Blog

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг Дундговь аймгийн ахан дүүс, ард иргэд ээ

    70 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    Монгол нутгийн дуу хуурын хөг аялгуу, айраг найрын хоймор болсон Дундговьчууд Та бүхэндээ аймаг байгуулагдсаных нь түүхт 70 жилийн ойн халуун дотно мэндчилгээг Засгийн газрын нэрийн өмнөөс болон хүүгийн хувиар хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дундговь аймаг миний сэтгэлд ойр байдаг.Ээжийн минь төрсөн нутаг, миний хүүхэд насны минь гэгээн дурсамж энэ сайхан нутагтай холбоотой билээ.

    Манай Дундговь аймгийн 70 жил Монголын түүхийн дүүрэн билэгтэй, өлзий ерөөлтэй олон чухал ойнуудтай давхцан тохиож буйд билэгшээж байна. Тиймээс Дундговьчууд Та бүхэндээ Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Төв халхын нутагт амьдран суугаа бид энэхүү тэгш ойнуудыг бусдаас илүү хүндэтгэл, ёслолтой тэмдэглэн өнгөрүүлэх эрхтэй. Монголын тулгар төрийн эх сурвалж болсон Хүннүчүүдийн амьдарч ирсэн ул мөр, дурсгал Дундговь аймгийн Ярх, Замбага хайрхан ууланд их бий.

    Мөн бидний 100 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол төлөөлөгч, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Г.Чагдаржав энэ нутгаас төрөн гарсан билээ. Бид энэхүү эрхэм хүнийхээ гэрэлт хөшөөг өөрийн үүсгэн санаачилж, амжилтанд хүргэсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалынх нь 100 жилийн ойгоор төрөлх нутгийнх нь төв талбайд босгож, мөнхжүүлж байгаа нь санаандгүй хэрэг биш юм. 90 жилийнх нь ойг тэмдэглэж буй Ардын хувьсгалын партизан, ахмад дайчид, эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг эх орончид энэ нутгаас олон төрсөн билээ.     

    Энэ мэт утга учиртай тэмдэглэн өнгөрүүлэх их ойн жил улс орон маань амжилт бүтээл, хөгжил дэвшил, итгэл найдвар, бахархал омогшил, гэгээн ирээдүйг дагуулж ирлээ. Бид эцэг өвгөдөөс өвлүүлж, уламжлуулсан эрдэс баялагийнхаа ачаар дэлхий дахины анхаарлын төвд орлоо. Уул уурхайн олон үйлдвэрүүд эх сууриа тавьж, улс оронд маань хөгжих боломж нээгдлээ.

    “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” зэрэг бодлогын бичиг баримтын хүрээнд мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүллээ. Байгаль цаг уурын таатай орчин, малчдынхаа хичээл зүтгэлээр энэ онд улсын хэмжээнд 13 сая орчим төл бойжуулж, ойрын жилүүдэд байгаагүй амжилтыг үзүүллээ. Газар тариалангийнхаа салбарт ч ихээхэн амжилтанд хүрлээ. Айлаас гуйдаг биш авдраа уудалдаг болж, улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангаж эхэллээ. “Атрын III”аяны үр дүнд гурилын үйлдвэрлэл сүүлийн 2 жилийн дотор 2.2 дахин нэмэгдлээ.

    Энэ жилийн дэлгэр зун, налгар намар, ажилсаг тариаланчдынхаа ачаар илүү их ургац авна гэсэн өөдрөг бодол, төсөөлөл бидэнд байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар уул уурхайгаас гадна хүнсний, бүтээн байгуулалтын олон шинэ үйлдвэр эх орны минь өнцөг булан бүрт ашиглалтанд орж байна. Эдгээр амжилт, ололтыг дагаж эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагасын байдлаар 9.7 хувьд хүрлээ. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гурван сая орчим төгрөг боллоо. Эдийн засгаа эрчимжүүлэх, ард иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх үүднээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого ажил болж байна.

    Байгалийн баялагаа иргэн бүртээ тэгш шударга хүртээх зорилгоор Таван толгойн орд газрын хувьцаанаас 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй хүртээх шийдвэрийг Хамтарсан Засгийн газар гаргаад удаагүй одоо ажил болгох шатандаа орж байна. Оюу толгой, Тавантолгойн орд газрыг дагасан их бүтээн байгуулалт эхэлж байна. Стратегийн орд газруудаа түшиглэж барилгын материалын, хими, гангийн, металлург, эрчим хүчний зэрэг үйлдвэрүүдийг Сайншанд цогцолбор болгон говийн бүс нутагт барихаар болсон.

    Үүнийг дагаад говийн бүс нутагт хөгжлийн, бүтээн байгуулалтын томоохон ундарга нэмэгдэнэ. Уул уурхайн орд газраа, аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлтэй холбох шинэ төмөр замын суурийг тавьж ажлыг нь эхлүүллээ. Манай Засгийн газар бүх аймгийг холбосон хатуу хучилттай авто зам, дундаж орлоготой иргэдэд зориулсан орон сууцны томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн өсөлтөд тулгуурлан ирэх он жилүүдийг их бүтээн байгуулалтынх болгохоор зорьж байна. Хийснээсээ илүү ихийг хийж, бүтээснээсээ илүү ихийг бүтээж босгох үүрэг бидэнд ноогдож байна.

    Эдийн засгийн салбараас гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн, шинжлэх ухааны гээд бүхий л салбарт хийж хэрэгжүүлж байгаа зүйл олон бий. Боловсролын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхлүүллээ. Ирэх хичээлийн жил улсын хэмжээд Кембрижийн стандартаар 30 сургууль хичээллэж эхэлнэ. Үүнд Дундговь аймаг ч багтаж, дэлхийн стандартаар хичээллэх сургууль энэ хичээлийн жилээс танай аймагт үүд хаалгаа нээх сайхан мэдээг дуулгая. Их дээд сургуулиудыг цэгцэлж, хотхон хэлбэрээр хөгжүүлэхээр ажлыг нь эхлүүллээ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүллээ. Цаашид ч гэсэн нэмэх бодлого баримтлан ажиллана.

    Эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байна. Бүхэлдээ Засгийн газар томоохон зорилт тавьж түүнийгээ хэрэгжүүлэх их бүтээн байгуулалт өрнөж байна.

    Эрхэм хүндэт Дундговьчууд аа,

    Их ойн зочид төлөөлөгчид өө, 

    Одоогоос 70 жилийн тэртээ говийн бүс нутгийг хөгжүүлэх зорилгоор Дундговь аймгийн бүтээн байгуулалтын эх суурь тавигдаж, их үйлсийн ундарга өрнөж эхэлсэн юм. 

    “Ембүү дэрсэнэ ус” хэмээх эрдэнэ мэт нэртэй билэг ерөөлтэй газар эх сууриа тавьсан Дундговь аймаг өнөөдөр бүх сумньэрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, үйлдвэрлэл, уул уурхай эрхэлсэн, нэг өрхөд ногдох малын тоогоорулсдаатэргүүлсэн томоохон аймгуудын нэг болж хөгжсөн нь Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнбилээ. Тиймээс Дундговь аймгийг барьж байгуулахад оролцсон бүх ард иргэдэд 70 жилийн ойн баярын мэнд хүргэж талархал дэвшүүлж байна.

    Өнөөгийн Дундговь бол бидний өвөг дээдсийн нөр их хөдөлмөр, уйгагүй ажиллагааны үр дүнд байгуулагдсан аймаг юм. Харин өнөө ба маргаашийнхны санал санаачилга, идэвхитэй байр суурь, мэдлэг боловсрол, нутгаа гэсэн чин сэтгэл, өрсөлдөх чадвараар Дундговь нутгийн хөгжлийн түүх үргэлжлэн бичигдэнэ. Тиймээс Дундговь нутгийн хөгжлийн түүхийг баяжуулж, бэхжүүлэх, шинэ шатанд гаргах шинэ үеийхнийхээ их үйлст нь амжилт хүсье. 

    Дундговь нутгаас манай улсын нэрийн хуудас, монголын ард түмний хийморь бахархал болсон Зууны манлай  уртын дуучин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Намжилын Норовбанзад, Монгол Улсын ууган гавьяат жүжигчин, Зууны манлай уртын дуучин Жигзавын Дорждагва, Монгол Улсын алдарт гавьяат дуучин Цэнджавын Төмөр тэргүүтэй олон алдартнууд төрөн гарсан. Тиймээс Монголын ард түмэн Дундговь аймгийг “Дуу хуурын их өлгий” хэмээн эртнээс эдүгээг хүртэл хүндэтгэн хүлээн зөвшөөрч, бахархан биширч ирсэн билээ.

    Энэхүү бахархал бишрэлийг өнөө үеийнхэн ч гэсэн нэр төртэй өргөж явна. Дундговь аймгийнхан маань дуу хуурын их өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийн тулд Улаанбаатар хотод “Дуу хуурын өлгий-Дундговь” урлаг соёлын өдрүүдийг хоёр удаа, “Зууны манлай уртын дуучны хөшөө цогцолбор”, монголд анх удаа байгалийн “Задгай театр”-ыг  байгуулсанд таатай байна. Цаашид бид оюуны өв соёлоо залуу үедээ өвлүүлж, уламжлуулах, өргөжүүлэн сурталчилах талаар олон бүтээлч ажил хийж хэрэгжүүлэх үүрэгтэй. 

