Blog

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    засгийн газрын хуралдаанБАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО    

    Засгийн газар бага орлоготой иргэдээ орон сууцжуулахад онцгой анхаарч үе шаттай арга хэмжээ авч байна. Иргэд орон сууцтай болох хүсэл их байдаг ч банкны зээлийн хүү өндөр, хугацаа бага, урьдчилгаа төлбөрийн боломжгүй учир ихээхэн хүндрэл учруулж байлаа. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага орлоготой иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах санхүүжилтийн загварыг хэлэлцэн баталлаа.   

     

    Бага орлоготой, анх удаа орон сууцтай болохоор хүсэлт гаргасан иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулахтай холбогдон гарах журмуудыг боловсруулан хамтран баталж, орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахыг сайд С.Баярцогт, Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгав. Үүний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Шадар сайд М.Энхболдод даалгалаа.

    Хөгжлийн банкны эх үүсвэр болон дамжуулан зээлдүүлж байгаа хүү хоорондын зөрүү, Хөгжлийн банкны холбогдох үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг сайд С.Баярцогтод даалгажээ. “Хүний хөгжил сан”-гаас хуваарилагдсан хишиг, хувийг орон сууцны зээлд ашиглах хүсэлт гаргасан иргэнд төлбөрийн дансны бүртгэл хийж, орон нутаг дахь захиалгыг тухайн аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар гүйцэтгүүлэн, биелэлтийг нэгтгэхийг “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн даргад үүрэг болголоо.

    Ипотекийн хоёрдогч зах зээлийг дэмжих үүднээс санхүүжилтийн эх үүсвэртэйгээ уялдуулан Монголын Ипотекийн Корпорацид урт хугацаат зээлийн санхүүжилт олгох талаар судалж шийдвэрлэх, “Хүний хөгжил сан”-гаас иргэдийн хишиг, хувийг орон сууцны зээлд ашиглахтай холбогдуулан шаардагдах хөрөнгийг тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусгахыг сайд С.Баярцогт, Т.Ганди нарт даалгалаа. Шинэ суурьшлын бүсэд орон сууц барихад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авахыг сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭН ТОГТООЛ ГАРГАВ

    “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, ашиглалтад хяналт тавих журам, гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Үүнтэй холбогдуулан сумын хөгжлийн сангийн үлдэгдэл хөрөнгийг “Сум хөгжүүлэх сан”-д шилжүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх, шинээр ажлын байр бий болгох, үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зарцуулна.

    Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дээд хэмжээ жилд 3 хүртэл хувь, хугацаа нь 36 сар хүртэл байх юм. Сангаас олгох зээлийн хүүгийн орлогын 50 хүртэл хувийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр төсөл сонгон шалгаруулах, зээлийн ашиглалтад хяналт тавих ажлыг зохион байгуулахад зарцуулж болно. Үлдэх хувийг сангаас олгох зээлийн эргэлтийн хөрөнгө болгож ашиглахаар журамд тусгасан байна. Сангаас зээл авч төсөл хэрэгжүүлэх этгээд нь тухайн сумандаа бүртгэлтэй, Сум хөгжүүлэх сан болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өмнө нь авсан зээлийн өргүй, зээлээ зориулалтын дагуу ашиглаж хугацаанд нь төлөх чадвартай байх ёстой юм. Мөн журмаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг, Засаг даргын чиг үүргийг нарийвчлан тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    НӨӨЦӨӨС УЛААН БУУДАЙН ҮР ӨГНӨ

    2011 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс улаан буудайн 5100 тонн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдаж, борлуулалтын орлогоор нь энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэхээр болов. Улаан буудайн нэг тонн үрийг 560 мянган төгрөгөөр худалдах чиглэл баримтлахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

    Энэ хавар манай улс 281,2 мянган га талбайд үр, үүнээс 276,4 мянган га уриншийн талбайд улаан буудай тариалах юм. Үүнд 46,8 мянган тонн үр шаардлагатай. Өнгөрсөн онд 36,8 мянган тонн улаан буудайн үр нөөцөлсөн бөгөөд дутагдаж байгаа 10 орчим мянган тонн үрийг дотоодоос бүрэн хангах боломжтой гэж салбарын яам тооцоолжээ. 2010 онд манай улс 344,5 мянган тонн улаан буудай хураан авч, 276,4 мянган га талбайд дэвшилтэт технологиор, чанар сайтай уринш боловсруулж хаврын тариалалтад бэлтгэжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-Д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

    “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хуулийн зарим зүйл, заалтын талаар санал ирүүлсний дагуу судалгаа явуулж,  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийг нутаг дэвсгэрийн байршил, согтууруулах ундааны агууламжийн зэрэглэл зэргээс хамааруулан ялгаатай байхаар тусгажээ.  

    Тухайлбал, спиртын өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд нэг сая төгрөг, аймгийн төвд 600 мянга, сумдад 300 мянга, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 300 мянга, аймгийн төвд 200 мянга, сумдад 100 мянган төгрөг байхаар боллоо. Мөн спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 300, аймгийн төвд 200, сумдад 100 мянга, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 100, аймгийн төвд 70, сумдад 40 мянган төгрөг байхаар тусгажээ.

    Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон бодисуудыг импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг 10 сая төгрөг болгож , бусад химийн бодис экспортлох, импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудын саналын дагуу тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар тэмдэгтийн хураамжийн зарим хувь хэмжээг холбогдох тооцоо судалгаа, тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлог, хүрээ зэргийг харгалзан нийтлэг бус ялгавартай байдлаар тогтоох нөхцөл бүрдэх юм.

    ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛНА

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хурлын Байнгын хороотой хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Байнгын хороо дэмжсэн тохиолдолд Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болжээ. Төсөл нь “Дээд боловсролын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах, Дээд боловсролын засаглал, менежмент, санхүүжилтийг сайжруулах, Тэгш байдал ба хүртээмжийг сайжруулах” гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй юм.

    Төслийн хүрээнд дээд боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын зөвлөмж боловсруулж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, сургалтын орчин, тоног төхөөрөмжийг сайжруулж, багш, сурган хүмүүжүүлэгчдэд үндэсний үнэлгээний стандарт тогтоон, хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын чадавхийг дээшлүүлэх юм байна. 2016 оны 11 дүгээр сарын 30 хүртэл хэрэгжүүлэх энэ төсөлд Азийн хөгжлийн банкны 20 сая ам.доллар зарцуулах бөгөөд зардлын 90 хувийг Азийн хөгжлийн банк, 10 хувийг Засгийн газар гаргахаар төлөвлөжээ.

    Хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдэх хугацаанд жилийн 1,5 хувь байх юм. Манай улс өрсөлдөх чадвараараа 2011 онд 139 орноос 99 дүгээр байранд орж өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй дээшилсэн ч дотоодын сургалт, судалгааны төвийн боломж, бололцоогоороо сүүл мушгиж, дээд боловсролын системийн болон удирдлагын чанараар 135-136 дугаар байрт оржээ.

