Blog

  • Их Британийн Элчин Сайдын Яам хатан хааныхаа 91 насны ойг тэмдэглэлээ

    Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс энэ жил Хатан хаан II Элизабетийн 91 насны ойг тэмдэглэж байна. Тэрбээр 1952 онд хаан ширээг залгамжилсан ба Британийн болоод дэлхийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд хаан ширээнд сууж буй Хатан хаан юм.

    Улаанбаатар дахь Британийн Элчин Сайдын Яам энэ сарын 15-д Хатан Хааны төрсөн өдрийг төр, нийгмийн зүтгэлтнүүд, бизнесийн салбарынхан, Британид төгсөгчид болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй тэмдэглэлээ.

    Элчин сайд Катрин Арнолд ‘’Та бүхнийг хүрэлцэн ирж Хатан Хааны төрсөн өдрийг тэмдэглэж буйд баяртай байна. Төрсөн өдөр бол онцлох мөч юм. Британи-Монголын харилцаанд өнгөрсөн жил онцлон тэмдэглэх олон үйл явдал боллоо. Поло тэмцээн, зэрлэг ан амьтдын хулгайн ан болон худалдаалахтай тэмцэх, экспортын стандартыг сайжруулах, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих ажлууд зэрэг Британи, Монгол улсуудад төдийгүй дэлхийд чухал хамааралтай олон зүйлс дээр хамтран ажиллаж байна‘’ гэлээ.

    Энэ үеэр Британийн алдарт инноваци, технологи, боловсрол болон соёлыг онцлон тэмдэглэсэн ба тус баярын хүлээн авалтыг Портмейрон, Рэнж Ровэр, Холидэй Инн зэрэг Британийн компаниуд ивээн тэтгэжээ. Төрсөн өдрийн бялууг Элчин сайд, Катрин Арнолд, УИХ-н гишүүн С.Батболд болон what3words хаягжуулалтын систем ашиглан Британийн Гадаад Хэргийн Яамны Төрийн нарын бичгийн даргаас урилга хүлээн авсан Цэсэндолгор гуай нар зүссэн талаар Британийн Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.

  • Өрх толгойлсон 1000 эх, хүүхдийг баярлуулах арга хэмжээ боллоо

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Есүй эх хүүхдийн эрхийг хамгаалах төв ТББ “Сүхбаатарын Батболд” сангийн дэмжлэгтэйгээр өрх толгойлсон 1000 ээж, тэднийг хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээг зохион байгууллаа.

    “Эх үрсийн инээмсэглэл-2017” арга хэмжээнд МУ-ын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд өрх толгойлсон эхчүүд, тэдний хүүхдүүд болон дүүргийн хүүхэд багачуудыг баярлуулж, хамтдаа нэг өдрийг өнгөрөөлөө. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 1000 ээжийг хүүхэдтэй нь баярлуулж байгаа бөгөөд өчигдөр Чингэлтэй дүүргийн 500 ээжийг хүүхэдтэй нь баярлуулсан бол өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 500 ээжийг хүүхдийх нь хамт баярлууллаа.

  • УИХ-ын гишүүн С.Батболд СоцИнтерний дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо


    Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 153 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй СоцИнтерн (Социалист Интернационал) байгууллагын ээлжит 25 дугаар их хурал Колумби улсын Картахена хотод 2017 оны 3 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд болж байна.

    Уг хуралд МАН-наас оролцож буй төлөөлөгчдийн тэргүүн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Батболд тус байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр 2012 оноос сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар 4 жилийн хугацаатай улиран ажиллахаар сонгогдлоо. Холбооны гишүүд С.Батболдыг уг албан тушаалд томилохдоо түүний улс төрийн туршлага, олон улс дахь нэр хүндийг харгалзсан юм байна.

    Тус холбоонд Монголоос ганцхан нам бүртгэлтэй байдаг нь МАН ба С.Батболдоос өмнө дэд ерөнхийлөгчид монгол хүн томилогдож байгаагүй аж.
  • Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг хэлэлцлээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хөтөлбөрийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Батболд асуулт асууж, дараах байр суурийг илэрхийллээ.

