Blog

  • Шарын гол Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцно

    Шарын гол Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцно Нийслэлийн Баянгол дүүрэг үртсэн шахмал түлш буюу коксжсон шахмал түлш хэрэглэж байгаа анхны дүүрэг болж байгаа юм байна. Тэдний ажлын явц бодит байдалд ямар байгааг Ерөнхий сайд мөн очиж үзлээ. Тус дүүргийнхний нэг жилд  хэрэглэж байгаа 33 мянган тонн нүүрс ийнхүү утаагүй технологиор солигдож байгаа ажээ. Түлшний асуудлаа дүүрэг дүүргээр ийнхүү шийдээд явж байгааг Ерөнхий сайд С.Батболд сайшаалаа. Харин түлшээ өдий болтол нийлүүлэхгүй байгаа Шарын гол, Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн мэрд үүрэг болгов.

    Өөрөөр хэлбэл төсвөөс татаас авчихаад үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа бол хатуу хариуцлага тооцох ёстой гэлээ. Утаагүй технологийг гэртээ туршиж байгаа тус дүүргийн нэгэн  айлаар Ерөнхий сайд орлоо. Гэр хороололд  дэд бүтцийг бий болгоод өгчихвөл тохилог амьдрах нөхцлийг энэ залуухан  гэр бүл харуулж чадсан байна. Шалаа халдаг болгож, мөн дулаан хангамжаа ч шийдсэн байв. Харин цахилгааны үнийг 50 хувь хөнгөлөх  шийдвэрийг хүлээж байна гэх тэдний асуултад Засгийн газрын тэргүүн таатай хариу  барилаа. Ийм дэвшилтэт технолги ашиглаж, зуух түлш, гэрээ дулаалж байгаа тэдэнд зориулж шөнийн  цахилгааны үнийг 50 хөнгөлөх шийдвэр гаргасныг Ерөнхий сайд С.Батболд  дуулгалаа. Энэ нь оройны 18 цагаас өглөөний 9 цаг хүртэл үйлчлэх тариф юм.  

    Агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх бас нэг чухал зүйл нь иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр бөгөөд төв болоод Яармаг хороололд шинэ хорооллыг барьж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, энэ жил 20000 айлыг орон сууцанд оруулна гэсэн мэдээллийг өгсөн. Нийслэлээ нийслэл шиг болгохоор зорьж байгаа Засгийн газрын зорьсон ажил урагштай байгаад Ерөнхий сайд тун сэтгэл хангалуун байна. Ямартай ч нийслэл болоод дүүргийнхэн хариуцсан ажлаа дажгүй сайн хийж байна гэх үнэлэлт өглөө. Харин энэ эхлүүлж байгаа ажил хурдан, шударга, нээлттэй, чанартай  байх ёстой гэдгийг анхааруулж, бас үүрэг өглөө

  • Коксжсон түлшний үйлдвэр ашиглалтад орно

    Коксжсон түлшний үйлдвэр ашиглалтад орно Агаарын бохирдлыг бууруулахын тулд гарц хайж байгаа дараагийн ажил нь утаагүй  түлшний асуудал багтаж байгаа. Энэ хүрээнд “ТЭЦ-2” ТӨК-ийг түшиглэн байгуулж байгаа хагас коксжсон түлшний үйлдвэртэй  Ерөнхий сайд танилцлаа. Иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа энэ ажлын явц 60 хувьтай байгаа аж. Төлөвлөж байгаагаар анхны түлшээ ирэх оны 12 дугаар сард нийлүүлэх ёстой ч иргэдийн хүлээлтээс шалтгаалан хугацаагаа наашлуулж, оноос өмнө багтаах зорилго тавьжээ. Улсын төсвөөс 17 тэрбум төгрөг  “залгиж” байгаа тус ажил нь цоо шинэ технологи бөгөөд агаарын бохирдлыг үндэс сууриаар нь шийдэж байгаа анхны жилийн анхны бүтээгдэхүүн болох юм.

    Үр өгөөжтэй, утаагүй  энэ түлшний үнийн зөрүүг татаас  болон ваучер хэрэглэх замаар иргэдээ хохироолгүй, эдийн засгийн дарамт багатайгаар тэдэнд хүргэх  эхний шатны ажлууд өгсөн үүрэг чиглэлийн дагуу  хийгдэж эхэлснийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Мөн дараагийн алхам нь зуухны асуудал бөгөөд АНУ-ын МСС-ийн тусламжтайгаар утаагүй технологид суурилсан, утааг эрс багасгах  энэ ажлыг төрийн оролцоо дэмжлэгтэйгээр эхлүүлээд байна. Одоогийн байдлаар ийм технологи бүхий зуухыг 8900 гаруй айл аваад байгаа бөгөөд 6500 орчим айлд суурилуулах ажлыг эхлүүлжээ.