    Энэ нь эдийн засгийн хурдацтай өсөлт, уул уурхайн салбарын хөгжлийг дагасан чадварлаг боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангахын тулд дээд боловсролын системийг шинэчилж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх чадвартай сургалт бий болгох зайлшгүй шаардлагатай болсныг харуулж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    БОР-ӨНДӨР ХОТЫГ СУМ БОЛГОХЫГ ЗАРЧМЫН ХУВЬД ДЭМЖИВ

    Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөр хотыг салгаж, шинээр Бор-Өндөр сум байгуулахыг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Дархан сумыг хэвээр үлдээж, шинээр Бор-Өндөр сум байгуулах тухай Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсан байна. Мөн Хэнтий аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гурван гишүүн ч энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

    Дархан сумын 2008 оны орон нутгийн сонгуулийн мандатыг хуваахдаа 1908 хүн амтай 1,2,3,4 дүгээр багт тус бүр нэг, үлдсэн 21-ийг нь 9311 хүн амтай 5 дугаар баг болох Бор-Өндөрт өгсөн байна. Дархан сумын дээрх багууд үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, хүн амын тоонд нь бус, газар нутгийн хэмжээнд хуваах ёстой гэсэн шаардлага тавьж, орон нутгийн хурлын сонгуульд оролцоогүй юм. Үүнээс болж сумын иргэд хоорондоо талцаж, сонгуулийн асуудлаас үүссэн маргаан эцэслэн шийдэгдэлгүй өнөөг хүрчээ.

    Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх гэхэд тухайн үеийн орон нутгийн сонгуулийн тойрог, салбар хэсгийн хороод татан буугдсан учир боломжгүй, шинээр байгуулагдсан тойрог, салбар, хэсгийн хороод шийдвэр гаргавал шүүхийн байгууллага хүчин төгөлдөр бус гэж үздэг юм байна. Иймд Хэнтий аймаг, Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ.

    САНХҮҮЖИЛТИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ

    Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа-2 төслийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Нэмэлт санхүүжилт болох 11 сая ам.долларын зээл нь хүүгүй бөгөөд зээлийн үйлчилгээний шимтгэлд жилийн 0.75 хувийн хураамж төлж, зээлийг 20 жилд багтаан буцаан төлөхөөс эхний 10 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. 

    11 сая ам.долларын дийлэнхийг Олон нийтийн санаачилга, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага, Бичил санхүүгийн хөгжлийн сан гэсэн бүрэлдэхүүн хэсэгт хуваарилагдаж, орон нутагт дэд төслүүд хэрэгжүүлэхэд зарцуулах юм. “Тогтвортой амьжиргаа-2” төслийн хүрээнд орон нутагт төсвийн хуваарилалтын төвлөрлийг сааруулах, хөгжлийн чиг хандлагыг анхан шатнаас тодорхойлон гаргаж хөрөнгө оруулалт хийх, хөгжлийн гарцаа тодорхойлох аргачлалыг турших, Засгийн газраас хэтийн бодлогоо тодорхойлоход баримтлах загвар бий болгох юм.

    ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

    “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллан, улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болгов. Төлөвлөгөөг Улсын Их Хурлын тогтоолын заалт бүрээр задлаж нарийвчлан боловсруулсан байна.

    Тухайлбал Багануур, Шивээ-Овоогийн уурхайн болон эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлэх, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцаж тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт  болгон тооцох, төвийн бүсийн эрчим хүчний компаниудад олгож байгаа татаасын хэмжээгээр компани, уурхай хоорондын хуучин өр, авлагыг бүрэн хаахаар төлөвлөөд байна.

    Мөн хэрэглэгчдэд ирэх ачааллыг хөнгөвчлөхийн тулд 3 жилийн хугацаанд Багануур, Шивээ-Овоогийн уурхай болон төрийн өмчийн эрчим хүчний компаниудад олгож байгаа татаасыг бууруулахгүй байх, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Багануурын болон бусад уурхайг түшиглэн байгуулах, 3,4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр тусгажээ. Үүний дүнд төрийн өмчийн компаниудын дүнгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдэн, богино хугацаат өр төлбөр, хэрэглэгчдээс авах авлага буурна. Мөн төлбөр барагдуулах чадвар нэмэгдэж, компаниудын санхүүгийн байдал эрүүлжинэ гэж Засгийн газар тооцоолж байна.

    АМРАЛТЫН ӨДРӨӨ АЖИЛ ХИЙЖ ИДЭВХТЭЙ ӨНГӨРҮҮЛЬЕ   

    Жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн бямба гарагийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгох талаар гаргасан уриалгаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 786 мянга гаруй хүн байдаг бөгөөд нэг хүн жилдээ нийтээр тэмдэглэх баяр, ээлжийн болон амралтын бусад өдөр гээд 130 өдөр амардаг байна. Энэ нь нэг жилийн бүх өдрийн 34.5 хувийг амралт, баяр тэмдэглэхэд зориулдаг гэсэн үг юм.

    Иргэд амарч, баярлаж цэнгээд байх бус, харин нийгмийн сайн сайхны төлөө жилд ганцхан өдөр сайн дураараа хөдөлмөрлөхөд 12,5 тэрбум төгрөгийн баялаг бүтээж чадна гэсэн тооцоо гарсан байна. Иймээс нэг өдрийг эрүүл, аюулгүй орчин бий болгох, хот, сум суурингаа цэцэрлэгжүүлж, тохижуулах, дэд бүтцийг нь сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийхэд зарцуулъя гэж төрийн бус байгууллагууд, иргэд цөөнгүй удаа Засгийн газарт ханджээ.

    Саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Энэ дагуу “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийг орон даяар хэвшүүлэн, цаашдаа үндэсний бүтээмжийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөдөлмөрийн харилцааны түншлэгч талуудад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам уриалж байна.  

    “Улаанбаатарын Дулаан цахилгаан станц-5” төслийн талаар ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав. 

    НЭГДСЭН ТӨСВИЙН I ДҮГЭЭР УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦАВ

    Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн 1 дүгээр улирлын гүйцэтгэлийг Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 3 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 126.2 хувь, нийт зарлага 71.3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 83.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 517.7 тэрбум төгрөгөөр бага байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3 дугаар сарын гүйцэтгэлээр 904.7 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 187.6 тэрбум төгрөг буюу 26.2 хувиар давж биелсэн байна. Энэ нь 2010 оны мөн үеийнхээс 63.1 хувь буюу 349.9 тэрбум төгрөгөөр өсчээ.

    Нэгдсэн төсвийн нийт зарлага 1,151.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс 821.5 тэрбум төгрөгийн буюу 71.3 тэрбумын гүйцэтгэлтэй гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 23.7 хувь буюу 157.4 тэрбум төгрөгөөр өссөн нь “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд олгох бэлэн мөнгө нэмэгдсэн, оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох болсонтой холбоотой байжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.    

    Засгийн газрын хуралдаанаар мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотын эрчим хүчний 5 дахь эх үүсвэр, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын чиглэл, Үндэсний их баяр, наадмыг зохион байгуулахад шаардагдах зардал зэрэгтэй танилцаж байна.

    ТОВЧ МЭДЭЭ

    • “Саарал чоно хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханд уламжлахаар тогтлоо. Тоо толгой нь эрс цөөрч байгаа учир салбарын сайдын тушаалаар зарим аймаг, сумын нутагт саарал чоно агнахыг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай хориглосон. Иймд байгалийн тэнцэл алдагдах, байгалийн нөөцийн хомсдлоос сэргийлэх зорилгоор саарал чоныг хамгаалах, говь, тал, хээрийн бүсэд чоно, үр төлийг нь агнах, барихыг хориглосон бие даасан хууль гаргалгүйгээр одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзсэн байна.
    • Жүдо бөхийн дэлхийн цом, дэлхийн мастеруудын тэмцээн, “Астана-Алма-Ата-2011” Азийн өвлийн спортын VII наадам, “Гуанжоу-2010” Азийн паралимпийн Xнаадам, казах-күрес, сумо бөхийн дэлхийн аварга, кураш бөх, чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, таэквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн 46 тамирчин, 18 дасгалжуулагчид мөнгөн шагнал олгохоор тогтлоо.
    • “Ус ба ойн тогтвортой менежмент” сэдэвт Ази, Европын уулзалтын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг 2011 оны 10 дугаар сарын 10-11-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.

  • ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ням гарагт Сүхбаатар дүүрэгт ажиллав. Тэрээр нөөцийн махны борлуулалт, үнэ ханш ямар байгаатай танилцан өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэнтэй уулзсан байна. Мөн Дамбадаржаагийн автозамаас Шадивлан хүртэл тавьж байгаа 12,7 км автозамын ажил болон Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлах Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилтай танилцан, Нийслэлийн “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайланг сонсож үүрэг, чиглэл өглөө.

    Нөөцийн махны үнэ захынхаас хямд байна

    Ерөнхий сайд С.Батболд эхлээд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудлын автобусны буудлын дэргэд байрлах “Оргихын булаг” компанийн “Жасмин” дэлгүүрээр орж нөөцийн махны борлуулалт, үнэ ханш ямар байгаатай танилцав. Энэ жил нийслэл хот 14 аж ахуйн нэгжээр 12 мянган тонн мах бэлтгүүлж нөөцөлсөн байна. Хороо бүрт байх 2 цэгээр дамжуулан 5100 тонныг нь борлуулсан бөгөөд үлдэгдлийг 7 дугаар сарын 1 хүртэл борлуулж, зах зээлд махны үнэ зохиомлоор өсөхөөс сэргийлж байгаа юм. 

    Өнгөрсөн жил нөөцийн махыг хангалттай бэлтгээгүйгээс зах дээр хонины нэг кг мах гэхэд л 5 мянган төгрөг хүрч байсан. Харин Засгийн газар, хотын захиргаа хамтран хангалттай хэмжээний мах бэлтгэх, шат дамжлагыг багасгахад анхаарсны дүнд энэ жил махны үнийн хөөрөгдөл гараагүй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нөөцийн бүх төрлийн махны үнэ 400 хүртэл төгрөгөөр хямд,  тухайлбал нэг кг хонины мах 2900 төгрөг байгаа тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат танилцууллаа.

    Нөөцийн махны борлуулалт, үнэ ханш ямар байгааг дарга нараас бус худалдагч, худалдан авагчдаас сонсохыг Ерөнхий сайд илүүд үзэн асууж тодруулж байв. Махны чанар сайн, савлагаа нь ч шаардлага хангасан, хамгийн гол нь хямд, саяхан үхэр, хонины махыг килограмм тутамд нь 200 хүртэл төгрөгөөр хямдруулсанд иргэд ам сайтай байна. Гэхдээ үнийг дахин буулгах талаар арга хэмжээ авахыг хүсэх хүн ч цөөнгүй байлаа. Нөөцийн махыг хангалттай бэлтгэж, эртнээс борлуулж эхэлсэн учир зах дээр махны үнийн хөөрөгдөл гараагүйг Ерөнхий сайд сайшааж, махны үнийг зохиомлоор буулгах бус харин шат дамжлагыг нь цөөрүүлэх замаар хямдруулах  боломжтойг холбогдох албан тушаалтнуудад санууллаа.

    Мөн тэрээр дэлгүүрт худалдаж байгаа өргөн хэрэглээний бусад бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ ханш, иргэдийн худалдан авах чадвар ямар байгаа тухай энэ үеэр хөндөгдлөө. Нийлүүлэлт хэвийн байдаг ч үнэ ханшид Засгийн газар анхаарч, аль болох хямд байлгахад анхаарахыг иргэд Ерөнхий сайдаас хүсч байв.   

    Шадивлан хүртэлх автозамыг 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна

    Үүний дараа Ерөнхий сайд С.Батболд Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын шатахуун түгээх станцаас Шадивлан хүртэл тавьж байгаа 12,7 км замын ажлын явцтай танилцлаа. Шатахуун түгээх станцаас Дамбадаржаагийн зам хүртэлх 6,7 км, Дамбадаржаагаас Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүрэх 6 км автозамыг “Эйч Кей Би” холдинг компани барьж 9 дүгээр сарын 1 гэхэд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

    Замыг шинэчлэн өргөтгөх ажил 2 айлаас болж саатаад байгаа ч нийслэл даяар өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй учир айлуудыг 10 хоногийн дотор нүүлгэхийг нийслэлийн Засаг даргын орлогч үүрэг болгосон. Зам ашиглалтад орсноор замын ачаалал эрс багасна гэж хотын холбогдох байгууллагын удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа. Одоо замын ажил болон тохижилтыг хооронд нь уялдуулж, нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа учир нэгийг хийх гээд нөгөөг сүйтгэдэг явдал гарахгүй гэж хотын Ерөнхий менежер хэлэв.  

    Нийслэл хот өнгөрсөн жил 30 км замыг засч шинэчилсэн бол энэ жил 60 км болгосон байна. Засварын ажил хийх гэж түгжрэл үүсгэхгүйн тулд 4 дүгээр сарын 15-наас ажлыг нь эхэлж 10 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгах юм. Зам засварын  чанар муу байх тохиолдол цөөнгүй гардаг учир энэ жил нийслэл хот үүнд онцгой анхаарч асьфалт битум үйлдвэрлэдэг болон гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. 

    Зам засч байна гээд түгжрэл үүсгэж жолооч, иргэдийн бухимдуулдаг байсанд Засгийн газар дүгнэлт хийн энэ жил тендерээ эрт зарлаж, шалгаруулалтыг нээлттэй, ил тод, цаг хугацаанд нь дүгнэн, компаниудыг ажилд нь оруулсныг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Цаашид их хэмжээний хөрөнгө зарж байгаа замын засварын чанарт онцгой анхаарах, ачааллыг багасгаж, түгжрэл үүсгэхгүй байх боломж байгаа учир системтэй ажиллах нь зүйтэй гэж зөвлөв.

    Энэ жил зам засварт өмнөхөөс их хэмжээний мөнгө зарцуулж байгаа. Тухайлбал БНХАУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг замын бүтээн байгуулалтад зарцуулах шийдвэр гаргасан. Одоо ажлаа цаг хугацаанд нь чанартай, өөрөөр хэлбэл энд тэнд алаг цоог байдлаар бус системтэй хийх ёстой гэж Ерөнхий сайд хэллээ.    

    Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна

    Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил болгон зарлаж олон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Жилийн ажлыг үр дүнтэй болгохын тулд энэ ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өөрөө ахалж байгаа юм. Аймаг, нийслэл ч энэ жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж эхнээсээ тайлангаа ирүүлж байна. Тайланг цаасаар авах нэг хэрэг, харин хийж байгаа ажил иргэдэд хүрч байгаа эсэхэд Ерөнхий сайд анхаарч өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэнтэй зориуд уулзлаа.

    Ерөнхий сайд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25-142 тоотод оршин суух Г.Янжиндуламынд очив. Тэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ялангуяа өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төр, засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тодруулж, ямар нэгэн хүнд суртал байгаа эсэхийг асуулаа. Г.Янжиндулам 2005 оноос савхин бээлий оёж эхэлжээ. Тэрээр 5 хүнийг байнга ажиллуулан өдөрт 40 бээлий оёдог бөгөөд шаардлагатай үед хорооныхоо иргэдийг ажиллуулдаг юм байна.

