Blog

  • “Дуулиан-2020” тэмцээн өндөрлөлөө

    “Дуулиан-2020” тэмцээн өндөрлөлөөМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 5 дахь жилдээ зохион байгуулагдсан “Дуулиан-2020” тэмцээн өндөрлөж аваргуудаа тодрууллаа. 11 насны ангилалд 24 дүгээр сургууль, 13 насанд 97, 15 насанд 10 дугаар сургууль, 17 насанд 72 дугаар сургуулийн баг тэргүүлж алтан медаль хүртсэн байна. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын энэ төрлийн 11 настнуудын аваргын төлөө тоглолтыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үзэж, аваргаар тодорсон 24 дүгээр сургууль, удаах байр эзэлсэн “Оюуны ундраа цогцолбор” сургуулийн багт шагналыг нь гардуулав.

    “Хамгийн бяцхан, өхөөрдөм хоёр багийн тоглолтыг үзээд өөрийн эрхгүй сэтгэл хөдөллөө. Тэмцээний аваргаар шалгарсан, аваргын төлөө өрсөлдсөн баг, тамирчид 2020 он гэхэд бүс, тив, дэлхий, олимпийн наадамд дуулиан тарьж, эх орныхоо нэрийг дуурсгана гэсэн итгэл төрлөө. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдийн дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн тулд Засгийн газар тодорхой, бодитой арга хэмжээ авч, хөтөлбөр хэрэгжүүлж  байгаа” гэж тэрээр хэллээ.

    Ерөнхий сайд С.Батболд “Дуулиан-2020” заалны хөл бөмбөгийн тэмцээний зохион байгуулагч, ивээн тэтгэгч, шилдэг тоглогчдыг 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзан, амжилттай оролцсон тамирчдад өргөмжлөл гардуулж байсан юм. 6 сар үргэлжилсэн энэ жилийн тэмцээнд 86 сургуулийн 230 багийн 3 мянга орчим тамирчин оролцож, нас насны ангилалд хурд хүч, ур чадвараа сорьсон байна. Тэмцээний нас бүрийн ангилалд шилдэг тоглогч, довтлогчийг тодруулсан бөгөөд 24 дүгээр сургуулийн тамирчин, 11 настай А. Мөнх-Оргил шилдэгийн шилдэг тоглогчоор, шилдэг сургуулиар 10 дугаар сургууль  шалгарчээ. А.Мөнх-Оргил өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртэн, БНУУ-д нэг сарын хугацаатай амрах эрхээр шагнуулж байсан юм.

     “Дуулиан-2020” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Рио Тинто” компани 5 сургуулийн спорт заалыг засварлах хөрөнгө, спортын хэрэгсэл, хувцас өгчбайгаагаа мэдэгдлээ. Тэмцээнийг “Их талын дуулиан” төрийн бус байгууллага, Биеийн тамир, спортын газар, Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан байна. “Дуулиан-2020” тэмцээн 5 жилийн өмнө анх зохион байгуулагдахад цөөн тооны баг, тамирчин оролцож байсан бол одоо хамгийн олон оролцогчтой, хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй тэмцээний нэгд тооцогддог болжээ

  • Инновацийн кластер байгуулах ажил эрчимжиж байнаa

    Юнеско, Солонгосуудтай хамтарч инновацийн кластер байгуулна Монгол Улсын Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлах үеэр хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулсны дагуу өндөр технологийн инновацийн кластер байгуулах ажил эрчимжиж байна. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар “Мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах үндэсний хөтөлбөр” боловсруулж Засгийн газраар батлуулах гэж байгаа бөгөөд хамтран ажиллах, туршлага солилцохоор гадны байгууллагын төлөөллийг урьжээ.

    ЮНЕСКО-гийн хөтөлбөрийн мэргэжилтэн, доктор Ёслан Нур, Дэлхийн технологийн паркийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор О. Дог-сонг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзан энэ талаар ярилцсан байна. БНСУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон зүйл ажил хэрэг болж байгаад Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, өндөр технологийн инновацийн кластер байгуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байгаад төлөөлөгчдөд талархав.

