Blog

  • Тавантолгойтой зэрэгцэх “Таван-Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ

    Тавантолгойтой зэрэгцэх “Таван-Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ Монгол Улсын Засгийн газар “Атрын 3” аян зарлаж, хэрэгжүүлснээр газар тариалангийн салбар сэргэж, эх орны хөрсөнд ургасан улаан буудай, төмс, хүнсний ногоогоор хэрэгцээгээ 100 хувь хангаж чадахаар болоод байгаа. “Атрын 3” аянтай зэрэгцүүлэн “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд санаачлан эхлүүллээ. Тавантолгойтой зэрэгцэх “Таван-Эрдэнэ” ч хэмээн тодотгож болох юм. Энэхүү хөтөлбөрийн эхлэл болсон “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн” өнөөдөр буюу 2011-09-17-нд Соёлын төв өргөөнд болж монгол орны өнцөг булан бүрээс ирсэн малын эмч, мэргэжилтэн, малчдын 1400 гаруй төлөөлөгч оролцлоо.

    Тус зөвлөлгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Хөрөнгийн урсгал уул уурхай, аж үйлдвэрлэл рүү чиглэлээ. Үүнийг дагаад ажиллах хүч хийгээд хүн амын шилжилт хөдөлгөөн энэ зүг хошуурах боллоо. Энэ буруу зүйл биш ээ. Гэхдээ бид ганцхан уул уурхай гээд уламжлалт эдийн засгийн үндэс суурь болсон мал аж ахуйн бодлогоо орхигдуулж, цалгардуулж болохгүй ээ. Ингэвэл “Уулын буга хараад унасан морио мартав” гэгчээр эцэстээ буга ч үгүй, морь ч үгүй болж хоосроно. Ийм байдалд орохгүйн тулд байгалийн баялгаасаа ч, мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах боломж бидэнд байгаа гэлээ.

    Олон зуун жилийн байгалийн шалгарлыг даван туулсан манай мал сүрэг манай улсын эдийн засгийн суурь, ард түмний амьжиргааны гол эх үүсвэр, баталгаа нь болж ирсэн. Мөн улс орны Дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод тодорхой байр суурийг эзэлдэг. Тийм ч учраас бид мал сүргээ эх орны шавхагдашгүй баялаг, “Таван-Эрдэнэ” хэмээн тодотгож байгаагаа тэмдэглээд үндэсний баялаг болсон мал сүрэгтээ онцгой анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлээ эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвартай салбар болгоход нь төрийн төдийгүй малын эмч нар ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ. Ингэхдээ тэрбээр хүний эмч бол хүнийг эмчилнэ, малын эмч бол хүн төрөлхтнийг эмчилдэг гэдэг үгийг иш татаж байлаа.

    Малын эмч, мэргэжилтнүүд эрсдэлтэй хүнд хэцүү нөхцөлд, өөрөөр хэлбэл дөрвөн цагийн эргэлтэд малыг эрүүлжүүлэх, өвчлөлийг нь бууруулах, сэргийлэх чиглэлээр ажилладаг. Энэ нь малаасаа өвчин эмгэг авахад нөлөөлж байгаа гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ онцлоод тиймээс ч малын эмч нарыг хүнд хөдөлмөр эрхэлдэг гэсэн ангилалд оруулах талаар тодорхой арга хэмжээ авна гэдгээ дуулгасан нь мал аж ахуйн салбарын хөгжлийн тулгуур болсон малын эмч нарыг баярлуулсан мэдээ байлаа. Малын эмч нарын ажлын үр дүнгээс хүнсний хангамж, түүний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн хувь заяа, цаашилбал үндэсний боловсруулах үйлдвэрүүдийн ирээдүй шууд хамааралтайг мартаж болохгүй гэдгийг тэрбээр мөн сануулж байсан.

    Засгийн газар хөдөө аж ахуйн салбартаа ихээхэн анхаарч ирсний нэг илрэл нь өнөөдрөөс хэрэгжүүлж эхлүүлэх “Таван Эрдэнэ” арга хэмжээ юм. Энэхүү “Таван эрдэнэ” бодлогын хүрээнд гурван жил дараалан нийт мал сүрэгт вакцинжуулалт, угаалга, туулгалтын үнэ төлбөргүй арга хэмжээг төрөөс хариуцан хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан гэж Зсгийн газрын тэргүүн хэллээ. Энэ нь “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл гэдгийг ч тэрбээр тодотголоо. Малыг эрүүлжүүлэх нь зөвхөн малд зориулсан, малчдад өгөөжтэй арга хэмжээ биш юм. Энэ бол нийт ард иргэдэд үр өгөөжөө өгөх, улс орны эдийн засгийг тэтгэх өргөн хүрээтэй бодлого шийдвэр билээ. Мал эрүүл байж хүнс эрүүл байна. Хүнс эрүүл байж хүн ам маань эрүүл байх учиртайг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.

    Баягалийн баялгаасаа ч, мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах боломжийг бий болгох зорилго бүхий “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, ажил хэрэг болгоход малын эмч мэргэжилтнүүд гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү зөвлөлгөөнийг санаачлан хийлгэж байгаа юм.

    “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн нь хөдөө орон нутагт өнөөдөр мал эмнэлэг, малын эмч нар ямархуу байгаа болон хүнд хэцүү байдал, түүнээс гарах арга зам болон хойшид ямар арга хэмжээ хэрэгжүүлбэл зөв зүйтэй байгаа талаар санал бодлоо илэрхийлсэн санал шүүмжлэл өрнөсөн халуухан арга хэмжээ болсон юм. Төлөөлөгчдийн хэлсэн санал, зөвлөмжийг нэг бүрчлэн тэмдэглэн авч хойшид хэрэгжүүлэх ажилдаа тусгаж, хийх ажлаа төлөвлөхийг  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зөвлөлгөөнийг зохион байгуулагчдад даалгалаа

  • Монгол Улсын бүх мал сүргийг, угаалга, туулгалт, вакцинжуулалт 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулна

    Монгол Улсын бүх мал сүргийг, угаалга, туулгалт, вакцинжуулалт 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулнаБайгалийн баялгаасаа ч, мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах боломжийг бий болгох “Таван-Эрдэнэ” хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд санаачлан хэрэгжүүлж буй юм. Энэ хүрээнд бямба гаригийн амралтын энэ өдөр олон ажил өрнөж байгаагийн нэг нь Соёлын төв өргөөнд өглөө эхэлсэн “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн” байсан юм. Зөвлөлгөөний дараагаар Сүхбаатарын талбайд “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийн албан ёсны нээлт боллоо.

    Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Монгол Улсынхаа бүх сумаас ирсэн малын эмч, мэргэжилтнүүдийн улсын зөвлөлгөөн амжилттай өндөрлөж байна. Зөвлөлгөөнөөр олон чухал асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэр, уриалга гаргалаа. Одоо түүнийгээ хэрэгжүүлэх ёстой” гэдгийг эхлээд тэмдэглэлээ. Мөн Монголын бүх мал сүргийг угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулах тухай Засгийн газрын шийдвэрийг танилцуулаад уг ажлын шууд эхлэл болгож Монгол Улсын малчин өрх болгонд хүрч хэрэгжих, бүх мал сүрэг хамрагдах “Таван-Эрдэнэ” арга хэмжээний нээлтийг хийж байна гэдийг онцоллоо.

    Малыг эрүүлжүүлэхэд нэн шаардлагатай эхний ээлжийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, тарилга туулгалтыг бүх суманд хүргэх ажлыг энэхүү арга хэмжээгээр эхлүүлж байгааг Ерөнхий сайд энэ үеэр зарлаад энэ ажлыг бүх малчин айл өрхөд хүргэх малын эмч нарын ажил үлдлээ гэдгийг ч мөн хэлсэн юм.  Энэ нь нийт мал сүргийг эрүүлжүүлэх, улмаар нийгэм эдийн засгийн олон талын учир холбогдолтой. Ач холбогдлыг ард иргэдэд эхнээс нь ойлгуулж,  сум, багийн хэмжээнд оновчтой зохион байгуулж зохих үр дүнд хүргэх нь Малын эмчийн улсын зөвлөлгөөнд оролцогсод, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн үүрэг гэдгийг Засгийн газрын тэргүүн анхааруулж байлаа.   

    “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийн үр дүн мал сүргээр дамжаад, малын ашиг шим, түүнээс гаралтай бүтээгдэхүүнийг ашигладаг үйлдвэр аж ахуйн нэгж, Монголын бүх ард иргэдэд ач тусаа өгөх учиртай. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хөрш орны Засгийн газрын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагийн дотор ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 375 сая рублийн үнэ бүхий 34,0 сая тун малын шүлхий өвчний вакцин, 22 ариутгал халдваргүйжүүлэлтийн машин нийлүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд дурдаад энэхүү тусламжийг үзүүлсэн ОХУ-Засгийн газарт гүн талархал илэрхийллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Таван-Эрдэнэ” арга хэмжээний нээлтийн ёслолны үеэр “Монгол мал” хөтөлбөр”-ийн хүрээнд 100 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт үйлчилгээний автомашиныг хүлээлгэн өглөө. 2012 онд Монгол Улсын бүх сумын мал эмнэлэг үржлийн тасаг машинтай болох юм байна

  • Монгол бөх Геннисийн амжилтын төлөө

    Монгол бөх Геннисийн амжилтын төлөө Монгол бөхчүүд Геннисийн номд орохын төлөө хүч үзэн барилдаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд монгол эх орныхоо өнцөг булан бүрээс барилдахаар ирсэн хүчит 4096 бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Энэхүү дэлхийн дээд амжилтыг тогтоохын төлөө зохион байгуулж буй өвөрмөц арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлэхдээ манай улсын түүхэнд ийм олон бөх барилдаж байгаа нь анхны тохиолдол болж байна. 2,8 сая хүн амтай манай улсад 6002 бөх гэдэг бол рекорд амжилт юм гэж хэллээ.

    Мөн дэлхийн дээд амжилтуудыг тодотгон бичдэг энэхүү номд багтвал Монгол Улсаа сурталчлах томоохон арга хэмжээ болох юм гээд энэ нь дэлхий дахинд улс эх орон, соёл түүх, зан заншил, үндэсний спортоо сурталчлахад Монгол бөхийн холбоо, Монголын бөхчүүдийн оруулж байгаа хувь нэмэр юм гэдгийг тодотголоо.

    Энэхүү барилдаан нь ард иргэдийнхээ дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Энэхүү түүхэн ховор барилдаанд зодоглож буй бөхчүүд үнэн хүчийг үзүүлж, Монгол хүний ур ухаан, хурд хүчний гайхамшигт барилдаан, үндэсний спортын дэг жаягийг дэлхий ертөнцөд харуулах учиртай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд бөхчүүдэд хандаж хэллээ

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн”-д хэлсэн үг

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн”-д хэлсэн үг Монгол эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн иржэнэхүү зөвлөлгөөнд оролцож байгаа малын эмч, мэргэжилтэн, малчид, төлөөлөгчид өө,

    Та бүхэндээ Засгийн газрын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Өнөөдрийн энэхүү зөвлөлгөөн нь цаг үеийн шаардлага, нийгмийн хөгжлийн хэрэгцээ, монголчуудын маань язгуур эрх ашгаас үүдэлтэйг нэн түрүүнд цохон тэмдэглэж хэлье.

    Эдүгээ Монголын эрдэс баялаг, түүхий эдийн талаархи тив, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, зөвлөлгөөн ар араасаа болж байна. Энэ нь цаг үеийн маань өнгө төрх, хэрэгцээ, бодит шаардлагаас урган гарч байгаа юм. Тиймээс ч Монгол Улс дэлхий дахины анхаарлыг татаж байна. Хөрөнгийн урсгал уул уурхай, аж үйлдвэрлэл рүү чиглэлээ. Үүнийг дагаад ажиллах хүч хийгээд хүн амын шилжилт хөдөлгөөн энэ зүг хошуурах боллоо. Энэ буруу зүйл биш ээ.

    Гэхдээ бид ганцхан уул уурхай гээд уламжлалт эдийн засгийн үндэс суурь болсон мал аж ахуйн бодлогоо орхигдуулж, цалгардуулж болохгүй ээ. Ингэвэл “Уулын буга хараад унасан морио мартав” гэгчээр эцэстээ буга ч үгүй, морь ч үгүй болж хоосроно. Ийм байдалд орохгүйн тулд байгалийн баялагаасаа ч, мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах боломж бидэнд байна. Өнөөдрийн энэ зөвлөлгөөн ийм боломжийн нэгийг онцлон хэлэлцэж, мал аж ахуйн салбараа хөгжүүлэх ач холбогдол, арга замын тухай ярилцахад оршино. “Мал, хэл, хил гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” гэсэн монгол найрагчийн омгорхол, бахархал, анхааруулга, сануулга, уриалга, дуудлага нь энэ чуулганы зорилго чиглэл, үзэл санааг товчоор илэрхийлнэ.

