Blog

  • Ерөнхий сайд БНАСАУ-ын Гадаад хэргийг сайдыг хүлээн авч уулзав

    Ерөнхий сайд БНАСАУ-ын Гадаад хэргийг сайдыг хүлээн авч уулзавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 07-р сарын 18-ны өдөр БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Пак И Чун тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. Засгийн газрын тэргүүн уулзалтын эхэнд зуны дэлгэр цагаар манай улсад айлчилж байгааг тэмдэглээд таны энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, хөгжүүлсэн  айлчлал болж байна гэдэг итгэлтэй байна гэлээ.  Түүнчлэн Манай хоёр ард түмэн ах дүүгийн сайн харилцааныхаа түүхэнд бие биедээ тусалж дэмжиж ирсэн сайхан уламжлалтай. Цаашдаа ч хөдөө аж ахуй, уул уурхай, далайн гарц боомт, дэд бүтэц, барилгын салбарт харилцан хамтран ажиллах өргөн боломж байгааг онцоллоо.

    Цаг зав гарган халуун дотоноор хүлээн авч уулзаж байгаад Ноён Пак И Чун Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд төрөл төрөгсдийнхөө гэрт ирсэн мэт сэтгэгдэл төрж байгаагаа хэллээ. Мөн тэрээр БНАСАУ-ын сайд нарын зөвлөлийн даргын мэндчилгээг уламжлаад ирэх онд тохиох Ким Эр Синий мэндэлсний 100 жилийн ойг эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөр угтахаар ажиллаж байгаагаа дуулгаад Монголын талтай өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

  • Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын Үндэсний их баяр наадмын баярын хуралд тавьсан “Их түүх-Үндэсний бахархал” сэдэвт илтгэл

    Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын Үндэсний их баяр наадмын баярын хуралд тавьсан “Их түүх-Үндэсний бахархал” сэдэвт илтгэл Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулсан баярын хуралдтавьсан “Их түүх-Үндэсний бахархал” сэдэвт илтгэл

    Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга аа,

    Эртний төрт их ёсны уламжлал, заншлыг өвлөж хөгжүүлсэн Монгол Улсын ард иргэд ээ,

    Их ойн тэгш дүүрэн баярт уригдан ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө, 

    Эрхэм хатагтай, ноёд оо,

    Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өмнөөс их баяр наадам, түүхт ойн халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье. Жил жилийн нар хур тэгширсэн дэлгэр зуны сард Монгол хүний зүрх сэтгэлийг огшоосон Үндэсний их баяр наадам дэнж хотойлгож, дэлхийг баясгаж, цэнгэл ёслол төгөлдөр болдог уламжлалтай.

    Монголын тулгар төрийн 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойнууд тохиож буй нь энэ жилийн наадмын өнгө жавхааг нэмж, утга агуулгыг баяжуулж, өргөн дэлгэр, омогшил төгөлдөр, сүрлэг сайхан болгож байна. Дахин тохиохгүй энэ их ойнуудын гэрч, оролцогч, зохион байгуулагч болж байгаа нь та бидний амьдралын мартагдашгүй баярт үйл явдлын нэг яах аргагүй мөн. Хамгийн гол нь бид эх орноороо бахархах, өнөө ба ирээдүй үедээ төрт улсынхаа бахархам түүхийг өвлүүлж үлдээх үүрэг хариуцлагын эзэн болж байна. 

    Монголчууд бид Төв Азид нүүдэлчдийнанхны эзэнт улсыг байгуулж, хүн төрөлхтний түүхийн олон үйл явдалд оройлон оролцож,  Их улс, Эзэнт гүрнийг байгуулан, дэлхийн түүхийн хоёр зууныг өөрсдийн нэрээр овоглуулж чадсан билээ. Ийм хувь ерөөлтэй, бахархам үйлстэй ард түмэн хүмүүний түүхэнд төдий л олонгүй ээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг зарлан тэмдэглэж байна. Ази-Европын хээр талын нүүдэлчдийг нэгтгэсэн эзэнт гүрнийг байгуулсан Хүннүчүүд нь угсаа гарал, газар нутаг, төр ёсны уламжлал, өв соёл, зан үйлийн хувьд хожмын Монгол түмний өвөг дээдэс яах аргагүй мөн билээ.

    Эзэн Богд Чингис хаан Бомбын шашны тэргүүн Чань Чунь бомбыг залж уулзахдаа “Манай Шаньюйгийн улсаас нааш олон зуун жил ер гараагүй хэрэг” хэмээн айлдсан байдаг. Энэ бол нэг талаас, монголчууд өөрсдийгөө Хүннү нарын удам гэдгийг, нөгөө талаас, Их Монгол Улс нь Хүннү гүрнээс хойш ер гараагүй тийм том эзэнт гүрэн гэдгийг нотлон илэрхийлсэн хэрэг биз ээ.

    Хүннүгийн хаан Модун Шаньюй улсаа захирах цэгцтэй бодлого хэрэгжүүлж, засаг захиргааны шинэтгэл хийсэн нь хожим Чингис хааны байгуулсан Их Монгол улсын төрийн зохион байгуулалтын үндэс болсныг түүхчид нотолдог. “Газар бол улсын үндэс мөн, түүнийг бусдад өгч болно гэж үү” хэмээх Модунь хааны зарлигласан айлтгал нь хоёр мянганы тэртээгээс өнөөг хүртэлх монгол хүний зүрх, тархи, судсанд нь шингэсэн, Монгол төрийн бодлогын тулгуур үндэс болсон үзэл санаа хэвээр байна.

    Модунь хааны үед Хятадын Хан улсын хаантай хоёр улсын хооронд анхны тэгш эрхт гэрээг байгуулж, бие биеийн улсыг хүлээн зөвшөөрсөн түүхэн баримт бий. Ийнхүү Төв Азийн түүхэнд өөрийн ул мөрөө баттай үлдээж, Монгол төр ёсны түүхэн эх суурийг тавьсан анхны төрт улсын уламжлал, соёлыг өнөөг хүртэл тасралтгүй тээж яваа үр хойч бид Их ойг ёслол төгөлдөр, төр ёсны баяр болгон тэмдэглэж, түүхээрээ бахархан баярлах бүрэн эрхтэй.

    Хүннү гүрнээс улбаатай монголын төр ёсны уламжлал Их Монгол Улсын түүхээр баяжиж, дэлхийн дахинаа шинэ дэг журмыг тогтоосон. Эзэн Чингэс хааны маань 805 жилийн тэртээ үүсгэн байгуулсан Их Монгол Улсын түүх нь Монголчууд бидний урам зориг, омогшил бахархал, хүсэл тэмүүллийн ид хавыг өдөөх бас нэгэн оргилуун ундрага билээ.

    XIII зуунд Монголчууд дэлхийн их эзэнт гүрнийг ганцхан цэрэг зэвсгийн сүр хүчээр байгуулаагүй. Харин олон зууныг дамжсан төр ёсны төгөлдөр зохион байгуулалт, түүхэн уламжлал, шинэчлэл, эе эвийн хүч, иргэншил соёлын зөв бодлого, чөлөөт худалдаа, оюун сэтгэлгээг эрхэмлэсэн аж ахуй, эдийн засгийг эрхлэх өвөрмөц онцлог арга ухаан, ур чадвараараа бий болгосныг түүх өгүүлж байна. Дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, хууль цаазат нийгмийн дэг журмыг тогтоож Монголын их амар амгалант ертөнцийг байгуулж чадсан нь Их Монгол Улсын хүчирхэг байсны нэгэн гэрч билээ.

    XIII зуунд Чингис хаан бүх эсгий туургатнаа нэгтгэн Их Монгол Улсаа байгуулж, монгол хүний эр зориг, тэсвэр тэвчээр, хатуужил, алсын хараа, холын бодлого, уужим ухаан, ид хавын гайхамшгийг дэлхийн хүн ардад тод томруун харуулж чадсанаараа мянган жилийн түүхэн хүн, дэлхийн шилдэг удирдагчийн нэг болж чадсан билээ.

    Монголын их хаадын өргөн цар хүрээтэй бодлого, үйл ажиллагаа нь өнөөгийн их гүрнүүдийн удирдагчдын хэрэгжүүлж буй дэлхийн хөгжлийн чиг хандлага болсон даяаршлын үндсийг анхны утгаар нь эхлүүлсэн. Тиймээс хүн төрөлхтөн түүхэндээ хөгжил хийгээд даяаршлын нөлөө бүхий том гүрнийг Монголчуудаас өмнө ч, хожим нь ч байгуулаагүй өнөөг хүрчээ. Монголчуудын хүн төрөлхтний хөгжилд үзүүлсэн нөлөө хамаарал, түүхэнд эзлэх байр суурийг эдүгээ дэлхий дахин хүлээн зөвшөөрөх боллоо. 

    Ийм учраас 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхийн хэмжээний тэмдэглэлт үйл явдал хэмээн үзэж, Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганаар тусгайлан тогтоол гаргасан. Уг ойг тэмдэглэхэд гишүүн бүх орнууд, олон улсын байгууллагыг идэвхтэй оролцохыг уриалж, Монгол улсад өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. Энэ бүхэн Монголчууд бидний үндэсний бахархал төдийгүй тэгш ойнуудыг хүндэтгэн тэмдэглэж байхын уг сурвалж билээ. Өнөөдөр асуудалд энэ л үүднээс хандаж, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ойг дурсан тэмдэглэж байна.

    Монголчууд бид түүхийнхээ урт удаан хагацааны турш дандаа мандан бадарч явсангүй. Алдаж оносон, сургамж, сэрэмж агуулсан намтар түүх бидэнд бас бий. Их улсуудыг байгуулж, дэлхийг эзэгнэж байсан монголчууд өвөр зуураа бутран сарниж, түүхэн цаг үеийн нугачаанд харь гүрний эрхшээлд хоёр зууныг өнгөрөөсөн ч  түүхээс устаж, уусаж үгүй болсонгүй. Их эзэнт улсын задралаас хойших хагас мянга гаруй жилийн хүнд бэрхийг даван туулсаар ХХ зууны эхээр түүхийн тавцнаа дахин гарч ирсэн юм. Энэ бол бидний 100 жилийн ойг нь тэмдэглэж буй үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол үр дүн болсон Богд хаант Монгол Улсыг сэргээн тунхагласан явдал билээ.

    1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь хэл, түүх, шашин шүтлэг, материаллаг соёлын нэгдэл бүхий монгол туургатны дотор үндэсний үзлийг бадраасан, ХХ зууны Монголын түүхэнд өрнөсөн дараа дараагийн их үйл хэргийн эхлэлийг тавьсан  том үйл явдлын нэг билээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь улс гэрээ сэргээн байгуулж, дэлхийн улс түмэнтэй хөл нийлүүлэн хөгжих, сэргэн мандах үйлсийн гарааг эхлүүлсэн. Сэргэн мандлын эл үйл явцнь XX зуунд Монгол улс бие даан оршиж, тусгаар тогтнол хэмээх үнэт зүйлээ нандигнан эрхэмлэж, уламжлан хадгалах, хамгаалан хөгжүүлэх үндэс суурийг баттай тавьж өгснөөрөө нэн их ач холбогдолтой юм. Энэ агуулгаар Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг, ард түмнийхээ баяр бахархлын ой санамжинд тодотгон үлдээж, дурдатган сануулж байна.

    Их ойн хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    ХХ зуунд монголчуудын урагшлан хөгжсөн түүх нь 1921 оны ардын хувьсгалын гол үр дүн байсныг манай ард түмэн нийтээрээ хүлээн зөвшөөрдөг билээ. Монгол орон, монголын ард түмнийг дэлхийн түүхийн тавцнаа дахин гаргасан1921 оны ардын хувьсгал шинэ бөгөөд сайн цагийн эхлэл болж, ард түмнийхээсэтгэлзүрхэндардын хувьсгал нэрээр мөнхөрч,  ХХ зууны  Монголын  түүхийн онцгой үйл  явдлаар тодорсныг бид мартах ёсгүй. Ард түмнийхээ хүсэл зориг, хөлс хөдөлмөр, амь насаар баталгаажсан ардын хувьсгалын ойг жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэдгийн учир энэ ээ. Энэхүү түүхэн үйл явдлыг Монгол Ардын Намыг үндэслэн байгуулагчид санаачлан удирдаж, түүний мянга мянган гишүүд манлайлан оролцож, ард түмэн нийтээрээ дэмжин хөдөлж, амжилт ялалтанд хүргэж, алдагдсан тусгаар тогтнолоо эргүүлэн баталгаажуулсан нь үндэсний бахархал мөн.

    Ардын нам, ардын хувьсгал, ардын засаг нь тухайн цаг үедээ Монголын бүх ард түмний туйлын зорилго, чин хүслэн, язгуур ашиг сонирхлоос үүдсэн, түүний бодит илэрхийлэл бас биелэл нь болсон түүхэн үзэгдэл, үйл явдлууд байсан. Тийм учраас улс үндэстэнд эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхийг олгосон энэ түүхэн үйл явдлынхаа ойг манай ард түмэн жил бүр дурсан санаж, баясан тэмдэглэсээр өнөөдөр 90 дэх жилтэйгээ золголоо. Ийм урт удаан жилийн түүхтэй, ингэж нийт үндэстнээрээ бахархан тэмдэглэдэг, нийгэм, улс төрийн гайхам үйл явдал XXзууны дэлхийн улс орнуудад тэр бүр байхгүй билээ. Байсан ч тэр нь манайхаас хожуу үеийн үйл явдал байдаг. Тэгэхээр манай Монголчууд XXзуунд бас нэг бахархам түүхийг бүтээж чадсан бөгөөд XXIзуунд түүнээ нэр төртэй үргэлжлүүлж байна.

    Ийнхүү Ардын хувьсгалын 90 жилийн ой бол сэргэн мандсан шинэ Монгол Улсын баялаг их түүхээ нэхэн дурсах ой юм. Аливаа хүний амьдрал сайнтай муутай, алаг хорвоогийн хоног өдөр, шөнөтэй байдаг шиг ардын хувьсгалын түүх эрээнтэй бараантай. Үүнийг өнөөдөр хүн бүхэн мэдэх болжээ. Энэ бол ерөөс аль ч түүхийн нийтлэг жам болохыг бид ухаарах болсон. Тиймээс түүхийн ололт амжилтууд нь биднийх, алдаа дутагдал нь бусдынх гэх атгаг үзлээс бид нэгэнт ангижирсан.     

    Ардын засгийн хүнд жилүүдэд Засгийн газрыг тэргүүлж явсан, ард түмнийхээ эрх ашгийн төлөө тууштай зогсож, амь насаа өргөсөн төрийн сайд, бичгийн их түүхч Анандын Амар гуайн хэлсэн “Түүхийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш“ хэмээх үгийн утгыг эдүгээ монгол хүн бүр ухааран ойлгож өнгөрсөн үеийн түүхэндээ хүндэтгэлтэй бас сургамжийн үүднээс хандах учиртай. Ардын хувьсгалын зарим жилүүдэд дөнгөж олсон эрх чөлөө, тусгаар тогтнол маань дотоодын зөрчил, гадны халдлага, харийн түрэмгийллийн аюулд өртөх ололт амжилт, ялалтын хувь заяа хутагны ирэн дээр байсан хүнд бэрх үеүүд бий. 

    Энэ хүнд хатуу сорилт болгонд эх орны тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг ахмад үеийнхэн маань амиараа хамгаалж, ард олон эв санаагаа нэгтгэн нэгэн хүчээр нэгдмэл ар тал болж чадсанаар өнөөгийн энэ эрх чөлөөт амьдрал, ардчилсан сонголт, хүний эрх бодит биелэл болсон. Энэ бүхэн асар их үнээр олдсон юм. Үүнийг манай ард түмэн үе үеэрээ сайн мэддэг.  “Асар их үнээр олдсон аз жаргалаа хамгаалж яваарай” хэмээн ая дуугаар дамжуулан сургамжилсан ахмад үеийнхний захиас, гэрээсийн утга учир энд оршдог. Тийм ч учраас тэмцэл ялалтын энэ баяраа монголчууд бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн заншилтай. Эдүгээ цагийн Үндэсний их баяр наадмын нийгэм, түүхийн чанад утга,  гүн агуулгын нэгэн учиг энэ билээ.

    Ийм л их үнэ цэнээр олсон бидний ололт амжилт юу вэ гэдгийг бүтэн хагас жарны өндөрлөгөөс баярын энэ өдөр эргэж нэг харвал:

    Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол улс дэлхийн хамтын нийгэмлэгт байр сууриа баттай эзэлжээ. Гэхдээ энэ хүртэл хүнд хэцүү олон сорилт туулсан. 1921, 1939, 1945 онуудад харийн түрэмгийлэгчдээс газар нутгаа чөлөөлөх, гадны халдлага довтолгооноос эх орноо хамгаалах хатан зоригт, халуун эх оронч хөвгүүдийнхээ амь насны их төлөөсөөр тусгаар тогтнолоо хамгаалж чадсан юм. Халхын гол, дэлхийн IIдайны хүнд бэрх он жилүүдэд унтах нойр, идэх хоолоо хагаслаж, өдөр шөнийг умартаж, борви бохисхийх завгүй хөдөлмөрлөж тэмцсэн ахмад үеийнхний асгаруулсан хөлсөөр манай тусгаар тогтнол бэхжсэн юм.

