
Blog
-
БНАЛАУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн урилгаар манай улсад айлчилж байгаа БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодүг 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын үеэр айлчлан ирсэнд нь Ерөнхий сайд С.Батболд талархаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид луугийн хүчээр урагшлан хөгжин дэвжинэ хэмээн бэлэгшээж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ.
Эртнээс улбаатай манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжих бүрэн боломжтой. Үүнд өндөр дээд хэмжээний айлчлал, тэр дундаа БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү-гийн айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа гүйцэтгэх засаглалын тэргүүн онцлон тэмдэглэв. Түүнчлэн хоёр орны ард иргэдийн хоорондох ах дүүсийн харьцаа, УИХ дахь Монгол-БНАЛАУ-ын парламентын бүлэг, улс төрчдийн харилцаа, хамтын ажиллагаанд ч өндөр ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
Өнгөрсөн жил болсон хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар худалдаа, эдийн засаг гээд бүх салбарт хамтран ажиллах талаар нухацтай хэлэлцсэн. Хөдөө аж ахуй зэрэг уламжлалт салбараас гадна бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байгааг тэрээр тэмдэглэлээ. Талууд боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт бие биенээ дэмжиж, амжилттай ажиллаж байгаагийн зэрэгцээ Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв байгуулахад БНАЛАУ тууштай дэмжлэг үзүүлсэнд Ерөнхий сайд талархаж байдгаа илэрхийлэв.
Монгол түмний уламжлалт сар шинийн баярын үеэр айлчлан ёс заншил, уламжлалтай танилцсандаа сэтгэл хангалуун байгаагаа БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү хэллээ. Хэдийгээр түүний айлчлал богино хугацаатай ч Монгол Улсад бүтээн байгуулалт өрнөж, ард иргэдийн амьдрал ч өсөн дэвжиж байгаа нь мэдрэгдэж байгааг тэрээр тэмдэглэв. Манай хоёр орон байгалийн баялаг ихтэй, ард иргэдийн зан заншил, уламжлалд ижил төстэй олон зүйл байна. Иймээс цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал. Хоёр орны хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр, Санамж бичигт тусгасан зүйлсийг бодит ажил хэрэг болгоход БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей бүх талаар дэмжин ажиллана гэв.
Монгол Улс БНАЛАУ-д хүний нөөцийг бэхжүүлэх, эрүүл мэнд, оюутан сургах зэрэг чиглэлээр туслаж ирсэн. Энэ бүхний төлөө Засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа Үндэсний Ассамблейн дарга Пани Ятодү онцлон тэмдэглэв. Талууд уулзалтын үеэр мөн улс төрийн намуудын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей нь таван жил тутамд сонгогддог 115 гишүүнтэй. Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд 1962 онд дипломат харилцаа тогтоожээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
-
САНАСАН БОДСОН БҮХЭН ЁСЧЛОН БИЕЛЭХИЙН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ

XVII жарны Баясгалан хэмээгч Усан Луу жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн очиж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай золгов. Золголтын дараа Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг цэнгүүлэн гэрийн жавар үргээж, төр түвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн ерөөл айлдлаа.Үүний дараа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд хамгийн өндөр настай буурлууддаа хүндэтгэл үзүүлж,золгодог уламжлалтай.
Сар шинийн нэгний энэ өглөө ахмадуудаа төлөөлж Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн танхимд хүрэлцэн ирсэн Сийлбэрч Ц.Цагаан-Өвгөн, Төв аймгийн өндөр настан Х.Пагам, өдгөө 100 настай золгож байгаа Ч.Рэнцэндорж, Төр нийгмийн ахмад зүтгэлтэн Г.Очирбат,ахмад дипломатч Ч.Цэмбэлдорж, ахмад багш Б.Чулуун,ахмад дайчин С.Дагва, болон Булган аймгийн өндөр настан Ч.Долгор,Д.Дариймаанартай төрийн 3 өндөрлөг золгож, гарын бэлгээ гардуулан дурсгалын зураг авахууллаа.
Сар шинийн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэвлэл, мэдээллийн ажилтнуудад өгсөн ярилцлагадаа “Улиран одож байгаа туулай жил Монгол Улсын маань хувьд амжилт, бүтээл арвин сайхан жил болж өнгөрлөө. Тэнгэр хангай ивээж, сайхан өдөр болж байна. Үүнийг гарч байгаа Луу жилд ард түмэн, улс орны маань ажил, амьдрал ч өөдрөг сайхан байхын шинж гэж билэгшээж байна. Өнгөрсөн жил Монгол Улс эдийн засаг, хөдөө аж ахуйн, газар тариалангийн салбарт өндөр амжилт гаргасан жил боллоо.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил олон ажил хийж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч эхлүүлсэн он жил байлаа. Гарч байгаа усан луу жилдээ олсон ололтоо улам бататгаж өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ жил өрх гэр бүл бүрд өөрчлөлт дэвшил авч ирсэн жил байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж нийт Монголын ард түмэндээ мөн гадаад улс орнуудад амьдарч, ажиллаж байгаа ахан дүүс нартаа сар шинийн мэндийг хүргэж санасан бодсон бүхэн ёсчлон биелэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
-
МАЛЧИН ТҮМЭН СЭТГЭЛ ТЭНЭГЭР САР ШИНЭЭ УГТАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас XVII жарны төмөр туулай жилийн Улсын сайн малчнаар 56 хүнийг шалгаруулан өргөмжилсөн. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөдөлмөрч чанар, бүтээлч ажлаараа онд өнтэй орсон олон зуун малчдын дундаас шалгарч Улсын сайн малчны болзлыг хангасан Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн малчин Лэгцэгийн Очирбатын шагналыг 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гардуулан өглөө. Мал сүргийнхээ тоо толгойг өсгөж, тогтвортой амжилт гарган, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мал сүргийнхээ үйлдэр угсааг чанаржуулан, өөрийн арга туршлагыг залуу халаа үедээ уламжлуулан өвлүүлж байдаг түүнийг Улсын сайн малчнаар шалгаруулсан нь нүдээ олсон шагнал байна хэмээн Засгийн газрын тэргүүн хэлээд Улсын сайн малчны өргөмжлөл, тэмдгийг гардуулан өгсөн юм.
Мөн тэрээр малчин гэдэг үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, ажил олгогч нарийн мэргэжил юм. Бид малчдад мэргэжлийн үнэмлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгож малчны мэргэжил туршлагыг тодорхой хэмжээгээр үнэлэх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэлээ. Сайн малчны цол тэмдгээс гадна БСШУЯ-ны “Зөвлөх малчин” үнэмлэх, ГХЯ-наас гадаадад аялах эрх, ЭМЯ эмнэлгийн нэгдсэн үзлэг шинжилгээнд гэр бүлийн хамт үнэ төлбөргүй хамрагдах батламжаар шагнасан нь Монгол Улсын Засгийн газраас улсынхаа сайчуудыг бодлогоор дэмжиж байгаагийн нэг илрэл юм. 20 жилийн дараа Төв аймгийн Лүн сумаас улсын сайн малчин төрөн гарсанд нутгийн зон олон баяртай байна. Энэ туулай жил төр түмэнд минь өлзийгөө өгч, байгаль дэлхий ивээлээ хайрлалаа. Зуны гурван сардаа ногоо цагаатай дэлгэр, өвлийг өнтэй давж энх улирлыг угтаж байна. Төрийн нуруу ч төвшин сайхан, сар шинэдээ золгохын өмнө Ерөнхий сайд маань малчны хотонд саатсанд бид ихэд билэгшээн байна хэмээн Лүн сумын засаг дарга П.Нямдаваа хэлж байлаа.
Мөн энэ жил Төв аймаг түүхэндээ байгаагүйгээр мал сүргээ өсгөсөн бахдам амжилтаар туулай жилээ үдэж байна. Сайн малчин Л.Очирбат гуайн өвөлжиж байгаа Өгөөмөр багийн нутагт 20 жилийн өмнө Улсын сайн малчин тодорч байсан байна. Тэрээр сүүлийн 10 гаруй жил амжилт бүтээлээрээ сум орондоо төдийгүй аймагтаа тэргүүлж, олон хүнийг ажлын байраар ханган, 8 айлыг малжуулжээ. Мөн малын үйлдэр угсааг сайжруулах чиглэлээр чамгүй ажил амжуулсан байна. Мөн энэ үеэр аймгийн удирдлагууд сумынхаа сайчуулыг тодруулж шагнал гардуулсан юм. Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр баг Монгол Улсын нийт 1686 багаас Улсын тэргүүний манлай багаар шалгарчээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Төв аймгийн Угтаалцайдам сумаас төрсөн Улсын Тэргүүний тариаланчдын шагналыг гардуулан өгсөн юм. Төв аймгийнхан газар тариалангийн салбарт чамгүй амжилт гаргаж, сүүлийн 25 жил авч чадаагүй 107,6 мянган тонн үр тариа хураан авсан амжилтаар Туулай жилээ үдэж байна. Мөн Угтаалчууд га-гаас авсан ургацаараа аймаг орон нутагтаа тэргүүлжээ. Тэдгээрийн дотроос Улсын тэргүүний тариаланчаар “Элсэн цагаан” ХХК-ны тракторч, комбайнч Доржбадамын Үржин, “Чандмань дөл” ХХК-ны тракторч, комбайнч Дамдинсүрэнгийн Баатаржав, “Уушиг хайрхан” ХХК-ны тракторч комбайнч С.Сэрээдорж нар шалгарсан байна.