    ЮНЕСКО, Дэлхийн технологийн паркийн холбооны төлөөлөгчид манай улсад ирж холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан мэдээлэл, технологийн өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын төлөв зэргийн талаар судалгаа хийж байгаа юм. Инновацийн кластер, Цахиуран хөндий байгуулах Монгол Улсын Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ. Цаашид 4 үе шат бүхий ажлын “Мастер төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Инновацийн кластер, “Цахиуран хөндий”, их, дээд сургуулийн оюутны хотхон байгуулах төсөл, хөтөлбөрийг цогц хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлагатай байна  гэж төлөөлөгчид хэлэв.  Мөн мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулсан БНСУ-ын туршлага, олсон ололт, амжилтын талаар уулзалтын үеэр ярилцав

  • Унгарын Элчин Сайдын Яамыг нээн ажиллуулах асуудлыг эргэж харахыг хүслээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсын Парламентын дэд дарга Иштван Үйхейи тэргүүтэй төлөөлөгчдийг 2011 оны 4 дүгээр сар 13-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн Парламентын дэд даргын хувиар гадаад улс оронд хийж байгаа анхныхаа айлчлалыг Монгол Улсаас эхэлж байгаад  талархал илэрхийлээд хоёр орны эртний уламжлалт харилцааг хадгалж, цаашид шинэ шатанд өргөжүүлэн, хөгжүүлэх олон боломж байгааг тэмдэглэлээ. Мөн тэрбээр Монгол Улс өрсөлдөх чадвартай, Европ стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх үүднээс Европын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

    Үүнд Унгар, Чех зэрэг сайн харилцаат улс орнуудын туршлагыг  судлах шаардлага байгааг хэлээд энэ чиглэлээр хамтран ажиллана гэдэгт илтгэлтэй байна гэлээ. Түүнчлэн Хөгжлийн албан ёсны тусламжийг үргэлжлүүлэн үзүүлж байгаад талархал илэрхийлээд хоёр орны байнгын хамтын ажиллагааг өрнүүлэх үүднээс Монгол Улсад Унгарын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах асуудлыг эргэж харах, Сонгино дахь Биокомбинатыг шинэчлэхэд Унгар Улсаас олгосон 25 сая ам.долларын зээлийн төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг хүслээ.

    Ноён Иштван Үйхейи найрсгаар хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд тодорхой хугацаанд хоёр орны харилцаанд завсрын үе байсан хэдий ч Унгар Улсын хувьд Монгол Улстай сайн хөршийн найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг  гээд Унгарын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ОРОН СУУЦЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

    Уул уурхай, барилга, дэд бүтэц, үйлдвэржилтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүн ээлжинд шаардагдах түлш, эрчим хүч, барилгын зарим материалаар хангах асуудлын талаар Монгол Улсын Шадар сайд, Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга М.Энхболд танилцуулав. Үүнтэй холбогдуулан дотоодын түүхий эд, материалд түшиглэн цахилгаан эрчим хүч, шатахуун, арматур, цементийн дотоодын үйлдвэрийг хөгжүүлэх, шинэ үйлдвэрүүд байгуулахдаа хувийн хэвшлийн шууд хөрөнгө оруулалт болон концессын үндсэн дээр хэрэгжүүлэх санал боловсруулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Үйлдвэрүүд байгуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, 2011 онд төлөвлөсөн автозам, барилгын төслүүдийг хэрэгжүүлэхэд импортоор нийлүүлэх битум, цементийн гаалийн болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг ч даалгасан байна.

     

    ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ АСУУДЛЫГ ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ХАРИУЦНА

    НХХЯ, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан 2011 оны Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хариуцах боллоо. НХХЯ нь БНСУ-д ажиллах хүч зуучлах өнөөгийн үйлчилгээнд гарч байгаа зөрчил, дутагдлыг арилгаж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ эрх ашиг, сонирхлыг хамгаалах төрийн үйлчилгээг сайжруулах, олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь зарчимд нийцүүлэн ажиллах бүтэц, тогтолцоо бий болгон, хяналт тавих зорилго тавьж байна.