    Түүхт 70 жилийн хугацаанд энэ нутгаас монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, шашин соёлын гарамгай төлөөлөгч, тив дэлхийд монголыг сурталчилсан утга зохиол, урлаг, спортын алдартан, улсын болоод хөдөлмөрийн баатар, гавъяатнууд олноор төрөн гарсныг баярын энэ өдөр бахархан дурсах ёстой. Энэхүү алдар гавъяатнуудынхаа суу алдарыг мөнхжүүлж, үйлс бүтээлийг дээдэлж байх нь бидний хийж хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг байх болно.

    Дундговь аймаг адуутай, айрагтай нутаг билээ. Тиймээс айраг, найрын нутгийнхаа хийморийг бадрааж, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн баялаг, өгөөж шимийг нутаг орны хөгжлийн бодлого, ард иргэдийн амьжиргаа, санаа сэтгэгдэлтэй нийцүүлэн ашиглах хэрэгтэй. Дундговь аймгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд, малчид сүүлийн жилүүдэд байгалийн хатуу ширүүнийг даван туулж, мал аж ахуйн салбарт учруулсан хохирлыг арилгах талаар ихээхэн анхаарч ирсэн.

    Тиймээс цаашид мал сүргээ чанаржуулах, эрчимжүүлэх, үйлдэр угсааг нь сайжруулах талаар ахиц дэвшилтэй бодлого явуулах ёстой. ОХУ болон монгол эрдэмтэдийн багийн заавар зөвлөгөөний дагуу Дэрэн, Дэлгэрцогт сумын нутагт “Бэлчээр сайжруулах, тэжээлийн ургамал тарих туршилт, эрдэм шинжилгээний талбай” байгуулж, гүний худаг гаргаад байгаа нь сайн хэрэг юм. Энэ нь говь хээрийн нөхцөлд жилээс жилд доройтож байгаа бэлчээрийг сэргээх, цөлжилттэй тэмцэх том ажлын эхлэл билээ.

    Өнгөрсөн жил миний бие Дундговь аймагтаа ажиллаж ард иргэд, ахан дүүсийнхээ амьдрал ахуйтай танилцаж, санал солилцож, хөгжлийн хэтийн асуудлаар байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлсэн. Энэ үеэр Дэлгэрцогтыг Монгол Улсын жишиг сум болгох, тус сумын хүн эмнэлгийн барилгыг барих, Эрдэнэдалай сумын төвийн цэвэр, бохир усны нэгдсэн системийн барилга, байгууламжийн зураг төслийг боловсруулах, Дэлгэрцогт, Дэрэн сумын нутагт “Бэлчээр сайжруулах экологийн туршилт, судалгааны төв”-ийг байгуулах, Дундговь аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих асуудлуудыг шийдвэрлэсэн. Эдгээрийг ажил бодит ажил болж байна гэдэгт итгэж байна.

    Төрөлх нутгийнхаа 70 жилийн тэгш дүүрэн ойд оролцож, баяр баяслыг нь хуваалцаж байгаагийн хувьд зарим асуудлыг шийдвэрлэх ёстой. Тиймээс Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан төрийн ёслол хүндэтгэлийн их цагаан өргөө гэрийг дурсгал болгон өгч байна. Мөн ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор “Түмний өргөө”-г ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.     

    Сүүлийн жилүүдэд Дундговь аймаг улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн болоод хувийн хэвшлүүдийн хөрөнгөөр хүүхдийн парк, аймгийн төвийн цэвэр усны ус дамжуулах хоолой солих, “Ногоон хөгжил Дундговь”зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийж хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг юм. Монгол Улсын Засгийн газраас авто замын талаар баримтлах гол бодлого нь бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоход чиглэгдэж байгаа.

    Эхний ээлжинд уул уурхайн орд газруудтай холбогдуулан говийн бүс нутгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил явж байна. Тухайлбал Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хувийн аж ахуйн нэгжээр хийлгэж байгаа ажил нь эд өрнөөд явж байна. Одоо 104 км замыг нэмж барьж байгуулбал Мандалговийг Улаанбаатар хоттой холбох боломж бүрдэнэ. Энэхүү замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр шууд гэрээгээр хийж барихаар төлөвлөж байна.   

    Цаашид Дундговьчууд маань хүүхэд залуучуудынхаа хөгжилд анхаарч, чөлөөт цагийг нь зөв зүйтэй өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх,  өрхийн бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ард иргэд, айл өрхийн амжиргааг тэтгэх, ажлын байр нэмэгдүүлэх талаар хийж хэрэгжүүлэх зүйл их байна. Уртын дуу, морин хуурын аялгуутай түүхээ их бүтээн байгуулалтаар баяжуулж, айраг, найрын жавхаагаа ажил үйлстэй хослуулж, Дундговь нутагт минь хөгжил бүхэн цэцэглэх, хүн бүрийн ажил амьдрал дэвжиж сайхан цаг ирж байна.

    Дөрвөн цагийн уртад дүүрэн билэг тэгширсэн нутагтаа өндөр дээд, өлзий дэмбэрэлт өвөг дээдсийнхээ заяа буянд ивээгдэж, өнөө үеийнхэний мэдлэг боловсролд тэтгэгдэж, үе удмаараа аз жаргалтай амьдарч, үйлс бүтээл нь дэлгэрч байхыг ерөөе.

    Дундговь аймаг. 2011 оны 7 дугаар сар 27

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    Өнөөдрийн хуралдаанаар салбаруудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар голлон хэлэлцсэн байна.

    УЛСЫН ХЭМЖЭЭНД 13 САЯ ТӨЛ ХҮЛЭЭН АВЧЭЭ

    Улсын хэмжээнд 13 сая төл хүлээн авсан бөгөөд 97.2 хувийн бойжилттой байна. Сүүлийн 10 гаруй жил гараагүй энэ амжилтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод уламжилж, энэ тухай албан мэдээг хүлээлгэн өглөө. Тэнгэр, хангай ивээлээ хайрласнаас гадна малчид, хөдөө аж ахуйн салбарынхны хичээл зүтгэлээр ийм амжилтад хүрснийг Ерөнхий сайд онцлон баяр хүргэж, амжилтаа бататгаж, улам сайн ажиллахыг хүсэв.

    Мөн УИХ-аас дэмжлэг үзүүлж, Засгийн газар ч шаардлагатай бүх арга хэмжээг авч байсан нь хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх засаглалын хамтын ажиллагаа сайн байгаагийн үр дүн гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ.  

    МАЛ АЖ АХУЙН ӨВЛИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    Мал аж ахуйн өвлийн бэлтгэл хангуулах талаар гарсан Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан өвлийн бэлтгэл хангах талаар орон нутагт зохион байгуулж байгаа ажлын явцтай танилцан, биелэлтийг шалгаж эрчимжүүлэх, энэ чиглэлээр гарсан Засгийн газрын тогтоол, шийдвэрийг сурталчлахыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

    Мөн “Мал аж ахуйн салбарт 2009-2010 оны өвөл, хаврын улиралд тохиолдсон зудын хохирлыг арилгах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ний биелэлттэй танилцан, хэрэгжилт нь дутуу байгаа заалтуудыг бүрэн биелүүлэх арга хэмжээ авахыг даалгав. Манай улсын нийт нутгийн 90 орчим хувь нь зуншлага сайтай, Дорнод, Хэнтий зэрэг аймгийн цөөн хэдэн сум гандуувтар байна. Одоогийн байдлаар 160 гаруй мянган малчин өрхөд 43 орчим сая мал зусаж, намаржих төлөв гарчээ.

    Улсын хэмжээнд энэ жил 1 сая гаруй тонн хадлан, 40 мянган тонн гар тэжээл, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн 130 орчим мянган тэжээл бэлдэхээр зорьж байна. Улсын хэмжээнд 343 мянга гаруй га-д тариалалт хийсэн бөгөөд одоогоор ургацад нөлөөлөх ноцтой хүндрэл гараагүй байгаа тухай салбарын сайд танилцууллаа.

    Улсын хэмжээнд 1500 гаруй дугуйт трактор, 800 орчим хадуур, 660 орчим тармуур, 335 хаман боогч, 750 орчим бага оврын трактор, тус бүр 900 орчим морин хадуур, тармуур хадланд гарахад бэлэн болж, техникийн бэлэн байдал 85 хувьд хүрчээ. Энэ жил 8 дугаар сарын эхний 7 хоногт хадлангийн ажил жигдрэх төлөвтэй байна.  

    9 аймгийн 71 сумын 325 мянга га талбайд үлийн цагаан оготнотой, 5 аймгийн 22 сумын 115 мянган га-д царцаатай тэмцэж байгаа бөгөөд 7 дугаар сарын 20-ны байдлаар 90 хүртэл хувийн биелэлттэй байна. Салбарын сайдын танилцуулгаас үзвэл энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 21 аймаг, отрын бүс нутагт инженерийн хийцтэй 670 худаг, бусад санхүүжилтээр 300 гаруй худаг шинээр барихаар төлөвлөсөн. Эхний хагас жилийн байдлаар ажлын гүйцэтгэл 36 хувьтай байна.

     42 сая гаруй малыг халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд хамруулах ажил 54 хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    СТАНЦ БОЛОН УУРХАЙНУУД ХООРОНДОХ УЖГИРСАН ӨРИЙН СҮЛЖЭЭ АРИЛЖ БАЙНА

    Өнөөдрийн байдлаар Дулааны цахилгаан станцууд 20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Станц, дулааны шугам сүлжээнүүдийн их засвар, шинэчлэлийн ажлын явц дунджаар 41, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийн их засвар 30, эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын их засвар 55 хүртэл хувьд хүрчээ.  