Хэдхэн жилийн өмнө газар тариалангийн салбар зогсонги байдалд орсон гэж хэлж болохоор байсан бол Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого мөн тариаланчдын бүтээлч хичээнгүй ажил хөдөлмөрийн үр дүнд газар тариалангийнхаа салбарыг бүрэн сэргээж чадсаныг Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр онцлоод сүүлийн жилүүдэд гайхам сайн амжилт гаргаж байгаа Угтаалчуудын хүчин чармайлтыг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байгааг хэллээ. Мөн тэрээр сар шинийн өмнө Монгол Улсын Засгийн газраас улсынхаа сайчуудын тодруулж тариаланчид малчдадаа хүндэтгэл үзүүлж шагналыг нь гардуулдаг уламжлалтай. Энэ онцгой шагналыг Засгийн газрын тэргүүний хувьд Төв аймгийн сайчууддаа гардуулахаар ирсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс улирч буй туулай жилд сүүлийн 20 жил аваагүй арвин их ургац хураан авч, дотоодынхоо хэрэгцээг хандаад зогсохгүй гадаадад экспорлох боломжийг бүрдүүлсэн. Засгийн газар үе шаттайгаар тариаланчдаа дэмжиж, урьдчилгаа төлбөр, урамшуулал олгож, техникийн шинэчлэлийг хийж чадлаа. Мөн томоохон агуулахуудыг орон нутагт барьж байгуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд 300-500 тоннын багтаамжтай агуулахуудыг орон нутагт барьж ашиглалтад оруулжээ. Мөн Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд дутуу баригдаж орхигдсон 36 мянган тоннын багтаамжтай эловаторыг засварлаж ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхэд зориулж Засгийн газар улсын төсөвт 3,5 тэрбум төгрөгийг суулгасан байна.
-
Монголчууд өөдлөн дэвжихийн их бэлгэдэл бүхий шүтээнийг илрүүлжээ

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын бурхан шашны төв хийгээд томоохон хийдүүдийн хамба лам нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хамба лам нар нэгэн баяртай мэдээ дуулгаж бас хүсэлт тээсээр иржээ. Бурхан багшийн биеийн хэсэг болох эрдэнийн их шарил олон жил нууцлагдан хадгалагдаж байсныг илрүүлсэн байна . Абтай сайн хан 1587 онд III Далай ламтай уулзаж, Буддын шашин дэлгэрүүлэх үедээ нэгэн томоохон шүтээнийг залж байсан бөгөөд энэ нь одоо Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа бурхан багшийн шүд хэмээх үзмэр мөн болох нь олон ном сударт дурдагдаж, судалгаагаар гарч иржээ.
Хэд хоногийн өмнө уутан дотор хадгалагдан үлдсэн уг шүтээнийг илрүүлсэн бөгөөд хажуудаа Ерөнхий сайд агсан Гэндэнгийн сайтар хадгалан, хамгаалахыг даалгасан даалгавар бичигтэйгээ олдсон байна. Бурхан багшийн шүд соёо буюу пэлдэн нь эрдэнийн үрэл болон хувирсан байсан аж. Монголын томоохон лам нар цуглаж, ном уншихад уг үрлээс гэрэл цацарч, олноороо өсч үржсэн байна. Цаг үеийн шалтгаанаас болж нууцлан хадгалагдан үлдсэн уг шүтээн энэ цаг үед ийнхүү гарч ирсэн нь маш бэлэг дэмбэрэлтэй хэрэг боллоо гэдгийг Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц уулзалтын үеэр тэмдэглээд, Монголчуудын үйлийн үр тэгширч буян заяа дэлгэрч буйн хэлбэр гэлээ.
Засаг төр нь ч тогтвортой, ирээдүйн хөгжил дэвшлийн их бэлгэдэл юм хэмээн олзуурхаж, монголын ард түмэнд их хувь заяа тохиолоо гэдгийг ч онцолж байв. Тиймээс энэ шүтээнийг олон нийтэд үзүүлж, хүртээл болгох асуудлыг Засгийн газрын зүгээс анхаарч өгөхийг хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа. Ерөнхий сайд С.Батболд ихээхэн бэлэг дэмбэрэлтэй мэдээ дуулгаж ирсэн хамба лам нарт талархаад, энэ сайхан шүтээнийг ард түмний хүртээл болгох тэдний саналыг дэмжлээ. Чиг үүргийн дагуу холбогдох асуудлыг БСШУ-ы сайдад хариуцуулж, түүх соёлын үнэт өвийн хувьд хосгүй үнэт ангилалд оруулж, хадгалж хамгаалахад шаардлагатай холбогдох хууль тогтоомж гаргаж болохыг ч тэмдэглэлээ.
Олон нийтийн хүртээл болгохын тулд тулгарах асуудлыг шийдэх ажлын хэсэг буюу комисс байгуулах бэлтгэлийг хангаж, ойрын үед Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Ийм сайхан шүтээнийг өдий болтол хадгалж, бидэнд үлдээсэн өвгөд дээдэстээ талархаж, бас хувь тавилантай ард түмэндээ баяр хүргэж буйгаа ч Засгийн газрын тэргүүн уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэсэн юм. Мөн бурхан багшийн шүтээнийг Монголд залагдаж байх үеийн түүхэн баримтыг хадгалан үлдсэн Хөвсгөл аймгийн Жаргал сумын харьяат О.Бадмаадорж гуай ч энэ үеэр хүрэлцэн ирсэн байсан бөгөөд Ерөнхий сайд түүнд бас баяр хүргэлээ.
Буддын шашинтай дэлхийн улс орнуудад бурхан багшийн шүтээний талаар ихээхэн судлагдаж, Хятадад бурхан багшийн гавлын ясны хэсэг, хурууны үе, шүд нь байдаг гэж ярьдаг бол, Шриланкад мөн бурхан багшийн шүд байдгийг ч тэмдэглэдэг. Энэхүү шүтээн нь нэг талаар Монгол улсаа дэлхийд сурталчлах хэлбэр ч болж болохыг энд цугларсан хамба лам нар онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
-
БНСУ-ын Элчин сайд нутаг буцаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Жөн Ирийг эх орондоо бүр мөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Ноён Элчин сайд манай улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, иргэдийн харилцааг өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, хамтран ажилласанд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.
Мөн энэ хугацаанд Монгол Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд нар БНСУ-д, Ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол Улсад айлчилж, хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд шат ахиж, хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг байгуулсан нь харилцааны чиг хандлагыг тодорхойлсон чухал ач холбогдолтой болсон гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх, уул уурхайн томоохон ордуудыг ашиглах зэрэг асуудлаар хоёр тал харилцан ашигтай тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд дурдаад ноён Жөн Ирийг Монгол Улсын найз, цаашид найз нөхрийн хувиар Монгол Солонгосын харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаа гэлээ.
Элчин сайд Жөн Ир Монгол Улсын Засгийн газар анхаарал тавьж, хамтарч ажилласанд талархлаа илэрхийлээд шинэ Элчин сайдаар эрч хүчтэй залуу хүн томилогдон ирж байгаа бөгөөд хоёр орны харилцааг хэрхэн улам хөгжүүлэх талаар түүнд зөвлөж байгаа гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
-
НӨӨЦИЙН МАХЫГ 10 МЯНГАН ТОННООР НЭМНЭ
~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болов. Хуралдаанаар шатахуун, нөөцийн махны хангамж, үнэ ханшийн өнөөгийн байдал, “Хүний хөгжил сан”-гийн энэ оны төсвийг хэлэлцэж, “100 мянган орон сууц” хөтөлбөр, “Дулааны 5 дугаар цахилгаан станц”, “Их сургуулиудын хотхон” зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцан холбогдох шийдвэр гаргалаа ~
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ долоо хоногийн эхний өдөр хотын захын хорооллын хэд хэдэн дэлгүүрээр орж гэнэтийн шалгалт хийн, нөөцийн махны борлуулалттай танилцсан юм. Энэ шалгалтын үр дүн эхнээсээ гарч Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн зарим шийдвэр гаргалаа. Цагаан сарын баярын ширээнд тавих ууц, жигнэх бууз, баншаа хямд үнэтэй махаар хийх гэсэн хүмүүсийн эрэлт их байгаа нь үнэн. Нөөцийн махыг гулуузаар нь худалдаалж буй өргөтгөсөн худалдаатай танилцсан Ерөнхий сайд махны хангамж хангалттай байгаа ч ийм шуугиан, бухимдал үүсгэж байгаа нь зохион байгуулалт тааруутай холбоотой. Бяр чадалтай нь мах авдаг тэгш бус зарчим нөөцийн махны борлуулалт дээр үйлчилж байна гэж тэрбээр шүүмжлээд ахмад настай хүмүүст нөөцийн махыг гэрээр нь хүргэж өгөх үүрэг, даалгавар өгсөн билээ. Энэ дагуу хотын удирдлагууд 80-аас дээш настай буурлуудад нөөцийн махыг гэрт нь хүргэж өгч эхэлжээ. Өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ талаар дахин анхааруулж иргэд бяраа үзэж мах худалдаж авдаг байж болохгүй. Иймд мах худалдах зохион байгуулалтыг маш оновчтой хийж, иргэдийн дунд бухимдал үүсгэхгүй байхыг хатуу анхаарууллаа. Энэ ч үүднээс нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан хөдөө орон нутгаас дахин нөөцийн мах татах үүрэг өгсөн байна.
