Blog

  • Айлчлалын хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын урилгаар манай улсад айлчилж байгаа ХБНГУ-ын Холбооны Канцлер, эрхэмсэг хатагтай А.Меркелийн айлчлал үргэлжилж байна. Энэ айлчлал ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүний хэмжээнд манай улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой бөгөөд хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг илтгэн харуулсан үйл явдал болж байна гэж хоёр тал үзэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркел нар Монгол Германы харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Уг ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

    Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талаас ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Германы талаас ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт төлөөлөгч Петер Шаллер, тус улсын Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Иохен Хооманн нар, мөн Уурхайн гэрээт олборлогчдын тухай Эрдэнэс Тавантолгой компани, ББМ Оперта групп хоорондын гэрээнд Монголын талаас Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Германы талаас ББМ Оперта группийн Ерөнхийлөгч Вольфган Петерс нар гарын үсэг зурлаа.

    Хамтран ажиллах тухай Эрдэнэс тавантолгой компани, Сийменс компани хоорондын ерөнхий гэрээнд Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Сийменс компанийн Эрчим хүчний үйлдвэрлэл хариуцсан гүйцэтгэх захирал Маркус Таке нар гарын үзэг зурлаа. Улаанбаатар хотод шинээр баригдах суурьшлын бүс дэх усны тогтвортой ашиглалтын болон усны хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний  тухай Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, ХБНГУ-ын ГАУФФ инженеринг компанийн хоорондын хэлэлцээрийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, ГАУФФ инженеринг компанийн Ерөнхийлөгч Увэ Гауфф нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

    Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Линдао Нобелийн шагналтнуудын Зөвлөл, Констанс нуурын эрэх дээрх Линдао Нобелийн шагналтнуудын уулзалтын сан хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол Улсын ШУА, Дюссельдорф хот дахь Герда Хенкелийн сан хоорондын Археологийн салбарын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тохиролцоонд Монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Германы талаас Герда Хенкелийн сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Микел Ханслер нар гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Эрхэмсэг хатагтай Ангела Меркелийг албан ёсоор угтан авлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар 2011 оны 10 дугаар сарын 12-ны орой манай улсад ирсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Эрхэмсэг хатагтай Ангела Меркелийн албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Энэхүү айлчлал нь ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүний хэмжээнд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн бөгөөд манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг илтгэн харуулсан үйл явдал юм. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн хүндэт зочноо өглөө 09 цагт Сүхбаатарын талбайд  угтан авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хүндэт харуулж жагсаж, хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ

    Угтах ёслолын ажиллагаанд Монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт,  УИХ дахь Монгол, Германы парламентын бүлгийн дарга Б.Тэрбишдагва болон бусад албаны төлөөлөгчид байлцлаа. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын  Бундестагийн гишүүн Юрген Коппелин, Михаэль Фукс, Дагмар Энкельманн, Уте Кумпф, болон Төрийн нарийн бичгийн дарга, Холбооны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штефан Зайберт нар байсан юм. Хүндэт төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурснаар албан ёсны хэлэлцээр эхэллээ.

  • “Эх орныхоо хөгжилд- бидний оролцоо” сэдэвт Европ дахь Монголчуудын чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

    Монгол Улсын Засгийн газраас санаачилан хэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээндМонгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монголчуудын анхдугаар чуулга уулзалтыг ХБНГУ-ын Берлин хотноо 2011 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

    Чуулга уулзалтад Монголоос Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Батлан хамгаалахын сайд Л.Болд  тэргүүтэй төр засаг, хувийн хэвшлийн албан ёсны 50 төлөөлөгч болон Европын 17 орноос 150 өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэд сонгон шалгаруулах журмын дагуу уригдан оролцов. Чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас  дараах 4 үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллав. Үүнд:

    1.    Хилийн чанадад суугаа иргэддээ Засгийн газрын бодлого шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, их бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх зорилгоор нэгдсэн хуралдаан зохион байгуулж, салбарын яамд, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон оролцогч иргэд илтгэл тавьж, санал бодлоо солилцов. Нэгдсэн хуралдааныг Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар удирдаж, салбарын яамдын бодлогын уялдаа холбоог хангаж ажиллав.

    2.    Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдийг салбарын яамдын удирдлага болон Монгол дахь ажил олгогчидтой танилцах, холбоо тогтоох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан ба технологи”, “Уул уурхай ба эрчим хүч”, “Дэд бүтэц ба барилга хот байгуулалт” болон “Эрүүл мэнд” гэсэн 4 салбар хуралдаан зохион байгуулж, тухайн салбарын хөгжлийн бодлого чиглэл, боловсон хүчний хэрэгцээ, шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

    Салбар хуралдаануудыг төрийн нарийн бичгийн дарга Н.Гантулга, Н.Хүрэлбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар удирдаж, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдтэйгээ салбарын тулгамдаж буй асуудал, хамтран шийдвэрлэх арга зам, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцож,  зөвлөмж гаргав. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Ганбямба,  МУ-ын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, гадаад бодлогын зөвлөх О.Оч нар оролцож улс орны хөгжлийн чиг хандлага, төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

    3.    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд “Зөгийн үүр-Aжлын байр” сэдэвт ажлын байр зуучлалын нээлттэй өдөрлөг зохион байгуулж 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан боловсон хүчний хэрэгцээ, ажлын байрны талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

    Төрийн байгуулагуудын нийт ажлын байрны эрэлт хэрэгцээ, зарыг Хөдөлмөрийн төв бирж болон Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хувийн хэвшлийн байгууллагуудын төлөв байдал, эрэлт хэрэгцээний талаар Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, түүнчлэн  10 томоохон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ажлын байрны хэрэгцээ шаардлагаа танилцуулав.

    “Зөгийн үүр-ажлын байр” өдөрлөгт төр, хувийн хэвшлийн байгууллагуудаас дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа нийт  600 гаруй нарийн мэргэжил, ур чадвар шаардсан ажлын байрыг санал болгосон бөгөөд оролцогчдоос тухайн ажлын байруудад идэвхитэй бүртгүүлж анкет бөглөж өгсөн байна. Уг өдөрлөгийн үеэр хөдөлмөрийн биржүүд болон оролцогч хувийн хэвшлийн бүх байгууллагууд   үйл ажиллагааныхаа талаар  илтгэл тавьсан бөгөөд чуулга уулзалтын нийт төлөөлөгчдөөс гадна Герман улсад ажиллаж амьдарч буй 50 иргэн ”Зочин” мандатаар оролцож, ажлын байрны  талаарх мэдээлийг авлаа.

    4.    “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хилийн чанадад амьдарч буй иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдлэг дамжуулах, хөрөнгө оруулалтыг татах зэргээр харилцан үр ашигтай хамтран ажиллах, тэдний гаргасан санал санаачлагуудыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийг төр засгийн болон олон нийтийн байгууллагуудад хандан уриалж, МУ-ын Засгийн газар, Ерөнхий сайд, түүний дэргэдэх хилийн чанадад амьдарч буй МУ-ын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөл холбогдох бусад байгууллагуудад хандаж нэгдсэн зөвлөмж гаргалаа.

    Чуулга уулзалтын үеэр Монголоос төр засаг, хувийн хэвшлийн байгууллагуудын албан ёсны бүрэлдэхүүн ХБНГУ-ын Бундестагийг үзэж сонирхон, Бундестагийн Төв Ази, Монголыг хариуцсан гишүүдтэй уулзаж санал бодлоо солилцов.