    Олон зуун жилийн байгалийн шалгарлыг даван туулсан манай мал сүрэг нь эдийн засгийн суурь, ард түмний амьжиргааны гол эх үүсвэр, баталгаа нь болж ирсэн. Мөн улс орны Дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод тодорхой байр суурийг эзэлдэг билээ. Тийм ч учраас бид мал сүргээ эх орны шавхагдашгүй баялаг, “Таван эрдэнэ” хэмээн тодотгож байна. Үндэсний баялаг болсон мал сүрэгтээ онцгой анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлээ эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвартай салбар болгоход нь төрийн төдийгүй та бүхний үүрэг, оролцоо ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.  

    Мал аж ахуйг хөгжүүлж, улс орныхоо эдийн засгийн голлох салбар болгох бодлогыг манай улс тууштай хэрэгжүүлэх ёстой. Энэ нь стратегийн орд газруудыг ашиглахаас дутуугүй ач холбогдолтой, алсыг харсан шийдвэр юм. Стратегийн ач холбогдолтой салбар чиглэл гэдгийг төр, засаг нь бодлогодоо тусгаж, түмэн олон нь ойлгон дэмжиж ажиллах цаг ирсэн.

    Энэ зорилгоор манай Засгийн газар эдийн засгийг олон тулгуурт салбараар хөгжүүлэх бодлого баримталж байгаагийн дотор хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжсэн олон чухал арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Үүний нэг илрэл нь “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлан гаргаж, мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг энэ оноос эхлэн хоёрдахин нэмэгдүүллээ. Мөн бүх суманд Мал эмнэлэг, үржлийн тасгийг байгуулж, тэдгээрийг шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, мал аж ахуйн мэргэжилтнүүдийг давтан сургах, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх ажлуудыг эхлэн хэрэгжүүлж байна.

    Мөн энэхүү зөвлөлгөөний үеэр сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хэрэгцээнд хэрэглэх унаа машины эхний ээлжийг хүлээлгэн өгөх ажил давхцаж буйг мэдэгдэхэд таатай байна. Мал сүргийн чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх хариуцлагатай үүргийг төр, засгийнхаа өмнө Та бүхэн хүлээсэн. “Хүний эмч бол хүнийг эмчилдэг. Харин малын эмч бол хүн төрөлхтний эмч байдаг” гэсэн ухаантны үгийг би санаж байна. Учир нь мал аж ахуйн салбарын хөгжлийн тулгуур болсон мал аж ахуйн мэргэжилтэнүүдээс хүнсний хангамж, түүний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн хувь заяа, цаашилбал үндэсний боловсруулах үйлдвэрүүдийн ирээдүй шууд хамааралтайг мартаж болохгүй.

    Мал эмнэлгийн ажилтнууд Та бүхний ажил үүрэг зөвхөн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын өвчин эмгэгтэй тэмцэх, эмчлэхээр хязгаарлагдахгүй. Хүн ам, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, гадаад худалдааны чөлөөт байдлыг баталгаажуулах талаар ч гэсэн үүрэг хариуцлага хүлээх учиртай. Миний бие малын эмч, мэргэжилтэн Та бүхнийг эрсдэлтэй хүнд хэцүү нөхцөлд ажилладаг гэж боддог. Та бүхэн маань хөдөөгийн хүнд хэцүү нөхцөлд, дөрвөн цагийн эргэлтэнд малыг эрүүлжүүлэх, өвчлөлийг нь бууруулах, сэргийлэх чиглэлээр ажилладаг. Энэхүү нөхцөл нь малаасаа өвчин эмгэг авахад нөлөөлж байна. Тиймээс малын эмч нарыг хүнд хөдөлмөр эрхэлдэг гэсэн ангилалд оруулах талаар тодорхой арга хэмжээ авна гэдгээ дуулгая.

    Улс хоорондын хүн, малын шилжилт хөдөлгөөн, байгаль экологийн өөрчлөлттэй уялдан сүүлийн жилүүдэд бүс нутагт хил дамжин халдварладаг гоц халдварт өвчний дэгдэлт шинээр болон дахин сэргэх, малаас хүнд дамжин халдварладаг зарим өвчний тархалт тэлэх, хүн, малын өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс эдгээр эрсдэлийг бууруулах олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай тулгарлаа. Малын өвчлөл нь малчдын амьдрал, улс орны эдийн засаг, гадаад нэр хүндэд ямар хэмжээний хохирол учруулдгийг 2010 онд зүүн аймгуудад гарсан гоц халдварт шүлхий өвчний сургамж Та бидэнд олон зүйлийг ойлгуулж өгсөн. Одоо бид ниргэсэн хойно нь хашгирах биш, ниргүүлэхгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлэх бодлого чиглэл барьж ажиллах хэрэгтэй.

    Монгол Улс хамгийн сүүлд 2004, 2005 онд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас үхрийн мялзан өвчин болон түүний халдвараас ангид эрүүл улс орны статусыг албан ёсоор тогтоолгосон. Үүнээс хойш зарим бүс нутгийг малын шүлхий өвчнөөс эрүүл статусыг тогтоож мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг тууштай нэмэгдүүлэх  бодлого чиглэл барьж байна. Малын эрүүл мэндийн бодлогын хүрээнд баруун бүс нутагт хяналтын цэгүүдийг байгуулах журмыг саяхан Засгийн газрын тогтоолоор баталсан. Тиймээс баруун бүс нутгийг малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчлөөгүй, вакцин хэрэглээгүй тайван статуст хамруулж,олон улсын түвшинд зарлах хүсэлтийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад тавиад байна.

    Мөн зүүн бүсдэх малын шүлхийнөвчинтэй тэмцэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргийг жил бүр хамруулах, зарим нэр төрлийн вакциныг дотооддоо үйлдвэрлэхтехник, эдийн засгийн чадавхи бий болгохоор ажиллаж байна. Тухайлбал Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын урт хугацааны 25.0 сая ам.долларын хөнгөлөлтэй зээлээр “Биокомбинат” төрийн өмчийн үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийж, мал эмнэлгийн ажил, үйлчилгээнд хэрэглэх эм, био бэлдмэлийн чанар, баталгаат байдлыголон улсын стандартын түвшинд  хүргэх ажлыг 2012 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болсон.