    Мөн гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирсэн иргэдийн мэргэжлийн ур чадварыг үр дүнтэй ашиглах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа бөгөөд ажиллах хүч илгээх үйлчилгээг БНСУ-ын “Хөдөлмөрийн хууль”-тай нийцүүлэн төрийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь БНСУ-д илгээх ажиллах хүчний зуучлал, сургалтаас гадна тэнд ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд үйлчлэн даатгал, зуучлал, түр сургалт зохион байгуулах, эмэгтэйчүүд, хүний эрхийн асуудлаар “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлнэ.  

    “Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК нь нэг иргэнээс бүртгэл, сургалт, үйлчилгээ, зуучлал, БНСУ дахь төлөөлөгчийн газрын зардал, тийз, виз, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ гээд нийт 870 ам.долларын хураамж авдаг. Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар сургалт, үйлчилгээ, төлөөлөгчийн газрын зардал болох 350 ам.долларыг иргэдээс авахгүй бөгөөд ингэснээр нэг хүний зардал 520 ам.доллар болж буурч байгаа юм. “Гададад ажиллах хүч илгээх төв” компанийн бүх  зардал нь ажил хайж байгаа, орлого багатай иргэдээс авах төрөл бүрийн хураамж, зуучлалын хураамжаар бий болж, зарцуулагдаж байгаа нь зохистой зүйл биш гэж НХХЯ үзэж байна.

    Тус компани 2010 онд солонгос хэлний шалгалтад 14600 хүнийг бүртгэж 3105 хүнийг тэнцүүлсэн бөгөөд үүнээс 2391 иргэнийг БНСУ-ын Хөдөлмөрийн биржэд байршуулжээ. Үлдсэн хүмүүс нь хэлний шалгалтад тэнцсэн ч манай улсад олгосон квотод багтаагүй учир жагсаалтаас хасагдсан байна. Шалгалтад тэнцсэн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, биржид байршуулахад дэмжлэг үзүүлэх, тэнцүүлэх боломж олгох, 2011 оны квотод багтааж өгөх зэргээр НХХЯ удаа дараа хүсэлт гаргасан боловч дахин шинээр бүртгүүлж, шалгалт өгөх шаардлагатай гэсэн хариу өгч байгаа нь иргэдэд ихээхэн хохиролтой тусч байгаа юм.

    БНСУ-ын Хөдөлмөрийн хуулиар гадаадын ажилчинд цалингийн доод хэмжээнээс багагүй хөлс олгох ёстой бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүнд ч адил байна гэж хуульчилсан. Ээн дагуу тус улсад цалингийн доод хэмжээ 902.880 вон бөгөөд илүү цагийн мөнгийг 1,5 дахин, баяр, амралтын өдрүүдийн цалинг 2 дахин бодож олгож байгаа. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн цалинг энэ хэмжээнд байлгахад манай улсын төрийн байгууллага дорвитой ажил хийж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллан мэдээлэл, хяналтын тогтолцоо ч бий болгох юм.

    ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН НЭГДМЭЛ, ЦОГЦ ТӨВЛӨРСӨН ЗОХИЦУУЛАЛТ БИЙ БОЛНО

    Манай улсад жолоочийн даатгалыг сайн дурын даатгалын төрөлд хамруулдаг бөгөөд улсын хэмжээнд 15 компани үйл ажиллагаа явуулж байна. Олон улсад энэ хэлбэрийн даатгалыг албан журмын даатгалд хамруулж,  үүгээр дамжуулан замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг хамгаалдаг байна. Тухайн жолооч бусдын амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулсан бол заавал нөхөн төлбөр өгдөг байх баталгааг болдог нь энэ даатгалын онцлог юм.

    2000 оноос хойш автотээврийн хэрэгслийн тоо жилд дунджаар 5-7 хувиар өсч 2010 онд 256 мянгад хүрээд байна. Энэ хэрээр замын хөдөлгөөний нягтрал ихэсч, зам, тээврийн осол, иргэдэд учрах хохирлын хэмжээ ч нэмэгдсээр байна. Тухайлбал 2010 оны байдлаар улсын хэмжээнд зам, тээврийн 8 мянга гаруй осол гарч 320 хүн нас баран, 933 хүн гэмтэж, иргэд байгууллагад 2 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Зам, тээврийн дийлэнх нь жолоочийн буруугаас болдог нь жолоочийн хариуцлагыг албан журмын даатгалд хамруулж, ослоос учрах хохирлыг барагдуулдаг тогтолцоо бий болгох шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм.          

