн амын 36 хувийг 18 хүртэлх насны хүүхэд буюу хүн амын гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэлх насныхан эзэлдэг. Энэ нь манай орны ирээдүй өөдрөг, гэгээлэг, хөгжлийн асар их нөөц, боломж байгааг харуулсан хэрэг гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна. Гэхдээ улс орны ирээдүй болсон хүүхэд, багачууд эрүүл байх нь амжилтад хүрэх үндэс хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн үзэж “Эрүүл хүүхэд” аяныг санаачилж, Удирдах хороог нь өөрөө ахлан ажиллаж байгаа юм.

    Аяны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ хүүхдийн өвчлөлийг арилгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна эрүүл орчинд сурч боловсрох, амьдрахад төр, засгаас эхлээд эцэг, эхчүүд бүгд хамтран зүтгэх ёстойг тэмдэглэв. Мөн эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг, сургууль, хамт олон болоход идэвхтэй оролцож, хүүхдийн төлөө хүн бүр За гэж хэлэхийг Засгийн газрын тэргүүний хувьд уриаллаа. Өмнө нь манай улс “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үүнд хүүхэд, залуус хамрагдаагүй юм. Статистикийн тоо баримтаас харвал 10 мянган хүүхдэд ногдох өвчлөл нялхсын хувьд 48,5, 1-4 хүртэлх насанд 72,3, 5-15 насанд 126,7, 16-19 насанд 66,8 хувьтай байна.

    Хүүхдүүд ихэвчлэн амьсгал, хоол боловсруулах болон шээс, бэлгийн тогтолцооны өвчин тусдаг бол өнгөрсөн жил эрүүл мэндээр цэргийн албанд тэнцээгүй залуусын дунд дотор, нүдний эмгэг, чих, хамар хоолой, жин, өндрийн алдагдал, мэдрэлийн өвчин зонхилжээ. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын хэлснээс үзвэл манай улсын насанд хүрсэн, архаг өвчтэй хүмүүсийн 60 хувь нь хүүхэд насандаа өвчилж, энэ нь олон жилийн дараа бусад өвчний суурь болж архагшдаг байна. Иймээс аяны хүрээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг ерөнхий үзлэгт хамруулж, өвчтэй бол эмчлэх нь ирээдүйдээ хийж байгаа том хөрөнгө оруулалт гэж салбарын сайд хэллээ.

    47 жил хүүхдийн эрүүл мэндийн төлөө зүтгэсэн Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү “Эрүүл хүүхэд” аяны нээлтийн арга хэмжээний хүндэт зочин байлаа. Тэрээр энэ аяныг маш их талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд 18 хүртэлх насны бүх хүүхдийг үзлэгт хамруулж, өвчтэйг нь эмчлэх гэж байгаа нь ирээдүйн насанд хүрэгсдийн эрүүл мэндэд анхаарч байна гэсэн үг гэлээ. Мөн эцэг, эхчүүд хүүхдүүдээ, багш, сурган хүмүүжүүлэгчид сурагчдаа үзлэгт хамруулахаас гадна өөрийнхөө хэдэн мянган шавь болох эмч, эмнэлгийн ажилтнуудыг энэ аянд идэвхтэй оролцож, хариуцлагатай хандахыг захиж байлаа.

    Хүүхдийн хичээл, сурлагын амжилт эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалан харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл хүүхэд илүү сайн суралцдаг гэж 17 жил бага ангийн багшаар ажиллаж байгаа, нийслэлийн 13 дугаар сургуулийн багш Ж.Одгэрэл үззж байна. Тус сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн дунд чих, хамар хоолой, дотор, амны хөндийн өвчлөл багагүй. Өрхийн эмнэлэгт хандая гэхэд нарийн мэргэжлийн эмч байдаггүй, хувийн эмнэлэг төлбөр өндөр гээд хүндрэл цөөнгүй гардаг. Энэ бүх асуудлыг аяны хүрээнд шийдэх гэж байгаад тэрээр талархаад “Эрүүл хүүхэд” аянд идэвхтэй оролцож сурагчдаа хамруулахыг багш, сурган хүмүүжүүлэгч нартаа уриаллаа.