    Тэрээр Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүндрэлийн шалтгааныг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт, валютын хомсдолтой холбож тодорхойлж байгаа ч яг тодорхой зөв онош тавьж чадаж байгаа эсэх, хөтөлбөрт өнгөрсөн жил төсвөөс гадна байсан 7 их наяд төгрөгийг нэгдсэн төсөвтөө тусгасан эсэх, өрийн бүтэцдээ дүн шинжилгээ хийж чадсан эсэхийг тодруулав.

    Мөн хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газар өнгөрсөн 4 жил хариуцлагагүй, хууль хэрэгжүүлдэггүй, төсвийн сахилга батгүй, хэлсэн амандаа хүрдэггүй, итгэл алддаг байсныг эдийн засгийн хүндрэлийн үндсэн онош гэж үзэж байна. Иймд өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд Грек зэрэг орнуудын адил огцом нэг хоёр төсөл, “стандарт бус” арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээс илүүтэй хүндрэлийн шалтгаанаа зөв тодорхойлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэн Олон улсын валютын сан, бусад улс орнуудтай хамтран хөрөнгө оруулагчдын итгэлийг буцаан олж авах нь зүйтэйг онцлов.

    Түүнчлэн дунд болон урт хугацааны хөтөлбөрийг бодитой ажил болгож хэрэгжүүлэх арга замыг хөтөлбөртөө тусгаж, нэгдсэн стандарттай болохгүй бол 2 жил тутам нэг зүйлээ хэлэлцдэг, эдийн засгийн хүндрэл гарах бүрд давтдаг болоод байгааг анхааруулав.

    Эцэст нь европ стандартыг нэвтрүүлж, Европын холбоонд бараа, бүтээгдэхүүн эксплортлох, Японтой хийсэн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, 2 хөрштэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зэргээр экспорт, нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд Еврол стандартыг нэвтрүүлэх нь чухал тул энэхүү ажлыг хөтөлбөрт тусгах нь чухал гэлээ.

  • УИХ-ын гишүүн С.Батболд Соц-интерний хуралд оролцов

    УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд 2012 оноос дэлхийн зүүний үзэл баримтлал бүхий 170 гаруй намуудыг эгнээндээ нэгтгэсэн Соц-Интерний дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа билээ.

    Тэрээр энэ сарын 21-нд Нью-Иорк хотноо Нэгдсэн Үндэсний Байгуулагын 71-р чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан Соц-Интернийн тэргүүлэгчдийн уулзалтад оролцож, дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудыг зүүний чиглэлийн бодлогоо алдаглуулалгүйгээр хэрхэн шийдвэрлэх талаар илтгэл тавьж, байр сууриа илэрхийлэв.

    Уулзалтын үеэр С.Батболд эдийн засаг, байгаль орчин, салан тусгаарлах үзэл, терроризм зэрэг маш олон асуудал хүн төрөлхтний өмнө нэгэн зэрэг тулгараад буйг онцлоод эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хүн төвтэй, улс орнуудын хамтын ажиллагаа, нэгдмэл байдлыг ашгийн төлөө, хувийн эрх ашгаас дээгүүр тавих нь зүүний чиглэлийн улс төрийн үндсэн чиг баримжаанд нийцнэ гэлээ.

    Мөн тэрээр дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа асуудлаас 3 асуудлыг онцлов. Нэгдүгээрт. Европын холбооны улсуудын нэгдмэл байдлыг хангах нь дэлхийн хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдлыг богино хугацаанд сэргээхээс гадна хөгжиж буй орнуудын аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Хоёрдугаарт. Терроризмийн талаар бодлогыг ислам-төвтэй агуулгаас ангид авч үзэх нь радикал үзлийн эсрэг муслим ард түмэнтэй хамтран тэмцэх боломжийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ нь тус холбооны социал демократ үзэл баримтлалтай нийцэх бөгөөд нэг жишээ нь төв азийн олон соёлт ард түмний энх тайвнаар зэрэгцэн оршиж буй юм. Гуравдугаарт. Байгаль орчны бохирдолын асуудлыг мөн л социал демократ зарчмаар шийдвэрлэх нь зохимжтой. Зөвхөн ашгийн төлөө бодлого, арга барил нь Монгол улсын хөрс, усыг ихээр бохирдуулсан. МАН-ын зүгээс байгаль орчинд ээлтэй бодлогыг баримталж байгаа бөгөөд энэхүү бодлогыг олон улсын хэмжээнд нэвтрүүлж, үлгэр дуурайл болох нь хөгжиж буй орнууд төдийгүй дэлхийн хэмжээнд байгаль хамгаалах үйлсийг дэлгэрүүлэх ач холбогдолтойг онцлов.

  • Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргээсээ гурав дахь удаагаа УИХ-д сонгогдлоо

    УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгууль орон даяар амжилттай болж өндөрлөлөө. УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өрсөлдөгчөөсөө үнэмлэхгүй олон санал авч УИХ-ын сонгуульд ялалт байгууллаа. Ингэснээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргээсээ гурав дахь удаагаа УИХ-д сонгогдлоо.
    С.Батболд өөрийг халуун дотноор хүлээн авч, сонгуулийн энэ өдрүүдэд дэмжиж ирсэн сонгогчдодоо чин сэтгэлийн талархлаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
    Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийнхээ сонгогчидтой 100 гаруй удаагийн уулзалт ярилцлага зохион байгуулж, сонгогчдынхоо санал бодлыг сонссон юм. С.Батболд сонгогч бүрийнхээ хэлсэн ярьсныг санаж, захисан захиасыг нь ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ Сүхбаатарчууддаа онцолж хэллээ.

  • Ё.Отгонбаяр: ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН ХҮН ШУДАРГА ӨРСӨЛДӨНӨ ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА

    МАН-ын сонгуулийн төв штабын гишүүн,
    УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

    -УИХ-ын 61 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч М.Батчимэг
    халз мэтгэлцэх урилгаа МАН-ын нэр дэвшигч С.Батболдод хүргүүлээд хариу өгөхгүй байна
    гэж хэвлэлээр мэдэгдээд байгаа. Та бүхэн хариу өгөхгүй байгаа юм уу?

    -МАН-ын нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын хувьд
    мэтгэлцэхээс татгалзаагүй. Харин хуулийн зөрчилгүй, хуулийн хүрээнд хийе гэж байгаа.
    Сонгуулийн тухай хуульд “халз мэтгэлцээнийг дөрвөөс доошгүй нэр дэвшигчийг оролцуулж
    хийнэ” гэж заасан. Сонгуулийг ажиглах СЕХ-ны зөвшөөрөлтэй олон нийтийн байгууллагаас
    ч “зөвхөн ганц нэр дэвшигчийг мэтгэлцээнд дуудах нь хууль зөрчинө” гэдгийг олон
    нийтэд мэдэгдэж байгаа. Тийм учраас нэр дэвшигч С.Батболдын сонгуулийн штабаас хууль
    зөрчихгүйн тулд та 61 дүгээр тойрогт өрсөлдөж байгаа найман нэр дэвшигчид, бүгдэд
    нь мэтгэлцэх урилгаа хүргүүлээч ээ, ядаж дөрвүүлээ болж байгаад мэтгэлцье, мэтгэлцэх
    байр талбайгаа урьдчилан бэлдэхийн тулд сонгуулийн менежерүүдийг оролцуулсан ажлын
    хэсгийг яаралтай байгуулж бэлтгэлийг хангая” гэдэг саналаа албан бичгээр хүргүүлсэн.

    -Нэр дэвшигч М.Батчимэг яагаад заавал ганц МАН-ын
    нэр дэвшигч С.Батболдтой мэтгэлцэх гээд байгаа юм бол?

    -Рейтинг муутай нэр дэвшигч өмнөө яваа, өөрөөс нь
    илүү рейтингтэй хүнээс зүүгдэж нэр хүндээ өсгөх сонгуулийн технологи байдаг л даа.
    Тэр л юм болов уу даа. АН-ын нэр дэвшигч албан бичигтээ бол “парламентад суудалтай,
    голлох хоёр намын нэр дэвшигч учраас мэтгэлцье” гэсэн байна лээ. Сонгуулийн хуульд
    “голлох хоёр намын нэр дэвшигч” гэсэн ойлголт, тэдэнд давуу эрх олгосон заалт байхгүй.
    Хэрвээ парламентад суудалтай гэвэл өнөөдрийн УИХ-д суудалтай МАХН, ИЗНН-ын нэр дэвшигч
    ч 61 дүгээр тойрогт өрсөлдөж байгаа. УИХ-ын 61 дүгээр тойрогт найман нэр дэвшигч
    өрсөлдөж байгаа. Тэд бүгдээрээ ижил тэгш эрхтэй учир мэтгэлцэх, бодлогоо сурталчлах
    боломжийг тэдэнд ч олгох ёстой гэж МАН-ын нэр дэвшигчийн штаб үзсэн.