    Байнгын ажилладаг 5 хүнээс гадна 10 гаруй хүн бээлийг нь Нарантуул захад борлуулдаг гэж үзвэл 20 гаруй айлын амьжиргааг залгуулж яваа. Хэдийгээр нэг бээлийгээ 6 мянган төгрөгөөр борлуулж байгаа ч иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тэр байтугай оросууд хүртэл монголын савхин бээлий чанартай хэмээн эрж сурч явдаг тухай Г.Янжиндулам ярив. Арьс ширний үйлдвэрүүд ажиллахгүй байгаа учир арьсаа авч чадахгүйд хүрсэн, үүнтэй зэрэгцэн урд хөршөөс үнэ өндөр ч чанар муутай бээлий их орж ирж байгааг Ерөнхий сайдад дуулгалаа.

    Хийж бүтээх гэсэн хүсэл, эрмэлзэл, ажиллах хүн, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл нь байна. Харамсалтай нь үйлдвэрлэлээ өргөтгөх гээд зээл авъя гэсэн ч барьцаа хөрөнгө шаарддаг учир төр, засгаас үүнд анхаарч эргэлтийн хөрөнгөөр дэмжмээр байна гэж тэрээр хэлэв. Өмнө нь ид хямралын үе буюу 2005 онд банк бус санхүүгийн байгууллагаас хүү өндөртэй зээл авч байснаа ч ярилаа. Хэрвээ хөрөнгө, мөнгөөр дэмжээд өгвөл үйлдвэрлэлээ өргөтгөхөөс гадна өөрийн гудамж, хороо, цаашлаад дүүргийнхээ айл өрхүүдэд өрхийн үйлдвэрлэл нэвтрүүлэхэд нь сурч мэдсэнээ зориулна. Нэг ажилчин нь тусдаа гарч үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй ч зээл авч чадахгүй учир өнөөг хүртэл хамт ажилласаар байна гэж Г.Янжиндулам хэлэв.

    Өрхийн үйлдвэрлэл эрхэлж амьдралаа авч явахаас гадна бусдын амьдралыг ч залгуулж байгаа түүнд Ерөнхий сайд С.Батболд хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа зориуд илэрхийллээ. Хийж бүтээе гэсэн иргэдийн хүсэл, санаачилгыг төр, засаг бодлогоор дэмжих ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэргийн хөнгөлөлттэй зээл үйлдвэрлэл эрхэлж байгаа Г.Янжиндулам шиг олон хүнд олдохгүй байгаад Ерөнхий сайд санаа зовниж, үүнд анхаарна гэж амлав.  

    Бодитоор ажлын байр бий болгож байгаа иргэдээ илүү дэмжиж, төрөл бүрийн сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулж, эргэлтийн хөрөнгөтэй болгоход анхаарахыг тэрээр холбогдох байгууллагын удирдлагуудад хатуу анхаарууллаа. Ерөнхий сайд мөн өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байх Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилтай танилцан, Нийслэлийн “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайланг сонссон байна.

    ДҮГНЭЛТ

    Засгийн газрын танхимаас гарсан шийдвэр бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаатай танилцахаар Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр амралтын өдрөө хугаслав. Ялангуяа Засгийн газраас энэ жилийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан жижиг, дунд үйлдвэрлэлийн явц, өрх бүрээс нэг хүн  ажилтай болж чадаж байна уу гэдгийг үзэх нэг ёсны “шалгалт”  ч хэлж болох. Очсон газрынхан Ерөнхий сайдын урмыг хугалсангүй, хийе бүтээе гэх хүсэл эрмэлзэл төдийгүй бүхэл бүтэн гудамныхнаа ажлын байртай болгосон бүтээлч  ажлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн  Г.Янжиндулам гуай угтсан нь сайхан жишээ байлаа. 

    Харин түүний нэг адил хүсэл эрмэлзэлтэй иргэдэд туслах нь төрийн албаныхны гол үүрэг байх ёстой атал хүнд суртал гэх гайхал байсаар байгаа, бас Засгийн газраас зорилтот бүлэг рүү чиглэн гаргаж байгаа санхүүжилт хөрөнгө мөнгөний дэмжлэг жинхэнэ эзэндээ хүрэхгүй байгааг Засгийн газрын тэргүүнд дуулгаж байв. Ялангуяа бизнес эрхэлж байгаа иргэдэд сангуудаас очих ёстой мөнгө хүртэхгүй байгааг иргэн Г.Янжиндулам гуай ч, гадаадын олон улсад оёмол бүтээгдэхүүний зах зээлийг нээж борлуулалтын сүлжээ бий болгосон “ Дээд өнгө” компанийхан ч дурьдсан юм. Ойр орчныхноо хамгийн түрүүн ажлын байртай болгож, үйлдвэрлэл эрхэлж байгаа Г. Янжиндулам гуайд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг ч төгрөг төсөвлөгдөж, очоогүй байгаад Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандаж, үүний учрыг олно гэдгээ амаллаа.

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дамжин  сүүлийн 6-7 жилд 200 гаруй тэрбум төгрөг тараагдсан байтал, жинхэнэ очих ёстой хүндээ очоогүйн жишээ энэ мэт байлаа. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих сан, нийслэлээс, Засгийн газраас гэхчлэн чамгүй олон чиглэлээр их мөнгө гаргаж байгаа ч ядуурал , ажилгүйдэл буурахгүй байгаагийн шалтгааныг, бас  үр дүнгийг биелэлт хаана байгааг зохих албан тушаалтнуудаас асуулаа. Энэ ажлын явцыг ойрын үед шалгахаа холбогдох албан тушаалтнуудад сануулж байна.

    УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулж, хуваарилагдах ёстой мөнгийг энэ их санхүүгийн урсгалд нийлүүлвэл асар их боломж байгаа жишээ ч эдгээрийг харуулж байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд, очих ёстой мөнгө нь олон салаагаар урсахгүй, жинхэнэ ёсоор эзэддээ хүрвэл өрх бүр үйлдвэрлэгч болж ажилгүйдэл, ядуурал бодитоор буурах боломж байгааг онцоллоо.

    Сүүлийн 20 жил бид энэ тухай ярьж, шүүмжилж байгаа ч үр дүн  харагдахгүй байгаад цэг тавих ёстой гэж Ерөнхий сайд үзэж байна. Тиймээс энэ асуудалд зохион байгуулалттай хандаж, үүнийг хорооны Засаг даргаас эхлээд Ерөнхий сайд хүртэлх бүх түвшний хүмүүс ухамсарлан хариуцлагатай хандаж чадвал  ажилгүйдлийг тойрсон гомдол, шүүмжлэл  алга болох бүрэн боломж байгааг өрнөж буй үйл явц  харуулж байна.  Бүх насны иргэдэд маань ч ажил хийх урам байна шүү гэдгийг тэмдэглэлээ.