    Бас үндэс угсаагаа, эх орноо гэсэн эгэл хүн бүрийн эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон 1945 оны бүх ард түмний санал асуулгаар, аж ахуй, нийгэм соёлыг сэргээн босгох ард түмний хөдөлмөр зүтгэлээр эх орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулсан. Энэ их хөдөлмөр тэмцлийн үр дүн, бахархам ололт бол 1961 онд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн явдал мөн.  Түүхэн энэ үйл явдлын 50 жилийн ой өнөө жил давхар тохиож байна.

    Ардын төр, ардын намын тууштай дотоод, гадаад бодлого, уян хатан дипломат харилцаа, ард түмний нөр их хүчин чармайлт, их бүтээн байгуулалт бүхий  олон жилийн цуцашгүй тэмцлээр эсрэг тэсрэг хоёр системийн эдийн засаг, үзэл суртлын эвлэршгүй тэмцлийн хайчин галын дундуур ийм үр дүнд хүрснийг өнөө ба хойч үеийнхэн бүү мартаасай.

    Түүнээс хойших 30 жилийн туршид олон улсын тавцанд улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах гэсэн уйгагүй зүтгэлийг залгаж өрнөсөн 1990 оны ардчилсан өөрчлөлтийн үр дүнд манай улсын тусгаар тогтнол эдүгээ улам батжин бэхжиж чадлаа. Өнгөрсөн зууны 50-иад он хүртэл гадаад талдаа ганц л улстай найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, сайн хөршийн харилцаатай байсан манай улс өнөөдөр дэлхийн 149 оронтой дипломат харилцаа тогтоож, тэдгээрийн ихэнхтэй нь арилжаа худалдаа хийж байна. Монгол Улс  бүс нутаг, тив дэлхийн хэмжээний олон улсын нэр хүнд бүхий 60 гаруй байгууллагын гишүүн болж, дэлхийн бодлогын идэвхтэй оролцогч боллоо.

    Монгол хүн эрх чөлөөгөө олж, нийгмийн дэвшилд хүрч, шинэ зууны дэлхийн иргэн болж чадсан нь Монгол Ардын хувьсгалын бас нэг гайхам үр дүн, бахархам амжилт мөн. Монголын хүн ам 90 жилийн өмнөхөөсөө тав дахин өсөж, дундаж наслалт хоёр дахин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд чанарын эргэлт гарсан нь хамгийн чухал ололт юм. Энэ бол ардын засгаас хүн амаа өсгөх бодлого тууштай явуулж ирсний үр дүн. Манай ард түмэн “Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ” гэдэг. Улс орны хөгжилд хүн амын хүчин зүйл маш чухал болохыг илэрхийлсэн энэ үгийн утга учир өнөөдөр улам ч тодорч байна. Монгол Улсаа хөгжүүлэхэд хүн хэрэгтэй байна.

    Төр засгаас хүүхэд залуучууд, эхчүүд эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжсэн урамшууллын бодлого арга хэмжээнүүд нь хүн амаа өсгөх зорилгод чиглэгдэж байгаа болно. Цаашид ч энэ бодлогыг бид эрчимжүүлнэ. Боловсролтой монгол хүн бол ардын хувьсгалын бахархам ололт, монгол улсын нэр төр мөн. Ардын Хувьсгалын эхний жилүүдээс орчин цагийн боловсролын байгууллагын суурийг тавьж, хүн ардаа үсэг бичигт сургаж эхэлсэн. Түүхэн богино хугацаанд бичиг үсэгтэн, бүр шинэ үсэгтэн, цаашлаад бүх нийтээрээ бага, дунд боловсролтой болж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын батламж өргөмжлөлийг хүртсэн түүхтэй. 90 жилийн өмнө хүрээ хийдээр голдуу боловсрол олгож байсан бол өнөөдөр Монгол Улсын бүх сум суурин, аймаг, хотуудад бүх нийтээрээ үнэ төлбөргүй боловсрол олох боломж бүрэлдсэн.

    Монгол хүн боловсрол мэдлэгтэй, мэдээлэлтэй байсныхаа ачаар Азид шинэ ардчилалыг анх түрүүн тосон авч, эрхээ хамгаалж, эдүгээ төрдөө, баялагтаа хяналтаа тавьж чаддаг, эх орондоо эзэн байх эрх, үүргээ бүрнээ ухамсарласан иргэн болж төлөвшиж байна. Цаашид монгол хүний өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэх, дэлхийн стандартад нийцсэн боловсролын тогтолцоог нутагшуулахын тулд хийх ажил их байна. Энэ зорилгоор боловсролын салбарт Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхлүүллээ. Үүний үр шим өнөө маргаашдаа биш хэдэн жилийн дараагаар гарч залуу үе маань дэлхийн боловсролыг Монголдоо эзэмшдэг болно.

    Монгол улсын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшин бол ардын хувьсгалын жилүүдэд олсон манай ард түмний хамтын хөдөлмөрийн үр дүн мөн. Дан ганц мал аж ахуйгаас бүрэлдэж байсан эдийн засаг маань өнөөдөр өргөжин тэлж дэлхий дахины анхаарлын төвд орлоо. Орчин үеийн хот суурингууд баригдлаа. Эрдэс, түүхийн эдийн олон үйлдвэрүүд эх сууриа тавьж байна. Барилга, зам тээвэр, газар тариалан, хүнсний, мөн мэдлэгт суурилсан гээд олон үйлдвэрүүд ажиллаж, бүтээн байгуулалт өрнөж байна. Өнөөдөр нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гурван сая орчим төгрөгт хүрлээ.

    Манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны эхний хагасын байдлаар 1.9 их наяд төгрөг болж, хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт хурдацтай ахиж, энэ оны эхний хагас жилийн байдлаар 9.7 хувьд хүрлээ. Энэ бүхнийг дагаад Монгол хүний өрсөлдөх чадвар, хүний хөгжил дээшилж байна. Өнгөрсөн 90 жилд сонгосон зам мөр, бодлого, хөтөлбөр зөв байсны үр дүнд монголчуудын аж төрөх ёс, ахуй амьдрал ийнхүү үндсээрээ өөрчлөгдөж, улс орны дүр төрх ч шинэчлэгдлээ. Өнөөдөр үсрэнгүй хөгжлийн шинэ боломжууд нээгдэж үндэс суурь нь тавигдаж байна.

    Түүхийн тэртээх 1368 онд их эзэнт гүрний мөхөл эхэлж, Тогоонтөмөр хаан энэлэл харуусал тээн эх нутгаа зорин тэмцсэн үеэс хойших задрал бутрал, уруудал доройтол, мөхөл сүйрэл рүү дөтөлсөн есөн жарны хоцрогдол, хохирлыг өнгөрсөн 90 жилийн  хугацаанд амжилттай даван тууллаа. Энэ хугацаанд улс үндэстнээ аварч, улмаар нийгмийн дэвшилд хүргэж, улс шиг улсыг шинэ зуунтай золгуулж өнөөгийн ардчилсан Монголыг хөгжүүлж байгаа нь 1921 оны ардын хувьсгалын гайхам ололтын илэрхийлэл юм. Энэ бол монголын ард түмний бахархам гавъяа. Монгол Ардын Намын бодлого үйл ажиллагааны  үр дүн мөн.

    Ардын хувьсгалын 90 жилийн түүхийн сүүлчийн 20 жил нь ардчиллаар овоглосон он жилүүд билээ. Ардын хувьсгалаар эхэлсэн нийгмийн их өөрчлөлт явсаар ардчилсан шинэ агуулгаар, шинэ хэмнэл, шинэ хэмжүүр, шинэ үнэлэмжээр нэмэн баяжиж, түүх үргэлжилж буй хэрэг юм. Ардын хувьсгал, ардчилсан өөрчлөлтийг зааглан салгашгүй нэгдмэл үйл явц бөгөөд эрх чөлөө, хөгжил дэвшлийн төлөө тэмүүлсэн монгол түмний цаг түүхийн залгамж чанар бүхий нийгмийн хөдөлгөөн мөн. Эрс тэс зөрчил, тэсрэлт бололгүй тайван замаар өрнөсөн, тив дэлхийд үлгэр дууриал болсон манай ардчилалын мөн чанар, онцлог чухам үүнд оршдог. Ардын хувьсгалын баяр ийнхүү ардчиллын агуулгаар баяжиж улам төгөлдөржиж байна.

    Монголын ардчилал эдүгээ эрийн цээнд хүрч, Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх боллоо. Өнөөдөр манай ард түмэн ардын хувьсгалын ололт амжилтаараа бахархаж, түүнийгээ хайрлан хамгаалдаг шигээ ардчилалын ололт, үнэт зүйлээрээ бахархах болсон. Гэхдээ ард түмэн ардчилсан өөрчлөлтөөс ардын хувьсгалынх шиг эдийн засаг, нийгмийн бодит үр дүнг хүсэн хүлээсээр байна. Ийм үр дүнд хүрэхийн тулд улс төрийн хамтын шийдэл, хамтын хүчин чармайлт хэрэгтэй гэдгийг бид ойлгон мэдэрч, хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна.

    Тийм ч учраас манай хамтарсан Засгийн газар ард түмэндээ өгөөжтэй, хүний хөгжлийн таатай нөхцлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадвартай, өндөр өсөлттэй, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох нь манай улсын хөгжил дэвшлийн  баталгаа, ардчиллын батлагаа, ирэх 20 жилийн хөгжлийн эх суурь болно гэсэн чиг бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө хичээж байна.  

    Энэ зорилгоор ирэх жилүүдийг бид Их бүтээн байгуулалтын жилүүд болгон зарлаж байна.  Оюу толгой, Таван толгойн бүтээн байгуулалтын ажил бол үүний эхлэл юм. Стратегийн эдгээр орд газруудыг түшиглэн аж үйлдвэржилтийн шинэ эрин үеийг эхлүүлж, металлург, хими, барилгын материалын, гангийн зэрэг томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулахаар ажиллаж байна. Энэ бүхнийг дагалдан аж үйлдвэрийн төвүүд, эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулна. Мөн эдийн засгаа дэлхийн зах зээлтэй холбосон шинэ төмөр зам, аймгийн төвүүдийг холбосон авто замын сүлжээг барьж, орон сууцны томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

    Эдийн засгийн эдгээр суурь өөрчлөлтөөс гадна олон нийтийн оюун сэтгэлгээ, боловсрол, мэдлэгийн хүрээнд ч томоохон шинэчлэлийг хийнэ. Нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, иргэн бүрийн оролцоог шийдвэр гаргах бүхий л түвшинд хангаж, өсвөр залуу үеийнхний эх оронч сэтгэлгээг нэмэгдүүлэх, уламжлалт соёл ёс заншлаа хадгалж, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх зэрэг өөрчлөлтийг бүх салбарт хийж хэрэгжүүлэх болно. Энэ бүхний үр дүнд Монгол хүний хөгжил хангагдана. Монгол улс маань хөгжинө.

    Эрхэм хүндэт ард иргэд, зочид төлөөлөгчид өө,

    Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардын хувьсгалын бэлгэ тэмдэг болсон монгол наадам маргааш орон даяар ёслол төгөлдөр эхэлнэ. Морин хуур, уртын дуу, уухайн түрлэг, хүүхдийн гийнгоо, хүчит бөхийн дэвээ, хурдан хүлгийн уралдаан, эвэр нумын эвшээлт, шагайн харваа, язгуур урлаг, яруу найраг, спорт урлагийн тоглолт үзүүлбэр цөм найрсан зохицолдсон үндэсний их баяр цэнгүүн өнөө жил олон хоногоор үргэлжилж онцгой сайхан болно.

    Өнө эртний түүхтэй Монгол наадам өнөө жил дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн сайхан мэдээг та бүхэндээ дуулгая. Энэ сайхан мэдээ, шийдвэр батламжийг бидэнд авч ирсэн манай үндэсний их баяр наадмын эрхэм хүндэт зочин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова танд монголын ард түмний өмнөөс халуун дотно талархлыг дэвшүүлье. Азийн цээжинд нүүдэлчдийн их гүрнийг байгуулж, нийтийн тооллоос өмнө төр ёсны түүхээ эхлүүлсэн монголчууд бид тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийнхээ их түүхээрээ бахархаж, үндэсний их баяраа тэмдэглэж байна.

    Энэ ойнууд нь монгол хүн утга учиртай амьдарч, Монгол улс өнөд мандан бадрахын үндэс болсон үндэсний ухамсар, эх оронч үзлийг бидэнд уламжлуулж,  өнгөрсөн түүхээсээ суралцах, сургамж авах, ирээдүйгээ өөдрөгөөр төлөвлөх боломжийг олгож байгаад баяртай байна. Эх орон даяараа эрийн гурван наадмаа тэмдэглэх ард иргэддээ, энэ дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа аз хийморио бадруулж, холыг зорьж, ихийг бүтээж, бахдал омогшилтой, бахархал дүүрэн байж, Хүннү Сүннү, Их Монгол Улс, Ардын хувьсгалынхаа түүх шастирыг эргэн дурсаж, Түмэн олноороо түвшин сайхан наадахыг хүсэн ерөөе.

    Монгол төрийн сүлд хийморь Та биднийг ивээх болтугай.

  • “Чингис хаан- Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэн Улаанбаатар хотноо нээгдлээ

    “Чингис хаан- Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэн Улаанбаатар хотноо нээгдлээ Ийм нэртэй  үзэсгэлэн өнөөдөр Үндэсний музейд нээгдэв. Тус үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Ерөнхий сайдын  урилгаар ирсэн , хүндэт зочин  ЮНЕСКО-гийн  ерөнхий захирал Ирина Бокова ч хүрэлцэн ирсэн байлаа. Засгийн газрын тэргүүн  үзэсгэлэнг нээж,  хэлсэн үгэндээ “ Манай  Үндэсний их баяр наадмын хүндэт зочин, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова танд “Монголын уламжлалт баяр наадам”-ыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн батламж, ““Монгол Алтайн хадны зураг”-ийг дэлхийн өвд бүртгэгдсэн гэрчилгээ, “ Алтан товч”, “ Ганжуур, Данжуур”-ыг дэлхийн баримтат өвд бүртгэгдсэн гэрчилгээг монголын ард түмэнд хүргэж ирсэнд онцгойлон талархал илэрхийлье”хэмээлээ.

    Түүнчлэн Ерөнхий сайд цааш хэлэхдээ “ Монгол улс, АНУ-ын олон талт хамтын ажиллагаа нь шинэ цаг үе, шинэ нөхцөлд шинэ хэлбэрээр өргөжин хөгжиж байгаа бөгөөд хоёр талын соёл, боловсролын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрт 1989 онд гарын үсэг зурснаас хойш соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа эрчимжсэн. Энэхүү хамтын ажиллагааны тод жишээ бол европ даяар алдартай “Чингис хаан- Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэнг БСШУЯ, АНУ-ын Дино Дон  компанитай хамтран АНУ-ын дөрвөн хот, Сингапур улсад зохион байгуулсан явдал юм. Энэхүү үзэсгэлэн нь  онцлог жилтэй энэ жил  “Чингис хаан үзэсгэлэн Монголд” нэрээр Улаанбаатар хотод зохион байгуулж байгаад баяртай байна.

    “ Чингис хаан-Монголын эзэнт гүрэн үзэсгэлэн” нь Америкийн ард түмэнд цаашилбал дэлхийн нийтэд монголын түүх, өв соёлыг таниулан сурталчлах, монгол америкийн ард түмний харилцан ойлголцол, найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэсэн юм. Мөн энэ үеэр ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова “ Монгол Шунхан Данжуур”, Лу.”Алтан товч” өвүүдийн батламжийг Монголын Үндэсний номын сангийн удирдлагуудад албан ёсоор гардуулан өглөө. Эдгээр өвүүд нь Монгол улсаас дэлхийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлэн бүртгэгдсэн анхны өвүүд болж байгаа ажээ

  • “Монгол наадам”-ыг хүн төрөлхтний соёлын өвд бүртгэн авсныг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд албан ёсоор зарлалаа

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд үндэсний их баяр наадмын босгон дээр энэхүү таатай мэдээг ард түмэндээ дуулгаж байна.

    Засгийн газрын тэргүүний урилгаар манай оронд айлчилж байгаа ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтанд “Монгол үндэстний баяр – Наадам” –ыг бүртгэсэнбатламж бичгийгМонгол Улсын Ерөнхий сайд С. Батболдод өнөөдөр гардуулан өглөө.  2010 оны 11 дүгээр сард Кени улсад хуралдсан соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хуралдаанаар Монгол Улсаас гурван  өв бүртгэгдсэний нэг “Монгол үндэстний баяр – Наадам”  байсан ажээ.

    Ерөнхий сайд С.Батболд тус батламжийг авах үеэрээ хэлсэн үгэндээ “ Монгол наадам”-ыг ийнхүү ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэснээр “ Эрийн гурван наадам”-ын зан үйл, ёс заншил, улмаар нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц хэв маяг нь монголчуудаас дэлхийн соёлын санд оруулж буй томоохон хувь нэмэр, монгол соёл иргэншлийн төлөөлөл, нэрийн хуудас болсныг илэрхийлж байгаа хэрэг гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

    Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтанд “Монгол үндэстний баяр – Наадам” –ыг бүртгэсэнбатламж бичигт:

    Соёлын биет бус өвийг хамгаалах  Конвенцийн Засгийн газар хоорондын Хороо  нь “Монгол үндэстний баяр – Наадам”-ыг Хүн Төрөлхтний Биет бус соёлын өвийн Төлөөллийн жагсаалтанд бүртгэн авав.