Аймгуудын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мэдээг нэгтгэн үзвэл энэ оны 6 дугаар сарыг дуустал махны нөөцийг одоо байгаа 9 тн нөөц дээр 10 мянган тн-оор нэмж бүрдүүлэн, худалдахаар болж байна. Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга нар, аж ахуйн нэгжтэй мах нэмж нийлүүлэх гэрээ байгуулах, борлуулалтын оновчтой хэлбэрийг бий болгох, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Нөөцийн махыг өнгөрсөн сарын 15-наас нийслэлийн хороо бүрт 2-3 дэлгүүрээр буюу нийт 293 цэгээр худалдаж эхэлсэн. Үхрийн махыг нэг кг-ыг нь 3700, хониныхыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаж байгаа нь зах зээлийн үнээс дунджаар 2000 гаруй төгрөгөөр хямд байгаа юм.
ШАТАХУУНЫ ҮНИЙГ 100 ХҮРТЭЛ ТӨГРӨГӨӨР ДАХИН БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮЗЛЭЭ
“Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогторжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөл”-ийг Сангийн сайд Д.Хаянхярваа ахалдаг. Тус зөвлөл баасан гариг бүр хуралддаг бөгөөд ажлын үр дүнгээ лхагва гараг бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг юм. Энэ дагуу асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Шатахууны үнийг нэмсэн шалтгаанаа нефть импортлогчид валютын ханш өссөнтэй холбон тайлбарласан. Гэхдээ энэ нь ханшийн өсөлтийг хэт нэмэгдүүлэн тооцсон, үндэслэлгүй шийдвэр байсан нь Монгол банкны шалгалтаар тогтоогдсон бөгөөд банкныхан ч энэ тухай хэлж байсан.
Үүнээс гадна шатахууны үнэ нэмэгдсэнээс хойш ам.долларын ханш суларч төгрөг чангарч байгаа ч импортлогчид үнээ буулгахгүй байгаад Засгийн газрын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Шатахууны үнийг ханшийн бууралт болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн ашгийн түвшинтэй уялдуулан 100 хүртэл төгрөгөөр бууруулах боломжтой юм байна. Ханшийн өөрчлөлт, одоогийн хэрэглэж буй шатахууныг татан авсан бодит ханш зэрэгтэй холбоотойгоор Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран үнийг бууруулах шаардлагатай гэж Сангийн яам үзэж байна. Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авто бензин, дизелийн түлшний үнийг тогтвортой байлгах, бууруулах талаар арга хэмжээ авахыг сайд Д.Зоригт, Д.Хаянхярваа нарт үүрэг болголоо.
ОРОН СУУЦНЫ 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
Засгийн газар “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м/2-аас дээшгүй талбайтай орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдэд жилийн 6 хүртэл хувийн хүүтэй зээл олгохыг зорьж байгаа юм. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн Орон сууцны зорилтын хэрэгжилтийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ дагуу зээлийн санхүүжилтийг банкуудын дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх, Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад эх үүсвэр олгох, Хөгжлийн банкны эх үүсвэрт авсан хүү, арилжааны банкаар дамжуулан зээлдүүлэх хүүгийн зөрүү зэргийг жил бүрийн улсын төсөвт тусгах оновчтой хувилбар сонгох санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.
Түүнчлэн Улаанбаатар хотод баригдах эхний ээлжийн орон сууцны хотхон, хорооллын инженерийн шугам сүлжээ, эх үүсвэрийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлаа шуурхайлахыг үүрэг болголоо. Дээрхээс гадна Буянт-Ухаа орон сууцны хороололд 1764 айлын орон сууц, МҮОНРТ-ийн орчим, YII, XIY хороололд гадна инженерийн шугам сүлжээ барих, орон сууц барих газрыг чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болжээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 9835 айлын орон сууц ашиглалтад оржээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
“ХҮНИЙ ХӨГЖИЛ САН”-Д ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛНЭ
“Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсөвт дутагдаж байгаа эх үүсвэрийн талаар Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан “Хүний хөгжил сан”-гийн энэ оны зарлага, санхүүжилтийн хүндрэлийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгав. Тухайлбал сангийн энэ оны эхний саруудын орлого, зарлагын зөрүүг зээл авч санхүүжүүлэх, хүүгийн зардлыг төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэх санал бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгосон байна. Сайд нар мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг улирал бүрийн сүүлийн саруудад тэнцүү хувааж хүртээхээр тооцон “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах үүрэг хүлээлээ.
Түүнчлэн “Хүний хөгжил сан”-гийн энэ оны Төсвийн тухай хуулиар батлагдсан урьдчилгаа төлбөрийг 2, 5 дугаар сард тэнцүү хэмжээгээр хуваан төвлөрүүлэх, ногдол ашгийн төлбөрийг мөн дээрх саруудад тус бүр 350 тэрбум, 8, 11 сард тус бүр 20 тэрбум төгрөг төвлөрүүлэхийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэт” ХХК-ийн удирдлагад даалгав. Сангийн сайдын танилцуулснаар “Хүний хөгжил сан”-гийн зарлагын дийлэнх хувь нь эхний хагас жилд гарах шаардлагатай байгаа бол орлогын дийлэнх нь сүүлийн хагас жилд төвлөрөхөөр байна. Энэ нь зарлагыг хэвийн санхүүжүүлэх боломжгүй байдалд хүргэжээ. Тухайлбал эхний улиралд нийт 227 тэрбум төгрөг, эхний хагас жилд нийт 440 тэрбум төгрөгийн эх үүсвэр дутагдаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
5 ДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Засгийн газрын хуралдаанаар “Дулааны цахилгаан станц 5” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төслийг хэрэгжүүлэхдээ уралдаант шалгаруулалт явуулсны дараа Засгийн газраас концессын гэрээ байгуулах эрх олгох болон гэрээний төслийг нүүрс нийлүүлэлт, цахилгаан, дулааны эрчим хүч худалдан авах гэрээний төслийн хамт хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарт даалгав. Мөн станцыг ашиглалтад орох үед нүүрсний хангамж, үйлдвэрлэх дулаан, цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхэд шаардлагатай инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг бэлэн байлгах үүднээс хэд хэдэн арга хэмжээ авахаар боллоо.Тухайлбал Багануур, Шивээ-Овоогийн уурхайн нүүрс олборлолтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн өргөтгөл хийх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, үүнтэй холбогдон гарах барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламж болон ирэх оноос улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн станцын үйлдвэрлэсэн дулаан, цахилгааны эрчим хүч дамжуулах, түгээх систем байгуулах, хотын дулаан хангамжийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох тооцоо хийх, үүнтэй холбогдсон бусад ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, станцын усан хангамжийг баталгаажуулах, нүүрс тээвэрлэлтийн найдвартай байдлыг хангах, станцаас гарах үнсний байгаль орчин, хүн амд үзүүлэх нөлөөллийг гаргах зэрэг үүргийг холбогдох сайд нарт өглөө. “Дулааны цахилгаан станц 5” төслийн уралдаант шалгаруулалтад 34 компани оролцох хүсэлтээ илэрхийлснээс 11 санал ирээд байна. Үүнээс 4 оролцогч дараагийн шатанд оролцохоор шалгараад байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
6 АЙМГИЙН ТӨВИЙГ НИЙСЛЭЛ ХОТТОЙ ХОЛБОХ ЗАМЫН АЖИЛ 4 ДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ
Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар авто замын салбарт авч хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцсан. Үүнтэй холбогдуулан нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй аймгийн төвөөс зам тавьж эхлэх, зам, гүүрийн ажлыг санхүүжүүлэх, гадаадаас ажиллах хүч оруулах зэрэг асуудлаар санал боловсруулж танилцуулахыг салбарын сайдад даалгасан юм. Энэ дагуу сайд Ц.Дашдорж саналаа өнөөдрийн хуралдаанд танилцуулав. Одоогоор Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой холбох замын ажил эхлээгүй байна. Замын ажлыг эхлүүлэх шийдвэр гарсны дараа тендер зарлавал хугацаа алдах учир шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.
