Blog

  • Шилдэг татвар төлөгчдийг бодлогоор дэмжинэ

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд улсдаа хамгийн их төсөв бүрдүүлсэн 100 аж ахуйн нэгжийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Улсынхаа сан хөмрөгийг арвижуулахад ихээхэн хувь нэмрээ оруулж ирсэн  бизнес эрхлэгчдээ Засгийн газрын тэргүүн Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаа нь анхны тохиолдол юм. Энэ жилийн хувьд хамгийн их татвар төлсөн 100 аж ахуйн нэгжийг  Уулын баяжуулах  “Эрдэнэт” үйлдвэр, “ Тавантолгой”, “ Монголын алт МАК”, “ АПУ”, “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Мобиком”, “Скайтел”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “ Дулааны 3 дугаар цахилгаан станц”, “ Талх чихэр ХК”, “ МИАТ “ ,” Худалдаа хөгжлийн банк”  зэрэг байгууллагууд өнгөлжээ.

    Ёслолын ажиллагааг нээж Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ “ Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Та бид их түүхийн тэгш ойнуудын төгсгөл дээр, их хөгжил бүтээн байгуулалтын эхэн дээр уулзаж байна. Бид ойнуудаа тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ ирэх жилүүдийн зорилго, зорилтоо илүү их ярилаа. Ирэх жилүүдийг бүтээн байгуулалтын жил гэж тайлбарлан тодорхойлж байна. Энэ бол маш том дэвшил юм.  Энэ жил бас их өөдрөг сайхан жил байлаа. Улаан буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн хангасан, эрдэнэт сүргийн тоо толгой нэмэгдсэн, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” –ийн хүрээнд та бүхний санааачилгаар 72000 гаруй ажлын байр шинээр нэмэгдлээ.

    Оюутолгой, Тавантолгойн бүтээн босголт үргэлжилсэн, уул уурхай болоод бусад салбарын олон шинэ үйлдвэр ашиглалтад орлоо. Шинэ төмөр зам барих бэлтгэл хангагдаж, дэд бүтэц болон эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт ч ихээхэн нэмэгдлээ. “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд “ 100 мянган айлын орон сууц” хөтөлбөр эхэлж, эх орныхоо баялгийг эргэлтэд оруулснаар эдийн засгийн өсөлт нэмэгдэн оны эцэс гэхэд 20 орчим хувьд хүрэхээр байна. Үүнд та бүхний идэвх  санаачилга, хичээл зүтгэл их бийг Засгийн газрын тэргүүний хувьд тэмдэглэн хэлье.

    Манай Засгийн газрын үед концессын гэрээгээр хувийн аж ахуйн нэгжүүдээр томоохон ажлуудыг гүйцэтгүүлдэг боллоо. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэг шатаар ахисан гэж бодож байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шийдвэр бодитойгоор хэрэгжиж Тавантолгойн хувьцаанаас иргэн бүртээ 536 ширхэг хувьцаа олгохоор шийдвэрлэсэн. Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг ч гэсэн тусгахыг хичээж байна. Тавантолгой болоод бусад томоохон бүтээн босголтод үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ оролцоог хангахад ихээхэн анхаарч байна. Цаашид ч энэ бодлого төр засгийн анхаарлын төвд байх ёстой . Манай улсын эдийн засаг тэлж, өргөжих бүх боломж нээгдлээ. Ийм таатай боломжийг бид бүгдээрээ ашиглаж, улс орноороо хожиж гарах ёстой гэж бодож байна.

    Гэхдээ өнөөдөр энэ шилдэг аж ахуйн нэгжүүдийн дотор барилгын компаниуд, банкуудын  төлөөлөл бараг харагдсангүй. Үүнд ямар учир байна вэ. Татвараа төлөхгүй нуугаад байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу. Энэ асуудлыг бид хариуцлагатайгаар авч үзнэ. Томоохон аж ахуйн нэгжүүд татвараа ил тод, нээлттэй төлдөг байхыг энэ дашрамд уриалж байна. Ийм үүрэг даалгаврыг ч би холбогдох газруудад өгч байгаа. Ирэх жил барилгын, уул уурхайн, банк санхүүгийн салбараас улсынхаа сан хөмрөгийг арвижуулагч нар гараасай гэж ерөөж байна. Үр өгөөжтэй он жилүүд байгаасай гэж хүсээд, Засгийн газраас цаашдаа  нийгмийн хариуцлагыг сайн хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдээ дэмжиж урамшуулах болно  ” хэмээн тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
     

  • ЦАЛИН ХӨЛСИЙГ ИРЭХ 2, 5 ДУГААР САРД НЭМЭХИЙН ТУЛД ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ

     

    ~ Засгийн газрын хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ ~

    Төсвийн байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны 2 дугаар сарын 01 болон 5 дугаар сарын 01-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг судлан үзэж, 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулахыг Сангийн сайдад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Цалинг дээрх хугацаанд нэмэхийг багш нар шаардан ажил хаяж, үүнийг Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд хэлэлцэн асуудлыг нийгмийн гурван талт зөвшилцлийн хүрээнд шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тэргүүний өгсөн чиглэлийн дагуу талууд хэлэлцээрийн ширээний ард сууж тохиролцоонд хүрсэн юм.

    Энэ дагуу ажил хаясан багш, бусад ажилтанд ажил хаясан хугацаанд нь дундаж цалин хөлснөөс бодож олговор өгөх, Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхэлсэн учир ажил хаялтыг зогсоох, хуульд өөрчлөлт оруулж ирэх оны 2 дугаар сарын 01, 5 дугаар сарын 01-ний өдрөөс цалин нэмэх тухай асуудлыг шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахаар болсон юм.  

    “УРТ НЭРТЭЙ” ГЭГДДЭГ ХУУЛИЙН ТАЛААР ГАРСАН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

    “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Гурван талт Үндэсний хорооноос зөвлөмж гаргасан байна. Зөвлөмжийг тус хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Үндэсний хорооноос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авах, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан байна.

    Зөвлөмжид:

    • Засгийн газрын тогтоолын дагуу гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон орд ашиглах зорилгоор олгосон тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлт, уурхайн хаалт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг тууштай хэрэгжүүлэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгах, нөхөн сэргээлт хийхээс зайлсхийсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Ашигт малтмалын газарт даалгах
    • “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд заасны дагуу дээрх газрын хилийн заагийг иж бүрэн тогтоож, Засгийн газраар батлуулах арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд чиглэл болгох
    • Хилийн заагт ороогүй орхигдсон алтны шороон ордын тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг холбогдох яамдад даалгах
    • Дээрх газартай давхцаж байгаа алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээх ажлын зардлыг тогтоох ажилд хяналт, мониторинг хийхэд иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулах
    • Хуулийг тодорхой үе шат, хугацаанд бодитой хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд нарт даалгах
    • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөн олговроос суутгах байгаль орчны хохирол, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, тэдгээрт нөхөн олговор олгохгүй байх нөхцлийг тогтоож, нөхөн олговрын хэмжээг эцэслэн баталгаажуулахаар Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газрынхан бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгааг Гурван талт Үндэсний хороо дэмжиж байгааг тусгасан байна.

    НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДРИЙН БОРЛУУЛАЛТАД ЭКСПОРТЫН 5 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ

    Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ. Төсөлд нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтын үнэлгээнээс нь тооцож экспортын гаалийн татварыг 5 хувиар ногдуулж байхаар тусгасан байна. Аж ахуйн нэгжүүд аж ахуйн нэгжийн орлогын, нэмэгдсэн өртгийн, ашигт малтмалын нөөц ашигласны, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр зэрэгт татвар төлдөг.

    Нүүрсний компаниудын хувьд татварын хувь хэмжээ 37-40 хувь хүрч эдгээр татвар, төлбөр дээр экспортын татвар нэмж ногдуулах нь татварын ачаалал хэт өндөр болно гэж Засгийн газар үзэж байна. Мөн эдийн засгийн тэргүүлэх салбар болсон уул уурхайн салбарын татварын дарамтыг нэмэх нь хөгжлийг сааруулж, хөрөнгө оруулалтыг хязгаарлах сөрөг нөлөөтэй. Иймээс хуулийн төслийг Гаалийн тарифын зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох мэргэжлийн холбоодын санал, дүгнэлтийг авч эцэслэн боловсруулах шаардлагатай гэж үзлээ.

    УИХ-ЫН ГИШҮҮН Г.БАТХҮҮГИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСӨЛТЭЙ НЭГТГЭН ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

    Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Гишүүн Г.Батхүүгийн төсөлд гаднаас авчирч дотооддоо борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ.  

    Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2008 оны хуулийн дагуу импортоор оруулсан 7.2 мянган тонн эрдэс бордоо, 2.5 мянган тонн ургамал хамгааллын бодис, 2.4 мянган ширхэг өндөр хүчин чадалтай болон бага оврын трактор, газар тариалангийн, усалгааны, гурилын үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжид 30 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлээд байна. Үүний дүнд газар тариаланд ашиглах тракторын 80 хувь, ургац хураах техникийн 65 хувь нь шинэчлэгдэж, тариалангийн талбайн хэмжээг 618 мянга га-д хүргэж, нэгж талбайгаас хурааж авах ургацын дундаж нэмэгдсэн юм. Ингэснээр энэ онд жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоос хангах боломж бүрдэн, ургац хураалтыг өнгөрсөн жилийнхээс 10-12 хоногоор богиносгох боломжтой болжээ.  

    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

    Улсын хөрөнгө оруулалт, түүний үр ашгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, тулгамдаж байгаа асуудлын талаар Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Төр, засгаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр олон ажил хийсний дүнд 2010 оны хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноос 1224.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байжээ. Энэ онд гэхэд л 2000 оны хөрөнгө оруулалтын хэмжээнээс 31,5 дахин, 2005 оныхоос 15 дахин их хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд хувийн хөрөнгө оруулалт нь улсынхаас 1.75 дахин өндөр үр ашигтай байгаа нь судалгаа гарчээ.

    Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2016 он хүртэл ямар байхыг ч Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо таамагласан байна. Эндээс үзвэл ирэх онд энэ хэмжээ 18063.6 тэрбум, 2013 онд 21787 тэрбум, 2014 онд 26231 тэрбум, 2015 онд 31788 тэрбум төгрөг байх нь. Төсвийн хөрөнгө оруулалт 2012 оны түвшинд байна гэж үзвэл нийт хөрөнгө оруулалт ирэх жил 6314.7 тэрбум, 2013 онд 6789.5 тэрбум, 2014 онд 6906.5 тэрбум, 2015 онд 7515.4 тэрбум төгрөг байх төлөв гарчээ.  

    2016 он хүртэл улсын хэмжээнд 35,68 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”, төмөр зам зэргийг Хөгжлийн банкны урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Мөн хувийн хөрөнгө оруулалт орох таатай нөхцөл болгож, эдийн засгийн дэд бүтэц болон бусад зөөлөн дэд бүтцийг төсвийн хөрөнгө оруулалтаар хангах бодлого баримталж байгаа юм. 