    Мөн Европын 15 оронд үйл ажиллагаагаа явуулж буй иргэдийн сайн дурын үүсэл санаачлагын байгууллага, Монголчуудын холбоодын тэргүүд, гишүүдтэй уулзалт ярилцлага хийж, МУ-аас ХБНГУ-д суугаа элчин сайд Б.Даваадорж МУ-аас Шведийн вант улсад суугаа элчин сайд Б.Энхмандах нартай уулзаж тухайн оронд ажиллаж амьдарч буй МУ-ын иргэдийн талаар санал бодлоо солилцож ажил хэргийн уулзал хийлээ.    

    ХИЛИЙН ЧАНАДАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗӨВЛӨЛ

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГЫГ  ХЭЛЭЛЦЭВ

    Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэхүү баримт бичиг батлагдсанаар мэдээлэл шуудан харилцаа холбоо, технологийг эрчимтэй хөгжүүлж, мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн хөгжлийг бий болгоход ихээхэн түлхэц болох юм.

    Тус салбар нь нийгэм, эдийн засгийн шинэ харилцаанд хамгийн хурдан, эрсдэл багатайгаар шилжин, шинэчлэгдэж байгаа салбарын нэг юм. 2000 оноос хойших 10 жилийн хугацаанд хөдөө орон нутагт шилэн кабелын сүлжээ байгуулсны дүнд өнөөдөр манай улсын бус аймаг, сумын төв суурингууд газрын болон хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбогдох боломжоор хангагдаад байна. Мөн Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 2002 онд 235 мянга байсан бол өнөөдрийн байдлаар 2 сая 500 мянгад хүрч хөдөлгөөнт холбооны нэвтрэлтийн түвшин 90,3 хувь байгаа нь хөгжиж буй орнуудын болон дэлхийн дундажтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.

    АГНУУРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРМЫГ ДЭМЖЛЭЭ

    Агнуур зохион байгуулалт хийх журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж тогтоол гаргахаар болов. Энэхүү журам батлагдсанаар орон нутагт агнуурын бус нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, зөвхөн эрх бүхий байгууллагаас баталсан агнуурын бус нутагт агналт хийдэг байх, улмаар агнуурын бус нутгийг аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, иргэнд эзэмшүүлснээр ашиглагч нь хамгаалагч байх зарим амьдралд бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэх зэрэг байгаль хамгааллын ач холбогдолтой гэж үзжээ.

    УИХ-Д ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТОВ

    Женев хотноо 2008 онд хуралдсан Дэлхийн шуудан холбооны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурлаар хэлэлцэж баталсан “Дэлхийн шуудан холбооны дүрмийн наймдугаар нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөл батлагдсанаар шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлэх, шинэ техник,технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

    ГАЗРЫН ТОСНЫ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАХААР БОЛОВ

    Дархан-Уул аймагт жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Тогтоолд Засгаас ямар нэгэн санхүүгийн баталгаа гаргахгүй гэдгийг тодорхой тусгахаар боллоо. Энэхүү үйлдвэр нь хоногт 44 мянган баррель буюу жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд жилд 1,7 сая тонн орчим шингэн түлш үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоог гаргасан байна. Мөн үйлдвэрлэсэн бензин шатахуун нь олон улсын хэмжээнд дээд зэрэглэлийн чанарын стандартыг хангасан, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй экологийн давуу талтай юм байна.

    КОНЦЕССЫН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР БОЛОВ

    “Концессын зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д  Улаанбаатарын дулааны 5 дугаар цахилгаан станц болон Дорнодын дулааны  цахилгаан станц  барихтай холбоотойгоор өөрчлөлт оруулахаар боллоо. Ингэснээр Улаанбаатар хотын өсөн  нэмэгдэж байгаа дулааны болон цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор цахилгаан дулааны 5 дугаар шинэ эх үүсвэрийг ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” зарчмаар олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтаар хийх болов. 

    Харин Дорнод аймгийн хувьд 100 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр барих юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд  авто болон төмөр замын дэд бүтэц хөгжсөн,  барилга байгууламж барих нөөц талбайтай, нүүрс болон усны нөөцийн ойрхон байрлалтай,   500 гаруй мэргэшсэн боловсон хүчний нөөцтэй зэрэг нь  уг төслийн томоохон давуу тал болж байна.

    АГААРЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАВДУГААР ЭРХ ЭДЛЭХ АСУУДАЛД АНХААРНА

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр  Монгол улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн дагуу байгуулсан санамж бичгээр тохирсон асуудлаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулга хийлээ. Хуралдаанаас Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн дагуу 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан санамж бичгийн 1 дэх заалтаар тохиролцсон нислэгийн давтамж болон маршрутын хуваарийн талаар тохиролцсон асуудлуудыг дэмжин баталгаажуулах талаар холбогдох шугамаар ХБНГУ-ын талд мэдэгдэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгалаа.

    Европын холбооны гишүүн улсын Засгийн газартай шинээр байгуулах Агаарын харилцааны хэлэлцээр болон байгуулаад байгаа хоёр талын Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу нислэгийг зохицуулах асуудлыг аль болох Монголын талд агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрх эдлэх асуудалд түлхүү анхаарч, ашигтай байх хувилбарыг баримтлан хийж байх нь зүйтэй гэж үзлээ.

    ӨНГӨРСӨН САРД ЗАСГИЙН ГАЗАР 46 УДАА ХУРАЛДЖЭЭ

    2011 оны эхний 9 сард Засгийн газрын хуралдааныг 46 удаа ( үүнээс ээлжит хуралдаан 35, ээлжит бус хуралдаан11) зохион байгуулж, нийт 148 цаг 32 минут хуралдсан байна. Энэ хугацаанд 739 асуудлыг  Засгийн газрын хуралдаанд оруулж, үүнээс 536 асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 203 асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн болно.

    Засгийн газрын хуралдаанаас 56 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 43 асуудлыг Хууль санаачлагчдад уламжлахаар, 12 асуудлыг УИХ-ын байнгын хороотой зөвшилцөхөөр, 5 асуудлыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 23 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлд танилцуулахаар  шийдвэрлэсэн байна.  Мөн 37 асуудлыг хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу дахин хэлэлцэхээр хойшлуулжээ. Мөн хугацаанд Засгийн газрын хуралдаанаас 287 тогтоол, Ерөнхий сайдын захирамж 66-г гаргахаар шийдвэрлэснийг зохих журмын дагуу албажуулсан байна.  

    Товчхон

    • Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Уг хуулийн төсөлд тусгагдсан гол асуудал нь хадгаламжийн даатгалд хамрагдах хадгаламжийн хэмжээ юм. Даатгалын тохиолдол үүсвэл Корпораци даатгагдах хадгаламж эзэмшигчдийн тухайн банкин дахь нийт төгрөг ба валютын хадгаламжийг 20 сая төгрөг хүртэл хэмжээгээр нөхөн төлнө зэрэг  заалтын төсөл оржээ.
  • Монгол улс томоохон арилжааны зээл авах эрхтэй болжээ

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод өнөөдөр Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч  Харухико Курода бараалхлаа. Манай улс Азийн хөгжлийн банктай хамтран ажилласны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм байна. Хамтын ажиллагааны 20 жилийн ойг тэмдлэглэж байгаа энэ өдрүүдэд АХБ-ны Ерөнхийлөгч  манай улсад айлчилж байгаад бэлэгшээж байгаагаа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  илэрхийлээд, Ерөнхийлөгчийн албан тушаалдаа дахин таван жилээр улиран сонгогдсонд нь баяр хүргэлээ.