    -Үүнээс гадна АН-ын нэр дэвшигч М.Батчимэг саяхан
    нэгэн мэдэгдэл хийсэн. Мэдэгдэлдээ “С.Батболд намайг Тайванийн тагнуул гэж гүтгэсэн
    нэвтрүүлэг хийж байна гэх мэдээлэл авлаа” гэсэн. Та энэ талаар ямар тайлбар өгөх
    вэ?

    -Шууд хэлэхэд, “тагнуулын мэдээ” чинь худлаа байна
    гэж М.Батчимэг гишүүнд хэлмээр байна. Яагаад гэвэл, МАН-ын Төв штабаас нэр дэвшигчдийн
    сонгуулийн сурталчилгаанд байнгын хяналт тавьж, телевиз, интернэт, сонин хэвлэлээр
    цацаж байгаа мэдээ, мэдээлэлд нь мониторинг
    хийж байгаа. Тухайлбал, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын 61 дүгээр тойрогт
    нэр дэвшигч Сүхбаатарын Батболдын сонгуулийн штабаас тараасан сонин, сэтгүүл, телевизийн
    мэдээнд нь нэр дэвшигч М.Батчимэгийн талаар нэг ч үг байхгүй. Нэр дэвшигч С.Батболд
    өөрийн хийсэн ажил, намынхаа мөрийн хөтөлбөрийн дагуу хийх ажлуудаа танилцуулж яваа.
    Тэгэхээр энэ бол айсан хүний, эсвэл өрөвдүүлж рейтингээ өсгөх гэсэн бас л нөгөө
    сонгуулийн технологи нь байх.

    -Та тэр мэдэгдлийг үзсэн үү?

    -Үзсэн, үзээд тэр даруйд нь хариу мэдэгдэл хийж
    соёлтой, шударга өрсөлдөхийг уриалсан. Гэвч миний уриалснаар болсонгүй, өрөвдүүлэх
    тактик нь одоо ч үргэлжлээд л, “юун гуя” гэдэг шиг юмаа яриад л яваа бололтой. АН-ын
    нэр дэвшигчийг ийм мэдэгдэл хийсэнд нь би үнэхээр гайхсан. Сонгууль эхлээгүй байхад
    л тайлангийн сэтгүүлдээ өөрөө “тагнуулын хэрэг” гээд бичээд явсан. Гэтэл сонгууль
    дуусах гэж байхад дахиад өөрөө л “Намайг тагнуул” гэх гээд байна гээд явах юм, юунд
    нь сандраад байгаа юм, мэдэхгүй. Магадгүй, М.Батчимэгийн сонгуулийн штабынхан өөрсдөө
    ийм зохиолоор нэвтрүүлэг хийж, хэвлэмэл материал бэлтгэж МАН-ын нэр дэвшигч С.Батболдыг
    хийсэн, тараасан мэтээр жүжиг тоглох гээд байна уу гэж хардахад хүргэж байна. Тийм
    учраас МАН-ын сонгуулийн Төв штабаас 61 дүгээр тойрогт ажиглалт хийж байгаа. Ер
    нь бол манай намын нэр дэвшигч С.Батболдыг өдөр шөнөгүй хэвлэлээр дайрч, доромжилж
    байхад дуугүй л яваа. Хуулийн байгууллагаар шалгуулж байгаа зөвлөхийнхөө “тагнуулын
    хэрэг”-ийг сонгуультай холбоод байх шаардлагагүй шүү дээ. Манай намын хувьд Монгол
    Улсын Ерөнхий сайд байсан нэр дэвшигчээ тэр зиндаандаа шударга өрсөлдөнө гэдэгт
    эргэлзэхгүй байгаа.

