Blog

  • С.Батболд: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ

    УИХ-ын гишүүн С.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа

    -Коронавирусийн тахлыг дагаад эдийн засгийн идэвхжилтийг сэргээх асуудал хурцаар тавигдаж эхэллээ. 2008-2009 оны эдийн засгийн хямралыг давж чадсан Засгийн газрын тэргүүний хувьд өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн үнэлж байна вэ? 

    -Тэр үетэй харьцуулах юм бол хэд дахин илүү хүнд нөхцөл байдалтай улс орон, дэлхий ертөнц тулгарч байна. Энэ хүнд хэцүү үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг хамгаалахаас гадна нийтэд хүртээмжтэй, үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж чадаж байна. Жижиг дунд болон ер нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг эрсдэл багатай хувилбараар сэргээн дэмжих шийдлүүдийг хэрэгжүүлэх асуудлыг УИХ, Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна, цаашид ч энэ тал дээр илүү их хүч хаяж ажиллах ёстой болж байна.

    Тухайн үед Оюутолгой, Таван толгойн төслүүдийг шинээр эхлүүлэх нь өөрөө маш том хүчин зүйл болж байсан бол одоо ч мөн адил боловсруулах үйлдвэр, барилгажилт, дэд бүтцийн томоохон бусад төслийг идэвхжүүлэх нь чухал. Үүнд Засгийн газраас анхаарал хандуулж ажиллаж байгаа нь зөв. Энэ хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулж улам үр ашигтай, мэдлэг боловсролтой залуу боловсон хүчнээр удирдуулсан хувийн хэвшлийн ирээдүй улам хүчирхэг болно гэдэгт итгэж байна.     

    -Таван толгойн төсөл гэж та сая дурдлаа. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн 10 жилийн ой болж байна. Тавантолгойн орд газрын талаар чухал шийдвэрүүдийг таныг гаргаж байсан талаар олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байх?

    -Тиймээ, 1998 онд бизнесийн салбарт байхдаа эзэмших эрхийг нь авч байсан Тавантолгойн ордын лицензийг төрдөө өгсөн. Дараа нь Ерөнхий сайд байхдаа 2012 онд  1072 ширхэг хувьцааг иргэн бүрт өгөх  шийдвэрийг гаргасан. Хувьцаа эзэмшиж буй иргэн бүр өнгөрсөн жил ногдол ашгаа авсан нь монголчууд эх орныхоо байгалийн баялгаас  шууд ашиг хүртсэн анхны тохиолдол болсон. Мөн манай Засгийн газрын үед 2012 оныг дуустал Монгол Улсын иргэн бүр “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг,Тавантолгойн хувьцаа, ахмадын нэг сая төгрөг, оюутны сургалтын хоёр удаагийн төлбөр нэг сая төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлбөр, сар бүр 21 мянган төгрөг зэрэг хэлбэрээр энэ ордын үр шимийг хүртсэн.

    -Тавантолгойн ордын өнөөдрийн болон цаашдын ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

    -Тавантолгойн орд газар  өнөөдөр  Монгол Улсын эдийн засаг болон нийгмийн амин чухал төсөл болтлоо өргөжиж тэллээ. Шууд 2000 орчим ажлын байран дээр нэмээд шууд бусаар 20 мянга гаруй ажлын байр бий болгож мянга мянган Монгол гэр бүл амьдралаа авч явж байна. Цалин тэтгэврээс эхлээд бүх зүйлийг санхүүжүүлдэг улсын төсвийн орлогын томоохон хувийг дан ганцаараа бүрдүүлж байна. Энэ хүнд хэцүү үед монгол гэр бүл болгон үр хүүхдэдээ зарцуулж байгаа мөнгийг ч энэ ордоос төр засаг “хүүхдийн мөнгө” хэлбэрээр гаргаж байна.

    Шударга ёсны хамгийн бодит бөгөөд тод илрэл нь энэ орд болж байна. Тавантолгойн орд нь цаашид ч том төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан бизнес идэвхжилтийг сэргээх үндсэн хэрэгсэл болох эдийн засгийн ач холбогдолтой. Гэхдээ том хөгжлийн ач холбогдол үүнээс ч өргөн байх учиртай.

    -Том хөгжил гэдгийг  тодруулбал?

    -Хамгийн гол нь Монголын ард түмнийг дундаж давхаргын амьдралын түвшин рүү хөтлөх боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог санхүүжүүлэх учиртай. Ард түмний өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээх идэвх санаачилга нь олон улсын стандартын боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн тогтолцооноос эхлэх учиртай. Мөн ард түмний энэ идэвх санаачилгыг дэмжсэн татварын дарамт багатай, зээл нь хүртээмжтэй, хүү нь багатай бизнесийг дэмжих тогтолцооны нэг багана нь болох учиртай юм. Үүний зэрэгцээ ардчилсан Монгол Улсад иргэн хүн айдасгүйгээр өөрийгөө илэрхийлэн илүү эрх чөлөөтэй амьдрах бие даасан тусгаар төрийн дархлааг баталгаажуулах учиртай. Товчхондоо Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн бие даасан байдал, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болох учиртай.

    -Манай сонины  100  жилийн ойн тусгай дугаарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой улстөрчдийн нэрсийг зарлахад таны нэр орсон байсан. Энэ  тухайд таны хувийн байр суурийг сонсъё?