    Хэрвээ ийм зуух 90 мянга орчим айлд тараавал утаа 40 хувиар буурна хэмээн ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт танилцуулж байлаа. Зуух түлшээр утааны асуудлыг 100 хувь бууруулах боломжгүй, нөгөө талаар иргэдээ орон сууцжуулснаар энэ ажил давхар шийдэгдэх боломжтойг ч тэрбээр дурьдаж байв. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын үзэж байгаагаар хагас  коксжсон түлшний үйлдвэр бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихвэл утаанд асуудал байхгүй гэлээ.

    Мөн иргэд зуух авахдаа хойрго хандаж байгаа нэг шалтгаан нь хуучин зуухаа шинэ зуухаар сольж байгааг таашаахгүй байгаа аж. Гал голомт гэдэг утгаар тэд зуухаа өгөхгүй байгаа гэнэ. Харин МСС-ийнхний үзэж байгаагаар тэд яндангаа авч үлдээд  байгаагаас ажил үр дүнгүй болох шалтгаан болж байгаа юм байна. Ямартай ч иргэддээ энэ асуудлыг сайн ойлгуулж ажиллах хэрэгтэйг Засгийн газрын тэргүүн зөвлөлөө.

  • Нийслэлийн утаа энэ өвөл лавтай 10 хувь буурна

    Нийслэлийн утаа энэ өвөл лавтай 10 хувь буурна Нийслэлчүүд бидний хувьд агаарын бохирдол, утаа нь санаа  зовоосон асуудлын нэг байсаар удаж байна. Хийхээсээ илүү ярьж, шүүмжлэгсэд ч их байлаа. Юутай ч С.Батболдын тэргүүлсэн Засгийн газраас энэ асуудлыг шинжлэх ухааны үндэстэй,  санхүүжилтыг нь цогц байдлаар  шийдэж агаарын бохирдлыг бууруулахаар бодит ажлыг эхлүүлээд байгаа юм.  Өөрөөр хэлбэл энэ  бодит ажлын эхний үр дүн  энэ өвөл тавигдах  эсэх,  эхлүүлж ярьсан асуудал газар дээрээ ямар байна, бэрхшээл зовлон нь юу байна гэдэгтэй танилцахаар Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс өмнөх цагаа зарцууллаа.

    Агаарын бохирдлыг бууруулж байгаа нь энэ гээд өргөс авсан мэт болохгүй ч өөрсдийн нөхцөл бололцоонд тааруулан хэд хэдэн ажлыг хийж эхлүүлжээ. Юуны өмнө  энэ ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын халаалтын зуухнуудыг нэгтгэж, төвлөрсөн халаалтын системд холбох барилга угсралтын ажилтай Засгийн газрын тэргүүн танилцлаа. Энд нам даралтын 160 гаруй жижиг зуух төвлөрсөн халаалтад оржээ.

    Нийслэлийн хэмжээнд 900 гаруй ийм зуух байдаг бөгөөд жилд 27 мянга тонн түүхий нүүрс түлж,агаарыг тэр хэмжээгээр бохирдуулж байсан энэ явдал энэ өвлөөс багасч, агаарын бохирдол лавтай 10 хувиар буурна хэмээн  ажлаа танилцуулсан мэргэжилтнүүд ярьж байна. Харин дэнжийн 1000, Амгалангийн орчимд үүнээс ч илүү зуухыг төвлөрсөн халаалтад шилжүүлэх техникийн шийдэл байгаа ч хөрөнгө төсвөөс болоод ажлаа эхлүүлж чадахгүй байгааг тэд учирлаж байлаа. Монгол улсын Ерөнхий сайд энэ асуудлыг шийдэхэд шаардлагатай 3 орчим тэрбум  төгрөгийг  ирэх жилийн төсвийн тодотголд оруулан шийднэ гэдгээ амалсан нь ажил гүйцэтгэгсдэд ихээхэн урмыг өглөө.

    Төвлөрсөн дулаанд холбоно гэдэг агаарын бохирдлыг бууруулахад томхон гараа болж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, ирэх жил энэ ажил улам эрчимжих болно гэдгийг тэмдэглэлээ. Баянзүрх дүүргийн энэ орчимд 10 мянга орчим өрх, олон  аж ахуйн нэгжүүд байдаг бөгөөд  төвлөрсөн дулаанд холбогдсоноор энэ хавьд газрын үнэ өсч байгаа мэдээ чих дэлсч байлаа. Ямартай ч гэр хорооллынхон   орон сууцны айлуудаас дутахгүй тохьтой сайхан амьдрах нөхцөл бүрдэж байгаад  гүйцэтгэх засаглалын тэргүүн олзуурхааад авна лээ.

