Blog

  • Сайжруулсан зуух хэрэглэж байгаа айлуудын гудамжинд утаа байхгүй болжээ

    Улаанбаатар хот утаанаасаа бүр мөсөн салж чадахгүй 20 гаруй жил болж байна. Энэ асуудал үе үеийн Засгийн газрын толгойн өвчин болсоор ирсэн. Гэхдээ хонгилын үзүүрт гэрэл гарч сүүлийн нэг жилд нийслэлийн утаа зарим бүсэд багасч байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанд хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 774 өрхөд шал, хана, тааз, радиатор, зуухны цахилгаан  халаагуурыг тавьсан. Дээрх  арга хэмжээнд төвийн зургаан дүүргийн 56802 өрх  хамрагдаад байна.

    Сайжруулсан зуух хэрэглэж байгаа айлуудын гудамжинд утаа байхгүй болсон. Утаанаас салья гэсэн бодол хүн бүрт байх ёстой. Одоо иргэдээс өөрсдөөс нь шууд шалтгаалах тийм сонголт ирж, нийслэлийн иргэн бүр, айл өрх болгон санаачилгатай хандаж, өөрийн болон бусдын өмнө хариуцлага хүлээх шаардлагатай байна” гэж онцлон тэмдэглэлээ. Ер нь гэр хорооллын 180.0 мянган өрхийн ердийн зуух  болон  түүхий  нүүрсний  хэрэглээг сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр 2011-2012 онд  сольсноор агаарын бохирдлыг 60 хувиар бууруулах боломжтой гэж тэрбээр үзэж байна.

    Улаанбаатар хотын гэр хороололд хязгаарлалтын бүс тогтоож, түүхий  нүүрс түлж байгаа 180 мянган айл өрхийг  эрчим  хүчний  хэмнэлттэй  бүтээгдэхүүн  болон боловсруулсан  түлшээр  хангах, дотоодын нүүрснээс хийн түлш үйлдвэрлэн хийн түлшний сүлжээ  бий  болгон ажиллах, Улаанбаатар хотын инженерийн барилга, байгууламжийг нэмэгдүүлж “100 000 айлыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас  хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд цогц мэдээлэл хийлээ.

    Энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.        

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар 

    УИХ-ын  дарга,

    Эрхэм  гишүүд ээ,

    Монгол  Улсын  Засгийн  газраас  Улаанбаатар  хотын  агаарын  бохирдлыг  бууруулах  ажлыг дараах  3  зорилтын  хүрээнд  хэрэгжүүлэн  ажиллаж байна.

    1. Улаанбаатар хотын гэр хороололд хязгаарлалтын бүс тогтоож, түүхий  нүүрс түлж байгаа 180 мянган айл өрхийг  эрчим  хүчний  хэмнэлттэй  бүтээгдэхүүн  болон боловсруулсан  түлшээр  хангах

    2. Дотоодын нүүрснээс хийн түлш үйлдвэрлэн хийн түлшний сүлжээ  бий  болгон ажиллах

    3. Улаанбаатар хотын инженерийн барилга, байгууламжийг  нэмэгдүүлж  “100 000 айлыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг эрчимжүүлэх эдгээр  болно. 

    Нэг. Хууль, эрх  зүйн  хүрээнд 

    Засгийн  газраас “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг  боловсруулж, “УИХ -ын 2010 оны 36 дугаар тогтоолоор уг хөтөлбөр “Шинэ бүтээн байгуулалт” нэртэйгээр батлагдсан нь гэр хорооллын айл өрхийн зуух-яндан-түлшний  бүтэц, шаталтын технологийг өөрчлөн сайжруулах, нам даралтын уурын  зууханд технологийн шинэчлэл  хийх, гэр,  орон  сууцны  дулаалгыг сайжруулах  замаар түүхий нүүрсний хэрэглээг багасгаж, утаа тортогны ялгаралтыг 50 хүртэлх хувиар бууруулах, хотын тоос, тортог, хог хаягдлыг багасгах, утаа тоосыг  шингээн  саармагжуулагч гол  арга  хэрэгсэл  болсон  мод, зүлэг , ногоон  байгууламжийн нэг хүнд ногдох хэмжээг 20м2 хүртэл  нэмэгдүүлэх, нийтийн  зорчигч тээврийн шинэ төрлийг үйлчилгээнд нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг  хийн түлшинд шилжүүлж, авто тээврийн хэрэгслээс ялгарах утааг бууруулах эрх  зүйн  болон  эдийн  засгийн таатай орчин  бүрдсэн  юм.

    “Агаарын тухай” хуулийг шинэчлэн, “Агаарын бохирдлын төлбөрийн  тухай” хуулийг баталснаар агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан  сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж, хяналт тавих, бохирдуулагч нь төлбөр төлөгч байх олон улсын зарчмыг хуульчилсан нь  агаарын бохирдолтой  тэмцэх санхүүгийн эх үүсвэр бүрдэх нөхцөл боллоо. Мөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг  хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг  тогтоож, уг бүсийн дэглэм, эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг  зохицуулах  үйл  ажиллагаа сайжирч  байна. 

    Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг  Засгийн газар батлан хэрэгжүүлж байна. 2011 онд “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр  хорооллын айл өрхөд  цахилгаан  эрчим хүчний үнийг  50  хувиар  бууруулах  урамшуулал олгох тухай, “Агаарын  бохирдлыг  бууруулах, дулаан  алдагдлыг  багасгах, эрчим  хүч хэмнэх чиглэлээр  үйл  ажиллагаа  явуулж  буй аж  ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох  тухай” журмуудыг Засгийн газрын  тогтоолоор, “Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий  нүүрсийг  хязгаарлах,  үндсэн бүсэд орших айл өрхийг боловсруулсан түлшээр хангах нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан урьдчилгаа санхүүжилт олгох тухай” журам, хороодын хэсгийн ахлагч, дүүрэг бүрт ажиллах гэрээт ажилтнуудад урамшуулал олгох, боловсруулсан  түлш  хангалттай  үнээр  худалдан  авах, сайжруулсан зууханд нэмэлт татаас олгох тухай тогтоол, шийдвэрийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоол, Байгаль орчин, аялал  жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  захирагчийн хамтарсан тушаал, захирамжуудыг гарган хэрэгжилтийг  нь  ханган ажиллаж байна. 

    Одоогийн байдлаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай  хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл, шалгуурыг хангасан, агаарын чанарыг  сайжруулах бүсэд багтах 40 орчим мянган айл өрх  эрчим хүчний  хөнгөлөлтийн урамшуулал, давхардсан тоогоор 11 мянга гаруй айл өрх хөнгөлөлттэй үнээр  боловсруулсан түлш худалдан авахад 3,8 тэрбум төгрөг, брикетин түлш үйлдвэрлэгч 3 аж ахуйн нэгж, үртсэн  шахмал түлш үйлдвэрлэгч 7 аж ахуй  нэгж, нийт 10 байгууллага 2,6 тэрбум төгрөгний урьдчилгаа санхүүжилтийг үе шаттайгаар, гүйцэтгэлээрээ авч үйлдвэрлэлээ  явуулж  байна. 

    Мөн 70 мянган ширхэг сайжруулсан зууханд 5.9 тэрбум төгрөгийн  татаас, дотоодын үйлдвэрлэгчдийн 10 мянган ширхэг зууханд 1.4 тэрбум төгрөгийн  татаас, 300 айл өрхөд 100 хувийн хөнгөлөлтэйгээр хийн халаагуур турших ажилд 733 сая төгрөгийн татаас, хороодын хэсгийн ахлагч нарын  урамшуулалд  220 сая төгрөг, бүгд 12,2 тэрбум  төгрөгийн  урьдчилгаа  санхүүжилт, татаас, урамшууллыг “Цэвэр агаар” сангаас олгоод байна. АНУ-ын Мянганы сорилтын сангаас Агаарын бохирдлыг бууруулахад 31,2 сая ам.долларын буцалтгүй тусламжийг 2009-2013 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ ажлын явц 60% -тай байна.

    Хоёр. Гэр хорооллын зарим айл өрхийг цахилгаан болон хийн халаагуурт шилжүүлэн, сайжруулсан зуухаар хангах талаар    

    УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг эхний ээлжинд 6000 айл өрхийг  цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах  боломжтой гэсэн дүгнэлт гаргасан юм. Цахилгаан  халаагуур  хэрэглэж байгаа айл  өрхийн шөнийн цагаар (оройн 18 цагаас өглөөний 9.00 цаг)хэрэглэсэн 3000 квтц хүртэлх цахилгааны төлбөрийг  сард 50 хувиар бууруулж, урамшууллыг 148 өрхөд олгож байна. Мөн дулаалгатай гэр, амины орон сууцтай, хийн түлш болон сэргээгдэх  эрчим хүч хэрэглэдэг, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцтай, сайжруулсан  зуухтай айл өрхөд сард хэрэглэсэн 200 квтц хүртэлх  цахилгааны төлбөрийг 50 хувиар бууруулах хөнгөлөлтийг 8041 өрхөд үзүүлсэн байна.

    Гэр хороололд хязгаарлалтын бүсүүдийг тогтоож, түүхий нүүрс түлж  байсан 180 мянган айлын зуухыг солих ажлыг эхлүүлэв. 2011 онд 70 мянгыг  солино. Өнөөдрийн байдлаар 43500 айл буюу 64,7 хувь нь сайжруулсан зуух  аваад байна. 111 мянган зуухыг 2012 онд солино. Төслөөр хангаж байгаа 180  мянган сайжруулсан зуухыг сольсноор агаарын бохирдлыг 60% багасгана  гэсэн мэргэжлийн байгууллагын тооцоо байгаа юм.