    -МАН  100 жилийн түүхтэй, боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний нэр хүнд бүхий олон улстөрч бий. Намайг намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга  нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна.

    -Та амжилттай  яваа улстөрч, бас Монголын томоохон компанийг босгосон хүн. Өөрийн амжилтыг товч дүгнэвэл?

    -Би өнгөрсөн 20 гаруй жил улстөрийн тавцанд ажиллах хугацаандаа ардчилал, хүний эрх, хөгжил нь хамгийн чухал үнэт зүйл гэсэн зарчим баримталж ирсэн. Эв нэгдлийг хангаж, дэвшилтэт үзэл бодлыг чиг баримжаа болгон ажиллаж ирсэн. Үүний жишээ гэвэл гаднынханд зарж үрэлгүйгээр төрдөө Тавантолгойн орд газрыг ашиглах лицензийг буцаан өгч ард түмний өмч болгосон. Боловсролын салбар, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг эхлүүлсэн туршлага надад бий. Миний удирдаж байсан хамтарсан Засгийн газрын үед Монголын эдийн засаг түүхэнд хамгийн өндөр  буюу 17.5 хувийн өсөлт үзүүлж дээд амжилт тогтоож байлаа. Ядуурал анх удаа хоёр оронтой тоогоор  буурч, айл өрхийн орлого бараг хоёр дахин нэмэгдсэн. Энэ бол үг биш статистикийн бодит тоо баримт. Тоо  худлаа ярьдаггүй.

    МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газар ковидын цар тахал дэгдэхээс өмнө 2012-2016 оны хооронд шаланд  унасан байсан эдийн засгийн өсөлтийг хурдасгаж чадсан. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан өндөр өсөлтийн үеэ сэргээж эхэлсэн. Цар тахлын үе дуусч ойрын ирээдүйд ийм боломжоо хэрэгжүүлж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хувь хүний хувьд улс төрд орохоосоо өмнө нь би 1990 оноос бизнес хийсэн. Олон салбарт хүч үзэж, их ч хөдөлмөрлөсөн. Миний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүд одоо 3000 гаруй ажлын байр бий болгож, улсад хэдэн арван тэрбумын татвар төлж байна. Товчхондоо  ийм байна. 

    -Сүүлийн үед таны тухай хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарах боллоо. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдээлэлтэй холбоотой гэж бодож байна уу.  Жишээлбэл,  таныг Оюутолгойн гэрээг байгуулахад нөлөөлөн зээлийн хүүг бууруулсан хэмээн буруутгасан мэдээлэл гараад байна л даа?

    -Монголын улстөрчдийн талаар зохион байгуулалттай харлуулсан мэдээлэл гарах бүрт цаана нь нэг далд санаа дагалдаж байдаг нь нууц биш болсон. Жишээ нь би Ерөнхий сайдаар томилогдоод буюу 2011 онд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулах өөрчлөлтийг гэрээнд орж, Монголын тал олон зуун сая ам.долларын төлбөрөөс чөлөөлөгдсөн. Анх энэ гэрээг байгуулснаас хойш Монголын тал ашигтайгаар өөрчлөлт оруулсан ганцхан тохиолдол энэ юм. Олны нүдэнд илт, тоо баримтаар нотлогдсон үнэнийг мушгин гуйвуулна гэдэг нь улс төрийн зорилгоор хүний санаанд оромгүй гүтгэлэг зохиож байгаагийн илрэл. Зөвхөн энэ удаад ч биш. Сүүлийн 20 жил би элдвээр хэлүүлсэн. Харин би ажлаа сайн хийх нь л чухал, “…жингийн цуваа явж л байдаг” гэдэг зарчмаар хандаж, тайлбар няцаалтыг тэр болгон хийж байгаагүй нь өрөөсгөл байжээ л гэж бодож сууна. 

    -Бас Оюутолгойн татварыг бууруулсан гэх асуудлыг ч тантай холбодог шүү дээ?

    -Ямар ч ор үндэслэлгүй гүтгэлгийн бас нэг туйл. Миний удирдсан Засгийн газар Нидерланд, Люксембүрг зэрэг улстай байгуулсан давхар татварын хэлэлцээрийг цуцлах асуудлыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн. Ингэснээр Оюутолгойн төслөөс Монголын талын авах татварын хэмжээ 0-10 хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлж олон зуун сая ам.доллараар татварын орлого өссөн. Манай Засгийн газар татварыг бууруулсан биш нэмсэн гэдэгтэй маргах ямар ч аргагүй бодит үнэн юм. 

    -Тэгвэл ямар зорилгоор ийм зүйл зохиож байна гэж та хэлэх вэ?

    -Бодит баримтыг санаатайгаар гуйвуулсан мэдээ гадаадад гаргуулаад байгаа нь татвар нэмж, зээлийн хүүг бууруулсан бодлогыг нь эсэргүүцээд байгаа юм уу гэсэн хардлага төрүүлж байгаа. Улс төрийн зорилгоор гүтгэлэг зохиож байгаа нь тодорхой. Гэхдээ яг Оюутолгойтой холбоотой, хэнд ч ойлгомжтой асуудлыг гүйвуулж надад нялзаах гээд байгаа зорилгыг  би ойлгохгүй байгаа. Дотоодод иргэний шүүхэд үүсгэсэн иргэний маргаан нь “маш нууц” гэсэн тэмдэгтэй учраас тэнд бас ямар детектив зохиол бичиж гүтгэх гэж байгааг нь ч мэдэхгүй байна.