    Нүүрсний уурхайнуудын нүүрс олборлолт, борлуулалтын гүйцэтгэл дунджаар 96 хувьтай байгаа бол эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын хөрс хуулалт 65-97,6 хувьтай байна. Энэ нь үйлдвэрлэлийн шууд алдагдал, санхүүгийн бэрхшээлээс болж уулын үндсэн тоног төхөөрөмжүүдийн засвар, үйлчилгээ удааширч байгаатай холбоотой юм.

    Харин энэ жилээс станц болон уурхайнууд хооронд үүссэн өрийн сүлжээ арилж байгааг сайд Д.Зоригт онцлон хэллээ.   

    Төвлөрсөн дулаан хангамжтай 5 аймаг, 1 сумын өвөлжилтийн бэлтгэл төлөвлөсний дагуу явж байна. Өнгөрсөн өвөл хөлдөж, хүнд байдалд орж байсан Увс аймгийн дулааны станцын өвлийн бэлтгэлийг хангуулахаар Эрчим хүчний газар, дулааны станцтай нэг жилийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд засвар 45 хувьд хүрчээ.

    Дизель станцтай Завхан аймгийн Улиастайн эрчим хүчний үйлдвэр дизель болон цахилгаан шугам сүлжээний их засвараа эхэлсэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг эрчим хүчний үйлдвэрийн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр 2 дизель станц суурилуулах сонгон шалгаруулалт зарлагдан, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулжээ.

     Танилцуулгатай холбогдуулан түлш, эрчим хүчний үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн, туслах тоноглолын засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, нүүрс болон дизель түлшний нөөц бүрдүүлэх ажлыг төлөвлөсөн хугацаанд, чанартай хийлгэхийг салбарын сайдад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВЛИЙН БЭЛТГЭЛ ТӨЛӨВЛӨСНИЙ ДАГУУ ЯВЖ БАЙНА

    Зам, тээвэр, барилга, нийтийн аж ахуйн салбарын өвлийн бэлтгэл ажлын явцын талаар сайд Х.Баттулга Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг салбарын хэмжээнд 55 ажил, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал иргэний нисэхийн салбарт 27 арга хэмжээ авахаар төлөвлөсөн бөгөөд Хөвсгөл, Ховд аймгийн Булганы нисэх буудлын барилгын их засвар, өргөтгөлийг хийж дуусгажээ.  Өмнөговь, Баянхонгор аймгийн нисэх буудлуудад шаардлагатай тоног төхөөрөмж, зориулалтын автомашиныг нийлүүлсэн байна.

    Төмөр замын салбарт хийх 15 арга хэмжээний хүрээнд суудлын болон ачааны вагонуудад засвар хийгээд байгаа тухай салбарын сайд танилцууллаа. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өвлийн бэлтгэлээ хангах чиглэл өгч, 9 дүгээр сард шалгахаар болжээ. Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, чанарт тавих хяналтаа сайжруулж, барилга, байгууламжийг хугацаанд нь ашиглалтад оруулах хуваарь гарган ажиллаж байна.

    Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа байгууллагуудын өвлийн бэлтгэл ажлын явц 71.5 хувьтай байгаа бөгөөд инженерийн шугам, сүлжээний их, урсгал засварт 1.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Төв зэрэг аймагт нийтийн аж ахуйн чиглэлээр хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бол Хөвсгөл аймгийн усан хангамжийг сайжруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байна.  

    Улсын чанартай авто замын засварыг зам засвар, арчлалтын 21 аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа бөгөөд засварын явц 59 хувьтай, нийслэлийн төсөв болон Замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа авто зам, замын засвар 80 гаруй хувийн биелэлттэй байна. Сүүлийн үед бороо их орж үер бууж байгаагаас зам эвдэрч байгаа тул жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байж, осол, хэргээс сэргийлэхийг зөвлөж байна.

    ХООЛ, ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦААГ СУНГАВ

    Засгийн газрын тогтоолоор баталсан “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-т “2010-2011” гэж заасныг “2010-2012” гэж өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийн хяналт, тандалтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хүнсний нөхөн олговор олгох замаар орлого багатай өрхийн хүн амын хоол, тэжээлийн дутлыг бууруулах, нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулах зорилгоор дээрх хөтөлбөрийг баталсан.

    Энэ дагуу орлого багатай иргэд хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр худалдан авах боломж олгохоор хүнсний талоныг 2009 оны 1 дүгээр сараас олгохоор төлөвлөсөн байсан юм. Гэвч дэмжлэг шаардлагатай иргэдийн жагсаалт гаргах, жагсаалтад багтсан иргэн бүрийн амьдралын нөхцлийг судлан хөтөлбөрт хамруулах шаардлагатай эсэхийг төрийн бус байгууллагаар тодорхойлуулах, хүнсний талон олгох журам боловсруулах зэргийг хийхэд цаг багагүй шаардагдсанаас талоныг төлөвлөсөн хугацаанаас хоцорч олгож эхэлсэн байна.

    2009 оны 11 дүгээр сарын 1-нээс 2010 оны 8 дугаар сарын 31-ны хооронд 25 мянга гаруй иргэн 1 тэрбум 127 сая гаруй төгрөгийн хүнсний талон авчээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа Азийн хөгжлийн банк “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл”-ийг 1 жилээр сунгасан учир дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг ч мөн хугацаагаар буюу 2012 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгах шаардлагатай болсон байна. Ингэснээр ирэх онд 10 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоог Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хийж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.

    ·         Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд санхүүжигдэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эхний хагас жилийн гүйцэтгэлийн явцад хийсэн хяналт, шалгалтын дүнг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд танилцуулав. Гүйцэтгэл удаашралтай, 36 хувийн биелэлттэй байгаад дүгнэлт хийж, удирдлага, аж ахуй, зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн мэргэжлийн болон санхүүгийн гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг улирал бүр хийж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад үүрэг болгож, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, санхүүжилтэд хяналт тавьж, ажлын явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Шадар сайд М.Энхболдод даалгажээ.

    ·         “Дархлаажуулалтын тухай хууль”-ийн хэрэгжилтэд хийсэн  үнэлгээний дүнг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, дархлаажуулалтын хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, вакцины агуулах барих, орон нутгийн томилолтын төсвийг нэмэгдүүлэх асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг салбарын сайдад даалгалаа.

    ·         Энэ оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо болсон худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Украйны Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд, комиссын Монголын хэсгийн дарга Л.Болдод даалгалаа.

    ·         Жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах “Чингис хаан-2012” тэмцээн, чөлөөт бөхийн А зэрэглэлийн олон улсын нээлттэй тэмцээн, Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлт, мотоциклийн бартаат замын тэмцээн, Азийн залуучуудын сагсан бөмбөгийн болон оюутны эмэгтэйчүүдийн волейболын тэмцээнийг энэ онд Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэв.

  • Манай улс цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулахыг зорьж байна

    Манай улс цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулахыг зорьж байна

    Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулах гэрээ байгуулахаар хоёр хөрш оронтой яриа, хэлцэл хийж байна. Үүнд болон 2022 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг  Ерөнхий сайд С.Батболд ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч В.И.Чуркинаас хүсэв. Тэрээр 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ноён В.И.Чуркиныг хүлээн авч уулзан хоёр орны болон НҮБ-ын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.  

    Монгол Улс, ОХУ нь НҮБ-ын хүрээнд ихэнх асуудлаар ойр байр суурьтай байдагт сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд энэ жил манай улс НҮБ-д элссэний түүхт 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглэв. Монгол Улс шилжилтийн үеэ давж, одоо эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхийг чармайж байна. Эдийн засаг тэлэхийн хэрээр ажлын байр ч нэмэгдэж байна гэж Ерөнхий сайд хэлээд цаашид Зүүн хойд Азийн бүс нутагт эдийн засгийн идэвхтэй харилцаанд оролцохыг зорьж байна. Үүнд хоёр хөрш төдийгүй бусад улс орны оролцоо, харилцаа, хамтын ажиллагаа ч чухал гэв.   

    ОХУ, Оросын ард түмэн шилжилтийн үе хичнээн хүнд байдгийг биеэрээ мэдэрч, туулж гарсан. Монголчууд ч гэсэн энэ үеийг давж, хэдийнэ эрчимтэй хөгжлийнхөө замд орсоныг энд ирээд мэдлээ гэж ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч В.И.Чуркин Ерөнхий сайдад хэлээд баяр хүргэлээ. Монгол Улс НҮБ-д элссэнээс хойшхи 50 жилийн хугацаанд нэр хүндтэй гишүүн орон болсон. Танай улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Ерөнхий ассамблейн 2 дугаар хороог ахалж байгаа нь үүний нэг илрэл төдийгүй нэр төрийн хэрэг гээд хоёр улс олон асуудлаар ижил байр суурьтай байдаг, цаашид ч энэ харилцаа, хамтын ажиллагаагаа хадгалахын чухлыг тэрээр тэмдэглэв.   

    В.И.Чуркин 40 жилийн өмнө буюу Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж байхдаа монгол хэл үзэж байсан бөгөөд манай улсад анх удаа ирсэн. Монголд элэгтэй, өөрийгөө монгол хүн гэж бодож явдагаа Ерөнхий сайдад дуулгалаа. Тэрээр манай улсад зочилж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Мөн Стратегийн судалгааны төвийн судлаачид, их, дээд сургуулийн багш, оюутан, Гадаад харилцааны яамны ажилтнуудад “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын хэлэлцээний төлөв” сэдвээр лекц уншжээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөн өдөр Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхийлөгч, доктор Рафаэл Сантонжа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тэд Улаанбаатар хотноо болж байгаа Ази тивийн аварга шалгаруулах Бодибилдинг, фитнессийн 45 дахь удаагийн тэмцээний хүндэт зочдоор уригджээ.