    АХБ-аас Монгол улсад нийт нэг тэрбум орчим ам.долларын бодит хөрөнгө оруулалтыг хийсэн нь 1991 оноос хойш Монгол улсад үзүүлсэн нийт зээл тусламжийн дөрөвний нэг нь болж байгаа нь АХБ-ыг манай хамгийн том хамтрагч олон улсын байгууллага болохыг илтгэж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэн хэлэв. Түүнчлэн санхүүгийн байгууллагуудын хамгийн нэр хүндтэй  АХБ-тай хамтран ажиллаж байгаа нь Монгол улсын хувьд нэр төрийн хэрэг гэдгийг мөн дурьдлаа.  

    Монгол улсын эдийн засгийн хурдацтай өсөлт, тогтвортой хөгжлийг хангах зорилгоор нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг бусад олон улсын байгууллагын санхүүжилттэй уялдуулан хэрэгжүүлэх бодлогыг барьж, нэн тэргүүнд нефть, нефтийн бүтээгдэхүүний 100 хувийн импортын хараат байдлаас гарах зорилгоор хүрэн нүүрсийг хийжүүлэх том хэмжээний төслийг АХБ-ны энгийн эх үүсвэрийн санхүүжилтээр хэрэгжүүлж хамтран ажиллах саналтай байна гэдгээ мөн уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ.

    Харин ноён Харухико Куродагийн хувьд олон орны хөгжлийн судалгааг харж байсны хувьд Монгол орон сүүлийн 20 жилд макро эдийн засгийн тогтворжилт дээрээ том дэвшил гаргасан цөөхөн орны нэг байж чадлаа гэдгийг дурьдаад, мөн ардчилалыг бэхжүүлж чадсан орны нэг гэдгээ  ч харууллаа гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улсын ДНБ-ний өсөлт нэмэгдэх нь тодорхой байна, бидний судалгаагаар ойрын 10-20  жилд монгол улсын ДНБ өсөлтөө хадгалах төлөв  ч харагдаж байна гэдгийг АХБ-ны Ерөнхийлөгч дурьдаж байлаа. Мөн энэ бол маш чухал үзүүлэлт, цаашдаа өсөлтөндөө тулгуурласан зөв бодлого тууштай явуулбал Монгол улс өндөр хөгжилтэй орон болоход ойрхон байна гэдгийг ч тэрбээр хэллээ.

    Ингэхдээ Уул уурхайгаас гадна бусад салбараа хамтад нь хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой хэмээн зөвлөлөө. АХБ-ны хувьд Монгол Улсын эдийн засгийн  дунд хугацааны болоод урт хугацааны төлөв байдалд санаа зовохгүй  байна  гэдгийг ч  илэрхийлж, сайн дүр зураг харагдаж байгааг тэмдэглэв. Мөн Монгол улсад тогтвортой байдал бий болсон тул Азийн хөгжлийн банк Монгол улсад зээлжих эрхийн статусаа нэмэгдүүлснэээнэ үеэр дуулгалаа.Энэ нь Монгол Улс өмнө  нь зөвхөн буцалтгүй тусламж, зээл авдаг байсан бол статус нэмэгдсэнээр томоохон хэмжээний арилжааны зээл авах эрх нээгдэж байна гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл Азийн хөгжлийн банкны ердийн томоохон харилцагчдын нэг нь Монгол Улс болж байгаа ажээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол Улс түүхэндээ дээд амжилт тогтоосон ургац авлаа

    Энэ онд улсын хэмжээнд 433,4 мянган тн үр тариа, 191,5 мянган тн төмс, 97,2 мянган тн хүнсний ногоо хураасан нь манай улсын түүхэнд байгаагүй рекорд амжилт боллоо. Энэ нь Монгол Улсын Засгийн газар газар тариалангийн салбараа бодлогоор дэмжиж ажилласны үр дүн юм гэж ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хэлээд “Ерөнхий сайд танд болон Засгийн газартаа нийт тариаланчдынхаа өмнөөс талархаж байна” гэлээ.

    Ажлын амжилт, үр дүнгийн талаар таатай сайхан мэдээлэл хүлээн авсан Засгийн газрын тэргүүн С.Батболд, газар тариалангийн салбарынхан маань онцгой амжилт гаргалаа. Тариаланчид, ногоочид, механикжуулагчид болон ургацын ажлыг зохион байгуулсан салбарын төдийгүй орон нутгийн удирдлагуудад Монгол Улсын Засгийн газар, нийт ард иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийллээ.

    Эх орныхоо хөрсөнд ургасан үр тариа, төмс хүнсний ногоо, чанартай гурил, органик бүтээгдэхүүнээр ард иргэдийнхээ хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадна гэдэг хамгийн чухал. Энэ бол манай улсын аюулгүй байдлын төдийгүй хөгжлийн баталгаа юм гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэллээ. Хүнсний хангамж гэдэг дэлхий нийтийн асуудал болоод байгаа ийм үед  Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй үр тариа, хүнсний ногоо, гурил экспортлогч орон болох зорилт тавьж ажиллах учиртайг Ерөнхий сайд тодотгоод манай улс дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнд уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хос морьтой “давхих нь” манай улсын хөгжлийн нэг багана, тэнхлэг юм гэдгийг онцоллоо.

    Авсан зорилтоо бид энэ жил ажил хэрэг болгож чадлаа. Одоо ард иргэдийнхээ хүнсний хэрэглээнд эдгээр бүтээгдэхүүнээ жилийн дөрвөн улирлын туршид чанартай хүргэхийн төлөө гол анхаарлаа хандуулахад аж ахуйн нэгжүүд анхаарах учиртай. Тээвэрлэх, худалдах, борлуулалтын ажилд Засгийн газар эрх зүйн бөгөөд зохион байгуулалтын хувьд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Ард иргэдээ чанартай бүтээгдэхүүнээр тогтмол, тогтвортой үнээр хангаж чадаж байж энэ амжилтын үр дүн гарах учиртай гэдгийг анхааруулсан юм.

    Хэд хэдэн аймаг онцгой амжилт гаргасныг Ерөнхий сайд дурдаад Сэлэнгэ аймаг 214 мянган тн үр тариа хурааж авсан нь манай улсын нийт ургацын тал хувьтай тэнцэнэ. Төв аймаг энэ жил түүхэндээ байгаагүй их ургац авсан. Булган аймаг үр тарианыхаа тоо хэмжээг эрс нэмэгдүүллээ гэж хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ зориуд тэмдэглэлээ.

    Ерөнхий сайд өнгөрсөн хавар тариалалтын ажилтай Төв аймагт, харин өнгөрсөн сард ургац хураалтын ажилтай танилцаж Сэлэнгэ, Төв аймагт ажилласан юм. Тэрбээр энэ тухайгаа тэмдэглээд манай тариаланчид хичээл зүтгэлтэй ажилласны үр дүн гарлаа. Энэ намар ургацаа богино хугацаанд шуурхай хурааж, ажлаа сайн зохион байгуулж, өгсөн үүрэг даалгавар, өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүсэнд нь талархаж байлаа.

    Мөн тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлсэн “Атрын 3” аяны хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлыг зохион байгуулалт сайтай хэрэгжүүлсэн, хамтын бүтээлч ажлын үр дүнд ийм амжилтад хүрснийг тодотгоод хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • АНХНЫ ТАВАН ЯАМ НЭЭЛТТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

    Монгол Улсын түүхэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал онцгой байр суурь эзэлдэг. Энэхүү хувьсгалын үр дүнд Монгол Улсын тусгаар тогтнол дахин сэргэж, VIII Богд Жибзундамба хутагтыг тус улсын хаанд өргөмжлөн, анхны таван  яам байгуулагдсан түүхтэй. Энэ онд дээрх яамдын үргэлжлэл болон ажиллаж байгаа эдүгээгийн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх алба, (Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам) Дипломат алба, (Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч  яам) Санхүү, эдийн засгийн алба, (Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам)  Хууль зүй, дотоод хэргийн алба, (Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам) Батлан хамгаалах алба (Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам) үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.