    ТОВЧ МЭДЭЭ

    • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хотхоныг Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Шивээтийн хөндийд 1000 гаруй га газарт “Силикон валли”-ийн хамт байршуулахаар төлөвлөсөн. Энэ газар нь мөнх цэвдэгтэй бөгөөд барилга барих нөхцөл хүнд, зохих стандарт хангасан тохиолдолд барьж болох ч эрсдэл ихтэй, барилгын өртөг 2 дахин ихсэнэ гэсэн дүгнэлт гарчээ. Асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн их сургуулиудын нэгдсэн хотхоныг Багануур дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 мянга га газарт байгуулахаар өөрчиллөө.
    • Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд согтууруулах ундаа гэсэн нэр томъёо нэмэх, шар айраг, дарсанд онцгой албан татварын тэмдэг наах зэргийг тусгажээ.
    • Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Төсөл батлагдсанаар Сургалтын төрийн сангийн эрх зүйн орчинг тодорхойлсон хууль, тогтоомжийн зохицол сайжирч, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрдэх юм. Мөн салбарын сайдын багцад төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тогтмол зардлын 6.3 тэрбум, зохих албан тушаалтан тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлын 504 сая, их, дээд сургуулийн багш нарын мэргэшил дээшлүүлэх зардлын 27 сая төгрөг Сургалтын төрийн санд нэмж төвлөрөх юм байна.  Түүнчлэн суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээлийн эх үүсвэрт 138 тэрбум төгрөг төвлөрөх бөгөөд эдгээр хөрөнгө ирэх оны улсын төсөвт тусгагджээ.
    • Ирэх жил тусгай зориулалтаар 50 угалз, 120 тэх, 5 халиун буга, 150 цагаан зээр, 40 саарал чоно, 40 бор гөрөөс, 10 зэрлэг гахай, 300 хүртэл тооны ой, хээрийн агнуурын шувуу агнуулахаар болов. Тусгай төлбөртэйгээр агнуулах ховор амьтны тоог цөөрүүлэх, төлбөр, хураамжийг нэмэх, элбэг амьтны тоог нэмэгдүүлэх замаар төлбөртэй ангаас төсөвт орох орлогын хэмжээг тогтвортой барих бодлого үр дүнгээ өгсөн тул агнуулах ангийн тоог өмнөх оноос нэмэхгүй байхаар шийджээ. Ангийн төлбөр, хураамжийн орлогоос сүүлийн 5 жилд 8 тэрбум гаруй төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна. Түүнчлэн олон улсын ангийн үзэсгэлэн худалдааны үеэр манай улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим амьтан агнах эрхийг дуудлага худалдаанд оруулахыг салбарын сайдад Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.
    • Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямбын санаачлан боловсруулсан Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хууль, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах, нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
    • “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийг баталлаа. Нэг төвд ногдох иргэний тоо нь нийслэлд 8 мянгаас доошгүй, аймаг, суурин газарт 6 мянгаас доошгүй байна. Төвийг нөхөрлөл хэлбэрээр нийслэл, аймгийн төв, нэгдсэн эмнэлэгтэй суурин газарт байгуулах юм. Төв нь иргэдэд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах хүний нөөц, байр, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслээр хангагдсан байх ёстойг дүрэмд заажээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох зардлын хэмжээг хүн амын бүтэц, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, нэр төрөл, бодит өртөг, үнийн өсөлттэй уялдуулан шинэчлэн тогтоож байхаар боллоо.
    • “Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө”-г хамтран баталж, хэрэгжүүлэх, мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгаж байхаар шийдвэрлэлээ.
    • “Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протокол”-д нэгдэн орох тухай хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.
    • Засгийн газар өнгөрсөн сард 6 удаа хуралдаж, 67 асуудлыг хэлэлцэн, 20 асуудалтай танилцсан байна. ҮҮнээс 11 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, 4-ийг хууль санаачлагчид уламжлахаар, 3-ыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 1 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 3 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж, 5 асуудлыг хойшлуулжээ.
  • “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХХААХҮЯ, НХХЯ ХАМГИЙН САЙН АЖИЛЛАЖЭЭ

    Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд ХХААХҮЯ, НХХЯ хамгийн идэвхтэй ажиллаж бусдыгаа хошуучилсан байна. Агентлагуудаас Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Авто замын газар, Мэргэжлийн боловсролын газар, Ойн газар шалгарчээ. Жилийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны салбар хороодоос Эрх зүйн болон Санхүүжилтийн хороо, нийгмийн түншлэгч байгууллагуудаас Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн хороо, Дорноговь, Сэлэнгэ аймгийн Ажил олгогч эдийн холбоог сайн ажилласан гэж үнэлсэн байна.

    Түүнчлэн Сэлэнгэ, Завхан, Төв аймгийн  Засаг дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон идэвх зүтгэлтэй ажилласан салбар хорооны нэр бүхий гишүүд шагнал хүртлээ. Дээрх яам, аймаг, байгууллага, хүмүүсийг шалгаруулахдаа жилийн ажлын хүрээнд хамгийн олон хүнийг байнгын ажлын байртай болгосон эсэх, хууль эрх зүй, санхүүжилт болон бусад асуудлыг шийдвэрлэхэд хэр идэвх зүтгэл гаргасан зэргийг нь гол үзүүлэлт болгосон байна.   

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шагналыг нь гардуулж баяр хүргэлээ. Жилийн ажлын хүрээнд 72 мянга гаруй хүн байнгын ажлын байртай болсноос гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчинг шинэчлэн, ноос, ноолуур, орон сууцны салбар, орлого багатай өрх, иргэд, зорилтот бүлэгт чиглэсэн санхүүжилтийн олон эх үүсвэрийг шийдэн, бонд гаргах зэргээр дэмжиж, ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийг урамшуулах цогц арга хэмжээг төр, засгаас авч хэрэгжүүлсэн юм.

    Мөн Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэж, сургалтад хамруулах замаар ажилтай болгох, ажлын байр, сургалтын байгууллагыг холбох, судалгаа, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх зэрэгт анхаарсан нь урт удаан хугацаанд, тогтвортой үр дүнгээ өгөх ажлын эхлэл боллоо  гэж Үндэсний хороо үзэж байна. Тухайлбал Хөдөлмөрийн биржид бүртгүүлж, ажил идэвхтэй хайж байгаа хүний тоо 50 хувиар өссөн нь жилийн ажлын нэг гол үр дүн юм. Бүртгэл, бодит судалгаа нь цаашид ямар арга хэмжээ авахаа тодотгоход чухал хувь нэмэртэй гэж хэлж болно.

    Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-д бид 72 мянга гаруй хүнийг байнгын ажлын байртай болгож, тодорхой ахиц, үр дүнд хүрлээ. Цаашид энэ жилийн ажил үргэлжилнэ. Төр, нийгэм, хувийн хэвшлийн түншлэл амжилттай хэрэгжиж байна. Энэ жил тавьсан сууриа цаашид улам бэхжүүлэх, ялангуяа 2012 онд бага орлоготой иргэд, өрхийг дэмжихэд онцгойлон  анхаарах болно. Төр, засгаас ажил хийж, амьдрал ахуйгаа өөд нь татъя гэсэн иргэдээ бүх талаар дэмжинэ” гэлээ. Тэрээр мөн жилийн ажлыг сурталчилж, олон нийтэд хүргэхэд хэвлэл, мэдээллийн байгууллагуудын үүрэг их байсныг тэмдэглээд, талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-Д 72 080 ХҮН БАЙНГЫН АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖЭЭ

    Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 72 080  хүн шинээр ажилтай болжээ. Нийт ажилд орсон хүний 31 326 нь эмэгтэйчүүд байна. Баруун бүсийн аймгуудад 9 488, хангайн бүсэд 12 325, төвийн бүсэд 11 869, зүүн бүсэд 5 293 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 33 105 хүн шинээр байнгын ажилд оржээ. Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүрэгт тус бүр 5000-5880 хүн шинээр ажлын байртай болсон байна.

    Баян-Өлгий аймаг 2305 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол хангайн бүсэд Архангай аймаг 2382, төвийн бүсэд Сэлэнгэ аймаг 2452, зүүн бүсэд Дорнод аймаг 2288 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ. Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 13142 нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна.

    Тэгвэл барилгын салбарт 12 896 хүн, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 8733, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 691, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7242 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ.

  • Тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан халамжийн тэтгэвэр авах тогтолцоог бий болгохыг Засгийн газар зорьж байна

    Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа “Ахмад настны асуудлаарх зөвлөлдөх уулзалт” Төрийн ордонд болж байна. Энэхүү уулзалтад Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар оролцож үг хэллээ. Төр засгийн удирдлагууд, орон нутгийн төлөөлөл, холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд, НҮБ-ын Хүн амын сан болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчид, Монголын ахмадын холбоо, Чөлөөт ахмадын холбоо, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож буй энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Эрхэм хүндэт ахмад буурлууд аа,

    Хүндэт зочид, төлөөлөгчид өө

    Шинэ оны босгон дээр Монгол Улсын Засгийн  газраас санаачлан зохион байгуулж буй “Ахмад настны асуудлаарх зөвлөлдөх уулзалт”-д оролцохоор хуран цугласан та бүхэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөсболонхувиасаачин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Ахмад настны аж амьдралыг дээшлүүлэх, тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулах, ахмадуудаа эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх бодлого Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байнга байдаг билээ. Ахмад буурлууд Та бүхэн маань улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт, хойч үеийнхний сайн сайхан амьдралын төлөө амь бие хайргүй зүтгэж, хөдөлмөрлөж ирсэн гавьяатай, төр, засгийнхаа хайр ивээлийг эдлэх бүрэн эрхтэй билээ.

    Тийм ч учраас ахмад настнуудын асуудал үе үеийн Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд манай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүр ч онцгой байр суурь эзэлж байгаа юм. Тухайлбал, нийгмийн халамж, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүн амын насжилтийн стратегийг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг өнөөгийн болон ирээдүйн ахмадуудын нийгмийн баталгааг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах арга хэмжээг авч эхэлсэндээ баяртай байна.

    Түүнчлэн ахмадууд та нарынхаа ажил, амьдралын арвин туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэх, нийгмийн баялгийг арвижуулах эх булаг болгон ашиглах, өтөл насанд нь үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамж, тусламжийг сайжруулахад зориулж, эмнэлэг, асрамж, сувиллын газар, ахмадын ордон байгуулах зэрэг тодорхой ажил хийгдэж байна. Үндэсний статистикийн хорооны 2010 оны мэдээгээр нийт хүн амын 7.3 хувийг ахмад настнууд эзэлж байна. Энэ нь хүн ам зүйн харьцангуй тааламжтай үзүүлэлт боловч 20 жилийн дараагаас энэ байдал өөрчлөгдөж 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

    Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас ахмад настны аж байдлыг сайжруулах, тэдний нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, эрүүл насжих нөхцөл боломжийг нэмэгдүүлэх бодлогын чиглэлүүдийг тусгасан анхны урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын насжилтын стратеги”-ийг 2009 онд батлан гаргасан билээ. Энэхүү баримт бичиг нь урт хугацаанд ахмад настнуудын талаар төрөөс баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлж байгаа бөгөөд ямар арга замаар хэрхэн хэрэгжүүлэх талаар бид өнөөдрийн чуулга уулзалтаар илүү тодорхой болгох боломжтой гэж үзэж байна.