  • Должинсүрэн: Би С.Батболдын төлөө саналаа өгнө. Энэ бол миний эх орныхоо төлөө хийж чадах зөв сонголт

    Сонгуульд ялах намын нэр дэвшигч С.Батболдыг дэмжиж, итгэл хүүлгэж байна гэдгийг өдгөө 90 насыг зооглож буй Сүхбаатар дүүргийн 14-р хорооны иргэн Должинсүрэн гуай өнөөдөр нэр дэвшигч С.Батболдтой уулзах үеэр аминчлан хэллээ. Мөн тэрээр “хөгшин би өнөөдөр хоосон хонож байж болно, үүнд би санаа зовохгүй байна. Харин эх орон минь тайван байгаасай гэж хүсч байна. Би С.Батболдын төлөө саналаа өгнө. Энэ бол миний эх орныхоо төлөө хийж чадах зөв сонголт” гэлээ.

    УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхөж байгаа хэдий ч УИХ-ын сонгуулийн 61-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд сонгогч бүртээ хүрч ажиллахаар тойргийнхоо иргэдтэй биечлэн уулзаж, аж амьдралтай нь танилцсаар байна. Өчигдөр Сүхбаатар дүүргийн 11, 12-р хорооны сонгогчдын аж амьдралтай танилцаж, тулгамдаж байгаа асуудал бүрийг өөрийн биеэр очиж сонссон билээ. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13, 14-р хороонд ажиллаж, тус хорооны хамгийн өндөр настай азай буурлуудын амар мэндийг асууж, санал бодлыг сонслоо. Тус хороонд Сүхбаатар дүүргийн хамгийн өндөр настай буюу 80-аас дээш настай иргэд олноор амьдардаг байна.

    Сүхбаатар дүүргийнхэн нэр дэвшигч С.Батболд итгэл хүлээлгэж байна

    Нэр дэвшигч С.Батболд эхлээд Сүхбаатар дүүргийн 13-р хорооны өндөр настан С.Шүрэндаа гуайнд зочиллоо. Увс аймгийн угуул С.Шүрэндаа гуай өдгөө 75 насыг зооглож байгаа бөгөөд есөн хүүхэдтэйгээ ач, зээ 30-уулаа болж өнөр өтгөн сайхан амьдарч байна. С.Шүрэндаа гуай өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэтгэврийн мөнгө төдийлөн сайн нэмэгдсэнгүй гэдгийг нэр дэвшигчид онцолж хэлж байв. Мөн ач, зээ нарынх нь ихэнхи их, дээд сургууль төгсч өндөр боловсрол эзэмшсэн ч ажилгүй, орлогогүй амьдарч байгааг хэлсэн. Тиймээс ирэх дөрвөн жил ажлын байрны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч, тойрогтоо олон ажил хийхийг нэр дэвшигч С.Батболдод захиж, түүнд амжилт хүслээ.

    Нэр дэвшигчийг Сүхбаатар дүүргийн 13, 12-р хорооны ахмад настан, иргэдтэй биечлэн уулзах үеэр хамгийн их яригдсан асуудал бол цэцэрлэг сургуулийн хүрэлцээ, дахин төлөвлөлтийн асуудал байлаа. Тус хороонд сургууль, цэцэрлэг бараг байдаггүйгээс болж хүүхдүүд нь Чингэлтэй, “100-айл”-ын Ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж байгааг хэлж байв. Тиймээс ирэх дөрвөн жил сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлж, шинээр барих шаардлагатай байгааг сонгогчид нэр дэвшигчид онцлон захилаа.

    Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд тус хороодын ихэнхи өрхийн хашааны газар нийслэлээс тогтоосон газар чөлөөлөлтийн бүст багтжээ. Гэхдээ нэг өрөө байр худалдан авахад ч хүрэлцэхгүй мөнгөөр хашааны газрыг нь үнэлж байгааг иргэд учирлаж байсан юм. Мөн зарим айлуудын хувьд хашааны газрын тал хэсэг нь дахин төлөвлөлтөд хамрагдаж, тал хамрагдаагүй зэрэг олон зөрчилтэй асуудал байгааг хэлсэн.

    Нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийн асуудалд анхаарал хандуулж, иргэнийг хохироохгүй байх ёстой. Өнөөдөр иргэдийн хувьд хашааны газар том өмч гэдгийг сануулж, 20, 30 сая төгрөгөөр үнэлж болохгүй. Миний бие УИХ-д дахин сонгогдвол уг асуудлыг анхаарлын төвд авч, иргэнийхээ эрх ашгийн төлөө ажиллана” гэдгийг хэлсэн. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт хашаандаа амины орон сууц барих нөхцөлийг дэмжиж ипотекийн зээлд хамруулахаар тусгасан байгааг хэлсэн.