Энэ дагуу авто замын барилгын ажил, барилгын ажлын технологийн хяналт хийж гүйцэтгэх зөвлөхийн ажлын жагсаалтыг хуралдаанаас баталсан байна. Замын ажилд шаардагдах 293 орчим тэрбум төгрөг, үүнээс эхний ээлжинд буюу энэ онд хэрэгтэй 88 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх, банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээт ажил бүрийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцож байхаар болжээ. Түүнчлэн гадаадын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө болон “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих замын ажлуудыг гүйцэтгэхэд ажиллах гадаадын ажилчны тоо, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудлыг тухай бүр хянаж, зөвшөөрөл олгож байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад зөвшөөрөв.
Одоогоор Архангай, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоод байна. Тэгвэл Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь аймгийн төвийг нийслэлтэй холбох замын ажлын явц 14-90 хувьд хүрчээ. Энэ онд нийт 2919.4 км хатуу хучилттай зам, 3465,3 у/м төмөр бетон гүүрийн ажил хийх бөгөөд гэрээний дагуу 880,8 км зам, 569,4 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулах юм. Салбарын сайдын танилцуулгаас үзвэл өнгөрсөн онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж болон бусад хөрөнгө оруулалтаар 1100 км зам, 414.3 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулсан байна. Харин улсын төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлснээс бусад 346,4 км зам, 1269,3 у/м төмөр бетон гүүр, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барьж байгаа зургаан чиглэлийн 741 км замын ажил он дамжин хийгдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ИХ СУРГУУЛИУДЫН ХОТХОН 100 МЯНГА ОРЧИМ ОЮУТАНТАЙ, НИЙТ 150 МЯНГАН ХҮН АМТАЙ БАЙНА
Засгийн газрын хуралдаанаар Их сургуулиудын хотхон байгуулах ажлын явцтай танилцаж, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөг дэмжлээ. Хотхоныг Налайх дүүргийн нутаг дэвсгэр, “Шивээтийн хөндий”-д байгуулах шийдвэр анх гарсан ч тухайн газар мөнх цэвдэгтэй, барилга барих нөхцөл хүнд, барилга барьж болох хэдий ч эрсдэл ихтэй, өртөг нь 2 дахин нэмэгдэх учир байршлыг Багануур дүүрэгт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлээд байгаа юм. Иймээс шинээр товлосон газарт инженер-геологийн болон бусад судалгааг яаралтай хийх, хотхоны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан засвар өөрчлөлт оруулах, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг боловсруулж дуусгахаар ажиллаж байна.
Нэгдсэн хотхонд МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, СУИС гэсэн төрийн өмчийн 5 сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, бизнесийн инкубаторт байрлах мэдээллийн болон шинэ технологийн аж ахуйн нэгжүүдийн ажлыг уялдуулан зохицуулахаар төлөвлөжээ. Хотхон нь Техник, технологийн шинжлэх ухааны, Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны, Байгалийн ухааны, Эрүүл мэндийн шинжлэх ухааны, Соёл, урлаг, спортын, Худалдаа, үйлчилгээний, “Силикон вээлий” буюу Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн, Суурьшлын гэсэн бүстэй, 100 мянга орчим оюутан, нийт 150 мянган хүн амтай, бие даасан дэд бүтэцтэй байх юм.
Хотхон сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл хосолсон оюуны төв, шинжлэх ухаан, технологийн паркууд, бизнесийн инкубаторууд бүхий тусгай бүс болж байгаа учир Их сургуулиудын хотхоны эрх зүйн актыг боловсруулж, хуульчлах шаардлага ч гараад байна. Хотхон байгуулахад шаардагдах мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх Мэргэжлийн сургаль, үйлдвэрлэлийн төвийг Концессын хуулийн дагуу БНСУ-ын “КТ” компани барих юм. Ховд аймагт баригдах Баруун бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв, Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймагт байгуулахын тулд инженер-геологийн болон бусад судалгааны ажлыг хийж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусгахаар төлөвлөжээ.
Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлийн хүрээнд Баруун болон Зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төвийг Ховд, Дорнод аймагт, Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймагт, Техник, технологийн хотхоныг Дархан-Уул аймагт байгуулахаар төлөвлөсөн.
Энэ дагуу Ховд аймагт 200 га, Орхон аймагт 100 га, Дорнод аймагт 50 га газар олгоод байна. Харин Дархан-Уул аймагт газрын асуудлыг хараахан шийдээгүй байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙГ ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖИНЭ
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2012 оны 1 дүгээр сарын 10-наас 2 дугаар сарын 3-ны хооронд зохион байгуулсан юм. Зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөнд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс гаргах юм байна.
“Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолд бүсийн ялгавартай татварын бодлого баримтлах, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг тодорхой хугацаанд чөлөөлөх, малын гаралтай түүхий эдийг аль болох гүн боловсруулан ажлын байр нэмэгдүүлэх зэргийг тусгажээ. Тогтоолын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ИРГЭДЭД НЭГ УДАА НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОНО
Төрийн өмчийн байгууллагад ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 352 хүнд нэг удаа нөхөн төлбөр олгох болов. Үүнд шаардагдах 98 сая 840 гаруй мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. 1990-ээд оны дунд үеэс уул уурхайн үйлдвэрүүд хувьчлагдан, зарим нь дампуурснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд харъяалагдах байгууллагагүй болсон юм. Засгийн газар үүнд дүгнэлт хийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн өнгөрсөн онд 1731 уурхайчинд 486 сая төгрөгийн нөхөн төлбөр өгсөн байна.
Тухайлбал Налайх, Хэнтий аймгийн Бэрх-Уул, Ховд аймгийн Хөшөөт, Дорнод аймгийн Адуунчулуун улсын үйлдвэрийн газар, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хөвсгөл аймгийн Могойн гол, Дундговь аймгийн Тэвшийн говь, Өвөрхангай аймгийн Баянтээг, Булган аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайг тус тус төрийн өмчид байсан хугацааг нь тооцож, уурхайчдад нөхөн төлбөр олгожээ. Мөн Говь-Алтай аймгийн Зээгт, Хэнтий аймгийн Чандгана, Төв аймгийн Иххайрхан, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт, Дундговь аймгийн Цагаан-Овоо зэрэг татан буугдсан уурхайд ажиллаж байсан хүмүүсийг ч хамруулсан байна. Гэвч аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан нөхөн төлбөр авах эрхтэй болсон ч судалгаанд бүрэн хамрагдаагүй 352 хүн нэмэгдсэн тул Засгийн газар нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
“МИАТ” КОМПАНИЙН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Сүүлийн үед “МИАТ” компанийн нислэгтэй холбоотой зөрчил, дутагдал, санхүүгийн алдагдал, худалдан авах ажиллагаатай холбоотой гарсан асуудал Засгийн газрын хуралдааны анхаарлын төвд байлаа. Хуралдаанаар энэ тухай хэлэлцэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, зөрчил дутагдлыг арилгах, аюулгүй ажиллагаа, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах арга хэмжээг шуурхай авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч О.Эрдэнэбулган нарт даалгав. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохын өмнө байгуулагдсан “Монголиан Эйрлайнз групп”-ийг бусад агаарын тээвэрлэгчдийн олон улсын нислэгийн шугамтай давхардуулан томилохоор салбарын сайдаас тухайн улсуудын яам, удирдах газарт мэдэгдэл хүргүүлээд байгааг судлах боллоо.Энэ дагуу олон улсын шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийн томилгоотой холбоотой эрх зүйн зохицуулалтыг ойрын хугацаанд бүрдүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн “МИАТ” компанийн гүйцэтгэх удирдлагыг гэрээний дагуу гадаадын багаар хийлгэж байсныг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. “МИАТ” компанийн агаарын хөлөг энэ сарын 05-ны өдөр Москва хотоос хөөрөхөөр гүйлт хийж байхдаа зүүн хөдөлгүүрийн панель мултарснаас нислэгийг цуцлан шаардлагатай сэлбэгийг тавьж 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Энэ мэт техникийн зөрчил, дутагдал үргэлжлэн гарч, энэ хэрээр нислэг саатах нь ихэссэн тухай Засгийн газрын хуралдааны үеэр яригдлаа.