    Хуулийн төсөлд “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолоочийн даатгалын суурь хураамж 12.500, “В” ангиллынх 33.000, “С” ангиллынх 42.500, “Д” ангиллынх 53.000, “Механизм” ангиллынх 12.500 төгрөг, жолооч нь “В”, ”С” эсвэл “Д” ангиллаас гадна “Е” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй бол 7.000 төгрөгөөр илүү байхаар тусгасан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан нэр бүхий хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

    ОЛОН УЛСЫН ХОРШООЛЛЫН ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭНЭ

    Олон улсын хоршооллын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороог Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулан байгуулж, жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав. “Хоршоолсон үйлдвэрлэлээр төгөлдөр дэлхийг бүтээхүй” сэдэвт олон улсын бага хурлыг энэ оны 5 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах боллоо. “Хоршооллын олон улсын жил”-ийг угтаж хоршоодын үйл ажиллагааг дэмжсэн бодитой, бүтээлч арга хэмжээ авч хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусгахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.

    Манай улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганаар хэлэлцэн улмаар 2012 оныг “Хоршооллын олон улсын жил” болгон зарлажээ. Энэ нь хоршооллыг дэмжихийн ач холбогдлыг улс орон бүр хүлээн зөвшөөрч, хоршооллын хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох, хоршооны давуу талыг нийтэд сурталчлан таниулах, дэлгэрүүлэх шаардлагатай байгааг нотолсон хэрэг юм. Хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл зонхилсон манай орны хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, орон нутгийн хөгжлийг хангах гол хэлбэр нь хоршоо. Иймээс Засгийн газар 2009 онд “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-ийг баталсан байна. 

    “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг түшиглэн хэрэгжүүлж байгаа. Улсын хэмжээнд 170 гаруй мянган малчин өрх байгаа бөгөөд тэдгээр нь хөдөө аж ахуйн чиглэлийн хоршооллын үндсэн суурь, бааз нь болно. Малчдын хөдөлмөрийг хорших, хамтрах, үйл ажиллагааг идэвхжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

    Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журамыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, дүнг Засгийн газарт жил бүрийн 2 дугаар сард багтаан танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгаж журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих асуудлаар хуулийн дагуу хамтран ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлд даалгав. Санд улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилах хөрөнгийг УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага сайн дурын үндсэн дээр хөрөнгө төвлөрүүлж болох юм байна. 

    “Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан” нь эрэлтэд суурилсан, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээг дэмжих юм. Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид болон ажилгүй залуучууд, иргэдэд богино хугацаанд нийгэм, хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжил эзэмшүүлж, ажлын байртай болгон ажилгүйдэл, ядууралтай тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэ сан чухал үүрэгтэй гэж Засгийн газар үзэж байна.

    ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН НЭГДСЭН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦАВ

    Засгийн газрын хуралдаанд Газрын нэгдмэл сангийн 2010 оны улсын нэгдсэн тайланг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулав. Тайлан нь тайлангийн хугацаанд газрын ангилал болон газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн байдал, тэдгээрт гарсан өөрчлөлтөд дүгнэлт өгөх, газрын талаар авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох ач холбогдолтой юм. Мөн цаашид газрыг өмчлөх, эзэмших, ашиглах, хуваарилах, хамгаалах, нөхөн сэргээх болон газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, газрын нэгдмэл сангийн өгөгдөхүүнд өөрчлөлт оруулах, улс, орон нутгийн статистик мэдээнд ашиглахад суурь материал болдог байна.

    2010 онд газрын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн 1425 шалгалтаар 10 мянга гаруй зөрчил илэрчээ. Газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил хамгийн их гарсан байна. Улсын хэмжээнд газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 73359 өргөдөл ирсний 1175 нь газар ашиглах, 45717 нь эзэмших, 25213 нь өмчлөх, бусад нь өөр төрлийн өргөдөл, хүсэлт байжээ.