    Энэ жагсаалтанд “Монгол үндэстний баяр – Наадам”-ыг  бүртгэснээр  түүний дэлхийн дахины үнэ цэнийг түгээн алдаршуулж, соёлын олон төрөл зүйлийг хүндэтгэх соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь улам бүр өргөх болно”гэж тодорхойлон бичижЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова гарын үсгээ зуржээ. 

    Монголчууд бидний үндэсний бахархал болсон “Монгол Наадам “дэлхийн өв санд бүртгэгдсэнээрМонгол үндэстний бүтээн бий болгосон  их өв санг дэлхий нийтэд таниулж байгаа төдийгүй ард иргэд түүний дотор залуу хойч үе  өөрийн өв соёлоороо бахархах, язгуур соёлоо өвлөн уламжлах, сэргээн амилуулах буухиаг улам бүр тэтгэн баяжуулах их үйлсэд бодиттой хувь нэмэр оруулах нь дамжиггүй билээ.  

    Монгол улсын Засгийн газар  ЮНЕСКО-гийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын  ажиллагаа  мөн энэ үеэр боллоо. Түүнчлэн  сэтгүүлчдийн сонирхсон асуултад эрхэм зочин Ирина Бокова дэлгэрэнгүй хариулт өглөө

  • Монгол наадам дэлхийн нэрийн хуудас боллоо

    Монгол наадам дэлхийн нэрийн хуудас боллоо ~ “НААДАМ”-ЫН БАТЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВАХ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С. БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ ~

    Эрхэмсэг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова,  Хатагтай, ноёд оо,

    Монгол Улсын Ерөнхий сайдын урилгыг хүлээн авч манай эх оронд зочлон ирсэн танд чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. “Монголын уламжлалт баяр – Наадам”-ыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийг хүсч байна.

    Наадмын өмнөх өдөр энэхүү нэр хүндтэй Батламж бичгийг монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гардан авах нэр хүндтэй, аз завшаан тохиож байгаад туйлын баяртай байна. Эрт дээр үеэс манай монголчуудын эрхэмлэн тэмдэглэсээр ирсэн уламжлалт баяр бол үндэсний их баяр Наадам билээ. Эрийн гурван наадам нь манай ард түмний цэнгэлийн соёлын дээд хэлбэр, дэлхийн бусад аль ч үндэстэнд байдаггүй нүүдэлчин түмний цогцлон бүтээсэн соёл иргэншлийн нэгэн өвөрмөц хэлбэр юм.

    Тийм ч учраас “Монголын Уламжлалт баяр Наадам”-ыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтанд бүртгэлээ. Ийнхүү төлөөллийн жагсаалтад бүртгэснээр “Эрийн гурван Наадам”-ын зан үйл, ёс заншил, улмаар нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц хэв маяг нь монголчуудаас дэлхийн соёлын санд оруулж буй томоохон хувь нэмэр, монгол соёл иргэншилийн төлөөлөл, нэрийн хуудас болсныг илэрхийлж байгаа хэрэг юм.

    ЮНЕСКО нь Монгол үндэстний язгуур соёлын хэв төрх, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн морин хуур,уртын дуу, монгол цуур, бий биелгээ, монгол тууль, хөөмэй, бүргэдийн баярыг бүртгэж, дэлхий дахинд түгээн алдаршуулсанд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэн нэн талархалтай байдаг бөгөөд цаашид ч соёлын биет бус өвийг үндэсний болон олон улсын түвшинд хамгаалах үйлсэд хамтран ажиллахад бэлэн байна. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Наадмыг өөрийн биеэр үзэж танилцахаар ирсэн эрхэмсэг хатагтай Ирина Бокова танд чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлье. 

    Таны цаашдын ажилд амжилт хүсье.

  • С.Батболд: Төрд зүтгэж байгаа хүн бол өөрөө сэтгэл хоёрдохгүй мөн эргэж харамсахгүйгээр л ажлаа хийж байх ёстой

    ярилцлагаСэтгүүлч Б.Ганчимэг

    “Ярилцъя” наадмын дугаарын хүндэт зочныхоо хамт та бүхэнтэй мэндчилж байна. Баяр наадмын энэ өдөр та  бүхний сэтгэлийн хойморт  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чин сэтгэлийн халуун мэндчилгээтэйгээ хамт заларч байна. Хүлээн авна уу.

    -Монгол түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Энэ жил олон ой давхацсан, арай онцгой наадам болно гэж хүмүүс их догдолж байгаа бололтой. Та хэрхэн яаж наадамлах гэж байна. Бэлтгэл хангагдчихсан уу?

    -Энэ жил их сайхан жил болж байна. Түүх талаасаа Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, дээр нь энэ жил Монгол улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 50 жилийн ой гээд ийм олон сайхан ой тохиож байна. Энэ дотроос онцлох нь долдугаар сарын 11-нд болдог манай ард түмний үндэсний их баяр наадам. Энэ баяр бол ардын хувьсгалын, монгол улсын тусгаар тогтнолын баярын өдөр.  Тийм учраас ард түмэн маань ч догдлон хүлээж байдаг. Ер нь их ой гэдэг бол бусдаас өөр л дөө. Эрийн гурван наадмын цар хүрээ ч өөр болоод явчихдаг.

    -Сүр хүчээрээ юу?

    -Сүр хүчээрээ ч, тоо хэмжээгээрээ ч,чансаа агуулгаараа ч өндөрлөг өдрүүд болж өнгөрдөг. Наад зах нь  512 биш 1024 бөх барилдаж, уралдах морьдын тоо нэмэгддэг. Эрхий мэргэн харваачид маань ч ойн жилийн түрүүг авах юм сан гэж хичээдэг. Тэр агуулгаар ойн наадамд түрүүлсэн бөхийн цол  ч гэсэн ч тэр наадмын бай шагнал ч тэр өөр байдаг шүү дээ. Ерөөсөө л өөр өдрүүд болж өнгөрдөг. Яагаад гэвэл ойн жил юм чинь. Энэ бол эргэж  тохиохгүй их ойн жил шүү дээ. Тэр утгаараа Монголын ард түмний их ойн жил. Иргэн бүрийн, хүн бүрийн их баяр цэнгэл. Мэдээж хэрэг албан ёсоороо Монгол төрийн их баяр наадам. Тийм болохоор Ерөнхий сайдын хувьд  ч, Монгол улсын нэг иргэний хувьд бусдын  нэгэн адил баярлаж наадахаар зэхэж байна. Гэр бүлээрээ баярын  сайхан сэтгэгдэл тээж, тэр агаар сэлтийн дор бэлтгэлээ базааж байна даа. Дээлээ бэлдэж байгаа, эхнэр маань дээлээ бэлдээд л, ямар малгай өмсөх вэ өвгөөн гээд асууж байна лээ. Монголын ард түмэн бол баяр наадмаа сайхан баярлаж тэмдэглээд ирсэн уламжлал заншилтай ард түмэн. Тэр заншлаараа ойн их баяр наадмаа улам өргөн дэлгэр хийнэ. Сайхан баяр наадам болноо.

    -Та бөх үздэг юм уу?

    -Үзэлгүй яахав. Та бол стадионд очдоггүй байх л даа. Тавын даваанаас хойш  би гэр бүлтэйгээ хамт яс   сууж үздэг. Арван хэдэн жил бид нар  стадионд бөх үзэж байгаа. Миний сүүлийн жилүүдэд байнга хамт сууж үзэж байгаа нэг үзэгч бол УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ л дээ. Бид хоёр цуг сууж, хоорондоо  ярьж үздэг. Би бүр багаасаа бөхөд хорхойтой. Миний найз хоёр ихэр начин байдаг. Ло. Эрхбаяр,Ло Энхбаяр гэж. Тэгээд найз нараа дагаад багаасаа бөхөд хорхойтой болчихсон. Би чинь бөхийн холбооны ерөнхийлөгчөөр 10 жил ажилласан хүн шүү дээ. Спортод ерөнхийдөө их хорхойтой. Тэр дундаа бөхийг их дэмждэг. “Алтайн барс” гээд бөхийн дэвжээтэй байсан.

    -Тийм үү. Эртний бөхийн хорхойтон байсныг мэдсэнгүй?

     -Д.Сумъяабазар аварга, их аварга Д.Дагвадорж нар бол  манай дэвжээний тамирчид байсан. Энэ клубээс л аваргын алдар хүндэд хүрсэн зам нь улбаатай даа.

    -Энэ жил шинэ аварга төрөх болов уу. Танд харж байгаа бөх байна уу?

    -Байлгүй яахав. Ер нь бол наадам их сайхан болноо. Өрсөлдөөнтэй ч болно. Залуучууд их сайхан өнгөлөг, өрсөлдөөнтэй, хүчтэй байна билээ. Би бол шинэ залуу, олон цолтонгууд төрсөн сайхан наадам болно гэж бодож байгаа.  Дээр нь манай аваргууд, том цолтнууд түүхт ойн жилийн наадамдаа их нухацтай бэлтгэж байгаа байх. Тэгэхээр наадмын бөхийн барилдаан өрсөлдөөнтэй болно гэж бодож байна. Дээр нь цаг агаар ч нар хур тэгшрээд сайхан болж байна. Наадам  гэдэг бол бас цаг агаартай их холбоотой. Хур бороо их орж байна. Олон аймаг сум өөрийн ойг тэмдэглэх гэж байгаа. 11 аймаг энэ жил тэгш ойтой. Тийм учраас энэ жилийн наадам  илүү өргөн дэлгэр болох төлөвтэй байна.

    -Наадам ярьсан чинь гоё байна шүү. Одоо ажил хэргийн асуултууд руугаа орох уу?

    -Тэгье.

    -Хамгийн сүүлийн чухал мэдээлэл Таван толгой. Тэгэхээр Тавантолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулагчдыг зарлачихлаа. Гэвч би хувьдаа хүнд л нөхцөл үүслээ гэж харж байна.  Хэлэлцээрийн ширээний ард гурван их гүрний нэгдэл ирээд суучихлаа. Гэтэл Таван толгойн ордын ашиглалтын эдийн засгийн тооцоог монголчуудад үзүүлээгүй байна. Тэд л хоорондоо ярилцаж байна гэсэн үг. Энэ сэдвээр хоёулаа яриагаа үргэлжлүүлэх үү?

    -Тавантолгойн орд газар бол Монгол Улсын хөгжилд  асар их хувь нэмэр  оруулах томоохон төслүүдийн нэг. Эрдэнэт үйлдвэр үүссэн цагаасаа хойш манай эдийн засагт их том хувь нэмэр орууллаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 35 хувь, экспортын 50 гаруй хувийг дангаараа авч явж, төсвийг бүрдүүлдэг ийм том аж ахуйн нэгж байж ирсэн. Оюутолгойн төслийг бид олон жил ярьж байгаад  2009 онд  гацаанаас гаргаж ажлыг нь эхлүүллээ.  Өнгөрсөн  оны дөрөвдүгээр сард л арваад жил тойрсон  энэ том төслийн барилгын ажлыг  эхлүүллээ шүү дээ.  Өөрөөр хэлбэл арваад жил яриад эхлүүлж чадахгүй явсан энэ төслийг хоёрхон жилийн дотор шийдэж галт тэргээ замд нь гаргалаа. Ажил нь одоо өрнөж байна. Ирэх жил ашиглалтанд орно. Тэгэхээр бид яриад л, хэрэлдээд л суугаад байх уу. Улс орныхоо хөгжлийн төлөө шийдвэрүүдээ гаргаад, ажил болгоод явах уу.  Энэ хоёрын ялгаа харагдаж байгаа биз. Ажил болгоод эхэлчихсэн юм чинь  мэдээж  үр дүнгээ өгч таарна. Нөгөө л урьдынхаараа алаагүй баавгайн арьсыг хуваагаад суугаад байсан бол байдал ямар байх байсан бол. Оюутолгой бол Эрдэнэтээс тав дахин том. Тэгэхээр Эрдэнэт ямар хэмжээний ачаалал улс орныхоо эдийн засагт үүрч байсан нь ойлгомжтой. Одоо Оюутолгой тав дахин том ачаалал үүрэх нь. Тэр хэмжээгээр нь эдийн засаг тэлнэ.  Энэ төслийн эдийн засгийн үр өгөөжийн  57-58 хувийнг  Монгол Улс хүртэнэ. Татвараар, ногдол ашгаар, бусад хэлбэрээр эдийн засгийн үр өгөөжийг  нэмэгдүүлэх боломжтой. Бид үе шаттайгаар зээлийн хүүг бууруулж байна.   Хөрөнгө оруулагчдын төвшинд зах зээлийн горимын дагуу асуудлаа тавиад улам сайжруулаад явах  боломж байна. Гэхдээ хамгийн гол  нь ажил эхлээд байна. Үйлдвэр ашиглалтанд орох нь бидэнд илүү чухал.

    -Оюутолгойг хангалттай ярьсан болохоор шууд Тавантолгойгоос асуултаа эхэлж тавьсан юм. Гэтэл ?

    -Энэ тухай яг одоо ярих гэж байна л даа. Тавантолгой гэдэг бол бүр өөр зүйл. Тавантолгойгоор бол монголчууд бид маргаашдаа сайхан амьдрах  хөрс сууриа тавьж байна.   Эдийн засгийн эргэлтэнд  хурдан л оруулах юм бол Оюутолгойгоос илүү үр өгөөжөө өгнө. Энэ нэгдүгээр ач холбогдол нь. Хоёрдугаарт, энийг  шийдэхдээ Монгол Улс өмчийн эзэн шиг шийдэж байгаа. Харин үүнийг зарим нэг хүмүүс санаатайгаар ард түмэнд буруу ойлгуулах гэж оролдож байх шиг байна. Бодит байдал гэвэл   Тавантолгойн орд газар, түүний лиценз эзэмшил бүгд 100 хувь Монгол Улсын мэдэлд, Монгол төрийн мэдэлд, Монголын ард түмний мэдэлд байгаа. Өөр хэнд ч очихгүй. Хэнд ч эрх нь шилжихгүй. Гуравдугаарт, Тавантолгой дээр хоёр уурхай ажиллана. Нэг нь зүүн Цанхи дээр, Монголын “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани  гэрээгээр олборлолтоо  хийлгээд ажиллуулна.  Энэ нь тендерээр гэрээт олборлогчийг шалгаруулаад, борлуулалт  өөрөө хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл монголчууд зүүн Цанхийн уурхайгаа өөрсдөө ашиглаж, өөрсдийн туршлагыг бий болгож, чанар чансаагаа бас үзнэ. Яг Ухаа худаг дээр “Энержи ресурс”-ийн хийж байгаатай адилхан зарчмаар монголчууд энд хийнэ гэсэн үг. Баруун Цанхи дээр нь 30 жилийн гэрээгээр бидэнтэй харилцаатай гол стратегийн түншлэгч орнуудынхаа төлөөлөлийг оролцуулсан ийм консорциумыг УИХ-ын тогтоолын дагуу шалгаруулаад явж байна. Олборлолтыг нь хийлгээд, борлуулалтыг нь хийлгээд ажиллуулна. Ахин хэлэхэд энд лиценз шилжихгүй. Зарим хүмүсийн болгоомжилж, санаа зовж  байгаа шиг  нөөц нь дуусахгүй. Яагаад гэвэл бид олборлолт дээр нь квот тогтооно. Магадгүй жилд 20-30 саяыг олборлоё гэж тооцъё. Тэгэхэд 30 жил хийлээ гэхэд 600-900 сая тонн л нүүрс олборлоно шүү дээ. Манай Тавантолгойн батлагдсан нөөц нь одоогийн байдлаар 6,4 тэрбум тонн. Цаашдаа  7,5 тэрбум болно гэсэн тооцоо байгаа. Илүү  нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр бид стратегийн хөрөнгө оруулагч нараар уурхай байгуулуулаад, тодорхой нөөцийнх нь жаахан хэсэг дээр ажиллуулаад л гэрээ дуусна. 30 жилийн гэрээ шүү дээ. Гуравдахь зүйл  бол мэдээж хэрэг тэд бүх татвараа Монгол улсын хуулийн дагуу төлнө. Гадны хөрөнгө оруулагч нартай ажиллаж байгаа зарчмуудыг манайхан бас сайн харж ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн өмчлөл шилжихгүй, татварын ямар нэгэн хөнгөлөлт байхгүй. Монгол Улсын хууль дүрмийн дагуу бүх төрлийн татвараа бүрэн төлнө. Дээр нь бид эдийн засгийн боломжуудыг бас нэмж тэднээс авч байгаа юм. Урьдчилгаа төлбөрүүдийг авч байгаа. Мөн нэмэлт түрээсийн төлбөр авна. Эдийн засгийн үзүүлэлтээрээ илүү ач холбогдолтой ийм үйл ажиллагаа хоёр дахь хэсэг дээр нь явж байгаа юм. Бид Орос, Хятад, Америк болон Япон Солонгос  зэрэг бусад түншүүдийгээ энэ хамтын ажиллагаанд санхүү менежмент, технологи талаас нь оролцох боломжийг бас бүрдүүлж байгаа. Үүнийг дагаад эдгээр улсуудтай тогтоосон улс төрийн болон эдийн засгийн харилцаан дээрээ том дэвшил гаргаж байгаа. Нүүрс бол өөрөө экспортын бүтээгдэхүүн. Зах зээл, төмөр зам, төмөр замын гарцууд, үнэ  тариф, далайн гарц, худалдаж авах орнууд энэ бүх зүйлүүд бол мэдээж дахиад л бидний гадаад орчноос хамааралтай шүү дээ. Бид гадна түншүүдтэйгээ тохирох ёстой. Энэ нь амаргүй, хүнд ажил. Гэсэн ч энэ улс орнуудтай тохирох ажлыг Засгийн газар богино хугацаанд  үр дүнтэй явуулж байгаа нь манай Засгийн газрын гарцаагүй амжилтын нэг .Тавантолгой дээр бидэнд алдаж байгаа юм байхгүй. Ганцхан юм энэ том төслийг хурдан эргэлтэд оруулах тусмаа л эдийн засагт хэрэгтэй. Одоо ингээд хаа нэгтэйгээс амаараа уралдуулсан төгс төгөлдрийг яриад, танин мэдэхүйг яриад, улс төр хийгээд  энийг зогсоосноор монголын ард түмэн хожихгүй. Монгол Улс хожихгүй. Хэсэг хүмүүсийн улс төр популизм болсноор энэ ажил явахгүй. Өнөөдөр бид улс төрөө ярихын зэрэгцээ эдийн засгийн чухал  асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Бид 20 жил ажилгүйдэл, ядуурал гэдэг үгнээс салсангүй. Ажилгүйдэл, ядуурал гэдэг үгэн дээр улс төр хийдэг  явдал бараг жишиг болчихсон. Үүнийг  шийдэхийн төлөө бид ажиллаж байна. Ажилгүйдлийн төвшин буурч өгөхгүй байна, ядуурлын төвшин буурсангүй л гэж шүүмжлээд байна. Үүнийг шийдэх ёстой. Үүнийг бодитой том төслүүд эргэлтэнд орсноор, түүнийг дагасан дэд бүтэц, түүнийг дагасан үйлдвэрлэл, мөн бусад салбар, жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй хөгжсөнөөр л бид шийднэ.  