Мөн тус компанийн санхүү, нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд шалгалт хийсэн Ажлын хэсгийн тайланг сонссон байна. Шалгалтын дүнгээс үзэхэд компанийн бүтэц, зохион байгуулалт нь аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал болон агаарын тээврийн компанийн нийтлэг зарчимд бүрэн нийцэхгүй, катерингийн үйл ажиллагааг шилжүүлж өгөхдөө хууль, тогтоомж зөрчиж ашиггүй гэрээ хийсэн, гадаад улсад байгаа ачаа тээврийн агенттай хийсэн алдагдалтай бүх гэрээг өөрчлөх, гэрээний нөхцөл, талуудыг үүрэг, хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай болжээ. Компанийн нислэгтэй холбоотой гарсан зөрчил, дутагдал, санхүүгийн алдагдал, худалдан авах ажиллагааны гажуудал нь гүйцэтгэх захирлын ажлын хариуцлагатай холбоотой болохыг ч Ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
САНХҮҮГИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хэлэлцээр батлагдсан тохиолдолд Бүгд Найрамдах Франц Улсаас 5.05 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийг бэхжүүлэхэд зарцуулах юм. Тус төв нь улсын хэмжээнд гэмтэл, согогийн чиглэлээр ажилладаг цорын ганц эмнэлэг бөгөөд жилд 12 мянга гаруй өвчтөнийг хэвтүүлэн эмчилж, 6500 орчим төрөл бүрийн мэс засал хийдэг.
Түүнчлэн жилд 160 мянга орчим буюу өдөрт 300 хүртэл хүнд хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг байна. 1999 онд Бүгд Найрамдах Франц Улсын 10 сая франц франкийн тусламжаар сэхээн амьдруулах тасаг, мэс заслын 4 өрөөг иж бүрэн тоноглон, Европын Холбооны “Тасис” хөтөлбөрийн 400 мянган еврогийн буцалтгүй тусламжийг тоног төхөөрөмжтэй ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургахад зарцуулж байжээ.
КАНАД УЛСТАЙ ХАРИЛЦААГАА УЛАМ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-2-ны өдөр Канад Улсын Оттава хотноо болсон Монгол, Канадын Дугуй ширээний тавдугаар уулзалтын дүнг Засгийн газрын хуралдаанаас сайшаалаа. Уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасан байна. Энэ уулзалт Канад Улстай тогтоосон улс төр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хоёр орны харилцааны байдал, цаашдын төлөвийг дүгнэж, харилцааг бодит боломжиндоо түшиглэн тодорхой чиглэлд хөгжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх ач холбогдолтой болсон гэж Засгийн газар үзжээ.
Уулзалтын мөрөөр улс төр, батлан хамгаалах, хууль зүй, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, төрийн албаны шинэчлэл зэрэг салбарт хийх ажлын төлөвлөгөө боловсруулсан байна. Тухайлбал Канад Улсын Ерөнхий сайд, Сенатын спикер, Гадаад хэргийн сайд нарыг Монгол Улсад айлчлуулах, цэрэг, цагдаагийн сургалтын хөтөлбөрт хүмүүсээ хамруулах чиглэлээр ажиллах болжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлтийн хэмжүүрийг боловсронгуй болгох, Канадын дэвшилтэт технологи, нөхөн сэргээлтийн стандартыг уул уурхайн салбарт нэвтрүүлэх, ашигт малтмалын орд газруудтай холбоотой дэд бүтэц бүрдүүлэх үндэсний хэмжээний төслүүдэд Канадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын Ерөнхий сайдыг 2010 онд тус улсад айлчлах үед гарын үсэг зурсан “Сум дундын төв” төслийг үргэлжлүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байна. Ер нь Монгол улсын эрх ашигт нийцсэн, ач холбогдол бүхий асуудлуудаар Канадын талтай хамтарч ажиллах нь чухал гэдгийг Засгийн газрын гишүүд хэлж байлаа.
НҮБ-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ТОМИЛОВ
Одын Очийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Түүнчлэн томилолтын хугацаа нь дууссантай холбогдуулан Очирын Энхцэцэгийг Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Одын Очийг мэргэжлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлага, гадаад хэлний мэдлэгийг харгалзан ийнхүү томиллоо. О.Оч төрийн албанд 21 жил, үүнээс дипломат албанд 18 жил ажиллаж байна.
О.Оч 1967 онд төрсөн. Эхнэр, 2 охинтой. 1986-1991 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2001-2002 онд Японы Засгийн газрын “Залуу удирдагч” хөтөлбөрийн шугамаар Олон улсын эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Орос, франц, англи хэлтэй. О.Оч нь 1991-1995 онд Гадаад харилцааны яамны Гэрээ эрх, түүх архивын хэлтэст атташе, 1995 онд Гадаад харилцааны дэд сайдын туслах, 1995-1998 онд Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 1998-2004 онд Гадаад харилцааны яамны Эрх зүй, консулын газарт мэргэжилтэн, нэгдүгээр нарийн бичгийн дарга, дэд захирал, 2004-2008 онд НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газрын бүсийн төлөөлөгчийн газрын ажилтан, 2008 онд Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, 2008 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
ТОВЧ МЭДЭЭ
- Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх импортоор оруулж ирж байгаа болон дотооддоо худалдан борлуулах хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэр, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг баталлаа. Тогтоолыг 2011 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр заасан байна.
- Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын “Зорилт-16”-д ус хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжаас гаргахаар төлөвлөсөн байна. Манай улс 2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг бууруулах зорилт тавьсан. Энэ дагуу 2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй хүн амын эзлэх 60 хувийг 40, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх 73 хувийг 60 хувь болгох юм.
- Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл байгуулж, дүрмийг нь баталлаа. Энэ зөвлөл хүн амыг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, цэвэр, бохир усны үйлчилгээний тариф зэрэгтэй холбоотой асуудлыг хариуцахын зэрэгцээ аж ахуйн харилцааны дүрэм, техникийн нөхцөл олгох журам баталж, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах юм. Одоогоор манайд тусгай зөвшөөрөлтэй 93 байгууллага, аж ахуйн нэгж хүн ам, үйлдвэр, аж ахуйн газруудыг унд, ахуйн цэвэр усаар хангах, бохир усыг татан цэвэрлэх болон орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээ үзүүлж байна.
- Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон шинэчилж, дүрмийг нь баталлаа. Энэ хороо эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, импортлох, экспортлох, диспетчерийн зохицуулалт хийх ажлыг зохицуулах үүрэг хүлээдэг. Мөн эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, зөвшөөрөл эзэмшигчдийн болон хэрэглэгчдийн тарифыг хянаж батлах, талуудын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, зөвшөөрөл эзэмшигчдийн дунд шударга өрсөлдөөн бий болгох чиглэлээр ажиллах юм байна.
- УИХ-ын гишүүн Р.Будын санаачлан боловсруулсан Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар болов.
- Эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг баталлаа. Энэ дагуу эрдэм шинжилгээний дэд зэрэгтэй бол үндсэн цалингийн 10, ахлах зэрэгтэй бол 15, тэргүүлэх зэрэгтэй бол 20 хувийн нэмэгдэл өгч байх болсон байна.
-
6 АЙМГИЙН ТӨВИЙГ НИЙСЛЭЛТЭЙ ХАТУУ ХУЧИЛТАЙ ЗАМААР ХОЛБОХ АЖИЛ ЭХЭЛНЭ
~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болов. Хуралдаанаар аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явц зэрэгтэй танилцан, “Эрүүл хүүхэд” аян өрнүүлэх, малчид, тариалан эрхлэгчдэд бага оврын трактор нийлүүлэх, бүсийн хавар, зуны хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэр гаргасан байна ~
Засгийн газрын хуралдаанаар авто замын салбарт авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй аймгийн төвөөс зам тавьж эхлэх, зам, гүүрийн ажлыг санхүүжүүлэх, гадаадаас ажиллах хүч оруулах зэрэг асуудлаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг салбарын сайдад даалгав. Одоогоор Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төвөөс нийслэл хот руу чиглэсэн замын ажил эхлээгүй байна. Дээрх аймгуудийн төвийг нийслэлтэй холбохын тулд 598.6 км зам тавих шаардлагатай бөгөөд үүнд 311 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Энэ оны эхний байдлаар Архангай, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбоод байна. Үүний зэрэгцээ Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь аймгийн төвийг нийслэлтэй холбох замын ажлын явц 14-90 хувьд хүрчээ.
Салбарын сайдын танилцуулгаас үзвэл өнгөрсөн онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж болон бусад хөрөнгө оруулалтаар 1100 км зам, 414.3 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулсан байна. Харин улсын төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлснээс бусад 346,4 км зам, 1269,3 у/м төмөр бетон гүүр, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барьж байгаа зургаан чиглэлийн 741 км замын ажил он дамжин хийгдэхээр байна.
Энэ онд нийт 2919.4 км хатуу хучилттай зам, 3465,3 у/м төмөр бетон гүүрийн ажил хийх бөгөөд гэрээний дагуу 880,8 км зам, 569,4 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулах юм. Энэ оны Төсвийн тухай хуулийн дагуу салбарын сайдын багцад авто замын салбарт авч хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд нийт 346,9 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Авто замын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцсаны дараа сайд нараас гаргасан саналыг тусган, дараагийн хуралдаанд дахин оруулж ирэхийг салбарын сайдад үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ЭНЭ ОНД “ЭРҮҮЛ ХҮҮХЭД” АЯН ӨРНҮҮЛНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд” аяныг энэ онд улсын хэмжээнд зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ хөтөлбөр нь 18 нас хүртэлх насны бүх хүүхдийг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг нь үнэлэн эрүүл болгох зорилготой юм. Аяныг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий Удирдах хорооны бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар болсон байна.
