Blog

  • ХӨГЖИЛД ХҮРГЭХ ТҮНШЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

    “Хөгжилд хүргэх түншлэл” сэдэвт үндэсний форум 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төрийн ордонд болж байна.

    Форумд Засгийн газраас бизнесийн орчныг сайжруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажил, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлд хувийн хэвшлийн оролцооны талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар илтгэл тавилаа. Мөн салбар хуралдаанаар дээрх чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж гаргасан санал, зөвлөмжөө нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

    Үндэсний форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчны өнөөгийн байдал, цаашдын төлөв, ид өрнөж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар байр сууриа илэрхийллээ. Бизнесийн орчныг таатай болгох, төр, хувийн хэвшлийн хооронд байнгын, тогтвортой, нээлттэй яриа хэлэлцэл, ойлголцолыг бий болгох форум хэлэлцүүлэг туйлын чухал. Бид ярилцаж байж л аливаа ойлголтын зөрүүг даван туулж чадна гэдгийг тэрээр тэмдэглэв. Засгийн газрын тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Хөгжилд хүргэх түншлэл” үндэсний форумд хэлсэн үг

    “Хөгжилд хүргэх түншлэл” форумд оролцогч төлөөлөгчид өө,

    Хатагтай, ноёд оо,

    Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр амралтын өдөр ч гэсэн бид улс орныхоо хөгжлийн төлөө санаачилга гаргаж, санал бодол, байр сууриа илэрхийлэхээр хуран чуулж байна. Энэ чуулганаар төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн, эрдэмтэн мэргэд хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, улс орны хөгжлийг хангахад бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар нийтлэг ойлголцол бий болгохыг зорьж буй билээ.

    Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж буй нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулалт нээлттэй, олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурладгийн томоохон илрэл юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага Та бүхэн чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүнийг зарим тоо баримтаар нотлон дурдаж болно. Тухайлбал:

    • 2011оны 6дугаар сарын 30-ны байдлаар манай улсад 89 мянга гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Үүнээс 50 мянга орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Жил бүр идэвхтэй бизнес эрхлэгчдийн тоо өсөн нэмэгдэх хандлагатай боллоо.
    • Сүүлийн 4 жилийн байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний 73.7-74.3 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж ирсэн. Мөн татварын нийт орлогын 30 орчим хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар төсөвт төвлөрүүлсэн.
    • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2011-2016 онд хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 19.3 их наяд буюу улсын нийт хөрөнгө оруулалтын 54 хувийг эзлэх тооцоог холбогдох байгууллагууд гаргасан. Эдгээр нь төр, хувийн хэвшил хамтран аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах гол үүргийг гүйцэтгэж буйг харуулж байна. 

    Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс Дэлхий дахины өрсөлдөх чадварын судалгаагаар 99 дүгээр байрнаас 96 дугаар байрт орж урагшиллаа. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ дэлхийн 169 улс орноос эхний 100-д орж, “Хүний хөгжлийн дунд зэргийн үзүүлэлт”-тэй улс орны эгнээнд орлоо.Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь-2012” тайлангийн үзүүлэлтээр манай улс 89-өөс 86 дугаар байрт орж ахисан байна.

    Улс орныхоо боломжийг бүрэн дүүрэн ашиглах үүднээс Улсын Их Хурал, Засгийн газар бүтээн байгуулалтын дунд хугацааны шинэ хөтөлбөрүүдийг батлан гаргаж, хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замуудыг судлан, “Хөгжлийн банк” болон санхүүгийн бусад шинэлэг арга, хэрэгслийг бүрдүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Засгийн газраас их бүтээн байгуулалтыг өрнүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих бодлогыг нэн тэргүүнд тавьж байна.

    УИХ болон Засгийн газраас 2010-2011 онд хувийн хэвшлийн хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хамтын ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор “Төрөөс төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого”, Концессийн тухай хууль, “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”, “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. 

    Бид эдийн засгийнхаа таатай боломжийг ашиглан улс орондоо их бүтээн байгуулалт өрнүүлэх бодлого, зорилт тавин ажиллаж байна. Энэ бүтээн байгуулалтыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшил хамтран үр дүнтэй ажиллах орчин нөхцлийг бий болгох шаардлагатай гэж төлөвлөсөн.

    Засгийн газар бүтээн байгуулалт, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Энэ зорилгоор 2010 оныг “Бизнесийн орчныг шинэтгэх жил”, 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон ажиллаж байгааг Та бүхэн мэднэ. Эдгээр ажлын хүрээнд төрөөс бизнест үзүүлж буй үйлчилгээг хөнгөвчлөх, шаардлагагүй тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөлөх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого, түүний хэрэгжилтэд түлхүү анхаарлаа.

    Тухайлбал, бизнес эрхлэхэд төвөг учруулдаг, хүнд суртлын эх сурвалж болдог 101 тусгай зөвшөөрөл, лицензийг цуцалсан. “Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2009 оноос 2012 оныг дуустал 3 жилийн хугацаанд гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн нь зохих үр дүнгээ өгч байна. Зөвхөн энэ онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлсэн. Сум хөгжүүлэх санд 24 тэрбум, нийслэлийн дүүргүүдэд 30 тэрбум төгрөг хуваарилсаны дүнд олон жижиг үйлдвэрлэл, өрхийн амьжиргаа дэвжих боллоо.

    Үндэсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрэн бий. Тиймээс импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүний дотоод  зах зээлийн борлуулалтад дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг ч Засгийн газраас гаргасан. Улс орны маань эдийн засгийн хөгжил иймэрхүү түвшинд байгаа ч гэсэн цаашид улам эрчимжүүлэх зорилго байна. Тиймээс Засгийн газрын тэргүүний хувьд улс орноо хөгжүүлэх алсын том цогц бодлогоо “Хөгжлийн мод” хэмээн тайлбарлан тодорхойлж байгаа. Бид “Хөгжлийн мод”-оо зөвөөр суулгаж, урган төлжих нөхцөл боломжийг сайтар хангаж чадвал улс орны хөгжил эрчимжиж, ард иргэдийн амьжиргаа дэвжин баталгаажих болно. Энэ “Хөгжлийн мод”-ны үндэс нь санхүүгийн зөв бүртгэл, тооцоо юм. Тиймээс санхүүгийн эрх чөлөөг иргэн аж ахуйн нэгжид олгохын төлөө Засгийн газар анхаарч ажиллах болно.  

    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, “Шинэ төмөр зам”, Дархан, Сэлэнгийн бүсэд орших төмрийн хүдрийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг их бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн, Та бүхнийхээ оролцоог дэмжин, боломж нөхцлийг бүрдүүлж ажиллана. Тиймээс бизнесийн орчныг таатай болгох, төр, хувийн хэвшлийн хооронд байнгын, тогтвортой, нээлттэй яриа хэлэлцэл, ойлголцолыг бий болгох форум хэлэлцүүлэг туйлын чухал юм. Бид ярилцаж байж л аливаа ойлголтын зөрүүг даван туулж чадна. Иймээс энэ чуулганыг “Хөгжилд хүргэх түншлэл” уриан дор “Бизнесийн орчинг шинэтгэх”, “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх” гэсэн сэдвээр явуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Та бидний яриа хэлэлцүүлэг төр, засгийн бодлого шийдвэр, бизнес эрхлэгчдийн ажил, амьдралд тодорхой үр дүнгээ өгөх учиртай.

    Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хувийн хэвшлийн санал санаачилга, зөвлөмжийг төрийн бодлогод тусгуулах зорилго бүхий “Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо” ажиллаж байна. Энэ хороо нь бизнес эрхлэгчдийнхээ санал зөвлөмжийг авч, уялдаа холбоотой ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. Та бүхнийг цаашид энэ хороотой хамтран ажиллахыг хүсье.

    “Хөгжилд хүргэх түншлэл” чуулганд идэвхтэй оролцож, улс орны хөгжилд хэрэгтэй ажил хэрэгч, санал, санаачилгуудыг гаргана гэдэгт итгэлтэй байна.

    Чуулганд амжилт хүсье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Монгол улс арилжааны зээл авдаг орон болжээ

    Одоогоос таван сарын өмнө Монгол улсын банк санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, Хөгжлийн банк байгуулагдаж байсан билээ. Тэгвэл тус банк өнөөдөр 600 сая ам.долларын дунд хугацааны евро бондын хөтөлбөрийг олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche банк, HSBS банкуудтай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Олон улсын зах зээлд ийм хэмжээний бонд гаргаж байсан туршлага манай улсад байхгүй бөгөөд энэ нь эдийн засгийн  хөгжлийн хувьд чухал үйл явдал  болж байна хэмээн ёслолын ажиллагаанд оролцсон Монгол улсын Ерөнхий сайд  С.Батболд онцлон тэмдэглэлээ.

    Энэ бол эдийн засгийн өсөлтөд түлхэц, хурд өгөх үйл ажиллагаа хэмээгээд, Монгол улс бол найдвартай түнш болж байгаагийн илэрхийлэл ч юм гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байлаа. Түүнчлэн бидний хүсэн хүлээсэн их бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахад энэ хөтөлбөр жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд итгэл, зүтгэл гарган ажилласан Монгол улсын Хөгжлийн банкны хамт олон болон хамтран ажилласан гадаад, дотоодын бүх байгууллагад талархал дэвшүүллээ.

    Монгол улсын Хөгжлийн банкны гаргаж буй бонд нь Монгол улсын Засгийн газрын баталгаатайгаар олон улсын зах зээлд гарч байгаа анхны бонд  болж байгаа юм байна. Хэдийгээр  олон улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл, байдал тааламжгүй үе таарсан ч Монгол улсын Хөгжлийн банк маш сайн нөхцөлтэйгөөр хөтөлбөрөө эхлүүлж, эхний ээлжийн бондоо  ижил төстэй зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад бага хүүтэйгээр гаргаж чадсан нь онцлог юм гэдгийг тус банкныхан дурьдаж байв.

    Монгол улсын Хөгжлийн банкны хэрэгжүүлж эхэлж байгаа дунд хугацааны Евро бондын  энэхүү хөтөлбөр нь “ Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр, “ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “ Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, “ Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл хөтөлбөр” –үүдийг санхүүжүүлэх эхний бодит боломжийг олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл төмөр зам, орон сууц, замын хөтөлбөрүүдийн гарааны мөнгө болох юм байна. Эхний удаад 20 сая ам.долларын бонд  гарч байгаа ажээ.  Энэ бондыг  энэ 12 дугаар сар болон 2012 онд хэд хэдэн үе шаттайгаар, Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар төлөвлөөд байгаа ажээ.

    Олон улсын ING хөрөнгө оруулалтын банк нь Нидерланд улсад төвтэй банк бөгөөд Монгол улсад сүүлийн гурван жилийн туршид хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж байгаа бол, Герман улсын  Deutsche банк нь 141 жилийн түүхтэй хөрөнгө оруулалтын банк юм байна. Дэлхийн 70 гаруй улсад хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ үзүүлдэг ажээ. Харин Лондонд төвтэй HSBC банк нь дэлхийн 80 гаруй улсад салбартай олон улсын хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч байр суурьтай банк юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Нийслэлийн иргэдийн саналыг Ерөнхий сайдад уламжиллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр “Нийслэлийн нутгийн зөвлөл” төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн нутгийн зөвлөлийнхөн Улаанбаатараа утаагүй болгох хамгийн зөв арга бол хийн хэрэглээг хэвшүүлэх явдал гэж үзэж байгаа юм байна. Ингээд Оросоос Хятад руу татах хийн хоолойг Монголоор дамжуулахыг дэмжсэн нийслэлийн иргэдийн саналыг цуглуулснаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод гардуулсан юм. 10 мянга гаруй иргэдийнхээ санал хүсэлтийг агуулсан энэхүү захидлыг ОХУ, БНХАУ-ын удирдлагуудад уламжилж өгөхийг тэд хүслээ.

    “Улаанбаатарын утаа, замын бөглөрөл, автомашины зогсоол зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдэх бодит гарцыг хайж, Улаанбаатараа брэнд хот болгохын төлөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд та идэвхитэй ажиллаж байгаа нь залуучууд бидэнд урам зориг өгч эдгээр асуудлыг ажил хэрэг болгохын төлөө хамтарч ажиллан, гар бие оролцохыг хүсч байна“ гэж Нийслэлийн нутгийн зөвлөлийнхөн уулзалтын үеэр хэллээ. 

    Эдгээр залуучууд Улаанбаатарын тулгамдсан асуудалд анхаарч, хамгийн гол нь 10 мянга гаруй хүний дэмжлэгийг баталгаажуулсан гарын үсэг цуглуулж бодит ажил хийж буйд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар Нийслэлийн агаарын бохирдлыг шийдэх богино, дунд, урт хугацааны хөтөлбөр гаргаж хэрэгжүүлж байгаа гэдгээ Засгийн газрын тэргүүн хэлээд энэ хүрээнд нийслэлийн оршин суугчдыг хийн түлшээр хангах нь хамгийн чухал.

    Лондон, Бээжин, Сөүл зэрэг дэлхийн томоохон хотууд хийн түлш хэрэглэж утаанаас ангижирсан туршлага байгаа. Энэ асуудлыг дэмжиж төрд хүч, иргэдийн дуу хоолой нэмж байгааг нь сайшаалаа. Мөн нийслэлчүүдийн амьдрах орчныг эрүүл, таатай байлгах зэрэг асуудалд залуучуудын дуу хоолой чухал гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.   

  • МОНГОЛ, ФРАНЦЫН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ НЬ ӨНДРӨӨР ҮНЭЛЛЭЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 12 дугаар сарын 1-нийөдөр Бүгд Найрамдах Франц Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Поль Дюмоныг эх орондоо бүрмөсөн буцах гэжбайгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа,хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэлээд, аливаа улс оронд суугаа Элчин сайд бол тухайн улсынхаа нүүр царай нь болж байдаг. Тэр ч утгаараа эрхэмсэг Элчин сайд та Монголчуудын хамгийн сайн найз юм гэлээ. Түүнчлэн Монгол,Францын харилцаа улстөрийн түвшинд амжилттай хөгжиж байгааг дурьдаад цаашид хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж бидэнд бий гэлээ. Талууд хамтран тодорхой төсөл,хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлжбайгаадталархаж байгаагаа илэрхийлэв.