  • Монгол улсын гавъяат тамирчин М.Даваажаргалыг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагналаа

    Монгол улсын гавъяат тамирчин М.Даваажаргалыг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагналааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын гавъяат тамирчин, Мэргэжлийн Сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргалд 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын хүндэт өргөмжлөл гардууллаа. Улсынхаа  нэр хүндийг олон улсын тавцанд өргөж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс, ард түмнийхээ зан заншил, соёлыг ойлгуулахад их хувь нэмэр оруулж байгааг нь Засгийн газар ийнхүү өндрөөр үнэлж хүндэт өргөмжлөлөөр шагнасан байна.  

    Энэ жил түүхэн олон ой давхацсан төдийгүй Монголын ард түмэн бүтээлч ажил, хөдөлмөрөөрөө улс орныхоо хөгжил, эдийн засаг, нийгмийн  амьдралыг урагш ахиулсан амжилт дүүрэн он болж байна. Монголчууд маань эх орныхоо нэр хүндийг олон улсын түвшинд өргөж, олон сайхан жишээ үзүүлэн, урлаг, спортын олон аварга,  алдартан болж, өндөр амжилт үзүүлсэн ойн жил болж байна гэж Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв.

    Монгол Улсын гавъяат тамирчин, Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргал Засгийн газрын тэргүүнээс хүндтэй шагнал хүлээн авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүртэж яваа аваргын хувьд эх орныхоо хөгжилд гар бие оролцож, тодорхой, бодит зүйл хийж бүтээхээ амаллаа. Улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах их аваргын санаачилгыг Засгийн газрын тэргүүний хувьд бүрэн дэмжиж байгаагаа Ерөнхий сайд хэлээд эх нутагтаа сайхан амарч, бие, сэтгэлийн эрч хүч авч, улам сайн барилдахыг ерөөв.  

    Мэргэжлийн сумогийн 69 дэх их аваргыг дэвжээнийх нь шүүгч, бөхчүүд, дэмжигчид, Японы томоохон хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид дагалдан иржээ. Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл гардуулах ёслолд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат нар байлцав

  • Ази, Номхон далайн шууданчид Улаанбаатар хотноо чуулж байна

    Ази, Номхон далайн шууданчид Улаанбаатар хотноо чуулж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор Улаанбаатар хотноо Ази, Номхон далайн шуудангийн бүсийн гүйцэтгэх зөвлөлийн хурал болж байна. Энэ удаагийн хуралд 50 орны 200 гаруй төлөөлөгч оролцон бүсийн болон Дэлхийн шуудангийн холбооны технологийн үйл ажиллагааны алдаа, оноог дүгнэж, шинэчилсэн дүрмийг нь батлах юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дэлхийн шуудангийн холбооны ерөнхийлөгч Эдуард Даяан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

    Дэлхийн шуудангийн холбоо “Ази, Номхон далайн бүсийн шуудангийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал”-ыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэнд Ерөнхий сайд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ. Манай улс Дэлхийн шуудангийн холбоонд 1963 онд, бүсийн шуудангийн байгууллагад 2002 онд элссэнээс хойш дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байна гэв.  

    Монгол Улсын Засгийн газар шуудангийн үндсэн сүлжээний техник хангамжийг сайжруулах, шууданд мэдээллийн технологи нэвтрүүлэхэд онцгой анхаарч, 2010-2011 онд төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, энэ оны 5 дугаар сард “Өрх бүрт шуудан” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ. Ирэх жил болох Доха-гийн Их хурлаар Монгол Улс Шуудангийн ашиглалтын зөвлөлд нэрээ дэвшүүлэх, Дэлхийн шуудангийн холбооны Олон улсын товчоонд төлөөллөө ажиллуулах, Олон талт хамтын ажиллагааны төсөл хамтран хэрэгжүүлэхсонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

    Цаг гарган хүлээн авсанд нь Дэлхийн шуудангийн холбооны ерөнхийлөгч Эдуард Даяан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод гүн талархал илэрхийлж, холбооныхоо хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч танилцуулав. Тэрээр Ерөнхий сайдын тавьсан саналыг анхааралдаа авна гэдгээ хэлээд цаашид хамтран төсөл хэрэгжүүлэх, олон улсын байгууллагуудын зохион байгуулах арга хэмжээнд болоод Дохагийн их хуралд Монгол Улсыг оролцуулахыг дэмжихээ илэрхийлэв.

    Дашрамд дурьдахад “Монгол шуудан” компани өнгөрсөн 2 жилийн хугацаанд Дэлхийн шуудангийн холбооноос олон улсын буухиа, бичиг захидлын төрлөөр мөнгө, хүрэл өргөмжлөл авсан. Энэ нь манай шуудангийн салбар дэлхийд байр сууриа олж, гадаад солилцоо нь стандарт, технологийн шаардлагыг хангасны  баталгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол улсын Ерөнхий сайд Норвегийн ард түмэнд эмгэнэл илэрхийллээ

    НОРВЕГИЙН ВАНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭРХЭМСЭГ НОЁН

    ЖЭНС СТОЛТЭНБЭРГ ТАНАА

    Осло

    Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

              Норвегийн Вант Улсын нийслэл Осло хотод 2011 оны долдугаар сарын 22-нд гэмт этгээд бөмбөг дэлбэлж, Утоияа аралд цуст халдлага үйлдэн энгийн иргэд, түүний дотор олон тооны хүүхэд залуучуудын амийг хөнөөсөн, шархдуулсан нэн харамсалтай хэрэг болсонд Танд, танаар уламжлан амь үрэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд болон норвегийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье.

              Нийгмийн ардчилал, чөлөөт сонголт, амар тайван амьдралыг бусниулахаар санаархсан хүчирхийлэл, аллага хядлага Норвегийн ард түмнийг айлган сүрдүүлж чадахгүй гэдэгт итгэлтэй байна.

                                            СҮХБААТАРЫН БАТБОЛД

    Улаанбаатар, 2011 оны 7 дугаар сарын “ 25 ”

  • Ерөнхий сайд Японы Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Ерөнхий сайд Японы Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн,Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч И.Кога тэргүүтэй төлөөлөгчдийг 2011 оны 07-р сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд эрхэмсэг ноён И.Когаг зуны дэлгэр цагт Монгол оронд зочлон ирсэнд талархал илэрхийлээд, 2011оны 3-р сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамийн хохирлыг Японы ард түмэн богино хугацаанд даван туулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар  сэргээн босголтын үйл хэрэгт дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэлээ.

    Мөн Япон Улстай бүхий л салбарт харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дурьдаад, харилцаагаа шат ахиулан Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн гэдгийг тэмдэглэлээ. Ноён И.Кога цаг зав гарган хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд Японы ард түмэнд тохиолдсон хүн бэрх үед Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, эд материалын болон бие сэтгэлийн гүн туслалцаа үзүүлэн, хохирогчдын төлөөллийг гурван ч удаа хүлээн авсанд Японы төр, засаг болон ард түмэн талархаж байгааг хэллээ.

    Мөн өчигдөр Монголын хөнгөн атлетикийн холбооноос Японыг дэмжих 15 дахь удаагийн марафон гүйлтийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, энэ тэмцээнд цунамид хохирсон Японы хоёр иргэн оролцсоныг Засгийн газрын тэргүүнд дуулгалаа. Түүнчлэн тэрээр Японы компаниуд Тавантолгойн төсөлд оролцох сонирхолоо дахин илэрхийлсэн Японы ерөнхий сайд Наото Каны захидлыг уламжиллаа.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дархан-Уул аймаг байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг

    Дархан-Уул аймаг байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    Эрхэм хүндэт Дарханчууд аа,

    Аймаг байгуулагдсаныхаахагас зуун жилийн тэгш ойгхотол олноороо ёслол төгөлдөр тэмдэглэж байгааДархан-Уулчууд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Танай аймгийн 50 жил Монголын түүхийн олон чухал үйл явдалтай давхцан тохиож буйд билэгшээж байна. Тиймээс та бүхэндээ Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

    Их ой, их түүхийн учрал давхцсан энэ жил улс орны нийгэм, эдийн засагт ч амжилт ололт арвин, ард иргэдийн санаа сэтгэл өөдрөг байна. Манай улсын эдийн засаг өсөн тэлж, өргөжин хөгжиж байна. Уул уурхайг дагасан олон үйлдвэрэх сууриа тавьж байна. Барилга, зам тээвэр, аялал жуулчлал, худалдаа, газар тариалан, хүнсний, мэдлэгт суурилсан олон арван үйлдвэр амжилттай ажиллаж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа. 2010 онд мал аж ахуйн салбарт зарцуулах улсын төсвийн хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлж, бүх суманд Мал эмнэлэг үржлийн алба байгууллаа. Энэ жил манай улс 13 сая орчим төл бойжуулж, олон жилийн дунджаас илүү амжилт үзүүллээ. Газар тариалангийн салбарт тодорхой бодлого явуулсны үр дүнд томоохон амжилтанд хүрсэнийг Та бүхэн мэднэ.

    Улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг боллоо. Гурилын үйлдвэрлэл сүүлийн 2 жилийн дотор 2.2 дахин нэмэгдлээ. Эдгээрийг дагаад манай улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагасын байдлаар 9.7 хувьд хүрлээ. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гурван сая орчим төгрөг боллоо. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны эхний хагасын байдлаар 1.9 их наяд төгрөг байна. Ийм амжилт, ололтын үр шимийг ард иргэддээ мэдрүүлэх, хүний хөгжлийн таатай нөхцлийг бүрдүүлэх, өндөр өсөлттэй мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох талаар манай хамтарсан Засгийн газар ихээхэн анхаарч ажиллаж ирлээ.     

    Энэ зорилгоор ирэх жилүүдийг Их бүтээн байгуулалтынх болгон зарласан. Бүтээснээсээ илүүг бүтээж, хийснээсээ илүү ихийг хийхийг зорьж ажиллах болно. Оюу толгой, Таван толгойн болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зэрэг бүтээн байгуулалтын ажил үүний эхлэл нь байна. Эдгээр стратегийн орд газрыг түшиглэж металлург, хими, барилгын материалын, гангийн, эрчим хүчний зэрэг томоохон үйлдвэр барьж байгуулж, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ үеийн эхлэлийг тавих болно. Мөн танай аймагт нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг саяхан Засгийн газар гаргасан. Удахгүй ажлыг нь эхлүүлнэ.

    Уул уурхайн орд газрууд, эдийн засгийн хөгжлөө дэлхийн зах зээлтэй холбох төмөр замын бодлого тодорхой болсон. Үүний үр дүнд шинэ төмөр замынхаа шавыг тавьж ажлыг нь эхлүүллээ. Мөн аймгийн төвүүдийг холбосон авто замын сүлжээ, Улаанбаатар болон төвлөрсөн хотуудад орон сууцны хорооллын томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

    Эдийн засгийн эдгээр өөрчлөлтөөс гадна боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн салбар бүрт бодитой ажлууд хийгдэж байна. Тухайлбал, боловсролын салбарт дэлхийн стандартыг анх удаа нэвтрүүллээ. Танай аймагт ч гэсэн энэ жилээс эхлэн дэлхийн стандартад нийцсэн ерөнхий боловсролын лаборатори сургуульд хүүхдүүд сурах боломж, нөхцлөөр хангагдаж байгааг дуулгая. Кембрижийн стандартаар хичээллэх энэ сургуулийг төгссөн хүүхдүүд дэлхийн хаана ч хүссэн сургуульдаа элсэн орох боломжоор хангагдана. Өөрөөр хэлбэл манай боловсролын тогтолцоог дэлхий дахин хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм.

    Их, дээд сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх эх суурь тавигдаж, ажил нь эхэллээ. Нийгмийн хамгааллыг сайжруулж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлж Клиникийн нэгдсэн I, III эмнэлэг, I амаржих газар, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн өргөтгөлүүд, III амаржих, 300 ортой нийслэлийн Эх, нялхсын эрүүл мэндийн төвийн цогцолборыг шинээр барьж эхлүүллээ.

    Мөн олон улсын стандартад нийцсэн Үндэсний оношилгооны төв, хүүхдийн эмнэлгийг барихаар боллоо. Нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, гэр бүлийн үнэт зүйлсийг баталгаажуулах, иргэн бүрийн оролцоог бүхий л түвшинд хангах, шинэ үеийн ололтуудыг нэвтрүүлэх зэрэг салбар бүрт хийж хэрэгжүүлж байгаа ажил олон бий. Энэ бүхний үр дүнд  их бүтээн байгуулалтын орчин нөхцөл бүрдэж, эх орон маань хөгжин цэцэглэж, ард иргэдийн амьдрал бодитойгоор сайжрах болно.

    Эрхэм хүндэт Дарханчууд аа,

    Их ойн зочид, төлөөлөгчид өө,

    Одоогоос 50 жилийн тэртээ улс орныг аж үйлдвэржүүлэх, атар газар эзэмших бодлого, зорилтын хүрээнд Бурхантын хөндийд бүтээн байгуулалтын их үйлс өрнөж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц өгөхүйц томоохон байгууламжуудын анхны суурийг тавьж, олон үндэстний төлөөлөгчдийн оролцоотойгоор шанг нь татсан юм. Тийм учраас Дархан-Уул аймаг найрамдлаар овоглож, олон орны хөдөлмөрч иргэдийн хөлс, хүчээр сүндэрлэн босч, эв эеийн билэг тэмдэг болон хөгжиж ирсэн билээ.  

    Тухайн үеийн ЗХУ-ын тусламжтайгаар барьж байгуулсан Шарын голын нүүрсний уурхай, Дулааны цахилгаан станц, Барилгын материалын бааз, Байшин үйлдвэрлэх комбинат, Бүгд Найрамдах Болгар Ард Улсын тусламжтайгаар барьсан Нэхий эдлэлийн үйлдвэр, Цементийн үйлдвэр, Бүгд Найрамдах Унгар Ард Улсын тусламжтайгаар барьсан Мах комбинат, Бүгд Найрамдах Польш Ард Улсын тусламжтайгаар барьсан Цагаан тоосго, шохойн зэрэг үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн амьдралд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Тиймээс Найрамдлын Дархан хотыг барьж байгуулахад оролцож, дэмжиж тусалсан орнуудын Засгийн газар, ард түмэнд, дипломат корпусын ажилтнуудад 50 жилийн ойн баярын мэнд хүргэж гүн талархал илэрхийлье. 

     

     Бурхантын хөндийн их бүтээн байгуулалтанд олон мянган ажилчин, малчин, залуучууд аж үйлдвэр, газар тариалан, боловсрол, эрүүл мэнд, урлаг соёл, шинжлэх ухааны салбаруудад илгээлтээр ирж Дархан хотыг барьж байгуулахад оролцож, ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн. Тэдний дотроос хөдөлмөрийн баатар, гавъяат, эрдэмтэн мэргэд, урлаг, спортын алдартан олноороо төрөн гарч улс орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар байгааг баярын энэ өдөр бахдан тэмдэглэх учиртай. Тиймээс Дархан-Уул аймгийг өнөөдрийн хөгжил дэвшилд хүргэхэд анхнаас нь гар сэтгэл нийлэн ажилласан бүх хөдөлмөрч ард иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

    Танай аймагт Монголын анхны Металлургийн, Эрэл  Цемент, Нэхий эдлэл, Дулааны цахилгаан станц болон хүнсний, мах боловсруулах зэрэг голлох үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Дархан-Уул аймаг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ хүн амынхаа мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 90 орчим хувийг, гурил болон төмс хүнсний  ногооны хэрэгцээг 100 хувь хангадаг боллоо.

    Монгол Улсын Хүнсний  ногоо тариалалтын улсын  шилдэг  сумаар  Дархан, Орхон сум, мөн Дархан хот нь “Эрүүл хот”, “Цэвэр хот”-оор, их бүтээн байгуулалтын он жилүүдэд баригдсан “Морин хуур” цогцолбор нь “Орон нутгийн хамгийн сайн санаачилга”-аар, “Миний  Монгол” цэцэрлэгт хүрээлэн нь  “Шилдэг  байгууламж”-аар, Дархан хот нь “Их бүтээн байгуулалт өрнүүлсэн  хот”-оор тус тус шалгарсан нь Дарханчуудын бахархал болсон төдийгүй бусад аймагт үлгэр жишээ үзүүлж байгаа билээ.

    Дархан хот нь түүхэн 50 жилийн хугацаандаа хөгжил цэцэглэлтийн арвин их туршлага хуримтлуулж, өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц шийдэл бүхий бүтээн байгуулалтаараа улс орны хөгжлийн тэргүүн эгнээнд явж төвийн бүсийн тулгуур төв болон хөгжиж чадсан нь Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.

    Дархан-Уул аймгийн үе үеийн удирдлага, ард иргэдийн хичээл зүтгэл, улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхт 50 жилийн ойн босгон дээр нь “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасан байна. Тиймээс Дархан-Уул аймгийн удирдлага, ард иргэд Та бүхэнд үйлс бүтээлээр шалгарч төрийн өндөр, дээд одонгоор шагнагдсанд баяр хүргэж талархал илэрхийлье. Дархан-Уул аймгийн аж үйлдвэр, газар тариалангийн үйлдвэрлэл жил бүр өсч, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, атар газрыг эзэмших аянуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Цаашид жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хүн бүрийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, айл өрх болгоны хангалуун амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх ёстой.

    Дарханчууд Та бүхэн өнгөрсөн он жилүүдийг их бүтээн байгуулалтын жилүүд болгон зарлаж, улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4.7 км урттай дулааны төв магистраль 800-гийн хос шугам, Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн засвар, “Зорчигч үйлчилгээний төв”-ийн автовокзал, Дулааны цахилгаан станцын зуухны тоосон системийн технологи, 12 мВт-ын турбины тохируулгын шинэчлэл зэрэг томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн өнгөрсөн жил миний бие Дархан-Уул аймагт ажиллахдаа бүсийн 150 ортой эх, хүүхдийн төвийг барьж байгуулах, Орхон сумын төвөөс Улаанбаатар-Сэлэнгийн төв зам хүртэлх хатуу хучилттай зам, спортын цогцолбор барих зэрэг асуудалыг шийдвэрлэсэн. Эдгээр асуудлыг хэрэгжүүлж буй гэдэгт итгэж байна.