    970 гаруй мянган хүүхдийн эрүүл мэндэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч аян зохион байгуулж байгаад Биеийн тамирын сургалттай сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Дэмбэрэлдагва талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр эрүүл байхын тулд зөв зохистой хооллож, хичээл, амралтаа зохицуулан, биеийн тамир, спортоор хичээллэж байхыг үе тэнгийнхэн болон дүү нартаа уриаллаа. “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд зарцуулагдах 18 тэрбум төгрөгийг Засгийн газар шийдвэрлэж, үзлэгт хамрагдах хүүхдийнх нь тоогоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлээд байна. 

    Аяныг бодит үр дүнд хүргэж, 18 хүртэлх насны хүүхдүүдээ эрүүл бие бялдартай болгоход Засгийн газар, эрүүл мэнд, боловсрол гээд бүх шатны төрийн байгууллагын хүчин зүтгэлээс гадна төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, ялангуяа эцэг, эхчүүдийн оролцоо хамгаас чухал юм. “Эрүүл хүүхэд” аяны эхний шатыг 5 дугаар сарын 30 хүртэл, хоёрдугаар шатыг 6 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 30 хүртэл явуулна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т 1600 гаруй цэргийн албан хаагч хамрагдана

    Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлэн байгаа цэрэг эрс өнөөдөр Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 91 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд түүхт энэ өдөр ололт амжилтаа дүгнэн, цаашдын зорилтоо тодорхойлж байгаа Зэвсэгт хүчин, цэрэг эрсийнхээ баярын арга хэмжээнд оролцож, эх орноо хамгаалах ариун үйл хэрэгт залуу нас, эрч хүч, эрдэм боловсролоо харамгүй зориулсан ахмадуудад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэлээ.


    Ерөнхий сайд энэ үеэр Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн албан хаагчид, ахмад дайчдын нийгэм, эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн идэвх санаачилга, үйл ажиллагааг тууштай дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн улс орны батлан хамгаалах салбарт бүхий л амьдралаа зориулж, хүнд хэцүү цагийн дайн байлдаан, энхийн бүтээн байгуулалтад манлайлан зүтгэж ирсэн ахмад дайчид болон өнөөгийн офицер, ахлагч нарынхаа нийгмийн хамгааллын асуудлыг онцгой анхаарч байгаагаа хэллээ.

    Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас “40000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж батлан хамгаалах салбарын олон арван албан хаагч энэ хөтөлбөрт хамрагдаад байна. Үүгээр зогсохгүй “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд 1662 цэргийн албан хаагчийн орон сууц, “Ахлагч” амины орон сууцны хотхоныг хот, хөдөө орон нутагт барих зорилт тавьж, улс орны бусад бүтээн босголтын ажилд барилгын цэргийн ангиуд, батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнийг оролцуулж эхлээд байгаа тухай Засгийн газрын тэргүүн энэ үеэр дуулгасан нь цэрэг эрсдээ барьсан түүний бэлэг байлаа.

  • ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

    ~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болов. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсантай холбогдуулан төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг тогтоон, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны жагсаалтыг баталсан, нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг өөрчилж нэмсэн зэрэг нь онцлох шийдвэр байлаа ~

    Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн баталлаа. Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэх хугацааг наашлуулж энэ оны 02 дугаар сарын 01, 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон нэмэхээр тохиролцсон юм. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ.