Үүний зэрэгцээ яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын хийх ажлыг удирдамжид тодорхой зааж өгчээ. Аяны хүрээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн ерөнхий болон амны хөндий, чих, хамар хоолойн үзлэг, оношлогоонд хамруулан, бие бялдрын өсөлт, хөгжилтийн байдлыг нь тогтоож, өвчтэй хүүхдийг хяналтад авч эмчлэх юм. Аяныг 2 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 30, 6 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 30 гэсэн хоёр үе шаттай явуулж, шаардагдах 18 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болжээ.
“Эрүүл хүүхэд” аяны дүнд манай улсын хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдэхийн зэрэгцээ хүүхдийн дунд зонхилон тохиолдож байгаа өвчнийг илрүүлж эмчлэн, шүд цоорох өвчний тархалтыг 10-15 хувиар бууруулна гэж Засгийн газар тооцоолж байна. Манай улсын хүн ам 2010 оны байдлаар 2 сая 780 мянга 700 хүрсэн бөгөөд тэдний 36 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 12 хувь нь 19-24 насны залуус байна. Хүн амын цэвэр өсөлт 1,7 хувь гэсэн тоо гарчээ. Хүн ам нэмэгдэхийн хэрээр нийслэл, төв суурин газруудад сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн бусад үйлчилгээний хүртээмж, чанарт сөргөөр нөлөөлдөг байна.
Хүүхдийн эндэгдэл буурч байгаа үзүүлэлт гарсан ч ураг, нярайн эндэгдэл Баян-Өлгий, Завхан, Дархан-Уул аймагт ихсэх хандлагатай, нялхсын эндэгдэл Дорнод, Баян-Өлгий, Өмнөговь, Өвөрхангай, Завхан, Ховд аймагт, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл Дорнод, Баянхонгор, Ховд аймагт улсын дунджаас дээгүүр байгаа юм. 10 мянган хүүхдэд ногдох өвчлөл нялхсын хувьд 48.5, дөрөв хүртэлх насанд 72.3, 5-15 насанд 126.7, 16-19 насанд 66.8 тохиолддог гэсэн мэдээ гарчээ. Цэрэг татлагын өнгөрсөн жилийн байдлаас үзэхэд цэрэгт тэнцээгүй нийт залуусын 15 хувь нь дотор, 14 хувь нь нүдний эмгэг болон чих, хамар хоолой, 7 хувь нь мэдрэлийн өвчтэй, 10 хувь нь жин, өндрийн алдагдалтай байжээ. Энэ бүхнээс үүдэн “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд явуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ.
ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
Засгийн газрын хуралдаанд “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих Зөвлөл”-ийн хийж байгаа ажлын талаар Зөвлөлийн дарга, Сангийн сайд Д.Хаянхярваа танилцуулав. Үүнтэй холбогдуулан төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх, ажлын явцыг Засгийн газарт тухай бүр нь танилцуулж байхыг Зөвлөлийн дарга болон холбогдох сайд нарт даалгалаа. Сангийн сайдын танилцуулгаас үзвэл “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих Зөвлөл” анхны хурлаа хийж хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталжээ.
Зөвлөл шатахууны үнийн өсөлтөөс үүссэн нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын алдагдлыг тооцож олгох, нийслэлчүүдийн нөөцийн махны хэрэгцээнд 10 тонн мах нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тухайн үед шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанд оруулж байх барааны үнийн мэдээг танилцуулах хүснэгтийн загварыг Үндэсний статистикийн хороо, Газрын тосны газар хамтран бэлтгэж, 7 хоног бүр мэдээгээ Зөвлөлд танилцуулж байхаар тогтжээ. Үнэ ханштай холбоотой асуудлыг Засгийн газар 7 хоног тутам лхагва гарагийн хуралдаанаараа сонсож байх болсон байна.
БНХАУ-ААС БАГА ОВРЫН ТРАКТОР АВНА
Малчид, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр хөдөө аж ахуйн зориулалттай трактор олгох ажлын хэрэгжилт, явцын талаар салбарын сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Өмнө нь газар тариалан, хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр бага оврын 8000 ширхэг трактор худалдан авахаар 40 сая ам.доллар төсөвлөсөн байна. Энэ хөрөнгөөс хэмнэгдсэн 12.07 сая ам.доллараар бага оврын техник нийлүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжтэй шууд гэрээ байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд, гэрээний гүйцэтгэлийг санхүүжүүлэхийг Сангийн сайд Д.Хаянхярваад хуралдаанаас зөвшөөрлөө.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлэд малчдад бага оврын 8000, тариалан эрхлэгчдэд 12 мянган трактор, дагалдах тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр олгох, том, дунд оврын техникийн лизингийн үйлчилгээ нэвтрүүлэх, бага оврын трактор, тээврийн хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж угсрахаар заасан. Энэ зорилтын хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр малчдад бага оврын 3000 трактор, тариалан эрхлэгчдэд 5000 тракторыг иж бүрдлийн хамт нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Шууд худалдан авах техник, тоног төхөөрөмжийг шинээр байгуулах дундын нэгжид олгох юм байна.
2009-2011 онд төсвийн болон ОХУ-ын банк хоорондын зээлийн хөрөнгөөр авсан техник, тоног төхөөрөмжөөс 16 аймгийн 36 суманд техникээр үйлчилгээ үзүүлэх дундын нэгж байгуулжээ. Мөн 7.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 21 нэрийн 266 ширхэг техник, тоног төхөөрөмжийг гурван жилийн хугацаанд техникийн үнийг эргэн төлөх нөхцөлтэйгээр өгсөн нь тариаланчдад ихээхэн дэмжлэг болсон гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзэж байна. Техник дундын үйлчилгээний нэгж байгуулснаар жилд дунджаар 10 мянга гаруй га талбайд чанартай уринш бэлтгэж, 14 мянган га талбайн үр тариа, 1.2 мянган га талбайн төмс тарих, хураах ажил хийжээ.
Төмс, хүнсний ногооны 80 орчим хувийг өрхийн болон жижиг аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэдэг бөгөөд нийт 83 мянга гаруй га талбайд 795 иргэн, аж ахуйн нэгж 300 хүртэл га талбайд үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг. Эдгээрийн 40 орчим хувь нь бусдын техникийг түрээслэж, эсвэл төлбөр төлж ашигладаг юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ ХУВААРИЙГ БАТАЛЛАА
“Дүнжингарав 2012” бүсийн хаврын уралдааныг 3 дугаар сарын 3-ны өдөр Төв аймагт, Төвийн бүсийнхийг Өмнөговь аймагт 3 дугаар сарын 11-нд зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Харин Зүүн бүсийн зуны уралдаан Сүхбаатар аймагт, Баруун бүсийнх Баян-Өлгий аймагт, Төвийн бүсийнх Дундговь аймагт, Хангайн бүсийнх Төв аймагт 7 дугаар сарын 28-29-нд болно. Бүсийн уралдааны хуваарийг батлахдаа хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, тухайн аймгийн Хурдан морины салбар хорооны чадамж, газар зүйн байршил, өмнө жилүүдэд бүсийн уралдаан зохион байгуулаагүй, өвөлжилтийн бэлтгэл ажлыг цалгардуулахгүй байх зэргийг харгалзан үзсэн байна.
АЖИЛД ТҮР ТОМИЛЛООЗасгийн газрын тохируулагч агентлаг- Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Цөмийн технологийн газрын дарга Гун-Аажавын Манлайжавыг томилж, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгов. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын орлогч дарга Лувсандагвын Амарсанааг томилж, Бүртгэлийн хяналтын ерөнхий байцаагчийн эрх олгосон байна.
ТОВЧ МЭДЭЭ
- УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Гэхдээ “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн нь Засгийн газрын бүрэлдэхүүний 10, 11, 13, 14, 16 гэх зэргээр гуравт хуваагдахгүй байх тохиолдолд “гуравны нэг” нь хэдэн сайд байх талаар маргаан дагуулж болзошгүйг анхаарах нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болжээ.
- УИХ-ын гишүүн Д.Загджав нарын санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэлээ. Шинэ, өндөр үнэтэй, иргэн бүр худалдан авах боломжгүй суудлын автомашины онцгой албан татварыг тэглэх асуудлаар хуулийн төсөл боловсруулахдаа юуны өмнө нийгэм, эдийн засгийн болон хууль зүйн үр дагаварыг тооцох, нийгмийн хэрэгцээ, шаардлагад хэр нийцэж байгааг тогтоох шаардлагатай гэж Засгийн газар үзжээ.