    Өнөөдөр би Дархан-Уул аймгийн ой угтсан бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, ард иргэдийн санал бодлыг сонсоно. Дархан-Уулчуудын сэтгэл, зүтгэлийг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, ирээдүйн сайн сайхны төлөө удирдан чиглүүлж, тэдний идэвх санаачилга, бүтээлч оролцоотойгоор ой угтсан бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлсэн нутгийн өөрөө удирдах болон захиргааны бүх шатны байгууллагын хамт олондгүнталархалилэрхийлье. 

     

    Их бүтээн байгуулалтын гэгээн түүхээ арвижуулж, эв эеийг эрхэмлэсэн найрамдлын нэрээ хадгалж, авъяас төгөлдөр ард иргэдийнхээ хөдөлмөр зүтгэлийг дэмжиж, амжилт ололтоо бататгаж, аймаг байгуулагдсаныхаа 50 жилийн тэгш дүүрэн ойг өргөн дэлгэр тэмдэглэхийг ерөөе. 

    Сайн үйлс бүхнийг дэлгэрүүлж, их бүтээн байгуулалтын ундарга болж байхыг хүсэе.  

    Та бүхэн тавтай сайхан наадаарай.

    2011.07.21. Дархан-Уул аймаг

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярт хэлсэн үг

    Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    Эрхэм хүндэт Сэлэнгэчүүд ээ,

    Ардын хувьсгалын өлгий нутагт аж төрөн суугаа Сэлэнгэчүүд Та бүхэндээ аймаг байгуулагдсаных нь түүхт 80 жилийн ойн халуун дотно мэндчилгээг Засгийн газрын нэрийн өмнөөс хүргэе.  

    Сэлэнгэ аймгийн 80 жил Монголын түүхийн олон чухал үйл явдалтай давхцан тохиож буйд бэлэгшээж байна. Тиймээс Та бүхэндээ Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Сэлэнгэ нутгийн газар шороон дээр амьдарч ирсэн үе үеийн монголчууд маань эдгээр дүүрэн тэгш ойтой ямар нэгэн сэжмээр холбоотой байдаг билээ. Тиймээс энэ ойнуудыг утга учиртай, өргөн дэлгэр, өнөд дурсагдахаар бахдаж тэмдэглэх бүрэн эрх Та бүхэнд бий.

     

    Монголын тулгар төрийн 2220 жилийн эх сурвалж болсон Хүннү өвгийн олон дурсгалыг хадгалсан Ноён уул Сэлэнгэ аймагт байдаг. Мянганы суут хүн эзэн Чингис хааныг Тэмүүжин нэртэй залуу хөвгүүн байхад өдгөө 805 жилийнх нь ойг тэмдэглэж буй Их Монгол Улсыг байгуулах тэмцлийн эх суурь энд л тавигдсан. Эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооны төлөөх Ардын хувьсгал энэ л нутгаас эхлэлтэйг Монгол түмэн мэднэ. Өнөөгийн Монгол орны хөгжлийн эх суурийг тавьсан энэхүү Ардын хувьсгалын 90 жилийн ойг орон даяар тэмдэглэж байна. 

    Их ойн билэг ерөөлтэй энэ жил улс оронд маань олон амжилт, бахархал дагуулж ирлээ. Эдийн засаг хөгжиж, уул уурхайн олон үйлдвэр эх сууриа тавьж, Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо. Мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг 2 дахин нэмэгдүүллээ. Ойрын жилүүдэд байгаагүй амжилтыг үзүүлж, энэ онд бид 13 сая орчим төл бойжуулж авлаа. Газар тариалангийн салбарын шинэчлэлийн бодлогын үр дүнд улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангадаг боллоо. Гурилын үйлдвэрлэл сүүлийн 2 жилийн дотор 2.2 дахин нэмэгдсэн. Хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтаар олон шинэ үйлдвэр баригдаж байна.

    Энэ бүх амжилт, ололтыг дагаж эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагасын байдлаар 9.7 хувьд хүрлээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээ гурван сая орчим төгрөг боллоо. Эдгээр амжилт, ололтоо бататгаж, эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэн бүртээ хүргэж, ирэх он жилүүдийг их бүтээн байгуулалтын жил болгохоор Засгийн газар зорьж байна. Таван толгойн орд газрын хувьцаанаас иргэн бүртээ ижил тэгш хувьцааг үнэ төлбөргүй олгох шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Өнгөрсөн зуунд хийсэн бүтээн байгуулалтаас илүү ихийг бид хийх ёстой. Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн орд газар, Сайншандын аж үйлдвэрийн бүтээн байгуулалт үүний эхлэл суурь нь болж байна.

    Стратегийн орд газруудаа түшиглэж барилгын материалын, хими, гангийн, металлург, эрчим хүчний, нефтийн томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулна. Уул уурхайн орд газрын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлтэй холбох шинэ төмөр замынхаа эх суурийг энэ жил тавьж эхэлж байна. Мөн бүх аймгийг холбосон хатуу хучилттай замын сүлжээ барьж байгуулахаас гадна орон сууцны томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

    Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн, шинжлэх ухааны гээд бүхий л салбарт хамтарсан Засгийн газар бодитой ажлуудыг эхлүүллээ. Боловсролын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг нэвтрүүлж байна. Ирэх хичээлийн жилээс танай аймагт олон улсын стандартад нийцсэн ерөнхий боловсролын лаборатори сургууль хичээллэж эхлэх ёстойг дуулгая. Их, дээд сургуулийн тоог цөөлж олон улсын стандартын дагуу кампус хэлбэрээр хөгжүүлэх бодлого тодорхой болж, эхний оюутны хотхон баригдах нөхцөл бүрдлээ. 

    Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах талаар ч олон ажил хийж байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн орчин нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ Улаанбаатар хотод эрүүл мэндийн томоохон байгууламжуудыг барьж байна. Тухайлбал Клиникийн нэгдсэн I, III эмнэлэг, I амаржих газар, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төвийг өргөтгөж байна. Мөн III амаржих газар, 300 ортой нийслэлийн Эх, нялхсын эрүүл мэндийн төвийн цогцолборыг шинээр барьж эхлүүллээ.

    Олон улсын стандартад нийцсэн Үндэсний оношилгооны төв, хүүхдийн эмнэлгийг барихаар боллоо. Энэ мэтээр нүдэнд харагдаж, гарт баригдах олон ажлыг амжуулж хийж байна. Бид хариуцлагын тогтолцоог сайжруулж, шударга ёсыг нийгмийн салбар бүрт тогтоох, гэр бүлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зэргээр оюун санаа, ёс суртахууны хүрээнд ч тодорхой өөрчлөлтүүдийг хийж байна. Энэ бүхний үр шимийг ард иргэд маань хүртэж, улс орон эрчимтэй хөгжих боломж нөхцөлөөр хангагдана. Тиймээс бид ирэх жилүүдийг их бүтээн байгуулалтынх байх болно гэж тодотгон зарлаж байгаа. Энэхүү их бүтээн байгуулалтыг Сэлэнгэ нутгийн ард иргэд Та бүхэн манлайлан ажиллана гэдэгт итгэж байна.

    Эрхэм хүндэт Сэлэнгэчүүд ээ,

    Их ойн зочид төлөөлөгчид өө, 

    Монгол орны олон гол мөрний ай сав, байгаль цаг уурын тааламжтай нөхцөл бүрдсэн Сэлэнгэ нутгийн иргэд Атрын I, II, III аяныг үе удмаараа түүчээлэн, үйлс бүтээлээрээ манлайлан хэрэгжүүлсэн бахдам гавъяатай билээ. Сэлэнгийн тариаланчид өнгөрсөн жил 171,6 мянган тонн үр тариа, 42,7 мянган тонн төмс 30,2 мянган тонн хүнсний ногоо, 1689 тн тэжээлийн ургамал хураан авч, 203,0 мянган тонн байгалийн хадлан бэлтгэсэн амжилтаараа улсдаа манлайлсан.

    Сэлэнгэчүүд Та бүхэн жил бүр улсын хэмжээний үр тарианы 60.0 орчим хувь, төмсний 30.0 хувь, хүнсний ногооны 40.0 гаруй хувийг үйлдвэрлэж, үр тарианы үйлдвэрлэлтээр улсдаа тэргүүлэх боллоо. Үр тарианы үйлдвэрлэлээс гадна алт, цемент, шохой, мод боловсруулах, хүнсний үйлдвэрлэлийн салбаруудыг амжилттай хөгжүүллээ. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухаан, техникийн ололтыг нэвтрүүлж Сэлэнгэ үүлдрийн үхэр, Орхон, Хангай, Ерөө үүлдрийн хонь, Орхон, Дархан сортын буудай, “Монгол алим” бий болгож улсдаа анх удаа жимс, жимсгэний болон балт зөгийн аж ахуйг үүсгэн байгуулсан бахархалт түүх Та бүхэнд бий. Сэлэнгэчүүд Та бүхэн мал аж ахуйгаа эрчимжүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар санаачилга зүтгэлтэй ажилласны үр дүнд 1 малаас ашигласан хонины ноос улсын дунджаас 156 грамм, сүү 160 литр, үхрийн амьдын жин 38 кг-аар илүү байна.

    Сэлэнгэ аймаг бусдад үлгэр жишээ болж ирсэн төдийгүй төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх, баг, суманд нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхээр хийж хэрэгжүүлж буй ажлын амжилт, бүтээлээрээ улсын хэмжээнд сүүлийн 5 жил дараалан хошуучилсан. Тиймээс 2009, 2010 оны ажлаар улсад тэргүүлж “Монгол Улсын шилдэг аймгаар 2 удаа, тус аймгийн Мандал сум 2011 онд төвийн бүс дэх Монгол Улсын шилдэг сумаар тус тус шалгарсанд дахин баяр хүргэе.

