Төлөөлөгчдийн тэргүүн нар аа,
Хүндэт нөхөд өө,
Хатагтай, ноёд оо,
Ярославль хотод болсон онгоцны ослын улмаас олон хүн амь эрсдсэнд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Энд хуран цугласан Та бүхний амрыг айлтгахын ялдамд Зүүн Сибирийн төв болсон үзэсгэлэнт сайхан Эрхүү хотод урьж, Байгалийн эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалтад оролцож, үг хэлэх боломж олгосон тус уулзалтыг зохион байгуулагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа, тэр дундаа Сибирь, Алс Дорнодын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн боломж, чадавхийн талаар мэдээлэл, санал солилцох механизм болон төлөвшиж буй Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс өндөр ач холбогдол өгч, төлөөлөгчөө тогтмол оролцуулсаар ирсэн бөгөөд цаашид ч идэвхтэй оролцох болно.
ОХУ-тай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд улс төрийн харилцаа идэвхтэй өрнөж, бусад салбарын хамтын ажиллагаанд таатай нөхцөл бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Хоёр орны хоорондын худалдаа сүүлийн 5 жилд дунджаар 50 хувиар өсч, өнгөрсөн онд 1 тэрбум ам.доллар давсан нь 1990-ээд оны түвшинд дөхөж очсон үзүүлэлт юм. Гэхдээ хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг цаашид улам бүр дээшлүүлэх боломж их бий гэдэгтэй манай орос нөхөд санал нийлэх байхаа.
Байгаль, Сибирийн бүс нутаг нь манай экспортын уламжлалт бүтээгдэхүүнүүдийн гол зах зээл байсан билээ. Энэхүү сайхан уламжлалыг хоёр талын хамтын хүч чармайлтаар үргэлжлүүлэх, улам гүнзгийрүүлэх боломж бий гэдэгт би итгэлтэй байна. Сүүлийн үед чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хандлага өсөн нэмэгдэж байна. Монгол Улс энэхүү хандлагыг ажиглаж, бидний сонирхлыг татах эдийн засгийн интеграцийн хэлбэрүүдэд нэгдэх боломжийг анхааралтай судалж ирлээ. Манай улс одоогоор Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх, Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн ОХУ, Беларус, Казахстаны Гаалийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлахаар ОХУ-тай тохиролцоонд байна.
Манай улс Зүүн хойд Азийн бүс нутгийн бүх улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн нь тус бүс нутгийн эдийн засгийн интеграцийг хөгжүүлэхэд Монгол Улсын оролцоог хангах чухал хүчин зүйл юм. Бүс нутгийн бүх улс Зүүн хойд Азийн интеграцийн үйл явцад оролцох сонирхолтой байдаг бөгөөд Байгалийн Эдийн засгийн чуулга уулзалт нь энэ үйл явцыг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Эрдэс баялаг, түүхий эдийн их нөөцтэй Оросын Алс Дорнодын бүс нутаг болон Монголын хувьд ЗХА болон Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн эрчимтэй хөгжлийн төв болох асар их боломж бий.
Алс Дорнод, Сибирийн бүс нутгийн адил Монгол Улс ч байгалийн баялгийн нэр төрөл, нөөцөөрөө дэлхийн анхаарлыг татах боллоо. Манай байгалийн баялгийг сонирхох уул уурхайн том компаниудын сонирхол, байгалийн баялгийг боловсруулахад чиглэсэн гадаадын бодит хөрөнгө оруулалтын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэвч зөвхөн уул уурхайн салбарт тулгуурлах нь өрөөсгөл тул эрдэс түүхий эд нийлүүлэгч орон болохоос зайлсхийж, түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын нэр төрлийг олшруулах замаар олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхийг бид зорьж байна.
Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тээвэр, эрчим хүчний хангамжийн асуудал нэн чухлаар тавигдах нь гарцаагүй. Манай хоёр хөрш болон Монголын нутгийг дамнасан авто болон төмөр замын найдвартай, өрсөлдөх чадвартай, үр ашигтай сүлжээ байгуулан хямд тариф санал болгох боломж бүрдүүлбэл Европ болон Зүүн Азийг холбох гүүр болох өргөн боломж бий. Гурван улсын хооронд 3 талт дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулахаар ажиллаж буй нь энэ чиглэлээр хийж буй чухал алхмын нэг юм.
Чуулга уулзалт нь бүс нутгийн хөгжлийн асуудлаар үр бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой санал дэвшүүлэх боломжийг нийт оролцогчдод олгож байна. Тухайлбал, дараа жилийн уулзалтаар бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар голлон хэлэлцэж болох юм. Ази, Номхон далайн бүс нутгийн улс орон бүхэн өөр өөрийн онцлогтой, давуу талтай. Үүний нэгэн адил улс орон бүхэнд сул тал, бэрхшээл хүндрэл бас байгааг үгүйсгэх аргагүй. Иймд бие биенээ нөхөж, хамтдаа хөгжих нэгэн зорилго биднийг нэгтгэж байна.