    Мөн нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийн 14-р хорооны иргэн 83 настай Ц.Хумбаан, У.Намсрай Мөнхтогоо, Түмэнжаргал, 13-р хорооны иргэн М.Чимэд, мөн тус хорооны иргэн Енгэрэн зэрэг ахмадуудынхаа амар мэндийг асууж, санал бодлыг сонссон. Уулзсан өрх айл, хүн бүр нэр дэвшигч С.Батболд итгэл хүлээлгэж байгаагаа хэлэхийн хамт айл өрх, иргэн бүртээ хүрсэн зөв бодлого хэрэгжүүлж ажиллахыг түүнээс хүсч байлаа.

    Ингээд нэр дэвшигч С.Батболд айл өрхийн аж амьдралтай танилцсаны дараа орой 19 цагаас 23.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14-р хорооны сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.

  • Сонгуульд ялах намын нэр дэвшигчийг дэмжинэ, яагаад гэвэл…

    Энэ үгийг Сүхбаатар дүүргийн сонгогчид нэр дэвшигч С.Батболдтой уулзах үеэр хэлж байлаа. Учир нь, энэ удаагийн сонгуульд хувь хүн, хувь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Зөвхөн ялсан намын мөрийн хөтөлбөр л хэрэгжих учраас сонгуульд ялах намын нэр дэвшигч С.Батболдыг дэмжинэ. Тэгж байж тойрогтоо ажил хийлгэнэ. Түүнээс бус ялагдах намын нэр дэвшигчийн төлөө саналаа өгч дүүргээрээ сөрөг хүчин болмооргүй байна гэдгийг Сүхбаатар дүүргийн сонгогчид өнөөдрийн уузалтын үеэр онцолж хэллээ. Ингээд УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14 дүгээр хорооны сонгогчидтойгоо хийсэн уулзалтын сурвалжлагыг дэлгэрэнгүй хүргэе. Нэр дэвшигч С.Батболд эхлээд 12 дугаар хорооны айл өрхийн аж амьдралтай танилцаж, иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг өөрийн биеэр гэрт нь очиж сонслоо.

    Сонгогчид Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд сургууль, цэцэрлэг байгуулж өгөхийг хүслээ

    Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд бие даасан сургууль, цэцэрлэг огт байдаггүй юм байна. Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөр 2012 онд тус дүүргээс УИХ-д сонгогдохдоо сургууль цэцэрлэг барина гэж амласан ч өдий хүртэл нэг ч сургууль, цэцэрлэг бариагүй гэдгийг тус хорооны иргэн Я.Раднаабазар нэр дэвшигчид учирлав. Тиймээс С.Батболд УИХ-д сонгогдож ирэх дөрвөн жил тус хорооны сургууль цэцэрлэгийн багтаамж, хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм.

    Нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “МАН-ын мөрийн хөтөлбөрт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Тухайлбал Ерөнхий боловсролын сургуулиуд гурав биш хоёр ээлжээр хичээллэх орчныг бүрдүүлнэ. Мөн Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрт дүүрэг хороо бүрт нэг цэцэрлэг, нэг сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэдгийг онцолж хэлсэн. Нэр дэвшигч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Я.Раднаабазарынд зочилж, тэдний амьдралтай биечлэн танилцсан юм. Я.Раднаабазар эхнэр 9 хүүхдийн хамт амьдардаг байна. Хүүхдүүд нь их, дээд сургууль төгссөн ч ажлын байрны хүрэлцээ муу байгаагаас хөдөлмөрийн насны дөрвөн хүүхэд нь ажилгүй гэртээ ээж аавтайгаа байгаа аж. Хамгийн бага охин нь арван настай ч эхээс төрхдөө тархиндаа харвалт өгснөөс болж явж чаддаггүй байнгын асаргаанд байдаг бөгөөд эхнэрийнхээ тэтгэврийн мөнгөөр хоолтой хонож байгаагаа учирлаж байв. Я.Раднаабазар “хүүхдүүд маань бүгд ажилтай болчихвол амьдрал минь сайжирна” гэдгийг нэр дэвшигчид хэлэхийн зэрэгцээ ирэх жилүүдэд ажлын байрны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд анхаарал хандуулахыг хүсэв