    Санхүүжилт, үйл ажиллагааны уялдаа буюу зохион байгуулалт, иргэдийн хүсэл эрмэлзэл энэ гурвыг нийлүүлбэл бидэнд олон ажлыг шийдчих боломж байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн  С.Батболд онцлон хэлж байна. Болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг өнгөрсөн 20 жил бид хангалттай ярьсан, бүгд энэ тухай мэдэж байгаа. Одоо харин амаар ярьсан ажлаа бодитоор харуулах цаг болсныг Ерөнхий сайд тэмдэглээд иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг унтраалгүй, тэдэнд хойрго хандаж буй төрийн албан тушаалтнуудын сандал ширээтэй  нь ч ярих хүртэл арга хэмжээ авахыг энэ дашрамд санууллаа.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар энэ жил 35 мянган ажлын байр шинээр бий болгох боломж байгаа юм байна. Эдгээр ажлыг зохин байгуулахад нийслэлийнхэн голлох үүрэгтэй гэдгийг дурьдаад, дүүрэг бүрийн мэдээллийг нарийвчлан шалгах болно гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байна. Өнөөдрийн бидний ажилласан Сүхбаатар  болон Чингэлтэй дүүргүүд дэх хөдөлмөр эрхлэлтийн байдал нь ажлын зөвхөн эхлэл, одоо үүнийг нийслэл болоод улсын хэмжээнд  маш сайн зохион байгуулах ёстой гэдгийг дурьдаад, үүнд хот жишиг болох ёстой гэдгийг нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо

  • М.Олбрайт: Маргаантай асуудлуудыг тайван замаар шийдэж чаддаг гайхалтай улс орон бол Монгол

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Мадлен Олбрайт 2011 оны дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд манай оронд айлчилж байна. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэмээх өндөр албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй бөгөөд үүгээрээ АНУ-ын Засгийн газрын түүхэнд бичигдэх билээ. Манай улсад Төрийн нарийн бичгийн дарга байхдаа анх удаа 1998 онд айлчилсан энэ хатагтай өнөөдөр тус улсын Үндэсний ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн даргын хувиар зочилж ирээд байгаа юм.

    Монгол Улсын Ерөнхий сайдын зочин, хатагтай М.Олбрайт өнөөдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд “Celebrating Mongolia’s Democracy: A Special Role in Asia”буюу “Монголын ардчиллын амжилт: Ази дахь үүрэг, ач холбогдол” хэмээсэн лекц уншлаа. Түүний лекцийг сонсохоор тус танхимд ирсэн УИХ, Засгийн газрын зарим гишүүд, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, тэдний ажилтнууд, иргэний хөдөлгөөн, хувийн хэвшлийг төлөөлж 100 гаруй хүн цугласан байсан. Тэдний дунд  “Хатагтай М.Олбрайтыг ардчиллын “Өндөр ээж” гэж нэрлэж болно. Тэр хаана ч чанга дуугаар ардчиллын дуу хоолой болж зоригтой дуугардаг хүн” хэмээн үнэлэх хүмүүс олон байлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд хүндэт зочноо индэрт урихдаа, Дэлхий дахинд алдаршсан Мадлен Олбрайт хатагтайг Монголын ардчиллыг алдаршуулсан сэдвээр лекц уншиж, бидэнтэй үзэл бодлоо хуваалцах гэж буйд баяртай байгаагаа эхлээд илэрхийллээ. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Мадлен Олбрайт 2000 онд байгуулсан. Манай улс энэ 2011 оны долдугаар сараас 2013 он хүртэл тус нийгэмлэгийг удирдах хариуцлагатай үүрэг хүлээсэн. Энэ нь манай улсын хувьд ардчиллыг түгээн дэлгэрүүлэх хүндтэй үүрэг хүлээж байгаа хэрэг юм. Үүргээ биелүүлэхэд энэхүү лекц зөвлөгөө, сайхан санаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд Монгол Улсад ардчилал, иргэний нийгэм хэрхэн хөгжиж байгаатай хатагтай Олбрайт дахин танилцаж буйд талархаж байна гэлээ.

    Хатагтай Мадлен Олбрайт ч Монгол Улсад 13 жилийн дараа, хаврын энэ сайхан өдрүүдэд айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд “Би олон улс оронд айлчилж байсан. Монголчуудын хүнлэг, зочломтгой зан нь бусад улс орноос илүүтэй сайхан санагддаг” гэлээ. Манай хоёр орон газар зүйн хувьд хол хэдий ч бид тусгаар тогтнол, эрх чөлөөгөө дээдэлж, түүгээрээ бахархаж, уламжлалаа хадгалж чаддагаараа адилхан хүмүүс юм гэдгийг лекцийнхээ эхэнд тэмдэглэсэн. Ингэхдээ улс орнуудад ардчиллыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс удирдаж ажиллах болсонд амжилт хүсээд үйл ажиллагаанд нь туслана гэдгээ амлалаа. Үйл ажиллагаагаар дамжуулан ардчилал хөгжиж байгаа орнууд өөр хоорондоо туршлага солилцох, харилцан хамтран ажиллах зорилго бүхий тус нийгэмлэгийг 2000 онд Польшийн нийслэл Варшавт байгуулжээ. 

    Хатагтай Мадлен Олбрайт “Монголын ардчиллын амжилт: Ази дахь үүрэг, ач холбогдол” гэсэн лекциндээ Монгол Улс маргаантай асуудлуудыг энхтайвны замаар шийдвэрлэж чаддаг гайхалтай орон юм хэмээн тодотгоод хүний эрх, эрх чөлөөг дээдлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа улс орон гэж үнэллээ. Мөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө анхаарч ажиллаж чухал арга хэмжээ авч байгаа гэж хэллээ. Монгол Улсын иргэд та бүхэн дэлхийд үлгэр дуурайл болохуйц ардчиллыг хөгжүүлж чадаж байгаад баяртай байна. Монгол Улс, монголчууд байгалийн баялаг ихтэй азтай ард түмэн. Ардчиллыг хөгжүүлж чадсан загвар орон болсон шигээ байгалийн баялгаа зөв ашиглаж чадсан загвар улс болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хатагтай Мадлен Олбрайт илэрхийлсэн.

    Монгол Улсад ардчилал хөгжөөд 20 гаруй жил болохдоо амаргүй замыг туулж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Ардчиллын институциудийг бэхжүүлэх нь чухал байгааг Монголын төр, засгийн тэргүүнүүд хэлж байна. Энэ нь ардчиллыг хөгжүүлэх дараагийн алхам мөн.  АНУ-ын Үндэсний ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн даргын хувиар туслахад бэлэн байна. Та бүхнийг ардчиллыг түгээн дэлгэрүүлэхэд улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайдын зочин, хатагтай Мадлен Олбрайт тэмдэглэлээ

  • Ардчиллын төдийгүй байгалийн баялгаа зөв ашиглаж чадсан загвар улс болохыг ерөөлөө

    Ардчиллын төдийгүй байгалийн баялгаа зөв ашиглаж чадсан загвар улс болохыг ерөөлөө Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан, хатагтай Мадлен Олбрайт манай улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ.  Тэрбээр  одоо Үндэсний ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн даргын албыг хашиж байгаа ажээ. Хатагтай Мадлен Олбрайт  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод  өнөөдөр бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд нэр хүндтэй эрхэм зочныг 13 жилийн дараа манай улсад дахин айлчлахаар ирсэнд  баяр хүргээд, АНУ-ын Засгийн газар түүний дотор Үндэсний ардчиллын хүрээлэн нь манай улсад улс төрийн намуудыг төлөвших, ардчиллыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж явдгаа тэмдэглэн хэлэв.

    Монгол орон  улс төрийн өөрчлөлтийг хийхдээ эдийн засгийн өөрчлөлттэй хослуулж, иргэн бүрт  тэгш боломжийг олгоход гол анхаарлаа хандуулж байгаа гэдгийг дурьдаад үүнд бусдын туршлагаас ч суралцаж байгааг  онцолж байлаа. Монгол улсын Засгийн газар , ард түмэнтэйгээ хамт энэ зоримог өөрчлөлтийг шийдэмгий хийж байна. Амаргүй зүйл байгаа, алдаа  оноо бий ч бусдын туршлагаас судалж, үр дүнд хүрэх болно гэдгийг Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр тэмдэглэлээ.

