Blog

  • Монгол улс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн дэд сайд А.И.Денисов тэргүүтэй төлөөлөгчдийг  өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой энэ жил болж байгаа бөгөөд уг ойн хүрээнд тэрбээр манай улсад айлчилж байгаа юм байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Монгол улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, Монгол улсад дипломат алба үүсч хөгжсөний 100 жил, Улаанбаатар хотод ОХУ-ын консулын алба үүссэний 150 жилийн ой зэрэг түүхэн үйл явдлууд давхцсан энэ өдрүүдэд эрхэм зочдыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, энэ бол монгол улсын хувьд ач холбогдолтой арга хэмжээ хэмээн тэмдэглэлээ.

    Монголчууд бид  өнө эртнээс  хойд хөршийн ард түмэнтэйгээ найрсаг харилцаатай явж ирсэн эдүгээ ч энэхүү түүхэн болоод стратегийн харилцаандааөндөр ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Түүнчлэн  одоо Санктпетрбург хотноо болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны хуралд  анхаарлаа хандуулж байна, тус байгууллагын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах тэр дундаа  эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй  байр сууринаас оролцох эрмэлзэл сонирхолтой байдгаа илэрхийллээ. Мөн ОХУ-аас  нийлүүлж буй нефть бүтээгдэхүүний тогтвортой ханган нийлүүлэлтэд анхаарч ажиллаж байгаад Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр оросын талд талархлаа илэрхийлэв.

    Харин ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн дэд сайд А.И.Денисов төсөв хэлэлцэж байгаа энэ их ажлын хажуугаар цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ынЕрөнхий сайд В.Путинаас баярын захидал илгээснийг уламжиллаа. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Санктпетрбург хотноо болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны хурлыг удирдаж байгаа гэдгийг ч  дуулгалаа. Мөн Монгол улсын Ерөнхий сайдын дурьдсан эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, ОХУ Монгол улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгээ тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
     

  • МОНГОЛ УЛС ГУРИЛ, ТӨМСНИЙХӨӨ ХЭРЭГЦЭЭГ ДОТООДООС БҮРЭН ХАНГАЖ БАЙГААД БАЯР ХҮРГЭВ

    Атрын III аяны хүрээнд Монгол Улс гурил, төмснийхөө хэрэгцээг дотоодын ургацаас бүрэн хангах боломжтой болсон нь маш чухал үзүүлэлт гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн /НҮБ-ын ХХААБ/ байгууллагын дэд захирал бөгөөд Ази, Номхон далайн бүсийн захирал Хироюки Конума хэлэв. Тэрээр 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцахдаа ингэж үнэлсэн байна.

    НҮБ-ын ХХААБ нь манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр, тухайлбал 2009 оны зудын үеэр 1,3 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, шүлхий болон хил дамнасан халдварт өвчинтэй тэмцэх, Эмзэг бүлгийн хүнсний ногооны хангамжийг сайжруулах, махны үйлдвэрт эгзэгтэй цэгийн чанарын хяналтын тогтолцоо нэвтрүүлэх зэрэг олон төсөл, хөтөлбөрийг  амжилттай хэрэгжүүлж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв.

    Монгол Улсын Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа бөгөөд энэ чиглэлээр зохион байгуулсан “Хүнсний аюулгүй байдлын форум”-д ноён Х.Конума илгээлт ирүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгаа учир Монгол Улсад тус байгууллагын бие даасан төлөөлөгчийн газар байгуулахыг Ерөнхий сайд С.Батболд санал болголоо. Атрын III аяныг амжилттай хэрэгжүүлсний дүнд монголчууд гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж, улмаар гадаадад экспортлох боломж бүрдсэн. Цаашид бүс нутагтаа улаан буудай, малын гаралтай бүтээгдэхүүний нөөц, бааз орон болох хүсэлтэй байна. Ингэснээр Монгол Улс хүнсний тусламж авдаг орноос экспортлогч орон болж, Ази, Номхон далайн бүс дэх НҮБ-ын ХХААБ-ын загвар орон болох чиглэлээр хамтран ажиллая гэв.

    “Хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр болон “Даян дэлхийн хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд тус байгууллагын техник туслалцааг цаашид үргэлжлүүлэн авах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн 2014 онд НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтэй байгааг дэд захирал Х.Конума дэмжив. Монгол Улс газар тариалангийн салбараа сэргээж улмаар 100 мянган тонн улаан буудай экспортолж, бүс нутгийн хэрэгцээнд өөрийн хувь нэмрээ оруулах чадавхитай болсонд тэрээр баяр хүргэлээ.  

    Цаашид ашиглах боломжтой 700 гаруй мянган га талбайд төрөл бүрийн ургамал тариалж, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна гадаадын улс орнуудад нийлүүлэх боломж байгааг тэмдэглээд энэ чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэв. “Даян дэлхийн хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”-ийн 12,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжих “Мал аж ахуйд суурилсан цогц амьжиргааг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын ХХААБ 1,5 сая ам.долларын техникийн туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна.  Үүний хэрэгжилтийг түргэвчлэх шаардлагатай байгааг Х.Конума хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинээс баярын мэндчилгээ ирүүлжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинээс баярын мэндчилгээ ирүүллээ. 1921 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр нь хоёр улсын найрамдалт, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, цаашлаад хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүрдүүлэхэд гол үндэс суурь болсон гэдгийг  мэндчилгээнд дурджээ.

    “Энэхүү найрамдалт харилцаа өнөөдөр Стратегийн түншлэлийн хэмжээнд хүртлээ амжилттай хөгжиж байгааг онцлоод, цаашид энэхүү түншлэлийн хүрээнд хоёр талын ард түмний эрх ашигт бүрэн нийцэх харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, дээд хэмжээнд тохиролцсон хөрөнгө оруулалт, ашигт малтмал, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарт томоохон төлүүдийг тууштай хэрэгжүүлэх явдал юм. Түүнчлэн хоёр талын төдийгүй олон талт хамтын ажиллагаандаа ОХУ өндөр ач холбогдол өгдөг хэмээн энэхүү мэндчилгээнд дурьдаад  Монголын ард түмэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин гэжээ.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Инновацийн үйл ажиллагааны явц, үр дүн” сэдвээр УИХ-ын нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ

    Улсын Их Хурлын дэд дарга,

    Эрхэм гишүүд ээ,

    Монгол Улсын Засгийн газраас мэдлэгийн эдийн засагт шилжих, инновацийн тогтолцоог бий болгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч мэдээлэл хийе.

    Манай улс хөдөө аж ахуй, түүхий эдэд түшиглэсэн эдийн засгаасаа аж үйлдвэржилт, мэдлэгийн эдийн засагт шилжих зорилт тавин ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн төрлүүдийг нэмэгдүүлэх, үндэсний эдийн засаг, технологийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт онцгой ач холбогдол өгч тодорхой ажлуудыг хийж байна.

    УИХ-аас баталсан Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих” зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 2008 онд батлан хэрэгжүүлж байна. Мөн УИХ-ын 2010 оны 34-р тогтоолоор “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг тодорхой болгосон.

    “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” нь Монгол Улсад тэргүүний дэвшилтэт технологид суурилсан өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд өндөр технологийн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, тэдгээрийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах, эдийн засаг, эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичиг болсон.

    Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010-2014 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг баталсан. Энэ арга хэмжээний хүрээнд тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслийг эрэлт хэрэгцээтэй, цаашдаа үйлдвэрлэлд хэрэглээ болох боломжтой байхаар сонгон эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Төслийн үр дүн богино хугацаанд инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоход чиглэгдэнэ.

    Дэлхий эдийн засгийн форумаас гаргадаг “Өрсөлдөх чадварын судалгаа”-гаар манай улс энэ жил 142 орноос 96-д орсон. Манай байрыг хойш татахад инновацийн тогтолцоотой холбоотой багц үзүүлэлт сөргөөр нөлөөлсөн. Тухайлбал, Инноваци-102, Технологийн бэлэн байдал-102, Бизнесийн боловсронгуй байдал-119, Оюуны өмчийн хамгаалалт-136, Боловсролын тогтолцооны чанар-132, Шинжлэх ухааны байгууллагуудын чанар-110, Судалгаа болон сургалтын үйлчилгээний боломж гэсэн үзүүлэлтээр 141 дүгээр байранд тус тус орсон байна.

    Харин дэлхийн банкны хүрээлэнгийн судалгаагаар мэдлэгийн эдийн засгийн индексээр 2009 онд нийт 140 орноос 78 дугаарт орсон. 2010 оны байдлаар манай улсын нийт экспортын 83.2 хувийг технологийн боловсруулалт хийгээгүй түүхий эд, технологийн агууламжгүй бүтээгдэхүүн, 15.1 хувийг хагас боловсруулсан болон нам агууламжтай бүтээгдэхүүн, 0.8 хувийг дундаж өндөр технологит бүтээгдэхүүн, 0.88 хувийг дундаж нам технологит бүтээгдэхүүн, 0.02 хувийг өндөр технологийн бүтээгдэхүүн эзэлж байна. 

    Өнөөдөр манай улсад өндөр технологи, инновацийн салбарт 10 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн сургалт, судалгааны ажил эрхэлж байна. Судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох зорилгоор залуу судлаачдын тэтгэлгийг 2005 оноос, докторын дараах инновацийн судалгааны тэтгэлгийг 2010 оноос жил бүр олгож эхэллээ. Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Шинжлэх ухааны академийн Технологийн инкубатор, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хүнсний технологийн инкубатор зэрэг 10 гаруй инкубатор, технологи дамжуулах төвийг тоног төхөөрөмжөөр тоноглож үйл ажиллагааг нь эхлүүлэн цөөн тоогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэн түгээж байна.

    Засгийн газраас баталсан “Дэвшилтэт технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд биотехнологийн 20, нанотехнологийн 10 орчим төслийг хэрэгжүүлж, тэдгээрт 1.2 тэрбум төгрөг зарцууллаа.  Өндөр технологийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар ч гэсэн тодорхой арга хэмжээ авлаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хувийн хэвшилтэй хамтарсан инновацийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажиллаж байна. 

    Одоогийн байдлаар хэрэгжиж буй инновацийн 37 төслийн 8-ийг нь хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага хэрэгжүүлж байна.  Тэдний судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих зорилгоор сүүлийн 3 жилд нийтдээ 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгосон. Үүний үр дүнд цөөнгүй шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрч эхэллээ. Тухайлбал, “Монхимо” ХХК Тамедин, Санитол ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэн зах зээлд байр сууриа олсноос гадна энэ жилээс адууны ясаар нано кальци үйлдвэрлэн БНСУ-д экспортлож байна. 

    Мөн “Биокомбинат” УҮГ, “Монос”, “Шинэ эхлэл”, “Монэнзим”, “Висдомс Ассетс Холдингс Групп” ХХК зэрэг компаниуд өндөр технологийн үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, эдгээрээс зарим нь бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж эхэллээ. Инновацийн төсөл, зэхэц ажилд сүүлийн 3 жилд 3 тэрбум 871,0 сая төгрөгийг зарцуулсан нь нийт эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын зардлын 28  хувийг эзэлж байна.

    Инновацийн төслийг 2009 оноос нээлттэй зарлаж, нийт 2 тэрбум 941,3 сая төгрөгийн санхүүжилт бүхий төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн үр дүнд 40 технологи, 20 гаруй жишиг үйлдвэр, цех бий болж харьцангуй богино хугацаанд үр дүнгээ өгч эхэлж байна. Тухайлбал,

    • “Уламжлалт нийлмэл жорын найрлагад суурилсан биологийн идэвхит 21 нэрийн бэлдмэлийн эмнэл зүй, стандарт, технологийг нэвтрүүлэх” төслийн хүрээнд 11 төрлийн эм болон биологийн идэвхит бэлдмэлийг үйлдвэрлэж, Польш, ОХУ-д экспортолж байна.  
    • Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийн чанарыг сайжруулах инновацийн төслийг Архангай, Булган, Өвөрхангай аймгуудад хэрэгжүүлж эхлүүллээ.
    • Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн гүйцэтгэсэн “Барилгын дулаалгын хонины ноосон материал үйлдвэрлэх жишиг үйлдвэр” энэ оны 9-р сард ашиглалтад орж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүллээ. Ашиглах боломж муутай 3-р зэргийн ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх технологийг монгол эрдэмтэд хийлээ. Дулаалгын ноосон материал нь барилгын зах зээлд эрэлт ихтэй, импортыг орлосон, экспортын чиг баримжаатай инновацийн бүтээгдэхүүн юм. 
    • Эрдэмтдийн олон жилийн хөдөлмөрөөр бий болсон Дархан 144, Дархан 34 буудайн шилмэл сортыг 2011 онд санхүүжилтээр дэмжин тариалалт хийлгэн 360 тн-ийг хураан авч, 250 тн-ийг үрийн нөөцөд хадгалсан бөгөөд 2012 оны тариалалтаас Дархан 144 сортын үр нөөцөд их хэмжээгээр бэлтгэгдэх боломж бүрдлээ.
    • Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны түншлэлээр “Монос” группийн Эм судлалын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үйлдэл бүхий Эллипин шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл болон эмчилгээнд нэвтрүүлэх” төслийн хүрээнд клиникийн 1-р шатны туршилт хийгдэж байна.
    • Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд “Үүдэл эсийн эмчилгээ” инновацийн төсөл нь 2-р төрлийн чихрийн шижинг биотехнологийн аргаар өсгөвөрлөн хүний үүдэл эсээр эмчлэх технологийг туршин нэвтрүүлж байна. Үүдэл эсийн судалгаа, эмчилгээ нь дэлхийн өндөр хөгжилтэй цөөн оронд бий болж буй дэвшилтэт технологи юм. Ингэснээр чихрийн шижин өвчнийг эмийн бус аргаар эх орондоо эмчлүүлэх нөхцөл боломж бүрдэнэ.
    • Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвд “Тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн үүсгэгчийг оношлох нян залгиур хуурайшуулах судалгаа” инновацийн төсөл 2011 оноос хэрэгжиж эхэллээ. Нутгийн омгийн тарваган тахлын нян залгиурыг  импортын бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй тул энэ ажил стратегийн ач холбогдолтой юм.
    • Техник технологийн салбарт шинэ төрлийн санах ой, зай цэнэгийн систем бүхий зөөврийн компьютер болон бусад багаж хэрэгслийг зах зээлд нийлүүлэх зорилгоор Шинжлэх ухаан технологийн их сургуульд “Чипэд суурилсан компьютерийн процессорын технологийг өргөн хэрэглээний үйлдвэрлэлд нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.
    • Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Тэжээлийн жишиг үйлдвэрлэлийн цогц шийдэл” төслийн үр дүнд өндөр уулын бүсэд жилд 80.0 -100.0 тонн багсармал холимог тэжээл бэлтгэх тэжээлийн загвар цехүүдийг байгууллаа.