    Засгийн газар хөдөө аж ахуйн салбартаа ихээхэн анхаарч ирсний нэг илрэл нь өнөөдрөөс хэрэгжүүлж эхлүүлэх “Таван Эрдэнэ” арга хэмжээ юм. Энэхүү “Таван эрдэнэ” бодлогын хүрээнд гурван жил дараалан нийт мал сүрэгт вакцинжуулалт, угаалга, туулгалтын үнэ төлбөргүй арга хэмжээг төрөөс хариуцан хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа. Энэ нь “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл юм. Мөн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль”-д заасан малын цусны шимэгчээс үүсдэг өвчин, хамуу, шимэгч хорхойтох өвчнөөс сэргийлэх зардлыг улсын төсвөөс хариуцан санхүүжүүлнэ гэсэн заалт бодит байдлаараа хэрэгжих эх суурь болж байгаа юм.

    Сүүлийн жилүүдэд энэ арга хэмжээг иргэд, малчдын нуруун дээр тохож, зөнд нь орхигдуулснаар малчдын эдийн засаг, үндэсний үйлдвэрүүдийн түүхий эд, бүтээгдэхүүний чанар, улс орны гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлж, мал аж ахуйн салбараас олох орлого, боломжийг хязгаарлаж байсан. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн утгаараа ихээхэн алдагдал хүлээсэн. Малыг эрүүлжүүлэх ажиллагаа нь зөвхөн малд зориулсан, малчдад өгөөжтэй арга хэмжээ биш юм. Энэ бол нийт ард иргэдэд үр өгөөжөө өгөх, улс орны эдийн засгийг тэтгэх өргөн хүрээтэй бодлого шийдвэр билээ. Мал эрүүл байж хүнс эрүүл байна. Хүнс эрүүл байж хүн ам маань эрүүл байх учиртай.

    Малчид бол та бүхний ойрын туслагч, хамтрагч мөн. Малчид мэргэжилтний гар, сэтгэл нийлсэн хамтын хүчин чармайлтын үр дүнд энэ том зорилт хэрэгжиж үр дүнгээ өгнө. Бид малчин өрхийг үйлдвэрлэл эрхэлдэг нэгж, малчдыг мэргэжилтэн хэмээн хүлээн зөвшөөрч баталгаажуулж байна. Мөн энэ оноос эхлэн төрөөс мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгохын тулд мал сүргийг байршлаар нь дахин давтагдахгүй хувийн дугаараар ялган тэмдэглэх, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх гэж байна.

    Энэ ажлын эхлэл болгон өнөөдөр бид 4,5 сая малд ялган тэмдэглэгээ хийх иж бүрдэл хэрэгсэл, хуурамчаар хэвлэх боломжгүй үнэт цаас бүхий малын бүртгэлийн гэрчилгээг бүх аймаг, сум, багт хүргүүлж байна. Ингэснээр гадаад, дотоодын зах зээлд гарал үүсэл нь тодорхой малын түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэхнөхцөлийг бүрдүүлж байгаа билээ.Уг ажлыг орон нутагт шат шатны байгууллага хариуцлагатай зохион байгуулж, бүртгэлээр дамжуулан хяналт тогтоох замаар мал, түүний гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулахүүрэгтэйг зориуд анхааруулан хэлэхэд илүүдэхгүй.

    Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газраас мал ахуйнаж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг анхан, дунд шатанд ойлгож хэрэгжүүлэх, бүх шатны Засаг дарга, малын эмч мэргэжилтнүүданхаарч ажиллахыг даалгаж байна. Монгол малаас гарал үүсэл нь баталгаатай органик мах, сүү, чанартай ноос, ноолуур, арьс шир бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулах нь мал аж ахуйн салбарын тэргүүлэх зорилго байх ёстой. Засгийн газраас цаашид ч мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргах бодлогуудыг хэрэгжүүлэх болно.

    Эдгээрийг хийж хэрэгжүүлэхэд, ажил хэрэг болгоход, малчин түмэндээ ойлгуулахад малын эмч мэргэжилтнүүд Та бүхнийг гол үүрэг гүйцэтгэнэ гэж бодож өнөөдрийн энэ зөвлөлгөөнийг миний бие санаачлан хийлгэж байна. Зөвлөлгөөнөөр хэлэлцэх асуудлаар Та бүхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, бодлого шийдвэр тусгуулж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхний хичээл зүтгэлээс Монголын шинэ хөдөөгийн хөгжил шууд шалтгаалах болно гэдгийг мартаж болохгүй.  

    Эрдэнэт сүрэг минь өсөн үржиж, ашиг шим нь арвижин дэлгэрч, ард түмэн улс орны маань амьдрал ахуй дэвжин дээшилнэ гэдэгт итгэж байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

    2011оны 09 дугаар сарын 17           Улаанбаатар хот

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ   

    Засгийн газрын хуралдаанаар 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслөөс харвал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд нийтдээ 264.7тэрбум төгрөгийг тусгаж, нийт 892.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар нийт 627.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан. Тодотголын төсөлд ноос, ноолуур үйлдвэрлэгчдийг дэмжих 300 тэрбум төгрөг, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тэргүүн ээлжинд шаардагдах 34.0 тэрбум, газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад 3.3 тэрбум, 100 мянган тонн улаанбуудай худалдан авч нөөцлөхөд 35 тэрбум төгрөг гээд санхүүжилт зайлшгүй шаардлагатай хөрөнгийг тусгажээ. 

    Төсвийн орлогын эхний 7 сарын гүйцэтгэл, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн, нэмэгдэх боломжит орлогыг бүрэн тооцон энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход нэгдсэн төсвийн нийт орлого 611.1тэрбум төгрөгөөр, “Тогтворжуулалтын сан”-гийн орлого 35.8 тэрбум төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого 572.3тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Төсвийн орлогын нэмэлт эх үүсвэр бий болж байгаатай холбогдуулан 2011 оны батлагдсан төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж Засгийн газар үзлээ. Тодотголын төсөлд тэнцвэржүүлсэн төсвийн орлогыг 572.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.