    Түүнчлэн Нийслэлийн 2011 оны хөрөнгө оруулалтаар 774 өрхөд шал, хана, тааз, радиатор, зуухны цахилгаан  халаагуурыг тавьсан байна. Дээрх  арга хэмжээнд төвийн зургаан дүүргийн 56802 өрх  хамрагдсан байна. Сайжруулсан  зуухыг хэрэглэж байгаа айлуудын гудамжинд утаа байхгүй байгаа. Утаанаас  салья гэсэн бодол хүн бүрт байх ёстой. Одоо иргэдээс маань өөрсдөөс нь шууд шалтгаалах тийм сонголт ирээд байна, нийслэлийн иргэн бүр, айл өрх болгон үүнд санаачлагатай хандаж, өөрийн болон бусдын өмнө хариуцлага хүлээх шаардлагатай байгааг зориуд дурдан хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

    Гурав: Авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах, шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр

    2011 оны тээврийн хэрэгслийн улсын тооллогоор Улаанбаатарт 263.5 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн нь улсын хэмжээний нийт тээврийн хэрэгслийн 63,9 хувийг эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 65 хувь нь бензин, 34 хувь нь дизель, 1 хувь нь хийн болон хосолмол түлш хэрэглэж байна. Хотын утааны 20 % нь автомашины яндангаас гарч байна.

    Автомашинаас ялгарч буй утааг багасгах ажлын хүрээнд 1523 суудлын машиныг шингэрүүлэн шатдаг хийн хэрэглээнд шилжүүлж, 15 автобусыг троллейбус болгон өөрчилж, 18 троллейбус дуобус шинээр угсарч, их багтаамжийн 290 автобусанд түлшний найрлагыг сайжруулах, хэмнэлтийг дээшлүүлэх, утааны бохирдлыг бууруулах зориулалттай төхөөрөмжийг суурилуулсан байна.

    Дөрөв. Цэвэр түлшний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх талаар

    Монгол Улс нүүрснээс гаралтай байгалийн хийн нөөцийн эх үүсвэртэй учраас хийн түлшний үйлдвэрлэлийн 70%-ийг нүүрсэнд тулгуурлаж  үйлдвэрлэх боломжтой бөгөөд одоогийн байгаа эрчим хүчний хэрэгцээнд шилжүүлэхэд  2000-3000 жилээс илүү хугацаанд ашиглах  бололцоотойг  мэргэжилтнүүд  тооцоод  байна. 

    Иймээс өөрийн орны нөөц  баялаг, түүний  дотроос  нүүрсийг  хийжүүлэх, нүүрснээс нийллэг хий  гарган  авах, үйлдвэрлэх, нүүрсний  давхаргын  метан  буюу нүүрсэн дэх байгалийн хийн нөөцийг тогтоох, олборлох санал  санаачлагуудыг өрнүүлэх, илүү хямд хийн түлшийг эрчим хүчинд ашиглах  боломж бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах хэрэглээнд өргөнөөр  нэвтрүүлэх талаар гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж  байна.  

    Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос  баталсан “Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах, үндсэн бүсэд орших айл өрхийг боловсруулсан түлшээр хангах, нөөц  бүрдүүлэхтэй холбогдуулан урьдчилгаа санхүүжилт олгох журам”-ын дагуу боловсруулсан түлш үйлдвэрлэгч  “МАК” ХХК зэрэг  10 гаруй  аж  ахуйн  нэгжтэй  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Түлш  нийлүүлэх  гэрээ” байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2011 оны байдлаар 3043 тн түлш нөөцлөн, түлш борлуулах  14 цэгээр 11.0 мянган айл  өрхөд нийлүүлсэн  байна.

    Нийслэл хот өөрийн хөрөнгөөр Булган аймгийн Хялганат тосгонд жилдээ 9 мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үртсэн түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулж,  зорилтоо хангах хэмжээний түлш нөөцөлсөн байна. Мөн био дизель түлшний үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэлийн хаягдал глицеринийг боловсруулах тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах, түүхий эд, химийн урвалж бодисоор хангах зорилгоор Эн-Би-Эф ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж гэрээний дагуу 20 тн био дизель түлш, 150-200 тн халаалтын шингэн түлш үйлдвэрлэж нийлүүлжээ.

    2011 оны 1 дүгээр сард ЭБЭХЯ, БОАЖЯ, НЗДТГ, “MCS холдинг”  ХХК-ийн нүүрснээс 100,0 мянган тн диметилэфир (DME) гарган авах, үйлдвэрлэх талаар  Санамж бичиг байгуулан, Баянзүрх дүүрэгт эхний ээлжинд 100 өрхөд нийлүүлж эхлээд байна. Цаашид нүүрсийг хийжүүлэн,  гадаад зах зээлээс өндөр үнээр авч  хэрэглэж буй шингэрүүлсэн шатдаг хий буюу пропан, бутаныг дотоодын эх  үүсвэрээр хангах асуудлыг эрчимжүүлэн Улаанбаатар хотын алслагдсан  дүүргүүдийг  хэсэгчлэн  хангах  зорилт  тавин  ажиллаж  байна. 

    Монгол-Солонгосын эрчим хүч, эрдэс баялгийн салбарт диметилэфирийг нүүрсний давхаргын метан хийнээс гарган авах судалгааны ажил хийхээр 2009 онд Санамж бичигт гарын үсэг  зурж, хамтарсан судалгааны ажлыг  хийж байна. Газрын тосны боловсруулалтаас шингэрүүлсэн шатдаг хий гарган авах  үйлдвэрийг Дорнод, Дорноговь аймагт байгуулах, Багануур, Төгрөг нуур, Цайдам нуурын хүрэн нүүрсийг хийжүүлэн эрчим хүчний үйлдвэрийг нийлэг  хийгээр хангахын зэрэгцээгээр жилд 20-50 мянган тн диметилэфир үйлдвэрлэх судалгааны ажил хийгдэж  эхлээд  байна.

    ДЦС-2 ТӨХК дээр түшиглэн жилд 210 мянган тн брикетэн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэн 2012-2013 онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Энэ үйлдвэр баригдсанаар нэг өрх өвлийн улиралд 2,0 тн брикетэн түлш хэрэглэнэ гэвэл 100 мянган өрхийн хэрэгцээг хангаж агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулах нөхцөл бүрдэнэ. Гэр хорооллын 180.0 мянган өрхийн ердийн зуух  болон  түүхий  нүүрсний  хэрэглээг сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр 2011-2012 онд өөрчилснөөр агаарын  бохирдлыг  60%-иар  бууруулах  боломжтой юм.   

    Тав. Гэр хорооллыг барилгажуулах тухай 

    Нийслэл болон орон нутагт 100 мянган  айлын  орон  сууц  барих  төсөл  боловсруулж  хэрэгжүүлэх, бага  дунд  орлоготой иргэдийг орон сууцжуулах  бодлогод  ахиц  дэвшил гаргана гэсэн  зорилтыг дэвшүүлэн  ажиллаж  байна. Энэ зорилтыг  хангах үүднээс “Шинэ  бүтээн  байгуулалт” дунд  хугацааны  зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хорооллуудын ерөнхий төлөвлөгөөнүүд батлагдан, 170.0 га  талбайд 12500айлын  орон  сууц баригдах  Буянт- Ухаа хорооллын 350 мм-ийн  голчтой, 11.6 км урттай  дулааны  гол  шугамыг 700 мм-ийн голчтой болгон өргөтгөх  ажлыг 8.4 тэрбум  төгрөгөөр  хийгээд байна. 

    Мөн  529.0 га  талбайд  18000 айлын  орон  сууц  баригдах  Баянгол  амны  5,5 км  урттай  дулааны  шугам, 200-600 мм-ийн голчтой 7,2 км урттай  бохирын, 300-600 мм-ийн голчтой 12,1 км урт цэвэр усны шугамын, 1500 м3 багтаамжтай усан сан хоёрыг хийсэн  байна. 120.0 мянган га талбайд 15000 айлын орон сууц баригдах 14 дүгээр  хороололд  дулаан  хангамжийн  гол  шугам  12 дугаар  магистралыг 500 мм-ийн голчтой байсныг 700 мм болгон  өргөтгөн шинэчлэв.  

    27 га талбайд 4200 айлын орон сууц баригдах МҮОНРТ-ийн орчны орон сууцны хорооллыг инженерийн шугам сүлжээгээр хангах, дулаан цахилгаан, цэвэр, бохир усны ажлын зураг хийгдэн, БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр барилга  угсралтын ажлыг эхлүүлээд  байна. 210.0 га  талбайд  10000 айлын  орон  сууц баригдах 7 дугаархорооллын   дэд  бүтэц, шугам сүлжээний  тросс  болон  эхний  ээлжинд  орон  сууц барих  талбайд суурьшиж буй айл өрхийг нөхөн олговортойгоор нүүлгэн  шилжүүлэх, газар чөлөөлөхөд 20 тэрбум төгрөг зарцуулан, уг ажлыг хариуцан зохион  байгуулах “Гэр хорооллын барилгажилт төслийн нэгж”-ийг байгуулан  инженерийн шугам сүлжээ болон авто замын траст орж буй 854 нэгж талбайг чөлөөлөхөөс 170 гаруй  нэгж  талбайг  чөлөөлж, 113 айлын  нөхөн  олговрыг  олгосон  байна. 