    “Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-т туссан зорилт, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтээр бий болсон мэдлэг, технологийг эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглах, эдийн засаг, санхүүгийн олон төрлийн арга хэрэгслээр дэмжих механизм, эрх зүйн зохицуулалт тодорхой бус байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилтэд саад учруулж байна.

    Тиймээс Засгийн газраас “Инновацийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүдийн санаачлан боловсруулсан “Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хууль”-ийн төсөлтэй нэгтгэн УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхэд бэлэн боллоо.

    Энэ хуулийн төсөл батлагдсанаар инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт болон төрийн дэмжлэгийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн механизм бүрдэнэ. Улмаар Үндэсний инновацийн тогтолцоог бий болгоход чухал алхам  болно гэж үзэж байна. Ингэснээр улс орны эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт дараах эерэг үр дагавруудыг авчирна:

    • Мэдлэг, технологийг эдийн засгийн эргэлтэд оруулж, бий болсон орлогоос эрдэм шинжилгээний ажилд хөрөнгө оруулалт хийнэ.
    • Үйлдвэрлэл, үйлчилгээнд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эдийн засгийг инновацийн чиг баримжаатай хөгжүүлнэ.
    • Шинжлэх ухаан технологи, аж үйлдвэрийн салбарыг харилцан уялдаатай, нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
    • Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд гарч, улс орны өрсөлдөх чадвар дээшилнэ.

    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д “Өндөр технологийг дэмжих хөрөнгийн санг төрийн дэмжлэгтэйгээр байгуулах” зорилтыг тусгаж 2010 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад 1,0 тэрбум төгрөгийг өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын багцад, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны нэр дээр батлагдсан боловч дээрх зорилгоор хөрөнгийг захиран зарцуулах эрх зүйн орчин тодорхой бус байгаагаас хэрэгжилтийг зохион байгуулах боломжгүй болсон.

    Үүнтэй уялдуулан цаашид төрөөс технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, өндөр технологийн компаниудыг санхүүгийн аргаар дэмжих тогтолцоог тодорхой болгох чиглэлээр холбогдох хууль, эрх зүйг боловсронгуй болгох, институцийн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа болно. Монгол Улсад өндөр технологи, инновацийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, үйлчилгээг олон эх үүсвэрээс санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий “Өндөр технологи, инновацийн хөрөнгө оруулалтын корпораци”-ийг байгуулан ажиллуулахаар санал боловсруулж байна. Энэхүү байгууллага нь нь эдийн засгийн онцгой ач холбогдолтой өндөр технологийн үйлдвэрлэлийн төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө босгох, хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

    Манай Засгийн газар технологийн инновацийг хөгжүүлэх, нийгмийн болон төрийн үйлчилгээний инновацийн талаар тодорхой арга хэмжээ авна. Мөн хүүхэд, залуучуудын инженер технологийн сэтгэлгээг сайжруулах зорилгоор “Зохион бүтээх төв”, “Шинжлэх ухааны музей” байгуулах, төрийн өмчийн зарим их сургуулийг сургалтад суурилсан өнөөгийн тогтолцооноос судалгаа, инновацийн их сургууль болгож өргөжүүлэх, инновацийн судалгааны нэгдсэн лаборатори байгуулахад анхаарч ажиллах болно.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх ажил эхэллийн шатандаа байна. Хөтөлбөрийн хэрэгжилт хөрөнгө санхүүгийн байдлаас үүдэн зорилтот үр дүндээ хүрэхгүй удааширч буйд анхаарлаа хандуулах шаардлагатай боллоо. Ойрын ирээдүйд олон улсын хөгжлийн жишгээр инновацийн санхүүгийн тогтолцоо, дэд бүтцийг тэргүүний орнуудын жишгээр хөгжүүлэх, шинжлэх ухааны парк хэлбэрээр байгуулах асуудлыг судалж, зах зээлийн эрэлтэд нийцсэн инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүгдээс “Инновацийн тухай хууль”-ийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн батлах, инновацийн болон өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх үйл ажиллагаатай холбогдсон санхүүжилтийг 2012 оны улсын төсөвт тусгах талаар анхаарч ажиллахыг хүсье.

    Анхааралаа хандуулсанд баярлалаа.  

    2011 оны 11 дүгээр сар 4.              УИХ-ын чуулганы танхим

  • “Нэг цонхны үйлчилгээ” үр дүнгээ өгч байна уу

    Энэ үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, ололт амжилт, алдаа дутагдал, цаашдын зорилтыг хэлэлцэж туршлага солилцох Үндэсний зөвлөлгөөн ирэх даваа гаригт Төрийн ордонд эхэлнэ. “Нэг  цонхны үйлчилгээ” (НЦҮ)-ний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилт сэдвээр уг зөвлөлгөөнийг зохион байгуулах юм байна. Энэ үеэр 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, хоёр сум, хоёр хороонд байгуулагдсан НЦҮ-ний төвүүдийн үйл ажиллагааны  тухай мэдээлэл солилцох ажээ. Тус зөвлөлгөөнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  оролцоно. Зөвлөлгөөнөөс НЦҮ-ний үйл ажиллагааг улам сайжруулахтай холбоотой зөвлөмж гарч, мөн энэ сэдвээр илтгэлийн уралдаан ч болох юм байна.

  • ЦАХИЛГААНЫ ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХЭЭР ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болов. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үнэ тарифын хөнгөлөлт, урамшуулал олгох болон Өмнийн говийн бүтээн байгуулалтын дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь онцлох сэдэв байлаа. 

    “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Урамшууллын зөрүүг улсын төсөвт тусган эрчим хүчний байгууллагад олгож байхыг Сангийн сайдад, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, агаарын бохирдлыг бууруулах ажлын явц, үр дүнгийн талаар жил бүрийн 6 дугаар сард Засгийн газарт танилцуулж байхыг асуудал эрхэлсэн сайд нар болон Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. Журам батлагдсанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, утаагүй зуух, гэрийн дулаалга хэрэглэн, түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх болж байна.

    Өөрөөр хэлбэл агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдан хуульд заасны дагуу цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдон цахилгаан халаагуур хэрэглэж байгаа өрхийн цахилгааны /зөвхөн ахуйн хэрэглээний зориулалтаар хэрэглэсэн/ үнийг хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, цахилгааны шөнийн тариф мөрдөгдөх хугацаатай уялдуулан 50 хувиар бууруулж урамшуулахаар болов. Мөн эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгаж нийт 15 цаг болголоо. Ингэснээр өмнө нь үйлчилж байсан хугацаа даруй 6 цагаар уртасч, үнийн тариф 2 дахин хямдарч байгаа юм.

    Болзол, шалгуур хангасан хэрэглэгч нь урамшуулалд хамрагдах хүсэлтээ эрчим хүчээр хангагч байгууллагад гаргаж харилцан гэрээ байгуулна. Тухайн хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд эрчим хүчнийхээ төлбөрийг сар бүр тогтоосон хугацаанд төлж, төлбөрийн ямар нэгэн өргүй байхаар журамд тусгажээ.