    ЗАСГИЙН ГАЗАР 3 ДУГААР САРД  70 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЖЭЭ

    Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын үйл ажиллагааны  талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцуулав. 2011 оны 3 дугаар сард Засгийн газар 9 удаа хуралдаж, 75 асуудлыг хэлэлцэн, 30 асуудалтай танилцсан байна. Хуралдаанаар 6 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, 4 асуудлыг хууль санаачлагчдад уламжлахаар, 1 асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 1 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 4 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах болж, 8 асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулсан байна.

    Засгийн газраас 3 дугаар сард:

    • Монгол Улсад 2011 онд хөдөө аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицид, химийн бордоо, бусад бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг батлав
    • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд машин, тоног төхөөрөмж хандивлах, ашиглах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.
    • “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулав.
    • НҮБ-ын байгаль орчны хөтөлбөртэй хамтран “Байгалийн баялгийн үр ашигтай зарцуулалт бүхий ногоон эдийн засагт хүрэх шилжилтийн үеийн үндэсний стратеги” сэдэвт семинар зохион байгуулав.
    • ОХУ-аас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд ирсэн 40 тонн холбооны сэлбэг, техник хэрэгслийг хүлээн авч, холбооны мэргэжлийн офицер, ахлагч нарыг сургалтад хамруулсан зэрэг томоохон ажил хийж, хэрэгжүүлжээ.

    Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын үйл ажиллагааны товч мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын HTTP:/WWW.CABINET.GOV.MN/ вэб хуудасны “Засгийн газрын мэдээ, мэдээлэл, хуралдаан” булангаас үзэх боломжтой.

    ТОВЧХОН

    • “Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төсөлд улс төрийн нам, нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан бүх төрлийн зорилт, арга хэмжээ, үндсэн зорилго, хүрэх үр дүн, тэдгээрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс болон орон нутгийн төсвөөс шаардагдах санхүүжилтийн хэмжээг зорилт, арга хэмжээ нэг бүрээр тооцуулах, эх үүсвэрийг нь тодорхойлуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Сонгуульд оролцогч нам, нэр дэвшигч нь улс орны эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгаж, бэлэн мөнгө амлах зэргээр иргэдийн саналыг авах сөрөг үзэгдэл гарч байгаа юм.     
    • АНУ-ын Сан Франциско, Япон Улсын Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Сан Франциско хотод манай улсын 27 мянга, Осакад 2 мянган хүн ажиллаж, амьдардаг бол Гонконгод жилдээ 5 мянга хүртэл хүн зорчдог байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрхийг тууштай хамгаалж, монгол иргэдэд туслах сан байгуулан, консулын албыг өргөжүүлэн бэхжүүлнэ гэж заасан юм.

  • XX зуунд нэвтрүүлсэн Зөвлөлтийн боловсролын тогтолцоог XXI зуунд Кембрижийн олон улсын стандартаар солих галт тэрэг хөдөллөө

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүнээр томилогдсоныхоо дараахан дэлхийн шилдэг боловсролын эталонд тооцогддог Кембрижийн боловсролын тогтолцоог  Монголд нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын эхний үр дүнг тодорхойлсон нэгэн түүхэн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хос хэлээр хичээллэх төрийн өмчит анхны дунд сургуулийг өнгөрсөн оны өдийд байгуулснаар “Шинэ эрин” хэмээх сургууль үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.

    Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их сургуулийн олон улсын Шалгалтын төв хооронд Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэлийн талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол тус сургуулийн хурлын танхимд болж, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Кембрижийн их сургуулийн  Олон улсын шалгалтын төвийн захирал Анн Пунтис нар санамж бичгийг үзэглэлээ.

    Энэхүү арга хэмжээнд Кембрижийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх ажлыг анхлан санаачилсан, тус хөтөлбөрийн автор гэж хэлж болох Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Кембрижийн Үнэлгээний группийн дарга Симон Либус нар байлцлаа. Мөн энэ үеэр тус сургуулийн захирал Б.Амартүвшинд “Шинэ эрин” төрийн өмчит дунд сургууль нь Кембрижийн сүлжээ сургуулийн нэг болсныг батлах гэрчилгээ гардуулаа.   