- УИХ-ын гишүүн Б.Буд, Л.Гантөмөр нарын санаачилсан Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжлээ. Хуулийн төсөлд сонгогчдын бүртгэл хөтлөх, санал хураах, тоолох, дүнг гаргаж нэгтгэх зориулалттай сонгуулийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхөөр тусгасан байна.
- УИХ-ын гишүүн З.Энхболд нар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцэн хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар болов. УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр, нэг зэрэг явуулахад зохион байгуулалтын болон ажлын ачаалалтай холбогдсон хүндрэл бэрхшээл үүсч болзошгүй байгааг тооцох зэрэг санал үүнд багтжээ.
- Өнгөрсөн онд төрийн захиргааны төв байгууллагад иргэдээс 17921 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд шийдвэрлэлт 97.3 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар өссөн гэсэн үг юм. Харин нутгийн захиргааны байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 98.8 хувьтай байна. Иргэд ихэвчлэн гэр, орон сууц, ажлын байртай болох, газар эзэмших, хөдөлмөр эрхлэх, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал, малчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ханджээ.
- Барилгын материалын сорил, шинжилгээний төв лабораторийн тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх болов. Мөн барилгын материалын үйлдвэрүүдийг байгуулахад мэргэжлийн болон санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгасан байна. Үүний зэрэгцээ Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркыг зам тээвэр, дэд бүтэц хөгжсөн, ажиллах хүчтэй Налайх, Багахангай дүүрэгт байгуулах талаар судалж, шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгажээ.
- Радио, долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар манай улсад 2,5 сая хэрэглэгч телевиз, радио, үүрэн телефон, утасгүй холбоо ашиглахын зэрэгцээ төрөл бүрийн хэрэглээний радио систем, техник, тоног төхөөрөмж ашиглаж байна. 1998-2008 онд радио давтамж эзэмшигчдийн тоо 5,6 дахин нэмэгдсэн бөгөөд 2010 оны байдлаар 386 тусгай зөвшөөрөл, 502 эрхийн бичиг олгосон нь давтамжийн хэрэгцээ ямар хурдацтай өсч байгааг харуулсан хэрэг юм. Иймээс Радио долгионы тухай хуулийн зарим зүйл, заалтын агуулга, найруулгыг нягталж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах шаардлага бий болжээ.
- Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг, дүгнэлт, акт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудасны загварыг шинэчлэн баталлаа.
- “Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Гэрээний гишүүн улсууд нь бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, түүнчлэн гэрээний аль нэг гишүүн улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд ямар нэгэн хэлбэрээр заналхийлсэн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх зэрэг үүрэг хүлээдэг байна. Гэрээнд бүс нутгийн 11 улсаас гадна АНУ, ОХУ, БНХАУ, Канад зэрэг нийт 28 улс нэгдэн оржээ.
-
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор “Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг хандлага” үндэсний зөвлөлгөөн өнөөдөр Төрийн ордонд эхлэлээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Засгийн газраас биеийн тамир, спортын хөгжилтэй холбоотой асуудлаар нийт 30 гаруй тогтоол шийдвэр гарган, материаллаг бааз, орчин нөхцөлийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг”, “Хүүхэд-хөл бөмбөг-ирээдүй ” хөтөлбөрүүдийг орон даяар амжилттай зохион байгуулж эхлээд байгаа.
Хүүхэд багачууд энэхүү хөтөлбөрийг дэмжиж өргөнөөр хамрагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд энэ үеэр илэрхийлээ. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газраас нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг хэлсэн юм. Тухайлбал 2013 онд багтаан ерөнхий боловсролын бүх сургуулийг биеийн тамир, спортын стандартын заал танхимаар хангах ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох яамдуудад Засгийн газрын тэргүүний хувьд өгсөн. Мөн Ахмад үе, тэтгэврийн насны хүмүүсийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх нөхцөл, боломжийг хангах зорилгоор оршин суугаа газрын харьяа биеийн тамир, спортын заал, танхим, зориулалтын байр, талбайд үнэ төлбөргүй үйлчлүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх болно гэдгээ хэллээ.
Үе үеийн тамирчид, дасгалжуулагчдын хөлс хөдөлмөр шингэсэн Спортын төв ордны барилга нь бэлтгэл сургалтуудын шаардлага болон засвар үйлчилгээ авах тал дээр стандартын шаардлага хангахгүй болсон нь үнэн. Тиймээс уг объектын суурин дээр нь орчин үеийн спортын бэлтгэл сургалтын бааз болох шинэ цогцолбор барихаар болсноо Ерөнхий сайд зөвлөлгөөнд оролцогсдод дуулгалаа. Мөн тэрээр Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах шаардлагатай байгааг онцлоод энэ асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох хүмүүс үүрэг болголоо. Хүн төрлөхтний эв нэгдэл, харилцан ойлголцол, нөхөрлөл түншлэлийн их баяр зуны спортын ХХХ олимпын наадам, паралимпын 14-р наадам Лондон хотноо эхлэхэд 169 хоног үлдээд байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Олимпд бэлтгэх үндэсний хорооны даргын хувьд баг тамирчид, дасгалжуулагчид бэлтгэл сургуулилтаа улам эрчимжүүлж Лондонгийн тэнгэрт МУ-н төрийн далбааг олонтой мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хэлээд Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхий, Олимпын наадамд амжилттай оролцоход мэргэжлийн холбоодын үүрэг, хариуцлага оролцоо өндөр байдгийг тэмдэглэлээ. Ийнхүү Ерөнхий сайд Батболд биеийн тамир, спортын материаллаг бааз, төсөв санхүүжилт, удирдлага, зохион байгуулалт зэрэг олон асуудлыг төлөөлөгчид нухацтай хэлэлцэж тодорхой үр дүнтэй санал, дүгнэлтүүдийг гаргана гэдэгт найдаж байгаагаа хэлээд Монголын иргэд эрүүл чийрэг, бие бялдар, оюуны өндөр чадамжтай байж, манай улсын тамирчид Олимп, дэлхий, тивийн хэмжээний тэмцээн, уралдаанд ямагт хошуучилж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүллээ.
Засгийн газрын тогтоолоор 2011 онд Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд медальт байрт шалгарч амжилт гаргасан 106 тамирчин, 43 дасгалжуулагчдад 586 сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулан шагнасан байна. Монгол Улсын Засгийн газраас Олимпид бэлтгэх үндэсний шигшээ багийн төсвийг жил бүр нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2012 оны олимпын бэлтгэлд зориулж 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Түүнчлэн 2011 онд спортын ордон 8, цэнгэлдэх хүрээлэн 5-ыг улсын төсвөөр барьж ашиглалтад оруулж, улсын хэмжээнд спортын заал 655, биеийн гадаа талбай 1180, спортын төрөлжсөн анги сургууль 24, бялдаржуулах, чийрэгжүүлэх төв \танхим\ 587, Биеийн тамирын хамтлаг 1361 үйл ажиллагаагаа явуулж байна
-
Жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улсын анхдугаар зөвлөлгөөн Төрийн ордонд хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн сар гаруй хугацаанд Монгол орон даяар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хуран чуулсан бөгөөд одоо тэд нэгдсэн зөвлөлгөөнөө ийнхүү хийж байгаа аж. Орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийн 1000 гаруй төлөөлөгчид зөвлөлгөөнд хүрэлцэн иржээ. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд зөвлөлгөөний хоёр дахь өдрийн хуралдаанд оролцож, тэдэнд хандан үг хэллээ.
Монгол улсын Засгийн газраас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих талаар томоохон бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд тодорхой үр дүнг ч өгч байгааг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх, баялагийг тэгш хуваарилах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, зээлийн онцгой нөхцөл бий болгох, хууль эрх зүйн хувьд жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд ихээхэн анхаарч ирлээ. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг татвараас гадна санхүүгийн хувьд дэмжих механизмыг бүрдүүлэх эхлэлийг тавьж, энэ бодлогын хүрээнд:- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн дээд хэмжээ 50 сая байсныг 500 сая төгрөгт хүргэлээ.
- Зээлийн хугацааг 3 жил байсныг 5 жил, хүүг жилийн 12 хувьтай байсныг 7 хувь болгох зэрэг санхүүгийн хөнгөлөлтүүдийг бий болголоо.
- 2006-2008 онуудад 3 тэрбум төгрөгийн төсвийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлттэй зээл олгож байсан бол 2009-2010 онуудад энэ үзүүлэлт 60 тэрбум болон нэмэгдэж эргэн төлөлтөөс зээл олгох боллоо.Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авах, зээлийн хэмжээ нэмэгдэх, зээлийн хүү буурах, санхүүгийн дэмжлэгт тулгуурлан хөгжих боломжоор хангагдаж байгааг Ерөнхий сайд С.Батболд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөлгөөнд оролцогчдод хандан хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “Орон нутагт үйлдвэр хөгжүүлэх чиглэл”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийг батлан үйлдвэржүүлэлтийн бодлогын зөвлөлийг томилон ажиллуулж байна. Ингэснээр бодлого, шийдвэр гаргах үйл явцад хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагууд идэвхтэй оролцдог болж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч эхэллээ гэдгийг Ерөнхий сайд дурьдлаа.