    -Ер нь та хийсэн гэрээндээ  нэлээн сэтгэл хангалуун байгаа юм байна. Ингээд Тавантолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулагчдыг зарлачихдаг юм байж.  Харин тэднийг ямар шалгуураар сонгосон бэ гэдэг асуултанд хариулахгүй юу?

    -Шалгуурыг ҮАБЗ, УИХ-аас тогтоож өгсөн. Түүнийг хатуу удирдлага болгон ажилласан.

    -Цаана нь бас улс төрийн талаас нь харах давхар зүйл мэдээж зөндөө байгаа байх л даа?

    -Зайлшгүй харна. Нүүрс гэдэг бол бүс нутгийн экспортын бүтээгдэхүүн. Бид хоёр хөршөөрөө дамжуулж төмөр замаар зөөнө. Мэдээж бид нүүрсээ бүр саран дээр аваачиж өгөхгүй нь ойлгомжтой. Хамгийн ойрхон том зах зээл дээрээ л зарна. Тэгэхээр Төмөр зам, далайн гарц, зах зээлийн хэрэглээ гэсэн энэ үзүүлэлтүүдийг тооцно шүү дээ. Тийм учраас хоёр хөрш орноо зайлшгүй тооцох ёстой. Тооцохгүй байх боломжгүй. Зөвхөн хоёр хөршөөс гадна бидэнд гуравдахь хөрш гэсэн гадаад бодлогын үзэл баримтлал байдаг. Гуравдагч хөршөө бид тэнцвэржүүлэгчээр оруулах ёстой. Тэгэхээр энэ улс төр, геополитикийн гэж хэлж болох эдгээр тооцоонууд бол гарцаагүй хийгдэнэ. Энэ бол тийм хэмжээний том төсөл.

    -Үнэндээ бол эдгээр том төслүүд тойрсон улс төрөөс хэн хүнгүй залхсан. Бид хөгжлийнхөө галт тэргийг хөдөлгөж чадлаа гэж харцгааж байгаа. Ажилгүйдэл ядуурал хоёрыг амны уншлага болгохоо больж юмаа хөдөлгөе, ажлаа явуулъя гэж ярьдаг болсон. Энэ бол сайн зүйл. Одоо Тавантолгой хөдөллөө. Харин  хувьцаагаа хэзээ яаж  гаргах вэ. Иргэд бид хувьцааны үр дүнг  хэдийнээс хүртэх бол?

    -Хэзээ хөдөлгөнө, тэр өдрөөсөө эхлээд авах хугацааны тоолуур эргэж  эхэлнэ. Байхгүй юмны хувьцаа гэж байхгүй ш дээ. Бий болчингуут авах юмны хувьцаа бий болно. Тавантолгой хөдөллөө л бол хувьцааны үнэлгээ  бий болно.  Тийм учраас Тавантолгойг хөдөлгөж байгаа нь хувьцааг бодитой, үнэтэй болгож байна   байна гэсэн үг.

    -Түрүүчийнхээ асуултыг дахиад тавимаар байх юм. Хэлэлцээрийн ширээний ард гурван том гүрний нэгдэл ирээд суулаа. Гэвч Тавантолгойн ордын ашиглалтын эдийн засгийн тооцоог  монголчуудад үзүүлээгүй байна. Тэд хоорондоо л ярьж байна гэж асуусан?

    -Тэд нар хоорондоо ярих боломжгүй л дээ. Наадах чинь буруу ойлголт байна. Хариуцлага гэж ойлголт мэдээж байна. Нэгдүгээрт, Засгийн газар хариуцна. Хоёрдугаарт, Төрийн өмчийн хороо, Эрдэнэс Тавантолгой гэдэг компаниуд энэ төслийг боловсруулж байгаа юм. Үүнийг боловсруулахдаа бид мэргэжлийн, хөндлөнгийн Олон улсын банк санхүүгийн байгууллагыг авч ажиллуулж байгаа.  Дэлхийд нэртэй дөрвөн том банкийг зөвлөхөөр авсан. Мэргэжлийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, уул уурхайн яг энэ салбарынх нь зөвлөх компанийг  зөвлөхөөр авч байгаа юм. Энэ нөхцөл нь юун дээр үндэслэсэн юм гэхээр, Монгол Улсын Их Хурлаас баталж өгсөн олон улсын консерциумыг нэгтгээд нэг талд нь ажиллуулах , нөгөө талд нь оператор  ажиллана гэсэн тогтоолын дагуу Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас цаана нь гурван гүрэн ярьж байгаад бидэнд нөхцөл тулгах  тухай асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол улс өөрийнхөө бодлогоор хөтөлж төслөө  явуулж байгаа. Хардах ямар ч асуудал байхгүй.  

    -Ойлголоо. Дөнгөж сая л хөрөнгө оруулагчдыг  зарлалаа. Нарийн сайтар тайлбарлах хугацаа бас гараагүй байхад бидний яриа өрнөж байна л даа. Гэхдээ л газрын доорх нүүрсний хэдэн хувийг хэн хэн авах тухай бидэнд ямар ч мэдээлэл алга. Ийм байдалд бас танд талархаж чадахгүй байна л даа?

    -Дөнгөж сая болсон үйл явдал учраас олон нийтэд сайтар тайлбарлах цаг хугацаа гараагүй байна. Манай ажлын хэсэг энэн  дээр ажиллаж байгаа. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан, мөн Ч.Хүрэлбаатар сайд, Х.Баттулга сайд, С.Баярцогт сайд, Д.Зоригт сайд нарын бүрэлдэхүүнтэй Засгийн газрын ажлын  хэсэг, дор нь Эрдэнэс Монгол, Төрийн өмчийн хороо орсон ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Энэ ажлын хэсэг  33 удаа хуралдсан гээд бод. 33 удаа шүү. Засгийн газар энэ асуудлаар дөрвөн  удаа хуралдсан. Зөвхөн энэ асуудлаар ажлын хэсэг 33 удаа хуралдсаныг дүгнээд, мөн яриа хэлэлцээний явцыг сонсч дүгнэж байж Засгийн газар дөрвөн  удаа хуралдаж энэ шийдлийг гаргаж байгаа юм. Одоо үүнийгээ бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна. Үүний дараа УИХ-д танилцуулна. Ийм үе шаттай явна. Процесс бол Монгол Улсын хууль тогтоомжинд заасан ёсоор, УИХ-аас гарсан хууль тогтоомжийн дагуу явж байгаа.  

    – Хөгжлийн банкны үүдийг нээгээд удаагүй байна. Энэ  банкин дээр юу болж байна вэ. Санхүүжилтын тал дээр ямар нэг асуудал үүссэн үү?

    -Улс орны маань хөгжил дараагийн том үе шат руугаа орж байна. Тэгэхээр эдийн засгийн эргэлтэнд орох уул уурхай, бусад үйлдвэр, хөдөө аж ахуй гээд энэ олон салбарууд бүгд арилжааныхаа  горимоор л  явна. Гэтэл төр засаг гарцаагүй онцгойлон анхаарал тавих салбар бас байна. Тэр бол  дэд бүтэц .Төмөр зам,  авто замын аль алийг нь барих ёстой юу, барих ёстой. Авто замыг арилжааны горимоор барина гэдэг бол бас хэцүү . Төмөр замын хувьд  асар том хөтөлбөр. Оюутолгой, Тавантолгой шиг хурдан хөрөнгө оруулалтаа  эргээд шууд нөхчихгүй шүү дээ. Гэтэл бид  уул уурхайгаас орох ашгаасаа  бас орон сууцны том хөтөлбөрүүдээ  юуны өмнө хэрэгжүүлэх ёстой байдаг. Хот хөдөөгүй энэ ажил  хийгдэх  ёстой. Тиймээс  шинэ бүтээн байгуулалтын энэ  том том төслүүд, үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг зөвхөн арилжааны горимоор  биш, төр засаг, төрийн бодлогоор дэмжлэг үзүүлж, санхүүжилтийг нь шийдэж явах  ёстой байдаг. Үүнийг шийддэг практик  дэлхийн улс орнуудад ялангуяа Азийн бар орнууд бүгдэд нь байна. Бүгдээрээ Хөгжлийн банк гэдэг бүтцийг бий болгож  санхүүжилтээ шийдэж иржээ.  Солонгос, Сингапур, Тайланд, Малайз ч тэр. Эдгээр орны хөгжлийн  банкууд нь төрөөсөө баталсан үндэсний том хөтөлбөрүүдээ  санхүүжүүлдэг. Энэ зарчмаар  бид төрөөс баталсан хөгжлийн том түлхэц тулгуур болсон дэд бүтцийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зорилготойгоор энэ банкыг байгуулж байгаа юм. Засгийн газраас баталсан том хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх эх үүсвэрийг бид шийдсэн.   800 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах энэ эрхийг  Хөгжлийн банкинд олгосон байгаа. Хөгжлийн банк үйл ажиллагаагаа эхлүүлэх шатандаа орж байна. Ийм том хэмжээний хөтөлбөрүүдийг хийх, тэрний боловсруулалтыг , тэр мэргэжилтэй боловсон хүчнийг сонгон шалгаруулж ажиллуулах, мөн үүнийг төлөвшүүлэх ажилд тодорхой хугацаа шаардана. Тавиад л маргааш нь салхи шиг ажиллана гэж байхгүй. Энэ процесс эхний шатандаа явж байна. Манай хамтарсан Засгийн үед эдийн засгийн шинэтгэлийн хэмжээний томоохон асуудлуудыг шийдэж чадсан нь чухал юм. Одоо нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн учраас цаашаа явах нь тодорхой. Галт тэргийг хөдөлгөхгүй байх нь их хортой. Хөдөлгөх нь өөрөө чухал. Бидний хамгийн том амжилт бол энэ бүх зүйлийг хөдөлгөж чадсан маань. Одоо ажиллуулах, тасалдуулахгүй байх, үр дүнд хүргэх нь төр засаг, нийгэм, ард түмний хамтын хариуцлага.

    -Хөрөнгийн бирж дээр маш том шинэчлэлт хийгдэж байгаа.  Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллаж байна. Энэ ажил хэр явж байна?

    -Хөрөнгийн бирж гэдэг бол зах зээлийн эдийн засгийн шинэтгэлийн бас нэг том механизм. Зах зээлийн эдийн засаг бол хоёр том баганан дээр тогтож байдаг. Нэг нь банк санхүү, нөгөөдөх нь хөрөнгийн зах зээл. Манайд сонгодог утгаараа банк санхүүгийн харилцаа нэлээн хүчтэй хөгжсөн. Хөрөнгийн зах зээл бол жинхэнэ утгаараа хөгжөөгүй. Нэр нь байгаа зарим үйл ажиллагаа байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ жинхэнэ утгаараа бусад улсын хөрөнгийн биржтэй нэг цаг дээр дэлхийн стандартыг хангасан, менежмент, үйл ажиллагаа, дэд бүтэц, эрх зүйн зохицуулалт энэ бүх зүйл нь байхгүй. Ер нь дэлхий дээр зах зээлийн орнуудын төр, хувийн бизнесийн  санхүүжилтын харьцаа банк санхүүгээс 50 хувь, хөрөнгийн зах зээлээс 50 хувь нь шалтгаалж байдаг. Манайд  банк санхүү  нь 98 хувь нь, хоёрхон хувь нь хөрөнгийн бирж дээр байгаа. Гажуудал байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл хөрөнгийн зах зээлээр ажил босгодог ийм механизм манайд байхгүй байна.  Энэ бол гэрийн тооныг  дороос нь хоёр том баганаар түшиж байдагтай адил ойлголт . Үүнийг бид шийдэх ёстой. Ингэж байж  зах зээлийн эдийн засгийн шинэтгэлийг сонгодог утгаар нь хэрэгжүүлнэ. Тэгэхээр хөрөнгийн зах зээл  нэг дугуй нь. Энэ дугуйг тавьж өгөх ёстой байсан. Тавьж өгөхдөө стандартын дугуй тавихгүй бол банкны дугуй нь их том дугуй, зах зээлийн дугуй нь  жижиг дугуй бол таарахгүй ш дээ. Тэгэхээр зах зээлийн утгаар нь зохицсон стандарт дугуй тавьж өгөх ёстой. Тэр стандарт  дугуйг  нь   Лондонгийн хөрөнгийн бирж оруулж өгөх хэлэлцээрийг бид хийсэн.  Бид Лондонгийн хөрөнгийн биржтэй  таван жилийн менежментын гэрээ хийсэн. Тэгээд суралцаад, тодорхой хугацааны дараа монголчууд өөрсдөө юмаа авч явж чаддаг болно. Энэ жил гэхэд манай хөрөнгийн зах зээлийн 60-80 ажилтныг Лондонд аваачиж сургаж байна. Энэ бүх ажлыг  эцсийн эцэст хүн л хийнэ. Хүнээ л сургах хэрэгтэй байна. Жинхэнэ утгаар нь Гонконгийн, Нью-Йоркийн, Лондонгийн хөрөнгийн биржтэй ижилхэн ажилладаг, нэг төвшний  цусны эргэлттэй болчих юм бол манай хөрөнгийн бирж босно.  Үүнийг дагаад манайд шинэ соёл, шинэ зах зээлийн зохицуулалт  орж ирнэ.  Тиймээс бид бусдын хөгжлийг гайхах биш харин  гадны технологи, банк санхүү зах зээлийн чиглэлээр сайн юмыг нь аваад, хаяхыг нь хаяаад урагшаа хөгжих учиртай.   Мэдээж монгол үндэснийхээ онцлогийг хадгалах юм бидэнд их байгаа. Гэтэл үүнийг зарим хүмүүс хольж хутгаад үндсэний үзэл яриад байдаг. Ингэхдээ ард түмний нэр барьж улс төр хийдэг. Харин ингэхийн оронд аливаа асуудлыг ул суурьтай, мэдлэгтэй, зөв ярьж, ялгаж салгах хэрэгтэй. Ер нь манайд дутагдаад байгаа нэг юм бол үндэслэлтэй, мэдлэгтэй, тэр үндэслэл нь бодитой, тодорхой  судалгаан дээр тогтсон ийм хэлбэр агуулга. Бид нар хийрхэл, омогшил, тэгээд популизм, улс төр дөрөв дээр амьдраад 20 жил явлаа. Тэгэхээр энэ хэлбэрээсээ гарах цаг болсон.  Зангараг, улс төр, популизм, ард түмэн, эх орон гэх зэрэг  үгсийн ар талд хариуцлагагүй байдал л нуугдаж ирлээ. Судалгаагүй байдал, шинжлэх ухааны бус элдэв хийсвэр үндэслэлүүд гаргаж тавьж нийгмээ хөөрөгддөг,  хариуцлагагүй байдал байна.  Үүгээрээ олон түмнээ  тэжээсээр  байгаад тэрнийхээ үр дагаварт  ажилгүйдэл, ядуурал, авилгал, хээл хахууль гэдэг юмнаас салж чадахаа байчихсан. Хөрөнгийн зах зээлийн  энэ сайн цаг руу ороод ирэхээр хүссэн хүсээгүй тунгалаг зохицуулалтанд орж эхэлнэ. Бид ийм механизмаа хийх ёстой. Одоо бидний хувьд ярих, хоосон хэрүүл маргаан дэгдээх биш, ажил хийхийг хөдөлмөрлөхийг  монголын ард түмэн төр засгаасаа, мөн өөрсдөөсөө шаардах цаг болсон гэж бодож байна.