    Энэхүү түүхт ойн хүрээнд өнөөдөр тэд “Анхны таван яам – 100” сэдэвт нээлттэй өдөрлөгөө зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү өдөрлөгт оролцож хэлсэн үгэндээ 2007 оноос эхлэн манай төв, орон нутгийн төрийн байгууллагууд иргэддээ үйлчлэх, тэдний санал бодлыг сонсох нээлттэй өдөр зохиох ажил аль хэдий нь хэвшил болжээ. Ард иргэдийнхээ санал бодлыг сонсч, тэдэнд төрийн төрөл бүрийн үйлчилгээг газар дээрээс үзүүлж, урлаг, спортын тоглолт, түүхэн замнал, өнөөгийн үйл ажиллагаагаа сурталчилсан ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

    Мөн тэрээр иргэдийг энэхүү нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцох, төрийн албан хаагчдыг олон нийтэд чанартай үйлчилгээ хүргэж, тэдний санал хүсэлтийг хүлээн авахыг  уриалж байгаагаа хэллээ. Монгол Улсын орчин цагийн төрийн захиргааны төв байгууллагын эх суурь нь болсон энэхүү таван яамд эх орныхоо хөгжил дэвшлийг чанарын шинэ шатанд гарган ард олны сайн сайхан аж амьдралын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж өнөөгийн өндөрлөгт хүргэж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар энэ үеэр хэлээд анхны таван яамдын хамт олон 100 жилийн ойгоо угтан байгууллагынхаа түүхэн замнал, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлаа шинэ шатанд гаргах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ойн нэрэмжит спорт, урлагийн олон төрлийн  ажил зохиох зэрэг томоохон зорилт дэвшүүлж идэвхи, санаачлага гарган ажиллаж байна гэлээ.   

    “Анхны таван яам-100” сэдэвт нээлттэй өдөрлөгийн үеэр дээрх таван яам нийслэлийн иргэд, олон нийтэд үйл ажиллагаа сурталчлах, төрийн зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт болон бусад асуудлаар иргэдээс санал асуулга авахаас гадна Монгол Улсын Хүний хөгжил сангаас олгох оюутны сургалтын төлбөр, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг хаана хэнд хандаж хэрхэн авах зэрэг зөвлөгөө мэдээллийг өгч байна.

  • ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД “АНХНЫ ТАВАН ЯАМ-100” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ ХЭЛСЭН ҮГ

    Эрхэм хүндэт нийслэлчүүд, ард иргэд ээ!

    Өдөрлөг зохион байгуулж байгаа Төрийн албан хаагчд аа !

    Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая.

    Монголчууд бид Төв Азид нүүдэлчдийн анхны эзэнт улсыг байгуулан хүн төрөлхтний түүхийн олон үйл явдалд оройлон оролцож байсан бөгөөд улмаар хүмүүний ертөнцөд  Их улс, Эзэнт гүрнийг бий болгож, дэлхийд  нэр алдраа түгээн гайхамшигтай ололт амжилт олж,  хоёр зууныг өөрсдийн монгол гэсэн нэрээр овоглуулж чадсан бахархам үйлстэй, ховорхон хувь ерөөлтэй,тэнгэр заяатай нүүдэлчин ард түмэн билээ.

    XIII зуунд Чингис хаан бүх эсгий туургатнаа нэгтгэн Их Монгол Улсаа байгуулж, монгол хүний эр зориг, тэсвэр тэвчээр, хатуужил, алсын хараа, холын бодлого, уужим ухаан, ид хавын гайхамшгийг дэлхийн хүн ардад тод томруун харуулж чадсанаараа мянган жилийн түүхэн хүн, дэлхийн шилдэг удирдагчийн нэг болж чадсан билээ.

    Гэвч Та бид буурал түүхийнхээ турш дандаа өөдлөн мандан бадарч явсангүй. Харин алдаж оносон, сургамж, сэрэмж агуулсан намтар түүх бидэнд бас бий. Тухайн цагтаа их улсуудыг байгуулж, дэлхийг эзэгнэж байсан монголчууд өвөр зуураа эе эв алдарч, бутран сарниж, харь гүрний эрхшээлд хоёр зууныг өнгөрөөсөн болов ч  түүхээс устаж, бас бусдад уусаж үгүй болсонгүй. Их эзэнт улсын задралаас хойш хагас мянга гаруй жилийн хүнд бэрх, гачигдал зовлонг хангалттай амсч, түүнийгдаван туулсаар ХХ зууны эхээр түүхийн тавцнаа дахин гарч ирсэн түүхтэй.

    ХХ зуунд Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих чухалүйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгалын бодит хөрс болсон гэж үздэг.

    Түүх сөхөж үзвэл 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргажээ.

    Ингэж Монгол улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхт үйл явдлыг дурсаж, “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 399 дүгээр зарлиг гарч уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн юм. Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн хугацаанд Засгийн газар багагүй ажлуудыг зохион байгуулав.

    Тухайлбал, Засгийн газрын 180 дугаар тогтоолоор байгуулагдсан “Үндэсний хороо” нь Үндэсний эрх чөлөөний хувьсгал хийгээд Монгол Улсын шинэ үеийн Төрийн албаны түүхэнд холбогдох сурталчилгааг эрчимтэй явуулах, түүхийн дурсгал, соёлын өвийг сэргээн засварлах,ном, зохиолтуурвих,  бодит баримтад тулгуурлан телевизийн цуврал нэвтрүүлэг явуулах, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, симпозиум зохион байгуулах, шуудангийн марк гаргах, анхдагч хэргийг бүтээсэн түүхэн хүмүүсийн намтар түүхийг дахин судалж, тэдний гавъяа зүтгэлийг түүхэнд бодитойгоор үнэлэх зэрэг олон бүтээлч ажилд анхаарлаа хандуулж байгаа дурдъя.

    Өнөөдөр Монгол төрийн анхны таван яам Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч  яам, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамдын үргэлжлэл болох ардчилсан Монгол Улсын ЗГХЭГ, ГХЯ, БХЯ, СЯ, ХЗДХЯ-дын 100 жилийн ой тохиож, “Анхны таван яам – 100” сэдэвт нээлттэй өдөрлөгт Ерөнхий сайдын хувьд уригдан оролцож байгаадаа баяртай байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу 2007 оноос эхлэн манай төв, орон нутгийн төрийн байгууллагууд иргэдэдээ үйлчлэх, тэдний санал бодлыг сонсох нээлттэй өдөр зохиох ажил хэвшил болж байна. Өнгөрсөн 7 хоногт миний бие энэ талбай дээр НХХЯ, түүний системийн байгууллагаас зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт оролцож, ард иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Өдөрлөгийн үеэр олон хүн нийгмийн халамжийн төрөл бүрийн үйлчилгээнд хамрагдаж, мэдлэг, мэдээлэл авч, ажлын байр, цалин, тэтгэвэр тэтгэмж болон бусад олон асуудлаар илэн далангүй санал бодлоо илэрхийлсэн.

    Энэ удаагийн Монгол төрийн анхны таван яам 100 жилийн ойн хүрээнд хамтарч хийж байгаа нээлттэй өдөрлөг ч ард иргэдийнхээ санал бодлыг сонсч, тэдэнд төрийн төрөл бүрийн үйлчилгээг газар дээрээс үзүүлж, урлаг, спортын тоглолт, түүхэн замнал, өнөөгийн үйл ажиллагаагаа сурталчилсан ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Ард иргэдийг  энэхүү нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцох, төрийн албан хаагчдыг олон нийтэд чанартай үйлчилгээ хүргэж, тэдний санал хүсэлтийг хүлээн авахыг  уриалж байна.