    Урамшуулалд хамрагдах хэрэглэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг :

    • Дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий хэрэглэгчийн барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг холбогдох норм, нормативын хүрээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам
    • Цахилгаан дамжуулах сүлжээнд холбогдсон цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаагуур, газрын гүний дулаан, нар, салхи, сэргээгдэх бусад эрчим хүч ашигладаг, шахмал, хагас коксон түлш хэрэглэдэг айл өрхийнхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам  
    • Дулаалгатай гэр, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр, түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харъяа холбогдох төрийн  байгууллага тус тус тогтоох юм.

    Тавьсан нөхцөл, шалгуур хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа 90 мянга 700 гаруй өрхийг цахилгааны 50 хувийн урамшуулалд хамруулахад энэ онд 2,5 тэрбум, ирэх онд 5,9 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛБАЛ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

    Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаас баталлаа. Урамшуулалд шаардагдах хөрөнгийг Цэвэр агаар сангаас гаргах, хийж байгаа ажлын явц, үр дүнг жил бүрийн 6 дугаар сард багтаан танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгав.

    Шалгуур үзүүлэлт хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлд“Ногоон бүтээгдэхүүн”, “Ногоон үйлчилгээ” гэрчилгээ өгч, цаашид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ энэ гэрчилгээг 2  жил хэрэглэх эрх олгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Мөн гэрчилгээ авсан тухайн этгээд хүсэлт гаргавал дотоод, гадаадаас хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэхээр журамд тусгажээ.  

    Агаарын бохирдлыг бууруулах, барилга, байгууламжийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж гаднаас оруулж ирэх, мөн үйлдвэрлэж зах зээлд тогтвортой нийлүүлбэл урамшуулал хүртэх боломжтой боллоо. Үүнд нар, салхи, газрын гүний дулаан, бүх төрлийн хий, шингэн түлш, дулаалгын материал, цахилгаан халаагуур, дэвшилтэт техник, технологи бүхий бүтээгдэхүүн багтаж байна. Тухайлбал хийн түлшээр ажилладаг тээврийн тээврийн хэрэгсэл, хийн зуух зэргийг нэрлэж болох юм.   

    Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх дээр дурдсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж ашигладаг, тэдгээр нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцэж байгаа нь судалгаагаар тогтоогдвол урамшуулал хүртэх эрхтэй. Үйлдвэрлэл, үйлчилгээ нь үндэсний болон олон улсын эрчим хүчний хэмнэлтийн ангиллын эхний 2 дугаар зэрэглэлд багтсан, агаар бохирдуулагч эх үүсвэрээс гарах бохирдуулагч бодисын хэмжээ стандартын шаардлага бүрэн хангасан, эсвэл 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан нь баталгаажсан зэргийг нь ч харгалзан үзэх юм байна.

    Үүний зэрэгцээ эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах төсөл, сэргээгдэх эрчим хүч, бүх төрлийн хийн түлш, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд Цэвэр агаар сангаас дэмжлэг үзүүлж урамшуулахаар журамд заажээ. Шалгуур үзүүлэлт хангасан тухай материалыг жил бүрийн 4, 10 дугаар сард тухайн сардаа багтаан хороо, дүүрэг, Нийслэлийн Агаарын чанарын албаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүлээн авна. 

    Урамшуулал олгохдоо:

    • Дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий хэрэглэгчдийн барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан эсэхэд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам
    • Хийн болон шингэн түлш, тэдгээрийн тоног төхөөрөмж, газрын гүний дулаан, нар, салхи, сэргээгдэх бусад эрчим хүч, тэдгээрийн тоног төхөөрөмжид тавигдах нөхцөл, шалгуурлыг хангасан эсэхэд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны саналыг үндэслэх юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

    ӨМНИЙН ГОВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ

    Засгийн газрын хуралдаанаар Өмнийн говийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж байгаа асуудлийг шийдвэрлэх талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Энэ хүрээнд өмнийн говийн өнөө болон ирээдүйн бүтээн байгуулалтын эрчим хүчний хэрэглээг хангах, хатуу хучилттай авто замын хүчин чадлыг нэмэгдүүлж 4 зорчих хэсэгтэй болгох, уул уурхай, дэд бүтцийн хөгжилд шаардлагатай усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомт, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумын ерөнхий төлөвлөгөөг батлах зэрэг арга хэмжээ авахаар боллоо.

    Тавантолгойн орд газрыг түшиглэн барих цахилгаан станцын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг энэ онд дуусгаж, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр барих ажлыг ирэх оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанид даалгасан байна. Мөн Оюутолгойн үйлдвэрлэлийн хэрэгцээг эрчим хүчээр хангахын тулд цахилгаан станц барихыг “Оюутолгой” компанид хариуцууллаа. Гэхдээ энэ нь төслийн өртөгт нөлөөлөхгүй байх, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх, цахилгаан станц нь Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг ашиглана гэсэн нөхцөлийг зааж өгсөн байна.

    Тогтоолд хөрсний эвдрэл, тоосжилтоос хамгаалах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээг мөн тусгажээ. Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайтын боомт чиглэлд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай 245 км хатуу хучилттай замын хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон байна. Энэ дагуу замыг 4 зорчих хэсэгтэй болгох, шинээр өргөтгөсөн 2 зорчих хэсэгтэй замыг тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зам барих ажилд  бусад хөрөнгө оруулагчийг оролцуулахыг “Эрдэнэс Тавантолгой” компанид  хариуцууллаа.

    Мөн өмнийн говийн бүс нутгаас Хангимандал, Замын-Үүд боомт руу авто зам тавих асуудлыг судлан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгожээ. Уул уурхай, дэд бүтцийн хөгжилд ус ихээхэн шаардлагатай учир эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх, цаашид усны өсөн нэмэгдэх хэрэгцээг найдвартай хангах талаар ч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Тавантолгойн нүүрсний уурхай, Сайншанд орчимд газрын доорх усны хуримтлал бүхий талбайд гидрогеологийн нарийвчилсан хайгуул хийж, усны ашиглах боломжит нөөцийг тогтоохыг салбарын сайд, харъяа агентлаг болон аймгийн Засаг дарга нарт даалгав.

    Мөн Орхон, Сэлэнгэ голд урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах боломжийг судлан, зураг төсөл боловсруулах ажлыг энэ оноос, барилгын ажлыг 2013 оноос эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дахь Балгасын улаан нуурын хотгорын газрын доорх усны ордоос тодорхой хэмжээний усны нөөцийг “Эрдэнэс Тавантолгой” компанид ашиглуулахаар болов. Өмнийн говийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, бүс нутгийн хөгжлийг хангах нь хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал байлаа.

    Энэ дагуу “Өмнийн говийн хүн амын нутагшил, суурьшил, хот байгуулалтын хөгжлийн стратеги”, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын ерөнхий төлөвлөгөөг энэ онд, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумынхыг ирэх оны эхний хагас жилд багтаан батлуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад хүнд даалгалаа. Энэ онд багтаан Гашуунсухайт боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлын зардалыг гаргаж, боомтын авто замын орц, гарцыг 10 урсгалтай болгон өргөтгөхийг “Эрдэнэс МГЛ” компани хариуцахаар болсон байна.

    Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын өргөтгөл, шинэтгэлийг Концессын хуулийн дагуу ирэх оны эхний улиралд багтаан эхлүүлж, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөг мөн хугацаанд боловсруулж батлуулна. Дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, зээл, тусламж болон концессын гэрээ байгуулах зэрэг боломжтой нөхцлөөр шийдвэрлэхээр болсон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Төсөл нь дээд боловсролын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах, Засаглал, менежмент, санхүүжилтийг сайжруулах, Тэгш байдал ба хүртээмжийг сайжруулах гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй.

    Төслийн хүрээнд энэ салбарын шинэчлэлийн бодлогын зөвлөмж боловсруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын орчин, тоног төхөөрөмжийг сайжруулах, багш, сурган хүмүүжүүлэгчдэд үндэсний үнэлгээний стандарт тогтоох, хөдөө орон нутагт их, дээд сургуулиудын чадавхийг дээшлүүлэх зэрэг ажил хийнэ.  

    2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжүүлэх энэ  төсөлд  Азийн хөгжлийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, манай Засгийн газар 2.22 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

    Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг өрсөлдөх чадварын судалгаанд манай улс энэ онд 139 орноос 99 дүгээр байранд орж өмнөх жилүүдийг бодвол харьцангуй дээшилсэн. Гэхдээ дотоодын сургалт, судалгааны төвийн боломж, бололцоогоороо сүүл мушгиж, дээд боловсролын системийн чанараар 136, дээд боловсролын удирдлагын чанарын байдлаар 135 дугаар байранд орсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    • “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар, Украйн Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээр байгуулснаар талууд соёл, урлагийн бүх салбарт хамтын ажиллагааг дэмжих эрх зүйн орчин бүрдсэн. Мөн соёл, урлагийн салбарт нэн шаардлагатай мэргэжлээр боловсон хүчинг Украйн Улсад бэлтгэх, давтан сургалтад хамруулах, туршлага судлах, олон улсын чанартай уралдаан, тэмцээнд уран бүтээлчдээ оролцуулах боломжтой болж байна. Хэлэлцээрийн дагуу талууд өөрийн нэгдэн орсон дотоод, олон улсын хууль тогтоомжийн хүрээнд соёлын үнэт өвд тооцогдох эд өлгийн зүйлсийг хууль бусаар хилээр оруулах, гаргахын эсрэг хамтран ажиллах бөгөөд энэ чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж, мэдээлэл солилцох юм.
  • НҮБ–ын Ерөнхий Ассамблейн чуулганы танхим Монголоор амьсгаллаа

    10 дугаар 27-ны өдөр Монгол Улсын хувьд түүхэн өдөр билээ.Одоогоос 50 жилийн өмнөх энэ өдөр манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсчтусгаар тогтнол,аюулгүй байдлаа хангаж ,олон улсын нэр хүнд байр сууриа бэхжүүлсэн юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд өрнүүлсэн Монгол Улс НҮБ-ын хамтын ажиллагааны үр дүнг дүгнэн цэгнэж ,цаашдын зорилтоо тодорхойлсон чухал үйл явдлууд Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болж байна. Энэ ойн арга хэмжээний хүрээнд НҮБ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзав.

    Ерөнхий сайд  уулзалтын эхэнд  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар дахин томилогдсонд ноён Бан Ги Мүнд баяр хүргээд түүний удирдлага дор НҮБ амжилттай ажиллаж байгааг тэмдэглэв. Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон 50 жилийн хугацаанд хоёр тал олон салбарт амжилттай хамтран ажиллаж ирсэн цаашдаа энэхүү харилцаагаа улам бататган хөгжүүлэхийн чухлыг Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Монгол Улс нь эдийн засгийн хувьд нааштай сайн үзүүлэлтийг үзүүлж байгаа.Уул уурхайгаас олж байгаа ашгийг иргэддээ тэгш хүртээх зорилгоор Хүний хөгжлийн сан бий болгосон.Энэ сангаар дамжуулж хувь хишиг хүртээх ажлыг цаашид үргэлжлүүлэх,иргэдийнхээ амьжиргааг улам сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гээд олон салбарт НҮБ-тай хамтран ажиллахын чухлыг Монгол улсын Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.

    Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан 2015 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэх,үр дүнг гаргах тодорхой саналуудыг Монгол Улс дэмжиж байгаагаа илэрхийлээд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Монголд амжилттай хэрэгжиж байгааг дуулгав. Монгол улс энэ оны 7 дугаар сараас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа.Бидний хувьд зорьж буй гол ажил бол ардчиллын боловсролыг олон улсын хэмжээнд түгээх явдал.2012 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолын төслийг ардчиллын боловсролын чиглэлээр санаачлахаар ажиллаж байгаа гэдгээ Ерөнхий сайд С.Батболд мэдэгдээд энэ тал дээр анхаарч дэмжихийг Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнээс хүслээ. Мөн Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагааг Либия, Чад, Сьерра Леоне, Конго улс, Дарфурт амжилттай явуулж байна.

    Тухайлбал өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн манай улсаас хоёрдугаар  шатны цэргийн хээрийн эмнэлгийн баг Дарфурт үүрэг гүйцэтгэж байгаа болон Өмнөд Суданд шинээр энхийг сахиулах үйл ажиллагаанд нэг  батальон цэрэг илгээхээр шийдвэрлэснийг дуулгав. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын бүсийн энхийг сахиулах төвүүд болон Нью-Йорк дахь төв департамэнтэд Монголын шинжээчдийг ажиллуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ.

    Монгол Улсын Засгийн газрын тэргүүний дэвшүүлсэн саналыг анхаарч хариуцлагатай тэмдэглэж авахыг ноён Бан Ги Мүн холбогдох албан тушаалтандаа уулзалтын үер үүрэг болгож байв. Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах явц амжилттай  явж байгаа, одоогийн байдлаар долоон улс гарын үсэг зураад байгааг мөн онцлон тэмдэглэв.

    Судалгааны төвийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  манай улсад 2009 онд айлчлахдаа нээсэн нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр НҮБ-аас явуулж буй үйл ажиллагаанд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй оролцох боломж нээснийг Ерөнхий сайд мөн дурьдлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мү НҮБ-д элссэний 50 жилийн ойн баярын мэндийг Ерөнхий сайд С.Батболдод хүргээд Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг онцлов.

    Түүнчлэн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах  талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг,Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэрээр тэмдэглэв.Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр сайн ажиллаж байна хэмээн Монгол Улсын Засгийн газрыг үнэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг Монгол улс үлгэр дууриал болохуйц арга хэмжээ авч байгааг ч дурьдав. Мөн ядуурлыг бууруулах,ажилгүйдлийг багасах тал дээр нааштай үзүүлэлт Монгол улсад гарч байгааг, Хүний хөгжлийн сангаар дамжуулан иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх бодлогоо тууштай хэрэгжүүлэхийн чухлыг тэрээр тэмдэглээд Монгол улс НҮБ-ын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

    Мөн өдөр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы дарга Нассир Абдулазиз Нассертай уулзаж, Монгол улс  болон НҮБ-ын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • НҮБ-ЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН КОНЦЕРТЫГ МОНГОЛ УЛС ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     – Монголын урлагийн тоглолтын нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг –

    Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, хатагтай Бан,

    Ноён Ерөнхий Ассамблейн дарга аа, хатагтай Аль-Нассер,

    Эрхэмсэг ноёд оо,

    Хатагтай, ноёд оо,

    Энэ жилийн “НҮБ-ын өдөр”-т зориулсан концертыг хариуцан зохион байгуулах нэр хүндтэй үүрэг хүлээх завшаан тохиолдсонд Монгол Улсын Засгийн газар туйлын баяртай байна. Жил бүр 10 дугаар сарын 24-нд бид НҮБ-ын өдрийг тэмдэглэж ирсэн ба чингэснээрээ дэлхийн энэ байгууллагад итгэл дүүрэн байдгаа нотлон илэрхийлдэг билээ. Энэ үдэш Соёлын олон төрлийнтухай түгээмэл тунхаглалаар хүлээн зөвшөөрсөн хүн төрөлхтний хамтын өв болох соёлын олон төрлийг тэмдэглэх ажиллагаанд бидэнтэй хамт оролцохыг урьж байна. Соёлын олон төрлийг хамгаалан хөгжүүлэх нь ирэх жил олон улсын нийгэмлэгийн онцлон хэлэлцэх тогтвортой хөгжлийн асуудлын цөм нь юм.