    Энэ дагуу төрийн албан хаагчдын цалинг 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 23 хувиар нэмэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 630 мянган төгрөгт хүрч байна. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллаганы мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалинг 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар дундаж цалин 410 мянган төгрөг байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

     

    НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

    Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс сард 70 мянган төгрөгөөр, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 103 мянга 600 төгрөгөөр тогтоон мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2,5 дахин нэмэгдэж байна. Түүнчлэн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг энэ оны 02 дугаар сарын 01-нээс сард 40 мянга, 05 дугаар сарын 01-нээс сард 48 мянган төгрөгөөр тогтоон мөрдөх болов.

    Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ одоогоор 53 мянга 800 төгрөг байгаа нь бүсүүдийн дундаж хүн амын амьжиргааны доод түвшнээс 50 орчим хувиар бага байгаа юм. Энэ тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 52 мянга орчим хүн авдаг байна.

    Тэгвэл байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 27 мянга орчим иргэнд олгодог 31 мянга 200 төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг  05 дугаар сарын 01-нээс 48 мянган төгрөгт хүргэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙГ 35 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЛЭЭ 

    Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 35 мянган төгрөгөөр нэмэн энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгохыг Засгийн газрын хуралдаанаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Сангийн сайд нарт даалгалаа. Ингэснээр 318,2 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр нэмэгдэж байгаа бөгөөд дундаж тэтгэвэр 27,8 хувиар нэмэгдэж 162 мянган төгрөг болж байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 140 мянга 300 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105 мянга 200 төгрөгөөр шинэчлэн тогтоож 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр болсон байна.

    Харин 05 дугаар сарын 01-нээс дахин нэмснээр тэтгэвэр энэ онд 53,8 хувиар, 2008 оныхоос 2 дахин нэмэгдэнэ. Гэхдээ тэтгэврийг 5 дугаар сарын 01-нээс нэмэх үед эрх зүйн зарим өөрчлөлт гарч болзошгүй байгаа юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг НХХЯ дахин оруулж хэлэлцүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БАРИГДАХ ОРОН СУУЦНЫ ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА

    “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын хоёрдахь ээлжийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нэгдэх жагсаалтад 79 мянган орон сууцны барилга байсныг 44 мянга 700-гаар нэмж 124 мянга орчим болголоо. Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа эдгээр орон сууцнаас сонголт хийх боломжийг Засгийн газар олгож байна. Жагсаалтад өнөөдөр нэмж орсон 44 мянга 700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 метр.квадрат хүртэл талбайтай орон сууц юм.  

    Жилийн 6 хувийн хүүтэй зээлээр иргэдийг орон сууцтай болгох энэ хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ. Хоёрдахь жагсаалтад орсон орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    БНХАУ-ЫН БАНКНААС 200 САЯ  ХҮРТЭЛ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВНА

    Төрийн албан хаагчдын орон сууцны хороолол барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “Экспорт, импорт” банктай 200 сая ам.доллар хүртэлх дүнгээр зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкинд зөвшөөрөв. Зээлийн хөрөнгөөр төрийн албан хаагчдын орон сууцны хороолол, хотхон байгуулах барих ажлыг зохион байгуулж, гэрээний хэрэгжилт, барилгын ажлын явцыг улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг салбарын сайд, банкны удирдлагад даалгалаа. Түүнчлэн зээлийн нийт дүнгийн 15 хувьтай тэнцэх хөрөнгийн санхүүжилтийг барилгажилтын хугацаанд төсөвт жил бүр тусган шийдвэрлэж байх боллоо.