    Газраа  чөлөөлсөн  иргэд  болон  түр оршин  суугч суух  зориулалт  бүхий  300 айлын 11 давхар 2 орон  сууцны барилга угсралтын ажил 90 хувийн  гүйцэтгэлтэй байна. Энэ хорооллын инженерийн хангамжийг шийдвэрлэх зорилгоор 25 дугаар гол цуглуулах шугам, дулаан хангамжийн 1,16,12 магистралыг өргөтгөн шинэчлэх хөрсний ус зайлуулах барилга байгууламж барих ажлыг БНХАУ-ын  Засгийн  газрын  хөнгөлөлттэй  зээлийн  хөрөнгөөр эхлүүлэн  1338 айлын  орон  сууцны  барилга  угсралтын  ажил  хийгдэж  үүнээс 638 айлын орон  сууцны  барилга  ашиглалтад  орлоо. 

    Дэнжийн мянга, Мамба дацан, КТМС орчмын 50 нам даралтын халаалтын зуухтай хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбов. Нийслэлийн  хэмжээнд 2011 онд  нягтрал  сайжруулах  чиглэлээр  төвийн 6  дүүрэгт 7175, гэр хороололд 1851, нийт 9026 айлын орон сууц ашиглалтад  оруулсан.

    Зургаа. Бусад ажлын талаар

    Агаарын чанарыг сайжруулан, түүхий нүүрсийг хязгаарлах бүсэд орсон айл өрх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, боловсруулсан түлшний нөөцлөлт хадгалалт борлуулалтад хяналт шалгалтын ажлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, холбогдох байгууллага, дүүрэг хороодтой хамтран тогтмол хийж байна. Агаарын чанарын мэдээ болон агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр мэдээлж байна.

    Дулааны цахилгаан станцуудын үнсэн сангийн найрлага, агууламжийг тодорхойлох, гадаад орнуудад үнс ашиглаж байгаа технологийг судлах, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх боломжийн талаар Шинжлэх ухааны академи, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, МУИС-ийн Цөмийн судалгааны төвүүд судалгааны ажил хийж байна.  Улаанбаатар хотын Агаарын чанарын 2011-оны 10-12 дугаар сарын мэдээг, 2010 оны мөн сарынхтай  харьцуулж, жилийн дунджаар агаарын  чанарыг хянах  11  харуул  тус бүрээр  нь  авч  үзвэл:

    1. Агаар  дахь  хүхэрлэг  хийн  агууламж (SO2)-ийн  хувьд 

    Баруун  4  зам, Монгол Газар, Мишээл  Экспоорчимд 2011 оны  10,11,12-р  саруудад 0,9-3,8% -иар буурсан  бол бусад харуулын  хэсэгт 2,68 -аас 55,7%-иар  өссөн  байна.

    2.  Азотын  давхар  исэл /NO2/

    Баруун 4 зам, Монгол  газар орчимд  2011 оны 10,11,12-р  саруудад 4,5-5,95%-иар буурсан  бол  бусад  харуулын  хэсэгт  23,5- 60,7%-иар  өссөн  байна.

    3.  Том  ширхэглэгт  тоосонцор  PM10

    Баруун 4 зам, Мишээл  Экспо орчимд  2011 оны  10,11,12-р саруудад 2-5,1%-иар буурсан  бол бусад  хэсгүүдэд 17,5- 90,2%-иар  тус  тус өссөн  байна. Агаарын чанарын хэмжилтийн дүнгээс харахад салхины хурд,  температурын  өөрчлөлт, энверсийн өндөр, галлагааны эрчимээс хамааран утааны ерөнхий байдал буурахгүй байгаа ч гэсэн агаарын найрлага дахь  хорт  бодисын зарим хэмжээ, зарим үзүүлэлтээрээ  буурч байгаа  нь харагдаж  байна.    

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах үндсэн арга бол нүүрсийг  хийжүүлэх, нүүрснээс нийлэг хий гарган авах, үйлдвэрлэх, нүүрсний  давхаргын метан буюу нүүрсэн дэх байгалийн хийн нөөцийг тогтоох, олборлох,  илүү хямд хийн түлшийг эрчим хүчинд ашиглах боломжийг бүрдүүлж, хийн  түлшний  хангамж  сүлжээг бий  болгох, гэр хорооллыг барилгажуулан, иргэдийг тохилог орон сууцаар хангах асуудал бөгөөд үүнийг бид шийдвэрлэх болно.

    Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн тоо жил бүр өсөн, түүний эзлэх талбай өмнөх оноос 1165 га буюу 17,9 хувиар нэмэгдсэн зэргээс үзэхэд утааг үйлдвэрлэгч эх үүсвэрийн тоо нийслэлд тасралтгүй нэмэгдэж байгаа нь бодит бэрхшээл учруулж байна. Гэр хорооллыг барилгажуулахын тулд ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх тулгамдсан зарим асуудлыг дурьдвал:

    1. Гэр хорооллыг барилгажуулах талбайд бусдын өмчлөлд, эзэмшил, ашиглалтад байгаа газрыг орон сууцаар солих буюу тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчин, нөхөн олговрыг тодорхой болгох шаардлагатай байна.

    2. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль, Газрыг албадан хураах тухай зэрэг хуулийг батлах

    3. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулан, журамтай шилжилтийн тогтолцоог бүрдүүлж, байршил суурьшлийг зохицуулахад эдийн засгийн хөшүүргийг зохистой хэрэглэх

    4. Их, дээд сургууль оюутны хотхоныг Багануур дүүрэгт төвлөрүүлэн ачаа тээврийн ложистик төвүүдийг Хонхор, Багахангай дүүрэгт  барьж,  Хөшөөтийн хөндийд Олон улсын нисэх буудал байгуулан улмаар Зуунмод  хотыг дахин  төлөвлөн, суурьшлийн  бүсийг  бий  болгох

    5. Хотын гэр хорооллын хүн амыг сийрэгжүүлэхийн тулд захын дүүргүүдийн хөгжлийг илүү тэтгэж, тэдгээрт ажлын байр бий болгох, иргэдийн тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг авч хэрэгжүүлэх 

    6. Улаанбаатар хотод шинэ суурьшил бий болгох ажлыг төлөвлөн, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлж, Буянт-Ухаа, Нисэх, Баянголын ам, Орон сууцны 7, 14-р хорооллын инженерийн дэд бүтцийг барьж байгуулах, Нисэхийн цэвэр усны эх үүсвэр болон цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийг эхлүүлэх

    7. Төлөвлөгдсөн гэр хорооллуудад инженерийн дэд бүтцийг хүргэх ажлыг өргөтгөн, амины орон сууцыг нэмэгдүүлэх

    8. Хотын гэр хорооллын тэлэлтийг зогсоож, эрсдэлтэй бүсэд амьдарч буй 28 мянган айл өрхийг төлөвлөсөн суурьшлийн бүсэд нүүлгэн шилжүүлэх зэрэг болно.

    УИХ-ын эрхэм гишүүдээ

    Хамтарсан Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, тулгамдсан зарим асуудлын талаар товч мэдээлэл хийхэд ийм байна. Та бүхний энэхүү мэдээлэлтэй холбогдон гаргах санал, зөвлөмжүүдийг Засгийн газар бодлого үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

    Баярлалаа.  

    2012 оны 1 дүгээр сарын 6        УИХ-ын чуулганы танхим

  • Ардчилсан нам Засгаас гарах болсонд Ерөнхий сайд харамсал илэрхийллээ

    Монгол улсын Ерөнхий сайдМАН-ын дарга С.Батболд өнөөдөр мэдээлэл хийлээ. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах болсноо Ардчилсан нам мэдэгдсэнтэй холбогдуулан Засгийн газрын тэргүүн ийн мэдээлэл хийх болсон юм.“Өнөөдөр Ардчилсан намын удирдлагуудаас хийсэн мэдэгдэлтэй холбогдуулаад хамтарсан Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргын хувьд тодорхой хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй хэмээн бодож байна. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өчигдөр надтай уулзаж, хамтарсан Засгийн газраас гарах тухай санал бодлоо хэлсэн. Хамтарсан Засгийн газрын тэргүүний  хувьд бидний өмнө тавьсан зорилт, хийж дуусгах ёстой олон зүйл байгаа.

    Ард түмэн, улс эх орныхоо хөгжлийн эрх ашгийн үүднээс хамтарсан ажлаа дуусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа би тэргүүн шадар сайдад тавьсан. Өнөөдөр АН-ын удирдлагууд мэдэгдэл гаргаж 2012 оны улс төрийн сонгуультай холбогдуулж хамтарсан Засгийн газраас гарах бодолтойгоо илэрхийллээ. Тэдний хийсэн энэ мэдэгдэлд харамсч байна. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг үг байдаг шүү дээ. Гайхахаар алхам боллоо гэж улстөрчийн болоод хувь хүний хувьд дүгнэж байна.

    2008 оны сонгуулийн үр дүнд МАН олонхийн суудлыг авсан. 76 суудлаас 46-г нь авсан. Улс эх орныхоо томоохон асуудлыг хамтдаа шийдвэрлэе, хамтарч байж ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж чадах юм байна, эв нэгдэлтэйгээр томоохон асуудлуудыг улс эх орныхоо эрх ашгийн үүднээс шийдэж чадах юм байна гэж АН-ыг Засгийн газар байгуулахдаа урьсан. Ардчилсан нийгэмд хамгийн дээд ардчилалтайгаар Засгийн газрыг  хамтарч байгуулсан  нэг хэлбэр байлаа.  