    Өдгөөгөөс 50 жилийн тэртээх энэ өдөр Монгол Улс НҮБ-д 101 дэх бүрэн эрхт гишүүнээр элссэн нь манай орны хувьд түүхэн үйл явдал болсон юм. НҮБ-ын гишүүн болсноор бидэнд нийтийн сайн сайхны төлөө үйлсэд хувь нэмрээ оруулах, дэлхийн бусад улстай харилцах шинэ үүд хаалга нээгдсэн билээ. Өнгөрсөн тавин жилийн хугацаанд бидний олон талт хамтын ажиллагаа цар хүрээ, агуулгын хувьд өргөжин хөгжиж ирсэн. Хүний нөөц болон чадавхийг бэхжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгалийн гамшгийн эсрэг зохистой арга хэмжээ авах зэрэгт НҮБ-ын тусламж, дэмжлэг нэн чухал байв.

    Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан-ы 2009 онд хийсэн айлчлал бидний хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгсөн билээ. Улаанбаатарт хийсэн Далайн гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Олон улсын судалгааны төвийн нээлтийн ажиллагаа, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэрэг – цэнхэр малгайтнуудын оролцоо өсөн нэмэгдсэн зэрэг нь энэхүү айлчлалын бодит үр дүн юм гэдгийг би энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.

    Монгол Улс ч өөрийн зүгээс олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг үйлсэд хувь нэмрээ оруулахад чармайлт гарган ажиллаж ирсэн билээ. Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Улс түмэн энх тайван орших эрхийн тухай Тунхаглал, олон улсын яриа хэлэлцээ явуулах зарчим, чиглэлүүд, зэвсэг хураах долоо хоногийг жил бүр тэмдэглэж байх тухай, Бичигтэн болох НҮБ-ын 10 жилийг зарлах тухай болон хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар холбогдох тогтоолуудыг баталж гаргасныг тэмдэглэхдээ баяртай байна.

    Энэ үдшийн урлагийн тоглолт нь дэлхийн улс түмний соёл өөр хоорондоо ялгаатай, өвөрмөц онцлогтой хэдий ч хүн төрөлхтөн бол нэгэн гэр бүл юм гэдгийг онцлон харуулахад бидний зүгээс оруулах бас нэгэн өчүүхэн хувь хандив юм. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын жагсаалтад орсон соёл, урлагийн хэд хэдэн гайхамшигт бүтээлээр дамжуулан Та бүхэн манай үндэсний уламжлалт соёлын онцлогоос мэдэрч таална гэдэгт найдаж байна. Эдгээрт байгалийн хөг аялгууг шингээж, нүүдэлчдийн амьдралын хэв маяг, өргөн уудам тал нутаг, ногоон бэлчээрийг дүрслэн илэрхийлэх хөгжим, урлагийн илэрхийлэлийн өвөрмөц хэлбэр болох морин хуур,  монгол уртын дуу, хөөмэй, монгол тууль, монгол биелгээ орж байгаа болно.

    Монголын үндэсний морин хуурын чуулга, Монголын ардын дуу, бүжгийн эрдмийн чуулгын олон улсад нэрд гарсан жүжигчдийн эрч хүч, сэтгэлийн дуудлага нь та бидэнд өөр өөрсдийн өвөрмөц онцлогийг хүмүүнлэг үзэл санааг түгээн дэлгэрүүлэх бас нэгэн давуу тал болгох талаар эргэцүүлэн бодох боломж олгоно гэдэгт би итгэж байна.  

                Та бүхэнд энэ үдшийг таалан өнгөрүүлэхийг хүсэн ерөөе. Баярлалаа.

  • Монгол дуу хуур олон улсын дипломатчдыг гайхашрууллаа

    Монгол Улсаа сурталчилсан нэгэн гайхамшигт тоглолт 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын чуулганы танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганд оролцох энэ үеэр чуулганы танхимд болсон хүндэтгэлийн танхимд болсон тоглолтыг Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров найрууллаа. Эх орноо сурталчилан дэлхийн олон оронд тоглолт хийсэн Монгол Улсын Морин хуурын чуулга ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлагад шилдэг бүтээлээсээ толилуулж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид үндэснийхээ бүжгийн гайхамшгийг харуулсан сайхан тоглолт боллоо.

    Дэлхийн лидерүүд үгээ хэлж бодлогоо тодорхойлдог НҮБ-ын чуулганы танхимд  морин хуур аялгуулж, монгол ардын уртын дуу цуурайтсан нь олон орны дипломатчдын бишрэлийг төрүүллээ. Өдгөөгөөс 50 жилийн тэртээ  буюу 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд энэ жил 50 жилийн ой тохиж буй юм. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн улс орнуудын хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд голлох үүрэг бүхий НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж дэмжлэг авах өргөн боломж нээгдсэн билээ.

    Монголчууд морин хуурын аялгуу эгшиглэхэд гэрийн жавар арилдаг хэмээн билэгшээдэг. Хуурын аялгуу цуурайтсан энэ тоглолтын үеэр монголчууд уран нугаралт, ардын бүжгээ толиллуулж, дэлхийн сонгодог бүтээлүүдийн цоморлигоосоо ч толилууллаа. Хөөмийн түрлэгийг үзэгчид илүүтэй сонирхлоо. ОХУ-ын Санкт-Петербургт энэ оны есдүгээр сард болсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын гавьяат жүжигчин болсон Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин дуурийн алдартай ариг дуулсан нь монголчууд дан ганц ардын урлагаараа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог урлагаар гайхагдах их авьяастай ард түмэн гэдгийг дэлхийн олон улсад таниулсан хэрэг болооо.  

    50 жилийн өмнө манай улс тусгаар тогтнол аюулгүй байдал байдлаа баталгаажуулж, олон улсад нэр хүндээ өсгөх түүхэн алхмаа хийж байсан Нью-Йорк дахь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы энэ танхимд өнөөдөр монголчууд бид бахархах түүх соёл, ёс заншилтай, хөгжил дэвшилд хүрсэн ард түмэн гэдгээ харуулсан тоглолт хийж чадлаа. Бүтэн нэг цагийн турш орон орны дипломатчдыг “уяж” чадсан энэ тоглолт эх орноо сурталчилсан сайхан тоглолт боллоо хэмээн хүмүүс ам сайтай байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийг хэрэгжүүлснээр ойролцоогоор 600 мянган иргэнд 1,5 сая төгрөг бүрэн олгогдож дуусна

     Ерөнхий сайд С.Батболдын 2012 оны төсвийн төслийн талаар УИХ-ын нэгдсэн чуулгандээр хэлсэн үг –

    УИХ-ын дарга,

    Эрхэм гишүүд ээ,

    Ирж байгаа 2012 он бол манай Засгийн газрын, энэ их хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил билээ. Тиймээс ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлж дуусгах, төсвийн бодлогын шинэтгэлийг эрчимжүүлэх, улс орны хөгжлийг хангах, их бүтээн байгуулалтын эх суурийг тавих, төсвийн гадаад, дотоод орчны тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн анхаарч, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсрууллаа.