    Энэ зээл нь 15 жилийн хугацаатай, жилд лебор+1 хувийн хүүтэй, эхний 3 жилд зээл, зээлийн хүүгийн төлбөр хийгдэхгүй бөгөөд   зээлд хамрагдахаар БСШУЯ, БХЯ, ХЗДХЯ-наас 6285 айлын орон сууцны захиалга ирүүлээд байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр БСШУЯ, Сангийн яам болон БНХАУ-ын “Экспорт, импорт” банк хооронд “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл” болон ”Багш нарыг хямд өртөгтэй орон сууцаар хангах” төслийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан байна. Төсөлд “Зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно” гэж тусгасан нь Үндсэн хуульд заасан “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасныг хэт явцууруулсан шинжтэй байна гэж үзлээ. Мөн энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачилсан бөгөөд төслийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгчийн саналыг  хамтад нь авч үзэх боломжтой гэдгийг уламжлахаар боллоо.
    • Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах тухай УИХ-ын гишүүн Х.Баттулга нар хуулийн төсөл санаачилсан. Энэ нь “Хүнийг үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн Үндсэн хуулийн заалттай нийцэхгүй байна гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Түүнчлэн УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх 6 сарын дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох хуультай тул дэмжих боломжгүй хэмээн хууль санаачлагч нарт уламжлахаар боллоо.
    • УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Нийгмийн даатгалыг сангууд, үүний дотор тэтгэврийн сан нь иргэн өөрийн ирээдүйн нийгмийн баталгаанд зориулан урьдчилан төлсөн шимтгэлээс бүрддэг бөгөөд тухайн үедээ төлж чадаагүй шимтгэлийг нөхөн төлүүлэх нь даатгалын үндсэн зарчимтай нийцэхгүй байгаа тухай хууль санаачлагчид уламжлахаар боллоо. Түүнчлэн холбогдох хуульд заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэйд нийгмийн халамжийн тэтгэвэр олгох хууль 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэ хуулийн дагуу тэтгэврийн насны бүх өндөр настан тэтгэвэр авах эрх зүйн орчин бүрдэж байгааг анхаарахыг ч уламжилсан байна.
    • “Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлсэн дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Үүнтэй холбогдуулан орон нутагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө иргэдээр урьдчилан хэлэлцүүлж сонголт хийж байх журам, аргачлал батлан хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөж, Засаг дарга нарт үүрэг болголоо. .
    • Энэ сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 28 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Эдгээрээс А-80 автобензин 30, АИ-92 автобензин 36, дизелийн түлш 16 хоногийн нөөцтэй байгаа тухай мэдээ гарчээ. Урд саруудын байдлаас харахад үлдэгдэл нөөцийн хэмжээ дунджаар 15 хоногоор илүү байгаа бөгөөд энэ нь газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай гэсэн үг юм. Шатахууны үнэ 1 дүгээр сартай харьцуулахад 120-140 төгрөгөөр буурсан байна.
  • Цалин, тэтгэвэр тэтгэмж 2-3 дахин нэмэгдлээ

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар өөрийн биеэр мэдээлэл өглөө. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энд гурван чухал асуудлыг онцлов. Юуны өмнө Засгийн газар цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2-3 дахин нэмж, дэвшүүүлсэн зорилтоо шийдэж  чадлаа гэдгийг мэдээллийн эхэнд тэмдэглэлээ.

    Засгийн газраас төсвийн тодотголоо УИХ-д оруулж шийдвэрлүүлснээр төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд буюу 2 дугаар сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, дараагийн ээлжинд буюу 5 дугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэхээр Засгийн газар шийдвэр гаргасныг  дурьдлаа. Ингэснээр дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байсан бол, 2011 онд 410 мянган төгрөг, 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс ийнхүү 630 мянган төгрөг болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэвэрийг нэмэх зорилт тавин ажиллаж, үүний үр дүнд 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмэгдэж байна. 

     

    Харин тэтгэврийн хувьд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэрийн хэмжээг 35 мянган төгрөгөөр нэмснийг Засгийн газрын тэргүүн мэдээлж байна. Ингэснээр нийт 318.2 мянган  тэтгэвэр авагчийн тэтгэвэр 27.8 хувиар нэмэгдэж 162 мянган төгрөг болж байгаа ажээ. Ирэх тавдугаар сарын 1-нээс мөн нэмэгдэх бөгөөд энэ онд тэтгэвэр авагчдын тэтгэвэр 53.8 хувиар буюу 2008 оныхоос хоёр дахин нэмэгдэж байна. Түүнчлэн Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа бүрэн тэтгвэрийн доод хэмжээг 140 мянга 300 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105 мянга 200 төгрөг болгон шинэчилснийг Ерөнхий сайд энд дурьдлаа. 

    Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 30 хувь буюу 70 мянган төгрөгөөр, ирэх тавдугаар сарын 1-нээс 48 хувиар нэмж 103 мянга 600 төгрөг болж байна. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2.5 дахин нэмэгдэж байгаа юм.  Мөн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 40 мянга, тавдугаар сарын 1-нээс 48 мянган төгрөгөөр нэмэх юм байна. Үнэ ханш, инфляцыг хөөрөгдөхгүйгээр энэ ажлыг хэрэгжүүлж ажиллахыг  Сангийн яаманд өгөөд байгаагаа ч Засгийн газрын тэргүүн дурьдлаа.

    Ерөнхий сайдын онцолсон дараагийн сэдэв нь “ 100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тухай байлаа.

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тус хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон хорооллын хоёр дахь ээлжийн жагсаалтыг баталсныг энд онцоллоо. Өөрөөр хэлбэл өмнөх жагсаалтад 79 мянган орон сууцны барилга байсныг 44700-гаар нэмж 124 мянга болгосон аж. Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа эдгээр орон сууцнаас сонголт хийх боломжийг Засгийн газар ийнхүү олгож байгаа юм. Нэмж орж байгаа 44700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 метр квадрат хүртэл талбайтай орон сууц байх ажээ. Засгийн газраас 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан нь ч энэ хөтөлбөртэй салшгүй холбоотой гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн энд онцлоод, зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлогууд гарч байгааг ч тэмдэглэсэн юм. Тухайлбал ийм чиглэлийн 130 мянган өрх анхааралд байгааг онцоллоо. 

    ‘Мөн дараагийн сэдэв нь Хөгжлийн банк үнэт цаас гаргасан тухай мэдээлэл байв.  10 сарын өмнө үүдээ нээж байсан тус банк өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээлд 5 жилийн хугацаатай 580 сая ам.долларын үнэт цаас гаргаж, Монгол улс жишиг хүүгийнхээ түвшинг амжилттай тогтоосон явдал юм. Хөгжлийн банкны энэхүү үнэт цаас нь 5.75 хувийн хүүтэй байх ажээ. 300 гаруй хөрөнгө оруулагчдаас  6.25 тэрбум ам.долларын захиалга авч, энэ нь гаргах хэмжээнээс 12 дахин их байсан  төдийгүй олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн мэдээллийн агентлагууд Хөгжлийн банкны үнэт цаасны энэхүү арилжааг сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн амжилттай арилжаа хэмээн онцолсныг мэдээлийн үеэрээ Ерөнхий сайд С.Батболд дурьдаж байлаа.

    Манай улстай ойролцоо ижил зэрэглэлтэй  Шриланк улсын Засгийн газар 2007 онд 8.25 хувийн хүүтэй, Вьетнам улсын Засгийн газар 6.75 хувийн хүүтэй, Филиппин улсын Засгийн газар 8.75 хувийн хүүтэйгээр зах зээлд анх удаа үнэт цаасыг гаргаж байсантай харьцуулахад Монгол улсын Хөгжлийн банкнаас гаргасан энэхүү үнэт цаас нь гадаадын хөрөнгө оруулагчдаас хүлээлгэж буй итгэл  хэмээн харж болох юм. Ийнхүү үнэт цаас гаргаснаар томоохон бүтээн байгуулалтууд болох шинэ төмөр зам, авто зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөртэй холбоотой төслүүдийн санхүүжилт хийх бололцоотой болж байгаа ажээ.  Чухам ямар төслүүдийг, яаж санхүүжүүлэх талаар ирэх долоо хоногт Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж, иргэддээ нээлттэй мэдээлэх болно гэдгээ Ерөнхий сайд  дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Урт хугацаатай визийн журам нэвтрүүлэхэд дэмжлэг хүслээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсад айлчлах үеэрээ Япон улсын Парламентын ордонд зочилж, Парламентийн зөвлөхүүдийн  танхимын дарга К.Хирата болон Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи нартай уулзлаа. Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата өнгөрсөн оны 11 дүгээр сард Парламентын энэхүү дээд танхимын даргаар томилогдсон бөгөөд үүнд нь Ерөнхий сайд С.Батболд баяр хүргэлээ. Монгол Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл гадаадын анхны зочин нь болсон талаар ноён К.Хирата хэлж байлаа. Засгийн газрын тэргүүн ч түүнд Монгол Улсын УИХ-ын даргын мэндчилгээг дэвшүүлж, УИХ дахь Японы бүлэг маш идэвхтэй ажилладаг гэж тэмдэглэлээ.