    2011 оны эхний 7 сарын дунджаар нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ дэлхийн зах зээл дээр 9,418.7 ам.долларт, нэг тонн боловсруулсан нүүрсний үнэ 186.5 ам.долларт хүрчээ. Үнийн өсөлттэй холбоотойгоор “Тогтворжуулалтын сан”-д энэ онд 218.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байна.

    Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт:

    2011оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 572.3тэрбум төгрөгөөр нэмэгдэж3,876.9тэрбум төгрөг, нийт зарлага 765.8 тэрбум төгрөгөөрнэмэгдэн 4,849.9 тэрбум төгрөг болж,төсвийн тэнцэл 193.5тэрбум төгрөгөөрөсөн, нэгдсэн төсвийн нийт алдагдал 973.0тэрбум төгрөгт хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.6 хувь болохоор байна.

    ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

    “Журам батлах тухай” Засгийн газрын 2011 оны 211 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад өөрчлөлт орууллаа.

    Энэ дагуу “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай” журмын 3.6 дахь заалтын “…шаардагдах мөнгөн дүнд вексель бичиж…” гэснийг “дүн бүхий албан бичгийг зээл олгох шийдвэрийн хамт” гэж, 3.7 дахь заалтын “…гаргасан векселийг…” гэснийг “ирүүлсэн албан бичиг зээл олгох шийдвэрийг” гэж, 3.9 дэх заалтын “Векселийн…” гэснийг “Зээлийн” гэж өөрчиллөө.

    Хавсралтад өөрчлөлт оруулсантай холбогдуулан ноолуурын үйлдвэрүүд, арилжааны банкуудыг мэдээллээр шуурхай хангаж, хамтран ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм.

    Энэ дагуу зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн, хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд энэ онд төрөөс олгох мөнгөн урамшуулалд болон ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум төгрөгийн, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан 150 тэрбум, нийт 300 тэрбум төгрөгийн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гарган үе шаттай арилжаалж байна.  

    ЕВРОПЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    “Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, өргөн мэдүүлэхээр боллоо. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил болсон боловч чанар, стандартын тогтолцоогоо нийцүүлэн шинэчлэхээ хангалттай хийж ирсэнгүй. Үүний улмаас үндэсний стандартын тогтолцоо олон улсынхаас хоцрох хандлагатай болсон байна. Тухайлбал манайд албан ёсоор мөрдөж байгаа 5900 орчим стандартын 40 орчим хувь нь л олон улсын стандартад нийцдэг гэсэн судалгаа гарчээ.

    Түүнчлэн нийт стандартын 40 орчим хувь нь заавал мөрдөх хэм хэмжээ бүхий стандарт бөгөөд иргэн, хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаандаа зайлшгүй шаардлагатай эсэхээс үл хамаарч тэдгээрийг дагаж мөрдөж байна. Гэтэл дэлхий дахинаа үйлдвэрлэл, худалдааг зохицуулах тарифийн бус арга болох стандартчилал, тохирлын үнэлгээ нь зарчмын хувьд өөрчлөгдөж, үндэсний стандартыг зөвхөн сайн дурын буюу сонгон хэрэглэх хэлбэрээр батлан гаргах болжээ.

    Ялангуяа шилжилтийн эдийн засагтай орнууд болон Европын Холбоонд гишүүнээр элссэн Зүүн Европын улсууд үүнийг хуульчлан хэрэгжүүлж байна. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын хэмжээнд техникийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, харин стандартаар худалдаанд саад тотгор учруулахгүй байхаар тохиролцжээ. Иймээс манай улс худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд хатуу тогтоосон стандартыг заавал мөрдөхийг шаардаж ажилд нь саад учруулахгүй байх, олон улсын дэвшилтэт техник, технологи, үйлчилгээг стандартаар дамжуулан нэвтрүүлэхэд чөлөөтэй нөхцөл бий болгох шаардлагатай болоод байна.

    Энэ үүднээс Европын Холбооны туршлагаар стандартыг сайн дурын буюу сонгон хэрэглэх хэлбэрт шилжүүлэхийг зорьж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    УКРАЙН УЛСТАЙ ХАМТРАН ОНЦГОЙ БАЙДЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ

    “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар, Украйн Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хэлэлцээрт энэ оны 6 дугаар сарын 29-ний өдөр талууд гарын үсэг зурсан юм.

    Хэлэлцээрт онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, үр дагаврыг арилгах чиглэлээр хамтран ажиллах тогтолцоо бий болгох, онцгой байдлын үед мэдээлэл солилцох, харилцан туслах, гамшгийн хор уршгийг арилгахад харилцан тусламж үзүүлэх, боловсон хүчин бэлтгэх, гамшгийн аюулаас болж хүрээлэн байгаа орчин, иргэдийн эрүүл мэндэд учруулж болзошгүй эрсдлийг үнэлэх зэрэг олон асуудлыг тусгасан байна.

    • “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын зарим ажилд шаардагдах санхүүжилтийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр шийдвэрлэхээр зорьж байна. Асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд нэмэлт оруулахаар тогтлоо. Дээрх төслүүд хэрэгжсэнээр 23600 гаруй айлын хувийн болон нийтийн орон сууц баригдах юм. 
    • Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг татан буулгаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг орон тоо, төсвийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэхээр болов.
  • Сэлбэ гол сэргэж, Улаанбаатарчууд өнгө төрхөөр сэлбэгдэнэ

    Сэлбэ гол сэргэж, Улаанбаатарчууд өнгө төрхөөр сэлбэгдэнэ Цагтаа Нийслэлчүүдийн балгаж, бас тоглож, бүр цаашилбал тэдний залуу насны түүхийг бичилцэж явсан Сэлбэ гол эдүгээ дурсамж төдийхөн болсон гэхэд бараг хилсдэхгүй. Урсгал ус нь татарч, улс амьтны хөлд гундан ширгэж байгаа энэ гол тэгвэл одоо сэргэх нь. Зүлэгтэй, ногоон байгууламжтай явган хүний замтай,гол руугаа буудаг 13 шат бүхий гарцтай, өвлийн улиралд гулгах талбайтай гээд амралт зугаалгын орчин болохоос гадна хөрсний ус, гадаргын усыг нь ч давхар шийдэх  гарцыг олжээ. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар энэ ажлыг хийж буй  бөгөөд УИХ-ын гишүүнийх нь хөрөнгө оруулалтаар энэ бүтээн байгуулалтыг эхэлж байна. “ Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төсөл” хэмээн нэрлэж байгаа  тус  арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийж, ёслолын ажиллагаанд Засгийн газрын тэргүүн С.Батболд оролцлоо.