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж тэнд цугласан олонд хандаж үг хэлэхдээ “Миний бие Ерөнхий сайдын ажлыг авсан даруйдаа боловсролын салбарынхантай уулзаж Монгол Улсын хөгжлийн гол хөшүүрэг, мотор нь өндөр боловсролтой, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай монгол хүн. Тиймээс Засгийн газраас хүний хөгжилд нэн тэргүүнд анхаарна гэдгээ хэлж байсан. Энэ яриа ажил болж хөрсөн дээрээ бууж байгаагийн нэг тод жишээ бол Кембрижийн стандарт Монголын боловсролын салбарт бодитоор нэвтэрч эхэлсэн явдал юм гэлээ.

    Өнгөрсөн XX зуунд манай улс боловсролын салбартаа Зөвлөлтийн боловсролын системийг нэвтрүүлж, улсаа улс шиг улс болгосон. Харин өнөөдөр XXI зуунд Монгол Улс, монгол хүнээ олон улсын стандартад нийцсэн боловсролын тогтолцоонд оруулах том ажлын эхлэлийг тавьж байна гэдгийг Ерөнхий сайд онцлоод манай монгол хүүхэд сургуулиа төгсөөд Харвардын их сургуульд очиход Кембрижийн стандартын гэрчилгээтэй, шууд элсэн орж чаддаг байх ёстой. Ийм боломжийн төлөө Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэдгээ амлалаа.

    Мөн тэрбээр танай сургууль “Шинэ эрин” гэж сайхан нэртэй юм. Шинэ эрин, шинэ хөгжлийн эхлэл сургууль гэж харж байна. Монголын Засгийн газар, Кембрижийн их сургууль та бүхнийг дэмжиж  байгаагийн эхний үр дүн гарч байна гээд Монголын бүх сургуулиудад энэ сургалтын хөтөлбөр хэрэгжинэ, Кембрижийн боловсрол хүрнэ. “Шинэ эрин” сургууль Кембрижийн сургуулийн гэрчилгээ авсан нь Монголын боловсролын салбарын шинэчлэлийн бодитой эхлэл, буухиа боллоо гэдийг тэмдэглэлээ.

    Дэлхийн монгол иргэнийг бэлтгэх төрийн өмчит анхны “Шинэ эрин” лаборатори дунд сургууль шиг ийм 30 сургууль ирэх хичээлийн жилээс сургалтаа эхэлнэ, улсын хэмжээний бүх сургуулийн тав болон аравдугаар ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрийг Кембрижийн стандартаар явуулахаар төлөвлөн бэлтгэл ажил хангаж байгаа гэсэн мэдээллийг БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр энэ үеэр өглөө

  • Улсынхаа хөгжлийн түлхүүр байхыг оюутнуудаас хүслээ

    Улсынхаа хөгжлийн түлхүүр байхыг оюутнуудаас хүслээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сурлага, спорт, урлагийн амжилтаараа үеийнхнээ манлайлсан шилдэг 36 оюутанд нэрэмжит тэтгэлгээ гардууллаа. Энэхүү арга хэмжээ өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон юм. Шилдэг оюутнуудад гардуулсан өргөмжлөлд “Оюуны эрдэмд шамдан суралцаж, авьяас билэг, идэвх зүтгэлээрээ олон мянган оюутны үлгэр дууриал болсон амжилтыг тань үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнаар өргөмжлөв” гэжээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэтгэлэг хүртэж буй оюутан залууст хандаж, Монгол Улс боловсролын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа. Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд эхлээд монгол хүнээ хөгжүүлэх учиртай. Бурхны авралаар бидэнд уудам сайхан газар нутаг, байгалийн баялаг, мал сүрэг, бусад орны хөгжсөн туршлага гээд байна. Энэ бүхнийг хөгжил болгох, өрсөлдөх, хөрвөх чадвартай, ажилдаа хариуцлагатай ханддаг, ажиллаж чаддаг хүн бол Монгол Улсын хөгжлийн түлхүүр юм гэлээ.