    Та бидэнд азтай цаг үе тохиож байна. Өнөөдрийг хүртэл та бүхний маань амь биеэ хайрлалгүй хамгаалж хадгалж ирсэн эх орныхоо баялгийг ашиглах түүхэн боломж бидэнд олдож байна. Энэ бол манай орны хөгжлийн үндэс, та бидний амьжиргааны чухал эх үүсвэр гэдэгтэй хүн бүр санал нэгдэх байх аа. Байгалийн баялгаас олсон орлогынхоо дээжээс иргэддээ хүртээх ажлыг эхлүүлсэндээ бид баяртай байгаа. Анхны энэ оролдлого алдаатай ч байж болно. Гэхдээ дараа дараагийн ашигтай хэлбэрийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн туршлага болно гэж найдаж байгаа билээ.

    Түүнчлэн уул уурхайн үйлдвэрлэлээс төсөвт орох  орлого нэмэгдсэнээр төрийн албан хаагчдын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хүнсний талон олгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах зэрэг зорилтот төслүүдийг туршин хэрэгжүүлэх боломж олдсон бөгөөд энэ ньэ дийн засгийн хямралын болон түүний дараах үед хүн амын, ялангуяа ахмад настны орлогын баталгааг хангах, тэдний хэрэглээг дэмжих чиглэлд зохих үр дүнгээ өгч байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэврийг  30,0 хувиар, мөн алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг 50-100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 372 мянган төгрөгийн хишиг, хувийг иргэн бүрт бэлнээр олгоод байна.

    Манай улсын эдийн засаг өсч байна.Эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд улам нэмэгдэх төсөөлөл гарч байна. Энэхүү өсөлтийг хэрхэн үр өгөөжтэй, зөв хуваарилах нь дараа дараагийн Засгийн газруудын анхаарлын төвд байх учиртай. Эдийн засгийн өндөр өсөлтийн үр шимийг ахмад үеийнхэн ч, ид насныхан ч, ирээдүй, хойч үе маань ч хүртэх боломжийг бид хангахын  тулд Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамж, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодож төлөвлөсөн зүйлүүд олон байна.

    Нийгмийн халамжийн тогтолцоог үр ашигтай болгож, ядуурлыг бууруулахад оруулах хувь нэмрийг нь дээшлүүлэх, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн, өрхөд чиглүүлж, хамрах хүрээг нь оновчтой тогтоох, тэтгэмж, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор Засгийн газар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байна. Ирэх оноос халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод түвшинд ойртуулж нэмэгдүүлэх, халамжийн тэтгэвэрт тавьдаг олон нөхцөл, шалгуурыг өөрчилж  Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан халамжийн тэтгэвэр авах тогтолцоог бий болгохыг зорьж байна.

    Ахмад настанд нийгмийн хамгааллын нэмэлт баталгаа бий болгож, ядуурлаас хамгаалах, тэтгэврийн орлогын тэгш бус байдлыг багасгах зорилгоор улсын төсвөөс санхүүжүүлэх нийгмийн суурь тэтгэврийг шинээр бий болгохоор төлөвлөж, холбогдох хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Дундаж тэтгэврийн хэмжээ харьцангуй доогуур, тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа нөхцөлд нийгмийн суурь тэтгэвэр нь ахмадуудад байгалийн баялгийн орлогоос хүртээх оновчтой хэлбэрүүдийн нэг гэж үзэж байна. Цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох зорилтын дагуу нийгмийн даатгал, түүний дотор тэтгэврийн шинэчлэлийн тулгамдсан асуудлуудыг ахмад настнуудад ээлтэй байдлаар шийдвэрлэх болно. 

    Ирэх онд “Хүнийхөгжилсан”-аасиргэн бүрт сар бүрийн 21 мянган төгрөгийг эхний хагас жил дуустал үргэлжлүүлэн олгохын зэрэгцээ хишиг, хувийн үлдэж буй 1.0 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцаа олгох арга хэмжээг авахаар шийдвэрлээд байна. Цаашид хүн амын насжих үйл явцтай уялдуулан байгалийн баялгийн орлогын тодорхой хэсгийг ирээдүйн тэтгэврийн зардалд зориулан хуримтлуулах нь зохистой гэж үзэж байна. Энэ талаар болон та бүхэнд өөр санал байвал өнөөдрийн энэ чуулган дээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.

    Ахмад настны онцлог, өвөрмөц хэрэгцээнд нь нийцсэн нийгмийн халамж, асрамж, хөгжлийн болон эрүүл мэндийн, амралт, сувиллын  үйлчилгээг хөгжүүлэх, төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах асуудал бидний өмнө тулгамдаж буй зорилтуудын нэг юм. Улсын хэмжээнд ахмад настанд зориулсан хөгжлийн  танхим 111, сувилал болон нөхөн сэргээх 76 төв, төрөлжсөн асрамжийн 7 газар үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн Архангай, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Орхон аймагт ахмадын ордныг шинээр барьж ашиглалтад орууллаа. Энэ бол хангалттай биш ч гэсэн, ажлын тодорхой эхлэл бөгөөд цаашид энэ хүрээнд ахмадууд та бүхнийхээ санал хүсэлт, эрэлт хэрэгцээг үндэслэн санаачилж нэвтрүүлэх, ажил хэрэг болгох олон ажил байна. 

    Төрөөс хүүхэд, эхчүүд, ахмад настны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж, эрүүл мэндийн даатгалтай иргэн даатгалын сангаас жилдээ 1,1 сая хүртэл төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр 2008 оноос хойш улсын хэмжээнд эмнэлэг, эрүүл мэндийг дэмжих 27 төвийг шинээр, хөдөө оронн утагт 31 сумын эмнэлэгийг ашиглалтанд оруулж, 23 сумын эмнэлгийг бариулж  байна. Энэ бол ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэхэд тодорхой хувь нэмэр болно гэж үзэж байна. Цаашдаа алслагдсан газарт амьдарч байгаа ахмад настнуудад эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, ахмадын сэргээн засах, зөв хооллолт, эрүүл насжилтийг дэмжих зэрэг шинэ хэлбэрийн үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байна.

    Хүн амын, тэр дундаа ахмад настнуудын аж байдлын асуудалд орон сууцны нөхцөл, хангамжийг сайжруулах зорилт зайлшгүй чухал билээ. Манай Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд энэ тал дээр зарим ахиц гарлаа. Дайнд оролцсон ахмад настнуудад орон сууцны дэмжлэг олгох ажлыг 2009 оноос зохион байгуулж, 1620 ахмад дайчин, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд орон сууцтай боллоо. Түүнчлэн “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд “100 мянган айлын орон сууц” зорилтот хөтөлбөрийг эхлүүлж, иргэдийн худалдан авах чадварт тохируулж орон сууцны зээлийн хүүг 0.6 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Хөтөлбөрийн хүрээнд 2016 он хүртэлх хугацаанд орлого багатай өрхийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, ахмад настанд зориулсан нөхөн сэргээх, сувилах эмнэлэг бүхий тусгай зориулалтын ахмадын орон сууц барих ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

    Эрхэм зочид төлөөлөгчид өө,

    Хүндэт ахмадууд аа.

    Манай Засгийн газар дээр дурдсан зорилго, зорилтуудаа  үргэлжлүүлэн хэрэгжүүлж бодит ажил хэрэг болгохын тулд ирэх оны төсөвт шаардлагатай санхүүгийн боломжит эх үүсвэрүүдийг тусгасан. Цаашид нийгмийн хамгааллын бодлогыг боловсронгуй болгохдоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд зэрэг анхаарлын төвд байх ёстой хэсгийг гэр бүлдээ, хань ижил, үр хүүхэд, ах дүү хамаатан садантайгаа хамт аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхийг хичээх болно.

    Тиймээс гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудлаар бид тусгайлан зөвлөлдөх учиртай. Ахмад настнуудын маань амьдрал ахуй, нийгмийн оролцоо, хөгжил дэвшилд тулгамдаж буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэх, бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулахад та бүхний оролцоо, санал зөвлөгөө үнэтэй хувь нэмэр болно. Тиймээс өнөөдрийн зөвлөлдөх уулзалт бидний хийж байгаа ажлыг үнэлж дүгнэх, хийх ажлын чиглэлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Энэ ялдамд Монгол Улсын өнцөг булан бүрээс ахмад настнуудаа  төлөөлөн ирж энэхүү уулзалтад оролцож буй нийт ахмадууддаа шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Зөвлөлдөх уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.

     

  • С.Батболд: 100 жилийн тэртээх энэ өдрүүдэд Монголчууд улс гэрийнхээ жаврыг үргээж туурга тусгаар Монгол улсаа төвхнүүлэх их үйл хэргийг өрнүүлж байжээ

    ~ Монгол Улсад орчин цагийн төрийн яамд үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг ~

    УИХ, Засгийн газрын гишүүд ээ,

    Төр захиргааны төв байгууллагын үе үеийн төлөөлөгчид өө,

    Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

    Төрийн ордныхоо их танхимд хуран цугларсан Та бүхэндээ, нийт ард иргэддээ Монголын үндэсний тусгаар тогтнолын 100 жилийн ой, анхны таван яам байгуулагдсаны баярын мэндийг дэвшүүлж, Засгийн газрынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Зуун жилийн тэртээх тэсгим хүйтэн өвлийн энэ өдрүүдэд Монголчууд тэмцэл ялалтын хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж улирлын болоод улс гэрийнхээ жаврыг үргээж, туурга тусгаар Монгол Улсаа сэргээн, төр улсаа засан төвхнүүлэх их үйл хэргийг өрнүүлж байжээ.

    Түүхээс үзэх юм бол Жибзундамба хутагтын дэмжлэгтэйгээр Их хүрээнд нөлөө бүхий ноёд, лам нар хуралдан улсын дотоод, гадаад цагийн байдлыг хэлэлцээд монголын тусгаар тогтнолыг сэргээх хэргийг шууд удирдан эрхлэх зорилго бүхий “Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар” хэмээх байгууллагыг 1911 оны 11 дүгээр сарын 30-нд байгуулжээ. Уг байгууллагыг Түшээт хан аймгийн чуулганы дарга, улсын түшээ гүн Д.Чагдаржаваар ахлуулан, чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй байсан юм. Тус байгууллага нь монгол даяар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Монгол Улсын төр, засгийг сэргээх явдлыг бэлтгэн зохион байгуулах түр Засгийн газрын шинжтэй байлаа. Энэ үүрэг зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бүх хэргийг түр Ерөнхийлөн шийтгэх газар нь Богдын лүндэн гаргуулж, бүх аймаг, хошуудаас цэрэг бэлтгэн ард олны тэмцлийг дэмжжээ.

    Улмаар Их Хүрээн дэх Манж Чин улсын захиргааг түлхэн унагаж, монголын төрийг сэргээн мандуулах тунхаг гарган нийтэд зарлаж, Чин Улсын хэвт ёсны он тооллыг халж, монгол тоололд шилжих, аймгуудын хил хязгаар, боомтод цэрэг томилон суулгах, шаардлагагүй өртөө, харуулыг татан буулгах зэргээр үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Ийнхүү улсынхаа тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулах гэсэн Монголчуудын олон үеийнхний хүсэл мөрөөдөл биелж, тэмцэл нь ялалтад хүрчээ.

