Blog

  • Шинэ Үндсэн хуулиа хүндэтгэн цэцэг өргөлөө

    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, мөрдөгдөж эхэлсний 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдлыг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны `хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Төр засгийн удирдлагуудаас гадна 20 жилийн өмнө шинэ Үндсэн хуулиа батлалцан түүхэн бөгөөд хариуцлагатай үүргийг ард түмнээ төлөөлөн гүйцэтгэсэн АИХ-ын депутатууд ч энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.   

  • Хамтарсан Засгийн газраас гарах хүсэлтээ өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан АН-ын гишүүн сайд нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өглөө. Тус бичгийг Монгол улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр гардуулан өгсөн байна. Тэд Засгийн газрын тэргүүнд өгсөн  бичигтээ “ 2012 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 35 дугаар хуралдааны тогтоолоор Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах нь зүйтэй гэж санал нэгтэйгээр шийдвэрлэснийг үндэслэн Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу хамтарсан Засгийн газрын гишүүд бид албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлж байна “ гээд гарын үсгээ зурцгаажээ.
     

  • ЗОХИХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХООР БОЛЛОО

    ~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас “Бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийн өөрчлөлтийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөл”-ийг Сангийн сайдаар ахлуулан байгуулав. Мөн “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа ~

    Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан валютын ханш огцом өссөний улмаас автобензин, дизелийн түлш, өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, үйлчилгээний үнэ зохиомлоор өсч байгааг хязгаарлах зорилгоор ам.долларын ханшийг тогтвортой хэмжээнд буулган валютын зах дээрх ам.долларын хомсдлыг арилгах арга хэмжээ авч, гадаад орнуудаас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах ам.долларыг Монголбанкны албан ханшаар тооцож импортлогч компаниудад эхний ээлжинд худалдах талаар зохицуулалт хийж байхыг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөлөө.

    Газрын тосны улсын нөөцийн бүтээгдэхүүн хадгалах агуулах, савны хангамжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар, Дархан, Чойрт баригдах, зураг төсөл нь хийгдсэн агуулах, сав барихад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүрэн хэмжээгээр тусгаж, барих ажил эхлүүлэхийг Сангийн сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт даалгав. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байлган импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад орнуудтай яриа хэлцэл хийж, гэрээ байгуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.

    Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд хариуцлагын асуудлыг хөндлөө. Үнийн хөөрөгдөл нийгэмд бухимдал төрүүлсэн энэ асуудал хариуцлага дагуулах үндэслэл хангалттай байна, мэргэжлийн байгууллагын хийсэн тооцоогоор шатахууны үнэ нэмэгдлээ гэхэд 170 төгрөгөөр л өсгөх тооцоо байтал аж ахуйн нэгжүүдийн аманд орж, удирдах дээд байгууллагадаа танилцуулалгүй, амралтын өдрүүдэд 260 төгрөгөөр өсгөсөн Ажлын хэсгийн ахлагч, дэд сайд Б.Ариунсан болон Газрын тосны газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг салбарын сайд Д.Зоригтод даалгалаа.

    Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийн хамгаалах нийгэмлэг  ажлаа маш хангалтгүй хийж байгаа тул хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа ч Ерөнхий сайд хэллээ. Инйхүү хуралдаанаас хаана, хэн хариуцлага алдсаныг шат шатанд нь тогтоон ирэх баасан гаригт  танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг болголоо. Мөн иргэдийг хохироож, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш хөөрөгдөхөд хүргэсэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хуралдаанаас үүрэг болголоо.

    НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮНСНИЙ ЗАРИМ БАРАА, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАА

    Бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дотоодын зах зээлд давамгай байдлаа хууль бусаар ашиглан үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоох, түүнд Засгийн газрын болон хэрэглэгчийн зүгээс тавих хяналт, зохицуулалт дутагдаж байгаа. Энэ нь төгрөг, валютын ханш, бензин шатахууны үнэ өсөх, улмаар өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, үйлчилгээний үнэ өсөх шалтгаан болж байгаа учир хөтөлбөрийг боловсруулжээ.

    Төслийг гишүүд зарчмын хувьд дэмжсэн бөгөөд гаргасан саналыг нь тусган Сангийн сайдаар ахлуулсан Зөвлөл байгуулж, хөтөлбөрийг батлав. Энэ зөвлөл бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийн өөрчлөлтийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг хүлээж байна. Зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, үр дүнг сар бүр Засгийн газарт танилцуулж байх юм. Эрхэлсэн асуудлын хүрээнд бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, ажил, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, үнийг тогтворжуулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулах, тэвчиж болох зардлыг хэмнэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж, явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.  

    Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд үнийн өсөлтөөс иргэдийн амьжиргааг хамгаалах зорилгоор төгрөг, валютын ханшийг тогтворжуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, боловсронгуй болгох юм. Энэ хүрээнд Засгийн газраас үнийн өсөлтөд илүүтэй өртөж байгаа бага орлоготой өрх, нийгмийн эмзэг хэсэгт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ бүрдэлт, түүнийг зохицуулах чиглэлээр хууль тогтоомж, шийдвэрийг судалж, нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах юм байна.

    Мөн инфляцыг онилсон бодлого болон валютын ханшны тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах, валют болон төгрөгийн ханшны гэнэтийн өөрчлөлт үүсгэхгүй байх зорилгоор гадаад валютын томоохон гүйлгээнд зохицуулалт хийх, төлбөр тооцоонд гадаад валют ашиглахыг хориглох зэрэг арга хэмжээ авахаар боллоо. Сангийн яам ойрын хугацаанд төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтыг өрхийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад чиглүүлэх үүрэг хүлээсэн байна.