    Мөн сонгож эзэмшиж байгаа мэргэжилдээ өндөр амжилт гаргаж, нөр их хичээл зүтгэлээр ийм амжилтад хүрсэн оюутнуудтай уулзаж буйдаа, тэднээр бахархаж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд амжилтаа улам бататгаж, үеийн залуучууддаа үлгэр болж, дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, улсынхаа хөгжлийн түлхүүр болохыг ахын хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар нэрэмжит тэтгэлэг хүртсэн оюутнуудаас хүслээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журмын дагуу болзол хангасан оюутан тус бүрт сар бүр 80,000 /наян мянган/ төгрөгийг 10 сарын турш өгдөг юм. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 2009 онд анхлан 20 оюутанд өгсөн бол 2010 онд 35, энэ жил буюу 2011 онд 36 оюутанд олгосноор 91 залуус хүртээд байна.

     

    Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр суралцах оюутнуудын нэрсийг толилуулъя.

        Овог нэр

        Сургууль

    Мэргэжил

    Анги

    1

      Сандаг Ганхүү

       МУИС-ОУХС

    олон улсын харилцаа

    4

    2

      Лхагвасүрэн Ганцоож

       ШУТИС-КТМС 

    санхүүгийн удирдлага

    4

    3

      Аюурзана Отгонбаатар

       ХААИС-ИС

    инженер багш

    4

    4

      Пүрэвдорж Баясгалан

       ЭМШУИСМагистрант

    хүний их эмч

    7

    5

      Алтанцоож Азжаргал

       МУИС-Улаанбаатар ИС 

    Сэтгүүлзүй

    4

    6

      Оюунтөгс Эрдэнэболор

       СЭЗДС

    нягтлан бодох бүртгэл

    3

    7

      Батжаргал Цасчихэр

       СЭЗДС

    нягтлан бодох бүртгэл

    3

    8

      Нармандах Аззаяа

      АчАУДС

    хүний их эмч

    6

    9

      Өлзийпүрэв Шинэхүү

      Их Монгол ДС

      аялал жуулчла-лын менежер

    3

    10

      Энхмөрөн Бөртэ

      МУИС-ГХСС

    Япон орон судлал

    3

    11

      Цогтгэрэл Мөнхтуул

      ХААИС-МЭБС

    малын эмч

    3

    12

      Цэнджав Азцоож

      МУБИС-БУС

    багш

    4

    13

      Энхжаргал Ундармаа

      МУБИС-МаСС

    багш

    4

    14

      Батбаатар Баасанжав

      МУБИС-Багшийн сургууль

    багш

    4

    15

      Шагдарсүрэн Сайндэлгэр

      АчАУДС, Эмчилгээ

    хүний их эмч

    6

    16

      Булган  Өлзий-Эрдэнэ

      ШУТИС-КТМС  

    программхангамжийн инженер

    4

    17

      Даваасүрэн Цэрэннамжил

      МУИС-Завхан салбар

    Нягтлан бодох бүртгэл

    4

    18

      Ганбаатар Цэрэндаш

      ХААИС-ЭЗС 

    Маркетинг менежмент

    3

    19

      Отгонбаяр Цэцэн

      ЭМШИУС-НАСС

    хүний их эмч

    5

    20

      Нямдорж Хангайцэцэг

      СУИС-РТС

    сэтгүүлч

    3

    21

      Батсүх Ууганбаяр

      МУБИС-МоСС

    утга зохиолын ажилтан сэтгүүлч

    4

    22

      Сэр-Од Золбаяр

      Орхон Их сургууль

    нийгмийн ажилтан

    4

    23

      Сүхээ Билгүүн

      Шихихутуг ХЗДС

    эрх зүйч

    4

    24

      Батсайхан Даариймаа 

      Этүгэн дээд сургууль

     нягтлан бодох бүртгэл

    3

    25

      Батсүх Ганбат

      МУИС-МХСС 

    монгол судлаач

    3.8

    26

      Батсайхан Пэрэнлэйдамба

      МУБИС-МаСС 

    багш

    4

    27

      Цэнджав Амарсанаа

      Шихихутуг ХЗДС

    эрх зүйч

    4

    28

      Батболд Батжаргал

      ШУТИС-МХТС

    мэдээллийн технологи