    Тухайлбал Франц Улс үндэсний Травматологийн төвийг өргөжүүлэх төсөлд зориулж  5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэн,  Монголын түүх, соёлын өв болсон “Цогт тайж” киног үнэ төлбөргүй сэргээн засварлаж өгснийг жишээ болголоо. Элчин сайд Жан Поль Дюмон Монгол Улстайойр дотно хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хэдийгээр чөлөөндөө гарч байгаа ч хоёр орны харилцаа,хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэлээ.

  • “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  агаарын бохирдлыг бууруулах,  гамшгийг зарлан мэдээлэх болон гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлах, нүүлгэн шилжүүлэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

    Засгийн газрын хуралдаанаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн явцын талаар хэлэлцэв.   

    Энэ дагуу хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд эхний ээлжинд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг хавсралтаар баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 75 мянга, бүсийн тулгуур төв болон аймгийн төвд 25 мянга хүртэл барилга барих юм. Хавсралтад заасан барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.

    Хөтөлбөрт хамрагдсан барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилт олгосон банк,  санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, аж ахуйн нэгжүүдийн хийсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар судлан, санал боловсруулж ирэх оны 1 дүгээр сард багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтэй ажилчдыг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд бэлтгэх юм байна. Барилга, хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрт заасан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлэхээр боллоо. Газар чөлөөлөх, хамгаалалтад авах, техникийн нөхцөл олгох, зураг төслийг хянаж, зөвшөөрөх, магадлал хийх, барилгын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах шийдвэрийг тухай бүр нь шуурхай гаргаж байхыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.

    “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн I, III улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Шадар сайд М.Энхболдод даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

    Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг улирал тутам танилцуулж байхыг сайд Л.Гансүх, Д.Зоригт, Х.Баттулга нарт даалгасан байна. Төлөвлөгөөний дагуу агаарын чанарыг сайжруулах бүс тогтоон, гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх тооцоо, судалгаа хийх, шалгуур хангасан айл өрхийн цахилгааны үнийг 50 хувь бууруулах, 5, 6 дугаар цахилгаан станцын барилгын ажлыг энэ онд эхлүүлж 2013 онд эхний ээлжийг ашиглалтад оруулах, нам даралтын зуухыг хэсэгчилсэн халаалтын системд холбох, хагас коксжсон түлшний цогцолбор байгуулах,  хийн түлш ашиглах гэрийн зуух бүтээж турших, шаардагдах хөрөнгийг босгохын тулд Засгийн газрын бонд гаргах, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. УИХ-ын тогтоолын хүрээнд 2011-2012 онд агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар, 2012-2013 онд 80 хувиар бууруулж, 2013-2014 онд хотын агаарын чанарыг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буюу стандарт түвшинд хүргэх зорилго тавин ажиллаж байна.

    ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛНЭ

    “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, дамжуулах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хүн амд учирч болзошгүй гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг төвлөрсөн зарлан мэдээллийн хэрэгсэл, тусгай хэрэглээний холбоо, орон нутгийн болон олон нийийн радио, телевиз, мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн /үүрэн телефоны холбооны сүлжээ, цахим мэдээллийн сүлжээ ч энд багтана/ хэрэгсэл ашиглан нэн даруй хүргэж байх юм.

    Ингэхдээ гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл гэсэн хоёр ангилалтай байхаар журамд тусгажээ. “Гамшгийн аюулын тухай дохио” гэдэгт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас үүссэн гамшгийн хохирлыг бууруулж, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн байгаа орчин, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор бий болсон нөхцөл байдлыг зарлан мэдээллийн хэрэгслээр богино хугацаанд оновчтой хэлбэрээр мэдээлэх гэж тодотгожээ.

    Харин сэрэмжлүүлэх мэдээлэл гэдэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэдээллийн үндсэн дээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор урьдчилан мэдээлэхийг хэлж байгаа юм. Зарлан мэдээллийг бүх нийтийн болон хэсэгчилсэн гэж ангилсан байна. Мөн хуралдаанаар “Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг баталлаа. Тухайн газар нутагт техникийн холбогдолтой осол, газар хөдлөлт, дэлбэрэлт, цацраг идэвхт бодис болон химийн хорт бодис алдагдсанаас хүн ам, мал, амьтан амьдрах орчингүй болсон үед гамшгаас хамгаалах дайчилгаа зарлана.

    Мөн хүн ам, мал, амьтны болон олон улсын хөл хориот халдварт өвчин үүссэн, голомтын зэргэлдээ орших суурин газрын хүн ам, мал, амьтныг урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авах үед, үер буусан болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл байдал үүсэхэд дайчилгаа зарлах юм. Түүнчлэн ой, хээрийн болон обьектын түймэр гарч байгаль экологи, хот, суурин газрын хүн ам, эд хөрөнгө, барилга байгууламжид аюул учирсан болон бусад тохиолдолд дайчилгаа зарлахаар журамд тусгажээ.

    Гамшгаас хамгаалах дайчилгаанд гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, мэргэжлийн анги болон сайн дурынхан хамрагдах юм байна. Шат шатны Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэртээ дайчилгаа зарлах бөгөөд үүнд мэргэжлийн байгууллагаас гадна цэргийн алба дүйцүүлэн хааж байгаа иргэд, хөдөлмөр эрхлээгүй иргэд, тэдгээрийн техник хэрэгсэл ч хамрагдах юм. Зэвсэгт хүчин, дотоодын цэрэг зэрэг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хүч, хэрэгслийг татан оролцуулах болбол хуулийн дагуу Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид санал тавьж шийдвэрлүүлж байх зэргийг журамд тусгасан байна. Мөн гамшгийн голомтоос болон учирч болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг зохион байгуулалттайгаар аюулгүй орчинд шилжүүлэн байрлуулахыг тусгасан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг баталлаа.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 10 дугаар сарын 17-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улс, Ватикан Улс, Бүгд Найрамдах Хорват Улсад хийсэн албан ёсны айлчлал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийсэн  ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
    • ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн энэ оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтлоо. Канцлерийн айлчлалыг амжилттай болсон гэж Засийн газар үзсэн байна.
    • “Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Хэлэлцээр батлагдвал 5 сая 50 мянган еврог дээрх салбарт зарцуулах боломжтой болох юм.
    • Энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр Брюссель хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 14 дүгээр хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайд бөгөөд тус хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболдод даалгалаа.
    • “Алтан дорнод Монгол” компаниас их хэмжээний төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Ажлын хэсгийн тайлантай танилцав. Үүнтэй холбогдуулан тус компанийн татварын өр, төлбөрийг барагдуулах гэрээний төслийг ажлын хэсгийн хүрээнд боловсруулан ирэх оны эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн дарга Д.Баттөрд даалгалаа. Ажлын явцыг жилд 2 удаа Засгийн газарт танилцуулж байхыг үүрэг болгосон байна.
    • “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахыг дэмжиж, өргөн мэдүүлэхээр боллоо.
    • Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Гаалийн улсын байцаагч нь тухайн байгууллагад нэгээс доошгүй жил ажилласны дараа төрийн албанд нийт ажилласан хугацаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг нь харгалзан зэрэг дэв олгох юм. Тухайлбал тэргүүн түшмэл нь 25 ба түүнээс дээш төрийн алба хаасан байх ёстой бол туслах түшмэлийнхийг 8 ба түүнээс дээш жил гэж тусгажээ. Мөн хуралдаанаар “Татварын улсын байцаагчид олгох ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ыг баталсан байна.  Улсын байцаагчид сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 30 хүртэл хувиас хэтрэхгүй байх юм.
    • “Албадан хөдөлмөрийн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29, “Албадан хөдөлмөрийг устгах тухай” 105 дугаар Конвенцийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газраас хийсэн ажлын тайлангийн төслийг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан тайланг Олон улсын хөдөлмөрийн байгууллагад хүргүүлэхээр боллоо.
  • С.Батболд: Улс орноо хөгжүүлэх алсын бодлогоо “ Хөгжлийн мод” хэмээн тодорхойлон томъёолж байна