    Төр, ард түмний холбоо улам батжих болтугай.

    Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

    2011 оны 10 дугаар сарын 10

  • Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг эхлүүллээ

    – Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын УИХ-ын нэгдсэн чуулганд Засгийн газраас хийж буй ажлын талаар хийсэн мэдээлэл –

    УИХ-ын дарга аа,

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, үлдэж буй хугацаанд хийх томоохон ажил, тулгамдсан зорилтын талаар байр сууриа илэрхийлье. Хамтарсан Засгийн газар дөрөв дэх жилтэйгээ золгоход цөөн сар үлдэж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийнхээ үр дүнг нэгтгэн УИХ-д болон ард иргэддээ мэдээлж, ойрын үед улс орны өмнө тулгарах сорилтуудын талаар илэн далангүй ярилцах нь цаашдын ажил хэрэгт өгөөжтэй гэж үзэж байна.

    Эрхэм гишүүд ээ,

    УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрх ашгийн тулд хамтарсан Засгийн газрыг байгуулсан билээ. УИХ, Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цаг үе нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай давхцсан нь бидэнд давхар сорилтыг тулгасан юм. УИХ-ын дэмжлэгтэйгээр санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээг яаралтай авч Олон улсын валютын сантай тохиролцож “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2008-2009 онуудад хямралыг даван туулсан.

    Ингэснээр 2010 оноос уул уурхай болон дэд бүтцийн томоохон төслүүдийг нэн даруй эхлүүлж, ХХI зууны хөгжлийн шинэ суурийг тавих, үсрэнгүй хөгжлийн хөдөлгүүрийг асаах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд хөтөлбөрийн гол үндсэн зорилтууд хэрэгжиж байна. Үүнийг гэрчлэх цөөн тоог дурдъя. Хямралын үед хасах 1.6хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 6 орчим хувьд хүрсэн. Харин энэ оны эцсээр 20 хувьд хүрэх төлөвтэй байна.

    Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн одоо 3000 орчим долларт хүрээд байна. Эдийн засгийн өсөлт тогтвортой байвал 2012 оны эцэст хөтөлбөрт дэвшүүлсэн 5000 долларт хүрэх бололцоо бүрдэнэ. Сүүлийн гурван жилд нэгдсэн төсвийн орлого 88,6 хувь, нэгдсэн төсвийн зарлага 72,9 хувьд хүрлээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалт тогтмол 28,6 хувиар өсч, нэгдсэн төсвийн алдагдал 42.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 50.3 хувиар, үүнээс гаалийн татварын орлого 1.6 дахин өсч 1 их наяд 23 тэрбум 312 сая төгрөгт хүрлээ.

    Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”-ийн үйл ажиллагааг удирдах Удирдлагын багийг сонгон шалгаруулж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулан энэ оны 7 дугаар сараас ажлаа эхлээд байна. 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж 60 мянган шинэ ажлын байр бий болгох зорилтын биелэлт 90 хувьтай байна. Оны эхний 3 улирлын байдлаар 54.7 мянган ажлын шинэ байр бий боллоо. Дэлхийн банкны судалгаагаар хоёрдугаар улиралд Монгол Улсын хөдөлмөрийн чадвартай  иргэдийн дунд нийт ажилгүйчүүдийн эзлэх хувь 8.7 хувь хүртэл буурсан. Ажилгүйчүүдийн хувь хэмжээ нэг оронтой тоонд орсон нь манай өнгөрсөн олон жилүүдийн үзүүлэлт, бусад орнуудын үзүүлэлттэй харьцуулахад чамлахааргүй амжилт юм.   

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тогтмол явуулдаг судалгааны дүнгээр    Монгол Улс дэлхийд хүний хөгжлийн индексээрээ дундаж үзүүлэлттэй орны тоонд нэгэнт багтжээ. 5 жилийн өмнө хүний хөгжлөөрөө дэлхийн болон номхон далай, зүүн азийн бүс нутгийн орнуудын дундаж индексээс доогуур явсан манай улс дэлхийн дундажтай адил түвшинд хүрлээ. Ялангуяа сүүлийн 3 жилд Монгол Улсын хүний хөгжлийн үзүүлэлт урьд өмнө байгаагүй эрчимтэй өслөө.

    Хүний хөгжлийн үндсэн үзүүлэлт нь эдийн засгийн орлогоос гадна эрүүл мэнд, боловсролын салбарын үзүүлэлт байдаг. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсний үр дүнд 2008-2011 онд улсын хэмжээнд эмнэлэг, эрүүл мэндийг дэмжих 27 төвийг шинээр барилаа. Хөдөө орон нутагт 31 сумын эмнэлэг ашиглалтад орж, 23 сумын эмнэлэг баригдаж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад олгох санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлсэн нь урьд өмнө нь хийгдэж байгаагүй бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт боллоо.

    Бүх иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөлийг бүрдүүллээ. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг даатгуулахад зориулж “Хүний хөгжил сан”-гаас 9.3 тэрбум төгрөг зарцуулсан. Даатгалтай иргэн оношлогоо, шинжилгээ, эмчилгээ сувилгаа хийлгэхэд даатгалын сангаас нэг сая төгрөг хүртэл санхүүжилт авах боломжийг хуульчилж өглөө.

    Боловсролын салбарт бүтцийн томоохон ахиц дэвшил гарч байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртэй уялдуулан шинэчлэн боловсруулах, шинэчилсэн стандарт, хөтөлбөрийг туршиж эхэлсэн. Боловсролын салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэхэд багш нар гол үүрэг гүйцэтгэх учиртай. Тиймээс багш нарыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, багш бэлтгэх сургуулийн сургалтын агуулга, хөтөлбөрийг өөрчлөн шинэчлэх, чанаржуулах цогц арга хэмжээг авч байна.

    Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэх шийдвэр гаргаж, нийт их, дээд сургуулийн тоог бууруулах, чанарыг нэмэгдүүлэх арга хэмжээний дүнд өнөөдөр их, дээд сургуулийн тоо 42 оос 14 хүртэл цөөрсөн. Өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургуулийн оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас 500.000 төгрөгийн тэтгэлэг олгож эхэлсэн. Энэ хичээлийн жилд өдөр, орой, эчнээ ангид суралцаж буй 170.000 гаруй оюутанд тэтгэлэгийг олгохоор боллоо. Ирэх оноос эхлэн оюутан бүрт сар тутам 70.000 төгрөг олгохоор УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэх болно.    

    Засгийн газрын хөтөлбөрт туссан нийгмийн салбарын зорилгууд, нэн түрүүнд иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх зорилтоо биелүүлэхээр ажиллаж байна. 2010 оноос “Хүний хөгжил сан”-гаас үе шаттайгаар хишиг, хувь олгож эхэлсэн. 2011 оны 8 дугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын иргэн бүрт 120,000 төгрөгийг бэлнээр,  мөн сар бүрийн 21,000 төгрөгийг олгоход нийтдээ 475,8 тэрбум төгрөг зарцууллаа. Хишиг, хувиасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт зориулж 2,3 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын хэлтсүүдэд, 66,4 тэрбум төгрөгийг сургалтын төрийн санд шилжүүлээд байна. Ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зориулалтаар хишиг хувийг нэг удаа бөөнөөр авах хүсэлт гаргасан 9053 иргэнд 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо.

    Төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлж, хязгаарлагдмал хэрэглээтэй гэж тодорхойлогдсон өрхийн насанд хүрсэн гишүүн бүрт сар болгон 10 мянга, хүүхдэд 5 мянган төгрөгийн үнийн дүн бүхий хүнсний талоныг 2011 оноос эхлэн олгох замаар ард иргэдээ хүнсний үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээ авч байна.

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

    Дээр дурдсан ахиц дэвшил нь Монгол төрийн бүх институциуд өнгөрсөн хугацаанд эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг эхлүүлэхийн төлөө эрч хүчтэй, ухарч хазайхгүйгээр хамтран ажилласны үр дүн юм. Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, барилга, санхүү, үйлчилгээ бүх салбарт мэдэгдэхүйц өсөлт, ахиц дэвшил гарсны ачаар эдийн засаг тэлж, ажилгүйдэл буурч, иргэдийн болон төсвийн орлого ашиг нэмэгдэж байгаа нь бодитоор мэдрэгдэж байна.

    Эдийн засгийн өсөлтийг хангаж, нийгмийн салбарын зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа нь стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн, төмөр зам, авто зам, шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийг баталж эхлүүлсний үр дүн гэдгийг онцлон хэлье. Үүний эхнийх нь Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, төслийг хэрэгжүүлж эхэлсэн явдал мөн. Одоо уг төслийн бүтээн байгуулалтын ажил 50 хувьдаа хүрээд байгаа нь сайн мэдээний нэг билээ.

    Оюутолгой төслийн барилга, бүтээн байгуулалтад шууд болон гэрээт хэлбэрээр нийтдээ 11,000 гаруй монголчууд өнөөдрийн байдлаар оролцож байгаа бөгөөд энэ оны сүүлч гэхэд ил уурхайд 600 орчим хүн ажлын байртай болохоор байна.Төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжин үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа эхлэх үед нийт ажилчдын 90 гаруй хувь буюу 3500 гаруй монголчууд байнгын ажлын байраар хангагдах болно. Оюутолгой төслийн хүрээнд ажил үйлчилгээ гүйцэтгэж, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Монгол Улсад бүртгэлтэй нийт 2500 гаруй аж ахуйн нэгжүүд төслийн үйл ажиллагаанд оролцож байна. Зөвхөн энэ онд гэхэд 240 гаруй сая ам.долларын ажил, үйлчилгээг гүйцэтгэхээр байна. Оюутолгой төслөөс Монголын талын олох нийт 29.1 тэрбум ам.долларын 19.2 тэрбум ам.долларын орлого нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх татварын орлогоос бүрдэнэ. Оюутолгойн төслийн нийт ашгийн 59 хувийг татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг хэлбэрээр Монгол Улс авна.  

    Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдснаар зэс, алтны энэхүү арвин нөөцийг ашиглаж Монгол Улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийн шинэ шатанд гарсан билээ. Олон улсын хэмжээнд ч Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэрээ болсныг үгүйсгэх аргагүй юм. Цаашид энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр удахгүй дэлхийн санхүү, эдийн засагт нүүрлэж болзошгүй байгаа санхүүгийн хямралыг ч Монгол Улс эрсдэл багатайгаар даван туулах боломжтой юм.

    Оюутолгойн төслийн гэрээнүүд, үйл ажиллагаа нь бүх талаараа өө сэвгүй сайхан болсон гэж хэлэхгүй. Үүнийг ч Засгийн газар ойлгож байгаа. Энэ оны 6 дугаар сард Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл болох Эрдэнэс МГЛ-д санхүүгийн ихээхэн ашигтай зүйл заалтыг харилцан тохиролцсон. Тус төслийг удирдан авч явж буй Рио Тинто компани аливаа нэг төрийн өмчийн этгээдэд хувиа зарах шилжүүлэх тохиолдолд Монгол Улсаас бичгээр зөвшөөрөл авах гэрээг ч бас харилцан тохирсон.

    Хөрөнгө оруулалтын гэрээний зарим зүйлд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолд дурдсаны дагуу өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийх байр сууриа Засгийн газар 9 сарын 23-нд илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар хоёр талаас санал солилцож, хамтарсан мэдэгдэл өчигдөр гаргалаа. Мэдэгдэлд “Хөрөнгө оруулалтын гэрээний 15.30-д “Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасан. Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний энэхүү зүйлд заасан эрхийн дагуу холбогдох өөрчлөлт оруулахаар санал солилцох байр сууриа илэрхийлсэн гэж Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас илэрхийлсэн байр суурийг Айвенхоу Майнз, Рио Тинто компани хүндэтгэн үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг үргэлжлүүлэн дэмжиж байгааг талархан тэмдэглэж байна” гэж тэмдэглэсэн болно.

    Монгол Улс цаашид Оюутолгой төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэж Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гишүүд нэгдмэл байр суурьтайгаар үзсэн. Ойрын хугацаанд Засгийн газраас Оюутолгой ХХК нь Монголын ханган нийлүүлэгчдийг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэн бизнесийг хөгжүүлэх санаачилгуудад үргэлжлүүлэн хөрөнгө оруулах талаар тодорхой ахиц дэвшил гаргахыг бид шахаж ажиллана. Дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулна хэмээн гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэх ажлыг шуурхайлж, Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах чиглэлийг тууштай баримтална. Үүний зэрэгцээ Монгол Улсын иргэдийн оролцоог 90 хувиар хангах, удирдах албан тушаалд дэвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлыг эрчимжүүлэх талаар хамтарч ажиллана.

    Засгийн газраас онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа бас нэг төсөл нь Тавантолгойн нүүрсний орд юм.

    УИХ-аас Тавантолгойн орд газрыг ашиглалтад оруулах хоёр тогтоол баталж, удирдамж өгсөн. Үүний дагуу уг орд газарт төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани олборлолтоо эхэлж, төсөв, Хүний хөгжлийн санд 116 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Энэ ондоо багтаан 1 сая тонн, ирэх онд 3-4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэнд эзэмшүүлэх ажлыг 2011 оны 3 дугаар сард хэрэгжүүлж, иргэн бүр 536 ширхэг хувьцааны эзэн болж,гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлдхувьцааг арилжихбэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

    УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд хөрөнгө оруулагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, нэгдсэн консорциумтай хэлэлцээ хийж, дамжин өнгөрөх тээвэр, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, урьдчилгаа төлбөр зэрэг асуудлыг тохиролцох үүрэг өгсний дагуу ажиллаж байна. Цанхийн баруун хэсгийн талбайд гадаадын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах хэлэлцээр хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулан санал зөвлөмжийг авсан. Яриа хэлэлцээ үргэлжлэн явагдаж байна.

    Уул уурхайн шинэ шинэ орд ашиглалтад орж, энэ салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдэж байна. 2009 онд 14 уурхай, 2010 онд 12 уурхай, 2011 оны 9 сарын байдлаар 19 уурхай ашиглалтад орлоо. Эдгээр уурхайд 8700ажлын байр шинээр бий болж, уул уурхайнсалбарт нийт 50 орчим мянган хүн ажиллаж байна. Хувиараа ашигт малтмал олборлогчдын эрх зүйн орчныг бүрдүүлж, тэдгээрийг хуулийн хүрээнд ажиллаж амьдрах, улсад татвар хураамж төлж нийгмийн халамжид хамрагдах нөхцөл бололцоог бүрдүүллээ.

    Нүүрсний экспорт 2008 онд 3,9 сая тонн, 2009 онд 7,5 сая тонн, 2010 онд 15 сая тоннд хүрсэн бол 2011 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 24 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа нь 2008 оны түвшинээс 6 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2005 онд 5913 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 44,5 хувийг хамарч байсан бол үүнийг цэгцэлж 2011 оны 9 дүгээр сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл 1207, хайгуулын тусгай зөвшөөрөл 2701 нийт 3908 болж, нийт нутгийн 15,3 хувийг хамарч буурсан байна.