    “Ардчилал, хүний эрх, хөгжил нь хамгийн чухал”

    -Маш нууц иргэний маргаан гэж байдаг  хэрэг үү?

    -Дотоодын шүүхэд  өгсөн материалаа “маш нууц” зэрэглэлд оруулчихсан юм байна лээ. Ер нь иргэний маргааныг оролцогчдоос нь нуугаад төрийн маш нууцад хамруулаад үзье гэхээр үзүүлэхгүй  хоёр сар орчим явна гэдэг нь хуулийн ямар бүдүүлэг зөрчил вэ. Маргааны материалуудтай танилцахгүй бол өмгөөлөгчид өмгөөллөө яаж хийх вэ, тэгсэн хэрнээ түүнийгээ гаднын өмгөөлөгчид болохоор маш нууцаас гаргалгүй өгч байгаа нь ямар ноцтой ялгаварлан гадуурхалт вэ. Илт үндэслэлгүй, хуулийн маргаан үүсгэх шалгууруудыг огт хангаагүй нэхэмжлэл гаргачихаад үүнийгээ нуугаад байгаа юм уу. Би төрд олон жил зүтгэж буй хүн, эрх биш  төрийн нууцад юу  хамаарах эсэхийг ялгана шүү дээ. Энэ асуудлаар зохих хуулийн байгууллагад нь хандаж байгаа.

    -Таныг гадаадад байр, өмчтэй хөрөнгөтэй гэх мэдээлэл байсхийгээд л гарах юм?

    -Би энэ талаар саяхан хэвлэлд ярилцлага өгсөн. Надад оффшорт данс ч байхгүй, мөнгө ч байхгүй, байр ч байхгүй. Хэн нь зөв, хэн нь буруутай болохыг манай шүүх үнэн зөвөөр тогтооно гэдэгт итгэлтэй байна. Эхнээсээ үнэн ялж, Нью-Иоркийн шүүх энэ маргаанд дурдагдаад байгаа Солонгос бизнесмений өмч хөрөнгийг царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч гэх хуулийн компани нь гаргасан гомдлоосоо миний нэрийг татсан байна лээ.

    -Гадаадад зохион байгуулалттай таны эсрэг ажиллагаа явуулж байна гэж үзэж байна уу?

    -Би хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлтэн гаднын хувийн ашгийн төлөө байгууллагад иргэнээ захиалан мөрдөж, тагнаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрөөд байгаа.  1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед гадаад хэл дээр хэргийн материал гэх гүтгэлэг ирж, түүнийг нь Монголд үг дуугүй гүйцэтгэж байсан “Лхүмбэ”-ийн хэрэг шиг юм болж байгаа юм биш үү. Миний хувьд энэ эрээ цээргүй ажиллагаандаа миний гэр бүл, үр хүүхдийг оролцуулан гүтгэн доромжилж байгаатай хэзээ ч эвлэрэхгүй ба хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа, гүйцэтгэх ажлын хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулах болно.

    Гаднын хувийн детектив компанийг хөлсөлсөн энэ их мөнгийг хаанаас, ямар зориулалтын хөрөнгөнөөс, хэний захиалга, даалгавраар гаргасныг хуулийн байгууллагууд шалгах ёстой. Би энэхүү гүжир гүтгэлэгтэй хатуу тэмцэх болно. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг ухаант ардын үг байдаг даа. Ярилцлагын төгсгөлд нийт Монголчууддаа гарч буй 2021 ондоо болон Ардын хувьсгалын 100 жилийн ойгоороо цар тахлын аюулаас ангижирч, эдийн засаг нь тогтворжин өсч, ардчилал, хүний эрх, эрх зүйт төрөө дээдэлсэн хөгжил дэвшлийн шинэ зууныг амжилттай эхлүүлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Эх сурвалж: Монголын үнэн сонин

  • Надаар зөндөө оролдлоо. Одоо болоо юм биш үү.


    Нью-Иорк хотын шүүх дээр МУ-ын ЗГ-ын нэхэмжлэлээр тантай холбоотой маргаан үүссэн гэсэн мэдээлэл гараад байна? Та энэ асуудалд тайлбар хийнэ үү?

    Өнгөрсөн хорин жил намайг элдэвээр л гүтгэсэн. Элдэв янзын гүтгэлэгт зөндөө л өртлөө. Ирэх жилийн сонгуулийг угтаад өнөөдөр ээлжит нэг гүтгэлэгийн ажил эхэлж байгаа юм болов уу. Монголын төрийн өмчит компаниуд намайг гадны шүүхэд өгсөн мэтээр бичсэн байна лээ. Гадны нэгэн хуулийн компани “Монголын Засгийн газар надад төлөөлөх эрх өгсөн” гээд Америкийн шүүхэд хандсан юм билээ. Монголын Засгийн газар өөрийн иргэнээ гадны шүүхэд өгөх үү? Өгч байсан түүх бий юу? Улсынхаа хуулийн байгууллагаараа шалгадаг биз дээ. Би энэ асуудлаар Засгийн газарт хандаж нотолгоо авсан: энэ маргаанд дурдагдаад байгаа Эрдэнэт, Эрдэнэс Оюу толгой компани, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас миний эсрэг ямар нэгэн гомдол гадаадын болон дотоодын байгууллагад гаргаж өгөөгүй гэсэн. Тэгэхээр Засгийн газар намайг гадна дотны шүүхэд өглөө гэдэг нь илт худал, гүжир гүтгэлэг юм.