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ардчилсан засаглалыг байгуулах нь зүйтэй хэмээн ярьсан байна. Харин ч МАН-ын санаачилгаар  бид хамгийн ардчилсан, хамтарсан, зөвшилцсөн засгийг байгуулсан. Эцсийн зорилго маань хамтарч тодорхой зорилтууд өмнөө дэвшүүлээд, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгож, түүнийгээ хэрэгжүүлье. Энэ ажил маань улс орны эдийн засгийг үсрэнгүй хөгжлийн төвшинд гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байсан. Ийм төвшинд ч ажиллаж, өндөр хөгжлийн суурийг тавьсан байгаа.

    Бид хамтарч санхүү эдийн засгийн том хямрал, өвлийн хүнд зуд турханыг хамтдаа  даван гарч чадсан. Эдийн засгийн том хямралыг давж эдийн засгаа 20 хувь хүртэл өсгөж чадсан гээд олон ажлуудыг бид хамтдаа хийсэн. Цаашид хийх шийдвэрлэх олон чухал асуудлууд хүлээгдэж байна. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал нь гэж ярьдаг. Зорилгоо бид дуусгах ёстой гэж бодож байна. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт 82 хувьтай байгаа. Үлдсэн хугацаанд биелэлтээ бүрэн хэрэгжүүлэхийг ард түмэн хүлээж харж байна.

    Яг энэ агуулгаар бид хамтарч ажиллах ёстой гэж үзэж ирсэн. Өнөөдөр АН-ын нөхдүүд маань ҮЗХ-гоороо ярьж эцсийн шийдвэрээ гаргана гэсэн байна билээ. ҮЗХ-гоороо хариуцлагатай нухацтай ярих байх гэж итгэж байна. Улс орныхоо хөгжлийн том асуудлуудыг улс төрөөс илүүд үзэж, өмнө нь тавьж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгж ч ойлгож байгаа. 2008 онд бид сонгуулийн үр дүнгээр ажиллах биш, харин ард иргэд,эдийн засаг нийгэм улс орныхоо хөгжлийн үр дүнгээр ажиллах ёстой гэдгийг суурь болгож ирсэн байгаа. Цаашид ч гэсэн дээрх зарчмаа барьж ажиллана гэдгээ хэлэх нь зөв гэж бодож байна.  Бид хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа  зөвхөн улс төрийн шийдлээс гадна эрхзүйн шийдэл гаргасан түүхтэй. Хамтарсан Засгийн газрыг байгуулах тухай гэрээ байгаа. Гэрээндээ хоёр нам улс төрийн сонгуульд тусдаа орж болно гэж тусгасан байдаг.  

    Орох ч ёстой. Бид ингэж ч  үзэж байгаа. Гэхдээ улс орныхоо  хөгжлийн эрх  ашгийн төлөө дэвшүүлээд  тавьчихсан том зорилтуудаа хамтдаа шийдэж , ажиллах  тухай  гэрээндээ тусгасан. Өөрөөр  хэлбэл дараагийн бүрэн эрх бий болтол буюу шинэ УИХ бүрэлдэх нөхцлийг хүртэл хамтарсан Засгийн газар ажиллах боломжтой гэж гэрээнд заасан байгаа. Нөгөө талаасаа хамтарсан Засгийн газар байгуулахдаа  хоёр нам  зөвшилцөж байж,  онцын чухал асуудал үүсвэл   зөвлөлдөх хороогоороо ярилцаж шийдвэрлэнэ гэсэн заалт ч гэрээнд байгаа. Тийм учраас гэрээний асуудлаа ч гэсэн нухацтай авч үзэх байхаа гэж бодож байна” хэмээн Ерөнхий сайд С.Батболд мэдэгдлээ.

  • 2012 ОНЫГ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАСГИЙН ГАЗРААС ЗАРЛАЛАА

    Монгол Улсын Засгийн газар 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил  болгон зарлаж 70 гаруй мянган байнгын ажлын байр шинээр бий болгосон. Энэ ажлыг үргэлжүүлж, ажилгүйдэл, ядуурал гэсэн ойлголтыг бүрмөсөн халахын тулд 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгож байгаагаа өнөөдөр болсон шинэ оны анхны хуралдаанаараа албан ёсоор зарлалаа.

    “Монгол төрийн бодлогын цөм нь монгол хүн, монгол айл өрх юм. Өрхийн амьжиргааг бүх шатандаа дэмжих ёстой. Тиймээс ч 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, хөгжлийн хөтөлбөрийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Өрхийн амьжиргааг бүх шатанд дэмжих ёстой. Энэ бол Засгийн газрын үндсэн үүрэг. Тэр тусмаа бага орлоготой иргэдийнхээ амьжиргааг дундаж хэмжээнд хүргэх, идэвх санаачилгатай ажиллаж байгаа өрхийг урамшуулах бодлого баримталсан хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ.

    Бага орлоготой өрхийг дэмжихдээ дан ганц санхүүгийн дэмжлэг үзүүлэх бус байнгын ажлын байраар хангах, тэтгэлэг, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээнд хамрагдаж байгаа эсэх, чадаагүй бол хэрхэн хамруулах зэрэг асуудлыг бүхэлд нь авч үзнэ. Мөн хүмүүсийн идэвх санаачилгатай ажиллах амьдралын арга хэлбэрийг илүүтэй урамшуулна. Энэ нь халамжийг хавтгайруулах биш, илүү үр дүндтэй, өгөөжтэй зорилтот бодлого болж хэрэгжих ёстой. Энэ бүхэн “Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн гол цөм байх болно. Санхүү, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, бусад төсөл, хөтөлбөртэй уялдуулсан бодлогоо ойрын үед тодорхой болгоно” гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд мэдэгдлээ.

    Энэ хүрээнд Ерөнхий сайдын санаачилгаар бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн улсын зөвлөлгөөнийг ирэх сард хийнэ гэдгээ тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ зарлалаа. Өрхийн хөгжлийг  дэмжих хөтөлбөрийг ажил болгох, үр дүнд хүргэх эсэх нь дан ганц Засгаас бус нөгөө талаас иргэдээс шууд хамаарна. Хамтын зүтгэл, хамтын хариуцлагаар бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлж, энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

    2011 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгож  зарласны үр дүнд 70 гаруй мянган ажлын байр шинээр бий болгож чадсан. Энэ ажил энэ онд ч үргэлжлэх юм. Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд  хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог Засгийн газрын тэргүүн С.Батболд ахална.

    Эдийн засгийн өсөлтийн үр шимийг шууд хүртэж чадахгүй байгаа өрхийг өөрсдийнх нь оролцоо, санаачилгад тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт зэрэг багц үйлчилгээгээр дэмжиж, Мянганы хөгжлийн  зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих нь энэ жилийн ажлын гол зорилго гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тодотголоо.

    Өрхийн хөгжлийг дэмжих энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, салбарын бодлого, үйл ажиллагааны хүрээнд хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Энэ арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах юм байна. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, одоогийн хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээтэй уялдуулах юм.

    “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлыг харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, тухайн салбар болон орон нутгийн хэмжээнд бага орлоготой өрхийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хийсэн ажлын тайланг Үндэсний хороонд улирал тутам хүргүүлж байх үүргийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өглөө.

    Түүнчлэн Засгийн газар нийгмийн халамжийн тогтолцоог үр ашигтай болгож, ядуурлыг бууруулахад оруулах хувь нэмрийг нь дээшлүүлэх, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн, өрхөд чиглүүлж, хамрах хүрээг нь оновчтой тогтоох, тэтгэмж, тусламжийн хэмжээг нэмэх, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор холбогдох хуулийг шинэчлэхээр УИХ-аар хэлэлцэж байна. Халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод түвшинд ойртуулж нэмэх, тэтгэвэрт тавьдаг олон шалгуурыг өөрчилж, “Нийгмийн даатгалын сан”-гаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настанд халамжийн тэтгэвэр  авах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ.     

    Энэ оноос нийт өрхийн 60 хувийн мэдээллийг багтаасан санг ашиглалтад оруулна гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Ингэснээр нийгмийн халамж төдийгүй нийгмийн зориулалттай бусад хөтөлбөр, төсөлд хамруулах өрхийг амьжиргааны түвшинг нь үндэслэн бодитой, оновчтой тодорхойлох боломж бүрдэх юм байна. Мөн нийгийн суурь тэтгэврийг бий болгож дундаж тэтгэврийн хэмжээ доогуур, тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа ахмадуудад байгалийн баялгийн орлогоос хүртээхийн тулд холбогдох хуулиин төслийг УИХ-д өргөн барьжээ. Төсөл батлагдсанаар нийгмийн даатгал, түүний дотр тэтгэврийн шнэчлэлийн тулгамдсан асуудлуудыг тэтгэвэр авагчид, ахмад настнуудад ээлтэй байдлаар шийдэх боломж бүрдэх юм.

    Засгийн газар цалин хөлсийг үе шаттайгаар нэмнэ. Үүний зэрэгцээ ажлын байр олоход хүндрэлтэй байгаа иргэд, малчид, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг шинээр боловсруулж хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд С.Батболд мэдэгдлээ. Хамтарсан Засгийн газар “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орлого багатай өрхийн орон сууцны нөхцөлийг сайжруулна. Үүний зэрэгцээ бага орлоготой өрхийн эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа талаараа Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа.

    ГАЛД ӨРТӨЖ ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН ИРГЭДЭД ГЭР ОЛГОНО

    2011 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар баг, Ивээл хорооллын 17 дугаар байранд гал гарч 22 айлын 85 иргэн орон гэргүй болжээ.Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар асуудлыг хэлэлцэн орон гэргүй болсон 22 өрхөд улсын нөөцөөс гэр олгохоор боллоо.