    -Ямартаа ч Монгол гэдэг улсын дээр нэг гэрэл асчихаад бусдын анхаарлыг татан анивчиж эхэлсэн байна. Бид том гүрнүүдийн анхааралд өртөж эхэллээ. Эдийн засаг нь хурдацтай хөгжиж байна. Имфляц нэг оронтой гарлаа. Энэ бүх мэдээ хүмүүсийн чихэнд таатай бууж байгаа юм шиг байна. Мэдээж Засийн газар ялангуяа Ерөнхий сайд таны зүгээс нэлээд хүчин чармайлт гаргасан нь ойлгомжтой ?

    -Баярлалаа. Ер нь бол манай эдийн засаг нэлээн өсөх хандлагатай болчихлоо. Энэ нь  зөвхөн  Ерөнхий сайдаас хамаарсан хэрэг биш л дээ.  Мэдээж УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа бодлогууд  нөлөөлж байгаа. Нөгөө талаасаа бас бидний хөгжлийн дотоод хүчин зүйл гэж байна.  Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх суурь байна. Өнөөхөндөө эхний үед нь чирж явах уул уурхайн салбар гараад ирлээ. Ер нь манай улс төлөвшөөд эхэлж байна. Бидэнд асар их дотоод нөөц баялаг байна. Хоёрдугаарт, юу байна гэхээр харьцангуй боловсролтой, идэвхтэй бүтээлч сэтгэлгээтэй ард түмэн байна. Манай ард түмэн бол тийм ард түмэн. Төр засаг нь зөв залаад, энэ сэтгэлгээг нь өрнүүлэх асуудал  л чухал. Үүнийг   бид хийх ёстой . Мэдээж зөвхөн   төр  засаг ч  биш хэвлэл мэдээлэл  үүнийг хамт  хийх ёстой. Тэгвэл бидний явж байгаа  ардчилсан нийгэм, зах зээлийн харилцааны энэ тогтолцоо илүү төгөлдөржинө. Бүс нутагтаа Монгол улс   боломжийн хөгжил дэвшилтэй, улс төрийн тогтолцооны хувьд ч гэсэн бид нар илүү дэвшилттэй явж байгаа.  Төр засаг нь, иргэний нийгэм нь өөрөө идэвхжээд, төр болон  нийгмийн харилцаа ойртож байгаа. Нэг нэгэндээ хяналт тавих, хамтран ажиллах боломж нь бүрдэж байна.  Энэ бүхэн бидэнд асар их дотоод давуу талыг бий болгож байгаа юм. Гадаад орчин ч таатай байна. Эдийн засгийн хувьд манай баялгийн үнэ ханш өндөр,  бас том зах зээлүүдийн хажууд байна.  Манай уул уурхайн салбарыг сонирхож байгаа  улс орнуудын сонирхол улам өндөр болж байна,  мэдээллийн технологи, банк санхүүгийн салбар бидэнд  ойртож эхэллээ. Гадаад хүчин зүйл нь манай эдийн засгийн хурдасгагч болж чадах хэмжээнд байна.  Дотоод гадаад энэ нөхцөл байдлуудыг  нэгтгээд хөгжлөө хурдасгах боломж  байна. Манай хамтарсан Засгийн газар  хоёр жил арай хүрэхгүй хугацаанд ажиллаж байна. Үзүүлэлтүүд сайн гарч эхэлж байгаа нь сайн хэрэг. Зөвхөн гадаад худалдааны эргэлт гэхэд манайх эрс нэмэгдэж байна. Бүр  хэд дахин нэмэгдэж байна. Гаалийн удирдлагууд надад тооцоо хэлж байсан. Манайх урд хожид байгаагүй орлогыг гаалиас оруулах нь. Тэгэхээр бидний эдийн засгийг идэвхжүүлэх, тэр идэвхжилт нь богино хугацааны биш урт хугацааны, тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байх юм бол энэ идэвхжилт улам хурдална. Улам эрчтэй явна. Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа шиг, бусад Азийн баруудын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа шиг.  Эдийн засгийн өсөлт  өнгөрсөн онд 6,1 хувь байсан. Энэ оны эхний байдлаар 9,7 хувьтай болчихсон байна. Өнгөрсөн онд бид яагаад 6,1 хувьтай байсан гэхээр 10-аад сая малаа алдчихсан. Энэ жилийн хувьд гайгүй байна.  Цаг агаар хүртэл таатай байна.  Атрын гуравдугаар аян амжилттай хэрэгжээд, гурил, төмсөө  өөрсдөө хангадаг болчихлоо. Махны нөөцөө боломжийн хэмжээнд бүрдүүллээ. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш өсөөгүй. Эдийн засгийн цусны эргэлт идэвхижчихсэн. Тэгэхээр гурил, махны үнэ харьцангуй тогтвортой байж бусад улс орнуудад өсчихсөн байхад манайд харвцангуй тогтвортой байлгасан нь  инфляцийг энэ оны долоон сарын байдлаар 4,2 хувь дээр байлгах үндсэн суурь нөхцөл болгож байгаа юм. Цаашдаа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний бараагаа бид нар тогтвортой байлгах, урт хугацааны хүнсний аюулгүй байдлын хүрээнд нь чанартай тоо хэмжээгээр нь хангах энэ асуудал дээр Засгийн газар онцгой анхаарна. Инфляци  өнгөрсөн онд 11 хувьтай байсан бол, энэ жилийн эхний хагаст 4,2 хувь руу орсон. Энэ жилийн эдийн засгийн өсөлтийг  өнгөрсөн онтой харьцуулахад   9,7 хувьтай болчихсон  байна. Жишээлбэл бид 90-ээд оноос ойш байгаагүй хэмжээнд малаа төллүүлж,  13 сая төл хүлээж авлаа. Энэ бол том үзүүлэлт. Бидэнд болж байгаа зүйл их бий. Гэхдээ эдийн засаг тэлэхийн хэрээр, тавьж байгаа зорилт маань том болохын хэрээр, мөн хүрч очих гэж байгаа цэг маань улам өндөр болохын хэрээр бидний сорилтууд их болж байна. Энэ дээр бид нар хамтдаа чармайж урагшаа явах ёстой.

    -Цалин тэтгэврийг 30 хувиар нэмсэн. Энэ шийдвэр олон хүний амьдралд дэм болж, баярлуулсан. Тэр үед бол инфляцийг хөөрөгдөх гэж байнаа энэ нөхдүүд гээд шүүмжилж  л байсан.  Цаашид цалин хөлс нэмэх үү ?

    -Цалинг нэмэх ёстой. Ер нь  монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх  ёстой гэж би боддог. Энэ нь хоёр зүйлээс хамаарна. Нэгдүгээрт, эдийн засгаа   идэвхтэй байлгах . Төр засаг  макро эдийн засгийнхаа үзүүлэлтийг харгалзан зөв зохистой бодлогыг гаргаж ирж тавих ёстой. Бид өнгөрсөн жилийг  “Бизнесийн орчныг шинэчлэх” жил гэж зарласан. 2011 оныг  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил гэж зарласан. Нийгэмд хамгийн тулгамдсан асуудал ажилгүйдэл, ядуурал л байгаа. Үүнийг шийдэх ёстой. Ингэхийн  тулд төр засаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ бодлогыг гаргаж тавих ёстой. Мэдээж нөгөө талдаа иргэд маань хариуцлага үүрнэ. Учир нь тэр бодлогыг хэрэгжүүлэгч нь иргэн. Энэ бүх ажлаа хийхийн тулд өөрийгөө бэлтгэх ёстой.  Мэргэжилтэй, өрсөлдөх чадвартай боловсон хүчин болж өөрийгөө бэлтгэх ёстой. Бид ярьдаг. Баахан диплом өвөртөлсөн таксины жолооч,  ажилгүй   хүмүүс байнаа гэж. Тэгвэл зах зээл дээр мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ маш их байна. Ноолуурын хөнгөн үйлдвэрийнхэн өндөр цалин санал болгоод,  ажилчин авах  зарлал тавиад ажиллах хүн олдохгүй байнаа гэж нэг уулзалтан дээр ярьж байгаа юм. Учир нь мэргэжилтэй боловсон хүчин байхгүйд л байна шүү дээ. Би өнгөрсөн намар  Оюутолгой, Тавантолгойн том бүтээн байгуулалтуудтай газар дээр нь танилцсан. Монголын томоохон үндэсний компани нэг ажилтандаа дунджаар 900 мянган төгрөгний цалин өгч байна. 1000 ажилчинтай. Болж байна уу. Чадвартай  хүн хүссэн цалингаа  аваад эх орондоо ажиллаж амьдарч  болж байна.  Нэг сая төгрөгний цалин авна гэдэг бол хэвийн зүйл болсон байна шүү  дээ. Оюутолгойн төсөл дээр би очсон. Сайн гагнуурчин хэрэгтэй байна. Тавдугаар зэргийн , зургадугаар зэргийн гагнуурчин байвал сая төгрөгний цалин юу ч биш, илүүг  өгье гэжээ.  Гэтэл харин гагнуурчин олддоггүй.  Сайн сайхан амьдрал  хүнд хөдөлмөрөөр л бий болдог. Өөрийгөө хөдөлмөрт бэлтгэх хэрэгтэй. Төр засаг нь ч гэсэн ажлын байрны хүрээнд хүнээ сургах, иргэн өөрийгөө бэлтгэх ажлыг маш нухацтай хийх ёстой. Үүн дээр бид маш их анхаарал, хөрөнгө гаргаж байгаа. БСШУЯ-аар дамжуулан МСҮТ-ийн чиглэлээр их ажлуудыг шинээр зохион байгуулж байна. Ер нь энэ бүтээн байгуулалтаас 60 мянган ажлын байр бий болно гэж байгаа.  Одоо 60 мянган хүнээ бэлтгэх ёстой байна. Өнөөдөр төр засагт гаднаас ажиллах хүч оруулах сонирхолгүй байна. Тэр ажлыг хугацаанд нь хийгээд дуусгахын тулд нарийн мэргэжлийн ажилчин  авахгүй бол ажил нь зогсчихоод байна. Иймээс гаднаас ажилчин аваад байгаа хэрэг.  Бид мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудлаа шийдэх ёстой. Энэ л бидний гол дэвшүүлж байгаа хийж байгаа ажил.

     Цалинг нэмнэ гэж бодож байгаа. Төр цаашдаа монгол хүнийхээ үнэлэмжийг дээшлүүлэх, цалинг нэмэх асуудлыг тууштай авч үзнэ. Дэлхийн банк, валютын сангаас Монголын эдийн засгийн өсөлтийн боломжийг ирэх 10 жилд дэлхийд хамгийн хурдтай өсөх тооцоонд оруулчихсан байна билээ. Энэ жил бид цалинг нэмэх бодолтой байгаа.

    -Наадмын дугаарын зочноосоо хамгийн супер мэдэгдлийг хүлээж авлаа гэж бодож байна. Үнэхээр сайхан мэдээ маргааш хүмүүст очих нь ээ?

    -Сайхан өдөр, сайхан мэдээ хүлээж авах сайхан шүү дээ.   

    -Төрийн албаны шинэтгэлийн томоохон хурлыг таны санаачилгаар хийсэн. Энэ үеэр бол таны амнаас жалга довны хуучин юмыг төрийн албанд бид цааш нь чирж явахгүй шүү гэсэн хатуу сануулга унасан. Энэ ажил хэр явж байна?

    -Энэ ажлыг гарцаагүй хийх ёстой. Дэлхий ертөнц даяарчлагдаж байна. Бид өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй байна. Төрийн ажлыг ч өндөр төвшинд өрсөлдөх чадвартай хийх ёстой болж  байна. Төрийн ажил  гавьяа зүтгэл, мэдлэг чадвар,  ажилласан жилийн туршлага гээд   бүх зүйл дээр үндэслэж  дүгнэгдэж явах ёстой. Албан тушаалын сонголт, томилолт, дэвшүүлэлт  нь бүгд үүн  дээр үндэслэх ёстой. Тэрнээс биш улс төрийн намын сонгуулийн ялалтаас хамаардаг, эсвэл нэг сайдын нутгийн юмуу, намын найз нөхдөөс шалтгаалаад өөрчлөлт хийдэг энэ зарчмыг бид хуулиараа зохицуулах ёстой. Би Канадад хийсэн айлчлалын үеэр үүнийг ярьсан.  Ер нь би айлчлалын үеэр тодорхой зүйл  ярихыг боддог. Канадтай хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэр технологи ярихын зэрэгцээ Канадын төрийн албанаас авах зүйл их. Канад  хүн амын хувьд харьцангуй цөөн орон ч  Америк хэмээх том улсын хажууд байна. Гэхдээ төрийн алба нь маш тогтвортой. Өндөр хөгжчихсөн ийм улс орон. Тэнд төрийн албаны нь үйл ажиллагаа нь маш системтэй, хуульчлагдчихсан, төлөвшчихсөн байна. Бид тийм улс орны жишгээс суралцах ёстой. Яагаад гэвэл манайд мерит зарчим буюу гавьяа зүтгэл, туршлага, мэдлэг чадвар дээр үндэслэсэн энэ тогтолцоог  хэвшил болгохгүй бол төрийн алба өөрөө тогтворгүй байгаад байна. Төрийн албаны хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Яаманд, агентлагт, төрийн албанд гурваас таван жил тогтвортой ажилласан хүн дараагийн шатны албанд нэр дэвшдэг байх ёстой. Тэгэхгүй бол гэнэт нэг хүн хөндлөнгөөс орж ирээд хэлтсийн дарга, албаны дарга, газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж болохгүй. Ийм таагүй зүйлүүд төрийн албаны идэвхи сонирхлыг мохоож байгаа юм. Сонгуулиас хамаарч савладаг ийм төрийн албатай байж болохгүй. Ер нь зах зээлийн орнуудад төрийн алба маш тогтвортой байдаг. Сайд ирж л байдаг, явж л байдаг. Тэр төрийн алба бол доор нь ёстой швецари цаг шиг л ажиллаж байдаг. Хууль тогтоомж бүх юм нь ойлгомжтой. Ер нь төрийн алба өөрөө биеэ даасан суурь зарчмууд дээрээ тулгуурласан дэвшүүлэлт, сонголт энэ бүхэн нь хуульчлагдсан байх юм бол тогтвортой болно. Мэдээж хэрэг төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг зөв зохицуулах ёстой. Гэхдээ дахиад тусгайлсан юм хийх биш. Төрийн албан хаагчдын хүүхэд болохоор л тусгай хөнгөлттэй сурдаг ч юм уу, төрийн албан хаагч болохоор тусгайлж байранд ордог биш. Энэ нь бол нийтийн жишгээр байх ёстой. Харин төрийн албан хаагчийн үнэлэмж цалин өөр байх ёстой. Чадвартай хүний цалин өндөр л байг л дээ. Энэ зарчим руу орох ёстой. Бид нар энэ рүү явж байна.   

    -Шатахууны хомсдол нэлээн анхаарлын төвд байна. Жил бүр ургацийн үеэр ч юмуу, тариалалтын үеэр ч юм уу ямар нэгэн  ачаалалтай  үеэр л  ийм юм болдог.  Иргэд үүнд их бухимдах юм. Манайх энэ зовлонгоосоо хэзээ салах юм бэ ?

    – Энэ бол өмнө нь байгаагүй асуудал биш байсан л асуудал. Гэхдээ  гарцаагүй шийдэх асуудал . Хамтарсан Засгийн газар энэ тал дээр нэлээн бодитой бодлого гаргаж ирж  байгаа. Бид өөрийн үндэсний нефть боловсруулах үйлдвэрийг барих ёстой болжээ. Одоогоор манай түүхий  нефть олборлолт  хангалтгүй байгаа. Гэхдээ бид  нефть боловсруулах үйлдвэрээ барина. Өөрсдөө өөрсдийгөө хангах нөхцлийг бүрдүүлнэ гэж итгэж байгаа. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаараа нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг  авч хэлэлцээд зарчмуудыг нь шийдээд байна. Нэгд, өөрийн үндэсний үйлдвэртэй болъё. Хоёрдахь нь бид нэг нийлүүлэгчээс хамааралтай байдаг энэ хамаарлаа багасгана.  Үүнийг өмнө нь зөндөө ярьж байсан. Гэхдээ хэзээ ч тогтвортой тууштай авч хэрэгжүүлж байгаагүй. Бид хоёрдогч эх үүсвэр, гуравдагч эх үүсвэрээс нефть авах  урт хугацааны гэрээ хэлэлцээр хийж байгаагүй. Цаг үеийн асуудлаа л шийдэж байсан. Одоо бол бид тогтвортой урт хугацааны гэрээ хийх асуудлыг нэгдүгээрт тавь гэж байгаа юм. Тэгэхгүй бол нэгнээс нь авч байгаад дуусангуут нь мориндоо мордоод хажуу талыйн айл руу давхидаг байж болохгүй ш дээ. Үүнийгээ системчилж, тогтвортой болгоё, урт хугацааны гэрээ болгоё. Энэ зарчмыг шийдэж байгаа. Тэгээд ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг нэг сайдыг, нэг засгийн газрыг энэ асуудлаар буруутгах нь утгагүй л дээ. Мэдээжийн хэрэг үүрэг хариуцлага хүлээж байгаа хүмүүс нь үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой. Тэрэн дээр бол хариуцлага тооцох юмыг нь тооцох ёстой. Тооцох ч болно. Гэхдээ урт хугацааны үндэслэлтэй шийдвэрийг гаргах ёстой. Энэ шийдвэрийг энэ Засгийн газар гаргаж байгаа. Эрвийх дэрвийхээрээ бүх шатанд нь ажиллаж байна.