    Уучлаарай, Шүүх дээр яг ямар асуудлаар маргаан үүсгэсэн юм бэ? Та тодорхой тайлбарлах хэрэгтэй байна шүү дээ?

    Детектив зохиол шиг зүйлээ дотоодоос явуулаад, дотоодын улс төрдөө ашиглах гэсэн гүжир гүтгэлэг л гэж харагдаж байна. Тэрэндээ гол нь Оюу толгойд татварын хөнгөлөлт өгсөн гэж намайг буруутгах гэж байгаа юм байна. Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ олны нүдэн дээр ил тод, засаг, УИХ дээр протоколтой хэлэлцэгдэж байсан асуудал. Манай Засгийн газар хэзээ ч Оюутолгойн татварыг бууруулаагүй. Харин ч Оюутолгойн татварыг нэмэх асуудлыг УИХ-д оруулж шийдүүлсэн. Бас Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулах асуудлыг тухайн үед шийдэж байсан. Бүр итгэмээргүй нэг юм нь Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулсныг хүртэл Монголын талд ашиггүй нөгөө талд ашигтай байсан гээд намайг буруутгаад байгаа юм байна лээ. Тэгэхээр асуудлаа огт ойлгоогүй нэг гадны хөлсний байгууллага ашиг хонжоо олох сонирхолдоо хөтлөгдөн интернетээс хов жив ухаж байгаад детектив кино зохиогоод явуулж байна.

    Баянзүрх дүүргийн шүүх дээр уг асуудалтай холбоотой маргаан бүртгэгдсэн гэсэн мэдээлэл гарлаа. Энэ талаар ямар хариулт өгөх вэ?  

    Улстөрийн зорилгоор Иргэний шүүхэд маргаан үүсгэсэн юм байна. Шүүхийн байгууллагад гаднаас ирсэн ор үндэсгүй мэдээллийн дагуу нийслэлийн прокурорын орлогч маргаан үүсгэжээ гэж анх сонсоод их гайхаж хүлээж авлаа. Харин одоо энэ асуудлыг хэн захиалаад, хэн удирдаад, ямар зорилготой хийж байгаа нь ч тодорхой боллоо. Лхүмбийн хэрэг, Амар сайдын хэрэг гэгч нь гаднаас ирсэн чиглэл бэлэн шийдвэртэй байсан гэсэн. Миний хувьд ийм хээрийн шүүх маягаар үйл ажиллагаа явуулах гэж байгаатай эвлэрэхгүй тэмцэнэ. Дотоодын шүүхэд нөлөөлөх гэж гадны нэг блогчинд материал өгч бичүүлсэн юм болов уу гэж харагдаж байна.

    Сүүлийн үед гадны хэвлэлүүдэд улстөрчдийн талаар захиалгат нийтлэл бичүүлээд түүнийгээ Монголдоо орчуулан “гадны хэвлэлд ингэж бичжээ” гэж шуугиан тарьдаг арга барил газар аваад байгаа. Үүний нэг жишээ гэж хэлээд байна уу?

    Миний тухай гүтгэлэгээ гадны нэг блог дээр гаргасан байна. Сонирхолтой нь тухайн блогт нийтлэгдээд хэдэн минутын дараа монголын сошиалд оруулсан байна лээ. Энэ нь анхнаасаа зохион байгуулалттай улстөрийн дайралт явж байгаагийн илрэл юм. Үнэнийг хэлэхэд би ч энэ маргааны нарийн материалтай танилцаагүй, танилцах боломжгүй байхад гадны нэг үл таних блогчин олоод мэдсэн байгаа нь туйлын их эргэлзээ төрүүлж байгаа.

    Өөртэйгөө холбоотой шүүхийн маргаантай танилцаагүй, танилцах боломжгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

    Дээр дурьдсан асуудлаараа үүсгэсэн иргэний маргаанаа дотооддоо болохоор “маш нууц” гэсэн зэрэглэлд оруулсан байгаа юм. Хэзээ иргэний маргаан манайд “маш нууц” ангилалд ордог байсан юм. Хэнээсээ юугаа нуугаад байгаа юм бэ? Маш нууц гэсэн атлаа миний олж үзэж чадахгүй байгаа тэр детектив зохиол, гүтгэлэг бүхий бичвэр нь яахаараа гадны нэг блогчинд очсон байдаг юм бэ? Дотоодын хэвлэлээр ч гараад байх шиг байна. Хэн ямар зорилгоор тараагаад байгаа юм бэ? Ер нь гадны хувийн, хөлсний, ашгийн төлөө байгууллагад мөнгө төлж иргэнээ мөрдөж тагнасан, гүтгэлэг зохиолгосон, хууль шүүхийн байгууллагад улс төрийн сонирхлоор нөлөөлсөн байж болзошгүй нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг юм. Би монгол хүний хувьд энэ асуудлыг монголынхоо хуулийн байгууллагаар шалгуулна. Монголынхоо шүүхээр зөв буруугаа шүүлгэнэ. Би чинь тусгаар Монгол Улсын иргэн биз дээ.

    Монгол Улсын түүхэнд хэдэн тэрбум доллараар нөөц нь үнэлэгдэх ордын лицензийг эзэмшиж байсан эрхээ улсдаа өгсөн өөр хүн, аж ахуйн нэгж байгаа юу

    Та хэвлэлээр гараад буй мэдээллийг худал гүтгэлэг гэлээ. Ер нь Тантай холбоотой Тавантолгойгоос эхлээд үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв мэдээлэл өмнө нь ч гарч байсан. Эдгээр мэдээллүүдээ залруулаагүй, нээлттэй биш байдаг нь таны буруу биз дээ?