    Атар газрыг эзэмших, ард түмнээ эрүүл, экологийн цэвэр хүнсээр хангах, эх орныхоо газар тариалангийн салбараа эрчимтэй хөгжүүлэх их үйлсийн ололт, амжилтаа төр, засгаараа үнэлүүлж хоёр удаа “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, мөн Д.Сүхбаатарын одонт Монгол Улсын анхны аймаг болсныг 80 жилийн ойн энэ өдөр бахархан дурсаж байна. Энэ бол Монголын төр, ард түмэн Сэлэнгэчүүдээр бахархаж бас та бүхэндээ өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар, хүндлэл  өгч байгаагийн тод илрэл юм. Тиймээс амжилт бүтээлийг, шагнал үнэлэмжийг дагаж ард түмнийхээ, улс орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлага улам нэмэгдсэнийг ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

    Атар газрыг эзэмших их үйлсийн гарааг эхэлсэн илгээлтийн эздүүд энэ нутагт анхны шангаа татаж, ажил амьдралаа дэвжээж, улс орноо хөгжүүлж ирсэн. Энэхүү бахдам үйлсийн эздийн дотроос Богд хаант Монгол Улсын анхны баатар Д.Дуваа, Ялгуунбаатар Сумъяа бээс, Улсын баатар Д.Дэмбэрэл, Улсын Бага хурлын анхны дарга, партизан Г.Бумцэнд, Гадаад яамны болон Хөдөө аж ахуйн яамны сайд Н.Лхамсүрэн, Соёлын яамны сайд Ж.Сосорбарам, Тээврийн яамны сайд С.Ёндонсүрэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Л.Цэнд, Эрүүл  мэндийн сайд Б.Дэмбэрэл, Ням-Осор, П.Нямдаваа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Л.Нямсамбуу, Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн О.Чулуунбат тэргүүтэй төр нийгмийн зүтгэлтэн, Билгүүн номч, их эрдэмтэн Б.Ринчин, соён гэгээрүүлэгч Наваанюндэн, Төрийн хошой шагналт зохиолч Д.Сэнгээ, Ардын багш, гавъяат жүжигчин Д.Жамъянжав, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавъяат тамирчин Д.Оюунболд, Улсын арслан Данзан зэрэг урлаг, утга зохиол, спортын нэртэй төлөөлөгчид төрөн гарсныг Монгол түмэн мэддэг билээ. Сэлэнгэ нутаг эрхий мэргэн харваачид, эрэмгий хурдан хүлгээрээ ч бас алдартай.

    Энэ жилийн олон ой давхацсан билэгтэй сайхан наадамд танай нутгийн хүү Г.Эрхэмбаяр одтой сайхан барилдаж, олон түмнээ цэнгүүлж, Улсын арслан цол хүртсэнд баяр хүргэж, амжилт хүсье. Өнгөрсөн намар Сэлэнгэчүүд Та бүхэнтэй нүүр тулан уулзаж  сум, орон нутгаа хөгжүүлэхээр төлөвлөсөн болон хийж бүтээж байгаа ажлуудтай танилцсан. Энэ үеэр Сэлэнгэчүүдийн санал хүсэлтийн дагуу аймгийн төвд усан бассейн барих, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын барилгыг шинэчлэх, Ерөө сумын Бугант тосгоны халаалтын алдагдлыг төсөвт тусгах, Хушаат сумын Орхон гол дээр төмөр бетон гүүр барих, Сүхбаатар сумын цэвэр ус, ариутгах татуургын тоног төхөөрөмж, шугам сүлжээнд шинэчлэлт хийх, Сэлэнгэ аймгийг “Эрчимжсэн мал аж ахуй-газар тариалангийн загвар бүс нутаг” болгох, “Сэлэнгийн долгио” чуулгын барилгад их засвар хийх, газар тариалангийн бүтээгдэхүүн борлуулах бирж, сүлжээ байгуулах асуудлыг шийдвэрлэж зохих хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгасан.

    Мөн ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ нутгаас төрсөн ардын журамт цэрэг, партизануудын хүндэтгэлийн цогцолбор бий болгох, Ардын хувьсгалын удирдагч, Ардын намыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар жанжны хөшөөг шинэчлэх, төв цэнгэлдэх хүрээлэнгээ шинээр барихыг зорьсон Сэлэнгэчүүдийн санаачилга, бүтээлч ажлуудыг Засгийн газар дэмжиж санхүүжилтийг шийдвэрлэсэн. Эдгээр асуудлуудыг хэрэгжүүлж, ажил хэрэг болгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

    Цаашид Сэлэнгэ нутгийнхан их бүтээн байгуулалтыг манлайлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх загвараа сайжруулж бусад аймагт арга туршлагаасаа зааж өвлүүлэн газар тариалангийнхаа үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ургацаа нэмэгдүүлэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, Монгол Улсын хөдөө аж ахуйн загвар бүс нутаг болохыг хүсэе. Хамаг Монголыг тэтгэсэн буян хишиг ихтэй нутагтаа үе удмаараа аз жаргалтай байж, сэтгэлээ шингээж ургуулсан алтан шаргал тарианыхаа өгөөжөөр амьдралаа тэтгэж явахыг ерөөе.

    Газрын шим тэтгэж, тариан түрүү сугсарч Сэлэнгэ нутаг хөгжин цэцэглэх болтугай.

    Та бүхэн тавтай сайхан наадаарай.

    2011.07.21. Сэлэнгэ аймаг

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН БАЙНА  

    Энэ оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 30 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй, нийлүүлэлт хэвийн байгаа тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнээс АИ-80 автобензин 34, АИ-92 автобензин 19, дизелийн түлш 34 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд замдаа ирж яваа бүтээгдэхүүний хэмжээ багтаж байгаа юм.

    Танилцуулгатай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг гадаадын түнш, аж ахуйн нэгжүүдтэй тогтоосон харилцаагаа тогтмол хадгалан, хэрэглээ, гадаад захиалгаа бодитой хэрэгжихээр болгож, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгав. Мөн намрын ургац хураалт болон ирэх өвлийн бэлтгэл хангахад шаардагдах газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, цаашид хэрэглэгчдийн хэвийн үйл ажиллагааг  алдагдахгүй байх хэмжээний нөөц бүрдүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллахыг даалгасан байна.

    Түүнчлэн БНСУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлохтой холбогдуулан БНХАУ-ын Тяньжин, Далиан, Таньшин боомтоор дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтийн асуудлыг холбогдох байгууллагатай яриа, хэлцэл хийн яаралтай шийдвэрлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад даалгажээ. ОХУ-ын “Роснефть” компани манай улсад нийлүүлэх дизелийн түлшээ энэ оны 4 дүгээр сараас их хэмжээгээр багасгасан нь манайд хүндрэл учруулсан. Иймээс тухайн үед 10 хоногийн хугацаагаар дизель түлшний тодорхой хэмжээний хязгаарлалт хийн ОХУ-ын бусад компани болон өөр эх үүсвэрүүдээс өндөр үнээр түлш авч хэрэгцээгээ хангаж байсан юм.

    Газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ өөрчлөгдөж байсантай холбогдуулан Засгийн газар энэ он гарсаар онцгой албан татварын хувь хэмжээг 8 удаа өөрчилсөн. Тухайлбал 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа импортоор оруулж ирэх автобензин, дизель түлшний гаалийн онцгой албан татварыг  тэглэсэн. Мөн холбогдох яам, агентлагийн удирдлагууд урд, хойд хөрш болон бусад эх үүсвэрээс газрын тосны бүтээгдэхүүн авах, нийлүүлэлт, хангамжийг хэвийн байлгах талаар удаа дараа яриа, хэлцэл хийн тохиролцоонд хүрч байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЛБАРТ ШААРДЛАГАТАЙ НЭМЭЛТ ХӨРӨНГИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газрын хуралдаанд мэдээлэв. Үүнтэй холбогдуулан жилийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт нэмж шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн энэ оны төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэхийг  сайд Т.Гандид даалгалаа.

    Жилийн ажлын хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлж байна. Хуулийн төсөлд ажлын байр олноор нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олгох, шинээр бий болгох ажлын байрны тоог харгалзан татварын хөнгөлөлт үзүүлэх, алслагдсан болон эдийн засгийн сул хөгжилтэй бүс нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хөрөнгө оруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг урамшуулах, ахимаг настан зэрэг зорилтот бүлгийг ажилтай болгосон бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргийг тусгасан юм.

    Төсөл батлагдсанаар төрөөс иргэдэд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний хүрээ, үр дүн, чанар нэмэгдэж, хүн амын аж ахуй эрхлэх хэв шинж болон зорилтот бүлгийн онцлогт нийцсэн ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ салбарын яам үзэж байна. Үүний зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг салбарын бодлоготой уялдуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны менежментийг сайжруулах чиглэлээр хийсэн ажлынхаа талаар ч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди мэдээллээ.

    Сайдын мэдээллээс үзвэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 38 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон бөгөөд үлдэж байгаа хугацаанд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх уул уурхай, барилга, замын ажил идэвхжихийн хэрээр ажлын байр олноор бий болгоно гэж тооцоолж байна.   

    ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

    “Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг “Санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10 жил хүртэлх хугацаатай төгрөг, гадаад валют болон хаалттай хэлбэрээр арилжаалахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй” хэмээн өөрчиллөө.

    Ингэснээр Хөгжлийн банкнаас гаргах өрийн бичгийн хүүг бууруулж, банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлж, эдийн засагт бодитой нөлөө үзүүлэх бололцоотой болно гэж үзсэн байна. Засгийн газрын тогтоолоор 5 жилийн хугацаатай 250 тэрбум, 10 жилийн хугацаатай 250 тэрбум, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахыг Хөгжлийн банкинд, энэ 800 тэрбум төгрөгийн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын нэрийн өмнөөс зээлийн баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн юм.

    ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ САЙТАЙ БОЛЛОО

    Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо амжилттай зохион байгуулсан гэж Засгийн газрын хуралдаанаас сайшаав. Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Түүхт ой давхацсан жилийн баяр наадмын  хүрээнд  ойн баярын хурал, “1921 оны хувьсгал ба Монголын орчин үеийн түүхийн судлал” эрдэм шинжилгээний хурал хийж, “Хөгжил дэвшлийн эрин зуун” фото альбом, Их Монгол Улс байгуулсны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн сери марк гаргасан байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг дугаартай болгосноор өмнөх жилүүдэд гарч байсан тасалбар худалдан авсан хүмүүс наадмын нээлт үзэж чадахгүй байсан, тасалбар хуурамчаар хийсэн, тасалбаргүй хүн оруулсан зэрэг асуудлыг бүрэн шийдэж чаджээ.

    Үндэсний бөхийн аварга 1, арслан 1, гарьд, заан тус бүр 2, харцага 4, начин 13 шинээр төрөн гарлаа. Засуулууд бөхчүүдээ талбай голлуулан барилдуулахгүй тохиолдол цөөнгүй гарсан нь барилдаан будлиантах үндэс болж байсан учир  дараа дараагийн наадмаар үүнийг анхаарч, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзлээ. Энэ жил анх удаа монгол морь, эрлийз морьдыг тусад нь уралдуулсан,  унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарсны дүнд хүүхэд гэмтэж бэртээгүй байна.

    Үндэсний сурын харваанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 534 харваач оролцож шинээр улсын мэргэн цолтон хоёр төрөн гарсан бол шагайн харваанд 50 багийн 400 шахам харваач цэц мэргээ сорьсон байна. Баяр наадмын үеэр наадамчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, замын хөдөлгөөнд зохицуулалт хийж, хэв журам сахиулах, урьдчилан сэргийлэхийн тулд 3460 албан хаагч ажиллажээ. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт нийтийн хоолны болон хүнсний бараа бүтээгдэхүүний 780 аж ахуйн нэгж, байгууллага худалдаа, үйлчилгээ гарган ажиллуулсан байна.

    Энэ жилийн Үндэсний их баяр наадамд улс, нийслэлийн төсөв болон баяр наадмын орлогоос хэмээн нийт тэрбум 300 сая төсөвлөсний 432,3 сая төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн багтаамж муу учир 30-40 мянган хүний суудалтай орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон цэнгэлдэх хүрээлэн барих газрыг сонгож, зураг төслийг боловсруулан, зардлын тооцоог гаргаж, хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаархи саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсоныг Шадар сайд М.Энхболд дуулгалаа.

    Мөн хурдан морины уралдаан зохион байгуулах явцад гарсан зөрүүтэй ойлголтыг нэг мөр шийдэх үүднээс монгол адууны /хурдан морины/ стандарт, тодорхойлолтыг дахин шинэчлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Үндэсний их баяр наадмыг 12 телевиз Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг болон сур шагайн талбайгаас улс орон даяар шууд дамжуулан хүргэлээ. Баяр наадмыг шуурхай мэдээлж, тухай бүр нь дэлхийн монголчуудад хүргэж байсан хэвлэл, мэдээллийн байгууллагууд болон Мэдээлэл, сурталчилгааны салбар хороонд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд талархал илэрхийллээ.         

    БИРЖ БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАНА

    Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хууль 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Иймээс юуны түрүүнд “Хоршооны тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” зэрэг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.

    Мөн биржийн холбогдох дүрэм, журмыг батлуулах, арилжаанд оролцогчдыг /брокер, хоршоо/ бэлтгэх, сургах, мэргэшүүлэх, сумдыг шилэн кабелиар холбож цахим арилжаа явуулах нөхцөл бүрдүүлэх, арилжаалах бараа, түүхий эдийн болон агуулахын стандартад шүүлт хийх, дахин хянах, шаардлагатай стандартыг шинэчлэх, сумдад малчдын үүсгэл санаачлагаар хоршоо бий болгож чадавхижуулах, загвар хоршооны туршлагыг дэлгэрүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ. 

    ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАНА

    2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль батлагдахаас өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг хуульд заасан хувь, хэмжээгээр шинэчлэн тогтоохыг дэмжиж Улсын Их Хуралд өргөн барихаар болов.

    Хуулинд цэргийн албан хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 60 хувиар тогтооно гэснийг 80 хувь, хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс 1,0 хувиар бодож нэмэгдэл олгоно гэснийг 1,5 хувиар гэж өөрчилсөн юм. Хууль батлагдахаас өмнө тэтгэвэр тогтоолгосон өндөр настнууд хуулийн үйлчлэлд хамаарах эсэх талаархи зохицуулалтыг тусгаагүйгээс цэргийн алба хаасны тэтгэвэр  тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүү хэт их болжээ. Иймээс хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.

    Төсөлд тусгаснаар хууль батлагдахаас өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэдийг “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн үйлчлэлд хамруулан, тэдний тэтгэврийг тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсний 80 хувь, хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд 1,5 хувиар тооцож нэмэгдэл олгох юм. Төсөл батлагдвал цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон 12 733 иргэн нэмэгдэл авах бөгөөд үүнд жилд 8,4 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    ·         Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2011 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа.

    ·         Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2011 оны 6 дугаар сарын 13-17-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

    ·         Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Д.Арвин, Я.Батсуурь, Н.Ганбямба нарын санаачлан боловсруулсан “Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Гэхдээ хуулийн төсөлд “газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг оврын үйлдвэрийг газар нутгийн онцлогийг харгалзан бүсчилсэн байдлаар ойрын хугацаанд барьж байгуулах” гэснийг ”газрын тос боловсруулах бага хүчин чадалтай үйлдвэрийг газар нутгийн онцлогийг харгалзан бүсчилсэн байдлаар ойрын хугацаанд барьж байгуулах” хэмээн өөрчлөх саналыг хууль санаачлагч нарт уламжлахаар боллоо. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2008 онд 800 гаруй мянган тонн байсан бол 2015 онд жилд 1.7 сая тонн болж нэмэгдэх учир жижиг оврын үйлдвэрүүдийг бүсчилсэн байдлаар барьж байгуулах нь зүйтэй гэж нэр бүхий гишүүд төсөл санаачилсан байна.  

    ·         Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайханы санаачлан боловсруулсан “Монгол Улсын албан ёсны статистикийг 2011-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Будын санаачлан боловсруулсан “Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо. 

    ·         Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар болов. 

    ·         “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн 5.2-ийн “концессийн гэрээгээр ашиглах үндэсний хөрөнгө оруулагчийг” гэснийг “концессийн гэрээгээр ашиглахыг үндэсний хөрөнгө оруулагчийн оролцоотой” гэж өөрчлөх нь зүйтэй хэмээн үзэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Тогтоолын төсөл батлагдсанаар Улаанбаатар хотод дулаан, цахилгааны 5 дахь эх үүсвэрийг шинээр барих ажил эхлэх боломжтой болж, үр дүнд нь төвийн бүсийн эрчим хүчний найдвартай хангамжтай болох юм. 5 дахь эх үүсвэрийг одоогийн Дулааны цахилгаан станц-III-ын байгаа газарт, одоо байгаа дэд бүтцийг нь ашиглан барих бүрэн боломжтой гэж үзэж байна. 

    ·         “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний тал болох “Рио Тинто Интернейшнл Холдингс Лимитед” компанитай байгуулсан хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээний тухай Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэл хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Талууд 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

    ·         Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нийгмийн чиглэлийн байгууллагуудыг төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, тээврийн бус үйлдвэрлэлийн нэгжийг төмөр замын үйлчилгээнээс салгах, төмөр замын тээвэрлэлтийг суурь бүтэц, тээвэрлэлтийн хэсэг болгон тусгаарлах зэрэг асуудлыг ойрын үед ОХУ-ын талтай хэлэлцэж шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгав.

    ·         Монгол Улсын Хөгжлийн банк, БНСУ-ын Хөгжлийн банк хооронд байгуулах “Удирдлагын гэрээ”-ний хэлэлцээрийн явцын талаар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. БНСУ-ын Хөгжлийн банк “Гэрээтэй холбоотой аливаа маргааныг Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитраар шийдвэрлэнэ” гэсэн нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Удирдлагын гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

    ·         Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны Тэргүүн сайд асан, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Да лам Цэрэнчимэдийн дурсгалд зориулан Богд хааны зарлигаар 1914 онд бүтээсэн гэрэлт хөшөөг улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулахаар шийдвэрлэлээ. Энэ хөшөө Увс аймгийн Хяргас сумын Цогтхайрхан уулын бэлд байдаг юм.

    ·         “Дэлхийн монгол туургатан, хүннү гарвалтны энхийн их наадам”-ыг энэ оны 8 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. 

    ·         “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.