    МАЛЫН ТОО ТОЛГОЙ ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС 10 ХУВИАР ӨСЧЭЭ

    Засгийн газрын 2012 оны анхны хуралдаанаар мал тооллогын 2011 оны урьдчилсан дүнг танилцууллаа. Энэхүү дүнгээр 2011 оны жилийн эцэст манай улсын малын нийт тоо 36005,8 мянган толгойд хүрч, өмнөх жилийнхээс 3276,3 мянга буюу 10,0 хувиар өслөө. Урьдчилсан дүнгээр  адууны тоо толгой 2093,0 мянга, үхэр 2315,1 мянга, тэмээ 279,6 мянга, хонь 15509,1 мянга, ямаа 15809,0 мянгад хүрч, өнгөрсөн оныхоос адуу 172,7 мянга, үхэр 139,1 мянга, тэмээ 10,0 мянга, хонь 1028,7 мянга, ямаа 1925,8 мянган толгойгоор өслөө.

    Малын нийт тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өсөж, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт 1,8-22,2 мянган толгойгоор буурсан байна.Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймагт малын тоо өмнөх оныхоос 5 төрөл дээрээ өсчээ. Өвөрхөнгай, Архангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгууд хамгийн өндөр өсөлттэй гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 аймагт Хөвсгөл, Архангай, Төв, Өвөрхангай, Хэнтий аймаг орж байна.

    АМЬТАН, УРГАМЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА

    Засгийн газрын  өнөөдрийн хуралдаанаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “ Амьтан ургамлын үндэсний хүрээлэн“ байгуулахаар шийдвэрлэлээ. Хүрээлэн байгуулах газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож, БОАЖЯ-тай хамтран ажиллахыг Төв аймгийн Засаг дарга  Ц.Энхбатад үүрэг болголоо.

    Төслийн хүрээнд 12000 орчим га талбайд модлог, бутлаг ургамлын төрлийг нутагшуулан ургамлын төгөл бий болгох, голын хөндийд байгалийн зарим зэрлэг жимс болон эмийн ургамлыг тарих,  20 орчим төрлийн зэрэг амьтан нутагшуулах, махчин амьтан болон чоно, баавгай, ирвэс, шилүүсээс бүхий  бичил зоо парк, жуулчны бааз байгуулах юм. Мөн байгалийн өвөрмөц тогтцод тулгуурласан хиймэл нуур бий болгож усан спорт, наран шарлага, явган аялал, амралт рашаан сувилал, өвлийн спорт-аялал жуулчлал зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл том бизнес рүү орж байгааг таслан зогсооно

    Хэнтий аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийснийхээ дараагаар “Өндөрхаан-Уул” ХХК-ийн худалдааны төвд лангуу түрээслэн худалдаа эрхэлж буй иргэдтэй уулзлаа. Тэдний дунд ийм хөдөлмөр эрхэлж амьдралаа хүний зэрэгтэй авч яваа хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй гэр бүлийн хоёр залуу байлаа. Тэд 10 гаруй жил ийм бизнес эрхэлж буй бөгөөд “Өндөрхаан-Уул“ ХХК тэдний лангууны түрээсийг 30 хувь хөнгөлдөг байна.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ гар сунган тусалж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа тус компанийн удирдлагад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд талархаж байгаагаа илэрхийлээд ийм хүмүүсийг дэмжиж урам өгч ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй гэж хойш суулгүй, амьдралын төлөө зүтгэж байгаа иргэддээ баяр хүргэлээ.

    Уулзалтын үеэр жижиг дунд, бизнес эрхлэгчид гааль, татварын хөнгөлөлт эдлэхийг хүсдэг, гаальтай машинууд баяр ёслолын үеэр үнээ нэмдэг, бизнес эрхлэх зээл авъя гэхээр зээлийн хүү өндөр байдаг, барьцаа хөрөнгө шаарддаг зэрэг гомдлыг Ерөнхий сайдад хэлж байлаа. Тэд мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т жижиг бизнес эрхлэгч болон малчдыг хамруулж өгөхийг хүслээ.  

    Иргэдийнхээ санал хүсэлтийг сонссоны дараагаар Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улсын Засгийн газар шинэ гарсан энэ 2012 онд  бага орлоготой гэр бүл болон бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгой анхаарч ажиллана. Татварын бодлогоор дэмжих, зээлийн баталгааны тухай хууль гаргах ёстой гээд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Ганбямбыг энэ асуудалд анхаарч, дэмжиж идэвхтэй ажиллахыг хүслээ.

    Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өгч буй зээл жинхэнэ эздэдээ хүрч чадахгүй, хэдхэн том компанид очоод байгаа нь аудитын шалгалтаар илэрсэн. Энэ байдлыг таслан зогсооно гэдгийг Ерөнхий сайд С.Батболд албан ёсоор мэдэгдлээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн ажлын уялдааг сайжруулах ёстой гэдгийг ч Засгийн газрын тэргүүн энэ үеэр хатуу анхаарууллаа. Энэ талаар асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

    100 мянган айлын орон сууц хөтөлбөр болон анх удаагаа орон сууц худалдан авах иргэдийг 6 хувийн зээлэнд хамруулна. Ингэхдээ зөвхөн төрийн албан хаагч гэсэн ангилал зааг гаргахгүй бүх хүнд хамаатай. Зээлийн хөрөнгийг “Хөгжлийн банк” болон бусад эх үүсвэрээс гаргана. Энэ жилээс бодлогоор хэрэгжүүлнэ. Хэнтий аймагт л гэхэд 128 айлын орон сууц баригдах төлөвлөгөөтэй, энэ нь бүх хүнд зориулагдсан орон сууц юм гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

  • Ерөнхий сайд С.Батболд Хэнтий аймагт ажиллаж байна

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ оны ажлын анхны өдрөө наран ургах зүгийн эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгаас эхэллээ. Албан өрөөндөө сууж асуудлыг шийдэхээсээ илүү хөдөө орон нутгаар явж, иргэдийн амьдрал ахуйг  бодитоор харах зорилготой гэж энэ удаагийнхаа томилолтыг Засгийн газрын тэргүүн тодорхойлж байна.

    Монгол улсын Засгийн газар энэ онд бага орлоготой өрх, гэр бүлийг дэмжихэд онцгой анхаарах зорилтыг тавьж байгаа юм. Энэ ч утгаараа Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ажиллаж буй Ерөнхий сайдын хамгийн түрүүн орсон газар нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байлаа. “ Хэдэн хүнийг ажлын байртай болгов” гэдэг  эхний асуултыг ч гүйцэтгэх засаглалын тэргүүн тэднээс асуув.

    Өнгөрсөн онд тус төвд 900 гаруй залуус 15 мэргэжлээр суралцаж төгссөн байна. Үүнээс 72 хувь нь ажлын байртай болсон ажээ. Фермер, гагнуур, сантехникийн чиглэлээр суралцаж төгсөгчид хамгийн түрүүнд ажлын байртай болсон гэсэн мэдээллийг тус төвийнхөн өгч байна. Хэнтий аймгийн МСҮТ нь Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу байгуулагдсан бөгөөд эдүгээ тус төвд зүүн бүсийн аймгуудын залуус голдуулан ирж суралцдаг ажээ. Мөн түүнчлэн Оюутолгойн төслийн захиалгаар ч мэргэжилтэн бэлтгэж байгаа юм байна. Өнгөрсөн онд тус төслөөс 90 хүн ирж бэлтгэгдсэнээс 60 нь ажлын байртай болжээ.

    Гэхдээ тэд бүгдээрээ Оюутолгойд ажилд орж чадаагүй гэнэ. Хойшид захиалгынхаа дагуу мэргэжилтнүүдээ бэлтгэж, мөн тэднийг бүгдийг нь ажлын байртай болгох зорилтоо хатуу баримтлах ёстой гэдгийг Ерөнхий сайд тэдэнд анхаарууллаа.  Тус төвийн МСҮТ нь техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчин үеийн төв болж чадсан байна.

    Дараа нь Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тус төвд цугларсан иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Ирэх онд бага орлоготой өрх гэр бүл Засгийн газрын анхаарлын төвд байх болно гээд, энэ ч үүднээс бичил, жижиг ,дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгой анхаарах болно гэдгийг уулзалтын үеэр тэмдэглэлээ.

    Мөн хамтын хариуцлага, хамтын зүтгэлээр улс орноо хөгжүүлж, өмнөө тавьсан зорилтоо биелүүлэх болно  гэдгийг ч Ерөнхий сайд онцолж байна. Хэнтий аймаг өнгөрсөн онд 2000 гаруй хүнийг шинээр ажлын байртай болгожээ. Одоогийн байдлаар 2 тэрбум төгрөгийг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулсан байна.

    Бичил, бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ Ерөнхий сайд С.Батболд энэ онд тэднийг бодитоор хэрхэн дэмжих арга замын талаар ярилцаж, үүнтэй холбоотой тодорхой хууль,дүрэмд өөрчлөлт оруулахаар холбогдох хүмүүст үүрэг өглөө. Үүний дараа Ерөнхий сайд Өндөрхаан хотоос  холгүй орших Борхоолой гэдэг газар өвөлжиж буй Хэрлэн сумын 3 дугаар багийн малчин Нарангэрэлийнд очлоо  гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд хуучин, шинэ хоёр оны зааг дээр Монголынхоо нийт ард иргэдэд хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

    Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,

    Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье. Улиран одож байгаа 2011 он Монгол Улс Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90, Монгол Улс НҮБ-ын гишүүн болсны 50 жил зэрэг томоохон үйл явдлуудаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрлөө. Манай улсын нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон ахиц дэвшил гарлаа. Монгол Улсын эдийн засаг 20 хувиар өсөж, зээлжих эрх нэмэгдэж, бид бага орлоготой орноос бага, дунд орлоготой орны түвшинд орсон амжилт гарлаа.