    Би төрөөс төрсөн тэрбумтан биш ээ. Улс төрд орж ирэхээсээ өмнө улсад томоохон татвар төлөгч бизнесийг босгосон байсан. Одоо бол хэдэн арван тэрбумаар татвар төлдөг, 3000 шахам хүнийг шууд болон шууд бусаар ажлын байраар хангаж байгаа олон нийтийн нүдэнд ил тод, шударга бизнестэй. Надад төрөөс тендер, концесс авч төрийн эсвэл ард түмний мөнгөөр бизнес хийх, төрөөс хулгай хийх шаардлага байхгүй. Миний хувьд Таван толгойн ордын лицензийг төрдөө, ард түмэндээ буцааж өгсөн. Харин ч  надаас хэдэн зуун сая доллар, тэрбумаар нь авья гэсэн гадныхан ч байсан, үнэгүй өгчих гэсэн дотоодын улстөр бизнесийн олигархууд ч байсан. Харин би энэ ордын лицензийг эзэмших эрхээ төрдөө өгөөд дараа нь Ерөнхий сайд байхдаа 2012 онд ард түмэндээ иргэн бүртээ 1072 ширхэг хувьцаа тараах шийдвэр гаргасан. Энэ жил хувьцаа авсан иргэн бүр ногдол ашгаа авсан нь монголчууд эх орныхоо байгалийн баялагаас ашиг хувь шууд хүртсэн анхны тохиолдол болсон. Өмнө нь ч ахмадууд 1.5 сая төгрөг, оюутнууд хоёр жил дараалан сургалтын төлбөртөө 500 мянган төгрөг, иргэн бүр сар болгон хоёр жил гаруй 21 мянган төгрөг авч байсан. Үүний хөрөнгийг Таван толгой ордын нүүрсний борлуулалтаас ч бас босгосон. Улаанбаатарчуудын өмнө тулгарсан томоохон асуудал болох утааны асуудлыг ч Тавантолгойн нүүрсээр л шийдвэрлэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан эмзэг үед ч Таван Толгой л улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаа. Жил гаруйхны өмнө тэрбум долларын босго давсан орлоготой Монголын цорын ганц компани боллоо гээд л Эрдэнэс Таван Толгойг өргөмжилцгөөгөөд байсан. Ийм ордын лицензийг эзэмших эрхээ гадныханд биш, дотоодын томчууд олигархуудад ч биш төрдөө ард түмэндээ өгч байсан. Ийм том төслөөс би өөрөө татгалзаж байсан байж төрөөс хумслана гэж юу байхав дээ. Надаар зөндөө оролдлоо. Өчнөөн олон удаа шалгуулсан. Тэгэхдээ бүгд л намайг бизнесийн орлогоороо амьдардаг гэдгийг эрх биш мэдэж байгаа. Энэ бүгд олны нүдэн дээр ил юм даа. Одоо болоо юм биш үү дээ.

    Саяхан Таны тухай нэгэн нийтлэлд Таван толгойн ордыг гадаад дотоодын бизнес бүлэглэлүүдэд  өгөөгүй нь өөртөө олон дайсан хураасан гэж бичсэн байсан. Энэ үнэн үү?

    Ер нь шинэ Монгол Улсын түүхэнд хэдэн тэрбум доллараар нөөц нь үнэлэгдэх ордын лицензийг эзэмшиж байсан эрхээ улсдаа өгсөн өөр хүн, аж ахуйн нэгж байгаа юу гэдгийг Та бүхэн бодоод үзээрэй. Ямар учраас эх орныхоо баялагийг төрдөө ард түмэндээ өгсөн хүн нь буруудаад, гадныханд зарсан хэд нь баатар болоод байдаг юм бэ? Би энэ талаар нэг их яриад байдаггүй. Хааяа ярихаас өөр арга алга. Ийм үнэ цэнэтэй зүйлийг төрдөө буцааж өгсөн миний хувьд Оюу толгой ч байна уу, Эрдэнэт ч байна, уу өөр ямар ч төрийн байгууллагаас хулгай хийх байтугай тэд нартай бизнес хийх ч хэрэгцээ байхгүй. Хуулийн дагуу шударга хөдөлмөрлөж, амжилтад хүрчихээд хулгай хийхгүй нь ойлгомжтой шүү дээ.

    Гадны ашгийн төлөө хувийн байгууллагад Монголын татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж гэрээ хийн мөрдөж тагнах ажиллагаа захиалсан явдлыг хуулийн дагуу шалгуулах нь зүй ёсны хэрэг

    Дээрх мэдээлэлд таныг гадаадын иргэдийн нэр дээр хөрөнгө мөнгө хамтран эзэмшдэг оффшортой гэж бичсэн байсан. Энэ асуудалд та ямар хариулт өгөх вэ? 

    Миний үүсгэн байгуулсан компаниуд дотоодын Голомт, Худалдаа хөгжил, Хас гээд банкуудаас 100 гаруй тэрбум төгрөгийн бизнесийн зээлтэй байгаа. Жилдээ хэдэн арван тэрбумаар зээл, зээлийн хүүгээ төлж байна. Тэд маань зээлээ цаг хугацаанд нь төлөх гэж бас л амаргүй байгаа. Тэр их мөнгө нь байсан бол уг нь ядаж энэ зээлүүдээ төлөхсөн. Надад оффшор бүсэд нэг ч төгрөг байхгүй.