    Монгол Ардын Намын  дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын

    Монгол Ардын Намын Бага хурлын IIхуралдаанд тавьсан

    “Улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал ба Монгол Ардын Намын зорилтууд” сэдэвт илтгэл

    Бага хурлын эрхэм гишүүд ээ,

    Журмын нөхөд өө,

    Хатагтай, ноёд оо,

    Намын XXVI Их хурлын 801-н төлөөлөгчдийнхөө итгэл найдварыг хүлээн сонгогдсон Та бүхнийг Бага хурлынхаа II хуралдаанд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Удирдах зөвлөлийнхөө өмнөөс болон хувиасаа халуун дотно мэндийг дэвшүүлье.

    Бага хурлын энэ удаагийн хуралдаан бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 87 жилийн ойн өдрүүдэд тохиож, шинээр сүндэрлүүлэн босгож, нээлтээ хийсэн Ардын намынхаа төв байр “Тусгаар Тогтнолын Ордон”-ныхоо саруул сайхан танхимд анхлан чуулж байгаад бэлгэшээж байна. Монголын ард түмэндээ, намын бүх гишүүд, дэмжигчиддээ “Тусгаар Тогтнолын Ордон”-ыхоо хүндэт индэр дээрээс, Монгол Ардын Намынхаа нэрийн өмнөөс баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг олж авах, бататган бэхжүүлэх их үйл хэргийг манай нам бүтээсэн. Цаашид ч гэсэн үеийн үед тусгаар тогтнолоо хамгаалан баталгаажуулах, тууштай бодлого чин хүсэл эрмэлзэлтэй улс төрийн хүчний хувьд Монгол Ардын Нам шинээр босгосон энэхүү өргөөгөө “Тусгаар Тогтнолын Ордон” хэмээн нэрийдэхээр шийдвэрлэсэн билээ.  

    Монгол Ардын нам, түүний мянга мянган гишүүд бүтэн, хагас жарны турш улс үндэстнийхээ тусгаар  тогтнолын төлөө тэмцлийн тугч нь, оюун санааны манлайлагч нь, хөгжил дэвшлийн хөтөч нь, их бүтээн байгуулалтын бүтээгч нь байж ирлээ. Ахмад үеийнхний алтан амь, асгаруулсан хөлс, Ардын намын зөв чигч бодлогын үр дүнд манай улсын бүрэн эрх, тусгаар тогтнол баталгаажиж, ард иргэд нь эрх чөлөөтөй, эдийн засаг нь өсөлттэй, хүний хөгжил, нийгмийн ардчиллыг эрхэмлэсэн улс шиг улс болж чадсаныг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрч байна.

    Энэ бол Монгол Ардын нам, түүний гишүүдийн бахархах ёстой гавъяа түүх, бас цаашид хамгаалж бататгах, хөгжүүлэн тордох ололт амжилт мөн. Өнгөрсөн 90 жилийн түүх сургамждаа тулгуурлаж, улс орныхоо ирээдүйг бүтээлцэхэд өнөөгийн Монгол Ардын нам илүү үүрэг хариуцлага хүлээж, бүтээснээсээ ихийг бүтээх түүхэн үүрэг даалгавар оногдож байна.

    Нэг жилийн өмнө хуралдсан намын XXVI Их хурал энэ талаар түүхэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд намынхаа өмнө хамгийн гол ачааг  нь үүрч хариуцлага хүлээх ёстой гишүүд нь Та бид мөн. Үүгээр дамжиж манай нам улс эх орон, ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж байгаа хэрэг юм. Иймд улс орны урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого стратеги зорилттой уялдуулан намынхаа бодлогыг тодотгон хэлэлцэхээр Та бид чуулж байна.

    Ингээд Та бүхэнд толилуулах илтгэлээ:

    • Улс орны нийгэм, эдийн засгийн байдал цаашид баримтлах бодлого,
    • Намын шинэчлэл, үйл ажиллагаа, боловсон хүчний бодлого, түүнд тавигдах шалгуур, хариуцлагын асуудал,
    • Сонгуулийн хууль, намаас сонгуульд бэлтгэх ажлын явц гэсэн үндсэн хэдэн асуудалд тулгуурлан бэлтгэлээ.

    Эрхэм журмын нөхөд өө,

    XXVI Их хурлаас хойш намын ажлыг их бүтээн байгуулалтын зорилгод чиглүүлэн зохион байгуулж ирлээ. Үр дүнд нь улс орны маань нийгэм-эдийн засгийн байдалд зарим тодорхой ахиц гарлаа.

    Манай эдийн засгийн бүтцэд чанарын өөрчлөлт гарч, аж үйлдвэр тэр дундаа уул уурхайн салбар гол жин дарах боллоо. 2008 оноос хойш гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар нийт 56 шинэ уурхайашиглалтадорж энэ салбарт 50 орчим мянган хүн ажиллаж байна. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, төслийн бүтээн босголт 50 хувиа давж гарлаа. Тавантолгойн орд газрыг ашиглалтад оруулж, олборлолтыг эхлүүлсэн зэрэг нь онцлох зүйл мөн. Ингэснээр монголын уул уурхайн салбар дэлхийн санхүү, уул уурхайн анхаарлын төвд орж, хөгжлийн шинэ үедээ орлоо.

    “40.000 орон сууц” хөтөлбөрийг дуусгаж, “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд “100 мянган айлын орон сууц” зорилтод хөтөлбөрийг эхлүүллээ. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ард иргэдийн худалдан авах чадварт тохируулж орон сууцны зээлийн хүүг 0.6 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр барилгын үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжих боломжийг бүрдүүллээ. 2008 оноос хойш улсын хэмжээнд 31785 орон сууцыг ашиглалтад орууллаа.

    Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр өнгөрсөн гурван жилд 1514.4 км авто замыг шинээр болон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэв. “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-той болж, Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр зам барих ажлын бэлтгэл хангагдлаа. Хөрөнгийн зах зээлийг олон улсын стандарт жишгийн дагуу хөгжүүлснээр манай улсын эдийн засагт мэдэгдэхүйц чанарын өөрчлөлт гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Компани, аж ахуйн нэгжүүдийн ил тод байдал, засаглал сайжирч, баялагийн хуваарилтад хүн бүр тэгш оролцох нөхцөл бий боллоо.

    Хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг сайжруулан, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр “Атрын-III” аяны үр дүнд энэ жил 448.1 мянган тонн үр тариа, 199.2 мянган тонн төмс, 150.2 мянган тонн хүнсний ногоо хурааж авлаа. Энэ бол мянга мянган тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр шим мөн.             

    Малчдын маань хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийн дүнд мал аж ахуйн салбарт ч ахиц гарлаа. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр тус салбарт нааштай өөрчлөлт гарч, энэ онд 13.1 сая төл хүлээн авч, мал сүргийн тоо 37.1 саяд хүрлээ. Мал сүргийг чанаржуулж, эрүүлжүүлэх эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эзэн нь болсон малчдынхаа ахуй амьдралыг сайжруулахаар “Таван эрдэнэ” арга хэмжээг эхлүүллээ.

    Хөдөлмөр бол хүний хөгжил, эдийн засгийн өсөлтийн үндэс мөн. Тиймээс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж 60.000 шинэ ажлын байр бий болгох зорилтыг дэвшүүлсэн. Оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 64635 ажлын байр шинээр бий болж тавьсан зорилтдоо хүрлээ. Ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 200 орчим тэрбум, сум хөгжүүлэх санд 24 тэрбум, нийслэлийн дүүргүүдэд 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн нь ихээхэн тус дэм боллоо. Үр дүнд нь олон жижиг үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес бий болж ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оныхоос буурах төлөвтэй байна.

    Манай Засгийн газар хүний хөгжилд анхаарч бүх иргэдээ эрүүл мэндийн даатгалд хамруулах нөхцөлийг бүрдүүллээ. Эрүүл мэндийн даатгалтай иргэн, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ даатгалын сангаас 1 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжийг хуульчиллаа. Энэ салбарт урьд өмнө байгаагүй хөрөнгө оруулалтыг хийлээ. Үр дүнд нь 2008 оноос хойш улсын хэмжээнд эмнэлэг, эрүүл мэндийг дэмжих 27 төвийг шинээр, хөдөө орон нутагт 31 сумын эмнэлэгийг ашиглалтанд оруулж, 23 сумын эмнэлэгийг бариулж  байна.

    Боловсролын салбарт суурь шинэчлэлүүдийг эрчимжүүлж байна. 148 байсан их, дээд сургуулиудыг 99 болгон цөөлж, хотхон хэлбэрээр хөгжүүлэх шийдвэрийг гарган ажлыг эхлүүллээ. Мөн Ерөнхий боловсролын сургалтыг олон улсын стандартад нийцүүлэх зорилтоо ажил хэрэг болгож эхлүүлэв. Сүүлийн хоёр жилд их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөрт зориулан “Хүний хөгжил сан”-гаас нийт 1 сая орчим төгрөгийг олголоо. Улмаар 2012 оноос эхлэн оюутан бүрт сар тутам 70 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж эхэлнэ.

    Манай нам амлалтынхаа дагуу “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх зорилтоо хэрэгжүүлж байна. Цаашид 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үлдэж байгаа 1 сая төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас бэлнээр олгохоор шийдвэрлэсэн. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн. Ирэх онд дунджаар 53 хувиар нэмэгдүүлнэ. Энэ нь 2008 оныхтой харьцуулахад хоёр ба түүнээс илүү хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм.

    Бэлэн мөнгө олгох болон цалин тэтгэврийг нэмэгдүүлэхдээ бараа, ажил үйлчилгээний үнэ огцом өсөх, хувийн хэвшлийнхэнд сөргөөр нөлөөлөх, бэлэнчлэх сэтгэлгээ газар авах зэрэг үзэгдлээс сэргийлэх бодлогыг байнга анхаарлынхаа төвд байлгаж, дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх хэлбэр, зохион байгуулалт, цаг хугацааг сайтар тооцох ёстой гэж үзэж байна.

    Байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг эрчимжүүлснээр  Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдацтай өсч, одоо 17 орчим хувь, жилийн эцэст 20 орчим хувиар өсөхөөр байна. Энэ бол бидний ололт амжилт юм. Ийнхүү манай улс нийгэм эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн гараанд ирлээ.

    Эдийн засгийн эрчимтэй өсөлтөд тулгуурласан урт хугацааны стратегийн бодлогоор Монгол хүнийг хөгжүүлж, орлогын ялгаа багатай, байгаль орчноо хамгаалсан, бүс нутаг нь жигд хөгжсөн, бүтээлчээр хөдөлмөрлөх боломжийг хүн болгонд олгосон, ядуурлыг даван туулсан,  21-р зууны Монгол Улсыг бий болгож, удирдах хариуцлагатай үүрэг бидэнд ноогдож байна.

    Ингэхдээ эдийн засгийн өсөлтийг нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээгээр төлөвлөн, хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг НҮБ-ын Хүний хөгжлийн индексээр, иргэн хүн хийж бүтээх боломжийг Дэлхийн банкны бизнесийн орчны болон Дэлхийн эдийн засгийн форумын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тооцоолон олон тулгуурт эдийн засгийг бий болгох учиртай.  

    Өнөөдөр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3000 орчим ам долларт хүрлээ. Үүнийг 2 жилийн дотор 5000, 2016 он гэхэд 10000 гаруй ам. доллар болгох, 20 жилийн дараа өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх боломж бидэнд байна. Ийм судалгааг олон улсын байгууллагууд хийж байна. Хамгийн гол нь цаашид иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьдралын түвшний ялгааг аль болох багасгаж, улмаар нийгмийн дундаж давхаргын тоог нэмэгдүүлэх нь зүүн төвийн бодлого бүхий манай намын гуйвшгүй чиг шугам мөн.

    Монгол Улс хүний хөгжлийн индексээр эдүгээ дэлхийн 169 орноос 100-р байранд буюу дундаж ангилалд байна. Хүний хөгжлийг төвд тавьсан, нийгмийн баримжаатай зөв бодлого тууштай явуулж чадвал ойрын жилүүдэд манай улс хүний хөгжлийн индексээрээ дээгүүр үзүүлэлттэй орнуудын тоонд орох боломж байна гэж Хүний хөгжлийн илтгэлийг боловсруулсан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дүгнэсэн.  

    Дэлхийн банкнаас гаргадаг улс орны өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 142 орноос манай орон 96-д орж, технологи, бизнесийн орчин, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжлөөр бусад хөгжиж буй орнуудаас харьцангуй хоцорч байна. Өндөр өсөлттэй, өрсөлдөх чадвартай эдийн засгийг бий болгохын тулд дэд бүтэц, бизнесийн орчин, санхүүгийн зах зээл, санхүүгийн бүртгэлийн шинэ системийг нэвтрүүлэх, технологи инновацийг түлхүү хөгжүүлэх учиртайг энэхүү индексээс дүгнэж болно.

    Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагуудын тооцоогоор манай улс ойрын таваас хорин  жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн үзүүлэлтээрээ тэргүүлэх боломжтойг нотолж байгаа билээ. Үүнийг бодитой болгож чадах эсэх нь бидний үйл ажиллагаанаас бүрэн шалтгаална. Учир нь эрдэс баялаг ихтэй, хөгжлийн арвин боломжтой байсан ч түүнийг ашиглаж чадаагүйгээс болж орлогын тэгш бус нөхцөл, бус нутгийн тэнцүү биш хөгжил, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалд орж, ядуурсан орнууд байдгийг олон улсын байгууллагууд, эрдэмтэн мэргэд сануулсаар байна. 

    Бусдын алдааг давтахгүйн тулд бүтээлчээр ажиллаж, оновчтой урт хугацааны бодлого, стратегийг сонгож, зөв алхмуудыг төлөвлөж, харагдаж байгаа боломжийг алхам алхмаар бодит амьдрал болгон улс орны хөгжлийг чанарын шинэ шатанд, Монгол хүний орлогыг өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх нь чухал юм.

    Эдийн засгийн өсөлт, өндөр орлого гэдэг ойлголтууд нь бидний эцсийн зорилго биш. Харин арга хэрэгсэл гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Дэд бүтцийг бүтээж, технологи инновацийг нэвтрүүлэх, өндөр бүтээмжтэй ажиллах чадвартай хүн бол хөгжлийн гол хүчин зүйл мөн. Тиймээс л манай намын бодлогын төвд хүн байсаар ирсэн. Хүнээ хөгжүүлж, ажилтай орлоготой, өрсөлдөх чадвартай болгох нь бидний туйлын зорилго мөн.

    Улс орны үндэсний язгуур эрх ашгийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхийг олон нийт биднээс хамгийн их хүсэн хүлээж буй ажил юм. Энэ зорилгоор нийгмийн салбар бүрт хариуцлага тооцдог механизмыг тодорхой болгох ажлуудыг хийж эхэлүүллээ. Ялангуяа манай намын гишүүд хариуцлагатай, ёс зүйтэй байж бусдыг үлгэрлэх ёстойг мартаж болохгүй.

    Бага хурлын эрхэм гишүүд ээ,

    Намын Их хурлаас дэвшүүлсэн бодлого, намын дотоод амьдралтай холбогдсон шийдвэрийг хэрэгжүүлэхээр төв, орон нутгийн байгууллагууд XXVI Их хурлаас хойш, өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамгүй ажил хийж амжууллаа. Энэ талаар товч танилцуулъя.  

    Бүх аймаг, хот, сум, баг, хороо, суурин газарт манай намын 1793 анхан шатны үүр ажиллаж байна. Юуны өмнө Намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, гишүүдийг идэвхжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч ирлээ. Намын ажлын стандарт тогтоож, үйл ажиллагааг нь тогтмолжуулах, дотоод ардчилалыг бэхжүүлэх, сахилга, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх талаар бодлого боловсруулан хэрэгжүүлж байна.

    Монгол Ардын Намын үйл ажиллагааны үе үеийн шинэчлэл нь монголын нийгмийн шинэчлэлийн эхлэл байж ирсэн. Тиймээс бидний шинэчлэл зөв, төлөвлөлттэй байх ёстой гэдэгтэй Та бүхэн санал нийлэх бизээ. Бүх шатны намын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийн гарааны цэг-эхний ажил бол намын улс төрийн ажилтнуудын мэдлэг оюуныг дээшлүүлж, шинэ мэдээлэл, боловсролоор тэтгэх явдал юм.

    Иймд бүх шатны намын байгууллагад ажиллаж байгаа улс төрийн ажилтнуудыг төрийн удирдлагын магистрийн боловсрол олгох сургалтанд үе шаттайгаар хамруулахад анхаарч эхний  25 хүнийг суралцуулж эхлээд байна. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, Англи  зэрэг орнуудад 310 хүнийг урт болон богино хугацааны сургалтад явуулаад байна. Намын Удирдах Зөвлөлөөс анхан болон дунд шатны байгууллагуудын байр тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулан 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийлээ.

    Энэ онд 100 орчим сумын намын байгууллага гишүүдийнхээ хүч бололцоонд тулгуурлан байртай болсон. Ингэснээр сумдын намын байгууллагын гуравны хоёр нь аймаг, дүүргийн намын хороод үндсэндээ бүгд өөрийн гэсэн байртай болж, үйл ажиллагаа нь тогтмолжиж байна. Түүнээс гадна намын аж ахуйг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх байнгын орлого бүрдүүлэх эх үүсвэрийг бий болгоход багагүй анхаарал хандуулж үр дүнд хүрлээ. Тухайлбал, намын байрны ашиглалтыг сайжруулж, авто машины парк шинэчлэл хийж, ажилтан албан хаагчдын тогтвор сууршилтай ажиллах боломж нөхцөлийг бүрдүүллээ.

    Монголын Улс төрийн ууган нам Монгол Ардын Нам үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг ард түмэнтэйгээ хамт  тэмдэглэн өнгөрүүлэв. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороод ойг тохиолдуулан тус бүр 9 бүтээлч ажлыг санаачлан хийлээ.

    Намын Удирдах Зөвлөлийн санаачилгаар 90 жилийн ойгоор “Улс төрийн ууган хүчин-Монгол Ардын Нам” баримтат кино, түүхийн 9 боть номыг хэвлүүлж нийтийн хүртээл болгосны зэрэгцээ их жанжин Д.Сүхбаатар, Маршал Х.Чойбалсан нарын хөшөөг өмнөх дүр загвараар нь хүрлээр бүтээж, уг сууринд нь заллаа. Монгол Ардын Намын Төв байр “Тусгаар тогтнолын ордон”-оо ашиглалтад оруулсан нь бахархах ёстой, бодитой том ажил мөн. Энэ ялдамд “Тусгаар тогтнолын ордон”-г бүтээн босгоход хандив дэмжлэг үзүүлж, сэтгэлээрээ оролцсон намын нийт гишүүд, дэмжигчид, ард иргэд, СоцИнтерний гишүүн намууд, гүйцэтгэгч компаний хамт олонд бага хурлынхаа индэр дээрээс чин сэтгэлийн  талархал  дэвшүүлье.

    Намын бат илэрхийлэх солих ажлыг орон даяар зохион байгуулж 163882 гишүүн шинэчилсэн бат илэрхийлэхээ гардан авсан. Энэ ажлын үеэр Монгол Ардын Намд шинээр 30 орчим мянган хүн элсэн орсон нь Их хурлын шийдвэрийг ард түмэн маань талархан дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл юмаа.

    Монгол Ардын Намын шинэчлэлийн үйл явцыг гадаад ертөнц ч сайшаан талархаж хүлээн авсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. XXVI Их хурлаараа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрт шинэчлэл, тодотгол хийж, уугуул нэрээ сэргээн авсан талаар СоцИнтерний Зөвлөлийн хуралд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид илтгэн, өөрчлөлтөө албан ёсоор бүртгүүллээ.  Мөн хөрш хоёр орны улс төрийн намуудтай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилгоор Намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарын түвшинд айлчлал хийж тодорхой асуудлуудаар гэрээ хэлэлцээр байгуулан хамтран ажиллаж байна.