    Хамтарсан Засгийн газар хүн амын орон сууцны хангамжийн асуудлын талаар багагүй ажлыг амжуулж “100.000 орон сууц хөтөлбөр”-ийг эхлүүлэхээр боллоо. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард иргэдийн худалдан авалтын нөхцөл байдалд тохируулахын тулд орон сууц хөтөлбөрийн зээлийн хүүг 0.6 хувиас хэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Ингэснээр барилгын үйлдвэрлэлийн салбарын хөгжил эрчимжинэ гэж үзэж байна. 

    2011 онд Говь-Алтай аймгийн нийт 18 сум, 2 тосгон, Завхан аймгийн 24 сумаас 21 сум  найдвартай эрчим хүчээр хангагдах ажил дууслаа.

    Зам тээврийн салбарт “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д эхний үе шатанд шинээр барихаар заасан Даланзадгад-Таван толгой–Цагаан суварга, Сайншанд–Баруун-Урт–Хөөт–Чойбалсан чиглэлийн  1100 км орчим төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид олгосны дагуу хөрс хуулалтын ажил эхэллээ.

    Агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд Бойнг 767-300 нэг, Бойнг-737-800 хоёрыг авахаар төлөвлөж, “МИАТ” ХК, Бойнг компанийн хооронд худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Төрөөс иргэний нисэхийн талаар баримтлах бодлогын төслийг ойрын үед Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхболно.

    Улсын төсвийн болон дотоодын хөрөнгө оруулалтаар 2008 онд 151 км хатуу хучилттай зам, 46 км хайрган хучилттай зам, 114 уртааш метр төмөр бетон гүүр, 2009 онд 120 км хатуу хучилттай зам, 40 км хайрган хучилттай зам, 498 уртааш метр төмөр бетон гүүр, 2010 онд 420 км хатуу хучилттай зам, 76 км хайрган хучилттай зам, 647 уртааш метр төмөр бетон гүүр барьж хүлээн авч ашиглаж байна. Харин 2011 онд 211 уртааш метр төмөр бетон гүүр барьж ашиглалтад орууллаа.

    Улсын хэмжээнд 2008 онд 5575 айлын орон сууц ашиглалтад орж байсан бол, 2009 онд 8314 айлын орон сууц, 2010 онд 11856 айлын орон сууц, 2011 оны эхний хагас жилийн байдлаар 6040 айлын орон сууц ашиглалтад оруулаад байна. Барилгын материалын 11 төрлийн 29 үйлдвэр шинээр ашиглалтанд орсоноор дулаан тусгаарлах ханын материалыг 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой боллоо.

    Хүнд аж үйлдвэр, бүтээн босголтын томоохон ажлын зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийн асуудал ч бидний анхаарлын төвд байсаар ирлээ. 2011 онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлсэн. Сум хөгжүүлэх санд 24 тэрбум, нийслэлийн дүүргүүдэд 30 тэрбум төгрөг хуваарилсны үр шим гарч олон жижиг үйлдвэрлэл, өрхийн ажил амьжиргааг тэтгэх боллоо.

    Үйлдвэржүүлэлт, их бүтээн байгуулалт, уул уурхайн салбарын хөгжлийн зэрэгцээ үндэсний эдийн засгийн голлох салбар мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэлд Засгийн газар анхаарал тавьсаар ирлээ. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийн үйлдвэрлэлийн зэрэгцээ газар тариалан, мал аж ахуйн салбараа эрчимтэй хөгжүүлж орчин үеийн эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах бодлогыг баримталж байна.   

    Газар тариалангийн салбараа хөгжүүлэх, сэргээх зорилгоор “Атрын III аян”-ыг эхлүүлсний үр дүнд тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өслөө. Буудайнд анх удаа мөнгөн урамшуулал олгох эрх зүйн үндсийг бүрдүүлснээр өнгөрсөн хугацаанд тариаланчдад 36.4 тэрбум төгрөгийн  урамшуулал олголоо. Хэрэгцээт үрээ 100 хувь дотоодоосоо хангах боломжийг бүрдүүлснээс гадна энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 427.0 мянган тонн үр тариа, үүнээс 419.1 мянган тонн буудай, 174.3 мянган тонн төмс, 90.5 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар байна. Ингэснээр жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломж боллоо. Ийнхүү газар тариалангийн салбар маань амжилт, ургац арвинтай байна. Цаашид ч энэ салбарын хөгжил бүрэн хангагдаж, хүнсний аюулгүй үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх бодлогыг эрчимжүүлэх болно.

    Мал аж ахуйн салбарын хөгжилд ч ихээхэн анхаарч “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлан гаргасан. Үр дүнд нь тус салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг энэ оноос хоёрдахин нэмэгдүүллээ. Энэ жил малчдынхаа хөдөлмөрийн үр дүнд улсын хэмжээнд хамгийн олон төл хүлээн авлаа. Ирэх жил мал аж ахуйн бодлогыг эрчимжүүлснээр монгол улс түүхэндээ байгаагүй хамгийн олон малтай болох боломж нөхцөл бүрдүүллээ.

    Энэ зорилтод хүрэхийн тулд 2011 оноос эхлэн гурван жилийн хугацаанд бүх мал сүргийг төрийн зардлаар вакцинжуулалт, туулга, угаалганд бүрэн хамруулахаар арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүллээ. Ингэснээр мал сүргээ өвчлөлөөс сэргийлэх, монгол малын махыг гадаад зах зээлд гаргах, малчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тоймлон дурдахад ийм байна. Эдгээр ажлууд нь Ерөнхийлөгч, УИХ, хамтарсан Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүн билээ. Цаашид бидэнд хийж хэрэгжүүлэх, мөрийн хөтөлбөрийн дутуу заалтуудыг гүйцээх, ард түмнийхээ өмнө амласнаа ажил хэрэг болгох асуудал чухал зорилт хэвээр байна. Эдгээрийг бид улс эх орны нийтлэг эрх ашиг, ард түмний итгэл хүлээлт, хамтын ажиллагаа, бие биесээ харилцан хүндэтгэх хандлагад тулгуурлан хийж хэрэгжүүлнэ. Бидэнд эхэлснээ дуусгах, амалснаа ажил хэрэг болгох цаг хугацаа харьцангуй бага үлдлээ.

    Сүүлийн үед дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, одоо бүр хүнд сорилтын өмнө ирээд байна. Шинэ хямрал, шинэ бэрхшээл тулгарч болзошгүй тухай эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс мэдэгдэж байна. Европын зарим орноос эхэлсэн санхүүгийн хямрал өргөжиж, дэлхийн томоохон эдийн засгуудын өсөлт удаашрах магадлал улам нэмэгдэж байгааг Олон Улсын Валютын Сангийн албан тушаалтнууд энэ долоо хоногт албан ёсоор мэдэгдлээ. Энэ удаагийн хямрал бүр урт хугацаатай байж болох тухай ч зарим эдийн засагчид, эрдэмтэд онцолж байна.