    Түүнчлэн хээл хахууль, хүнд суртлыг арилгах чиглэлийг бодлогынхоо нэг болгон  манай Засгийн газар ажиллаж байна. Ирэх долдугаар сард Ардчиллын хамтын нийгэмлэгийн хурлыг Монгол улс даргална, энэ байгууллагыг Мадлен Олбрайт Та  анх санаачлан байгуулж  байсныг бид мэднэ . Дэлхийд ардчиллыг түгээх том байгууллагын хувьд энэ хурлыг Монгол улс даргалах болсондоо баяртай байна хэмээн Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд, дэлхийд нэр хүнд бүхий эрхэм зочныг Монгол улсад тавтай айлчлахыг хүслээ.

    Хатагтай  Мадлен Олбрайт хариу талархал илэрхийлээд, Монгол бол их сонирхолтой  улс. Ардчиллыг үлгэр жишээ хөгжүүлсэн орон төдийгүй хамтарч Засгийн газраа байгуулсан нь ч  бас сонирхолтой туршлага. Афганистан, Ирак зэрэг улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд  Монгол улсын оруулж байгаа хувь нэмрийг үнэлэхэд таатай байна хэмээн тэмдэглэлээ. Ардчиллыг үндэсний зүйлээр үнэлэхэд багагүй маргаан байдаг ч гэсэн Монгол улс бол ардчиллын үлгэр жишээ загвар улс гэдэгтэй бүгд санал нийлдэг хэмээн онцлоод, сонгууль бол шаардлагатай зүйл. Гэхдээ хангалттай зүйл биш юм, институцын хувьд ардчилал бол байнга хөгжиж явдаг порцесс.

    АНУ-д  ардчилал хөгжөөд  200 гаруй жил болсон ч одоо болтол хөгжсөөр байна гээд, улс төрийн хөгжил  нь эдийн засгийн хөгжилтэйгөө хамтдаа явж байгаа Монгол улсын жишээг сайшаалаа. Мөн байгалийн баялгийг ард түмэн хүртэх  явдал маш чухал гэдгийг онцлоод, бусад улс орон буруу замаар явж байгаа жишээг ч дурьдаж байсан юм.  Ардчиллыг хөгжүүлж чадсан загвар орон төдийгүй, байгалийн баялгаа зөв ашиглаж чадсан загвар улс болж  чадна гэдэгт итгэлтэй байна, иргэд нь ч  боловсролтой учир хяналт тавьж чаддаг юм байна  хэмээн уулзалтын үеэр эрхэм зочин ярилаа. Хатагтай Мадлен Олбрайт “ Монголын ардчиллын амжилт, Ази дахь үүрэг, ач холбогдол “ сэдвээр  маргааш Гадаад харилцааны яаман дээр лекц уншина

  • Ерөнхий сайд уурхайчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Налайхын  орд газарт хувиараа нүүрс олборлогч 30 гаруй мянган уурхайчдын төлөөлөл болсон иргэдийг өнөөдөр өрөөндөө хүлээн авч уулзлаа. Эдгээр хүмүүс Налайхын уурхайд ажиллаж байсан бөгөөд уурхай хаагдсан учир хувиараа нүүрс олборлож амьдрал ахуйгаа залгуулж байгаа юм байна. Уулзалтад Найлайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, тус дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Уурхайчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга А.Ганболд нар байлцлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, энэ уулзалтад дарга нарын ярихыг биш, уурхайчдын төлөөллөө сонсъё. Та бүхэн Засгийн газрын тэргүүндээ юу хэлж, яримаар байна гэж уулзалтыг эхлүүллээ. “Сүүлийн 20 гаруй жилд олон удаа хүсэлт гаргасан хэдий ч Монгол Улсын үе үеийн  Ерөнхий сайд нар уурхайчдын төлөөллийг хүлээн авч уулзаж байгаагүй. Тиймээс Ерөнхий сайд С.Батболд таныг биднийг цаг гарган хүлээн авч уулзан, зовлон жаргалыг минь сонсож байгаад баярлалаа” гэж Налайхын уурхайчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэлээд Налайхын ам бүрийг агаар хэмждэг багажтай, тэнд нүүрс олборлож байгаа хүн болгоныг хамгаалах багтай болгомоор байна гэсэн хүсэлтийг тавилаа.

    Энэхүү уулзалтын үеэр мөн уурхайчдын нөхөн олговор, нөхөн төлбөр, өдгөө 50 гаруй сая тн-ын нөөцтэй Налайхын уурхайг цаашид хэрхэн үр дүнтэй ажиллуулах болон нүүрс олборлож байгаа хүмүүсийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, ажлын байрны асуудал хөндөгдсөн. Мөн цэрэгт алба хааж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрөөний талаар ч мөн хөндлөө.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уурхайчдын төлөөлөл болсон тэдгээр хүмүүст хандаж, Монгол Улсын Засгийн газар нийт иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө анхаарч ажиллаж байгаагийн нэгэн адил түвшинд уурхайчдад анхаарал тавьж байгаа гэдгээ илэрхийллээ. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар уурхайчдад нөхөн төлбөр олгох тухай асуудлыг оруулж шийдвэрлүүлсэн. Нэг уурхайчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгохоор болсон гэдгийг тэмдэглэлээ.

    Орд газрын ашиглалт, нүүрсний борлуулалт, уурхайчдын сургалт, ажлын байрны аюулгүй байдал зэрэгт Засгийн газар үүргийнхээ хувиар анхаарч байгаа гэдгийг хэлээд уурхайчдын тавьсан хүсэлтийг судалж, шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө. Мөн тэтгэврийн зөрөөний асуудалд цэргийн алба хааж байсан гэж тусгайлан ялгахгүй цогцоор нь шийдэх болно гэдгийг Засгийн газрын тэргүүн  онцоллоо

  • С.Батболд: Эрх мэдэл албан тушаалтнуудад ээлтэй шүүхийн салбарыг шинэчилж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, шударга ёсыг эрхэмлэдэг болгох ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” сэдэвт чуулганд хэлсэн үг

    Эрхэм хүндэт шүүгчид, прокурор, цагдаа, өмгөөлөгч, хуульчид, иргэний нийгмийн төлөөлөл, чуулганы оролцогчид, хүндэт зочид оо,

    С.Батболд: Эрх мэдэл албан тушаалтнуудад ээлтэй шүүхийн салбарыг шинэчилж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, шударга ёсыг эрхэмлэдэг болгох ёстой Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье.

    “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” сэдэвт үндэсний чуулганд оролцож байгаа УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар, шүүх, прокурор, хууль сахиулах бусад байгууллага, иргэний нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөлөл Та бүхэнд тулгамдаж буй чухал асуудлыг хамтдаа ярилцаж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байгаад талархаж байна. 

     

    Шүүх эрх мэдлийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тодорхой болгох, шийдлийг хамтдаа олох нь манай нийгмийн олон талын оролцоо, зөвшилцлийн нэг арга хэлбэр хэмээн хүлээн авч байна. Бас өнөөдрийн энэхүү чуулга уулзалтыг Монголын шүүхийн үйл ажиллагаанд шинэлэг уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ шүүхийн шинэчлэлийг түргэтгэх бас нэг алхам болно.   