  • Зуслангийн замын ачаалал буурах боломж бүрдлээ

    Зуслангийн замын ачаалал буурах боломж бүрдлээ Бидний нэрлэж дадсанаар Сансарын Шатахуун түгээх станцаас Дамбадаржаа хүртлэх 6,7 км, тэндээсээ цааш дахин цоо шинэ замаар 6 км давхиад Шадивлангийн гүүр хүрлээ. Нийт 12,7 км зам толь шиг зурайж байна. Гүүр нь ч мөн шинэ. Улс орон маань хөгжлийн гараан дээр ирсэн, бүтээн байгуулалтын олон ажлууд өрнөж байгаагийн нэгээхэн илрэл болох автозамын ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр танилцлаа.

    Дамбадаржаа хүртлэх 6,7 км татсан замыг манайхан Дарь-Эхийн зам гэдэг. 1970-аад онд ашиглалтад орсноос нь хойш ганц удаа ч гар хүрч засвар хийгээгүй энэ замын өргөн нь 7 метр байсныг энэ жил хоёр метрээр өргөтгөж шинэчлэн тавиад бүрэн дуусчээ.

    Дамбадаржаагийн хийдийн баруун хаяанаас эхлээд Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүртэлх 6 км авто зам болоод гүүрийн ажил 85 хувьтай, ирэх аравдугаар сарын 30-нд ашиглалтад орох ч ирэх долоо хоногт ажил үндсэндээ дуусчихна хэмээн Нийслэлийн Авто замын газрын дарга О.Од Засгийн газрын тэргүүнд ажлаа тайлагнахдаа хэлсэн юм. Автомашин зорчих хэсгийг шинэчлэхийн зэрэгцээ явган хүний замыг ч мөн тавьжээ.  

    1960-аад онд ашиглалтад орсон, Шадивлангийн модон гүүр 50 гаруй жилийн элэгдлээ даахгүй бараг нурж унах дөхөөд байсан юм.  Тэр орчмын айлууд гүүрээр машинтай гарахаасаа айдаг болоод удаж буй. Харин одоо энэ бүхэн түүх болон үлдэж байна. Модон гүүрийг засварлаж, бетонон гүүр тавихын зэрэгцээ шинэ зам татаж өгсөн нь хаяагаа улам тэлж буй хотын захын оршин суугчдын сэтгэлд хүрсэн ажил болжээ.  Өнгөрсөн хавар энэ замын шинэчлэлтийн ажилтай танилцаж байснаа Ерөнхий сайд хэлээд богино хугацаанд сайхан зам тавьсан байна гэж “Эйч Кей Би” холдинг  компанийн хамт олныг сайшаалаа. Мөн энэ шинэ зам, гүүрийн ажил дууссанаар хойд чиглэлийн зуслангийн замын ачаалал мэдэгдэхүйц буурах нь хамгийн том ололт  юм гэж замын ажилтай танилцах зуураа Засгийн газрын тэргүүн хэлж байлаа.  

    Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 30 км замыг шинэчилсэн бол энэ жил энэ тоо хоёр дахин нэмэгджээ. Энэ эрчээ алдахгүй ажиллаж чадах аваас 2013 он гэхэд Улаанбаатарын зам бүрэн шинэчлэгдэх боломжтой гэнэ. Энэ жил замын ажлын тендерийг эрт зарласан, санхүүжилтийг цагт нь өгч чадаж байгаа зэрэг нь ажил хугацаандаа дуусах болоод чанарт нөлөөлж байгаа талаар мэргэжилтнүүд Ерөнхий сайдад танилцуулаад эдгээр нь зам барилгын компаниудын хөрөнгө бэхжих, ажиллах хүчний чадвар нэмэгдэхэд нөлөөлж байгааг хэлж байлаа.

  • Нарны гүүрийг наадмаас өмнө ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд захилаа

    Нарны гүүрийг наадмаас өмнө ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд захилаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дараа нь Улаанбаатар хотын төвийн замын ачаалллыг мэдэгдэхүйц бууруулна хэмээн тооцоолж байгаа нэгэн томоохон төслийн явцтай газар дээр нь танилцлаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн Энхтайвны гүүрээр л гэхэд өдөрт 30 орчим мянган машин зорчдог. Төмөр зам болоод Нарны зам дээргүүрх гүүрэн гарц буюу Их тойруугийн гудамжийг Энгельсийн гудамжтай холбох энэхүү гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайвны болоод  Гурвалжингийн гүүрийн ачаалал, ялангуяа төв замын ачаалал эрс буурна хэмээн тооцоолж байгаа юм.

    Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй энэхүү төслөөр баригдах гүүрэн гарцын нийт урт нь 895 метр урт, хөдөлгөөний 4 эгнээтэй ажээ. Гүүрэн гарцыг ирэх жилийн 11 дүгээр сард ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа талаар мэргэжилтнүүд танилцууллаа. Монгол Улсын Ерөний сайд гүүрэн гарцын ажилтай танилцах зуураа 2012 оны Үндэсний их баяр наадмын өмнө зорчих хэсгийг ашиглалтад оруулах боломж байгаа талаар сонирхоод үүнийг судалж, анхаарч ажиллахыг зөвлөх болоод гүйцэтгэгч компанийн урирдлагуудаас хүслээ. Гүүрэн гарцын ажлын зөвлөхөөр “Си Ти Ай инжиниринг интернэшнл” ХХК, гүйцэтгэгчээр Жей Эф И Инжиниринг корпорац ажиллаж байгаа ажээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд зам болоод гүүрэн барилгын ажилтай танилцсаныхаа дараагаар хэвлэлийнхэнд ярилцлага өглөө. Ингэхдээ тэрбээр, Нийслэлчүүдийн төр засагт тавьдаг асуудлын нэг бол яах аргагүй зам гүүрийг сайжруулахтай холбоотой асуудлууд байдаг. Замын ажлын явц сайн байна.  Замын хөдөлгөөний ачаалллыг бууруулахад чиглэсэн гарц, өргөтгөл уулзварууд шинээр хийгдэж байна. Нийслэлийн удирдлагууд замын шинэчлэлтийн ажлыг сайн зохион байгуулж байна гэж хэллээ.  

    Мөн өнгөрсөн жил Гурвалжингийн гүүрийн ажил чанартай хийгдэж дууссан. Өнөөдөр илүү их ач холбогдол өгч буй нь Энгельсийн энэ гүүрэн гарц байна. Төлөвлөсөн ажил хугацаандаа хийгдэж, ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Гүүрийг хугацаанд нь ашиглалтад өгөх учиртай, үүнд нийслэлийн удирдлагууд анхаарч, гүйцэтгэгч компаниуд шаргуу ажиллаж ирэх жилийн наадмаас өмнө ашиглалтад оруулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. Ингэхдээ цаг хугацаа шаардах хэдий ч зорчих хэсгийг нээх талаар нийслэлийн удирдлагууд анхаарч ажиллаарай гэсэн чиглэл өглөө.

    Замын ажилд онцгой анхаарал тавьж ажиллах учиртай. Энэ эхлэлийг Монгол Улсын Засгийн газар тавьсан гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд замын ажилд шаардагдаж буй хөрөнгийг нийслэл болон улсын төсвийн тодотголд зохих хэмжээгээр суулгах ёстой гэдгийг энэ үеэр мөн анхаарууллаа. Замын компаниуд ажил үүргээ сайн гүйцэтгэж байгаа ч төлбөр нь удааширдаг тохиолдол бий.

    Энэ асуудлыг Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэж байгаа. Тиймээс эрх зүйн орчин нь бүрдсэн. Бонд гаргах, санхүүжилтийн асуудлыг шийдэхэд цаг хугацаа шаардаж байгаа. Үүнд Засгийн газар анхаарал тавьж богино хугацаанд хөрөнгийг нь баталгаатай шийдэх талаар анхаарч ажиллана гэдгээ Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ үеэр илэрхийлээд зам барилгын ажил нь улирлын чанартай тул хөрөнгийг нь цаг тухайд нь яаралтай шийдэх нь чухал гэдгийг онцолж байлаа.

    Үүнээс гадна үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж чадахгүй байгаа аж ахуйн нэгжийн гэрээг эргэж харах, хатуу хариуцлага тооцох учиртайг Ерөнхий сайд С.Батболд  нийслэлийн удирдлагуудад энэ үеэр хэлээд гэрээний дагуу ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг зарчим мөрдөгдөх ёстойг анхаарууллаа

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 21-ний лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛЫГ ХЭЛЭЛЦЭЭНД УРИНА

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хөрөнгө оруулагч талд танилцуулах, яриа хэлэлцээ хийх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв. Энэ дагуу Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, 50 хувьд хүргэх болон нөөц ашигласны нэмэлт төлбөрийн асуудлаар “Айвенхоу Майнз Лимитед” болон “Рио Тинто Интернейшнл Холдингс Лимитед”  компанид албан бичиг явуулж, яриа хэлэлцээнд урихыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