    Таныг бичээд байгаа тэр блогд таныг Нью Йоркд үл хөдлөх хөрөнгөтэй гээд бичээд байна шүү дээ?

    Нью Йоркд надад үл хөдлөх хөрөнгө байхгүй ээ. Ер нь АНУ-д байгаа бүх үл хөдлөх хөрөнгө өмчлөлийн бүртгэлтэй. Тэдний холбоод байгаа хөрөнгө хэний өмч гэдгийг сэтгүүлчид та бүхэн хайгаад олох боломжтой, нээлттэй мэдээлэл шүү дээ. Надад хамаагүй юмыг надтай нялзааж байгаа нь дэндүү том гүтгэлэг юмаа. Энэ бол цэвэр дотоодын улс төр, гүжир гүтгэлэг. Надад бол тэр бичээд байгаа шиг нь 10 гаруй оронд зуу гаруй компани байхгүй ээ. Зах зээлд шилжээд 30-хан жил болж байгаа Монголд гадаад түншгүй, хамтрагчгүй нэг ч том бизнес байхгүй биз.

    Таныг Нью Йоркийн шүүх дээр яг шүүж байгаа юм уу? Үгүй юм уу? Таны нэр дурдагдсан материалууд сошиалаар яваад байна шүү дээ? Гэтэл Та хамааралгүй гээд байх юм?

    Нью Йоркийн шүүхэд миний эсрэг гаргасан нэхэмжлэлээ татсан байна. Өөрөөр хэлбэл надтай холбогдсон асуудал Нью-Йоркийн шүүхэд байхгүй болж байна гэж ойлгосон. Эндээс маш их сонирхол татаж буй зүйл болох гадны ашгийн төлөө хувийн байгууллагад Монголын татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж гэрээ хийн мөрдөж тагнах ажиллагаа захиалсан явдлыг хуулийн дагуу шалгуулах нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Энэ асуудлыг би заавал шалгуулах болно.

  • УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛД ДУНДГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМГУУДАД 40 МЯНГАН МАСК, ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС БУСАД ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛСИЙГ ХАНДИВЛАВ

    УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байгаа үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд цаг наргүй ажиллаж байгаа хууль хүчний байгууллагын хамт олон болон төрийн албан хаагчдад талархал илэрхийлээд өөрийн сонгогдсон Дундговь, Говьсүмбэр аймгуудын онцгой комиссуудад нэн шаардлагатай хамгаалалтын хувцас, бээлий, 40 мянган амны хаалт болон онцгой нөхцөлд ажиллаж байгаа Төрийн албан хаагчдад зайлшгүй шаардлагатай зүйлсээ хадгалах аранз, амин дэмийн бүтээгдэхүүн хандивлалаа.

    2020 оны 11-р сарын 29-ны байдлаар дотоодын халдвар 341 болсон бол зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 784 болоод байгаа билээ. Иймд иргэн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сахин, холбогдох байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж, өөрийгөө болон гэр бүл ойр дотныхоноо халдвараас хамгаалан хамтын хүчээр цар тахлыг даван гарахыг гишүүний ажлын албанаас уриалсан байна.

  • С.Батболд дэлхийн Зүүн төвийн улс төрийн хүчнүүдийн цахим хуралд илтгэл тавив

    Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 147 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй СоцИнтерн (Социалист Интернационал) байгууллагын Тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 24-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

    Уг хуралд МАН-наас тус холбооны Дэд ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Батболд оролцож, дэлхий нийтийн энх тайвныг хадгалахад зүүний чиглэлийн үзэл баримтлал бүхий улс төрийн хүчнүүдийн оролцоо, Ардчиллын үнэт зүйл, хүн төрөлхтний өмнө тулгарч буй COVID-19 цар тахал зэрэг тулгамдаж буй асуудлууд сэдвээр илтгэл тавив.

    Ташрамд дурдахад, СоцИнтернд Монголоос ганцхан нам бүртгэлтэй байдаг нь МАН ба С.Батболд 2012 оноос Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

    Б.Энхтөр

  • Хулд, Луус сумынхан У.Хүрэлсүхийн багийг дэмжинэ

    МАН-аас УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог Дундговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар 6 дугаар сарын 08-нд Дундговь аймгийн Луус, Хулд суманд ажиллалаа.

    Иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлого, шийдвэр иргэнээ дээдэлж, улс орныхоо хөгжлийн гарцыг эрэлхийлж байгаа учраас Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр, зорилго зорилтыг дэмжиж байгаагийн зэрэгцээ нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг багаар нь дэмжихээ илэрхийлж байсан нь бусад сумдад хийсэн уулзалтуудтай ижил уур амьсгалтай байв.

    Луус сумын иргэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  Засгийн газрын гаргасан бодлого шийдвэр иргэндээ чиглэсэн, улс орны хөгжилд чиглэж байгаа учраас намын мөрийн хөтөлбөрийг дэмжихийн зэрэгцээ нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг бүтэн багаар нь дэмжихээ илэрхийлэв.

    Тус суманд жилүүдэд сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ сайжирсан төдийгүй 80 хүүхдийн багтаамж бүхий дунд сургуулийн дотуур байр баригдаж байгаад эцэг, эхчүүд талархалтай байлаа.