Манай монголчууд “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” хэмээн хэлэх дуртай. Бид хил залгаа оршин буй бүс нутгийн хөгжлийн төлөө саахалт айл мэт нэгэн зорилго, сэтгэлээр хүчээ нэгтгэн ажиллавал бүс нутгийн хөгжлийг урагшлуулж, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх зорилго биеллээ олно гэдэгт бүрэн итгэж байна.
Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга А.П.Торшиныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын хоккейн лигийн “Локомотив” клубийн тамирчдын сууж явсан онгоц Ярославль хотын ойролцоо осолдож, олон хүний амь эрсэдсэн явдалд Монгол Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ. ОХУ-ын Эрхүү хотноо удахгүй болох Байгалийн эдийн засгийн Форумын өмнө уулзаж байгааг Ерөнхий сайд дурдаад Монголын тал энэхүү эдийн засгийн форумд өндөр ач холбогдол өгч байгаа. Олон Улс, бүс нутгийн олон арга хэмжээ зохиогдох төдийгүй хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэдэг итгэлтэй гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Петер Шалерыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа ноён Петер Шалерт Монгол Улсад Элчин сайдаар томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргээд олон улс оронд ажиллаж асан туршлагатай дипломатч томилогдсонд талархаж байна гэлээ. Мөн Монгол Германы хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхтэй хөгжүүлэх боломж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд ХБНГУ бол манай улсын Европ дахь том түнш. Монголын 40 мянга гаруй иргэн герман хэлээр ярьдаг. Энэ хүмүүс хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал гүүр болж байдгийг Ерөнхий сайд дурдлаа.
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачлан хэрэгжүүлж байгаа “ Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн хөтөлбөрийн нээлтэд NBA-ийн өнөө цагийн супер од Двайт Ховард оролцлоо. Ерөнхий сайдын хувьд сагсан бөмбөг сонирхогч төдийгүй Монголын сагсан бөмбөгийн холбоог байгуулж,дэмжлэг үзүүлж бүр санхүүжилт өгч NBA-ийн зарчмаар сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулцаж явсан түүхтэй. Хүүхэд багачуудыг спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг монгол хүнийг бий болгоход чиглэгдэж байгаа “ Монгол мөрөөдлийн баг” хөтөлбөрийн нээлтэд монголын сагсан бөмбөг сонирхогч хүн бүрийн шүтээн, цэнхэр дэлгэцээр хэдийнээ танил болсон Ховард оролцож байгаа нь бэлэг дэмбэрэлтэй сайхан зүйл болж байгааг Бөхийн өргөөнд цугларсан мянга мянган залуучуудад хандан Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэн хэлж байлаа.
Генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нараа,
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын /ОУШХБ/ ерөнхий захирал Уиллиам Лэйси Свингийг хүлээн авч уулзлаа. Цагаачлал, шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд явуулдаг энэ байгууллага манай улстай хамтран ажиллаж дэмжиж ирсэнд талархаж байдгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдуулзалтын эхэнд тэмдэглэлээ.
ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ ЗАХ ЗЭЭЛИЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ
Энэ жил манай улс 420 мянган тонн үр тариа хураан авах боломж бүрджээ. Энэ бол сүүлийн 20 жилд авч байгаагүй арвин их ургац бөгөөд чанарын хувьд маш сайн, үр тариа төдийгүй төмс хүнсний ногоо ч сайхан ургасан байна. Рекорд тогтоох энэ ургацаа хураан авахад тэнгэр хангай сайхан байгаасай гэж хэн хүнгүй залбирч байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд даваа гаригт газар тариалангийн гол бүсүүд болох Сэлэнгэ сумын Сайхан, Баянгол, Мандал болон Төв аймгийн Сүмбэр сумдаар явж ургац хураалтын ажил байдалтай танилцах үеэр очсон газар бүрийн тариаланчид ийм мэдээллийг өгч байв.
Дэлхийн стандарт боловсролыг монголд нутагшуулах Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан ажлын эхлэл энэ хичээлийн жилийн онцлог болж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий боловсролын сургуулиуд энэ жилээс эхлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартаар хичээллэж эхэллээ. Монгол орны боловсролын салбарын шинэчлэлийн том хуудсыг хамтдаа нээсэн энэ жилийн есдүгээр сарын 1 буюу эрдмийн баярыг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн гэр хорооллын 58 дугаар сургуулийнхантай цугтаа угтлаа. Сурлага, урлаг спортын өндөр амжилтаар ч тус сургуулийнхан энэ хичээлийн жилээ эхлүүлж байгаа аж.