    Хуралдааны дараа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Сайд нарын мэдээллээс үзвэл төсөл сайн хэрэгжиж байгаа бөгөөд энэ сарын 25-нд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажлын 50 хувийг гүйцэтгэж дуусах юм байна. Гэхдээ өмнө нь хөрөнгө оруулагч талтай хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө авч үзэн, УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу цаашид анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх тухай үүргийг Засгийн газрын хуралдаанаас авсан тухай ярилаа. Дашрамд дурьдахад Оюутолгой төсөл дээр 9 мянга гаруй монгол иргэн ажиллаж байгаагийн зэрэгцээ 3 мянга гаруй хүн төслийн шугамаар суралцаж байгаа юм. 

    Засгийн газрын хуралдаанаар мөн 2012 оны төсвийн төслийн тухай хэлэлцэж эхэллээ. Төсвийн төслийг хуулийн хугацаанд нь Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна.

    ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ

    Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн талаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжин УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 4 дүгээр цахилгаан станцад хэрэгжих “Эрчим хүчний үр ашиг II”төсөлд 8,5 сая евро, “”Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөлд 4,5 сая евро авна.  

    Эрчим хүчний төслийн дагуу Европ болон ХБНГУ-д өргөн хэрэглэж байгаа дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлж цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулах түүхий нүүрсний хэрэглээг багасгах юм. Харин хүнсний хангамжийг сайжруулах төслийн хүрээнд СХД-ийн Жаргалант тосгоноос Төв аймгийн  Батсүмбэр сум хүртэл 29,4 км хатуу хучилттай зам тавихаар төлөвлөжээ. Манай улсын авах зээл нь жилийн 0,75 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс үндсэн өрөөс 10 жил чөлөөлөгдөнө.

    Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн болон Техникийн хамтын ажиллагаа 1992 оноос эхэлсэн бөгөөд тус улсаас манайд 265 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл, тусламж олгоод байна. Мөн хуралдаанаар Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

    Төслийн хүрээнд дулааны цахилгаан станцад нүүрсний утааг механик болон химийн аргаар шүүдэг Австрийн туршлага, техник, технологи нэвтрүүлэх, Улаанбаатар хотод хог боловсруулах үйлдвэр байгуулах, Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хотын цэвэр, бохир усны хоолойг шинэчлэх технологи нэвтрүүлэх, усалгаатай газар тариалангийн загвар аж ахуй байгуулахаар төлөвлөжээ. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр 2 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд 40 сая хүртэлх еврогийн нөхцөлт хөнгөлөлттэй зээл авах юм.

    УРГАЦ ТЭЭВЭРЛЭХ ЗАМЫГ ЗАСНА

    Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгийн ургац тээврийн замыг засварлахад шаардлагатай 292 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Замын эвдрэлийг төлөвлөсөн хугацаанд, технологийн дагуу чанартай гүйцэтгүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон байна.  

    Энэ дагуу ургац тээвэрлэлтийн гол зам болох Дархан-Сүхбаатар чиглэлийн 305 км-ийн салдаг уулзвараас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сум хүртэлх 107 км, Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө-Хүдэр хүртэлх 180 км, Орхон аймаг-Булган аймгийн Сэлэнгэ сум /Ингэт толгой/ хүртэлх 45 км, Хулстайн  гурван даваа, Хялганат тосгон дундах 17 км, Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Ханатайн бригад хүртэлх Цуурайн давааны 17 км, Дархан-Уул аймгийн Орхон сум хүртэлх 11 км, Жавхлант сум хүртэлх 8 км, Төв аймгийн Багахангай-Угтаалцайдам-Цээл сум хүртэлх 121 км, нийт 468 км замд засвар хийнэ.  

    Өнгөрсөн онд хөрөнгийн эх үүсвэр байгаагүйгээс ургац тээвэрлэлтийн замын засварыг хийж чадаагүй бөгөөд энэ онд бороо ихтэй байснаас замууд ихээр эвдэрсэн байна. Мөн газар тариалалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор замын чиглэл, урт нь нэмэгдэж, замын засварт зарах хөрөнгө ч жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Авто замын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллан засвар хийх шаардлагатай замын байдалтай танилцаж саналаа ирүүлсэн байна.