    Манай хөдөө аж ахуйн салбар, тэр дотроо малчид маань сайн ажиллаж, хамгийн олон төл хүлээж авлаа. Газар тариалангийн салбарт Атрын III аян амжилттай хэрэгжиж, Монгол Улс үр тариа, төмс хүнсний ногооны хувьд хамгийн их ургац хурааж авсан он жил боллоо. Эдийн засгийн энэ өсөлт ард түмнийхээ амьдралд очиж наалдах учиртай. Энэ утгаараа 2012 онд энэхүү эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэдийнхээ өрхийн амьжиргааг дээшлүүлэх, тэр дотроо бага, дунд орлоготой өрхийн амьжиргааг дэмжих, мөн бичил, жижиг дунд бизнесийг дэмжихэд онцгой анхаарах болно оо.

    Монгол Улсын хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч болсон шинэ бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүд эдийн засгийн эргэлтэд орсон ийм он болохын ерөөлийг дэвшүүлж байна. Монголчууд бид амны бэлгэдлээс ашдын бэлэгдэл гэж ерөөдөг ард түмэн билээ. Ам сайтын ажил сайн, ажил сайтын амьдрал сайн байдаг гэдэг. Энэ бүх зүйл 2012 онд та бүгдийн амьдралд ажил болсон он болохын ерөөлийг дэвшүүлье. Шинэ оноо сайхан угтаарай. 

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БУЙ МОНГОЛЧУУДДАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ

    Алс хол хүний нутагт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, угтан ирж буй шинэ оны мэнд хүргэж, халуун элгэн нутгаас тань Монгол Улсын Ерөнхий сайд миний бие мэндчилж байгаадаа баяртай байна. Өнгөрөн одож буй 2011 он бол монгол өвөг дээдсийн маань анхлан үүсгэсэн төрт улс Хүннү гүрний 2220, Мянганы суут хүн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн тэмдэглэлт тэгш ойнууд тохиосон манай орны түүхэнд онцгой ач холбогдол бүхий жил байлаа.

    Өнөөдрийн Монгол Улс даяаршлын эрин зуунд эх орныхоо тусгаар тогтнол, монгол үндэстнийхээ баялаг өв санг өнөө хүртэл хадгалж, улам баяжуулан хөгжүүлсээр байгаа маань бид бүхний зүй ёсны бахархал мөн. Манай улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа энэ түүхэн үед тэрхүү хөгжлийг жинхэнэ ёсоор бүтээгч нь гагцхүү хүн төрөлхтний жинхэнэ баялаг болох Монгол хүмүүн өөрөө байх нь дамжиггүй юм.

    Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ажлын байр бий болгох, иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд нийт 72 гаруй мянган хүн шинээр байнгын ажлын байртай болов. Ирэх онд энэ ажил үргэлжилж бага орлоготой гэр бүлийг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллах болно.

    Хилийн чанадад суугаа иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс Төрийн болон хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудаас 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөх боломжгүй байгаа нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ шаардлагын талаар авсан судалгааны дүнгээс үзэхэд Дэд бүтэц, барилгын салбарт- 6235, уул уурхай эрчим хүчний салбарт -165, эрүүл мэндийн салбарт-131, хөнгөн үйлдвэрийн салбарт –125, Хууль эрх зүй салбарт-61 ажлын байрны бодит хэрэгцээ байгаа ба нарийн мэргэжлийн тухайлбал, агаарын хөлгийн ашиглалтын инженер, уурхайн засвар үйлчилгээний инженер, биотехнологич, лабораторын эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, арьс боловсруулагч технологич инженер, банк, санхүү бизнес, маркетинг, программ хангамжийн инженер зэрэг өндөр боловсрол, ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ их байна.

    Түүнчлэн шинээр үүсгэн байгуулагдаж буй гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад гадаад хэлний зохих мэдлэг, орчин үеийн технологийн туршлага бүхий ажиллах хүчний хэрэгцээ ихээр бий болж, хүний нөөцийн бодлого шинэ, өндөр түвшинд тавигдаж эхэллээ. Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байгаа хэдий ч тухайн үйлдвэрлэл дээр ажиллах, шаардлага хангахуйц нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай хүний нөөц хангалттай бус, дотооддоо богино хугацаанд бэлтгэх боломж хязгаарлагдмал байна.

    Тиймээс Засгийн газраас Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах болон хилийн чанадаас мэдлэг, туршлага, боломжоо улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх асуудалд чиглүүлэн ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх Зөгийн үүр” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

    “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаадад байгаа иргэдийнхээ боловсрол, чадавхи, ажлын туршлагын талаар судалгаа хийж, ажил олгогч байгууллагуудыг мэдээллээр хангах, хамтран ажиллах механизмыг бүрдүүлэх, тэдэнтэй биечлэн болон онлайнаар уулзаж, харилцан мэдээлэл солилцох, эрэлт хэрэгцээг бодитоор тодорхойлох, төр засгийн бодлого шийдвэр, улс оронд болж буй үйл явдлын талаарх мэдээллийг шуурхай, үнэн зөв хүргэх зорилгоор “Эх орныхоо хөгжилд бидний оролцоо” сэдэвт гадаадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт, Европ дахь Монголчуудын “Берлин-2011” чуулга уулзалт, “Зөгийн үүр” цахим уулзалт зөвлөгөөн зэрэг олон талт арга хэмжээг Засгийн газрын Тэргүүний хувиар өөрийн ивээл дор зохион байгуулж Та бүхнийхээ санал бодлыг байнга сонсож байна.

    Цаашид ч гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний эзэмшсэн эрдэм боловсрол, давуу тал, боломж, туршлагыг улс орны хөгжилд татан оролцуулах боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Гадаадад амьдарч буй иргэдийн иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил одоо 35 оронд суугаа ЭСЯ-нд явагдаж байна. Энэхүү бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Та бүхэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээр эх орны хувь хишиг болон ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг иргэний нэрийн данс нээж эзэмших боломж бүрдэх юм.

    Хилийн чанадад эрх ашиг нь хөндөгдсөн, гачигдал зовлон учирсан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Иргэдэд туслах сан”-г байгуулан Гадаад харилцааны яам дээр ажиллуулж байна. Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалд хамруулах ажилд анхаарлаа хандуулж Солонгос, Унгар улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалд хамрагдах боломж бүрдсэн. Цаашид Европын холбооны хэд хэдэн улстай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гэрээ хэлэлцээр хийх ажлыг эрчимжүүлэн судалгаа, хэлэлцээр хийж эхлээд байна.

    Түүнчлэн Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэд Улсын Их хурлын сонгуульд саналаа өгөх эрхтэй боллоо. Манай улс байгалийн баялгаа зөв зохистой эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг эрчимжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдацтай өсч 20 орчим хувьд хүрлээ. Цаашид ч өсөх хандлагатай байна.

    Иймд эдийн засгийн эрчимтэй өсөлтөд тулгуурласан урт хугацааны стратегийн бодлогоор Монгол хүнийг хөгжүүлж, орлогын ялгаа багатай, байгаль орчноо хамгаалсан, бүс нутаг нь жигд хөгжсөн, бүтээлчээр хөдөлмөрлөх боломжийг хүн болгонд олгосон, ядуурлыг даван туулсан 21-р зууны Монгол Улсыг бий болгож, удирдах хариуцлагатай үүрэг бидэнд ноогдож байна. Зорьж байгаа их бүтээн байгуулалтаа монгол хүн бид л өөрсдөө хийнэ.

    Угтан ирж буй шинэ жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байж, улс орныхоо их бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, Монгол Улсынхаа мандан бадралыг гардан бүтээгч нь болж хамтран ажиллахыг Ерөнхий сайдын хувиар Та бүхэндээ уриалж байна.

    Эх орныхоо хөгжлийн түүчээ болж, нийт Монголчуудаа манлайлан хөгжил дэвшлийг хамтдаа бүтээцгээе.

    Монгол Улс маань үүрд дэвжин мандаж,
    Монгол хүний сүлд хийморь ямагт бадарч байх болтугай.

    2011 оны 12 дугаар сарын 30

    Хүндэтгэн ёсолсон:

    Монгол Улсын Ерөнхий сайд,

    Монгол Ардын Намын дарга Сүхбаатарын Батболд

  • Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тохиолдуулан Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд оролцлоо. Цэцэг өргөхөд үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагслаа.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үг

    Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,

    Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

    УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

    Хүндэт зочид төлөөлөгчид өө,

    Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын100 жилийн түүхт их ойн хүндэтгэлийн чуулганд оролцож байгаа Та бүхэндээ, нийт ард иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье. Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан их ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хорооноос тавьсан санал, хүсэлтийн дагуу хүндэтгэлийн чуулган зохион байгуулж, энэхүү түүхт өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох шийдвэр гаргасан Монгол Улсын Их Хуралд талархал илэрхийлье.

    Хоёр зууныг дамнасан Манж Чин улсын ноёрхол нь Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал гарах, алдагдсан эрх чөлөө, эзлэгдсэн газар нутгийнхаа төлөө бидний өвөг дээдэс эрслэн босох нөхцлийг бүрдүүлсэн юм. МонголчуудXX зууны эхэнд үндэснийхэээрх чөлөөнийтөлөөххувьсгалт тэмцлийг өрнүүлж,Манжийнноёрхлыг эцэс болгон,бүрэн эрхт улсаа сэргээн байгуулсаннь төрт ёсны олон зууны баялаг уламжлалбүхиймонголын ард түмний түүхийн онцгойтэмдэглэлт үйл явдал мөн. Тиймээс бид энэ түүхт үйл явдлыгбахархан дурсч, бахдан тэмдэглэж, үеийн үед санан дурсаж явах нь зүйн хэрэг ээ.