    Энэ үйл хэргийн оргил нь Жибзундамба хутагтыг Монгол Улсын шашин, төрийг хослон барьсан хаан ширээнд өргөмжлөн залах ёслол болж, олноо өргөгдсөн Монгол Улс байгуулсныг албан ёсоор дэлхий дахинаа тунхаглан зарласан түүхэн үйл явдал юм. Төрийн энэ их ёслол Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний баасан гарагт Их хүрээнээ сүр жавхлантай, төгс төгөлдөр болсныг түүх шашдир болон тэр үеийн Монголд байсан гадаадын зочид, жуулчдын тэмдэглэл, дэлхий дахины сонин мэдээнд тодорхойлж тэмдэглэн үлдээжээ.

    Үндэснийхээ эрх чөлөөг олж, өөртөө засах эрхтэй, сүслэн залбирах эзэн хаантай төр улсаа сэргээн тунхагласан энэ үйл явдал нь Монгол хүн бүрийн баяр бахархал, омогшил бишрэлийг төрүүлсэн байна. “Монголд газар сайгүй …… их баяр ёслол болж байна”, “Олон Монголчууд Нийслэл хүрээний зүг харж мөргөн, цай сүүнийхээ дээжийг өргөн баярлаж байв” хэмээсэн түүх бичлэгийн төрлүүд үүнийг нотлоно. Шашин, төрийг хослон барьсан Богд хааны лүндэн зарлигаар Монгол Улсын Засгийн газрыг таван яамтайгаар байгуулж, тусгаар тогтнол, эрх чөлөөний хувьсгалыг ялуулахын төлөө идэвхтэй хүчин зүтгэгчдийг яамдын тэргүүн сайд, дэд сайд, түшмэлийн албан тушаалд томилж, зэрэг хэргэм олгож, ард олон, ахмад настнуудад хишиг хувь хүртээсэн байна.

    Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол Улсын Засгийн газрын таван яам нь Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яам, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Сангийн хамаг хэрэг бүгд захиран шийтгэгч яам, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам нэртэйгээр анхлан байгуулагджээ. Монголын шинэхэн түүхийн эхлэл болсон нэгэн зууны тэртээх энэхүү бахархалт үйл явдлыг үндэснийхээ ой санамжид нэхэн сэргээж, үеийн үед үл мартуулахын тулд туурга тусгаар Монгол Улсаа тунхаглан зарласан, төрийн тулгуур таван яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг Монгол Улсын Засгийн газар энэ өдөр ёслон тэмдэглэж байна.

    Эдгээр яамд нь шинээр Монгол Улсын төрийн албаны тогтолцоог бүрдүүлж, цаашид улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулах, эдийн засаг, аж ахуйг сэргээн босгох, соёл боловсролыг хөгжүүлэх бодлого үйл ажиллагааг эрхлэн явуулах анхны эхлэлийг тавьснаараа түүхэн гавъяатай, өргөн утга агуулгатай юм. Анхны таван яамд эхэн үедээ бараг ижил эрхтэй байсан тул сайд нар хоорондоо харьцах, улсын хэргийг уялдуулах шаардлагаар Богд хааны 1912 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн зарлиг гарчээ.

    Уг зарлигт “Дотоод яам угаас тус улсын дотор тэргүүлэгч ахмад яам мөн. Гагцхүү манай улс гадаад лугаа найрамдахыг эрхэмлэн гадаадын хэргийг чухал болгох тул Гадаадын яамыг дэд болготугай. Бас улсыг хамгаалах үндэс цэрэгт буй тул Цэргийн яамыг гутгаарт болготугай. Сангийн яамыг дөтгөөрт болго. Шүүн таслах яамыг тавдугаарт болгон харилцан бичиглэхэд зэрэг дэвийг үзэж дээдэх яам доош бичихүй дор илгээв хэмээн бичиж, доорхи яам дээш бичихэд өргөн хэмээн бичиж, үүрд дагаж явагтүн” хэмээн  тогтоожээ.

    Үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл болсон 1921 оны Ардын хувьсгал өөрчлөн байгуулалтын үр дагавар юм. 1990 оны ардчилсан өөрчлөлт нь улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэл хийж, төрийн захиргааны өөрчлөлтийг явуулж байсан ч анхны таван яамны чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц уламжлагдан өнөөг хүртэл хадгалагдаж, орчин үеийн бодлогын яамд болон  шинэчлэгдэж ирсэн. Монгол Улс сүүлийн 100 жилийн хөгжлийн түүхэндээ Засгийн газрын бодлого, хэрэгжүүлэх зорилтоос хамааран 5-аас 20 гаруй яамтай ажиллаж ирсэн. Харин 2008 онд байгуулагдсан өнөөгийн хамтарсан Засгийн газар 11 яамтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

    Сэргэн мандсан шинэ Монгол Улсын сүүлийн 100 жилийн түүх бол үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын сэргэлт бэхжилт, улсын эдийн засаг, нийгэм соёл, их бүтээн байгуулалт, монгол хүний хөгжил дэвшлийн бахархам түүх болохыг хэзээ ч, хэн ч үгүйсгэх аргагүй ээ. Энэ зуунд бидний улс харь орны хараат, зах хязгаар муж байснаа тусгаар тогтносон, бүрэн эрхт улс шиг улс болж, төрт ёсоо сэргээн хөгжүүлж чадсан юм. Нэгэн зууны тэртээ үндэстний хувьд мөхөх сэхэхийн дэнсэн дээр байсан монголчууд бид эрх чөлөөнийхөө ачаар дахин сэргэж хүн амын тоо тав дахин өсч , эрүүлжиж  боловсорсон, соёлжиж иргэншсэн, хөгжиж буй үндэстэн болж байна.

    Дундад зууны мухар сүсэг, оюун санааны хоцрогдлыг даван туулж, бүх нийтээр бичиг үсэгтэй, орчин цагийн боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спорт, соёл мэдээллийг хөгжүүлэн, дэлхий дахинаа хөл нийлүүлэн алхах түвшинд хүрчээ. Нүүдлийн мал аж ахуйгаас хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, аж үйлдвэр хослон хөгжиж байгаа, өмчийн олон хэвшил бүхий, эдийн засгийн түргэн өсөлттэй хөгжиж буй орон болж чадсан. Монгол Улс, монгол үндэстэн хөгжлийн ийм бахархам ололт амжилтад хүрэхэд үе үеийн Засгийн газар, тэр дундаа анхны таван яамны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр нэн чухал болохыг зориуд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

    “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 399 дүгээр зарлигийн 2 дугаар зүйлд “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад шинэ цагийн Хууль зүй, дотоод хэргийн алба, Засгийн газрын ажлын алба /Шүүх яам, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам/, Батлан хамгаалах алба /Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам/, Санхүү, эдийн засгийн алба /Сангийн хамаг хэрэг бүгд захиран шийтгэгч яам/, Дипломат алба /Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яам/ байгууллагдсаны 100 жилийн ойг тус тус тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзсүгэй” гэсэн нь анхны таван яамны түүхэн үүргийг тодотгосон хэрэг юм.

    Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамнаас эхтэй монголын шинэ цагийн дипломат албаны 100 жилийн түүхэн замнал нь бахархам амжилтаар дүүрэн. Дэлхийн хоёр удаагийн их дайн, их гүрнүүдийн интервенци, геополитикийн сөргөлдөөн, хоёр системийн хуваагдал, хүйтэн дайны түгшүүр, цөмийн зэвсгийн өрсөлдөөн бүхий аюул эрсдэл дүүрэн ХХ зуунд улсынхаа тусгаар тогтнолыг хөрш болон бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх, хүнд бэрх үүргээ нэр төртэй гүйцэтгэж, түүхэн гавъяа байгуулсан үе үеийн дипломатчид гадаад харилцааны албаныхандаа Монгол Улсын Засгийн газар баяр талархал дэвшүүлж байна.

    Тэдний маань хагас зууны нөр их зүтгэлийн үр дүнд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, эдүгээ 157 улстай дипломат харилцаатай болж, тэдгээрийн ихэнхтэй нь худалдаа эдийн засгийн харилцаа тогтоож, бүс нутаг, тив дэлхийн хэмжээний олон улсын нэр хүнд бүхий 60 гаруй байгууллагын гишүүн болж, Монгол Улсын гадаад нэр хүнд дээшилж монгол төрийн алтан аргамж улам бөхлөгдсөөр байна. Эдүгээгийн гадаад харилцааны яам нь төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, гадаад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах талаархи засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий чиг үүргийн яам юм.

    Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжиж, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаанд манай улсын оролцоо ихээхэн нэмэгдэж буйтай холбогдон тус яамны гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны хамрах хүрээ тэлсээр байна. Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу эдүгээгийн Сангийн яам нь улсынхаа эдийн засгийг хөгжүүлэх, сан хөрөнгийг аривжуулах, эдийн засаг, нийгэм, соёлын зорилтуудыг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, төсөв санхүүгийн удирдлагаар хангах үндсэн чиг үүргээ нэгэн зууны туршид нэр төртэй гүйцэтгэж ирсэнийг тэмдэглэхэд нэн таатай байна.

    Энэ үйл хэрэгт оюун ухаан, сэтгэл зүтгэлээ зориулсан тус яамны үе үеийн удирдлага, алдар хүндтэй ахмадууд төрийн санхүү, эдийн засгийн албаны нийт албан хаагчиддаа ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Сангийн яам нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж, түүнээс гаргасан шийдвэрийг биелүүлэх талаархи чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон өргөжлөө.

    Үндэсний эдийн засгийн тэлэлт, хүний хөгжлийн зорилт, дэлхийн эдийн засгийн эрсдэлтэй холбогдоод ерөнхий чиг үүргийн энэ яаманд төсвийн сахилга, тогтвортой байдал, төлөвлөлтийн шинжлэх ухааны хандлага, эрсдлийн менежмент, хүний нөөцийн чадавхийн асуудал хэзээ хэзээнээс илүү чухлаар тавигдаж байна. Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны чиг үүрэг нь өнгөрсөн 100 жилд тухайн үеийн төрийн хэлбэр, зорилт, үйл ажиллагааны онцлог, түүхэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэлээдгүй хувьсан өөрчлөгдөж иржээ. Богд хаант Монгол Улсын үед “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль цаазын бичиг”-ийг боловсруулан батлуулж мөрдүүлэх зэргээр шүүх, эрх зүйн шинэтгэлийн шинжтэй чухал алхмуудыг хийсэн.

    Ардын засгийн жилүүдэд шүүхийн шинэ тогтолцоог төлөвшүүлэх, хуулийг сахиулахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Шинэ үндсэн хуулийн дагуу шүүх эрх мэдэл, засаглалын гүйцэтгэх эрх мэдлээс тусгаар болсноор түүний чиг үүрэгт өөрчлөлт орж, нийгмийн дэг журмыг хангах төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллага болж өөрчлөн байгуулагдсан. Ерөнхий чиг үүргийн яам болох эдүгээгийн Хууль зүй, дотоод хэргийн яам нь хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх талаарх Засгийн газрын үйл ажиллагааг дагнан эрхэлсэн байгууллага юм.