    НЭН ХОВОР АМЬТДЫГ ХАМГААЛНА

    “Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нэн ховор, ховор амьтдын тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, уугуул нутагт нь хамгаалж, сэргээн нутагшуулах зарчим баримтлана. Мөн мазаалай, хавтгай, монгол бөхөн зэрэг устаж болзошгүй нэн ховор амьтдын удмын санг хамгаалах, ан амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх гээд төрийн гүйцэтгэх зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод, иргэний нөхөрлөлд тодорхой нөхцөл, болзлын дагуу гэрээний үндсэн дээр хариуцуулах, ан амьтдыг ашиглагч нь хамгаалдаг, төлбөр төлдөг байхыг зорьж байна.

    Хөтөлбөрийг 2021 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд улсын болон орон нутгийн төсөв, Байгаль хамгаалах сан, олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хандив, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Манай улс олон улсын 14 конвенцид нэгдэн орсон бөгөөд “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” конвенцид 55 зүйл, “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай” конвенцид 81 зүйл, дэлхийн ховордсон амьтны жагсаалтад 19 зүйл амьтан бүртгэгдсэн байна.

    ИТАЛИ УЛСАД ЭЛЧИН САЙДЫН ЯАМ АЖИЛЛУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

    Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Итали Улс манай орны үндсэн түүхий эд болох ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эд, алт, бусад эрдэс баялгийг боловсруулах технологиороо дэлхийд тэргүүлдэг. Энэ нь дээрх салбаруудад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хөгжүүлэх ихээхэн боломжтой гэсэн үг юм.

    Мөн Элчин сайдаа яамаа нээн ажиллуулах нь Европын Холбоо, тэр дундаа “Их найм”-ын гишүүн, манай улсад хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд зээл олгож, тусламж үзүүлдэг Итали Улстай худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн хөгжүүлэх, Ромд төвтэй олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд улсынхаа бодит оролцоог нэмэгдүүлэх, тус улсад оршин сууж байгаа иргэдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах зэрэгт чухал хувь нэмэртэй гэж үзэж байна.

  • Бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарынхан чуулж байна

    Бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарынхан чуулж байнаБүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын 5 дугаар зөвлөлгөөн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордоны Их танхимд эхэллээ. Нэгдсэн хуралдаанд Сангийн сайд С.Баярцогт “Монгол Улсын санхүү, эдийн засгийн хөгжил, сорилт, шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, салбар хуралдаануудаар Макро эдийн засгийн тогтвортой байдал, тулгарч буй эрсдэлүүд, Банк, санхүүгийн тогтолцоо, хөгжлийн чиг хандлага, Сайн засаглал-нягтлан бодох бүртгэл, хяналт, Төсөв, төрийн сангийн шинэчлэлийн талаар хэлэлцэн зөвлөмж гаргах юм. Улсын 5 дугаар зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны V зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны V зөвлөлгөөнд  оролцогчид оо,

    Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

    Монгол Улсынхаа санхүү эдийн засгийн салбарт хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэн Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

    Манай хамтарсан Засгийн газар улс орныхоо эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж ирлээ. Ялангуяа уул уурхайн салбарын төслүүдийг эхлүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр олон санаачилга гарган ажил хэрэг болгож байна.

    Moнгол Улсын эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтаар Хөрөнгийн зах зээл, Өрсөлдөх чадвар, Улсын бүртгэлийн шинэчлэл, Төсвийн шинэтгэл, Уул уурхай, Ногоон эдийнзасаг зэрэг улс орны хөгжилтэй холбоотой асуудлаар олон талын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэлд хүрсэн нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал “Бизнесийн орчныг шинэчлэх жил”-ийн хүрээнд олон ажил хийж, шинэ боломжуудыг нэмэгдүүллээ. Олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын компаниуд хөл тавьж эхэлсэн нь үүний нэг илрэл юм.Монголчууд өөрсдийнхөө газар нутагт эзэн байж, түүнийхээ үр шимийг нийт олноор хүртдэг тийм цаг ирж байна. Үүнийг дагаад олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар ч бид томоохон өөрчлөлт хийлээ. Төсвийн шинэчлэлийн хүрээнд “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийг Улсын Их Хурлаар баталлаа.

    Эдийн засгийн бодит өсөлтийг 2011 онд 10.8 орчим хувь байхаар төсөөлж байсан. Гэвч  2011 оны эхний хагасын байдлаар эдийн засгийн бодит өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувьд хүрсэн нь ойрын жилүүдэд ажиглагдаагүй өндөр өсөлт гэдгийг санхүүгийн салбарын төлөөлөл Та бүхэн сайн ойлгож байгаа. Улсын нэгдсэн төсвийн орлого болон тусламжийн хэмжээ 2011 оны эхний 8сард 2,757.0тэрбум төгрөг боллоо. Харин зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2,530.0тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийнтэнцвэржүүлсэн нийт тэнцэл 186.3тэрбум төгрөгийн ашигтай байна.

    Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр, Монгол Улсын эдийн засаг 2011 онд 12.0хувь, үүнээс уул уурхайн салбар 8.0 хувиар, бусад салбар 12.9 хувиар өсөхөөр байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар дамжин эдийн засгийн бусад салбарын өсөлт нэмэгдэж эхэллээ. Харин эдийн засгийн энэ өсөлтийг иргэн бүртээ хүргэх талаар Засгийн газар ихээхэн анхаарч ажиллах болно.

    Улс орны нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүдээр илэрхийлэгдсэн Монгол Улсын байр суурь олон улсын тавцанд улам дээшиллээ. Тухайлбал аж ахуй, бизнес эрхлэх боломж нөхцөл, татварын ачаалал, татвар төлөлт, гадаад худалдаа, хөрөнгийн бүртгэл, ажил эрхлэх боломж зэрэг олон шалгуур үзүүлэлтийг багтаасан Бизнесийн орчны өрсөлдөх чадварын үзүүлэлтээр манай улс 2010 онд 139 орноос 99 дүгээр байрт орсон нь багагүй амжилт билээ. Энэ амжилт ололтоо бататгах, ахиулах нь бидний цаашдийн бодлого үйл ажиллагаанаас шууд шалтгаалах болно.  

    Эдийн засаг өсч, төсвийн орлого, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагийн үр дүнд их бүтээн байгуулалтыг эхлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх,  хүүхэд залуусын сурч боловсрох орчинг сайжруулах, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх эдийн засгийн баттай үндэс суурь амжилттай тавигдаж байна.

    Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд бүртгэл, санхүү,  эдийн засгийн тэргүүний ажилтнуудын бүтээлч санаачлага, шинэ сэтгэлгээ, зоримог үйл ажиллагаа, нөр их хөдөлмөр, бүтээлч оролцоо голлох үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсч байна. Бүртгэл, санхүү гэдэг ойлголт зөвхөн өнөөгийн байгаа хөрөнгө мөнгийг бүртгэж данслах, хамгаалахаар хязгаарлагдахаа байсан. Харин төрийн болон хувийн хөрөнгө мөнгийг зохистой зарцуулах, санхүүгийн олон төрлийн шинэ арга хэрэгслийг ашиглан зүй зохистой байршуулах, өсгөн арвижуулах, аливаа эрсдэлээс хамгаалж байх нь Та бүхний үйл ажиллагааны  үндсэн зорилт болох учиртай.

    Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас тавьж байгаа нийтлэг шаардлага, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлын үзүүлэлтийг хангаж ажиллах, өөрийн улсын хөгжлийн түвшинд нийцсэн санхүүгийн  тогтвортой байдлыг мөрдөж ажиллах нь чухал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Бид эдийн засаг, хөгжлийнхөө бодлогыг зөв зүйтэй  хэрэгжүүлснээр  бага орлоготой улс орны эгнээнээс дунд орлоготой орнуудын эгнээнд багтаж орох цаг хугацаа ойрхон боллоо. Бас тийм боломж, сорилт бидний өмнө тавигдаж байна. Үүнийг бид хамтдаа даван туулж чадна.  

    Бүртгэл, санхүү эдийн засгийн тэргүүний ажилтнууд Та бүхэн тулгамдсан асуудлуудынхаа шийдлийг ярилцаж, үзэл бодол байр сууриа чөлөөтэй илэрхийлж, Улсын зөвлөлгөөнөө амжилттай өндөрлөнө гэдэгт итгэж байна. Улс Монголын маань эдийн засаг, санхүүгийн салбар өргөжин тэлж, өсөн нэмэгдэхийг ерөөж, зөвлөлгөөнд амжилт хүсье.

  • Мал сүргийг эрүүлжүүлэх “Таван-Эрдэнэ” хөтөлбөр малчны хотонд хүрлээ

    Мал сүргийг эрүүлжүүлэх “Таван-Эрдэнэ” хөтөлбөр малчны хотонд хүрлээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 09 сарын 17-ны энэ бямба гаригийг монгол эх орны шавхагдашгүй баялаг болсон мал сүргийг эрүүлжүүлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд зориуллаа. Тэрбээр өнөө өглөө Соёлын төв өргөөнд эхэлсэн “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн”-д оролцсоноор ажлаа эхэлсэн юм. Таван эрдэнэ болсон мал сүргээ эрүүлжүүлэх, үйлдвэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх замаар нөхөн төлжих үндэсний баялгаа эдийн засгийн эрчимтэй эргэлтэд оруулах зорилго бүхий “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийг өнөөдрөөс улс орон даяар эхлүүлж байгааг Ерөнхий сайд зарласан. Эдгээрийг хийж хэрэгжүүлэхэд, ажил хэрэг болгоход малын эмч мэргэжилтнүүд гол үүрэг гүйцэтгэх учир Ерөнхий сайд С.Батболд  “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн”-ийг санаачлан хийлгэсэн юм.