    Япон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн хүрээнд болж буй энэхүү өндөр дээд хэмжээний айчлал нь хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргаж, цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн  тухай 2010 оны хамтарсан мэдэгдлийн үзэл санааны дагуу гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

    Эдгээр уузлалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн урт хугацаатай визийн журам нэвтрүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Монгол Улсын Засгийн газар Монгол руу зорчих япон иргэдийг тодорхой хугацаагаар визээс чөлөөлөх шийдвэр гаргасанд талархаж буйгаа Парламентын зөвлөхүүдийн  танхимын дарга К.Хирата болон Төлөөлөгчдийн тахимын дарга Т.Ёкомичи нар илэрхийлээд Японд зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар үргэлжлүүлэн судалж ажиллахаа илэрхийллээ.

  • Осака хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулагдлаа

     

    Японы Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлал Осака хотноо үргэлжилж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн түүхийн хуудсыг баяжуулах нэгэн арга хэмжээ Осака хотод өнөөдөр болсон нь Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа байлаа. 

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нээлтийн арга хэмжээнд оролцохдоо  Кансай бүсийн төв Осака хот нь олон зуун жилийн түүхтэй, Япон төдийгүй Зүүн Азийн бүс нутгийн эдийн засаг,  аж үйлдвэр,соёл, боловсролын томоохон цөмүүдийн нэг. Осака хотод Монгол Улс Ерөнхий консулын газраа байгуулж байгаа нь манай хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна гэдгийг тодотгож байлаа. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Кансайн бүс чухал хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Монгол, Японы хоорондын агаарын замын гараа Кансайн олон улсын нисэх онгоцны буудлаас эхэлж байсныг тэмдэглэлээ.

    Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа Стратегийн түншлэлийн зарчмаар цаашид бататган хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цогц хэлбэрээр хөгжүүлэх зорилгоор Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлэх талаар Японы Ерөнхий сайд Ё.Нодатай хийсэн  хэлэлцээний үеэр тохирсныг Ерөнхий сайд С.Батболд мэдэгдээд энэ зорилтыг хэрэгжүүлж, бодит ажил болгоход Ерөнхий консулын газар чухал үүрэг гүйцэтгэх учиртайг чухалчиллаа.

    Мөн Кансай бүс нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд Монголын зах зээлийн нөөц, бололцоо, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан таниулах, тус бүс нутгийн жижиг, дунд үйлдвэрийн дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлэх,  худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг үүрэг болголоо.

    Энэхүү консулын газрыг нээхэд үнэтэй дэмжлэг үзүүлж ажилласанЯпон Улсын ГХЯ-ны Осака дахь салбар, мужийн захирагч, хотын дарга, Осака дахь ЖЕТРО байгууллага болон бусад холбогдох байгууллага, хувь хүмүүст Монгол Улсын Засгийн газрын тэргүүн талархал илэрхийлээд Монгол, Японы харилцаа, Монгол-Кансайн харилцаа  улам бүр өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.