    Хүн ардынхаа амгалан тайван, аюулгүй байдал, нийгмийн шударга ёсыг сахиулахын төлөө бие хайргүй зүтгэж ирсэн шүүх, цагдаа, хууль сахиулах байгууллагын үе үеийн төлөөлөл төрийн тусгай албаныхандаа ойн баярын мэнд дэвшүүлж, итгэл сэтгэлийн эрч хүч, урам зориг, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу өнөөгийн Батлан хамгаалах яам нь эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсынхаа хилийн халдашгүй дархан байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн үндсэн чиг үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн.

    Богд хаант Монгол Улсын үед байнгын цэргийг бий болгож, Хужирбуланд цэргийн сургууль байгуулснаас эхлээд, ардын журамт цэргийн хороо ардын арми болтлоо өргөжин бэхэжсэн. Монголын шинэ цагийн цэрэг армийн салбараас ардын Хатанбаатар Магсаржав, манлай ван Дамдинсүрэн, их жанжин Д.Сүхбаатар нарын халуун эх орончид, маршил Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, жанжин Ж.Лхагвасүрэн зэрэг цэргийн нэрт удирдагчид төрөн гарсан.

    Харийн түрэмгийллийн эсрэг тэмцэл, Халх гол, чөлөөлөх дайн, баруун хил, Байтаг богдын тулааны талбараас олон арван баатар, алдар гавъяат, эр зоригт дайчид тодорсон. Тусгаар тогтнол, эрх чөлөө, эх орон, ард түмнийхээ төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан өнөөдрийн аз жаргалыг бидэнд өгсөн хатан зоригт баатрууд, ахмад дайчдынхаа гавъяаг нь дурсан, гүн хүндэтгэлээ илэрхийлье. Монгол зэвсэгт хүчний өнөөдрийн бие бүрэлдэхүүн өмнөх үеийнхнийхээ эх оронч, баатарлаг уламжлалыг залгамжлан өвлөж, орчин үеийн цэргийн урлагийг чадамгай эзэмшиж, олон улсын энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа нь бахархалтай.

    Монгол Улсынхаа нэрийг олон улс, дэлхий дахинаа өргөж яваа Г.Аззаяа, Самбуу-Ёндон нарыг эгнээнээсээ төрүүлсэн үе үеийн энхийг сахиулагчиддаа, бүх цэрэг дайчид, офицер, ахлагч, сонсогч, нартаа Батлан хамгаалах алба үүсэн байгуулагдсны 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газрын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Анхны таван яамны нэг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны зарим чиг үүргийг одоо Засгийн газрын ажлын алба буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газар хариуцан гүйцэтгэж байна.

    Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны харилцан уялдааг зохицуулах удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллага төдийгүй Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хүний нөөц болон нийтлэг үйлчилгээгээр хангаж ажилладаг Засгийн газрын удирдлагын зөвлөх байгууллага юм. Үе үеийн Засгийн газрын ажлын алба энэ чиг үүргээ нэр төртэй биелүүлж, Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангаж, зөвлөгөө үйлчилгээгээр дэмжлэг үзүүлж ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж, энэ танхимд уригдан ирсэн хүндэт зочид болон бүх ахмадууддаа, хэрэг эрхлэх газрын одоогийн бие бүрэлдэхүүнд Ерөнхий сайдын хувьд гүн талархлаа илэрхийлье.

    Төрийн захиргааны байгууллагад үнэнч сэтгэлээсээ, үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг 33 жил удирдан ажилласан гавъяат хуульч Б.Бадарч агсны үлгэр дууриаллыг зориуд дурдан хэлье. Нийгмийн олон талт зорилтыг хэрэгжүүлж, Засгийн газрын манлайллыг хангаж ажиллахад ажлын албаны мэргэжлийн шуурхай үйлчилгээ, ажилтнуудын мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн, хариуцлагын өндөр шаардлага хэзээ хэзээнээс илүү тавигдаж байгааг бас тэмдэглэе.

                Эрхэм хатагтай, ноёд оо,

    ХХ зууны монголын түүхийн содон үйл явдал Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, ойг тэмдэглэх Үндэсний хороо байгуулан, тодорхой ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж ирлээ. Ойн тунхаглал, Монгол Улсын шинэ үеийн төрийн албаны түүхэнд холбогдох түүхийн дурсгал, соёлын өвийг сэргээн засварлах, хамгаалалтад авах, судалгаа шинжилгээ, урлаг, соёлын суурь бүтээлүүд туурвих, баримтат-уран сайхны кино бүтээх, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохион байгуулах, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх зэрэг олон бүтээлч ажлуудыг яамдууд тус бүртээ санаачлан зохион байгуулж, түүхт тэгш ойгоо угтлаа.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын санаачилгаар Анхны 5 яамны хамтарсан нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, Засгийн газар, яамдаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан нь иргэдэд хүрсэн ажил хэрэгч арга хэмжээ болсон. Ийнхүү 100 жилийн ойд манай яам, газрууд 2011 онд төлөвлөсөн ажил, тулгамдсан зорилтоо шуурхай шийдвэрлэж, ажлын амжилт дүүрэн байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

    Мөн үндэсний эрх чөлөөний хувьсгал, төрийн яамдын үүсэн байгуулагдсаны их ойг угтаж, үндэсний түүх, соёлоо бахархан дээдэлж, дэлгэрүүлэн хөгжүүлж, сурталчлах талаар тодорхой санаачилга, зүтгэл гаргаж, бодитой хувь нэмрээ оруулсан иргэд, уран бүтээлчид, судлаач шинжээчид, иргэний нийгмийн байгууллагад Засгийн газрын өмнөөс гүн талархал илэрхийлье.

    Эрхэм хатагтай, ноёд оо,

    Хэдхэн хоногийн дараа 2012 он гарах гэж байна. Манай хамтарсан Засгийн газрын хувьд 2012 он бол үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусгах сүүлийн жил. Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлого, арга хэмжээний эцсийн үр дүнг баталгаажуулах, дутуу байгаа ажлыг гүйцээх, улс орныхоо цаашдын хөгжилд нөлөөлөх шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлнэ. Мөн манай Засгийн газраас хэрэгжүүлэхээр эхэлсэн шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрт тусгагдсан төмөр зам, орон сууц, өмнийн говийн хөгжлийн талаар төлөвлөсөн бүтээлч ажлуудыг амжилттай хэрэгжүүлэх гарааг эрчимжүүлэх болно.

    Ирж буй 2012 он бол сонгуулийн жил ээ. УИХ сонгуулийн хуулийг саяхан шинэчлэн баталлаа. Засгийн газрын өмнө тулгамдсан зорилтуудыг сонгуулийн их ажлын нүргээнд дарагдуулахгүйгээр зохион байгуулах шаардлага, үүрэг хариуцлага Та бидэнд бий. Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дутууг гүйцээх, бүтээн байгуулалтын ажлыг эрч хүчтэй явуулах үүрэг 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын удирдлага, ажилтнуудын манлайлал нэн чухал гэдгийг онцлон сануулья. Ялангуяа орон нутагт ажлыг эрчимжүүлж, иргэд сонгогчдын идэвхийг санаачлагыг бүтээлч ажилд чиглүүлэх нь бүх шатны Засаг даргын онцгой анхаарвал зохих асуудал мөн.

    Хууль зүй, дотоод хэргийн алба, Засгийн газрын ажлын алба, Батлан хамгаалах алба, Санхүү, эдийн засгийн алба, Дипломат алба байгууллагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан үе үеийн ахмадууд, тэдний залгамж болон ажиллаж байгаа өнөөгийн удирдлага, нийт ажилтнууд, тэдгээрийн гэр бүлд аз жаргал, эрүүл энх, ажлын амжилт, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дахин баярын мэнд дэвшүүлье.

    Анхаарлаа хандуулсанд баярлалаа

    2011 оны 12 дугаар сар 17

    Төрийн ордны их танхим

  • ДАВАА ГАРИГААС ЭХЛЭН БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТ ЗОГСОНО

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар,Боловсролын шинжлэх ухааны  үйлдвэрчний холбоон дарга Ж.Батзоригтэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу байгуулагдсан ажлын хэсгүүд хуралдаж, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр эхэлжээ. Тиймээс багш нарын ажил хаялт ирэх даваа  гаригаас  эхлэн зогсож, сургууль цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах болж байгааг тэд Засгийн газрын тэргүүнд мэдээллээ.

    Ерөнхий сайдын түвшинд энэ асуудлыг авч үзэж байгаа нь гурван талт   хэлэлцээр өндөр түвшинд  эхэллээ гэж ойлгож байна хэмээн Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар энэ үеэр хэлж байлаа. Багш нарын ажил хаясан үеийн цалин хөлсийг тодорхой хууль журмын хүрээнд шийдвэрлэх, цалин хөлсийг  ирэх хоёр болон тавдугаар   сарын нэгнээс эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэллээ.

    Мөн Засгийн газар багш нарын тавьсан шаардлагыг бодитойгоор шийдвэрлэж, ажил хэрэгч хандах үүднээс тэднийг хүлээн авч уулзаж байгаагаа хэлээд та бүгд ч гэсэн энэ асуудалд хариуцлагатай хандаж  нийгмийн гурван талт зөвшилцлөөр хэлэлцэж байгаа асуудлаа хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах тухай тодорхой ярилцав. Засгийн газрын гишүүд ч өөрсдийн салбарын хүрээнд шийдэж болох асуудалд хариуцлагатай хандахыг ч мөн давхар анхаарууллаа. Энэ ажил цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үлгэр жишээ үзүүлсэн алхам болно гэдэгт итгэж байгаагаа Засгийн газрын тэргүүн онцоллоогэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


  • С.БАТБОЛД: БАГА ОРЛОГОТОЙ ӨРХ, ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХЭД ОНЦГОЙ АНХААРНА

    “2011 онд 72 мянга гаруй хүн шинээр байнгын ажлын байртай болж, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын зорилт тоо, чанарын хувьд амжилттай биелсэн бүтээлч он байлаа. Энэ жилийн гараа ирэх жилүүдэд улам эрчимжиж, бага орлоготой өрхийг дэмжих ажлыг тууштай хэрэгжүүлэх болно” гэж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Энэ тоог Үндэсний статистикийн хороо, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, бусад байгууллагын судалгаа ч баталж байна.

    “72 мянга гаруй хүн ажилтай болсноор тухайн хувь хүн, өрхийн амьжиргаа, орлогод эерэг нөлөө үзүүлж, энэ хэмжээгээр ахуй амьдрал ч дээшилсэн нь лавтай. Цаашид ч шинээр ажлын байртай болох хүний тоо улам нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо байна. Бид энэ амжилтаа бататган улмаар ахиулж, ажилгүйдэл, ядуурлыг бүрмөсөн арилгахын төлөө хамтдаа зүтгэе” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тэрээр мөн ажилгүйдэл, ядуурлыг арилгахын тулд төр, засгаас гадна иргэд өөрсдөө идэвх, санаачлагатай байж, Хөдөлмөрийн биржэд бүртгүүлэх, сургалтад хамрагдах замаар ажилтай болж, амьдралаа өөд нь татахын төлөө хичээх хэрэгтэй гэлээ. Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хаалтын нэгдсэн арга хэмжээ 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болох үеэр Ерөнхий сайд ингэж хэлсэн байна. Тэрээр мөн жилийн ажлын хүрээнд төр, засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар товч танилцууллаа.