    2012 оны төсвийн бодлого нь хөгжлийн шинэ гараан дээр ирсэн Монгол Улсын эдийн засгийн бүтцийг шинэчлэн, урт хугацааны тогтвортой өндөр өсөлтийг хангах, ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, эрхэлж буй бизнест, эх орны  бүтээн байгуулалтад нь хөрөнгө оруулалт хийх замаар шинэ ажлын байр бий болгох, өрх гэрийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад оршиж байгаа юм. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн чадамж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил ирэх тусам хурдацтай өсч, манай улсын өрсөлдөх чадвар нэмэгдлээ. Иймээс 2012 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 6.4 сая төгрөг буюу 5362 ам.долларт хүргэхээр төлөвлөж байна.  

    Манай улс олон улсын байгууллага, хандивлагч орны хөнгөлөлттэй зээл, тусламжаар санхүүгийн хэрэгцээний дутагдсан хэсгийг нөхдөг байсан. Харин одоо дэлхийн санхүүгийн болон хөрөнгийн зах зээлээс шаардлагатай хөрөнгө босгох, арилжааны зээл ашиглах боломждоо тулгуурлан уг асуудлыг шийдвэрлэх бололцоо бүрдэж эхэллээ. Улс орны маань эдийн засгийн чадамж сайжирч буйг бид өөрсдөө ярьж буй бус гадаад ертөнц ч гэсэн хүлээн зөвшөөрч байна. Монгол улс бага орлоготой орноос бага дунд орлоготой орны зэрэглэлд багтаж, зээлжих зэрэглэл ахисан нь үүнийг гэрчилнэ.  

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    2012 онд эдийн засгийн бодит өсөлтийг 25.6 хувьтай байхаар төсөөлж байна. Ингэснээр Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр 18.0 их наяд төгрөгт хүрнэ. Эдийн засгийн бүтцийн хувьд дийлэнх буюу 45.6 хувийг үйлчилгээний салбар, 43.4 хувийг үйлдвэрлэлийн салбар эзэлнэ. Сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн таатай орчин бүрдэж байгаа боловч манай улсын гадаад худалдаа, төсвийн тэнцэлд гол нөлөө үзүүлдэг цөөн хэдэн төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний зах зээлийн үнэ тогтвортой бус байна. Энэ нь манай улсын төсвийн болон макро эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэх, улмаар эдийн засгийн хямралд хөтлөх эрсдэл байгааг Та бид анзаарахгүй өнгөрч болохгүй.   

    2012 оны төсвийн төслийг боловсруулахдаа дараах 4 гол зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарлаа.  

    I.      Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, уул уурхайн салбарт татварын болон бодлогын бусад зохицуулалтыг оновчтой хийх замаар байгалийн баялагаас олох орлогыг иргэн бүрт ижил тэгш, шударгаар хувиарлах, 

    II.    Хүний хөгжилд чиглэсэн эдийн засгийн цогц бодлогыг хэрэгжүүлэх,

    III.   Төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг өргөжүүлэх, бодит бүтээн байгуулалтын ажлыг дэмжих,

    IV.  Хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн боломжит бүхий л эх үүсвэрийг хамгийн бага зардлаар бүрдүүлэхээр төлөвлөж байна.

    Эдгээр зорилтыг биелүүлэхэд бодлогын тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх талаар товчхон илтгэе.   

    Төсвийн орлогын талаар:

    Төсвийн орлогын бодлого нь нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл  болон Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хангахад шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх, төсвийн тэнцвэрт харьцааг хангах, орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэхэд чиглэгдэнэ. Ирэх 2012 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.4  их наяд төгрөг буюу ДНБ-ний 36 хувь байхаар тооцлоо. Үүнээс 2 их наяд орчим төгрөг буюу 31,0 хувь нь уул уурхайн салбараас төсөвт орох орлогоос бүрдэнэ. Харин үлдэх 4.4 их наяд төгрөг буюу 69,0 хувь нь эдийн засгийн бусад салбараас төсөвт төвлөрөхөөр байна.  

    Хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын тэгш шударга зарчмыг мөрдүүлэх, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, уул уурхайн татварыг оновчтой тогтоох зорилгоор Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт

    –  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

    –  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

    –  Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

    –  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэмж бэлтгэн боловсрууллаа.    

    Эдгээр хуулийн төслүүд батлагдан гарснаар Хөгжлийн банкны бондын хүүг татвараас чөлөөлж, аж ахуйн нэгж, иргэдийн бондын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, Монгол Улсад байрладаг болон байрладаггүй албан татвар төлөгчийн аль алиных нь орлогод татвар ногдуулдаг болгох, татварын тэгш шударга зарчмыг мөрдүүлэх, цилиндрийн багтаамж өндөртэй автомашинаас төсөвт орох орлогыг нэмэгдүүлж иргэдийн зохистой хэрэглээг бий болгох, агаарын бохирдол болон замын хөдөлгөөний ачааллыг багасгах зэрэг эдийн засгийн хөгжлийг хурдасгах зэрэг ач холбогдолтой юм.

    Манай улс 2007 онд дөрвөн аравын системийг нэвтрүүлж Азид төдийгүй дэлхийн хамгийн бага өрсөлдөх татвартай орнуудын нэг болсон. Гэвч жижиг дунд аж ахуйн нэгжид татвар ногдуулах, төсөвт төвлөрүүлэх ажиллагааг илүү энгийн ойлгомжтой болгох замаар татварын системийг хялбаршуулж тогтмол тодорхой орлого хураадаг байх, түүнийгээ тодорхой хувиар индексжүүлэн нэмэгдүүлдэг болох бодлогын арга хэмжээг судлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

    Монгол Улс өнөөг хүртэл нийт 35 улстай давхар татварын гэрээ байгуулсан. Үүний 72 хувь 1991-1997 оны хооронд буюу улс орны эдийн засгийн хөгжил дорой, татвар, эдийн засгийн харилцаа, чадавхи сул байх үед хийгдсэн. Гэтэл улс орны эдийн засгийн харилцаа өргөжин тэлж, уул уурхайн салбарт хийгдэх гадны хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хирээр урд байгуулсан давхар татварын гэрээнүүдийн сул тал, зарим заалтыг гадны хөрөнгө оруулалттай компаниуд ашиглаж, татвараас зугтах явдал нэмэгдэх боллоо. Иймээс байгуулсан бүх давхар татварын гэрээг эргэн харах, өөрчлөх, улс орны эрх ашигт хохиролтой гэж үзвэл зарим гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар ажиллаж байна. Тухайлбал, Нидерланд, Люксембург улсуудтай байгуулсан гэрээнд олон улсын давхар татварын загварт байдаггүй заалт орсны улмаас уул уурхайн гадны хөрөнгө оруулалттай компаниуд эдгээр улсад толгой компаниа байгуулах замаар Монгол Улсаас шилжүүлсэн ногдол ашгийн орлогоос огт татвар төлөхгүй байгааг ойрын хугацаанд засч залруулах учиртай.