    Дараа нь, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд амьдарч буй Дорнод аймгийн угуул До.Ганхуяг гуайнд нэр дэвшигч С.Батболд зочиллоо. Нэр дэвшигч С.Батболд өөрөө Дорнод аймагт төрж, өссөн учраас До.Ганхуяг гуайтай нутаг орон, ээж аавынхаа талаар хуучилсан юм. До.Ганхуяг гуай таван хүүхэдтэй бөгөөд хүүхдийн нь хоёр нь ажил хийж, нэг нь ажилгүй, хоёр нь сургуульд сурдаг байна. До.Ганхуяг гуай орон сууцанд орох хүсэлтэй ч орлого нь хаана ч хүрэхгүй байгааг учирласан. Харин одоо байгаа хашааны газрыг нь дахин төлөвлөлтөд хамруулж орон сууцжуулах асуудал дөрвөн жил яригдаж байгаа ч ажил хэрэг болохгүй байгааг хэлсэн.

    Нэр дэвшигч С.Батболд “Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрээс 7 буудал хүртэл дулаан, бохир, цэвэр усны дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж хашаандаа амины орон сууц барьж, ипотекийн зээлд хамруулна гэдгийг хэлж байв.

    Жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлнэ


    Хашаандаа хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бүтээлч айл өрх Сүхбаатар дүүргийн 12-р хороонд олон байна. Тухайлбал, цагаан шохойг хэвэнд оруулж бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийж зарж буй Д.Эрдэнэбаярын гэр бүлийнхэнтэй уулзлаа. Өөрөө, мөн эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй тэд хэний ч гар харалгүй өөрсдийн бизнесээ эхлүүлэн сайхан амьдарч байгааг нэр дэвшигчид хэлж байв. Харин бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй ч зээлд хамрагдаж чадахгүй байгааг хэлж байв. МАН-ын мөрийн хөтөлбөрт “Итгэлийн сан” байгуулж бизнес эрхлэгчдийг дэмжиж барьцаа хөрөнгөгүйгээр бага хүүтэй зээл олгох боломжийг бий болгоно гэдгийг нэр дэвшигч С.Батболд хэлсэн. Бизнес эрхэлж, ажлын байр нэмэгдүүлж буй иргэн, аж ахуйн нэгжийг зөв бодлогоор дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв.

    Дараагийн зочилсон хөдөлмөрч айл бол Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд амьдран суудаг Х.Батнасангийнх. Эднийх хоёр хүүхдийнхээ хамт хашаандаа гурван бүлээрээ амьдардаг аж. Хүүхдүүд нь барилга заслын ажил хийдэг болохоор 48 ам мерт бүхий байшингаа сайхан тохижуулж, тухтай сайхан амьдарч байгааг хэлж байв. Нэр дэвшигч С.Батболд цаашид гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг дэмжиж хашаандаа орон сууц барьж, тухтай орчинд амьдрах айлууд олон болох ёстой гэдгийг хэлсэн.

    Нэр дэвшигчийг Сүхбаатар дүүргийн 12-р дугаар хорооны айл өрхүүдээр орж, аж амьдралтай нь танилцах үеэр ажилгүй, орлогогүй хүнд нөхцөлд амьдарч байгаагаа аминчлан хэлж байсан иргэн олон байсныг энд дурдах ёстой. Сонгогчид нэр дэвшигч С.Батболдод ард иргэддээ ажилтай болгохын төлөө зөв бодлого хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй гэдгийг сануулахын хамт түүнд амжилтыг хүслээ.

    Ингээд нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийн 12-р хорооны айл өрхийн аж амьдралтай танилцсаны дараа үдээс хойш 15.00 цагаас 23.00 цаг хүртэл Сүхбатар дүүргийн 11, 12, 13, 14-р хорооны сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.

  • С.Батболд: Иргэн бүр боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй авах тогтолцоог бий болгоно

    УИХ-ын сонгуулийн 61-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргийн 12, 13, 14-р хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар санал бодлоо хуваалцлаа.