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь үнийн өсөлтийн шалтгааныг судлан, үнийг хэт өсгөсөн буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч нийтэд мэдээлэх, бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг тогтмол хийж байх боллоо. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний дотоодын жижиглэнгийн үнэ тогтоож байгаа аргачлалыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоод хамтран хянаж, бодит байдалд нийцүүлэхийн төлөө ажиллана. Үүний зэрэгцээ газрын тосны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих асуудлыг судлаж, санал боловсруулах юм.

    Түүнчлэн нефтийн бүтээгдэхүүний дотоодын жижиглэнгийн үнийн өсөлтийг бууруулахын тулд НӨАТ-ыг тэглэх саналыг судлан, хангамжид доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын нөөцийн шатахуун бүрдүүлэхээр болжээ. Хүнсний өргөн хэрэглээний бараа, тухайлбал хэрэглэгчийн гарт очиж байгаа нэг кг мах, нэг ширхэг талх, зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, өөрийн өртгийн тооцоог  Үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчдийн оролцоотойгоор аж ахуйн нэгжүүдэд хийх, бараа, бүтээгдэхүүний борлуулалтын шат дамжлага бүрт гарч байгаа үнийн өсөлтийг сар бүр судлан нийтэд мэдээлж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    НӨӨЦИЙН МАХЫГ ЭНЭ САРЫН 15-НААС ХУДАЛДАЖ ЭХЭЛНЭ
     
    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, зах  зээл дэх үнийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. Махны үнийн өсөлтийг сар бүр иргэдэд 21 000 төгрөг, оюутнуудад 70 000 төгрөгийн тэтгэлэг олгож байгаатай холбоотойгоор малчид малын махныхаа   борлуулалтыг багасгасан.

    Мөн 2011 оны хавраас эхэлсэн шатахууны үнийн өсөлттэй холбогдон орон нутгийн ачаа тээврийн зардал өссөн, гадаад валютын ханшийн өсөлт, үйлдвэрийн аргаар боловсруулаагүй махыг хууль бусаар зарим хилийн боомтоор экспортлох болсон зэргээс шалтгаалан махны үнэ өссөн байна.
    Үүнтэй холбогдуулан дотоод зах зээл дэх махны хангамжийг нэмэх зорилгоор дотоодын зах зээлд борлуулсан махыг НӨАТ-аас чөлөөлсөн хуулийг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Мөн махны 22 үйлдвэр нөөцийн махыг 1 дүгээр сарын 15-наас худалдаанд гаргаж, зах зээлийн жижиглэнгийн үнээс 1000 төгрөгийн хямдаар борлуулах гэж байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын тогтоолын дагуу сар бүр махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж эхэлжээ.

    2011-2012 онд нөөцийн махны урамшуулалд 8 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн төсөвт суулгаж, улсын хэмжээнд 16 мянган тонн мах нөөцөлсөн байна. Үүнээс Улаанбаатар хот 12 мянга, Дархан, Эрдэнэт тус бүр 1000, бусад аймаг тус бүр 100 тонн мах нөөцөлжээ. Хүнсний өргөн хэрэглээний барааны нэг болох гурилын үнэ сүүлийн жилүүдэд тогтмол буурч ирсэн тухай сайд Т.Бадамжунай танилцууллаа. Нэг кг цагаан будаа 2008 оны 4-5 дугаар сард 800-1350 төгрөг болж огцом өсч байсан бол өнөөдрийн байдлаар 1600-1645 төгрөг байгаа, гэхдээ энэ нь сүүлийн хоёр жилд харьцангуй тогтвортой байна гэсэн үг юм байна.   

    Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар авсан 9,7 мянган тонн цагаан будааг аж ахуйн нэгжүүдэд гэрээ байгуулан олгосны дүнд нэг кг цагаан будааны бөөний үнийг 1100 төгрөг, жижиглэнгийн үнийг 1300-1500 төгрөгт барьж чаджээ. Мөн ирэх 7 дугаар сард Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар будаа авахаар тохиролцсон бол БНХАУ-аас цагаан будааны квот авах, Бүгд Найрамдах Лаос Ард Улсад газар түрээслэж цагаан будаа тариалах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Ургамлын тос, элсэн чихрийн хангамж, нийлүүлэлт хэвийн, үнэ тогтвортой байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
         
    ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

    2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа, арга хэмжээг төсвийн багцаасаа санхүүжүүлэн хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Мөн өрхийн хөгжлийг дэмжих чиглэлээр зарцуулах нэмэлт хөрөнгийг төсөвтөө тусгаж байхыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд чиглэл болгожээ. 

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах үүргийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хүлээсэн байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах, одоо хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдад, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой зардлыг Хүн амын хөгжлийн асуудлаархи Үндэсний хорооны төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байх болжээ.

    “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг 2012-2015 онд хэрэгжүүлнэ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 18 сарын дараа дунд хугацааны хяналт-шинжилгээ, хэрэгжиж дууссаны дараа үнэлгээ хийх юм байна. Хөтөлбөрт манай улсын нийт өрхийн 15-аас доошгүй хувь буюу хамгийн бага хэрэглээтэй 130 мянган өрхийг эхний ээлжинд хамруулах юм. дээрх өрхийн  20-иос доошгүй хувь нь ядуурлаас гарсан байна гэж төлөвлөжээ. Хөтөлбөрт хамруулах өрхийг сонгохдоо өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаж, мэдээллийн баазын бага хэрэглээтэй бүлэгт орсон, ийм судалгаа хийгдээгүй бол сум, хорооны түвшинд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатайг нь тогтоож, Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар баталгаажуулсан байх ёстой.

    Түүнчлэн өрхийн нөхцөл байдлын үнэлгээгээр заавал хөгжих өрхийн бүлэгт хамрагдсан байх, өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ албан ёсоор гаргасан байх шаардлага тавих юм байна. Хөтөлбөрийн хүрээнд өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.     