    Эдийн засгийн олон талт харилцаа бий болохын хэрээр гадаад улсад байрлан, Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлж, орлого олох нь нэмэгдэж байна. Гэтэл манай татварын хууль тогтоомжоор энэ төрлийн үйл ажиллагаанд хэрхэн татвар ногдуулах хууль зүйн зохицуулалт нь төдийлөн тодорхой бус байна. Иймд, орлого бий болсон эх үүсвэрт татварыг ногдуулах зохицуулалтыг хуульд шинээр тусгахаар төсөл боловсруулж, өргөн барьж байна. Ингэснээр, орлогын эх үүсвэрт татвар ногдуулдаг олон улсын жишигийг эх орондоо нэвтрүүлнэ. Үр дүнд нь татварын орлого нэмэгдэхээс гадна татварын маргаантай асуудал гарах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.

    Төсвийн урсгал зарлагын талаар:

    Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын гуравны хоёр буюу 4.6 их наяд төгрөгийг төсвийн урсгал зардалд зарцуулна. УИХ-аас баталсан 2012-2014 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийг суурь болгон, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хангахад  төсвийг чиглүүлэх бөгөөд зарцуулах хөрөнгө нь 2011 оны төсвийн төлөвлөгөөтэй харьцуулахад  1.5 их наяд  төгрөгөөр нэмэгдэж байна.

    2012 онд төсвөөр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг тоймлон дурдвал:

    · Нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулж, нийгмийн эмзэг хэсгийг ядууралд өртөхөөс сэргийлэх механизмыг олон улсын туршлагад нийцүүлэн нэвтрүүлнэ. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих эхний алхам болгож Нийгмийн суурь тэтгэврийн тогтолцоог бий болгохын зэрэгцээ Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан тогтолцооны гажгийг засах алхмуудыг хэрэгжүүлж эхэлнэ.  Ядуу иргэдэд чиглэсэн нийгмийн халамжийн тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлнэ.

    ·  Цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг хувийг олгоно.

    ·  Монгол улсын үнэт баялаг болсон иргэд, хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарч, үйлчилгээг шинэ түвшинд хүргэнэ. Боловсролын тогтолцоог өндөр хөгжилтэй орны жишигт хүргэх стандартыг боловсруулан дуусгаж, Кембрижийн ерөнхий боловсролын тогтолцоог хэрэгжүүлж эхэлнэ. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу Их, дээд сургуулийн оюутанд тэтгэлэг олгож эхэлнэ.

    · Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ “Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

    · Бүртгэлийн болон сонгуулийн төгөлдөршлийг бүрэн хэрэгжүүлэх суурь болох иргэний цахим үнэмлэхийг нэвтрүүлж дуусна.

    · Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд анхаарч төсөв, орон тоог нэмэгдүүлнэ.

    · Орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, орон нутаг өөрөө бие даан хуваарилах хөрөнгийн хэмжээг өсгөнө.

    · Төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлнэ. Энэ ажлын хүрээнд хүнд суртал, чирэгдэл дарааллыг бууруулах зорилгоор иргэдэд хүрч ажилладаг төрийн үйлчилгээний байгууллагуудад иргэдэд үйлчлэх ажлын байрыг зохистой хэмжээнд нэмэгдүүлнэ.

    · Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгийг эрс нэмэгдүүлнэ.

    · Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлж санхүүжүүлнэ.

    · Хөдөө аж ахуйн салбарт олсон амжилтыг бататгаж, цаашид тоо хэмжээнээс чанар ба экспортод чиглэсэн үйлдвэрлэлд шилжих стратегийг хэрэгжүүлнэ. Мал аж ахуйг эдийн засгийн идэвхитэй эргэлтэд оруулах арга хэмжээг бодлого болгоно.

    · Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж, эдийн засгийн бодит салбарын өсөлтийг хангахад илүү үр дүнтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх,  хөдөлмөр эрхлэлтийн сангийн зарцуулалтыг сум, орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглүүлж ажлын байр бий болгоно.

    Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас 2012 онд 566.2 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашиглахаар төлөвлөж байна. Үүнээс 494.0 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд зарцуулах юм.

    Төсвийн хөрөнгө оруулалтын тухай:

    Нэгдсэн төсвийн нийт хөрөнгийн зардал 2012 онд 2,4 их наяд төгрөгт хүрч нэмэгдэх бөгөөд үүнээс улсын төсвөөс нийт 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэ оны батлагдсан дүнтэй харьцуулахад 2.4 дахин өсч, 2000-2007 онд хийгдэж байсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээнээс даруй 2 дахин өсч байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт юм. Ирэх 2012 онд нийт төсвийн хөрөнгө оруулалтын 87.1 хувийг барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл хийхэд, 3.7 хувийг их засварын ажилд, 9.2 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад тус тус зарцуулахаар тооцлоо.

    Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын нэг онцлог гэвэл орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, ялангуяа хүн амын бараг тал хувь нь оршин суугаа нийслэл Улаанбаатар хотын дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэх томоохон арга хэмжээнд чиглэгдэж байгаа явдал юм.

    Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нийт 71.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа.

    Хүний хөгжил сангийн тухай:

    Засгийн газрийн мөрийн хөтөлбөрт стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ зорилтыг 2012 онд бүрэн хэрэгжүүлнэ. Иргэдэд хүртээх 1.5 сая төгрөгийн хувь, хишгээс 500 мянган төгрөгийг бэлнээр олгохоор шийдвэрлэсэн билээ. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвөөс 358.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд ингэснээр энэ зорилт бүрэн хэрэгжинэ.

    Үлдэгдэл нэг сая төгрөгийн хувь, хишгийг нийгмийн бүлгүүдэд дараах байдлаар хүртээхээр Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт тусгалаа. Үүнд:

         – Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 334,2 мянган иргэнд нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр нийт 334,2 тэрбум төгрөг;

         – Нийт 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр нийт 83,6 тэрбум төгрөг;

         – Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум төгрөг;

         – Орон сууц худалдаж авсны урьдчилгаа төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор тус тус төсөвлөлөө. 

    Ийнхүү Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийг хэрэгжүүлснээр ойролцоогоор 600 мянган иргэнд 1.5 сая төгрөг бүрэн олгогдож дуусна.

    Үлдэж буй 2.2 сая иргэнд нэг сая төгрөгийг хүртээхдээ Таван Толгой уул уурхайн төслийн тодорхой хувь дээр Засгийн газрын хөрвөх бонд гарган, хөрөнгө оруулагч нарт арилжиж, Хүний хөгжил сангийн төсөвт эх үүсвэр хуримтлуулна. Хуримтлуулсан эх үүсвэр дээр суурилан бэлэн мөнгө болгон хувиргаж болох сонголт бүхий хувьцааг иргэдэд олгоно. Энэ хувьцаа нь мөнгөн хөрөнгөөр  баталгаажсан байх тул иргэд Засгийн газарт эргүүлэн арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой байх юм.

    Монгол Улсын 2012 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4  их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 740.9 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий 4.1 хувь болохоор байна.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Та бүхнийг Монгол Улсын 2012оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012оны төсвийн тухайхуулийн төслүүдийг хэлэлцэн баталж өгөхийг хүсье.

    Анхаарал тавьсанд баярлалаа

    2011 оны 10дугаар сарын 26