    -Сонгуулийн хуулийн талаар хоёр нам санал нэгдэхгүй байна. эцэст нь та МАН-ын даргын хувьд ард түмнээсээ асууя гэж санаачилга гаргасан. Харин энэ саналыг  АН хүлээж авах бололцоогүй гэж байна?

    -Энэ бол Ардчилсан нийгэм шүү дээ. Хууль нь байна. Ер нь бол ард нийтийн санал асуулгыг асуух тухай хууль байгаа шүү дээ. Бид 93 онд батлаад тавьчихсан. Тэгэхээр ийм асуудал байж болохгүй гэж ярих нь зохимжгүй явдал. Олон улсад жишээлбэл, Швецарьт хамгийн энгийн асуудлаар санал хураалт явуулж байдаг ийм практик хэвшчихсэн. Ийм улс орнууд их байна. Жишээлбэл саяхан Англи улс сонгуулийн хуулиараа санал асуулга асуугаад явж байна. Италид санал асуулга хийсан байна. Ер нь Ардчилсан улс орнууд олон түмнээс асуулга асуух хэлбэр байж л байдаг. Мэдээж хэрэг манайд хэвшээгүй, практик болоогүй учраас дээр нь хууль эрх зүйн зохицуулалтууд нь боловсронгуй болоогүй учраас эргэлзээд байна. Бас  Үндсэн хуулийн өөрчлөлтүүдтэй холбогдуулаад илэрхийлж байгаа байр суурь бол бий л дээ. Бид үүнийг тооцох ёстой. Гэхдээ асууна гэж байгаа маань өөрөө буруу зүйл биш . УИХ бол ард түмний мөрөөдөл, сонирхлын төлөө л байгууллага.

    –Ерөнхийлөгчийг яагаад хориг тавьсан гэж бодож байна?

    -Ерөнхийлөгч манай бүлгийн  дарга нартай  уулзаж хууль эрх зүйн хувьд амаргүй асуудал шүү гэдэг талаас нь ярилцсан байгаа. Хууль эрх зүйн талаас нь нэлээн судалж үзэх асуудал гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн байгаа. Бид үүнийг  авч үзэх ёстой. Үнэхээр өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд болж байгаа хэсэг нь аль юм, болохгүй хэсэг нь аль юм гээд салгаад ярилцаж болно ш дээ. Бид ч заавал тулгаж байгаа зүйл биш, ард түмнээсээ асууя гэсэн хувилбарыг л санал болгож байгаа юм.  Энэ хувилбарыг маань эсэргүүцэх юм уу, хориг тавьж болно шүү дээ.  Энэ бол нээлттэй зарчим. Сонгуулийн хуулийг зарим нь намын нэрээр хйих ёстой гэж яриад байгаа. Зарим нь хүнээ мэдэх, гишүүнээ мэдэж мэдрэхийг чухалчилж байгаа. Яагаад гэвэл АН, МАН гээд дугуйлчихдаг. Цаана нь хэн байгааг мэдэхгүй. Тэр нь  буруу ч юм уу , зөв ч юм уу хэнийг нь мэдэхгүй хүнийг дугуйлчихдаг. Гэтэл яг иргэн хүнд бол намайг төлөөлж УИХ-д суух гэж байгаа тэр хүн аль намын хэн гэдэг хүн бэ  гэдэг нь чухал байгаа юм. Энэ хүнийг сонгох нь зөв үү, мэдлэг боловсрол бүх талаараа энэ хүн шаардлагыг маань хангаж байна уу гэдгийг харахгүйгээр зүгээр нам дугуйлчихаад байх бол амаргүй шүү дээ. Сонгуулийн тогтолцоо намыг дугуйлна гээд ярих нь өөрөө хүнд их гоё сонсогдоод байгаа боловч энэ өөрөө төгс төгөлдрийн туйл уу гэвэл бас биш . Тийм учраас бид холимог тогтолцоог яръя. Энэ элементийг оруулъя. Үе шаттайгаар энэ рүү явъя. Гуравны нэг нь бид нам сонгоно, гуравны хоёр нь хүнээ сонгоё. Тэгээд үүнийг үзье. Дараа нь бид үнэхээр боловсронгуй байна гэх юм бол цааш нь хөгжүүлээд явъя гэдэг дээр ерөөсөө эргэлзэхгүй байгаа. Ганцхан пал хийтэл нь нам болгоод тавьчихъя. Хүн нь чухал биш нам нь л гээд тавьчих юм бол зөв юм уу буруу юм уу гэдгийг өнөөдөр хэн нь ч хэлж чадахгүй. Магадгүй хүмүүс бас хүнээ харъя гэж байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр хэн нь сайн пиар хийж, хэн нь илүү хэвлэлийн бага хурал хийснээр ажлыг дүгнэдэг хорвоо бол өнгөрчихөөд байна. Одоо манайд уураа хүрвэл гүйж гараад хэвлэлийн бага хурал зарлана. Пиар хийнэ. Ард түмэндээ хандана гэдэг. Би үүнийг бол зөвшөөрч байна. Ганцхан үндэслэлтэй, судалгаатай, зөв байх ёстой. Энэ асуудалд бид болгоомжтой, үндэслэлтэй, хуулийн дагуу хандана. Наад зах нь Үндсэн хуулиа хар л даа. Цагаан дээр хараар Монгол Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгоно гээд биччихсэн байгаа. Энэ дээр намыг сонгоно гэж бичээгүй. Гишүүнийг сонгоно гэсэн байгаа.   

    -Сонгуулийн хуулиас болж таныг огцруулах асуудлыг Э. Бат-Үүл гишүүн өргөн барина гэдгээ мэдэгдсэн байгаа. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин нар таныг намын удирдах зөвлөл дээрээ хэлэлцсэн асуудлуудаа парламентаар хэлэлцүүлдэг боллоо, парламентын бүрэн эрхэд халдаж байна гэж хурцаар шүүмжилж байна. Харин та хэрхэн хүлээж авч байна вэ?

    -Би Бат-Үүлийг улстөрчийнх нь хувьд бол хүндэлдэг. Яах аргагүй манай Ардчиллын алтан хараацайн нэг гэж хэлж болно. Ер нь зарчмын асуудлууд дээр гол ч байр сууринаас ханддаг гэж боддог.  Ардчиллын үнэт зүйлсүүдийг хамгаалах, зах зээлийн суурь зарчмуудыг хамгаалах, төр хувийн хэвшлийн харилцаа, төр нийгэм Ардчиллын суурь зарчмуудаас мань эр ухардаггүй.  Шаардлагатай бол эдгээр үнэт зүйлсийн төлөө  ямар ч алхам хийх чадвартай цөөхөн хүмүүсийн нэг гэж би үздэг. Тэр утгаараа бол  хүндлэлтэй ханддаг .  Гэтэл нөгөө талаасаа Э.Бат-Үүл маань болчимгүй алхам хийдэг л хүн юм байна. Хариуцлагагүй нөхөр юм байна.  МАН-ын даргын хувьд би Э.Бат-Үүлийг хариуцлагагүй мэдэгдэл хийж байна гэж үзэж байна.  Аливаа нам улс төрийн зохион байгуулалтын  хэлбэр.  АН ч тэр, МАН ч тэр мөрийн хөтөлбөрөө гаргаад, мөрийн хөтөлбөр дээрээ дэвшүүлсэн зорилтуудаа өөрийнхөө их хурал, бага хурал, удирдах зөвлөлөөрөө яриад л явдаг. Тавьсан мөрийн хөтөлбөрийнхөө  хэрэгжилтийг дүгнээд, улс орны өмнө тулгамдаж байгаа нийгэм эдийн засгийн бүх асуудлуудыг улс төрийн намууд л ярина ш дээ. Одоо “Монгол хүн-2020” гээд  хүн болгоноо ажилтай болгоно, мөнгөтэй болгоно гээд л АН чинь  аймаг болгоноор давхиад л байгаа биз дээ. АН-ынхан өөрсдөө болохоор 2020 онд бүгдэд нь аманд нь баахан юм чихэж хаяна гэж ярьж  давхичихаад, МАН болохоор эдийн засаг, хөгжлийн асуудал ярингуут  буруу болноо гэдэг асуудал бол байж болохгүй байх. Ихээхэн хийсвэр юм ярьж байгаа. УИХ-ын бүтцүүд байнгын хороо, УИХ-ын бүлэг шийддэг зарчмаараа л шийднэ. Аль аль намын удирдах зөвлөлүүд бол шийдвэрээ улс төрийн намын хуулийн хүрээнд гаргана.   Тэгэхээр үүнийг удирдах зөвлөл нь шийдвэр гаргаад яваад байна гэж шүүмжилж байгаа нь том улс төрчийн хувьд бол  тулын инээдтэй зүйл ярьж байх шиг харагдах юм. Э.Бат-үүл гишүүнийг ингэж ярьж байгаад их гайхаж байгаа. Ийм инээдтэй болчимгүй алхам хийхээ боль гэж би Э.Бат-Үүл гишүүнд хэлмээр байна. Х.Тэмүүжин гишүүнийг бол би залуу улс төрчдийн нэг гэдгийг ойлгож байна. Гэхдээ өөрийнхөө намын асуудлыг ярьж байгаа бол өөр хэрэг. Манай намын асуудалд орох нь зохисгүй гэж үзэж байна. Ёстой нөгөө  хүний хэрэгт бүү хошуугаа дүр гэж нэг үг байдаг байх аа. Мэдэхгүй юмаа ярьж хэрэггүй дээ гэж зөвлөмөөр байна. Хүн бас асуудлыг мэдэж байж ярих хэрэгтэй. Мэдэхгүй юмаа ярихаар хүн эвгүй харагддаг. Би одоо АН дотор байгаа юмыг яриад байвал бусдад таагүй харагдана биз дээ.   Бид АН-ын удирдлагуудын асуудлаар дүгнэлт хийгээд яриад байдаггүй. Надад тийм ёс суртахуун ч байхгүй. Тийм хүмүүжил ч байхгүй.

    -МАХН гэдэг томъёоллоор хуучин намын дарга байсан Н.Энхбаяр улсын дээд шүүхээс гэрчилгээ авчихлаа. Өмнө нь Монголын Алдарт Хувьсгалчдын нам (МАХН) гэж тэд хүсэлт гаргаж байсан санагдах юм. Тэр нам гэрчилгээ авчихав уу. Эсвэл хэдхэн сарын өмнө таны даргалж байсан МАХН-ын гэрчилгээг авчихав уу. Ерөөсөө ойлгохоо байчих юм?

    -Та ойлгохгүй байна. Та юмыг олон талаас нь хардаг, өндөр төвшний мэдээлэлтэй байдаг, нэр хүндтэй сэтгүүлч хүн. Та ойлгохгүй байнаа гэдэг бол нийгэм ойлгохгүй байна гэсэн үг. Тантай яг адилхан би ойлгохгүй байна. Яахаараа Монгол Улсын хууль тогтоомжуудыг өөрсдийн өнцгөөс тайлбарлаад, ингээд юмыг хүслээрээ хийгээд явж болдог юм бэ. Хуультай зөрчилдсөн ийм шийдвэр гарлаа гэж бид үзэж байгаа.  Тиймээс  манай намаас Улсын дээд шүүхээс яагаад ийм шйидвэр гаргасныг нь судалж үзэх гэж гаргасан тогтоолоо өгнө үү  гэсэн хүсэлт гаргасан. Саяхан  тогтоолыг нь авлаа. Бид энэ үндэслэлтэй санал нэгдэхгүй. Тийм учраас бид Улсын дээд шүүхэд хуулийн дагуу давж заалдаж байгаа.  Нэг шинэ улс төрийн нам шинээр бий болох нь мэдээж нээлттэй. Ижил нэртэй олгогдчихсон нь хууль зөрчсөн явдал гэж бид үзэж байгаа юм. Уг нь бол сая 19 дэхь шинэ нам, отгон нам бий болсон шүү дээ.

    -МАХН-ын улс төрийн товчооны гишүүн байсан Т.Рагчаа гуайтай ярилцсан нэгэн сонирхолтой номыг би сая уншлаа л даа. Тэр хүн бол 96 настай. Намын нэрний талаар байр сууриа илэрхийлжээ.   “Төөрөлдсөн эсвэл ашиг хайсан хэдэн хүн л тэр хувьсгалт гэдэг үгний хойноос гүйнэ биз дээ. Одоо шинээр бүртгүүлээд байгаа МАХН гэдэг бол  байдаггүй, бараа туруу нь харагддаггүй, цаасан дээр байдаг  олон намуудын л нэг болно” гэж . Би энэ хүнийг бол гайхалтай сэргэг, шинэ, ямар айхтар хүн бэ гэж харсан. Иймэрхүү ахмад гишүүд олон байна уу, эсвэл зарим  хэвлэлүүдийн бичиж байгаа шиг нам минь гээд бүгдээрээ сүүгээ өргөөд ханараад  байна уу?

    -Т.Рагчаа гуайг мэдэлгүй яахав. Т.Рагчаа гуай шиг ийм сайхан ахмад буурлууд бол манай намд олон бий. Тулхтай, ухаантай, алсыг өргөн харж чаддаг, ёс суртахуунтай хүмүүс бол асуудлыг яг зөв л харж байгаа. Энэ бол нэг шинэ отгон нам л байгуулагдсан. Монголын улс төрийн шинэ нам.  Ганцхан энэ дээр нэг зөрчилтэй асуудал бол манай намын өмч үнэт зүйл болсон хуучин нэрийг өгсөнтэй л  бид санал нэгдэхгүй эсэргүүцэж байгаа юм. Манай намын нэрийг авч, манай үнэт зүйлд халдсанд нь санал нэгдэхгүй байгаа учраас хуулийн дагуу дараагийн шатны шүүхэд хандана.  

    -МАН дээр “Хувьсгалт” гэдгийг шигтгэсэн тэр явдлыг монгол хүн хийгээгүй юм байна. Амгаа гэдэг коминтерний төлөөлөгч Оросоос ирж өгсөн гэж Т.Рагчаа гуайн яриан дотор байна л даа. Тийм Амгаа гэдэг тэр буриад хүн байсан гэдгийг та мэдэх үү ?

    -Мэдэлгүй яахав. Ер нь манай намын түүх бол том түүх. Тэр түүхийг яаж ч гуйвуулах бололцоогүй. Яагаад гэвэл Т.Рагчаа гуай шиг амьд түүхийн гэрчүүд нь байж байна. Архив баримт нь байж байна. Манай намын туулж ирсэн замнал өөрөө хүчирхэг. Үнэт зүйлдээ тийм амархан халдуулахгүй шүү дээ.  

    -Танаас Н.Энхбаяр даргын тухай асуумаар байна. Тэр хүн бол танай намтай салшгүй холбоотой хүн. Гэвч өнөөдөр өөр замаар алхаж байна.  Түүний одоогийн хийж байгаа улс төрийн талаар ямар дүгнэлттэй байна вэ?

    -Н.Энхбаяр дарга улс төр, хувь хүн гэдэг хоёр зүйлийг хэт их салгаад явчих шиг л надад санагдаад байгаа юм. Уг нь хүн нэг л арьсан дор явах ёстой гэж боддог юм ш дээ би. Энэ хоёр хэтэрхий их холдоод явчихаараа бас ойлгогдохоо больчихдог л доо. Олон зүйлийг өнөөгийн төр засаг хийхгүй, болгохгүй байгаагаар яриад байгаа л даа. Жишээлбэл, би энэ засгийн ажлыг аваад жил найман сар л болох гэж байна. Гэхдээ л амжиж олон зүйлийг хийхийн төлөө явж байгаа. Энэ яриад шүүмжлээд байгаа, болохгүй бүтэхгүй гээд байгаа зүйлүүд бол өмнөх 20 жилээс өвлөгдөж ирсэн зүйлүүд байгаа юм. Өвлөгдөж ирсэн зүйлүүдийг л бид заримыг нь хөдөлгөөнд  оруулаад, заримыг нь шийдэх гээд зүтгэж байна. Алдаж онож байгаа юм бий. Тэрийг түүх шүүх байх. Ямар ч байсан улс орны хөгжлийг гацааж байсан зүйлүүдийг хөдөлгөөнд оруулъя. Энэ өвлөгдөж ирсэн  үлгэр домог болсон асуудлуудаа өөрсдөө яриад байгаад л би гайхаад байгаа юм. Нэг үгээр хэлэх юм бол зарим хүмүүс саран дээр байж байгаад ирсэн юм шиг л ярих юм. Энэ асуудлыг аваад явж байсан хүмүүс ингээд яриад байхаар би ойлгодоггүй юм. Шийдчих хангалттай он жилүүд өнгөрсөн болов уу гэж боддог.