    ТОВЧ МЭДЭЭ

    • Гаргасан хүсэлтийг нь харгалзан Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан “Үндсэн хуулийн хичээл заах тухай” зарлигийн төслийг дэмжив. Гэхдээ төслийг “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн тухай нэг цагийн хичээл заах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай” гэж өөрчлөн найруулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов. Хэрэв энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байвал түүний өмнөх ажлын өдөр Үндсэн хуулийн хичээлийн заахаар төсөлд тусгажээ.
    • УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 2011 оны 12 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах болов.
    • Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа-2 төслийн нэмэлт санхүүжилт-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг зарчмын хувьд зөвшөөрч, хэлэлцээрийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хороотой зөвшилцөн, хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Нэмэлт санхүүжилт болох 11 сая ам.долларын ихэнх хэсгийг төслийн Олон нийтийн санаачилга, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваарих бөгөөд орон нутагт дэд төслүүд хэрэгжүүлэхэд зарцуулах юм байна.  
    • Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.047 хувь байхаар тогтоож, энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр боллоо.
    • Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Үндэсний дөрөвдэх илтгэлийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд танилцуулахаар боллоо.
    • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ирэх БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн үндэсний бага сургуулийн 60 хүүхдийг хүлээн авч амраах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгав.
    • “Монгол Улсын иргэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшүүлэх тухай “Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тогтоолын хоёрдугаар зүйлийн “гэрээний үндсэн дээр” гэсний дараа “Монголын хөрөнгийн бирж” ХК гэж, мөн тогтоолын наймдугаар зүйлийн “Үнэт” гэсний өмнө “Монголын хөрөнгийн бирж” ХК гэж нэмэхээр болов. Тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн тусгай хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1995 оны 127 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтын “Нэг”-ийн 15 дахь заалтын дараа “16. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК гэж, “17. Монголын хөрөнгийн бирж” ХК гэж нэмэхээр шийдвэрлэлээ.
  • Хүний хөгжил санд ихээхэн орлого төвлөрүүлсэн аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл гардууллаа

    Монгол Улсын Засгийн газар байгалийн баялгаас орох орлогыг иргэн бүрт ижил, тэгш нөхцөлөөр хишиг, хувь хүртээх зорилгоор 2010 оноос эхлэн “Хүний хөгжил сан” байгуулан ажиллаж байгаа билээ. Засгийн газрын энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхи гарган ажиллаж, тус санд ихээхэн орлого, эх үүсвэр төвлөрүүлсэн зарим аж ахуйн нэгжид  өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт нар хүндэт өргөмжлөл гардууллаа.

    Байгалийн баялгаа иргэддээ тэгш хувиарлах энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд чухал хувь нэмэр оруулж байгааг  Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр тэмдэглээд Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ. “Хүний хөгжил сан”, Тогтворжуулах санд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон нийт 365,3 тэрбум төгрөг төвлөрүүлж манлайлсан бол  “Эрдэнэс МГЛ”,“Эрдэнэс Тавантолгой” компанийн хамт олон тус бүр 338,2 тэрмбум төгрөг төвлөрүүлж удаалжээ.

    Түүнчлэн “Оюутолгой” 338,0, тэрбум, “Тавантолгой”  56,8, “Монголын алт” компанийн хамт олон 47,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар нийгмийн хариуцлага, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, “Хүний хөгжил сан”-д ихээхэн хэмжээний мөнгө хуримтлуулахад томоохон хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдэд хүндэтгэл үзүүллээ.

  • С.Батболд: АИХ-ын депутатууд “ажилчин зөгий” шиг ажиллаж байжээ

    МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

    Эрхэм хүндэт депутатууд аа,

    Хатагтай, ноёд оо  

    Монгол Улсын шинэ Үндсэн Үндсэн хууль батлагдан мөрдөгдөж эхэлсний 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг Та бүхэндээ хүсэн ерөөе. Түүхэн бөгөөд нэн хариуцлагатай үүргийг ард түмнээ төлөөлөн гүйцэтгэж, өнөөгийн улс орны хөгжлийн үндсийг бүрдүүлж, улс төр, эдийн засгийнтусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь тавьж, хүний эрх, эрх чөлөөг дархлаажуулан баталгаажуулахад өөрсдийн дуу хоолой, ухааны хүчийг шавхан ажилласан АИХ-ын депутатууддаа Засгийн газрынхаа болон МАН-ын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, мэхийн хүндэтгэж байгааг минь хүлээн авна уу.

    Та бүхэнтэй нэг дор ийнхүү уулзах завшаан тохиосонд хувьдаа ихэд олзуурхаж байлаа. Уулзана хэмээн төлөвлөсний дараа одоогоос 20 жилийн өмнөх зарим түүхэн дурсамж, номыг зориуд эргүүлэн харлаа. Зарим мэдээ, түүхийг бас зориуд энд хэлмээр санагдлаа миний бие. Тухайлбал,
    Тухайн үеийн АИХ-ын дарга Ж.Уртнасан гуай: “Их цааз, Үндсэн хууль, Их засаг, Их хууль, Эх хууль гэх мэтээр Үндсэн хуулиа хэрхэн нэрлэх, улсаа Бүгд Найрамдах Монгол ард Улс, Бүгд Найрамдах Монгол Улс, Монгол Улс гэж нэрлэх асуудлаар 9 хоног элээж, зарим нь бид ерөөсөө хууль баталж чадахгүй нь ээ, хурлаа тараая гэж уриалж байхад ихэнх нь уужуу хүлээцтэй хандаж, харилцан зөвшилцөж, бид заавал Үндсэн хуулиа батлах ёстой гэсэн нэгэн үзүүрт сэтгэлд нэгдэн зүгширч байсан” тухай дурссан байдаг. Тэр үед буюу 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн эхийг нотлох ажиллагаан дээр ийм нэгэн үг хэлэгдэж байжээ.