    Эдийн засаг хөгжихийн хэрээр, иргэддээ хүрсэн үйлчилгээг үзүүлж тэдний амьдрах орчин нөхцөл сайжрах юм бол бидний явуулж буй бодлого үр дүнд хүрч байна гэсэн үг. Монгол улсын хувьд эдийн  засгийн сайн өсөлт гарч байгаа, харин үүнийгээ зөв газар руу шийдэж өгөх нь хамгийн чухал бөгөөд үүний нэг тод жишээ нь ч өнөөдрийн арга хэмжээ болж байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд  тус ажиллагааны үеэр онцолж байв. Хүний үйл ажиллагаанаас болж ширгэсэн Сэлбэ голыг хүний үйл ажиллагаагаар дахин сэргээх болно, гэхдээ энэ ажлыг сэтгэл хөөрлөөр өнөө маргаашаа бодож шийдэх ёсгүй юм гэдгийг тэрбээр дурьдаад, шинжлэх ухааны үндэстэй байгалийн унаган зохицолдоог хангасан, орчин цагийн технологийн дэвшлийг ашиглан хурын усны урсацыг тохируулан гүний усыг татах хэлбэрээр Сэлбэ голыг сэргээн шийдвэрлэж байгаа гэдгийг онцоллоо.

    Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж, түүнийг нь Засгийн газраас дэмжиж санхүүжилтыг нь шийдэж байгаа  нэг ажил нь Сэлбэ голоо сэргээхээр ярьж буй энэ ёслол  болж байна ч гэдгийг  мөн дурьдаж байлаа. Сэлбэ голыг сэргээх энэ төслийн эхний ээлжийн ажил Зуун айлын энэ гүүрнээс эхэлж, Арслантай гүүр хүртэлх 1.2 км газар үргэлжлэх юм. Ирэх жил нээлтийг нь хийх бөгөөд энэ ажил цаашид үе шаттайгаар үргэлжлэх ажээ. Нийтдээ тус төсөлд хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа бөгөөд  нэг тэрбум төгрөгийг нь  Ерөнхий сайд УИХ-ын гишүүнийхээ хөрөнгө оруулалтаар гаргаж,  энэ бүтээн байгуулалтын эхлэл болголоо.Одоогоор 700-гаад сая төгрөгийн ажил хийгдэж байгаа юм байна.

    Ерөнхий сайдын санаачилсан гэгээлэг сайхан  энэ ажил цаашид олон гишүүдийг төдийгүй Улаанбаатарчуудыг уриалан дуудсан арга хэмжээ болох байх аа. “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төсөл”-ийн барилгын ажлыг ”Газар шим- Норбу” хамтарсан консерциум гүйцэтгэж байна. “ Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төсөл”-ийн нээлтийн ажиллагаанд Сүхбаатар  дүүргийн иргэдийн төлөөлөл, оюутан залуучууд ч оролцлоо. Монгол улсын ардын жүжигчин Г.Хайдав гуай 1933 оноос хойш Сэлбэ голыг мэддэг байсан төдийгүй энэ голын уснаас балгаж явснаа ч хуучилсан.

    Тэрбээр энэ сайхан голыг сэргээх, бүр цаашлаад хотхон маягт оруулахаар санаачилга гаргаж, хөрөнгө оруулалт хийж байгаа Ерөнхий сайдад талархал илэрхийлж, энэ үйлст өөрийн зүгээс үхэн үхтлээ зүтгэх болно гэдгээ илэрхийлж байсан. Харин оюутнуудын төлөөллийн ярьсан зүйл  анхаарал татаж байв. Тэд энэ талаар үе үеийн олон улс төрчдөд хандаж байсан ч хэн ч шийдэл гаргаж байгаагүй гэдгийг дуулгаад, Ерөнхий сайдын санаачилсан энэ ажилд амжилт хүслээ. 30 гаруй мянган  оюутнуудын гарын үсэг бүхий талархлын захидлыг ч мөн  гардуулаад авсан. Үүгээр зогсохгүй тэд уг арга хэмжээний дараа Сэлбэ голыг цэвэрлэлээ

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНЭУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНЭУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа Манай улсад төрийн айлчлал хийж байгаа БНЭУ-ын ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патилд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр бараалхлаа. Уулзалтын эхэнд  Ерөнхий сайд С.Батболд эрхэмсэг зочин, БНЭУ-ын Ерөнхийлөгчийг Монгол улсад тавтай айлчлахыг хүсч, энэ айлчлал нь Монголын тулгар төрийн  2220, Их Монгол улс байгуулагдсаны  805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын түүхт  90 жилийн ой зэрэг онцгой жил давхцсан үеэр тохиож байгаагаараа чухал болж байгааг тэмдэглэлээ.

    Түүнчлэн  2009 онд Гадаад хэргийн сайд байхдаа Энэтхэгт тантай уулзаж байсан бол, энэ удаа эх орондоо дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлоод, эрхэм ерөнхийлөгчийн  айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна хэмээн тэмдэглэлээ. Монгол, Энэтхэг  хоёр улс нь олон зуун жилийн уламжлалт харилцаатай төдийгүй энэ  нь түүхийн, шашны, соёлын гэх мэт харилцаагаар холбогдон явж ирснийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд дурьдаад, Энэтхэг улс нь  Монгол улсын ойрхон гуравдагч хөрш бөгөөд сэтгэл санааны хувьд ч хоёр ард түмэн дөхүү байдгийг онцолж байв.

    Мөн Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёр орон 2 талын харилцааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэхээр хамтран ажиллаж байгааг уулзалтын үеэр тэмдэглэлээ. Энэтхэг улс нь дэлхийн хамгийн том ардчилсан улс, ийм том улстай адилхан Монгол улс ч гэсэн  ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж хамт яваадаа  бахархаж  явдаг гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлоод, энэ долдугаар сараас эхлэн Монгол улс ардчиллын хамтын нийгэмлэгийг хоёр жилийн хугацаанд даргалах болсон гэдгийг тэмдэглэж байв.  Монгол улсын Ерөнхий сайд нь Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалах Үндэсний зөвлөлийг тэргүүлж байгаа ажээ.