    Манай намын гадаад харилцаа өргөжиж, СоцИнтерн, түүний салбар байгууллагууд болон олон улсын бусад байгууллага, хөдөлгөөн, сан, хүрээлэнтэй хоёр болон олон талын харилцаа тогтоож, хамтран ажиллаж байна. Азийн социал демократуудын сүлжээний бага хурал болон СоцИнтерний Ази Номхон далайн бүсийн хуралдааныг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

    Намынхаа бодлого, шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэх талаар ихээхэн анхаарч, мэдлэг оюуны нөөцтэй болох, олон нийтийн, төрийн бус байгууллагуудын санал бодлыг тусгах, хамтран ажиллах зорилт тавин ажилалаа. Бодлогын шийдвэр гаргах ийм тогтолцоог төлөвшүүлэх үүднээс улс төр, эдийн засаг, нийгэм, залуучууд, гэр бүл, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн асуудал хариуцсан байнгын хороодыг намын Удирдах Зөвлөлийн дэргэд байгуулан “Ард түмний индэр” хэлбэрээр ажиллуулж байна.

    Мөн Сургалт, судалгааны Прогноз академийг “Нийгмийн ардчиллын хүрээлэн” болгон шинэчлэн зохион байгуулж, орчин үеийн нийгэм, улс төрийн судалгааны ерөнхий чиг хандлагад нийцүүлэн “Think Thank” хэлбэрээр ажиллуулж байна. Энэ хүрээлэн цаашдаа нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны бодлогыг тодорхойлох, төлөвлөлт, аливаа шийдвэрийн шинжлэх ухааны тооцоо, үндэслэл, боломж, гарц, үр дагаврын талаар судалгаа хийж, намд мэргэжлийн зөвлөгөө өгдөг байгууллага хэлбэрээр өргөтгөгдөх юм.

    2010-2011 онд намын хэмжээнд хийсэн нэг чухал ажил бол “Ард түмнээ сонсъё” аян юм. Энэ аяны явцад УИХ болон төрийн байгууллагын бүх шатанд намынхаа нэрээр сонгогдож, томилогдсон гишүүдийн тайланг ард түмнээр хэлэлцүүлж, орон нутагт хуримтлагдсан олон асуудлын заримыг газар дээр нь шийдвэрлүүллээ. Мөн 2012 оны УИХ-ын сонгуульд  намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулах гол зарчим, чиглэл, бодлогоо ард түмнийхээ саналаас олж авлаа. Аяны үр дүн болгож “Ард түмний хөтөлбөр”-ийг боловсруулан ард түмэн, гишүүд, дэмжигчдийнхээ дунд өргөн хэлэлцүүлэг явуулах болно.

    “Ард түмнээ сонсъё” аяны явцад Та бид бүх аймаг, сум, дийлэнх баг, нийслэлийн 9 дүүрэг, 152 хороогоор орж 978 гаруй мянган иргэдтэй уулзаж, 2434 байгууллагын ажил байдалтай, 7000 гаруй айл өрхийн амьдрал, ахуйтай танилцаж санал солилцлоо. Нийт 74797 санал хүсэлтийг авч, ангилан судалж үзлээ. Судалгаанаас харахад ард иргэд маань үлдэж байгаа нэг сая төгрөгийг ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хүний хөгжил сан”-гаас бэлнээр олгох, цалин, тэтгэврийг нэмэх, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах, ажлын байрны тоог нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ашигт малтмалын орд газрыг байгаль орчин, нутгийн иргэдийн эрх ашгийг хохироолгүй зохистой ашиглах, архидалттай бүх нийтээр тэмцэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хог хаягдлын асуудлыг цэгцлэх, орон сууцыг хөдөөд барих, замыг сайжруулах зэрэг олон чухал асуудлуудыг шийдвэрлэх санал гаргасан байна. Эдгээр саналуудыг нэгтгэн УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг, Засгийн газар, яам, агентлагууд, аймаг, хот, сум, дүүргийн хүрээнд хийх ажлын жагсаалт гарган холбогдох газруудад нь хүргүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирлээ.

    Монгол Ардын Намаас 2008 оны УИХ-ын сонгуульд 12 бүлэг 232 заалт бүхий Мөрийнхөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон билээ. Энэхүү хөтөлбөрттусгагдсанажил, зорилтуудыг2008-2012 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 343 заалт бүхий хөтөлбөр, сонгуульд манай нам олонхи болсон аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нарын мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж ирсэн. Одоогийн байдлаар намын мөрийн хөтөлбөрийн биелэлт 80 гаруй хувьтай байна. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд аймаг, нийслэлд хийж хэрэгжүүлэхээр 4889 заалт бүхий багц асуудлыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд түүний биелэлтийг гаргаж үзэхэд 66-93 хувийн биелэлттэй байна.

    Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Та бүхний уйгагүй хөдөлмөр, хамтач ажиллагаа, зөв оновчтой санаачилга чухал юм. Ажил хариуцсан намын гишүүд, аливаа албан тушаалтнуудын хариуцлагыг эрх, үүргийн нэгдэлтэй хослуулан тавих хэрэгтэй байна. Ингэж нийт иргэн, улсынхаа төлөө гэсэн чин сэтгэлээр ажиллах нь намын эрх ашигт бүрнээ нийцэх болно. Ардын намд ард түмний эрх ашгаас өөр эрхэм чухал зүйл үгүй билээ.

  • Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    Улс тунхагласны 87 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэл болон ахмадын төлөөлөл оролцлоо. Цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэхэд хүндэт харуул жагсч, цэргийн үлээвэр найрал хөгжимд төрийн дуулал эгшиглэлээгэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • 16 настнууд андгай өргөж, Монгол улсын иргэн болсноо баталгаажууллаа

    “Залуус та бүхний минь өв тэгш хүмүүжил, эх оронч сэтгэлгээ, мэдлэг боловсрол, өрсөлдөх чадвар Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч шүү” хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд “ Иргэний андгай өргөх ёслол”-д оролцсон хүүхэд залуусд хандан хэлсэн үгэндээ онцоллоо. Туурга тусгаар Монгол улсын иргэн болохоо баталгаажуулж, андгай өргөх ёслол уламжлал болсоор эдүгээ есөн жил өнгөрчээ. Энэ жилийн хувьд “Иргэний  андгай өргөх ёслол” Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, мөн орон даяар зэрэг явж байгаагаараа онцлог болж байна.

    Олон тэгш ойнууд давхцсанаараа энэ жилийн хувьд бас өнгө нэмж байгаа “ Иргэний андгай өргөх ёслол”-д нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 800 гаруй сурагчид иргэний үнэмлэхээ гардан авахаар хүрэлцэн иржээ. Ёслолын ажиллагааны хүндэт зочноор Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг  нар оролцлоо. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх эхний алхам болдог “ Иргэний андгай өргөх ёслол”-д Засгийн газрын тэргүүн ирээдүйн залуусд хандан үг хэлсэн юм. Ерөнхий сайдын гэхээсээ илүү ах хүний хувьд хандан хэлсэн түүний үгийг 16 настангууд маань чих тавин сонслоо. “Эх орныхоо бүрэн эрхт иргэн болж байгаа дүү нартай баярын мэнд хүргэе.