    Гүйцэтгэх засаглалын тэргүүний хэлснээс үзвэл Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрөөс баримтлах эрх зүйн орчинг шинэчлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн санхүүжилтын эх үүсвэр, шинэ дэмжлэг бий болгож, ажил хийж ахуй амьдралаа дээшлүүлье гэсэн иргэд, өрхийг дэмжин, ажлын байраа хадгалсан ажил олгогчдыг урамшуулах зэрэг арга хэмжээ авчээ. Энэ бүхэн нь цаашдаа урт хугацаанд, тогтвортой үр өгөөжөө өгөх бодлогын суурь өөрчлөлт болж байна.

    Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих идэвхтэй бодлого явуулахад чиглэгдэж ирлээ. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэе гэсэн иргэн бүрээ дэмжих, орлогогүй байгаа өрх бүрт хүрэх, зорилтот бүлгийн иргэд хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх, залуучуудад хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай, эрэлттэй мэргэшил, ур чадвар эзэмшүүлэх замаар ажлын байртай болгох, эдгээрийг шийдвэрлэхэд төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил болон иргэдийн хүлээх, гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгосон шинэ эрх зүй, санхүүгийн орчинг бүрдүүлсэн нь энэ жилийн ажлын гол үр дүнгийн нэг” гэж онцлон тэмдэглэлээ.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг үр дүнтэй болгохын тулд төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний хороо, 5 дэд хороо байгуулан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллажээ. Үндэсний хорооны батласан 5 бүлэг, 54 заалт бүхий төлөвлөгөөний биелэлт 92 хувьтай гэсэн судалгаа гараад байна. 

    Үндэсний хорооны хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Архангай аймаг болон зарим агентлаг, барилга, хүнсчид, арьс шир, ноос ноолуурын мэргэжлийн холбоодын санал хүсэлт, тайланг сонсон холбогдох шийдвэрийг тухай бүр нь гаргаж ажилласан байна. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, санхүүгийн дэмжлэг, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг сайжруулах, жилийн ажлыг сурталчлах, иргэдэд мэргэжил, ур чадвар олгох сургалт явуулах зэрэг багц асуудлыг шийдвэрлэхийг зорьжээ.

    Засгийн газар хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай зэрэг 17 хууль, УИХ-ын 3 тогтоол батлуулж, Засгийн газрын 2 тогтоол гаргасан байна. Түүнчлэн 100 мянган айлын орон сууц, ноос, ноолуур, жижиг, дунд үйлдвэрийн салбарыг дэмжих бонд гаргах, хүнсний ногоо, гурилын татварыг нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоол гаргуулснаар хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн орчин үндсэндээ шинэчлэгдсэн гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.  

    Жилийн ажлын хүрээнд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх жилүүдэд байгаагүй их хөрөнгө юм. Засгийн газар бондын хөрөнгөөс олгож байгаа зээлийг анх удаа 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргасан. 7 хувийн хүүтэй зээлийн хүүгийн зөрүүд Засгийн газар, Монголбанк тус бүр 3 хувийн хүүг банкуудад нэмж төлж байгаа нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодит арга хэмжээ, ялангуяа тогтвортой ажлын байр нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон байна.

    Концессын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг шинэчлэн баталж, иргэдийн хоршоо, нөхөрлөл байгуулах, өрхийн болон хувиараа бизнес эрхлэх хүмүүсийг  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжиж байхаар хуулинд өөрчлөлт оруулжээ. Үндэсний хорооны тайлангаас үзвэл ажлын байрны сургалт буюу дагалдан сургалтын хөтөлбөрийг барилга, хөнгөн хүнсний үйлдвэрийн салбарт зохион байгуулж 9 мянга гаруй хүнийг хамруулсны 90 хувь нь ажлын байртай болсон байна. Цаашид зорилтот бүлгүүдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг энэ онд хэрэгжүүлэхэд зориулж 10 тэрбум гаруй төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд, оюутнууд, эмэгтэйчүүд, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг зорилтот хөтөлбөр хэрэгжиж үр дүнгээ өгч байна.

    Жижиг, дунд үйлдвэрийн салбарт энэ онд 120 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдсэн бөгөөд олгосон зээлийн үр дүн ирэх жилүүдэд бодитоор гарах суурь нь тавигджээ. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд тавьсан гол зорилтын нэг нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг шинэчлэн сайжруулах байлаа. Энэ нь ажил олгогч, ажил хайж байгаа иргэдийг хооронд нь холбоход чухал үүрэг гүйцэтгэх юм.

    Энэ хүрээнд ажилгүй иргэдээ дүүрэг, хороо, сум, баг бүрчлэн гаргаснаас гадна хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг аж ахуйн нэгж, иргэн, байгууллага, статистикийн албад нэг загварын маягтаар гаргадаг болсон нь мэдээлэл үнэн зөв, бодитой болох үндэс болжээ. Цаашид мэдээллийг иргэдэд бүх хэлбэрээр түргэн шуурхай хүргэх, ялангуяа ирэх онд техникийн боломжтой бүх сум, хороонд цахим хэлбэрээр хүргэх зорилт тавиад байна.

    Аймаг, нийслэл, яамдаас ирүүлсэн тайлангаас үзвэл “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой арга хэмжээ өдөр бүр дунджаар 80-10 зохиогдож байжээ. Гэхдээ ажлын үр дүнг зохион байгуулсан арга хэмжээний тоогоор биш, хүрсэн үр дүн, хэдэн хүнийг ажилтай болгосон, ажил хийе гэсэн иргэдийн идэвх, оролцоогоор дүгнэнэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд жилийн ажлын нээлтийн үеэр онцлон тэмдэглэж байсан. Энэ талаас нь харвал сард 6 мянга гаруй хүн шинэ ажлын байртай болж, ажил идэвхтэй хайж байгаа хүний тоо өссөн нь эерэг үзүүлэлт. Нөгөө талаас хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн тоо буурч байвал бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгээ өгсөн хэрэг гэж тэрээр үзэж байна.

    Иргэдэд мэргэжил, ур чадвар олгох сургалтын талаар ч Ерөнхий сайд С.Батболд мэдээлэлдээ дурдлаа. Түүний хэлснээс үзвэл Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагсдын дотор насанд хүрэгчдийн эзлэх хувь 25.7 хувиар нэмэгдэж 16692 буюу 34.6 хувиар өссөн байна. Үүнтэй холбогдуулан суудлын тоог 3500-гаар нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах, бэхжүүлэхэд улсын төсөв, төсөл, хөтөлбөрөөс 12.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилгүй иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, ажилд зуучлах зорилтын хүрээнд 2010-2011 оны хичээлийн жилд 23 мэргэжлээр уул уурхай, барилга, аж үйлдвэр, хөдөө аж ахжйн салбарт 3 мянга гаруй хүн төгсөж байна.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажил энэ жилээр дуусахгүй, ирэх жилүүдэд улам эрчимжинэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Цаашид аймаг, орон нутгын удирдлагууд ажлын төлөвлөгөөгөө шинэчлэн баталж, хэрэгжүүлэх, мэдээллийн санд тулгуурлан ажилгүй хүн бүрт хүрч ажиллах, ажилд орсон иргэдийн мэдээг долоо хоног, сараар Нийгмийн хамгаалал, хөдөмөрийн яаманд ирүүлж байх, шинээр бий болсон ажлын байранд ажилгүй хэн гэдэг хүнийг ажиллуулахаа хүн нэг бүрээр тооцох, орон нутгийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог татан оролцуулах зэргийг бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

    АМЖИЛТ ГАРГАСАН АЙМАГ, НИЙСЛЭЛ, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ УРАМШУУЛЛАА

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг сайн зохион байгуулж, бодит үр дүнд хүрсэн аймаг, нийслэл, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудыг шагнаж урамшууллаа. Үндэсний хорооны дүгнэлтээр нийслэл Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймаг жилийн ажлыг сайн зохион байгуулж бусдыгаа тэргүүлсэн бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийгмийн хамгааллын яам үр дүнтэй ажилласан байна.

    Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баян-Өлгий аймгийн Сагсай, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Багхангай дүүргийн 16 дугаар хороо, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Дорнод аймгийн Матад сумын Түмэнхан баг илүү санаачлагатай ажиллан, иргэддээ хүрсэн олон ажил хийснээрээ улсдаа шалгарлаа.  Хувийн хэвшлийнхнээс хамгийн олон ажлын байр бий болгосон байгууллагаар “Эм Си Эс” групп, “Энержи ресурс”, “Алтайн хүдэр” компани, “Макс” групп, “Монгол алт” корпораци, “Блю скай”, “Говь”, “Тедмент”, “Эсмо” компани, Хадгаламж банк тодорлоо. Сайн ажиллаж, бусдыгаа хошуучилсан аймаг, нийслэл, хувийн хэвшлийнхэнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шагналыг нь гардуулж баяр хүргэсэн байна.


  • АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

    Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон бусад яамны сайд нар төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай Бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээнд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.Ирэх онд Засаг дарга нараас худалдан авах бүтээгдэхүүн, тоо хэмжээ, чанар, эцсийн үр дүнг үнэлэх арга замыг тодорхойлж, түүний улсын төсвийн санхүүжилтийн хэмжээг тогтоон, бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжүүлэх талаар талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх нь энэ гэрээний зорилго юм. Гэрээнд сайд нараас улсын төсвийн санхүүжилтээр захиалж,  худалдан авах бүтээгдэхүүн болон Засаг дарга нараас нийлүүлэх бүтээгдэхүүн, ажлын үр дүнд тавих шаардлага, гэрээний биелэлтийг дүгнэх болзол, бусад нөхцлийг нарийвчлан заасан байна.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийнхаалтын нэгдсэн арга хэмжээнд хэлсэн үг

    Энэ арга хэмжээнд уригдан ирсэн иргэд ээ,   

    Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн  хаалтын нэгдсэн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулахаар Та бид энэ танхимд хуран цуглараад байна. Засгийн газар энэ оныг “Хөдөлмөр  эрхлэлтийг дэмжихжил”болгон зарлаж төр, хувийн хэвшил, иргэдийн идэвхтэй оролцоотойгоор олон ажлыг орон даяар зохион байгуулж ирсэнийг иргэд хөдөлмөрчид Та бүхэн сайн мэдэж байгаа.

    Жилийн ажлын хүрээнд 72 080 хүнийг байнгын ажлын байртай болгон, хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах эрх зүйн орчноо шинэчилж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн санхүүжилтынэх үүсвэр,шинэ дэмжлэгбий болгож, ажил хийж амьдралаа дээшлүүье гэсэн иргэд, өрх бүрийг дэмжих, ажлын байраа хадгалсан ажил олгогчдыг урамшуулах зэрэг урт удаан хугацаанд тогтвортой үр өгөөжөө өгөх бодлогын суурь өөрчлөлтийн арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүллээ.

    Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих идэвхтэй бодлого явуулахад чиглэгдэж ирлээ. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэе гэсэн иргэн бүрээ дэмжих, орлогогүй байгаа өрх бүрт хүрэх, зорилтот бүлгийн иргэд хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх, залуучуудад хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай эрэлттэй мэргэшил, ур чадвар эзэмшүүлэх замаар ажлын байраар хангах, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил болоод иргэдийн хүлээх, гүйцэтгэх үүрэг хариуцлагыг илүү  тодорхой болгосон шинэ эрх зүй, санхүүгийн орчинг бүрдүүлсэн нь  жилийн ажлын гол үр дүнгүүдийн нэг гэж үзэж байна.

    Хөдөлмөр эрхлэлтийн жилийн ажлыг үр дүнтэй болгохын тулд уг асуудлыг хариуцсан зохион байгуулах Үндэсний хороог Засгийн газрын дэргэд байгуулан төр, хувийн хэвшлийн оролцоотой 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулж, жилийн үйл ажиллагаанд удирдамж чиглэл өгч, шуурхай зохицуулалтаар хангаж ажилласны гадна 5 дэд хороог ажиллууллаа.

    Үүний зэрэгцээ салбарын бүх яам, аймаг,орон нутагт мөн жилийн ажил зохион байгуулах салбар хороодыг 173 хүний бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулж,орон нутаг, салбарын түвшинд жилийн ажлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдуулан ажиллалаа. Үндэсний болон аймаг орон нутгийн салбар хороод нь яамд,орон нутгийн ажлыг орлон ажиллах зорилт тавиагүй бөгөөд эдгээр хороод гагцхүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтэд илүү дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажилласан гэдгийгтэмдэглэн хэлье.

    Үндэсний хороо 5 бүлэг, 54 заалт бүхий ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж ажилласнаар хэрэгжилт 92 хувьтай хувьтай гарч байна. Өнгөрсөн хугацаанд Үндэсний хорооны хурлаар ХХААХҮЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ, БСШУЯ,ГХЯ,  Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Архангай аймаг болон заримагентлаг, барилга, хүнс, арьс шир,ноос ноолуурын мэргэжлийн холбоодын санал хүсэлт, тайланг сонсон хэлэлцэж зохих шийдвэр гаргасны зэрэгцээ Үндэсний хорооны дэргэдэх салбар хороодоор зарим төрийн байгуулагын ажлын явцыг хэлэлцсэнбайна 

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг доорхи байдлаар ард иргэддээ Үндэсний хороо тайлагнаж байна.

                Нэг . Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн  төлөвлөгөөнд хөдөлмөр эрхлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 23 хуулийн төсөл, 6 эрх зүйн актыг баталж мөрдүүлэхээр тусгагдсанаас 17 хууль, УИХ-ын 3 тогтоол,  Засгийн газрын 2 тогтоол тус тус батлагдсан байна.

    Үүнд:

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг хуулийг батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.

    100000 айлын орон сууцны бонд гаргахыг зөвшөөрөх тухай, Хүнсний ногоо, гурилын татварыг нэмэгдүүлэх тухай, “ноос ноолуурын салбар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих   бонд гаргах тухай асуудлаар Улсын Их Хурлын тогтоол гаргуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ирлээ. Эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчин үндсэндээ шинэчилэгдэж байгааг тэмдэглэж байна.

    Хоёр. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгий  дэмжлэгийг сайжруулах талаар

    Жилийн ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн орчныг сайжруулах, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ. Нийтдээ энэ онд 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд зориулан гаргахаар УИХ, Засгийн газраас шийдвэрлэсэн.  

     Засгийн газрын бондын хөрөнгөөс олгож буй зээлийг анх удаа жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай олгож эхлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан нь хөдөлмөр эрхлэлтийг нэмгдүүлэхэд чиглэсэн бодит арга хэмжээ боллоо. Энэ 7 хувийн хүүтэй зээлийн хүүгийн  зөрүүд гэхэд л Засгийн газар, Монгол банк тохиролцон тус бүр 3 хувийн хүүг арилжааны банкнуудад нэмж төлж байгаа нь мөн л хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, түүн дотроо тогтвортой ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж байгааг тэмдэглэж байна.

    Мөн ажлын байр бий болгоход хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор концессын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг шинэчлэн батлаж, олон улсын төсөл, хөтөлбөрийн шугмаар хэрэгжүүлэх арга хэмжээнд оролцох оролцоог нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авч ирсэн нь үр дүнгээ өгч байна.

    Иргэд хөдөлмөрчид хувиараа хөдөлмөр эрхлэх идэвх санаачилгыг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан хоршоо, нөхөрлөл ажиллуулах, өрхийн болон хувиараа бизнес эрхлэх хүмүүсийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлж байхаар хуульчлан өгсөн болно. Үүний дүнд иргэд өөрсдөө хөдөлмөр эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх бололцоо нөхцөл эрс сайжирна гэж Засгийн газар үзэж байна.

    Мөн ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудад хөдөлмөрийн зах зээлд шаардагдаж буй мэргэжлийн ур чадварыг олгох, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд энэ жил Засгийн газар анхаарч ирлээ. Энэ хүрээнд ажлын байрны сургалт буюу дагалдан сургалтын хөтөлбөрийг барилга, хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарт зохион байгуулж нийт 9000 гаруй хүнийг хамруулнаас 90 хувь нь ажлын байртай боллоо. Ийм үр дүнтэй арга хэмжээг ирэх оноос түлхүү авч хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарах болно.

    Мөн зорилтот бүлгүүдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг энэ онд хэрэгжүүлэхэд зориулж 10 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдлээ. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуучууд, оюутнууд, эмэгтэйчүүд, ахмад настан, малчид, 40-өөс дээш насны хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ногоон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон зорилтот хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнтэй болсон гэдгийг тэмдэглэж байна.

    Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидэд олгох Засгийн газрын бондоор барьцаалсан хөнгөлөлттэй зээл олголт тавьсан зорилтынхаа 80 хувьтай байгаа гэж Үндэсний хороо дүгнэж байгаа. Энэ хүрээнд энэ онд одоогоор 120 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлээд байна. Зээл олгох хугацаа бондын борлуулалтын улмаас удааширч байгаа учир жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн үр дүн ирэх онуудад бодитой гарах болно.

     Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтыг сайжруулах хүрээнд Засгийн газар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мэргэжлийн боловсролыг дэмжих сан, Хөгжлийн банкны үйл ажиллагааны чиглэлүүдийг нарийн ялган зааглаж, давхардалгүй болгох, үйл ажиллагааг уялдуулах зохицуулах асуудлыг ойрын үед судлан шийдвэрлэх болно  

      Гурав. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлийн талаар

    Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээний нэг нь хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл,  мэдээлэл тогтолцоог шинэчилсэн, энэхүү мэдээлийг иргэд хөдөлмөрчид, бизнес эрхлэгчидэд жигд хүргэх талаархи шийдвэрлэсэн асуудлууд зүй ёсоор орох юм. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг сайжруулах, илүү бодитой болгох, мэдээллийг иргэд хөдөлмөрчдөд хүргэх хүртээмжийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох талаар нэлээд ажил хийж амжилтад хүрлээ.

    Дээрх асуудлыг шийдэхийн тулд ажилгүй иргэдийн бүртгэлийг энэ оны эхний хагас жилд багтаан аймаг,сум, баг,хороо бүрээр хийж нарийн судалгаа гаргаж авсан, энэ судалгаанд тулгуурлан ажилгүй иргэдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах үүргийг аймаг, нийслэл, сум, баг, хороо,хэсгийн дарга нарт өгсөн байгаа. Мөн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тайлан мэдээ авах маягтыг шинэчлэн аж ахуйн нэгж, иргэн, хөдөлмөрийн байгууллага, статистикийн албад нэг л загварын маягтаар мэдээллээ өгдөг болсон энэ нь мэдээллийг үнэн зөв бодитой болгох үндэс болж байгаа

    Шинээр баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар хөдөлмөрийн албад, хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг нарийн заагласан. Дээрх хоер албанаас иргэд, бизнес эрхлэгчид, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоодтой хэрхэн ажиллах талаарх үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгсөн. Төрөөс авч хэрэгжүүлэх гол үүрэг, хариуцлага нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг ард иргэдэд хүргэх асуудал болж байна. Үүний тулд бид ирэх онд техникийн хувьд боломжтой бүх сум, хороонд цахим хэлбрээр биржийн мэдээллийг хүргэх зорилт тавьж байна.  

    Хөдөлмөрийн биржид хувийн хэвшил өөрийн порталийг нээж түүгээрээ дамжуулан шаардлагатай ажилтныхаа захиалгыг өгдөг, сургаж бэлддэг, мэргэжилтэй ажилтнаа сонгож авдаг, ажиллах хүчний хөдөлгөөнийг шуурхай мэдээлдэг болох үүрэг аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, Мэргэжлийн боловсролын салбар зөвлөлүүдэд ногдож байгаа. Мөн ажил хайж байгаа иргэдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг хэрхэн өөртөө хэрэгтэйгээр ашиглах ойлголт хандлага, чадвартай болгох асуудалд орон нутгийн удирдлагууд анхаарах шаардлагатай байгааг зориуд анхааруулж байна. Дээрх чиглэлээр цаашид бүх оролцогч талууд илүү идэвхтэй ажиллаж, эхэлсэн шинэчлэлээ тогтмол үйл ажиллагаа болгох асуудал анхаарлын төвд байх ёстой гэдгийг дахин тэмдэглэе.

    Дөрөв. Сурталчилгааны ажлын дүнгийн талаар

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг сурталчлах ажил улс, орон даяар идэвхтэй хийгдэж ирсэн байна. Аймаг, нийслэл, салбарын яамдын ирүүлсэн тайлангаас үзвэл өдөр бүр хөдөлмөр эрхлэлттэй холбоотой  дунджаар 8-10 арга хэмжээ зохиогдож байсан гэж дүгнэж болохоор байна. Энэ бол сайн хэрэг. Харин Засгийн газар энэ ажлын үр дүнг зохион байгуулсан арга хэмжээний тоогоор биш хүрсэн үр дүнгээр, ажилд орсон хүнээр, ажил хөдөлмөр хийе гэсэн иргэдийн идэвх, оролцооны өсөлтөөр дүгнэх ёстой гэж үзэж байгаа.

    Дээрх өнцгөөс харвал сард 6000 гаруй хүн шинэ ажлын байраар хангагдаж, ажил идэхтэй хайж байгаа иргэдийн тоо өссөн байгаас үзвэл энэ арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна гэж дүгнэж болохоор байна. Оны эхний 6 сарын дүнгээр ажил эрхлээгүй хүмүүсийг бүртгэсэн бүртгэлээр 103 мянган хүн байна гэсэн дүн гарсан. Эдгээр хүмүүсээс одоо чухам хэд нь ажил идэвхтэй хайж хөдөлмөрийн албанд бүртгүүлэв гэдгийг гаргаж дүгнэж үзвэл иргэдийн хөдөлмөрлөх идэвхийн дээшлэлтийн түвшинг тодорхойлж болно.   

    Ер нь ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн тоо өсч байгааг Засгийн газар сайн үзүүлэлт гэж үзэж байна. Харин нөгөө тал огт хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн тоо буурч байвал хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн идэвхтэй бодлогын үр өгөөж нь болох юм.