    “… Эцэг өвгөдийн уужуу тайван сэтгэл, ухаалаг тэвчээр, амьдралын их туршлага Та биднийг нэгэн үзүүрт зорилгод нэгтгэж байсны ач буянаар биеийн алжаал, оюуны ядралыг умартан байж их үйлсийг бүтээлээ. Та бид оносон аваас үр ач нар маань баярлан бахархаж, алдсан аваас залруулах эрх тэдэнд маань үлдэх билээ.”

    Тийм ээ!

    Үндсэн хууль батлагдсанаас хойш даруй 20 он өнгөрчээ. Та бүхэн ард түмнийхээ итгэлийг даан хүлээсэн үүргээ нэн хариуцлагатайгаар биелүүлсэн шүү! гэдгийг энэхүү индэрээс итгэл төгс хэлмээр байна. Та бүхнээр хойч үе баярлан бахархаж байна. Шинэ Үндсэн хууль маань нийгмийн амьдралд утгажаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ энэ хугацаанд нийгмийн ухамсрын түвшинд, улс орны улс төр, эдийн засгийн амьдралд, өрх гэрийн түвшинд, хувь хүн нэг бүрийн дотор урьд нь байгаагүй, байсан бол биежээгүй байсан олон өөрчлөлтийг бодит хэрэг болгож чаджээ. Тэр бүх өөрчлөлт дэвшилийг би өнөөдөр энд яривал хэдэн цаг биш, хэдэн өдөр ч ярьж чадахаар байна.

    Захаас нь дурьдахад л хувьдаа газар, орон сууцтай болсон байна. Хүссэн үедээ гадаад руу чөлөөтэй явах боломжтой болсон байна. Наймаа хийхийг гэмт хэрэгт тооцдог байсан бол энэ нь ариун цагаан хөдөлмөр болж. Ажилсаг хөдөлмөрч бол хэнээс ч дутахгүйгээр сайхан амьдрах үндэс нэгэнт бүрджээ. Төр засгаа хэлтэй амтай ч гэсэн өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ардчилсан зарчмаар сонгодог, бас хариуцлага тооцдог болсон байна. Зөвхөн дарга нар л машин унадаг байсан бол өнөөдөр 5-6 өрх тутмын нэг нь хувьдаа машинтай болжээ. Товчхондоо шинэ Үндсэн хууль бидэнд олон эрхийг бас боломжуудыг нээж өгч чаджээ. Энэ боломжийг Та бүхэн нээж өгөхийн тулд их ч хөдөлмөр зарцуулжээ. АИХ-ын хуралдааны тоймыг харж байхад:

    • Та бүхэн 76 өдөр хуралдаж 8 өдөр амрахдаа дунджаар 80 хувийн ирцтэй хуралдаж байж
    • Үндсэн хуулийг батлахад 383 депутат давхардсан тоогоор 5147 удаа үг хэлж санал гаргасан бөгөөд ердөө 41 депутат үг хэлээгүй байна
    • Нийтдээ 2250 удаа санал хураалт хийсэн бөгөөд 32000/гучин хоёр мянга/ хуудас материалыг архивт өгсөн
    • АИХ-ын чуулганы зардал 9,2 сая төгрөг болсон байна.

    Та бүхэн үнэхээр “ажилчин зөгий” шиг ажиллаж байжээ. Үүнийг Монголын ард түмэн, хойч үе үргэлж дурсан, бахархах болно гэдгийг баярын энэ өдрүүдэд зориуд хэлэхийг хүсэж байна. Энэ өдрүүдэд Үндсэн хуулийн үзэл санааг жинхэнэ бодит хэрэг болгох, түүний амин сүнсийг хадгалж хэвшүүлэх асуудлыг ч бид анхаарлынхаа гадна бас орхиж таарахгүй ээ. Үндсэн хууль, түүний үзэл баримтлал Монгол хүн бүрийн, өрх бүрийн амьдралд хэвшил болж мөрдөгдөх, хэн нэгний дур зоргын хүслээс хамаарахгүйгээр нийгмийнхээ суурь болж, нийгмийн амьдралын хариуцлагын механизмын идэвхтэй үндэс байхын тухайд төр засаг ч, жирийн иргэн хэн бугайн ч, тэр дундаа Үндсэн хуулийг батлалцсан Та бүхний дуу хоолой, хичээл зүтгэл одоо ч үнэ цэнээ алдаагүй байна.

    Шинэ Үндсэн хууль нь хувь хүн өөрөө өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө хувийн асуудлыг өөрийн удр хүслээр чөлөөтэй сонгож, амьдралаа өөрөө зохион бие даан авч явах боломжийг олгосон. 20 жилийн дараа ч энэ үнэт зүйл хэвээр байна. Гэсэн хэдий ч үүнийг нийгмийн шударга ёсны үнэлэмжээр хэмжиж, хувь хүний эдийн засгийн бие даасан байдлын хэмжүүрээр үнэлж дүгнэх цаг болжээ. Миний бие сүүлийн үед “чинээлэг дундаж давхарга” гэдэг зүйлийг нэлээд ярьж, төр засгийн бодлогын үзүүр чухамхүү үүнд чиглэх ёстойг Засгийн газрын тэргүүний хувьд гол бодлогоо болгож байна.

    Нийгэмд шударга ёс алдагдаж байгаа тухай, нийгмийн баян хоосны давхаргад тус тусад нь үйлчлэх ч юм шиг шударга ёс, тэгш эрхийн үзэл санаа хэвшил болж байгааг олон түмэн ярьж, бас шүүмжилж байна. Баялгийн хувиарлалт шударга биш болж, цөөхөн хэд нь илүү их хүртсэн, нийгмийн олонх нь жингийн туухайнаас бага хүртсэн нийгэм рүү явж байгаа юм биш үү гэсэн айдас, болгоомжлол ч их байна. Чухамхүү үүнийг анхаарч засахгүйгээр Үндсэн хууль маань манай нийгмийн үнэт зүйл болж чадахгүй ээ.