    Энэ жилийн хувьд тэгш ойнууд давхцаж, дэлхий дахинд нэрээ дансалсан НҮБ-ын 50 жилийн ойн жил та бүхэн иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгайгаа өргөж байна. Энэ ч утгаараа та бүхэн эх орноороо, Монгол улсаараа бахархах учиртай. Эх орныхоо ирээдүй болсон залуучууд та бүхэн өнөөдөр өөрийн амьдралд нэгэн шинэ хуудсыг нээж, нэгэн шинэ үеийг эхлүүлж байна.

    Энэ мөч та бүхний амьдралд мартагдашгүйгээр хадгалагдан үлдэж, залуучууд та бүхэн эрдэм боловсрол эзэмшиж эх орныхоо нэр хүндтэй иргэн хөгжлийн бүтээгч нь болно гэдэгт Засгийн газрын тэргүүний хувьд би бүрэн итгэж байна. Залуус та бүхний өмнө хөгжлийн шинэ боломж нээгдэж байна. Эх орон маань хөгжил дэвшлийн шинэ гараан дээр ирлээ. Тиймээс та бүхэн энэ улсын эзэн нь болж, манлайлан ажиллах эрхэм үүрэгтэйгээ ухамсарлах ёстой.

    Монголын хүн амын олонхи болсон хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал төрийн бодлогын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн. Цаашид ч энэ бодлого үргэлжилсээр байх болно. ” хэмээгээд ёслолын ажиллагаанд оролцсон хүүхэд багачуудад хичээл сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. “ Иргэний андгай өргөх ёслол”-д оролцсон оролцогчид дараа нь төрийн дууллаа хамтран дуулснаар ёслолын ажиллагаа өндөрлөлөөгэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. УИХ-аас батлан гаргасан хуулийн дагуу 1996 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 5 яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсноос хойш 15 жил болж байна. Ойн баярын өдрийн мэндчилгээг Ерөнхий сайд хүргээд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

    Төрийн нарийн бичгийн дарга нар төрийн жолоог атгалцан, салбар бүрээ зангидаж, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгааг тэрээр онцлон тэмдэглэв. Төрийн алба мэргэшсэн, чадварлаг болж, хөгжлийн том алхаанд хөл нийлүүлэн улам боловсронгуй болохын зэрэгцээ улс төрөөс хамааралгүй байх суурь тавигдсан. Цаашид үр дүнд тулгуурласан, тогтвортой, мэргэшсэн байх зарчим мөрдөгдөх, боловсон хүчний сонголт, томилгоо холбогдох хууль, дүрмийн хүрээнд байх ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна.

    Жишээлбэл яамны Газрын дарга гэхэд л тухайн яамандаа 5-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэдгийг хуульчлах зэргээр ярьж байгаа бөгөөд төрийн албыг чадваржуулахад үе үеийн Төрийн нарийн бичгийн дарга нарын санаа оноо, оролцоо, хувь нэмрийг хүлээн авч дэмжинэ гэлээ. Түүнчлэн Канад Улсад айлчлах үеэр төрийн албаны шинэтгэлээр амжилт олж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагыг нь авч өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах талаар ярилцсан нь ажил хэрэг болж байгааг дуулгалаа.

    1996 оны 8 дугаар сарын 8-нд 7 яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдсоноос хойш өдгөөг хүртэл 50 хүн энэ албыг хашжээ. Эдгээрээс УИХ-ын гишүүнээр 7, Засгийн газрын сайд, адилтгах албан тушаал болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус бүр 5 хүн ажиллаж байна. Төрийн нарийн бичгийн дарга нараас шинжлэх ухаан болон боловсролын 15 доктор, 3 генерал төрөн гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Хөгжлийн бодлогоо 20 жилээр боловсруулдаг болох саналыг Ерөнхий сайд С.Батболд эрдэмтэдтэй уулзахдаа гаргалаа

    Монгол Улсад Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр улс орны хөгжил дэвшлийн хурдасгуур болсон эрдэмтэн судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс маань үсрэнгүй хөгжлийн гараанд дээр ирээд байгаа. Хөгжлийн олон тулгуур хүчний хамгийн чухал нь монгол хүн байх учиртай гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тодотголоо.

    Ингэхдээ оюун ухааны салбарын хөдөлгөгч хүч болсон энэ салбарын уураг тархи, гол цөм нь эрдэмтэн мэргэд юм гэдгийг тэмдэглэлээ. Тиймээс ч ийм хариуцлагатай үед хамгийн түрүүнд шинжлэх ухааны байгууллагууд, түүний гол цөм болсон тэргүүлэгч гишүүд, эрдэмтэд манлайллаа улам өндөржүүлэх, тэдний оролцоо улам нэмэгдэж байгааг дуулгаад идэвхтэй хамтарч ажиллахыг хүслээ.

    Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засаг руу явж байна. Засгийн газар ч энэ чиглэлд гол бодлогоо барьж ажиллаж байгаа гэж  Засгийн газрын тэргүүн С.Батболд гээд улс орныхоо хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй, илүү бодитой болгох нь өнөөдөр хамгийн чухал гэдгийг тодотгож байсан юм. Улс орныхоо хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй, илүү бодитой болгоё. Суурь дэвсгэр болсон зорилт хангалттай бий. Гэхдээ ажил хэрэг болох бодлогыг эдгээр зорилтууд дээр үндэслэн боловсруулах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгалаа. Утоп шинжтэй уриа лоозон, хий хоосон хөтөлбөр байх ёсгүй.

    Хүний хөгжлийн болон өрсөлдөх чадварын индексээрээ монголчууд дэлхийд хаана явна гэхчлэн бодит судалгаанд үндэслэн төлөвлөе. Аль нэг улс төрийн нам, эсвэл яам тамгын газар, Хөгжил шинэтгэлийн хорооны түвшинд хөгжлийн төлөвлөгөө гаргадаг биш эрдэмтэд мэргэдээ оролцуулсан бодитой, урт настай төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллахын чухлыг энэ үеэр мэдэгдлээ. Сонгуулиас сонгуулийн хооронд бодлого боловсруулж, өмнөх бодлого төлөвлөгөөг үгүйсгэдэг байдлыг халах цаг ирсэн гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлээд үүнд Шинжлэх ухааны академийн гишүүд та бүхний оролцоо их гэдгийг онцоллоо.

    Хөгжлийн стратегийг боловсруулахад идэвхтэй оролцоно гэдгээ тус академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин энэ үеэр эрдэмтэн мэргэдээ төлөөлөн илэрхийллээ. Энэхүү уулзалтын үеэр яам, тамгын газар, агентлагууд бодлого боловсруулахдаа тухайн салбарын эрдэмтдээ урьж оролцуулдаг байх асуудал мөн хөндөгдсөн бөгөөд ажил хэргийн уулзалт ойрын хугацаанд зохион байгуулж энэ саналыг бодит ажил  болгох талаар ярилцахаар тохиролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлллийн албанаас мэдээллээ.