    100 жилийн тэртээх энэ өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо тунхагланзарлаж, VIII Богд Жибзундамба хутагтыг эзэн хаанд өргөмжлөн эрдэнийн сууринднь ёслол төгөлдөр залж, төрийнтамга, далбаазэрэг төрт ёсны цогц бэлгэдлийг бүтээн соёрхжээ. Улмаар Богд хааны зарлигаар Дотоод, Гадаад,Цэргийн,Сангийн,Шүүх гэсэн анхнытаван яамыгэмхлэн байгуулсан юм. Богд хаант Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгах, дэлхийн улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх талаар тууштай тэмцсэн боловч 1915 оны Хиагтын гэрээгээр их гүрнүүдийн хүчинд автаж, Автономит Улс болж хувирсан билээ.

    Улмаар 1919 онд харийн эзэрхэг цэрэг Монголд нэвтрэн орж, Автономит засгийг унагаснаар манай улс бусдын эрхшээлд дахин орсон юм. Гэвч энэ нь Монголын ард түмний зориг, эрмэлзлийг мохоож чадаагүй бөгөөд харин ч эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд тэднийг шуудран босгосон юм. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын буухиаг 1921 оны Ардын хувьсгал залгамжлан өртөөлж, түүний үр дүнд эргүүлж алдсан эрх чөлөө, эзлэгдсэн газар нутаг, тусгаар тогтнолоо манай ард түмэн дахин олж авсан билээ. Ийнхүү 1921 оны Ардын хувьсгал нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үргэлжлэл, түүний төгсгөл болсон юм. Үндэсний эрх чөлөө, Ардын хувьсгалыг санаачлан хэрэгжүүлэгч нь Чингис хааны алтан ургийн ноёд, язгууртнууд, шашин, соёлын нөлөө бүхий зүтгэлтэн, эх оронч эрэлхэг хөвгүүд төдийгүй Монголын улс төрийн анхны байгууллага-Монгол Ардын Намын уриа тунхаг, удирдлага дор нэгдсэн олон мянган ард иргэд байсан гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

    Эрхэм гишүүд ээ,

    Хүндэт зочид оо,

    Өнгөрсөн 100 жилийн хугацаанд манай улс эдийн засаг, нийгэм, соёлын бүхий л салбарыг шинээр сэргээн хөгжүүлж, бүтээн байгуулалтыг өрнүүлж ирлээ. Үүний үр дүнд хоцрогдсон буурай орноос орчин үеийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц хөгжсөн орон болж хөгжлөө. Нэгэн зуунд манай улсын хүн ам 5 дахин өсч, монгол хүн эрүүл мэнд, эрдэм боловсрол, оюун сэтгэлгээний хувьд хөгжин дэвжиж, шинжлэх ухаан, урлаг, соёлын аль ч салбарт амжилт бүтээл гаргаж, олон улсын хэмжээнд алдар нэр, авьяас чадвараа дуурсгах боллоо.

    Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, түүний бүрэн эрхт гишүүн болсон нь манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үр дүнд ардчилал, зах зээлийн эдийн засагт тууштай шилжиж, нээлттэй, бие даасан гадаад бодлого бүхий улс болж шинэчлэгдэн өөрчлөгдлөө. Эдүгээ өмчийн олон хэлбэр бүхий эдийн засагтай, иргэддээ эх орны хишиг, хувь хүртээхүйц “Хүний хөгжлийн сан”-тай, эрүүл мэнд, боловсрол соёлын иж бүрэн тогтолцоотой, нийгмийн халамж, хамгаалал, даатгал, үйлчилгээний нэгдсэн сүлжээтэй, төлөвшиж буй иргэний ардчилалтай, төгөлдөржиж буй эрх зүйт төртэй улс болж хөгжиж байна.

    Ялангуяа сүүлийн үед манай улсын эдийн засгийн чадавхи эрс өсч, хөгжлийн шинэ, хурдтай үед тулж ирээд байна. Түүхэн энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, зөв бодлогыг тууштай хэрэгжүүлж чадвал их жанжин Д.Сүхбаатарын хэлснээр монгол түмэн цэнгэлийн манлайд хүрч болох шинэ зууны сайхан ирээдүй харагдаж байна. Байгалийн баялгийг үе шаттайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын үр дүнд энэ оны гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс маань анх удаа дэлхийн хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй орон боллоо. Монгол хүн олимпоос алтан медаль саяхан хүртэж байсан бол өнөөдөр эдийн засгийн өсөлтөөрөө хөгжлийн Олимп өөд цойлж эхэллээ.

    Эдийн засгийн энэ өсөлтийг хүний хөгжилд чиглүүлэх нь бидний гол зорилт болох учиртай. Арав гаруйхан жилийн өмнө нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 300 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байсан бол өнөөдөр 3000 орчим ам.долларт хүрлээ. Уг нь энэ бол үсрэлт. Гэхдээ бид одоо л үсрэнгүй хөгжлийн ирмэгт ирлээ гэж ярьж байгаа. Энэ нь ч үнэн. Эдийн засгийн өсөлтийн өнөө жилийн энэ үзүүлэлтийг тогтвортой барьж чадвал ирэх оны эцэс гэхэд Засгийн газрын хөтөлбөрт дэвшүүлсэн нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 5000 орчим ам.долларт хүргэх бололцоо бүрдэхээр байна. Харин 2016 он гэхэд энэ үзүүлэлтийг 10000 гаруй ам. доллар болгох, 20 жилийн дараа өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх боломжийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллах болно.

    Уул уурхайн олон шинэ үйлдвэр ашиглалтад орж, эрдэс баялгийн салбар эх орны маань хөгжлийг түргэтгэх хөшүүрэг болж байна. Уул уурхайн салбарын өсөлт, хөрөнгө оруулалтыг хүний хөгжил, бүтээн байгуулалтын үйлсэд зарцуулахад Засгийн газар онцгойлон анхаарч ирлээ. Хүн амыг орон сууцаар хангах, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн хүрээнд “100000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Мөн төмөр замын сүлжээг өргөтгөн шинэчлэж, уул уурхайн ордуудыг зах зээлтэй холбох ажлын бэлтгэлийг хангалаа. Ингэснээр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад тулгуурлан  дэд бүтцийн салбар эрчимтэйгээр хөгжих боломж нээгдлээ.

    Манай Засгийн газар эдийн засгийн хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгийн зах зээлд ихээхэн анхаарч байна. Энэ зорилгоор хөрөнгийн зах зээлийг олон улсын жишиг стандартад нийцүүлэн, компани, аж ахуйн нэгжүүдийн ил тод, нээлттэй байдлыг бий болгосон сайн засаглалыг бэхжүүлж, баялгийн хуваарилалтад иргэдийн оролцоог жигд хангах нөхцлийг бүрдүүлж байна. Энэ нь нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бий болгох бодлогын нэг хэсэг болон хэрэгжинэ. Үүний зэрэгцээ нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх талаар ч тодорхой бодлого явуулж байна. Энэ бол манай нийгмийн хөгжлийн амжилтын эх сурвалж байх болно.

    Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх бодлого амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд “Атрын аян”-ыг өрнүүлсний үр дүнд буудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь үндэсний үйлдвэрлэлээр хангах боллоо. Мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол мал” хөтөлбөр, “Таван эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Ажил, хөдөлмөр бол амьдралыг тэтгэгч үндэс билээ. Өнгөрч буй оныг Засгийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, 60.000 шинэ ажлын байр бий болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтоо давуулан биелүүлж, 72.000 гаруй шинэ ажлын байр бий болгосон нь ажилгүйдлийг бууруулж, ард иргэдийнхээ амьдралыг тэтгэх бодлогын тодорхой үр дүн юм.

    Засгийн газар боловсролын салбарыг дэлхийн жишигт хүргэхийн тулд ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, их дээд сургуулиудыг нэгтгэн орчин үеийн хотхон хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж байна. Хүний хөгжлийн талаархи манай Засгийн газрын бодлогын нэг хэсэг нь иргэдийн дундаж наслалтыг уртасгах, тэдний эрүүл мэндийг найдвартай хамгаалах асуудал юм. Тиймээс манай Засгийн газар нийт иргэдээ эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжийг бүрдүүллээ. Нийгмийн халамж, хамгааллын бодлого, тогтолцоо ийнхүү улам боловсронгуй болж, баялгийн шударга хуваарилалтад ахиц дэвшил гарч байна.

    Монгол Улс өнгөрсөн 100 жилд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахад манай улсын гадаад харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Эдүгээ Монгол Улс дэлхийн 160-аад улстай дипломат харилцаагаа хөгжүүлж, олон улсын 60 гаруй байгууллагын гишүүн болоод байна. Мөн Монгол Улс дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, монгол цэрэг 3 тивийн 10 гаруй улсад энхийг сахиулах үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирлээ. Монгол цэргийн ур чадвар, авхаалж самбаа, эр зоригийг олон улс талархан үнэлдэг боллоо. Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх болсон нь манай улсын ардчилал, шинэчлэлийг дэлхийн хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж буйн илэрхийлэл юм. Бидний амжилт ололтод хүрсэн зам шулуун дардан байгаагүй. Аз жаргалтай, эрх чөлөөтэй энэ амьдрал асар их үнээр олдсон гэдгийг өнөө ба хожим үеийнхэн хэзээ ч мартах учиргүй ээ. Өнгөрсөн зууны манай түүхийн хар сүүдэр, гашуун үнэнийг ч бас мартаж болохгүй ээ.