    Үндсэн хуулийн шударга ёсны зарчим бүх хүнд адил хүрч үйлчлээсэй гэж би хүсэж байна. Үүний тулд иргэдийнхээ эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн суурь хүмүүжил, боловсролд анхаарах, Монголынхоо уламжлалт соёл, заншлыг үнэт өвийг хадгалан хөгжүүлэх, хүн бүр ажил орлоготой, байгалийн баялгаас жигд хувь хишиг хүртэх боломжийг бүрдүүлсэн нээлттэй олон хэвшил бүхий эдийн засгийн бат суурьтай, хэнээс ч хамааралгүйгээр өөрийгөө аваад явчих үйлдвэр, аж ахуйтай эх орныг бий болгохыг өнөөгийн нийгэм, хойч үе маань биднээс хүсэмжилж байна.

    Саяхан манай нам улс орноо 2031 он хүртэл хөгжүүлэх“Хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж дууссанаа ард иргэддээ зарлаж, тэднийхээ санал бодлыг авч боловсронгуй болгох ажлыг энэ өдрүүдэд өрнүүлж байна. Үндсэн хуулийн үзэл санаа тогтвортой мөрдөгдөх учиртай ч гэсэн түүнийг хөгжлийн шинэ шинэ бодлого, зөв төлөвлөлттэй үйл ажиллагаагаар дэмжихгүйгээр хий хоосон зүйл болж хувирна. Тийм ч учраас манай нам улс төрийн хамгийн тулхтай, боловсон хүчний нөөцтэй улс төрийн хүчний хувьд хөгжлийн гарцуудыг эрэлхийлэн манлайлж, улс орноо хөгжлийн шинэ шатанд түүчээлэн гаргах итгэл төгс байгааг Та бүхэнд дуулгая. Манай намаас дэвшүүлсэн Хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр манай улсын ДНБ 2030 онд тухайн оны нэрлэсэн үнээр 237.8 тэрбум ам.доллар болох бөгөөд эдийн засгийн өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлэх юм. Мөн Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2031 онд 60 000 ам.доллар болж, хөгжингүй орон болно.

    Ингэхийн тулд бид улс орноо үзэл суртлын маргааны талбар болгох бус, Та бүхний Үндсэн хуулийг батлалцаж байх яг тэр үед баримталж байсан зарчмуудыг иш үндсээ болгож ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл, эвлэбэл бүтнэ гэдэг сургаалыг баримталсан цагт улс орны маань, үр хүүхдүүдийн маань ирээдүй гэрэтлтэй гэгээтэй байх цаг ойрхон байна аа гэсэн билэгтэй ерөөлөөр үгээ өндөрлөе гэж бодож байна аа.
    Сайн үйлс дэлгэрэх болтугай. Сайхан санаа бүхэн биежих болтугай.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн эхний зочдоо хүлээн авч уулзлаа

    Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ хүрээнд хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын харилцан айлчлалыг зохион байгуулахаар талууд бэлтгэж байгаа төдийгүй яам, салбар хооронд албаны олон айлчлал төлөвлөгджээ. Эдгээрийн анхны айлчлалууд энэ өдрүүдэд манай улсад болж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өчигдөр Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бараалхсан бол Ерөнхий сайд өнөөдөр тус улсын Батлан хамгаалахын сайд Яасүо Ичикаваг хүлээн авч уулзлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд эрхэм сайдыг 40 жилийн ойн хүрээнд Засгийн газрын түвшний анхны зочин болж айлчилж байгаад баяр хүргээд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэлээ. Мөн Батлан хамгаалах яам хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь тус салбарын цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэж үзэж байгаагаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн онцоллоо.

    Японы Батлан хамгаалах академид Монголын мэргэжилтнүүд, оюутнуудыг суралцуулах зэргээр Монгол Улсын цэргийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх болон өөрийн оронд зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын семинарт Монголын төлөөлөгчдийг оролцуулах зэргээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад Ерөнхий сайд С.Батболд талархлаа. Манай улсад жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” цэргийн хээрийн сургуульд Япон улс өөрийн цэргийн ажиглагчдаа идэвхтэй оролцуулж байгаад сэтгэл ханамжтай явдгаа ч илэрхийллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад Японы Батлан хамагаалахын сайд Яасүо Ичикава баяртай байгаагаа илэрхийлээд яамд хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар салбарын харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд шинэ шатанд гарч байгаа гэдгийг тэмдэглээд Монгол Улс олон улсын энхийг сахиулах үйл хэрэгт идэвхтэй оролцож байгаад талархаж байдгаа хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад Япон улстай идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Шаардлагатай бол шатахуун импортлох эрх, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна

    МАН-ы бүлэг өнөөдрийн хуралдаанаараа үнэ ханшийн өсөлт, түүнээс үүдэн гарсан асуудлууд цаашид эдгээрийг хэрхэн зохицуулах арга хэмжээ авах гэж байгаа талаар Засгийн газрын байр суурийг сонссон байна. Энэ талаар бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож тодорхой мэдээллийг хийлээ.

    УИХ дахь МАН-ы бүлгийн хурал дээр Засгийн газраас ойрын өдрүүдэд авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мөн цаашид арга хэмжээний талаар мэдээлэл хийж санал солилцлоо. Ард иргэддээ хандаж хэлэхэд төр засгийн ажил ажиллах зарчмаараа  явагдаж байна. Үнийн гэнэтийн өсөлттэй холбоотой  асуудал гарч ирж байгааг бид цаг алдалгүйгээр шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэхдээ хариуцлагатайгаар, үндэслэл тооцоотойгоор авч хэлэлцэн, үүнээс үндэслэн ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нягт нямбай тооцоолж байна.   