    Тав. Иргэдэд мэргэжил, ур чадвар олгох сургалтын сургалтын талаар

    Манай улсад иргэдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт үндсэн гурван хэлбэрээр хэрэгжиж байна. Мэргэжлийн боловсрол сургалтын төв, түр сургалтын төв, ажлын байрандахь сургалт аж ахуйн нэгж байгуулагуудаар зохион байгуулагдаж байна. Эдгээр байгууллагын сургалтын чанар, стандартыг сайжруулах, ур чадаврын түвшинг ижил болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

    Ажил олгогч, үйлдвэр, аж ахуйн газрыг сургалтын үйл ажиллагааны бүхий л шатанд татан оролцуулснаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын дотор насанд хүрэгчдийн эзлэх хувь 25.7%-иар нэмэгдэж 16692 буюу 34.6% болж өслөө. Үүнтэй холбогдуулан суудлын тоог 3500-аар нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах, бэхжүүлэхэд улсын төсөв, төсөл хөтөлбөрөөс 12.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.

    Засгийн газрын “Үндэсний мэргэжилтэйажилтан бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 212 дугаар тогтоол, “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилгүй иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, ажилд зуучлах ажлын хүрээнд 2010-2011 хичээлийн жилд 18 мэргэжлээр уул уурхай, барилга, аж үйлдвэрийн салбарт 3300 мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтыг дэс дараатайгаар нийт 45 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд зохион байгуулж байна.  

    Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 2010-2011 оны хичээлийн жилд 2 ээлжээр нийт 3000 гаруй насанд хүрэгчид уул уурхай, барилга, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын нийт 23мэргэжлээр суралцан  төгсөж байна.

    Зургаа. Яам, аймаг орон нутагт зохион байгуулсан ажлын үр дүнгийн талаар

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хороо нийслэл, аймгуудын жилийн ажлын тайланг хүлээн авч хийсэн ажлуудад нь үнэлэлт дүгнэлт өгч байна. Энэ  ажлын дүн энэ онд аймаг, нийслэлийн ажил дүгнэх гол үзүүлэлт байх юм. Жилийн ажлыг аймаг бүр, түүн дотроо бүсийнхээ хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар зохион байгуулсан ажлаа дүгнэ гэдэг үүргийг Засгийн газар өгсөн. Ингэж дүгнэх ажлаа зохион байгуулсан гэж бодож байна. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг улсын хэмжээнд Үндэсний хороо дүгнээд нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймаг сайн зохион байгуулж бусдаасаа илүү ажилласан гэж дүгнэж байна. Яамдаас ХХААХҮЯ, НХХЯ илүү үр дүнтэй ажиллалаа.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, Баян-Өлгий аймгийн Сагсай, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум, Багахангай дүүргийн 16 дугаар хороо, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Дорнод аймгийн Матад сумын Түмэнхан баг бусдаасаа илүү санаачлагатай ажиллаж, иргэддээ хүрсэн олон ажил зохион байгуулж, улсын хэмжээнд шалгарч байгааг мэдэгдэхэд таатай байна. Мөн энэ жил хамгийн олон ажлын байр бий болгосон байгууллагаар “Эм Си Эс” групп, “Энержи ресурс” ХК, “Алтайн хүдэр” ХХК, “Макс” групп, “Монгол алт” корпораци, “Блю скай” ХХК, “Говь” ХК, “Тедмент” ХХК, “Эсмо” ХХК, Хадгаламж банк зэрэг аж ахуйн нэгжийг Үндэсний хороо шалгаруулж байна.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг сайн зохион байгуулсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга  Ж.Эрдэнэбат, Дархан-УУл аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат нарыг бид зориуд дурдаж байна. Иймд сайн ажиллаж бусдыгаа хошшучилсан яам, аймаг,агентлаг, сум, дүүрэг, хороо, баг, засаг дарга нарт Засгийн газрын болоод Хөдөлмөр эрхлэлтийн ажлыг зохион байгуулах үндэсний хорооны нэрийн өмнөөс баяр хүргэж ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

                          Долоо.Цаашид анхаарах асуудлын талаар

     

     “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг ирэх үргэлжлүүлэх, нэн ялангуяа энэ онд зохион байгуулсан ажлыг аймаг, орон нутагт эрчимжүүлэх шаардлагатай байна.

                Үүнд:

    1.    Аймаг орон нутагт жилийн ажлыг үргэлжлүүлэн идэвхжүүлэх, эрчимжүүлэх  арга хэмжээ  авах, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө шинэчлэн баталж хэрэгжүүлэх

    2.    Аймгийнхаа Хөдөлмөр эрхлэлтийн жилийн ажлыг зохион байгуулах хороо, зөвлөлийн ажлын тайланг авч хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх

    3.    Аймаг, нийслэлд байгаа ажил эрхлээгүй иргэдийн нэгдсэн мэдээллийн санд тулгуурлан ажил эрхлээгүй хүн бүрт хүрч ажиллахад чиглэсэн ажлыг ирэх онд зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт даалгаж байна.

    4.    Аймаг орон нутагт Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангууд болон хувийн хэвшил, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн  хүрээнд бий болж байгаа ажлын байранд ажилд оруулсан иргэдийн мэдээг долоо хоног, сараар гарган НХХЯ-нд ирүүлж байх

    5.    Энэ оноос эхлэн орон нутагт шинээр бий  болсон ажлын байруудад ажилгүй хэн гэж иргэнийг ажиллуулахаа аймаг, хүн нэг бүрээр тооцон уялдуулсан ажил, хүчний  баланс хийж биелэлтийг нь зохион байгуулж  ажиллах

    6.    Орон нутгийнхаа мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд түлхүү оролцуулах арга хэмжээг авах талаар анхаарч ажиллах  

    7.    Хөдөлмөр эрхлэлтийн жилийн хүрээний үйл ажиллагааг хэвшүүлэх, байнгын үйл ажиллагаа болгоход дэмжлэг үзүүлэх, зөвлөлгөө өгөх ажлын хэсгүүдийг байгуулан сум, багт ажиллуулах чиглэл өгч байна

    Хөдөлмөр эрхлэлтийн жилийн ажлыг амжилттай зохион байгуулахад идэвхтэй хамтарч ажилласан Та бүхэнд дахин талархлаа илэрхийлж амжилтын дээдийг хүсэн ерөөе.

  • ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГАА САЙЖРУУЛАХЫГ ОНЦГОЙ АНХААРУУЛАВ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинарт оролцон үг хэлэхдээ үүрэг, хариуцлага, байгууллагын удирдлагын менежментээ сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн 2012 он хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн сүүлийн жил учир үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө биелээгүй заалтуудыг бүрэн хэрэгжүүлэх, ажлын гүйцэтгэлээ бодитоор гаргах, үр дүнд хийх хяналт, шинжилгээ, хяналтын тогтолцоогоо сайжруулахад анхаарах хэрэгтэй гэв. 

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн хугацаанд олсон ололт, амжилтынхаа талаар уулзалтын эхэнд товч дуулгалаа. Өнгөрсөн гурван жилээ эргэн дүгнэхэд дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал, хахир хатуу өвөл, зуд гээд хүндрэл бэрхшээл их байсан ч хамтын хүчээр амжилттай даван гарч чадсаныг тэрээр тэмдэглэв. Хамтарсан Засгийн газар ашигт малтмалын орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараа эрчимжүүлэн хөгжлийн хамгийн хариуцлагатай, эрчимтэй хөгжих суурийг тавьлаа гэж Ерөнхий сайд үзэж байна. 

    2009 онд хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг энэ онд 18-20 хувиар өсч, ирэх 5-10 жилд 25 хувиас буурахгүй гэсэн өөдрөг төсөөллийг Дэлхийн банк, Олон улсын валютын сан, дэлхийн нэр хүндтэй бусад байгууллага хийсэн. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн ойрын 2 жилд 5 мянга, 5 жилийн дотор 10 мянган ам.долларт хүрэх бодит үндэслэл бий. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд ажилгүйдлийн түвшин буурсан үзүүлэлт ажиглагдаж байна.  

    Мал сүргийн тоо сүүлийн 10 жилд 40 саяд хүрч, улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангадаг болсон зэрэг бодит үр дүнд та бид хамтын хүчээр хүрлээ. Монгол Улс хүний хөгжлийн индекс, өрсөлдөх чадвараараа ч  ахиж байна гэдгийг тэрээр хэллээ. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэдийнхээ амьдралд наалдуулах, иргэдээ боловсролтой, ажилтай, орлоготой, эрүүл байлгахын төлөө улам ихийг хийх ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Бидэнд олсон ололт, амжилт ийнхүү цөөнгүй байгаа ч  анхаарах зүйл бас бий гэдгийг Засгийн газрын тэргүүн санууллаа.

    Зарим орон нутгийн удирдлагууд хэсэг бүлэг хүн, эсвэл хувийн хэвшлийн байгууллагын эрх ашигт үйлчилдэг, иргэдийнхээ санал бодлыг сонсохдоо хөшүүн хойрго, төрийн халамж үйлчилгээг зохих эздэд нь хүргэдэггүй зэрэг гомдол Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт багагүй ирж байгааг тэрээр анхааруулав. Иймээс цаашид ажлаа хийхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах, иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх, нэг цэгийн үйлчилгээг иж бүрэн нэвтрүүлэх нь чухал гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэлээ. Түүнчлэн орон нутагт төсвийн эрх мэдэл, бараа, үйлчилгээ худалдан авах эрх зэргийг нь өгч, хөрөнгө оруулалт ч өмнө байгаагүйгээр нэмэгдэж байгаа учир дэд бүтэц, барилга, байгууламжийн ажлын чанарт онцгой анхаарахыг Ерөнхий сайд С.Батболд сануулсан байна.

    Бүтээн байгуулалтын аливаа ажилд стандарт мөрдөх, чанарын шаардлага хангахгүй бол хүлээж авахгүй байх, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн аж ахуйн нэгжийг дахин тендерт оролцуулахгүй байх, тендерийг нэгдүгээр сард багтаан зарлаж, 4 дүгээр сард сонгон шалгаруулж, ажлыг нь эхлүүлсэн байхыг үүрэг болголоо. Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилтийн дүнг тооцохдоо ч дээрх зарчмыг харгалзан үзнэ гэв.   

    Ажил цалгардуулахгүйн тулд аймаг, нийслэлийн удирдлагууд гадаад, дотоод томилолтоо багасгах, УИХ, орон нутгийн сонгуультай ажлаа зохицуулах, Сонгуулийн тойргийн хороо, хэсэг байгуулж, эдгээрт ажиллах хүмүүсийн эрх, үүргийг сайтар ойлгуулах, өвлийн бэлтгэл гээд цаг үеийн ажлаа дээд газрын шийдвэр хүлээлгүй хийж хэвшихийг Ерөнхий сайд С.Батболд анхаарууллаа.        

    Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинар маргааш Төрийн ордонд үргэлжлэх бөгөөд сайд нар тэдэнтэй уулзаж,  салбарынхаа зорилт, орон нутагт анхаарах асуудлын талаар ярилцах юм. Мөн өдөр Монгол Улсын сайд-салбарын ерөнхийлөн захирагч нартай байгуулах гэрээнд гарын үсэг зурна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.