    Эрхэм гишүүд ээ,

    Хүндэт зочид оо,

    100 жилийн тэртээ таван яамтай байгуулагдсан Засгийн газрын буухиаг үргэлжлүүлж буй манай хамтарсан Засгийн газар 11 яамтай, ерөнхий чиг үүргийн нэг газартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсынхаа хөгжил, түүхийн хоёр зууныг залгуулж буй манай Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд үйл ажиллагаагаа их бүтээн байгуулалтын зорилгод чиглүүлснээр хийсэн ажил ихтэй, хийх зүйл бүр ч ихтэй боллоо. Зарим үр дүн гарч, улс орны маань нийгэм-эдийн засгийн үзүүлэлтүүд өслөө.

    Цаашдаа бид амжилт ололтоо ахиулахын тулд бодлого үйл ажиллагаагаа зөв тооцоотой, системтэй, сайн төлөвлөлттэйгээр явуулах болно. Ийм зорилгоор ирэх 20 жилийн бодлогыг бид боловсруулж байна. Энэхүү алсыг харсан “Хөгжлийн хөтөлбөр”-өө ард иргэд, эрдэмтэн мэргэдийн санал бодлоор тэтгэн хэрэгжүүлэх болно. “Хөгжлийн хөтөлбөр”-ийн маань үндэс нь бүх иргэдийн оролцоог хангасан их бүтээн байгуулалтын үйл хэрэг байх болно. Ингэснээрээ бид ирэх 100 жилийн хөгжлийн үндэс суурийг тавьж байна.

    Үүний тулд юун түрүүнд бид сайн засаглалыг төлөвшүүлэхэд онцгой анхаарах ёстой. Энэхүү засаглалын бодлого нь төрийн болон компанийн гэсэн үндсэн хоёр чиглэлээр хэрэгжих учиртай. Төрийн засаглал нь хариуцлага, шудрага ёсны зарчимд суурилсан байвал зохино. Харин компанийн засаглал нь нэг талаас хөрөнгийн зах зээлийн хөгжилд, нөгөө талаас аж ахуйн байгууллагуудын удирдлага менежментийн ил тод, нээлттэй байдал болон тэдгээрийн үр ашигтай, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд тулгуурлах учиртай. Төрийн болон компанийн засаглалаас иргэдийн, цаашлаад улс орны хөгжил шалтгаалах учир бид эл зорилтыг бодлогын төвдөө байлгах болно.

    Мөн иргэн бүр амьдралдаа, хувь заяандаа эзэн болдог, гэр бүлийн үнэт зүйлийг эрхэмлэдэг болох ёс зүй, ухамсрыг дээдлэх асуудлыг ч анхаарлын гадна үлдээхгүй. Эрчим хүчний аюулгүй байдал бидний бодлого, зорилтын төвд байх болно. Манай улс түлшний аюулгүй байдлаа хамгаалж, нефтийн хараат байдлаас гарах учиртай. Түүнчлэн эрчим хүчнийхээ эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх хэрэгтэй. Энэ хүрээнд нийслэл хотыг хийжүүлсэн түлшээр хангах бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байна. Ингэвээс эрчим хүчний аюулгүй байдал ч бэхжиж, утааны асуудал ч шийдэгдэх боломжтой болох юм.

    Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг хүндэтгэн тэмдэглэж буй түүхэн энэ үед тусгаар тогтносон, бүрэн эрхт бүгд найрамдах улсынхаа гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа манай Засгийн газар өмнө тавьсан зорилтуудаа биелүүлж, өнгөрсөн түүхээсээ сургамж авч, өнөөгийн даяаршлын сорилт, бэрхшээлүүдийг амжилттай даван туулах итгэл төгс байгааг энэ хүндэт индрээс илэрхийлэхэд таатай байна.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Хүндэт зочид оо,

    МонголУлсынтусгаартогтнолыгдаяаролноодахин сэргээн тунхагласантүүхэнүйлявдлын100 жилийнойгтэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2008 онд гарсан билээ. Энэ зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан ажиллуулсан.

    ТусҮндэсний хороо нь үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдсан хүмүүсийн гүйцэтгэсэн үүргийг мөнхжүүлэх зорилгын үүднээс түүхэн үйл явдлын онцлогийг харуулсан марк хэвлүүлж, эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж, ном, бүтээл олныг хэвлүүллээ. Мөн анхны5 яамны ойг тэмдэглэн өнгөрүүлж, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэнд холбогдох соёлын өвийг сэргээн засварлах, хамгаалалтад авах, анхны сайд, төрийн түшээдийн дурсгалын хөшөө босгох зэргээр ард олны түүхэн ухамсар, эх оронч үзэл санааг хөглөн хөгжүүлэх, эцэг өвгөд, эх түүхээрээ бахархах сэтгэлийн омогшлыг бадраах олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлсэн.

    Энэхүү нөр их ажлыг зохион байгуулахад идэвхийлэн оролцсон нийт байгууллага, хүмүүстталархаж байгаагаа илэрхийлье. Энэ жил тэгш ойг нь тэмдэглэсэнолон түүхт үйл явдлуудаас, өнгөрсөн түүхээсээ, өвөгдээдсийнхээ эх оронч хичээл зүтгэлээс бид дурдатгал, сургамж ихийг өвлөж авлаа. Энэ бүхэн бидний улсын хөгжиж дэвжих, өсч өндийх эх суурь төдийгүй ирээдүйгээ өөдрөгөөр харах боломж, сэдлийг төрүүлж байгаа юм.

    Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг нийт олноороо өргөн дэлгэр тэмдэглэж, шинэ оноо амжилт,бүтээл дүүрэн угтахыг хүсэн ерөөе.

    Монгол Улсын тусгаар тогтнол ашидмөнх орших болтугай.

    2011.12.28. Төрийн ордон

     

  • ҮНДЭСНИЙ ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

    Хүний хөгжил сангаас ирэх онд иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбоотой асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хувьцаа эзэмшүүлэх, бэлэн мөнгө олгох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ахалж ажиллахаар боллоо.

    Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх ажлын хүрээнд иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1 сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэх, бэлэн мөнгө олгохтой холбоотой журыг ирэх оны нэгдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Үндэсний хороонд даалгалаа. Мөн Үндэсний хороо нь хувьцааны талаархи иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор хувьцаа, үнэт цаасны арилжааны чиглэлээр сургалт, сурталчилгааны нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллах болжээ.

    “САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙГ ДЭМЖИВ

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хэлэлцээр хоёр жилийн хугацаатай бөгөөд 40 сая хүртэлх еврогийн хөнгөлөлттэй зээлийг тухайлсан салбаруудад зарцуулах юм. Мөн хуралдаанаар “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.  

    Баруун бүсийн босоо тэнхлэгийн 743.1 км замыг 7-10 жилийн хугацаанд тавих бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 92 сая, Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын санхүүжилт хийнэ. Түүнчлэн “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.

    Монгол Улсын Засгийн газар БНСУ-аас  300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 0.15 хувийн хүүтэй авахаар төлөвлөсөн байна. 35 жилийн хугацаатай энэ зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх нь. Зээлийн хөрөнгөөр “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах төсөл” болон бусад төслийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.   

    НЭР БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

    Өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дэд дарга А.Мөнхбат, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат нарыг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөллөө. Мөн өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ТОВЧ МЭДЭЭ

    • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г баталлаа. Ирэх онд 21 гол зорилтын хүрээнд 145 зорилтыг хэрэгжүүлэхээр тусган Улсын Их Хурлаар батлуулсан юм. Төлөвлөгөөнд үндсэн чиглэлийн зорилтыг нарийвчлан тодотгож, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 358 арга хэмжээг оны эцэст хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийн хамт нэмж тусгасан байна.
    • Монгол Улсын иргэдэд иргэний цахим үнэмлэхийг нэг удаа үнэгүй олгохоор боллоо. Ирэх оны 4 дүгээр сард багтаан иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгохоор төлөвлөж байна.  
    • Дайнд оролцсон ахмад дайчдад олгох орон сууцны дэмжлэгт хамрагдаагүй үлдсэн ахмад дайчдад орон сууц олгоход шаардагдах хөрөнгийг ирэх оны төсвийн тодотголд нэмж тусган шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Одоогоор 77 ахмад дайчинд бэлэн мөнгө, 1543 ахмад дайчинд орон сууц олгоод байна.
    • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас банкаар дамжуулан 2 жил хүртэл хугацаатайгаар 5 сая хүртэл, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн 10 сая хүртэл төгрөгийн жижиг зээл авч болно. Түүнчлэн ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдаж авахад зориулж дээрх сангаас хоёр сая хүртэл төгрөгийн жижиг зээл авсан бол зээлийн хүүг сангаас нөхөн төлөх боллоо. Энэ журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.
    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар боллоо.
    • Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
    • “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенци”-д нэгдэн орох тухай хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.
    • Хубилай хааны зарлигаар 1287 онд гаргасан Юань Улсын цаасан мөнгө,  XIII-XIY зууны Монголын эзэнт Улсын алт, мөнгө, зэсээр хийсэн 24 хааны нэр, цол, хааны овог, ургийн тамгатай, Чингис, Өгөдэй, Мөнх, Гүег хааны 9, Цагаадайн хант Улсын 7, Алтан ордны Улсын 16, Элхант Улсын 28 нийт 60 ширхэг зоосыг “Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл”-д авлаа.