    Махны хувьд нөөц нийлүүлэлт, үнэ ханшид өөрчлөлт гарахгүй байх боломж байна. Төрөөс зохицуулах бодлого, зах зээлийн механизмтайгаа уялдуулаад ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан зөв зохицуулалтыг  хийх болно. Энэ нь ч бас МАН-ы байр суурь гэдгийг зориуд тэмдэглэн хэлье. Иргэдийн амьдрал, хөгжлийг хамгийн түрүүнд тавьж, үүний төлөө үндсэн асуудлуудыг зохицуулах үүргийг төр хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу ч , бодлогынхоо хүрээнд ч бид тодорхой арга хэмжээ авч байна.

    Мөн дотоодын гол нэрийн бүтээгдэхүүнээс гадна гаднаас хамааралтай шатахууны үнэ  ханшийн асуудал, валюутын ханштай уялдсан үнийн  өөрчлөлтийн асуудал гарч ирлээ. Харин эдгээр өөрчлөлт бодитой байсан эсэх, энэ дунд ард иргэд хохиров  гэдгийг бид авч үзэхийг зорилоо. Ерөнхий сайдын захирамжийн дагуу  энэ асуудлаар өчигдөр хоёр ажлын хэсэг байгуулагдаж, ажилдаа орсон. Махны нөөц бүрдүүлэлт  болон шатахууны үнийн  өсөлтийг судалж, нэмэгдэх болсон үндэслэлийг гаргаж ирж, цаашид авах арга хэмжээг тодорхой болгох үүднээс эдгээр ажлын хэсгүүд байгуулагдаж ажилдаа шуурхай орсон. Дүгнэлтээ ч гаргаад байна.

    Маргааш ( 2012-1-11) Засгийн газрын хуралдаанаар  энэ асуудлыг хэлэлцэж, энэ удаа авч  хэрэгжүүлэх арга хэмжээгээ маш тодорхой болгож гаргаж тавина. Бид эдийн засаг болон улс төрийн гээд хоёр асуудлыг ярьж байна. Эдийн засагт ханш, үнийн өсөлт, нийлүүлэлт , гадаад нөхцөл байдал гээд бодит асуудлууд бий. Гэхдээ энэ удаагийн шатахууны огцом өсөлтөд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн нөлөө давамгайлсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ажлын хэсэг бүх талаас нь шалгаж, дүгнэлт гаргаж байна. Энэ асуудал бодит байна уу үгүй юу,  гажуудал хаана гарсан байна гэдгийг олж , хариуцлага  тооцох болно.

    Төрийн албан хаагчдын түвшинд ч , магадгүй аж ахуйн нэгжүүдийн хувьд ч  энэ асуудал сөхөгдөж мэднэ. Өөрсдөдөө ашигтайгаар алхам хийсэн  байхыг үгүйсгэхгүй. Засгийн газрын ажил явдгаараа явна гэдгийг би оны өмнө ч хэлж байсан. Одоо ч үүнийг давтан хэлье. Улс орны ажил улс төрөөс хамаарах ёсгүй. Жингийн цуваа явдгаараа явж, улс орны Засаг төрийн ажил явдгаараа явж л таарна. Харин үүн дээр улс төр хийж болохгүй шүү.
    Тиймээс би өмнө ч улс төрийн хүчнүүдэд хандан энэ тухай уриалж байсан. Аливаа нэгэн улс төрийн хүчин ард түмний нуруун дээр дарамт болох  асуудлаар хожоо хийхгүй байх, эдийн засаг бизнесээр, улс төрийн тоглолт хийхгүй байхыг уриалсан.

    Одоо ч энэ байр сууриа хатуу илэрхийлж байна. Мөн үүнээс гадна хариуцлагын асуудал бас хөндөгдөж байна. Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор тухайн албан тушаалтан хийх ёстой ажлаа хангалтгүй хийсэн нь тогтоогдвол бид зохих хариуцлага тооцно. Мөн албан тушаалтнаас гадна буруутай нь тогтоогдвол аж ахуйн нэгжүүдэд ч арга хэмжээ авна. Шаардлагатай бол аж ахуй эрхлэх үйл ажиллагаа, түүн дотор шатахуун импортлох эрх, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг хатуу хэлье. Энэ асуудлыг бодитой бөгөөд  нухацтай авч үзэн  шуурхай  шийдвэрлэнэ. Ингэхдээ эдийн засгийн, татварын, татаасын, хариуцлагын үүднээс хандах  болно гэдгийг  Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

     

  • Ажлын хэсгүүдийн дүгнэлттэй танилцлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бензин шатахууны үнийн өсөлт, махны бодит үнэ, нөөцийн бүрдүүлэлт зэргийн талаар холбогдох салбарын сайд, газрын дарга нараас өнгөрөгч даваа гаригт тодруулга авсан билээ. Мөн үнэ өссөн бодит шалтаг, шалтгааныг тогтоож, алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохоо мэдэгдэж бензин шатахууны үнийн өсөлт, махны нөөцийн бүрдүүлэлтийн бодит байдлыг шалгах хоёр ажлын хэсэг байгуулан ажиллуулсан юм. Засгийн газрын Хэрэг  эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуунаар ахлуулсан Ажлын хэсэг махны үйлдвэрүүдээр, мөн хэлтсийн ахлах референт З.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд ажилласан бөгөөд тэдний дүгнэлтийг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд танилцуулж, цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцжээ. Эдгээр хэрэглээний барааны үнэ өсөхөд валютын ханшын өсөлт, улирлын байдал болоод зохицуулалт нөлөөлсөн, мөн улстөржилт орсон гэдгийг тус бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэллээ.