    -Та бол эдийн засгийн шинэтгэлийн бодлогуудаараа хүчирхэг лидер гэдгээ харуулж байна. Энэ талынх нь С.Батболд гялалзаж харагдав ч намын өнгөн дээр гарч ирж ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл байх юм?

    -Ер нь улс төрийн намуудыг янз бүр л хардаг даа. Улс төрийн намуудын зорилт бол улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг л шийдэх шүү дээ. Улс төрийн нам өөрөө өөрийгөө сайхан болгох талаар ярихгүй ш дээ. Улс орныг яаж сайхан болгох вэ гэж л ажиллаж байгаа. Тийм учраас улс төрийн намд олон жил ажилласан учраас ийм мундаг юмаа ч гэдэг юм уу, энэ бол харьцангуй ойлголт л доо. Улс төрч хүн гэдэг бол зангараг, хатуу байр суурь гэдэг ойлголтын нэгдэл ч бас биш. Нэг тал нь байж болох. Тийм болохоор зөвхөн үүгээр улс төрийн хэмжээ дамжааг тодорхойлно гэдэг бол өнөөдрийн ийм эрчимтэй хөгжиж байгаа, практик  талаасаа нийгэм хөгжөөд, амьдрал өөрөө бодитой шийдлүүдийг хүлээж байгаа, эдийн засгийн, улс төрийн, нийгмийн шийдлүүдийг  хүлээж байгаа үед сонин биш. Тэгэхээр бид аливаа асуудалд үндэслэлтэй, судалгаатай, талуудын байр сууриудыг  бодитой тооцсон ийм хандлагыг л тээх хэрэгтэй. Өнөөдөр жишээлбэл манайх олонх байна гээд асуудлыг  түрээд шийднэ гэвэл бас чадахгүй. Иргэний нийгэм төлөвшчихсөн. Ерөнхийлөгчийн институт  нь ажиллаж байна. Сөрөг хүчин ажиллаж байна. Тэгэхээр бодитой судалгаатай, үндэслэлтэй, зарчимтай байр суурь барьж байх нь өөрөө Монгол Улсын хөгжлийн өнөөдрийн засаглалын шинэ хэлбэр. Ерөөсөө сайн засаглал гэж юу юм бэ. Сайн засаглал гэдэг нь хатуу юмуу, зөөлөн байхыг хэлж байгаа зүйл биш. Сайн засаглал гэдэг бол үндэслэлтэй, бодитой, нээлттэй хариуцлагатай өрсөлдөх чадвартай, алсын хараатай асуудлыг харж чадаж байгаа, шийдэж чадаж байгаа, үр дүн гаргаж байгаа энэ засаглалыг л хэлнэ. Өнөөдөр бид сайн засаглалыг л ярьж байна. Сайн засаглалыг компанийн төвшинд, төрийн төвшинд нэвтрүүлье. Иргэний нийгмийг оролцуулсан, нийгмийн зөвшилцлийг бий болгосон энэ орчныг тэлэхийн төлөө л ажиллана. Нээлттэй засаглал руу явах ёстой. Өрсөлдөх чадвартай засаглал руу явах ёстой. Мэдлэгт суурилсан хөгжил руу явах ёстой. Энэ орчинг л бүрдүүлэх ёстой. Энэ нь бол Ардчиллын үнэт зүйл байх ёстой. Гол нь улс төрийн бодлого  энэ зарчим дээр суурилсан байх ёстой. Манай нам энэ рүү явж байгаа. Эргэлзэх зүйлгүй. Манай нам магадгүй өөр өөр өнгө аяс, байр суурьтай харагдаж магадгүй. Үүнийг үгүйсгэхгүй. Энэ бол манай нам ардчилалтай нам болохын нэг жишээ. Манай нам ямар нэгэн фракцуудын нэгдэл болоод, ямар нэгэн эрх ашгуудын нэгдэл хэзээ ч болж байгаагүй, хэзээ ч болохгүй. Улс төрийн хамгийн  өндөр зохион байгуулалттай, олонхийн зарчмаа барьж чаддаг, улс төрийн намын үндсэн соёлыг, ёс суртахууныг нь харуулж чаддаг ийм нам.  

    -Тань шиг ийм лидерийн үед намд  шинээр гарч ирж байгаа зарим залуучуудыг хараад жаахан гайхдаг юм. Ямар нэгэн сорви яриад л, ямар нэгэн цөс, эр зориг ярьсан тэр сонин нөхдүүд танд таалагддаг хэрэг үү?

    -Би тантай санал нийлэхгүй байна. Юмыг нэг хоёр тохиолдлоор юмуу  дүгнэж ярьж болохгүй л дээ. Энэ чинь 160 мянган хүнтэй асар том хүчин шүү. Хоёрдугаарт, манай нам нэрээ сольсноор 20 гаруй мянган залуучууд шинээр орж ирсэн. Улс орноо, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй боловсролтой сайхан залуус манай намд олон бий.  

    -Таны аливаад хөөсөрч өгдөггүй дипломат байр суурийг танай намынхан шүүмжилдэг үү. Заримынх нь хувьд  та сэлэм эргүүлж, том том мэдэгдэл хийж сүрийг үзүүлэх ёстой ч байж магадгүй ?

    -Үгүй. Хүн байгаагаараа л байх хамгийн сайхан. Нэг их салхилаад яахав. Нэг их намжаад ч яахав. Би бол хамгийн гол нь ажил ам хоёр нэг байх ёстой гэж үздэг хүн. Жингийн цуваа явж л байх ёстой. Тэр тайван, холыг зорьсон, амар амгалан цуваа жижиг сажиг юмнаас болоод зогсч, бужигналдах  ёсгүй. Төрд зүтгэж байгаа хүн бол өөрөө сэтгэл хоёрдохгүй мөн эргэж харамсахгүйгээр л ажлаа хийж байх ёстой гэж боддог. Намаа, нөхдөө, нийгмээ гомдоохгүй байх ёстой. Энэ бол бас зарчим. Тийм болохоор улс төр хүн хоёр хамт шүү л гэж хэлэх гэсэн юм.          

           

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ өдөр Засгийн газар 44 асуудлыг хэлэлцсэн байна.

    ДИЗЕЛЬ ТҮЛШ, АВТОБЕНЗИНЭЭС ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР АВАХГҮЙ

    Засгийн газрын хуралдаанаар газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварыг өөрчлөх тухай хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ дагуу Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 80 мянга, АИ-92 автобензинд 100 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг “0” төгрөг болголоо. Мөн дизель түлшинд татвар ногдуулахгүй байгааг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн мөрдөнө. Бусад боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж буй онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар болсон байна.

    Татварыг ингэж бууруулснаар үнийн огцом өсөлтийг сааруулах, автобензин, дизель түлшийг “Роснефть” компаниас хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй байгаа учир ОХУ-ын бусад компани, БНХАУ-аас авч нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд татварын дэмжлэг болох юм. Манай улс сард дунджаар 20 орчим мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. “Роснефть” компани энэ сард зөвхөн 10 мянган тонныг өгөхөөр байгаа нь нийлүүлэлт багасахад нөлөөлж байгаа юм. Иймээс нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар тус компанитай яриа, хэлцээ хийж байгаа бөгөөд бусад эх үүсвэрээс ч шатахуун авч эхлээд байна. “Роснефть” компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 7 дугаар сард тонн тутамдаа А-80 автобензин 119, АИ-92 автобензин 201, дизелийн түлш 4 ам.доллараар өсчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ”ДОРНОД ГАЗРЫН ТОС” КОМПАНИ БАЙГУУЛНА

    Дорнод аймгийн Чойбалсан хотод газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” төрийн өмчийн оролцоотой компани байгуулахыг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Компанийн хувийг эзэмших аж ахуйн нэгжийг зохих журмын дагуу сонгон шалгаруулж, компанийн дүрмийг батлахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгав. Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах олон санал ирсэн ч  техник, технологийн шаардлага хангах техник, эдийн үндэслэл боловсруулсан аж ахуйн нэгж цөөхөн байна.

    Дархан хотод 2 сая тоннын, Рашаант өртөөнд 300 мянган тоннын, Дорнод аймагт  120 мянган тоннын, Дорноговь аймгийн Зүүнбаянд 330 мянган тоннын, мөн Зүүнбаянд 50 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр барих төслүүд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, сүүлийн үеийн технологитой, тунгалаг бүтээгдэхүүний гарц 80 хувь, Европын хэд хэдэн стандартад нийцэж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд 28-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үйлдвэр барих хугацаа нь хүчин чадлаасаа хамаарч 1,5-4 жил болох судалгаа гарчээ. Дээрх төслүүд хэрэгжсэнээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой юм. Иймд газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн эзэмшлийн оролцоотой, түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй, хараат бус, бага хүчин чадлаар нэн даруй байгуулах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна

    ЗАСГИЙН ГАЗАР 300 ХҮРТЭЛ ТЭРБУМЫН ҮНЭТ ЦААС ГАРГАНА

    Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг эх үүсвэрийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан үе шатттай гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Мөн хонины ноос, тэмээний ноос бэлтгэгчид, үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэхийн тулд 50 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 150 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар болов.  

    Манай улс ноолуурын түүхий эдийн нөөцөөрөө дэлхийд урд хөршийн дараа хоёрдугаарт ордог боловч жилдээ 600-700 мянган ширхэг бэлэн бүтээгдэхүүн экспортолж, дэлхийн зах зээлийн ердөө 2.3 хувийг эзэлдэг учир дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Дэмжлэг үзүүлснээр ноолуурын салбар дахь 6 мянга гаруй ажлын байрыг хадгалж, шинээр нэмэгдүүлэх боломжтой төдийгүй монгол ноолууран брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чухал алхам болно гэж Засгийн газар үзэж байна. 

    Тэгвэл ноосны бэлтгэлийн 80 орчим хувийг угаасан хэлбэрээр ихэвчлэн БНХАУ-д гаргаж, дотоодын үйлдвэрүүд хүчин чадлынхаа 30 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа юм.  Энэ нь сайн чанарын түүхий эдийн нөөц багассан, бэлтгэх тогтолцоо алдагдсан, ноосны гүн боловсруулалтын зарим үйлдвэрийн тоног төхөөрөмж хуучирсан, бэлэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад өндөр татвар ногдуулдаг, зах зээлд импортын хямд үнэтэй, чанаргүй бүтээгдэхүүн давамгайлах болсонтой холбоотой юм.

    Харин жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх 272 үйлдвэрийн төсөлд 251,9 тэрбум төгрөгийн санхүүжилт ойрын 2 жилд хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна. 5845 жижиг үйлдвэр, бизнесийг 829,2 тэрбум төгрөгөөр дэмжихэд 2011-2012 онд 47 320 ажлын байр нэмэгдэх боломжтой гэж 7 яам, 21 аймаг, нийслэл, арилжааны 8 банк, мэргэжлийн 16 холбоо санал ирүүлжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

    Засгийн газрын хуралдаанаар мөн “Засгийн газрын бондын эх үүсвэрээр ноос, ноолууран эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих хөрөнгийг захиран зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”, “Малчдад мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ыг баталлаа. Малаа эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд хамруулах, ноосоо бэлтгэлийн стандартын дагуу ангилахаас гадна сумынхаа мал эмнэлгийн тасагт малын гарал үүсэл, чанар, тоо хэмжээтэй холбоотой мэдээллийг өгч бүртгүүлсэн байх шаардлагыг “Малчдад мөнгөн урамшуулал олгох тухай журам”-д тусгажээ.

    Урамшууллын мөнгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, боловсруулах үйлдвэр, “Мал хамгаалах сан”-гийн тодорхойлолтыг үндэслэн гарах сайдын шийдвэрийн дагуу сум, дүүргийн Төрийн сангаар дамжуулан малчин, мал бүхий иргэдэд олгоно. Харин ноос, ноолуурын салбарт олгох зээлийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бэлтгэсэн ноос, ноолуур, үйлдвэрлэсэн утсыг худалдан авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулж үндэсний үйлдвэрт олгох юм.

    Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулсан 150 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээс бүрдэх зээлийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр төсвөөс жил бүр олгодог зээлийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах чиглэлээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмыг баримтлан олгоно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    НҮҮРСНИЙ 20 ХОНОГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ

    Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах, өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Төсвөөс олгосон зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, 2011 онд багтаан бүрэн буцаан төвлөрүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад даалгав.

    Ингэснээр станцууд өвлийн оргил ачааллын үед 20 хоногоор тооцож  нүүрсээ нөөцлөх боломж бүрдэж байна. Мөн нүүрсний уурхай, станцуудын хооронд өр авлага үүсгэхгүй байх, хуримтлагдсан өр, авлагыг бууруулах, эдгээр байгууллагын эдийн засаг, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд ч дэмжлэг болох юм. Засгийн газрын 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцсэн.   

    Энэ дагуу нүүрсний аюулгүйн нөөц /20 хоногийн/ бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг өмнөх жилүүдээс бууруулахгүй байх, өвлийн их ачааллын үед станцуудад хэрэглэх нүүрсний 20-иос доошгүй хоногийн нөөц бүрдүүлэхийн тулд нүүрс тээвэрлэх вагоноор тасралтгүй, найдвартай хангахаар тогтсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАЛАА

    Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий 15 хүнийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

    Үүнд :

    1.    Т.Гантулга. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

    2.    Д.Түвшинтөр. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга

    3.    Б.Бямбажав. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

    4.    Б.Ганбат. Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга

    5.    Ш.Мөнхцэрэн. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

    6.    Ч.Цогтбаатар. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга

    7.    Н.Нямжав. Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх

    8.    Б.Амгаланбаатар. Батлан хамгаалах яамны Стратегийн  удирдлага, төлөвлөлтийн газрын орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа

    9.    Д.Өнөржаргал. Клиникийн 1 дүгээр амаржих газрын эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч

    10.Г.Бадамдулам. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн

    11.Ш.Мэндсайхан. Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

    12.Д.Цэдэнбал. Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн

    13.Л.Гэрэлмаа. Оюуны өмчийн газрын шинжээч

    14.А.Ханддорж. Булган аймгийн Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш

    15.Д.Бадамцэцэг. Төв аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн дарга

    НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООНО

    Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний үнийг шатахууны үнийн өөрчлөлттэй уялдуулан хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэн тогтоох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт зөвшөөрлөө. Үнийн өөрчлөлтөөс шалтгаалан үнэ төлбөргүй зорчих иргэдийн нөхөн олговорт нэмж шаардагдах хөрөнгийг төсөвт тусган санхүүжүүлэх болсон байна. Мөн нийтийн тээврийн байгууллагуудын дизелийн түлшний хангалт, нийлүүлэлтэд хяналт тавьж, нийлүүлэгч нартай урт хугацааны гэрээ байгуулан, зохистой түвшинд нөөц бүрдүүлж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.

    Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулах, өр төлбөрийг барагдуулах, тээвэрчдийн нийгмийн асуудал, ажлын байрны нөхцлийг сайжруулах хөтөлбөр боловсруулан, цогц арга хэмжээ авахыг холбогдох сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд өдөрт 600 мянган зорчигч тээвэрлэж, нэг зорчигч тутмаас 26-187 төгрөгийн алдагдал хүлээдэг байна.  Нийт зорчигчийн 56 хувь нь төлбөрөө төлдөг бол 44 хувь нь холбогдох хуулийн хүрээнд үнэ төлбөргүй зорчдог. Энэ 160 гаруй мянган иргэний тээврийн зардалд төсвөөс нөхөн олговор хэлбэрээр 2010 онд 26,8 тэрбум төгрөг өгсөн бол энэ онд 30,4 тэрбумыг олгохоор тусгажээ.

    Харин дизель түлшний үнэ энэ оны 2 дугаар сард 9,1 хувиар нэмэгдэн 1440 төгрөг болсноос тээврийн байгууллагууд сар тутам 240 сая, жилдээ 2,8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гараад байна. Иймээс асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн нийтийн тээврийн үйлчилгээний үнийг шатахууны үнийн өөрчлөлттэй уялдуулан хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэн тогтоохыг нийслэлийн удирдлагад зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    ХУУЧИН ЦАХИЛГААН ШАТЫГ ШИНЭЧИЛНЭ

    Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаа дууссан, ашиглах боломжгүй цахилгаан шатыг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн шинэчлэх, шаардагдах хөрөнгийг тухайн жилийн орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Одоогоор манай улсад 1990 оноос өмнө баригдсан орон сууцнуудад тухайн үед ЗХУ-д үйлдвэрлэсэн 800 гаруй цахилгаан шат байгаагийн ихэнх нь 25, түүнээс дээш жил ашиглагдсан. Элэгдэж хуучирсан цахилгаан шат оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж чадахаа больсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  БНСУ, ОХУ-ын холбогдох байгууллагын хамтран гаргасан дүгнэлтээс тодорхой байна.

    “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж холбогдох хуулинд заасан байдаг. Энэ заалтын дагуу цахилгаан шатыг шинэчлэхээр Засгийн газар хоёр ч удаа тогтоол гаргаж 2010 оны эцэс гэхэд 239 цахилгаан шатыг шинэчилж дуусгахаар төлөвлөсөн байсан юм.