    Хулд сумын иргэдийн хувьд Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамыг шинэчлэх мөрийн хөтөлбөрийн заалтыг дэмжиж, сум орон нутгийг орон сууцжуулах хөтөлбөр хүндээ чиглэсэн зөв бодлого гэдгийг хэлж байна. Мөн мөрийн хөтөлбөртөө малыг эрүүлжүүлэх чиглэлд мал эмнэлгийг улсын өмчит болгож байгаа нь тал бүрийн ач холбогдолтойг онцолсон. 

    Орон нутгийн иргэдийн хувьд мөрийн хөтөлбөрт тусгасан эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн бодлогын хүрээнд хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр, “Цалинтай ээж”, хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 хүртлэх насны хүүхдийг хамруулах боломжтой яслийн үйлчилгээг сэргээх заалтыг дэмжиж байна.

    Дундговь аймаг нь мал сүргийн тоогоороо улсдаа олон жил тэргүүлсэн. Тиймээс орон нутагт мах, сүүний үйлдвэр барих заалт бол тэдний хүсэл биелэх сайхан үйл хэрэг гэж үзэж байна.

    Мөн сонгогчид У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн бодит ажлуудыг цаашид үргэлжлүүлэх 6 дугаар тойрогт нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг багаар нь дэмжиж, хүчээ нэгтгэхээ илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны уулзалтад идэвхтэй оролцож байна.

    УИХ-ын сонгуулийн 6-р дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас бэлтгэв

  • Гурвансайхан, Өлзийт сумдын иргэд говь нутгийн “брэнд” бүтээгдэхүүнийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн заалтыг дэмжиж байна

    Улсын Их Хурлын сонгуулийн 6 дугаар тойрог, Дундговь, Говьсүмбэр аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар 6 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумдад ажиллаж, иргэд олонтой уулзалт хийлээ.

    Уулзалтын үеэр иргэд орон нутгийн хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, говь нутгийн “брэнд” бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ гэсэн зорилтыг тусгасныг нүдээ олсон зорилт гэж үзэж байлаа. Учир нь Өлзийт сум тэмээн сүргийнхээ тоо толгойгоороо улсдаа тэргүүлдэг, ингэний айргаараа алдартай нутаг юм. Иймд иргэд ингэний айргаа үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, хил залгаа аймаг, сумд, нийслэлийн зах зээлд нийлүүлэх боломж бүрдүүлэхэд Монгол Ардын Намаас нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг онцгой анхаарч өгөхийг хүсэж, Монгол Ардын Намын нэр дэвшигчдээ багаар нь дэмжихээ илэрхийлэв.

    Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн эмэгтэйчүүд, хүүхдэд чиглэсэн зорилтын хүрээнд хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн “Цалинтай ээж хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 3 хүртэлх насны хүүхэдтэй бүх эхэд ялгаваргүйгээр тэтгэмж олгох зорилтыг орон нутгийн эхчүүд, эмэгтэйчүүд сайшааж байв.

    Мөн тус намын мөрийн хөтөлбөрт Дундговь аймгийн гурван суманд мах, сүү, хоёрдогч түүхий эд боловсруулах “Бизнес инкубатор” байгуулахаар тусгасан. Үүнийг Гурвансайхан сумын малчид орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чухал заалт хэмээгээд сонгуулийн маргаашаас хийж хэрэгжүүлэхийг захиж, Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг нутгийн олондоо уриалж байлаа.

    УИХ-ын 6-р дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас бэлтгэв

  • Дундговьчууд хөгжилд хөтөлсөн мөрийн хөтөлбөртэй МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ

    УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог, Дундговь, Говьсүмбэр аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд, УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэг нар 2020 оны 6 дугаар сарын 5-наас 6-ны өдрүүдэд Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил сумдад ажиллан Монгол Ардын Намынхаа мөрийн хөтөлбөрийг иргэд олондоо танилцуулж, орон нутгийн тулгамдсан асуудлын талаар иргэдийнхээ санал бодлыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал, бодлоо солилцлоо.

    Баянжаргалан сумын оторлож буй малчидтай хийсэн уулзалтын үеэр малчид МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан цөлжилтийг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, мөн орон нутгийг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх зэрэг заалтыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

    Идэвхи, санаачлагаараа үргэлж манлайлж байдаг говь нутгийн залуусын төлөөлөл болсон “Алсыг харья” хөдөлгөөний залуус МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж, нутгийнхаа залуусын санал, бодлыг нэр дэвшигчдэд уламжиллаа.

    МАН залуусыг өөрсдийн нутаг орондоо суурьшин ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор хот, хөдөөгийн хүн амыг хөдөлмөр эрхлэх тэгш боломжоор хангах зорилтыг мөрийн хөтөлбөрийнхөө “Хүний хөгжлийн бодлого” хэсэгт тусгасныг нутгийн олон сайшааж, залуус орон нутагтаа ажиллаж, амьдрах боломж бүрдвэл олон залуус, залуу гэр бүлүүд хөдөө, орон нутгийг зорьж, хөгжилд хүч нэгтгэхэд бэлэн байгааг онцолж байлаа.

    Мөн МАН сумдын дэд бүтцийг сайжруулах, ажилгүйдлийг бууруулах, говийн мах, сүү, махан болон сүүн бүтээгдэхүүнийг “брэнд” бүтээгдэхүүн болгон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасныг иргэд ихэд талархан хүлээн авч буйгаа илэрхийлж, МАН-ын нэр дэвшигч нарыг багаар нь дэмжихийг уриалж байв.