    Шатахуун импортлох гэрээг аж ахуйн нэгжүүд бус Засгийн газар гартаа авч хийдэг байя гэсэн санал ч бүлгийн гишүүдээс гарчээ. Мөн Газрын тосны үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоол гарсан гэдгийг тэрбээр мэдэгдлээ. Засгийн газар Монгол банкны хоорондын ажлын уялдааг улам сайжруулах шаардлагатай талаар ч гишүүд хэлжээ. Учир нь тэд Монгол банк валютын ханшны өсөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан ч мэдрэмж муутай байснаас авсан арга хэмжээнийх нь үр дүн тааруухан гарсан гэж үзжээ.

    Валютын ханшны өсөлт  шатахууны үнийг 200-240 төгрөгөөр нэмэгдэх үндэслэл болоогүй. Эдийн засгийн бус хийвсэр агуулгаар үнэ нэмэгдсэн. Үүнд улстөрийн өнгө аяс нөлөөлснийг үгүйсгэхгүй байгаагаа Монгол банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дарга Ч.Улаан мэдэгдлээ.
    Шатахууны үнийн энэхүү хөөрөгдөл нь өргөн хэрэглээний барааны үнэд огцом нөлөөлөх ёсгүй гэдгийг ч эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, өнөөдөр нэг кг гурилын үнэ 100 орчим төгрөгөөр өсөөд байгаа бөгөөд энэ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд нэг литр шатахууны үнэ 200-260 төгрөгөөр өсөхөд нэг кг гурилын үнэд 2-5 төгрөгөөр, микроавтобус буюу таксины хөлс 30-40 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарч байгаа юм байна. Тиймээс ийм хөөсөнцөр үүсгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хянах шаардлагатай.

    Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсаны ахалсан Ажлын хэсгийн хуралдааны үеэр тохиролцсоны дагуу үнэ нэмсэн байна. Ийм шийдвэрээ дээд газартаа мэдэгдээгүй, сөрөг үр дагаврын урьдчилсан тооцоо хийгээгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мах бэлтгэн хадгалах аж ахуйн нэгжид олгох урамшуулалд зориулан 2012 онд нийслэлийн төсөвт 7,8 тэрбум төгрөгийн баталсан нь өнгөрсөн оныхоос 1,8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 2011 онд нөөцөлж, худалдаалсан нэг кг маханд 500 төгрөгийн урамжуулал олгож байсан бол 2012 онд худалдаалах нэг кг мах тутамд 650 төгрөгийн урамшуулал олгохоор төлөвлөсөн байна.

    Мах нөөцлөх гэрээ бүхий 22 компани энэ сарын 9-ний байдлаар нийслэлийн иргэдийн 2012 оны хэрэгцээнд нийлүүлэх 12,000 тн махны 92,5 буюу 11,100 тн махыг бэлтгэн Улаанбаатар хотноо авчран нөөцөлжээ. Бензин шатахууны үнэ нэмэгдэхээс өмнө махаа нөөцөлсөн тул эдгээр нь үнэ нэмэгдэх эрсдэлээс хамгаалагдсан гэж ажлын хэсгээс дүгнэсэн байна. Эдийн засаг нь эдийн засгаараа, улстөр нь улс төрөөрөө явах ёстой. Манайд эдийн засаг улстөр хоёр дэндүү хамааралтай болсныг энэ үйл явдал бүр ч тод харуулж байна. Энэ байдлыг зогсоохгүй бол ард түмний амьдрал цаашлаад улс орны аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй гэж Ерөнхий сайд С.Батболд хатуу хэллээ.

  • БЕНЗИН ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ, МАХНЫ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БАЙДЛЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙГ БАЙГУУЛЛАА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бензин шатахууны үнийн өсөлт, махны бодит үнэ, нөөцийн бүрдүүлэлт зэргийн талаар Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, нараас тодруулга авлаа. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан өгсөн мэдээлэлдээ “Сүүлийн гурван сар дараалан нефтийн бүтээгдэхүүний үнэ огт өсөөгүй. Энэ нь Засгийн газраас онцгой албан татварын зохицуулалтыг тухай бүрт нь авч ирсэнтэй холбоотой.

    Харин энэ удаа үнийг өсгөсөн шалтгаанаа зарим импортлогч аж ахуйн нэгж ам.долларын ханш өссөнтэй холбон тайлбарлаж байгаагаа Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулсан. Тэдний тайлбарлаж байгаагаар хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 12 дугаар сард нефтийн бүтээгдэхүүнээ импортоор авах үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1345 байсан. Гэтэл өнгөрсөн баасан гарагт 1480 төгрөгт хүрсэн.

    Энэ үнийн зөрүүгээс болж шатахууны үнийг литр тутамд нь 230-260 төгрөгөөр нэмэх саналаа зарим аж ахуйн нэгж гаргасан. Улмаар дэд сайд Б.Ариунсаны ахалсан Ажлын хэсгийн хуралдааны үеэр тохиролцсоны дагуу үнэ нэмсэн байна. Харин “Петровис”, “Сод монгол” компани нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байсан ч өнөөдөр нэг литр тутмын үнийг 200 хүртэл төгрөгөөр буюу бусад аж ахуйн нэгжээс 30 төгрөгөөр хямд байхаар тооцон нэмсэн” гэлээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд тодруулга авсны дараа 2009 оны нэгдүгээр сард ам.долларын ханш 1740 төгрөг хүрч байх үед нефтийн бүтээгдэхүүний үнэ 1900 төгрөг болж өсч байсан гэсэн тайлбарыг та бүхэн өгч байна.  Тухайн үеийн хилийн үнэ болон ам.долларын ханшийн өөрчлөлтүүдийн судалгаа та бүхэн гаргасан уу? Импортлогч аж ахуйн нэгжүүд яагаад өөр өөр өдөр, өөр өөр үнэ тогтоов? Энд ямар зарчим үйлчлээд байна гэдгийг Газрын тосны газрын даргаас асууж байлаа.  “Импортлогч аж ахуйн нэгжүүдийн өөрийн үйл ажиллагааны зардал болон өрсөлдөөнөөс болж үнэ харилцан адилгүй байгаа. Бид байдлыг судалж байгаа” гэж Газрын тосны газрын дарга хэлсэн байна.

    Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар ярилцсаны дараа ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай мэдээлэл хийлээ.

    Сайд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн оны 11 дүгээр сараас  анхааруулж байсны дагуу махны нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарсан. 16 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөсөн ч 16 300 тонныг нөөцөлсөн. Улаанбаатар, Баян-Өлгий зэрэг олон аймаг нөөцийн мах бэлтгэлийн төлөвлөгөөгөө давуулж биелүүлсэн. Бодит байдалд нийлүүлэлт хэвийн, лангуун дээр мах байна. Махны үнийг өсгөсөн шалтгаанаа зарим ченж малын суурь үнэ, шатахууны үнэ, ам.долларын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа ч энэ нь бодит байдалд огт нийцэхгүй. Бид нэгдүгээр сарын 15-наас нөөцийн махаа худалдаанд гаргана. Экспортод гаргаж байгаа маханд хязгаарлалт тавьж эхэлсэн” гэлээ.

    Мөн энэ хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон Эрдэс баялаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, Эрүүл мэнд, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд нар оролцсон байна. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван Ерөнхий сайдын асуултад хариулахдаа “Эрчим хүчний үнэд өөрчлөлт орохгүй, нүүрсний нөөц хангалттай байгаа, байдал тогтвортой байна. Өр, авлага 50 хувиар буурсан” гэлээ.

    Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдоржийн хэлснээр орон сууцны үнэ ханш Орон сууц, санхүүжилтын корпорациас тогтоосон нэг метр.кв нь 850 мянган төгрөг хэвээр байна. Ер нь нэг метр.кв-ын үнэ 800-850 мянган төгрөг байх бүрэн боломжтой. Гэсэн ч зарим нэг шалтгаанаар энэ салбарт хөөсөрсөн үнэ байна. Харин эрүүл мэнд болон боловсролын салбарын үйлчилгээний үнэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэж салбарын сайдууд хэлжээ. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Үнэ ханш дээр тоглож, улс төрийн ашиг хайсан дэндүү увайгүй явуулга гарч байна. Үнэ өссөн бодит шалтаг, шалтгааныг тогтоож, алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно” гэлээ. 

    Энэ дагуу бензин шатахууны үнийн өсөлт, махны нөөцийн бүрдүүлэлтийн бодит байдлыг шалгах хоёр Ажлын хэсгийг байгууллаа.

    Засгийн газрын Хэрэг  эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуунаар ахлуулсан Ажлын хэсэг махны үйлдвэрүүдээр, мөн хэлтсийн ахлах референт З.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Ажлын хэсгүүд дээрх гол нэрийн бараа, бүтээгдэхүүний бодит үнэ, нөөцийн одоогийн байдал, нийлүүлэлт зэргийг шалгаж тогтоох юм. Ажлын хэсгүүд шалгалтын дүнгээ маргааш Ерөнхий сайдад танилцуулах юм байна.

  • ДИПЛОМАТ КОРПУС, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛД ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ БАЯР ХҮРГЭЛЭЭ

    Манай улсад гадаадын дипломат корпусын 19, олон улсын 9 байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр байгууллагын удирдлагуудыг Монголын төрийн гурван өндөрлөг шинэ оныг тохиолдуулан хүлээн авч уулздаг уламжлал бий. Энэхүү арга хэмжээ өнөөдөр Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар гадаад орнуудаас манай улсад суугаа дипломат корпусын болон олон улсын байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзан шинэ жилийн баярын мэнд хүргэж ажлын амжилт хүслээ.

    Улаанбаатар дахь дипломат корпусын ахлагч, Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Орман Нурбаев Элчин сайд нарын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэхдээ “2011 он Монгол Улсын хувьд үр бүтээлтэй, түүхт ойн жил байлаа.Мөн гаднын олон нэр хүндтэй зочноор дүүрэн жил байлаа. Монгол Улс 2011 онд Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудыгтэргүүлж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Үүнээс гадна Монгол Улс нь олон улсын энхийг сахиулах үйлсэд хамгийн идэвхтэй оролцогчийн нэг билээ.

    Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Улс оронд нь гадны хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлүүд бүрэлдэн, шинэ үйлдвэрүүд нээгдэн, шинэ ажлын байрууд бий болж байна” гэдгийг тодотгон хэлж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт хандаж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд газар тариаланчид арвин ургац хурааж, малчин түмэн маань элдэв зуд гамшиггүйгээр шинэ оноо угтан авлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт давхар оронтой тоогоор илэрхийлэгдэн гарах сайхан төлөв харагдаж байна. Гадаад харилцаа манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бүрт өргөжин тэлж, гадаад эдийн засгийн харилцаа нэмэгдэв. Гадаад худалдааны эргэлт өсч, анх удаа 10 тэрбум ам.доллар давлаа” хэмээн тэмдэглэлээ.
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дипломат төлөөлөгчийн газрын удирдлагуудтай уулзан, мэндчилгээ дэвшүүлэхдээ “Өнгөрөгч 2011 онд манай улсын төр, засгийн тэргүүнүүд гадаадын орнуудаар айлчлахын зэрэгцээ БНЭУ, БНСУболон Финландын Ерөнхийлөгч, АНУ-ын дэд Ерөнхийлөгч, ХБНГУ-ын Канцлер нарын дээд хэмжээний төлөөлөгчдийг эх орондоо хүлээн авсан нь манай орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд эдгээр айлчлалыг амжилттай зохион байгуулахад манай улс дахь дипломат төлөөөлөгчийн газрын удирдлагууд чухал үүрэг гүйцэтгэснийг  тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.