    Тэрбээр дараа нь Сүхбаатарын талбайд болсон “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийн албан ёсны нээлтэд оролцлоо. Энэ үеэр Монголын бүх мал сүргийг угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулах тухай Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, малыг эрүүлжүүлэхэд нэн шаардлагатай эхний ээлжийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, тарилга туулгалтыг аймаг, сумын малын эмч нар болоод холбогдох хүмүүст гардуулахдаа одоо эдгээрийг бүх сум, бүх малчин өрхөд хүргэх малын эмч нарын ажил үлдлээ гэдгийг онцолж байсан билээ.   

    Энэ өдрийн үдээс хойш Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн малчны хотонд очиж, малд паразит өвчнөөс сэргийлэх үйлчилгээ үзүүлэх, малыг ээмэгжүүлэх болон бүртгэлд хамруулах ажлыг хэрхэн эхлүүлж байгаатай газар дээр нь танилцлаа. Төв аймгийн 9400 гаруй малчны нэг, мянгат малчин Л.Лхам гуай өнгөрөгч зун зуншлага болоод газрын гарц сайн байсан, мал тарга тэвээрэг сайхан авлаа гэсээр Ерөнхий сайдаа угтсан юм. Малаа эрүүл байлгах төрийн бодлогын талаар Ерөнхий сайд С.Батболд  яриа өрнүүлж, мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард маань эрүүл байх учиртай.

    Эрүүл монгол хүн улс орноо хөгжүүлнэ, бидний хөгжлийн үндсийн үндэс нь эрүүл мал байгаа юм гэж ярьж байлаа. Мөн тэрбээр “Монголын Засгийн газар малчдаа дэмжинэ ээ. Та бүхэн маань хүнд хөдөлмөр эрхэлдэг, хүнд ажилтай хүмүүс. Бид малчин өрхийг үйлдвэрлэл эрхэлдэг нэгж, харин малчдаа мэргэжилтэн гэж хүлээн зөвшөөрч баталгаажуулна гэж гэрийн эзэнтэй хуучлах зуураа ярилаа. Зуунмод сумын Улаан хад гэдэг газарт намаржиж байгаа Л.Лхам гуайнх 1300 гаруй толгой малтай бөгөөд тэдний малыг ээмэгжүүлэх, бүртгэл хийж байгаатай нь Ерөнхий сайд С.Батболд хотонд нь очиж танилцсан юм. Ингэхдээ Ерөнхий сайд бид нэг жилд малдаа гурван удаа хүрэх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  бүх мал сүргийг угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулах юм гэдгийг онцолж байлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Таван-Эрдэнэ” хөтөлбөр орон нутагт хэрхэн эхэлж байгаатай танилцсаныхаа дараагаар сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Ингэхдээ энэ бол маш чухал арга хэмжээ болж байна. Улс орон хөгжинө гэдэг бол хүн ард маань эрүүл, эрүүл хүнс тэжээлээр хангагдсан байх ёстой. Эдийн засаг маань ганц уул уурхай биш өөр бусад салбарт тулгууртай байж хөгжинө.  Манай улсад уламжлалт бөгөөд орчин үеийн эрчимжсэн мал ахуй, газар тариаланд тулгуурласан хүчирхэг хөдөө аж ахуй хөгжих ёстой. Уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хос морьтой байж бид урагшилна аа. Шавхагдашгүй их ундаргатай хөдөө аж ахуй бол манай улсын том баялаг.

    Энэ баялгийн үндэс нь таван эрдэнэ болсон таван хошуу мал маань юм. Таван хошуу малаа өсгөж үржүүлэх, эрүүл байлгахад Засгийн газар анхаарал тавьж ажиллах үүрэгтэй. Малчдаа дэмжих “Монгол мал” хөтөлбөрийг УИХ баталж, Засгийн газар хэрэгжүүлж байна. Энэ ажлын нэг хэсэг болсон малаа эрүүлжүүлэх хөтөлбөрийг өнөөдөр улс орон даяар эхлүүллээ гэдгийг онцлоод Засгийн газар хөдөө аж ахуй мал сүргээ дэмжих бодлогыг цаашид ч мөн үе шаттайгаар хэрэгжүүлэх болно гэдгийг тэмдэглэлээ