    Ийм эгзэгтэй үед Монгол Улс дахин тулгарч буй давхар сорилтыг яаж давах вэ? Дөнгөж эхлээд байгаа үсрэнгүй хөгжлөө хэрхэн хадгалахын зэрэгцээ хүний хөгжлийн үзүүлэлтээрээ ойрын 10 жилд хэрхэн өндөр үзүүлэлттэй орны жагсаалтад багтах вэ? зэрэг томоохон сорилт, зорилт бидний өмнө чухлаар тавигдаж байна. Эдийн засгийн өсөлтийн үр дүнд бий болох хөрөнгө оруулалт, шинэ ажлын байр нь ядуурлыг бууруулах үндсэн түлхүүр юм. Эдийн засгийн тааламжтай хийгээд өрсөлдөх чадвартай орчинтой байж хөрөнгө ордог, хөрөнгө орж байж сая эдийн засаг өсдөг, эдийн засаг өсч байж шинэ ажлын байрууд бий болдог, ажлын байр бий болж байж ядуурал буурдаг гинжин урвалтай гэдгийг бүгд хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Үүнийг тасалдуулбал эдийн засаг тэр чигтээ гажна.

    Дан ганц төсвийн хөрөнгө оруулалтаар хол явахгүй, төр өөрөө эдийн засгийн өсөлтөөс татвараар цуглуулж буй орлогыг төсвийн хөрөнгө оруулалт болгон зарцуулдаг. Төсвийн хуримтлал угаасаа хязгаарлагдмал шинж чанартай, зээлжих боломж ч бас өөрийн гэсэн төгсгөлтэй байдаг гэдгийг бидэнд Европын тэр дундаа Грекийн жишээ тод харуулж байна.

    Тийм учраас эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, үсрэнгүй хөгжлийн замаасаа ухрахгүй байх ганц арга бол өөрийн давуу талыг ашигласан хөрөнгө оруулалт, бүтээмжийг урамшуулсан  өрсөлдөх чадвартай, тогтвортой өсөлттэй эдийн засаг юм. Энэ үзэл баримтлалаа бид хатуу баримталж чадвал давхар сорилтыг даван туулнаа. Бодлогын хувьд юуны өмнө бид нэгэнт эхлүүлсэн Оюутолгой, Тавантолгой төслүүдээ бүрэн ашиглалтад оруулах, бусад уул уурхайн төслүүдийг эхлүүлэх зайлшгүй шаардлага бий гэж үзэж байна.

    Цаашид хоёр толгойгоос илүү анхаарах ёстой асуудал бол үйлдвэржүүлэлт, боловсруулах үйлдвэрийн асуудал юм. Энд юуны өмнө улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих ажлыг төрөөс дэмжиж хэрэгжүүлнэ. Үүний тулд хамгийн оновчтой, үр ашигтай арга замыг сонгож, төрөөс бүтээгдэхүүн борлуулалтын нөхцөлийг баталгаажуулж, хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэлбэрээр шийдэх зорилт дэвшүүлж байна.

    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, “Шинэ төмөр зам”, Дархан, Сэлэнгийн бүсэд орших төмрийн хүдрийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг их бүтээн байгуулалтын нэн том төслүүдийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан ажлыг эхлүүлээд байна. Мөн эх орондоо нефтийн үйлдвэр барих шийдвэр гаргаад байна. Эдгээр шийдвэрээ бодит ажил болгох болно.

    ОХУ-тай Улаанбаатар төмөр замыг байгуулсан 1949 оны хэлэлцээрийн асуудлаар идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, Монголын талын хөрөнгийг 51 хувь байхаар зарчим баримталж хэлэлцээрийг явуулж байна. Улаанбаатар төмөр замын дүрмийн санг 250.0 сая ам. доллараар нэмэгдүүлэх шийдвэрийн дагуу 2012 оны улсын төсвийн төсөлд монголын талын 125.0 сая ам.долларыг тусгаад байна. Хөдөө аж ахуйн салбарт “Атрын III аян”-ыг үргэлжүүлэн хэрэгжүүлж, хүн амыг эх орны эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангаж, импортын хараат бус байдлаас гарна. “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд мал аж ахуйн үйлдвэрлэлийг  шинэ шатанд гаргэж, экспортын чиглэлтэй болгоно. 

    Дулааны Vцахилгаан станц, Говийн бүсийн эрчим хүчний эх үүсвэр, төмөр зам, аймгуудыг холбосон хатуу хучилттай авто замуудыг барьж байгуулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих талаар Засгийн газар идэвхитэй ажиллана. Өнгөрсөн хугацаанд бид цалин тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмсэн. Ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2 удаа нийтдээ 50 гаруй хувиар нэмэхээр төлөвлөөд байна. Ингэснээр цалин 2008 оны түвшингээс дунджаар 2 дахин түүнээс илүү хэмжээгээр өсгөх боломж бүрдэнэ. Тэтгэвэр ч мөн адил өснө.

    Ирэх онд Хүний хөгжлийн сангийн арга хэмжээгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор тооцсон. Харин бусад хүмүүст 1 сая төгрөгийг олгох эх үүсвэрийг бүрдүүлж, сонголт бүхий хэлбэрээр олгохоор төлөвлөж байна. Энэ бүх зорилтоо биелүүлэхийн тулд 2012 оны төсвийг ард түмэндээ амласнаа биелүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх хөгжлийн төсөв болгохоор Засгийн газар бодож, төлөвлөж УИХ-д өргөн барьсан.

    Тиймээс Засгийн газраас явуулж байгаа эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааг  хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэх хууль, тогтоомжийн төслүүд шийдвэрлэх үүрэгтэй тул Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүд анхаарлаа хандуулж, дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.

    Анхаарлаа хандуулсанд баярлалаа

    2011 оны 10 дугаар сар 7. УИХ-ын чуулганы танхим

  • АНХНЫ ТАВАН ЯАМ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТӨӨ УРЬЖ БАЙНА

    Монгол Улсад анхны таван яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт жилийн хүрээнд 10-р сарын 10-ны даваа гаригт Сүхбаатарын талбайд ЗГХЭГ болон Сангийн яам, ХЗДХЯ, БХЯ, ГХЯ-ны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Энэ тухай өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав,Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн захиргааны газрын дарга Ш.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баясгалан, Гадаад харилцааны яамны газрын дарга Д.Баярсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Нээлттэй өдөрлөгийн үеэр Засгийн газрын бодлого шийдвэрийг иргэдэд танилцуулахаас гадна иргэд хүссэн мэдээллээ эндээс авах боломжтой. Тухайлбал Монгол Улсын Хүний хөгжил сангаас олгох оюутны сургалтын төлбөр, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээгийн төлбөрийг хаана хэнд хандаж хэрхэн авах талаар зөвлөлгөө мэдээллийг эндээс авч болно.

    Батлан хамгаалах яамны хувьд гэрэл зургийн альбом, “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, дурсгалын медаль, үзэсгэлэн зэргийг гаргасан байна. Хамгийн өндөр настай таван генералд орон сууц олгож, мөн таван генералд эдлэн, хаус бэлэглэжээ. Ирэх долоо хоногоос 50 албан хаагчидадорон сууцны түлхүүр гардуулахаар болжээ. Мөн 300 айлын орон сууц бариулах ажил эхлүүлсан байна.  Өдөрлөгийн үеэр архивын лавлагаа үнэ төлбөргүй гаргаж өгөх зэрэг арга хэмжээ явуулах юм.

    Гадаад харилцааны яамны тухайд иргэдэд нэг цэгийн үйлчилгээ явуулж, анхны сайдынхаа хөшөөний эх загварыг танилцуулах юм байна. Мөн дипломат ажлын онцлогийг харуулсан ажил зохион байгуулж, ёслолд хэрэглэдэг машин зэргийг үзүүлэх юм байна.Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч нотариатын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Мөн хилчдийг ар гэртэй нь шууд холбож харилцуулах юм байна. Энэ мэт тухай яам, агентлагийн үйл ажиллагаатай бүхий л мэдээллийг “Анхны таван яам- 100” нээлттэй өдөрлөгөөс авах боломжтой юм.