    УИХ-ын 6-р дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас бэлтгэв

  • Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Д.Дамба-Очир нар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг  хамтран боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.12.02) өргөн барилаа.

    Улсын Их Хурлаас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн юм.

    Түүнчлэн 2018 онд УИХ-аас баталсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд шинээр “банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн зохицуулалт нэмж тусгагдсан.

    Мөн Монголбанкнаас Азийн хөгжлийн банктай хамтран 2017 онд “Санхүүгийн салбарын хөгжил, тогтвортой байдлыг дэмжих” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох “Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь” дэд төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас “Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн болон зохицуулалтын өнөөгийн тогтолцоо ба түүнийг шинэчлэх талаарх зөвлөмж” гаргасан байна.

    Хууль, хөтөлбөрийн эдгээр шаардлага,  зөвлөмжтэй уялдуулан хуулийн төслийг боловсруулсан байна.

    Хэрэглэгч-санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх мэдлийн тэгш бус, тэнцвэргүй байдлыг бууруулж, тэнцвэртэй байдал хангагдсанаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийг төдийгүй хэрэглэгчийг хамгаалах боломж бүрдэх юм. Түүнчлэн санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа нь санхүүгийн зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, хэрэглэгчийг санхүүгийн үйлчилгээнээс ашиг тус хүртэх, сайн мэдлэг, мэдээлэл олж авснаар бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгох боломж бүрдүүлэх, салбарын итгэлцлийг дээшлүүлэх, эрүүл, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоход энэхүү хуулийн ач холбогдол оршино гэж төсөл санаачлагчид үзэж байна. 

  • ТАНИЛЦ: Дараах 12 баримт бичигт гарын үсэг зурлаа


    Манай сэтгүүлч ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна. 

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж байна. Тодруулбал, Засгийн газар, яам хоорондын дараах 12 баримт бичигт гарын үсэг зурсан байна. 

    1. “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т – Монголын талаас Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн – Оросын талаас Эрчим хүчний сайд А.В.Новак нар гарын үсэг зурлаа. 

    +“Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т – Монголын талаас Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин – Оросын талаас “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэгийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурлаа.

    +“Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “НК “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т – Монголын талаас Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин – Оросын талаас “НК “Роснефть” нийтийн хувьцаат нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Д.Касимиро нар гарын үсэг зурлаа.

    2. “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд – Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар – Оросын талаас ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар гарын үсэг зурлаа.

    3. “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын хэлэлцээр”-т – Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан – Оросын талаас Тээврийн нэгдүгээр орлогч сайд И.С.Алафинов нар гарын үсэг зурлаа.

    4. “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Оросын Холбооны Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг”-т – Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар – Оросын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд М.А.Топилин нар гарын үсэг зурлаа.

    5. “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т – Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар – Оросын талаас Хууль зүйн сайд А.В.Коновалов нар гарын үсэг зурлаа.

    6. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын санамж бичиг”-т – Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан – Оросын талаас Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.Н.Морозов нар гарын үсэг зурлаа.

    II. ХЭЛЭЛЦЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСНЫГ ЗАРЛАВ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд монголын талын ноот бичгийг оросын талд гардуулав. – 1957 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох худалдааны гэрээ”-нд нэмэлт оруулах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хэлэлцээр – Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

    III. БУСАД БАРИМТ БИЧИГ

    7. “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оросын Холбооны Улсын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ”-нд – “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн – “Росгео” ХН-ийн Удирдлагын дарга, ерөнхий захирал С.Н.Горьков нар гарын үсэг зурлаа.

    8. “Зүүнбаян – Таван толгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд – Монголын талаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямаа – Оросын талаас “РЖД Интэрнешнл” ХХН-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А. Столяров нар гарын үсэг зурлаа. 

    9. “Монгол Улсын “Эрдэнэс Монгол” ХХК ба Оросын Холбооны Улсын “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Стратегийн түншлэлийн тухай санамж бичиг”-т – Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү – Оросын талаас “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Ерөнхий захирал Я.В.Центер нар гарын үсэг зурнлаа.

    10. “Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Оросын Холбооны Улсын “Русская кожа” хувьцаат нийгэмлэг хоорондын санамж бичиг”-т – Монголын талаас “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар – Оросын талаас “Русская кожа” ХК-ийн ерөнхий захирал А.А.Низов нар гарын үсэг зурлаа.

    11. “Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банк ба ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т – Монголын талаас Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ – Оросын талаас Оросын экспортын төвийн гүйцэтгэх захирал А.Слепнев нар гарын үсэг зурлаа.

    12. “Очир Гэгээн Сүндэр” ХХК болон “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т – Монголын талаас “Очир Гэгээн Сүндэр” ХХК-ийн ерөнхий захирал Ганбаатар ОЧИР – Оросын талаас “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН-ийн Ерөнхий захирал А.О.Чекунков нар гарын үсэг зурлаа. 

  • Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзав

    УИХ-ын гишүүн С.Батболд Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзав. 

    Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Батболд “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хурал төр засаг, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөлөл өргөн хүрээнд оролцож, амжилттай явагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатарт төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улс болон олон улсын байгууллагуудын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. 
    Дашрамд дурдахад, Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форум Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. 

     Хурлын үйл ажиллагаанд Монгол, БНХАУ, БНСУ, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байгаа аж.