    Шүүхийн шинэчлэл улс орны хөгжлийн салшгүй хэсэг юм

    Манай улсад өрнөсөн нийгмийн шилжилтийн үе дуусч, 20 жилийн хугацаанд алдсан оносондоо дүгнэлт хийж, цаашдын зорилтоо тодорхойлж буй цаг үед энэхүү чуулган болж байна. Бид улс төр, эдийн засгийн хувьд томоохон шинэчлэлүүдийг хийж тодорхой үр дүнд хүрч эхэллээ. Харин шүүх эрх мэдлийн салбарт тодорхой шинэчлэл хийсэн ч шийдвэрлэх ёстой асуудал олон байна. Шүүхийн шинэчлэлийг улс орны хөгжлийн салшгүй хэсэг гэж хандах ёстой. Бидэнд шүүхийн салбарыг төрийн эрх мэдлийн бие даасан нэг салааны хувьд бэхжүүлэн, чадваржуулах шаардлага улам нэмэгдлээ. Энэ нь шүүхийн бие даасан байдлын дархлааг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны хараат бус байдал, баталгааг бий болгоход чиглэгдэнэ гэсэн үг юм.

    Ардчилал, хүний эрх, шударга ёсыг хамгаалагчийн үүрэгтэй шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоо бүрэн шинэчлэгдээгүй, шүүн таслах ажиллагаа улс төрийн болон эдийн засгийн нөлөөнд автахгүй байх  үндсийг бүрдүүлж чадаагүй байна. Тиймээс шүүх эрх мэдлийн байгууллагын эдийн засгийн болон улс төрийн талаар хараат бус байх баталгааг бүрдүүлэх үндсэн механизм болох хууль тогтоомжийн шинэчлэлт, шүүхийн зохион байгуулалт, шүүгчдийг сонгон шалгаруулах, томилох журам зэрэг асуудал өнөө хүртэл оновчтой шийдлийг олсонгүй. Олон нийтийн зүгээс ч шүүх, хуулийн байгууллага хөрөнгө мөнгөтэй хэсэгт үйлчилж байна гэсэн шүүмжлэл ямагт гарсаар ирлээ.

    Шүүх хараат бус байх ёстой нь тодорхой. Хэнээс бас юунаас хараат бус байх ёстой вэ? гэдэг асуултын хариултыг та бид бүгд мэдэж байгаа. Шүүх төр засгаас, төрийн өндөр албан тушаалтнуудаас, мөнгө, эрх мэдэл, шударга бус байдлаас хараат бус байх учиртай. Харин юунаас хараат байх ёстой вэ? Хуулиас, тэр тусмаа Үндсэн хуулиас хараат байх учиртай. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчид нь хайрцаглагдсан, хуучирсан сэтгэлгээнээс бүрэн ангижирсан, ардчилсан, иргэнлэг, хүний эрхийг дээдлэн хүндэлдэг нийгмийн үнэт зүйл, үнэ цэнийг өөрийн итгэл үнэмшлээ болгосон байх ёстой.

    Шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэлийн үр дүн тэнд ажиллаж буй боловсон хүчнээсээ шууд хамаарах нь ойлгомжтой. Өнөөдөр манай улсын их, дээд сургуулиудыг хуульч мэргэжлээр төгсөж буй оюутны чамгүй тоо олон байна. Төгсөлтийн дараах сургалтаар нарийн мэргэшсэн шүүгч, хуульчдыг тэдэн дотроос бэлтгэх бололцоотой. Нөгөө талаар шүүх, эрх мэдлийн салбарынхны давтан сургалтын системийг ч бий болгох учиртай. Шүүхийн системд ажиллагсдын үйл ажиллагааг үнэлэн дүгнэх, урамшуулах зэмлэх, дэвшүүлэх бууруулах бодлого, үйл явц шударгаар гэхээсээ илүү урсгалаар магадгүй үзэмжээр явж ирснийг хүмүүс шүүмжилж байна.

    Нэгэнт шударга ажилтанг сайнаар үнэлэх урамшуулах механизм хаягдсан нөхцөлд нийт системийн хэмжээнд шударгаар ажиллах итгэл, урам зориг, хүсэл эрмэлзэл үгүй болж, аливаа шударга бус нөлөөлөлд автах нь хялбар болж байгааг хуульчид ярьцгааж байна. Нийгэмд шударга ёсны баталгаа болох ёстой шүүх нь өөрөө шударга бус болвол цаана нь юу үлдэх билээ? Ийм зүйл рүү санаатай ба санамсаргүйгээр түлхэж буй тэр хүчин зүйлүүдийг арилгах оновчтой санал санаачлагуудыг тусган авч хэрэгжүүлэх нь бидний зорилт бөгөөд тийм үр дүнг нийгэм хүсэн хүлээж байгаа нь тодорхой. Алив болохгүй зүйлийг хуулийн цоорхой гэсэн “хадны мангаа” руу чихдэг. Тэгвэл, тогтолцоо, системийг бүрдүүлж, шийдвэр гаргаж, хуулийг хэрэгжүүлж буй хүмүүсийн сэтгэлгээний шинэчлэл олон асуудлын зангилааг тайлах учиртай.

    Шүүх эрх мэдлийн шинэчлэлийг улс төржүүлж болохгүй

    Шүүх эрх мэдлийг хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болгон төлөвшүүлэхэд хууль эрх зүйн таатай орчин хамгийн чухал үндэс суурь нь юм. Тийм учраас таатай орчин нөхцлийг бүрдүүлэх төр засгийн бодлого, үүрэг, энэ салбарынхны хүсэл эрмэлзэл, ард иргэдийн санал бодолтой нийцэх учиртай. Бид цэрэг эрсээ ард түмнийхээ энхийн манаанд зогсож байгаа хэмээн хүндлэн хэлдэг. Тэгвэл шүүгчид, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчид бол ард түмнийхээ эрхийн манаанд зогсож буй хүмүүс хэмээн хүндлэгдэх учиртай билээ. Бидэнд өнөөдөр улс төржүүлэхгүйгээр улс орны ирээдүйн хөгжлийг харж зөв шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа. Тэдний нэг нь шүүхийн шинэтгэл юм. Шүүх эрх мэдлийн салбарын шинэчлэлийн асуудлыг хэзээ ч улстөржүүлж болохгүй ээ.

    Засгийн газрын тэргүүний хувьд нийгмийн салбар бүрт олон улсын стандартын хэм хэмжээг нэвтрүүлэхийг зорин ажиллаж ирлээ. Энэ бодлогын хүрээнд эрх мэдэл албан тушаалтнуудад ээлтэй байгаа шүүхийн салбарыг шинэчилж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, шударга ёсыг эрхэмлэдэг евростандартыг нэвтрүүлэх ёстой гэж бодож байна. Шүүх эрх мэдлийн шинэчлэл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Гэхдээ энэ шинэчлэл удаан байна. Үр дүн нь ард иргэдэд бүрэн дүүрэн мэдрэгдэхгүй байна. Саяхан УИХ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг байгууллаа. Энэ нь захиргааны байгууллагын дур зоргоор авирлах, хууль бус шийдвэр гаргах явдлыг таслан зогсооход хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

    “Иргэн хүн хамгаалагдаж, эрх мэдэлтэн хязгаарлагдаж байхын учир хууль оршдог” гэдэг билээ. Энд хуран цугларсан та бүхэн ч энэ үгийн утгыг сайн мэддэг гэдэгт итгэж байна. МанайЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно” гэсэн зорилт дэвшүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд тусган ажиллаж байна. Манай улсад уул уурхайн салбарын хөгжил эрчимжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагийн зэрэгцээ иргэн бүрт стратегийн орд газруудын хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор хөрөнгө, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлэх хандлагатай боллоо.