    2010 оны жилийн эцсийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 131 шатыг шинэчлэхээс 109, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 96-г шинэчлэхээс 30-ийг шинэчилсэн байна. Дээрх тогтоолын дагуу Сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгөөр 12 ширхэг цахилгаан шатыг шинэчлэх байсан ч хөрөнгийн бололцоогүй  учир чадаагүй байна. Тэгээд ч Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл оршин суугчдаас хөрөнгө төвлөрүүлж цахилгаан шат шинэчлэх боломж муу байгаа юм. Иймээс Засгийн газрын 2 тогтоолын дагуу оршин суугчдаас төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг Сууц өмчлөгчдийн холбоонд буцааж олгохыг Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлд Засгийн газрын хуралдаанаас зөвлөлөө.

    МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ БАЙГУУЛНА

    Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Сант сумын Мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургуулиас Мэргэжлийн сургалттай хэсгийг нь салгаж Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Өөрчлөн байгуулсан төвүүдийн байр, эд хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх, сургах мэргэжлийн чиглэл, хяналтын тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгын дагуу тогтоож, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. Төвүүдийн сургалтын орчинг сайжруулах, багшлах боловсон хүчнээр хангахын тулд улсын төсвөөс гадна хандивлагчид, хувийн хэвшлийн дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ОЮУТНЫГ ШАЛГАРУУЛАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

    Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Инженер-технологийн чиглэлээр дэлхийн шилдэг 50 сургуульд суралцах болзол хангасан оюутныг сонгон шалгаруулах, энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгав. Журамд зааснаар математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад эхний 3 байр эзэлсэн болон Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр эдгээр чиглэлийн олон улсын олимпиадад оролцсон байх шаардлагатай.

    Мөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд зохих журмын дагуу элсэн суралцах эрх авсан буюу 1,2 дугаар курст 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцаж байх ёстой юм байна. Салбарын яам шалгаруулалтын зарыг бүртгэл эхлэхээс 14 хоногийн өмнө яамны веб хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлахаар журамд тусгажээ. Онцгой авъяастай хүүхэд, залуучуудыг инженер, технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд өндөр хөгжилтэй оронд сургахаар УИХ шийдвэрлэж, төсөвт 3 тэрбум төгрөг тусгасны дагуу дээрх журмыг боловсруулсан байна.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сүүлийн 3 жилд математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад эхний 3 байр эзэлсэн 44 оюутныг хүлээн авч уулзсан. Дээрх оюутнууд дэлхийн шилдэг 50 инженер-технологийн их сургуульд суралцах эрх авсан тохиолдолд Сургалтын төрийн сангаас санхүүжих эрхтэй гэж тэрээр мэдэгдэн албан захидал гардуулсан бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шилдэг 50 сургуулийн нэг болох Корнеллийн их сургуульд суралцах урилга авсан Э.Энхзаяад батламжийг нь гардуулж байсан юм.

    Судалгаанаас үзэхэд шилдэг 50 сургуулийн сургалтын төлбөр, оюутны амьжиргааны зардал нэг хичээлийн жилд дунджаар 40-50 мянган ам.доллар байх бөгөөд 2011-2012 онд 50 оюутныг сургах боломжтой юм байна. Суралцагч нь сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийн дагуу эх орондоо ирж, 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллахаар гэрээнд тусгажээ.   

    АПТА-Т НЭГДЭН ОРОХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛНЭ

    Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/-т нэгдэн орох хэлэлцээг эхлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, хэлэлцээний үеэр баримтлах удирдамж, гарах зардлыг батлуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Гишүүн орнуудад санал болгох “Хөнгөлөлтийн үндэсний жагсаалт”-ын төслийг Засгийн газрын хуралдаанаар мөн хэлэлцэн дэмжсэн байна. Жагсаалтыг бэлтгэхдээ үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах, хууль тогтоомжоор хязгаарлалт тогтоодог салбарын бараа, бүтээгдэхүүнийг үл хамруулах, манай улстай ойролцоо хөгжилтэй гишүүн орнуудын одоогийн хөнгөлөлтийг жишиг болгох, импортоор авдаггүй барааг сонгох зэрэг зарчмыг үндэс болгож 299 барааг сонгожээ.

    Манай улсын худалдааны нийт бараа эргэлтийн 60 хувийг АПТА-гийн гишүүн орнууд эзэлдэг. АПТА-д нэгдсэнээр манай экспортын 338 нэр төрлийн бараа БНХАУ болон БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх бөгөөд энэ нь ойролцоогоор 10 гаруй сая ам.долларын хөнгөлөлт гэсэн үг юм. Мөн манай тал 299 төрлийн бараанд дунджаар 20 хувийн импортын гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Ингэснээр гаалийн татварын хэмжээ 1 сая орчим ам.доллараар буурна гэсэн судалгаа гарчээ.

    Ази, Номхон далайн хөгжиж байгаа орнууд хамтран 1975 онд Бангкокийн хэлэлцээр нэртэй байгуулсан АПТА-д Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг улс гишүүнээр элсээд байна. Гишүүн орнууд өнөөг хүртэл хугацаанд 3 удаа тарифын хэлэлцээ хийж, 4 мянга гаруй барааны татварыг харилцан бууруулах үүрэг авчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    Э.АМАРТҮВШИНГ 52 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЛАА

    ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотноо болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд 2 дугаар байр эзэлсэн Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшинд 52 сая төгрөгийн шагнал олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн Франц, Бүгд Найрамдах Чех Улсад болсон олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдийн уралдаан, өсвөрийн хөгжимчдийн уралдаанд оролцож онцгой амжилт үзүүлэн, нэгдүгээр байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Ж.Ариунзаяа, Ө.Анхзаяа, Г.Чингүүн нарт тус бүр 19 сая, хоёрдугаар байр эзэлсэн Г.Болормаа, К.Солензаяа, Э.Амина нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн “Авъяастан” төвийн сурагч Ө.Цовоод 9 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох болсон байна.   

    Мөн хуралдаанаар Олимпийн наадамд амжилттай оролцон медаль хүртэж, эх орныхоо нэрийг дуурсгаж байсан ахмад тамирчдад мөнгөн шагнал олгоно. Олимпоос чөлөөт болон жүдо бөхийн төрөлд мөнгөн хүртсэн Ж.Мөнхбат, З.Ойдов, Ж.Даваажав, Ц.Дамдин нарт тус бүр 15 сая, чөлөөт, жүдо бөх, бокс, буудлагын төрөлд хүрэл медаль хүртсэн Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг, Х.Баянмөнх, Д.Оюунболд, Р.Даваадалай, Н.Энхбат, Д.Мөнхбаяр, Д.Нармандах нарт тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

    Манай улс 1964 оноос Олимпод оролцож эхэлсэн бөгөөд анхны медалийг 1968 онд Мехико Улсаас Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат нар хүртсэн түүхтэй. Одоогоор манай тамирчид олимпоос 2 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль аваад байна.  Эх орныхоо нэрийг дэлхийн урлагийн тавцанд өндөрт өргөсөн Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшинг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын хуралдааны дараа хүлээн авч уулзан дурсамж гардуулж, баяр хүргэн амжилт хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

    ·         2010 оны ажлаараа өндөр үнэлгээ авсан нийслэл, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж, эдгээр аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор тогтлоо. Харин хангалтгүй дүн үзүүлсэн Архангай, Говь-Алтай аймгийн Засаг дарга нарт ажлаа сайжруулахыг үүрэг болгосон байна.

    ·         Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн эхэд нэг удаа 300 мянга, “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхчүүдэд 1 сая, хоёрдугаар зэргийн одонтой бол 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тухай хуулийн төслийг Засгийн газар зарчмын хувьд дэмжлээ. Гэхдээ тодорхой саналуудыг хууль санаачилсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дондог, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, А.Тлейхан, Ц.Цэнгэл нарт уламжлахаар болов.

    ·         Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Татварын ерөнхий хууль, Нэгдсэн төсвийн тухай, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай зэрэг хуульд нэмэлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Газрын тухай, Улсын нөөцийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

    ·         Засгийн газрын хуралдаанаар “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэн гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн барихаар болжээ. Бодлогын баримт бичигт “Газрын тосны нөөц хадгалах нийт 60 мянган тонны багтаамжтай агуулахыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт барих, газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн судалгаа хийж, Засгийн газраас бүтээгдэхүүнийг худалдан авах болон төслийн санхүүжилтэд баталгаа гаргахыг судалж, хувийн хэвшлийг дэмжих” зэрэг заалт тусгасан байна. 

    ·          “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, уринш боловсруулалтыг технологийн хугацаанд шуурхай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Мөн уринш боловсруулах, ургац хураах үед газар тариалангийн аж ахуйн нэгж, иргэдийг шатахуунаар найдвартай хангах, шаардлагатай үед хэрэглэх нөөц бүрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгажээ. Одоогоор манай улс 343.3 мянган га-д тариалалт хийгээд байгаагийн 300.9 мянга га-д үр тариа, үүнээс улаанбуудай 292.8 мянган га-д, төмс 14.6 мянган га-д, хүнсний ногоо 7.2 мянган га-д, тосны ургамал 10 мянга га-д, тэжээлийн ургамал 9.4 мянган га-д, жимсгэнэ 1 мянган га-д тариалаад байна. Энэ жил 280 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд 6 дугаар сарын 25-ны байдлаар 110 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байна.

    ·         Засгийн газрын хуралдаанаар малыг хамуу, шимэгч хорхойтох өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамруулах тухай асуудалтай танилцлаа. Үүнтэй холбогдуулан мал сүргийг эмчлэн сэргийлэх ажил, үйлчилгээг энэ оны 10 дугаар сард багтаан технологийн хугацаанд нь хийх төлөвлөгөө, удирдамж гарган хэрэгжүүлж, малыг бүрэн хамруулахыг салбарын сайд Т.Бадамжунай болон бүх шатны Засаг дарга нарт даалгалаа. Мөн шаардлагатай эмийг дотоодын үйлдвэрээс худалдан авах, эм бэлдмэл, ажил, үйлчилгээтэй холбоотой зардлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын энэ оны төсвөөс гаргахаар болжээ.  

    ·         Хууль зүй, дотоод хэргийн салбарын боловсон хүчин бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяанд Цагдаагийн академи, Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Дотоод хэргийн их сургууль байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас тогтлоо. Энэ оны 8 дугаар сард багтаан Их сургуулийн удирдлагыг томилж, бүтэц, орон тооны дээд хязгаар, дүрмийг батлан, дээрх гурван сургуулийн одоогийн байр, төсөвт түшиглэн үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон байна.

    ·         Монгол Улсын Төрийн хошой шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зохиолч Донровын Намдаг болон Төрийн соёрхолт, академич, нэрт эрдэмтэн Дамдины /Хөдөөгийн/ Пэрлээгийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ. Зохион байгуулах комиссыг байгуулж, ойн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргахаар болсон байна. Мөн хуралдаанаар Чин ван М.Ханддоржийн хүндэтгэлийн хөшөөг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших хүндэтгэлийн өргөөнийх нь дэргэд байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.

    ·         Өндөр гэгээний мутрын тамга, өмсөж байсан дээл, дархны дөш болон суварга, бурхны хэв, завъяа, аяны тогоо, өрөөсөн бойв /гутал/, таяг зэрэг 16 эд өлгийн зүйлийг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орлоо. Эдгээр нь Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музей, Үндэсний музей, Эрдэнэ зуу музей, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Баруун чойрын хийд, Шанхын Баруун хүрээ хийд, Гандантэгчинлэн хийдэд хадгалагдаж байна. Манай улс нийт 593 ширхэг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлтэй юм.  

    ·         Улаанбаатар хотноо энэ сарын 25-29-ний өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнесийн тэмцээн зохион байгуулахад  дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын нөөц сангаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргахаар боллоо.

    ·         Андоррагийн Хант Улс, Бүгд Найрамдах Гамби Улс, Бүгд Найрамдах Гондурас Улс, Бүгд Найрамдах Науру Улс, Бүгд Найрамдах Палау Улс, Бүгд Найрамдах Панам Улс, Доминикийн Хамтын Нөхөрлөл Улс, Сент-Винсент ба Гренадин Улс, Соломоны Арлууд Улс, Тувалу Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

  • Э.Амартүвшинг 52 сая төгрөгөөр шагналаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 7 дугаар сарын  6-ны өдөр Олон улсын нэр хүндтэй тэмцээнд улсаа төлөөлөн оролцож, амжилт гаргасан Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшинг хүлээн авч уулзан дурсамж гардуулан баяр хүргэлээ. Засгийн газрын тэргүүн энэ үеэр суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн 14 дэх уралдаанд Монгол Улсаас анх удаагаа онцгой амжилт үзүүлж мөнгөн медаль, үзэгчдийн таашаалд нийцсэн дуурийн дуучин шагналыг тус тус хүртэж, эх орныхоо соёл урлагийн хөгжил, нэр төрийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн явдалд баяр хүргэн цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ. Мөн Засгийн газрын хуралдаанаас Э.Амартүвшинд 52 сая төгрөгийн шагнал олгохоор шийдвэрлэснийг дуулгалаа.

    Э.Амартүвшинг 52 сая төгрөгөөр шагналаа

    Дөрвөн жилд нэг удаа болдог уг тэмцээн залуу уран бүтээлчдийн ур чадвар шаардсан олон улсын томоохон арга хэмжээ бөгөөд  Төгөлдөр хуур, хийл, морин хийл, гоцлол дууны гэсэн дөрвөн төрлөөр шалгаруулдаг байна. Энэ жилийн тэмцээнд манай улсаас Э.Амартүвшин, Ч.Энхтайван, Ж.Бямбажав нар гоцлол дууны төрөлд амжилттай оролцжээ. Энэхүү олон улсын сонгодог урлагийн уралдааныг мэргэжлийн уран бүтээлчид дэлхийн олимпын наадамтай зүйрлэдэг байна. Олон улсын хэмжээний сонгодог урлагийн тэмцээнд төгөлдөр хуурын төрлөөр ОХУ-ын хоёр, Солонгосын хоёр, Украины хоёр төгөлдөр хуурч, хийлийн төрлөөр АНУ-ын хоёр мөн ОХУ, Израиль, БНСУ-ын хийлчид, морин хийлээр Арменик, Франц, Беларусь, Герман, Италийн хөгжимчид, гоцлол дууны төрлөөр Монгол, БНСУ, Оросын дуучид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

  • Засгийн газар Тавантолгойн төслийг Улсын Их Хуралд өргөн барина

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдөр болж Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар төслийг эцсийн байдлаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.  Оролцогч талууд хувь хэмжээ гээд бүх нөхцөлөөр тохиролцоонд хүрч чадсан байна. Тухайлбал урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд нааштай тохиролцоонд хүрсэн нь манай улсын хувьд ашигтай хувилбар болсон байна. Мөн 300х2-ын буюу 600 мегаваттын цахилгаан станц барихаар болсон байна. Түүнчлэн манай талаас тууштай тавьж байсан нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцжээ.

    Монголын тал өөрийн байр суурин дээр хатуу зогсож чадсанаар хөрөнгө оруулагчид манайд 500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр болжээ. Түүнчлэн Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна “Эрдэнэс Тавантолгой” компанид тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогоос 5 хувьтай тэнцэх төлбөрийг мөн өгөхөөр тохиролцсон байна.   

    Хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа  групп 40, АНУ-ын Пибоди  24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болжээ. Засгийн газрын гишүүд гэрээний төсөлтэй танилцаад Ажлын хэсгийг сайн ажилласан гэж үнэллээ. Төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж ирэх лхагва гарагт Улсын Их Хуралд өргөн барихаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Энэтхэг улстай бүхий л салбарт хамтран ажиллах боломж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Энэтхэг Улсын аюулгүй байдлын зөвлөлийн орлогч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга Лата Редди тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Манай хоёр улсын ард түмэн түүх, соёл, шашин шүтлэгээрээ салшгүй холбоотой. Энэ үүднээсээ ч Энэтхэг Улс бол манай улсын онцгой түнш юм. Цаашид энэхүү түүхэн уламжлалт харилцаагаа хадгалж, бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх боломж бидэнд байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Мөн тэрээр хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хооронд ажилд хэрэгч, тогтмол харилцаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал болон боловсролын салбарын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч байна гэв. Түүнчлэн Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой тохиож байна. Энэтхэг Улс олон улсын болоод НҮБ-ийн хүрээнд хамтран ажиллаж, ихэнх асуудлаар ижил буюу ойр байр сууринаас ханддагт талархаж байгаагаа илэрхийллээ.

     

    Хатагтай Лата Редди хэлэхдээ Монголд анх удаагаа ирж байна. Монгол Улсын Үндэсний их баяр наадам үзэх завшаан тохиосонд баяртай байна гээд Монгол, Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын зөвлөлдөх уулзалт амжилттай болсныг тэмдэглэв. Мөн энэ сарын сүүлээр Монгол Улсад хийх Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Пратибха Девишинх Патилигийн айлчлал хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, түншлэлийг шинэ шатанд гаргах түүхэн айлчлал болно хэмээн найдаж байгаагаа хэллээ.        

    Монгол, Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын зөвлөлдөх уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын терроризмтой хамтран тэмцэх, бүсийн аюулгүй байдалтай холбоотой хар тамхи, хүний наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын аюулгүй байдлын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцсон байна.