     Дэлхий дахинд ардчиллыг түгээх үйлсэд Энэтхэг улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг Ерөнхий сайд уулзалтын үеэр илэрхийлэв. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  Энэтхэг улс  эдийн засгийн хөгжлөөрөө асар их дэвшил гаргаж байгаад нь баяр хүргэлээ. Түүнчлэн Монгол улсыг ардчилал, зах зээлийн шинэ тогтолцоонд шилжих үед дэмжлэг туслалцаа үзүүлсэнд нь, мөн Энэтхэгийн Засгийн газраас өмнө нь олгосон 25 сая ам.долларын хөнгөлттэй зээл нь дэлхийн эдийн засгийн хямралын үр дагаврыг гэтлэн давахад ихээхэн  тус дэм болсонд талархаж буйгаа энэ үеэр илэрхийллээ. БНЭУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн  айлчлалаар тус улсаас  20 сая ам.долларын хөнгөлттэй зээл олгохоор болж байгаад Монгол улсын Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

     

    Өнгөрсөн тавдугаар сард Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны гуравдугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болсон бөгөөд хоёр талын хамтын ажиллагаанд  чухал механизм болсон гэдгийг дурьдаад , тэндээс гарсан шийдвэрт Монгол улсын Засгийн газар онцгойлон анхаарна гэдгээ уулзалтын үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэлээ.  Мөн хоёр улс нь бие биенээ нөхсөн,харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа, тухайлбал уул уурхай, мэдээллийн технологи, дэд бүтэц, хөдөөгийн хөгжил, эрүүл мэнд зэрэг нь хамгийн ирээдүйтэй салбар юм гэдгийг Ерөнхий сайд онцлоод, эдгээр салбарт хөрөнгө оруулалтыг ихэсгэх, түүнчлэн  аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа чухал болохыг тэмдэглэлээ.

    Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа  монгол оюутны тоог 20-иор нэмж байгаа явдалд Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Мөн түүнчлэн сургалтын хүрээг нэмэгдүүлж буйд  ч талархаад, шинжлэх ухаан технологи иновацийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ч дуулгалаа. Олон улсын  олон талт хамтын ажиллагаа,  ялангуяа НҮБ-д Монгол улс аюулгүйн  зөвлөлийн байнгын бус гишүүнээр элсэх хүчин чармайлтад Энэтхэг улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын төгсгөлд тэмдэглэн хэллээ.   

    Түүнчлэн БНЭУ-ын Ероөнхийлөгчид эрүүл энх, аз жаргалыг хүсч, Энэтхэгийн ард түмэнд дэвшил цэцэглэлтийн ерөөлийг дэвшүүллээ. Мөн Энэтхэгийн ерөнхий сайд, доктор Манмохан Сингхд халуун мэндчилгээ уламжлахыг хүслээ.

    Харин БНЭУ-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил халуун дотно найрсаг хүлээн авсанд талархал илэрхийлээд, 2009 онд Гадаад хэргийн сайдын хувьд уулзаж байсан бол энэ удаа Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гэлээ. Айлчлалын үеэр чухал үр дүнтэй хэлэлцээрүүд хийсэн гэдгээ эрхэм зочин дурьдаад, Энэтхэг улс нь Монгол улсыг Зүүн Ази дахь  стратегийн түнш гэж  үзэж явдгаа илэрхийллээ.

    Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалах үедээ Монгол улс энэ үйл ажиллагаагаа улам хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ. Мөн хоёр орны Батлан хамгаалах болон аюулгүй байдлын байгууллагууд  идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа БНЭУ-ын Ерөнхийлөгч илэрхийллээ. Боловсролын салбар бол хоёр орны хамтын ажиллагааны хамгийн чухал салбар бөгөөд Энэтхэг улс нь Монгол улсад зориулж Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоогоо нэмж байгаадаа баяртай байна хэмээн тэмдэглэв.  

    Түүнчлэн эрчим хүч, цөмийн энергийг энхийн зорилгод ашиглах хамтын ажиллагааг эрчижүүлэх саналтай байгаагаа эрхэм зочин дуулгалаа. Мөн иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр орны хооронд шууд нислэг тогтоохын чухлыг БНЭУ-ын ерөнхийлөгч тэмдэглээд, удаан хугацаагаар Энэтхэгт суралцах иргэдийн визийг тав хүртэлх жилээр   олгох  шийдвэр гарсныг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ. БНЭУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бизнес форум зохион байгуулагдаж, энэ үеэр ажил хэрэгч хүмүүсийн хэлхээ холбоо өргөжих боломж нээгдэнэ  гэдэгт итгэлтэй байна хэмээн эрхэм зочин уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ

     

  • Ерөнхий сайд С.Батболд Буриадын Ерөнхийлөгчтэй уулзлаа

    Ерөнхий сайд С.Батболд Буриадын Ерөнхийлөгчтэй уулзлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тус улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бараалхав. Ах дүү буриадын нутагт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Улаан-Үд хотын 345 жилийн ойн баярын мэндийг Ерөнхийлөгч В.В.Наговицынд хүргэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс хил орчмын бүс нутагтай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гээд энэ бүс нутагт хоёр орны худалдааны эргэлтийн 70 орчим хувь ногддог,сүүлийн үед худалдааны тэнцвэрт байдал бий болж нааштай үзүүлэлтүүд гарч байгааг хэлэв.

    Бараа эргэлт нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, хялбаршуулах,түргэн шуурхай болгох шаардлага байна. Энэ талаар хоёр талын эрх барих дээд байгууллага анхаарах, Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлээр тодорхой алхам хийж байгаагийн адил Оросын тал ч  анхаарч байгаа гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ.

    Мөн хоёр талаас ажлын хэсэг гарч шалган нэвтрүүлэх дээр гарч байгаа хүндрэл, саад бэрхшээлийг шийдэх зөвлөмж гаргахаар боллоо. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын хувьд энэ чиглэлийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах энэ талаархи төсөл, байр сууриа хууль тогтоох дээд байгууллагадаа уламжлахад бэлэн байгаагаа Ерөнхийлөгч В.В.Наговицын Ерөнхий сайдад хэллээ.   

    ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад хүрэлцэн ирсэнд нь Ерөнхийлөгч В.В.Наговицын Ерөнхий сайд Батболдод талархал илэрхийлээд таны тэргүүлсэн  Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны үр дүнд Монголын эдийн засаг  эрчимтэй хөгжиж байгааг харахад бахархалтай байна гээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв. Тэрээр Ерөнхий сайд С.Батболдын хэлсэнтэй санал нэг байгаагаа хэлээд хоёр талын худалдаа эргэлт түүний дотор Монголоос Буриад руу чиглэсэн экспортын хэмжээ жилээс жилд өсч, худалдааны тэнцвэрт байдал бий болсныг тэмдэглэлээ.

    Монголын аж ахуйн нэгжүүд Буриад Улсын газар нутагт хөрөнгө оруулалт хийх,тухайлбал  хөргөлтийн агуулах барих болсон нь Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэхэд  ихээхэн үүрэг гүйцэтгэх болно гэлээ. Мөн иргэний нисэхийн байгууллага Улаан-Үд хотноо засвар үйлчилгээгээ хийлгэх, аж ахуйн нэгжүүд жижиг оврын онгоц худалдан авахаар гэрээ хэлцэл хийх сонирхол бий болж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч В.В.Наговицын Засгийн газрын тэргүүнд илэрхийллээ.

    Аялал жуулчлалын салбар хөгжиж байгааг дагалдан бага оврын нисэх онгоцны үйлдвэрлэл хөгжиж байгааг мөн тэмдэглэлээ. Мөн уулзалтаар талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлалын салбар болон иргэд хоорондын харилцан зорчих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа харилцан илэрхийллээ.

    Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын 20 жилийн ойн ёслолд оролцов. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын төрийн дээд одонгоор Ерөнхий сайд С.Батболдыг  шагнасныг Ерөнхийлөгч В.В.Наговицын энэ үеэр гардууллаа

     

  • Ерөнхий сайд С.Батболд Байгалийн эдийн засгийн форумд оролцож байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Эрхүү хотноо болж байгаа Байгалийн эдийн засгийн форумд оролцож байна. Тус форумын нээлтэд Ерөнхий сайд хэлсэн үгэндээ бус нутгийн хамтын ажиллагаа, түүнд Монгол Улсын идэвхтэй оролцооны талаар хөндлөө. Бүс нутгийг хамарсан дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал гэх мэт томоохон төслүүдэд Монгол Улс идэвхтэй оролцоход бэлэн байна гэлээ.

    Мөн дараа жилийн форум буюу наймдугаар хурлыг аялал жуулчлалын сэдвээр хийхийг санал болголоо. Энэ удаагийн байгалийн эдийн засгийн форумын нэг гол сэдэв нь “Эрчим хүчний салбарын хөгжил”, мөн Алс дорнодыг хөгжүүлэх төрийн бодлого болон стратегийн хөгжил гэсэн сэдвүүд байх ажээ. Өнөөдөр тус чуулганд оролцож байгаа улс орны тэргүүлэгчидтэй хоёр талын уулзалтууд хийж байна

  • Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ

    Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Эрхүү хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Амбан захирагч Д.Ф.Мезенцев 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бараалхав. Байгалийн эдийн засгийн чуулга уулзалт болон Эрхүү хот байгуулагдсаны 350 жилийн ойн арга хэмжээнд урьсанд Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлэв. Хоёр талын болон Ази-Номхон далайн бүс нутаг дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар олон чухал асуудал хэлэлцэх энэ чуулга уулзалтад Монгол Улс ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгааг тэрбээр тэмдэглэлээ.

    Уламжлалт, сайн хөрш манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үүнд Амбан захирагчийн оруулж байгаа хувь нэмрийг Ерөнхий сайд өндрөөр үнэлж байдгаа хэллээ. Хоёр орны худалдааны нийт эргэлтийн 70 орчим хувь нь Сибирийн бүс нутагт ногддог. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны Засгийн газар хоорондын комисс болон бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

    Хийн хооолойг Монголоор дайруулах асуудал харилцан ашигтай гэдгийг Ерөнхий сайд дахин хөндөж, үүний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах боломжтой гэв. ОХУ манай улсаас мах авахаа 2010 оны 9 дүгээр сарын 14-нөөс зогсоосон талаар уулзалтын үеэр яригдлаа. Энэ хоригийг цуцлуулахын тулд Эрхүү муж өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэлэв.

    Мал эмнэлгийн асуудал байгаа хэдий ч Латин Америкаас мах авсны оронд Монголоос авах нь илүү хямд, ашигтай гэдгийг Амбан захирагч Д.Ф.Мезенцев онцлон тэмдэглэлээ. Одоогоор Эрхүүгийн их, дээд сургуулиудад 800 орчим монгол оюутан суралцаж байна. Тэдний тоог нэмэгдүүлэх, тэтгэлэгтэй оюутны тоог өсгөх, хувиараа сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөх шийдвэр гаргах гэж байгаагаа Амбан захирагч уламжиллаа.

    Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа Амбан захирагч илэрхийлж, Эрхүү хотын эмч нарын тусгай галт тэргийг ойрын үед Монгол Улсад аялуулж, үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, эмчилгээ хийлгэхээр уулзалтын үеэр тохиролцов.

                БАЙГАЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 7 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

    ОХУ-ын Эрхүү хотноо эхэлсэн Байгалийн эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэллээ. Манай улсын төр, засаг энэ чуулга уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, өндөр хэмжээний төлөөлөгчдөө оролцуулдаг уламжлалтай. Тухайлбал, УИХ-ын дарга, орлогч дарга, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчид өмнө нь оролцож байсан. Төлөөлөгчдөө оролцуулах нь чуулга уулзалтын үеэр яригдаж байгаа бүс нутаг, улс орон дамнасан томоохон төсөл, арга хэмжээтэй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогоо уялдуулах, оролцох боломж, арга замыг хайхад чухал нэмэртэй юм.  

    Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр яригдсан олон улсын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх санал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаарх зөвлөмжийг ОХУ-аас Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай хийх харилцаа, хамтын ажиллагааны бодлогын баримт бичиг, Дорнод Сибирь, Алс Дорнодын хөгжлийн талаар гаргах ОХУ-ын Засгийн газрын шийдвэрт тусган хэрэгжүүлдэг байна.  

    Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч А.П.Торшин, ОХУ-ын “Ростехнологи” корпорацийн Ерөнхий захирал Ё.В.Чемезов нартай уулзав. Тэрбээр дараа нь Монгол Улсын Ерөнхий консулын газарт зочилж, Монгол Улсын Засгийн газраас Эрхүү мужид монгол гэр бэлэглэх ёслолд оролцлоо