    Энэ үйл ажиллагаа хир амжилттай явагдах нь олон хүчин зүйлээс хамаарах бөгөөд үүний нэг нь үнэт цаас, санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин юм. Энэ хүрээнд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоос гадна хөрөнгийн зах зээл дээрх хэрэг, зөрчил, маргааныг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэхэд голлох үүрэгтэй оролцох хуульчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Гадаадын хөрөнгө оруулагчид маргаан гарсан тохиолдолд манай шүүх, арбитрын байгууллагад хандахаасаа илүү олон улсын шүүхэд хандаад байгаад дүгнэлт хийх цаг болсон.

    Сайн хууль, шударга шүүхийн тогтолцоо үйлчилдэг улс орны нэг хүнд ногдох орлого 1.9 хувиар өсдөг гэсэн судалгаа ч бий. Харин шударга бус шүүхтэй байх нь улс орны эдийн засгийн хөгжил, нийгмийн ёс суртахуун, ард иргэдийн амьдрал ахуйд шууд сөргөөр нөлөөлдөг билээ. Шүүх эрх мэдлийн шинэтгэлд чухал хувь нэмэр үзүүлэх ёстой хүмүүс бол бие даасан, хараат бус өмгөөлөгчид юм. Монгол улсад стратегийн өмгөөллийн, олон нийтийн эрх ашгийн өмгөөллийн хэлбэрүүд бий болж байгаа нь шүүх эрх мэдлийн шинэтгэлд чухал дэмжлэг үзүүлж буй ажиллагаа билээ.Мөн цагдаа, прокурорууд бол хохирогчийн хувьд төрийн нэрийн өмнөөс өмгөөлөгч нь гэсэн ардчиллын зарчим байдгийг байнга санаж байх хэрэгтэй юм.

    Энэ үүднээс чуулганд оролцогчдоос анхааран хэлэлцэж цаашид шийдвэрлэвэл зохих дараахь асуудлыг тодруулан ярилцахыг хүсч байна.

    • Шүүхийн бие даасан байдлыг хариуцан ажиллах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр байдлыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Шүүхийн санхүүгийн байдал, боловсон хүчний сонголт, урамшуулал, ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг шууд хариуцах энэ Зөвлөл нь Улсын Дээд Шүүхийн харъяанд гэхээсээ илүү биеэ дааж ажиллах учиртай,
    • Шүүгчид, прокурор, цагдаагийн ажилтнуудын ажлыг шударгаар үнэлэн дүгнэх, хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэх, ёс зүйн хувьд эрүүл саруул ажиллах сонирхол, итгэлийг төрүүлэхүйц байхаар өөрчлөх,
    • Шүүгчид, хуульчдыг сонгон шалгаруулах, томилох механизмыг үзэмжээр, эсвэл хэсэг бүлгийн сонирхлоор хийх нөхцлийг хааж, шударга шалгуурыг үндэслэх нөхцлийг бүрдүүлсэн зохицуулалт хийх,
    • Шүүгч, прокурор, цагдаагийн ажилтнуудын ажлын ачааллыг хүний физиологийн чадвараас хэтрүүлэн тогтоож, хэрэг маргааныг бүрэн зохистой хянан шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлж байгааг өөрчилж, нийслэл хотод төдийгүй хөдөө орон нутгийн хэмжээнд ч орон тоог оновчтой тогтоох,
    • Шүүн таслах ажиллагааг явуулахад бүрэн хүрэлцэх, стандартад нийцсэн хэмжээний төсвийг батлан хэрэгжүүлэх, шүүгч, хуульчдын нийгмийн баталгаа, түүний дотор орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар анхаарч ажиллах болно. Шүүхийн санхүүжилтийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д шууд оруулдаг зохицуулалтыг бий болгоход болохгүй гэх зүйлгүй,
    • Нийслэл хотод анхан шатны шүүхүүдийг хэргийн төрлөөр төрөлжүүлэн байгуулах нь ажлын ачаалал, төсөв хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэхэд тустайг анхаарах,
    • Хуулийг хоорондын зөрчилгүй, ёс зүй, шударга ёсны зарчимд нийцүүлэн боловсруулан баталж байхад анхаарах. Бид “Шүүгч бол ярьдаг хууль, Хууль бол хэлгүй шүүгч” гэж алдарт Цицерон хэлснийг санаж явах учиртай. Нийгмийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд хувь хүний ёс суртахуун, хүмүүжил, нийгмийн үнэт зүйлсийн өөрчлөлт төдийгүй эдийн засаг, санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийн асуудлаар асар өргөн хүрээний зохицуулалт шаардсан хуулиуд хэрэгтэй болж байна. Хууль хоцрогдвол нийгмийн хөгжлийг саатуулан чөдөрлөдөг гэдэг. Хөгжлийн асар их хурдыг хойноос нь хөөн гүйцэхээр биш угтан тосож, ирээдүйг харж зохицуулсан тийм хууль тогтоомжийг батлан гаргах ёстой.
    • Өнөөгийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болох гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалахтай тэмцэх, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь хүний хөгжлийг хангах анхдагч асуудал болохыг гүнзгий ойлгож хандах, гэр бүлийн чиглэлээр дагнасан шүүх байгуулж ажиллуулах боломжийг ч анхааран хэлэлцэх,
    • Нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд дээдэлсэн эрх зүйн шинэ орчныг  бүрдүүлэх, нийтийн өмчийн хууль, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий субъектийн үүрэг хариуцлагын талаар шинэ зохицуулалт гаргах шаардлага улам илүү тавигдах болсныг анхаарах,
    •  Хохирогчийн эрхийг сэргээн эдлүүлэх, тэдний эд материалын төдийгүй сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх хамгийн үр дүнтэй хэрэгсэл болох “хохирол нөхөн төлүүлэх сан”-г бийболгох,
    • Хэрэг, зөрчил үйлдэгчийг хорьж шийтгэх аргыг голлох бус түүний зан үйлд нөлөөлөх сэтгэл зүйн аргуудыг өргөн хэрэглэхэд шилжих,
    • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь эцсийн дүндээ иргэд, гэр бүл бүхэн өөрсдийн санаа сэтгэл, үг яриа, үйлдэл, үнэлэмж,  хандлагаа эргэцүүлэн бодож, аж төрөх хэвшил зуршилдаа өөрчлөлт хийх явдал юм. Архидан согтуурах, мансуурах, шударга бусаар амьдрах үзэгдэлтэй үр дүнтэй тэмцдэг төрийн бус байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах нь ихээхэн үр дүнтэй гэж үзэж байна. Тиймээс “Шударга хүний ёс суртахуун хуулийг бүрнээ орлоно” хэмээсэн гүнзгий утгатай үг байдгийг бас санацгаая.

    Эрхэм зочид төлөөлөгчид өө,

    Эцэст нь тэмдэглэн хэлэхэд хууль тогтоомжийг шинэтгэх ажил амжилттай хийгдэж байгаа ч эрх зүйн шинэтгэлийн эцсийн үр дүн болоххуулийн хэрэгжилтхангалттай бус байна. Иймд шинэ хууль батлахын зэрэгцээ батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах нь түүнээс ч илүү ач холбогдолтой юм. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах, эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог яаж сайжруулах, иргэдийн эрх зүйн мэдлэг соёлыг хэрхэн дээшлүүлэх зэрэг асуудлаар энэхүү чуулганаас ажил хэрэг болохуйц олон чухал санаа гарна гэдэгт найдаж байна.

    Монгол Улсын Засгийн газар “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах” үндсэн чиг үүргийнхээ дагуу энэ талаар гарсан санал, санаачилгуудыг анхааралтай судлан үзэж, ажил хэрэг болгохын төлөө та бүхэнтэйгээ хамтран ажиллана.

    Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

    2011.04.15.          Төрийн ордон