    Цалин тэтгэврийг жил бүр үе шаттай нэмнэ

    Уулзалтын үеэр Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэн Цэцэгмаа хэлэхдээ “Амьдрал маань өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд дээшлэх биш дордлоо. Би 2009 онд 54 мянган төгрөгийн халамжийн тэтгэврийг авдаг байлаа. Ингээд С.Батболдын Засгийн газар гурван жил ажиллахдаа цалин тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр авдаг болсон. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд миний тэтгэвэр 21 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Өрх толгойлсон 11 хүүхэдтэй надад 221 мянган төгрөгийн тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхгүй байна. Улсын өр л улам нэмэгдэж, ард түмний амьдрал дордож, ажилгүй хүний тоо өссөөр байна. Ирэх дөрвөн жил зөв бодлогоор энэ хүндрэлээс гарч, ард түмнийхээ амьдралыг өөд нь татахын төлөө ажиллаарай” гэж нэр дэвшигч С.Батболдоос хүслээ.

    Энэ сонгуульд МАН олонхи болж, Засгийн газрыг тэргүүлбэл, цалин тэтгэврийг жил бүр үе шаттай нэмнэ гэдгийг нэр дэвшигч сонгогчиддоо хэлсэн. Мөн ахмадуудад зориулан “Насны хишиг” хөтөлбөр хэрэгжүүлж, 70-аас дээш насныханд үндсэн тэтгэвэр дээр нэмэлт тэтгэвэр өгдөг болно гэдгийг онцолж хэлсэн юм.

    Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн гол тулгуур нь боловсролтой, эрүүл монгол хүн


    Мөн улсаа эдийн засгийн хямралаас гаргах зөв бодлогыг хэрэгжүүлж, мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллана гэдгийг тодотгов. 2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал болж Монгол Улсын эдийн засаг хасах нэг хувьд хүрч байсан хүнд үетэй С.Батболдын Засгийн газар нүүр тулж байсан. Тэр хүндрэлийг зөв бодлого хэрэгжүүлж давж гарсан туршлага нэр дэвшигч С.Батболд бий. Өнөөгийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч, улсаараа, ард иргэдээрээ өрийн дарамтад орж, хүнд үе ирж байгааг нэр дэвшигч иргэдэд сануулсан. Тиймээс энэ хүнд үед тогтвортой бодлого хэрэгжүүлж, фракц, бүлэглэлийн эрх ашгийн төлөө биш, нийт монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах тулхтай нам, туршлагатай улстөрчийг сонгох хэрэгтэй гэдгийг сонгогчдод уриалав. Сүхбаатар дүүргийн сонгогчдын хувьд нэр дэвшигч С.Батболдын Монголын төрд ажилласан туршлага, мэдлэгт итгэж байгаагаа илэрхийлж, түүнд амжилт хүсч байв.

    Сүхбаатар дүүргийн 61-р тойрогт нэр дэвшигч С.Батболд “МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай намын хувьд зорилтод бүлгийнхэнд чиглэсэн халамжийн бодлогоор дэмжиж дундаж давхаргатай иргэдийг бий болгоно. Тиймээс зорилтод бүлэгт чиглэсэн халамжийн бодлогыг үргэлжлүүлнэ” гэдгийг онцолсон. Мөн иргэн бүртээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй хүргэдэг тогтолцоог бий болгохын төлөө ажиллана гэв. Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн гол тулгуур нь боловсролтой, эрүүл монгол хүн гэдгийг онцолж, хүн ардынхаа боловсрол, эрүүл мэндэд анхаарах ёстой гэсэн юм.

    МАН-ын мөрийн хөтөлбөрт эдийн засгийн хямралаас үе шаттай гарч, иргэн бүртээ хүрсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Тухайлбал, хүүхэд бүртээ ялгаварлалгүйгээр хүүхдийн мөнгө олгож, “цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж хүүхэд төрүүлсэн эхийн НДШ-ийг таслахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн хүүхэд төрүүлж өсгөх бүрт ээжүүдийн ажилласан хугацааг 1.5 жилээр тооцох эрх зүй орчныг бүрдүүлнэ. Ажлын байр шинээр бий болгож буй аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжиж, шинээр татвар бий болгохгүй зэрэг иргэн бүрийн амьдралд чиглэсэн асуудлыг ажил хэрэг болгож ажиллана гэдгийг сонгогчдод хэлж байв.