    3

    29

      Батбаяр Булган

      ШУТИС-БИАС 

    барилгын инженер

    3

    30

      Рэнцэндорж Энхдэлгэр

      Тэнгэр ДС

    төрийн захиргаа удирдлага

    3

    31

      Энхбат Энх-Амгалан

      Тэнгэр ДС

    нягтлан бодох бүртгэл

    3

    32

      Самбуу Батцэцэг

      Дизайн урлагийн дээд сургууль

    архитектур

    3

    33

      Дандар Уянга

      ЭМШИУС-НАСС

    хүний их эмч

    4

    34

      Батсайхан Халиун

      ШУТИС-ХБС

    техникийн мэргэжлийн орчуулагч

    3

    35

      Ганзориг Тамир

      Хөгжим бүжгийн коллеж

    хийлч

    1

    36

      Дуламсүрэн Саран

      Хөгжим бүжгийн коллеж,  

    төгөлдөр хуурч

    1

  • Далайд гарцгүй орнуудын төлөөлөл Улаанбаатарт чуулж байна

    Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын өндөр түвшний бодлогын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хамтран зохион байгуулж байгаа энэ уулзалтад бүсийн далайд гарцгүй 12 орон, хандивлагч болон түнш орнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ноэлин Хэйзер зэрэг өндөр түвшний 100 орчим хүн оролцож байна.

    Уулзалтаар 2003 онд Алматы хотноо болсон далайд гарцгүй болон транзит орнуудын сайд нарын хурлаас гаргасан хөтөлбөрийн биелэлтийг авч хэлэлцэж байна. Энэ хөтөлбөрт транзит тээврийн бодлогыг сайжруулах, зам, тээвэр зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын гадаад худалдааг дэмжих, санхүү болон техник тусламж үзүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарах гэсэн 5 чиглэлийн арга хэмжээ тусгагдсан юм. Мөн Ази, Номхон далайн бүс нутагт ямар ахиц гарсан, учирч байгаа саад бэрхшээлийг хэрхэн даван туулах, хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөж байна.

    Зохион байгуулагч орны хувьд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зөвлөлдөх уулзалтад оролцон үг хэлэхдээ НҮБ-ын эдийн засаг, нийгмийн комисс болон бодлогын зөвлөлдөх уулзалт, далайд гарцгүй бусад хөгжиж буй бусад орныг Монгол Улсын Засгийн газар бүрэн дэмжиж байгааг  илэрхийлэв. Далайд гарцгүй орнууд нь газар зүйн хувьд ашиггүй, бусад улстай холбогдоход тээврийн зардал өндөр гардаг учир эдийн засгийн болон экологийн эмзэг байдлыг илэрхийлдэг үзүүлэлт бий болгох нь зүйтэй гэж Ерөнхий  сайд үзэж байна.

    Мөн тээвэр, дамжин өнгөрөх өндөр өртгийг зохицуулах үүднээс бодлогын шийдлийг томъёолох, электрон худалдаа бий болгох, хоёр тал болон бүсийн гэрээ хэлэлцээр, дамжин өнгөрөх тааламжтай, хөнгөлөлттэй нөхцөл бий болгох хэлэлцээ хийхэд туслалцаа үзүүлж байх нь зүйтэй гэж тэрээр хэлэв. 2013 онд дуусгавар болох Алматын хөтөлбөрийг үргэлжлүүлэх, Олон улсын далайд гарцгүй орнуудын судалгааны төв /“Think Tank”/-ийн ажлыг жигдрүүлэх нь хөгжлийн хэрэгцээг хангах, баримт, нотолгоонд үндэслэсэн, прагматик шийдлүүдийг олоход  чухал хэрэгтэй арга хэрэгсэл гэж хэлсэн байна. 

    Далайд гарцгүй орнуудын хуурай боомтыг далайд гарцтай орнуудын усан боомттой зам, төмөр замаар холбох, залуучуудад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллая гэж хатагтай Ноэлин Хэйзер хэлснийг манай тал дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хурлаар хэлэлцсэн асуудлууд, цаашид тавих зорилтуудыг тусгасан “Улаанбаатарын тунхаглал” гэсэн баримт бичиг гаргах юм байна