Түүнчлэн ,Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд татварын бодлогын дэмжлэг үзүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас 2012 оныг дуустал чөлөөлж байгааг жишээ болгон тэмдэглэлээ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд газар, тариалан, ойн аж ахуйн зориулалттай болон гурилын үйлдвэр, усалгааны техник тоног төхөөрөмж, үр бордоо, хор гербицидийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас, тэдгээрийг дотоодод борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас 2016 оныг дуустал чөлөөлөх шийдвэрийг гаргасныг энд цохлоо.
Мөн Үйлдвэрлэлийг дэмжихийн тулд Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан үйл ажиллагаанаас олсон орлогыг аж ахуйн нэгжийн болон хувь хүний, нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлжээ. Жижиг, дунд үйлдвэрийн тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлсөн эдгээр хөнгөлөлт, чөлөөлөлтүүд нь хөдөө аж ахуйн салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн нь тодорхой юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд, татварын чөлөөлөлтүүд нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн хувьд томоохон дэмжлэг болж, техник, технологи, тоног төхөөрөмжөө шинэчлэх боломжийг олгосон төдийгүй үндэсний боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангахад түлхэц болсныг дурьдлаа.
Мөн Засгийн газар эдийн засгийн шинэтгэлийг хийх, бизнесийн орчинг тасралтгүй сайжруулахаар анхааран ажиллаж байгааг дурьдаад, 2009 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил”, 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”, 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” -ээр зарлан, тодорхой бодлого гарган хэрэгжүүлж багагүй ажлыг эхлүүлж байна гээд, энэ жилийн хүрээнд өрхийн бичил бизнесийг хөгжүүлэх, өрх гэрийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж буй ард иргэдийг урамшуулах бодлогыг манай Засгийн газар хэрэгжүүлэхээр зорьж байна гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэж байна.
Мөн өнгөрсөн жилээс аж үйлдвэрийн бодлого боловсруулан зах зээлд шилжсэнээс хойш анх удаа түүхийн эдээс эцсийн үйлдвэрлэл хүртэлх гинжин холбоог бий болгохыг дэмжиж ажиллаж, энэ хүрээнд ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээд, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум төгрөгийн, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан 150 тэрбум төгрөгийн буюу нийт 300 тэрбум төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлийн эх үүсвэрийг Засгийн газар бонд гарган бүрдүүлснийг дурьдлаа.
Мөн хөдөө аж ахуйн биржийг байгуулах шийдвэр гаргаж, эрх зүйн орчинг бүрдүүлсэн бөгөөд эдгээр шийдвэрүүд нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, малчин үйлдвэрлэгчдийн хоорондын харилцаа холбоог бий болгон бэхжүүлэх, хоршоодыг хөгжүүлэх, малчдын хамтын ажиллагааг урамшуулах бодлого чиглэлийн илэрхийлэл болж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байна. Мөн Засгийн газар өөрийн эдийн засгийн боломж, нөөцөөс гадна гадаад орнуудын зээл тусламжийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулж байгааг дурьдаад тухайлбал, БНХАУ-ын Засгийн газраас авах 200 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хоногт 30 тн шингэн сүү хүлээн авч хуурай сүү боловсруулах үйлдвэр-2, хоногт 1000 бог, 80 бод нядлах хүчин чадалтай махны үйлдвэр-12, цагт 50-100 тн буудай тээрэмдэх хүчин чадалтай гурилын үйлдвэр-8,жилд 5000 тн чацаргана боловсруулах хүчин чадалтай үйлдвэр-1-ийг барьж байгуулахаар тендер зарлан дүгнэж эхлээд байгааг мэдээллээ. Түүнчлэн Япон улсын 2 үе шаттай зээлээс жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж 45 сая ам.долларын зээл олгож байгааг ч дурьдав.
“Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төвлөрлийг багасгах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, баялагийг тэгш хувиарлахад чиглэгдсэн бодлогуудыг хэрэгжүүлэх олон сангийн тогтолцоог бий болгон хөгжүүллээ. Энэ хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”, “Сум хөгжүүлэх сан”-г байгуулсан. Монгол Улсынхаа 329 суманд байгуулсан “Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан 2011, 2012 онд тус бүр 24 тэрбум төгрөгийг хуваарилж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд жилийн 3 хүртэл хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлийн таатай нөхцлийг бүрдүүллээ. Үүний үр дүнд монгол улсын сумуудад үлгэр жишээ болохуйц олон төсөл амжилттай хэрэгжиж, хоршин ажиллах, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох иргэдийн санаачилга нэмэгдэх боллоо” гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд, Засгийн газар ийнхүү аж үйлдвэрийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих олон арга хэлбэрийн шинэ тогтолцоонуудыг үүсгэн байгууллаа.
Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд урьд өмнө байгаагүй хэмжээний санхүүжилтийг жижиг, дунд үйлдвэрлэлд олгож ажилласан. Тиймээс цаашид жижиг, дунд үйлдвэрлэлүүдийг дэмжих сангуудын үйл ажиллагаа, санхүүгийн зарцуулалтад олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн сайн дурын нэгдлийн хяналтын тогтолцоог бий болгоход анхаарч ажиллана. Мөн эдгээр сангуудын зарцуулалтыг олон түмэнд ил тод болгож, интертэд тавьж нээлттэй байлгахыг Ерөнхий сайдын хувьд холбогдох яам, байгууллагуудад үүрэг чиглэл болгож байгааг дурьдлаа. Ингэснээр зээл авсан иргэд, хоршоо, аж ахуйн нэгжүүд хариуцлагатай болж, зээлийг буруу хүнд өгсөн тухай хардлага, гомдол үгүй болно гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байна.
“ Асуудал бэрхшээл байгаа учраас санал шүүмжлэл гарч байгаа. Тиймээс одоогийн татварын тогтолцоонд өөрчлөлт оруулж, орлого ихтэй нь их төлж, бага орлоготой нь бага төлдөг болох нь шударга ёсонд нийцнэ. Үүний зэрэгцээ улс оронд хэрэгжиж буй төсөл тендэрээс эхлээд бүтээн босголт, баялагийг бүтээхэд томоохон компани, аж ахуйн нэгжүүд бүхнийг хийж жижиг, дунд үйлдвэрлэлийнхэнд боломж олдохгүй байна. Тиймээс үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд жижиг, дунд үйлдвэрлэлүүдтэй хоршин ажиллах нь нийгмийн хариуцлагын нэг илэрхийлэл гэж үзэж Засгийн газар бодлогоор дэмжинэ. Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес эрхлэгчидэд зориулсан зээлийн олон эх үүсвэрийг төр засгийн зүгээс бүрдүүлж өгсөн. Гэвч зээл хүсэгчид барьцаа хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар зээл жинхэнэ эзэндээ очиж чадахгүй байна.
Засгийн газар энэ асуудалд ихээхэн анхаарч зээлийн барьцааны асуудлыг хууль эрх зүйн хувьд зохицуулахаар ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд “Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль”-ийг УИХ эцсийн хэлэлцүүлгийг нь хийж байна. Энэхүү хууль батлагдсанаар амжилттай хэрэгжих төсөлд дутагдаж байгаа барьцаа хөрөнгийг батлан дааж, бизнесээ эхлүүлэх боломж бүрдэнэ. Өнгөрсөн долоо хоногт манай Монгол Ардын Нам ард түмнээрээ хэлэлцүүлж, ард түмнийхээ санаа бодолд нь тулгуурлан боловсруулсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-өө баталлаа. Энэхүү хөгжлийн хөтөлбөрт жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих талаар өргөн хүрээний бодлого багтан орсон.
Тиймээс “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-т тулгуурлан цаашид жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг хөгжүүлэхийн тулд “Шинэ бүтээн байгуулалт”, “Шинэ төмөр зам”, “Аж үйлдвэрийн парк” зэрэг улс орны хэмжээний томоохон төслүүдийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой нягт уялдуулан хэрэгжүүлэх, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж, тодорхой хугацаанд НӨАТ, орлогын татвараас чөлөөлөх, Жижиг, дунд үйлдвэрлэлд тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээ нэвтрүүлэх, Жижиг, дунд бизнесийг том үйлдвэрүүдтэй хоршин ажиллах стратегийг боловсруулан хөгжүүлэх, уул уурхайн болон бусад үйлдвэрлэлийн хүнс, үйлчилгээний зэрэг хэрэгцээг тухайн орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг дэмжих, Жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад төрөөс туслах агентлаг байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг шат дараалан авах болно гэдгийг тэдэнд хандан хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл ,мэдээллийн албанаас мэдээллээ.