Blog

  • Солонгос дахь Монголын жилийн нээлтэд хоёр улсын Ерөнхий сайд нар оролцлоо

    Монгол Улс, БНСУ-ын хооронд  дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Солонгос дахь Монголын жилийн нээлтэд зориулсан Монголын сор болсон уран бүтээлчдийн  тоглолт гуравдугаар сарын 25-нд Солонгосын Үндэсний театрт боллоо. “Хөх тэнгэрийн орон” хэмээх Монголын урлагийн мастеруудын оролцсон хүндэтгэлийн тоглолтыг хоёр  улсын  Ерөнхий сайд  сайд  нар, танхимын зарим гишүүд гэр бүлийн хамт хүрэлцэн ирж сонирхсон нь эртний түүх, соёлын өргөн харилцаатай хоёр улсын найрамдалт хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өглөө гэж тус театрт  цугласан монгол солонгос  иргэд ярьж байлаа.

    Хүндэтгэлийн  тоглолтод Монгол Улсын Морин хуурын чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Драмын улсын эрдмийн  театрын уран бүтээлчдээс гадна рок  поп болон циркийн урлагийн нэр хүнд бүхий уран бүтээлчид оролцож, уран бүтээлийн дээжээсээ  сонордууллаа. Тоглолтод тус улсад амьдарч буй монголчуудаас гадна Сөүл  хотын иргэд хүрэлцэн ирсэн байлаа. ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн морин  хуур,  хөөмий, уртын дууныхаа гайхамшгийг уран бүтээлчид маань толилуулсан төдийгүй сонгодог болон орчин үеийн урлаг манай улсад хэрхэн хөгжиж байгааг болон монгол бүжгийн гайхамшгийг бүрэн дүүрэн харууллаа гэж тоглолт үзсэн үзэгчид сэтгэл хангалуун байлаа.

    Монгол үндэсний урлаг болон урлагийн бүхий л төрөл жанрыг хамруулж чадсан “Хөх тэнгэрийн  орон” тоглолтыг сонирхсоноор Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө. Монгол Улс, БНСУ-ын харилцаа Сайн хөршийн,  найрамдал, хамтын ажиллагааны Түншлэлийн зарчимд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол,  хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжсөн харилцаагаа цаашид шинэ шатанд гарган хөгжүүлэх зорилтоо  тодорхойлсон Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай боллоо гэж талууд үзэж байна

  • Дэлхийд брэнд болсон үйлдвэрээс эм, эмийн бүтээгдэхүүн гэрээгээр авдаг болох асуудлыг судлах үүргийг салбарын сайдад өглөө

    Ард иргэдийг өвдсөн хойно нь гадаадад эмчлүүлэх биш угтуулаад эмчилдэг байхыг чухалчлах зорилт тавьсан Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын жижиг дунд үйлдвэрийн тэр тусмаа биотехнологи, эмийн үйлдвэрлэлтээр улсдаа тэргүүлж байгаа Инчон хотын “Селлтрион” эмийн үйлдвэртэй мөн танилцлаа. Тус компани нь Азийн бүс нутагт дэлхийн түвшний биоэм зүйн зорилгоор  2002 онд байгуулагдсан ч энэ богино  хугацаанд хөрөнгө оруулалт хийгдэж, хамт олноо бүрдүүлж, техник тоног төхөөрөмжөөр хангагдсан  биоэм зүйн бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрлэх суурь технологи бүхий компани болон өргөжиж чаджээ.

    Тус компани нь бүтээгдэхүүнээ АНУ, Европ зэрэг дэлхийн томоохон зах зээлд борлуулах сүлжээг бий болгосон төдийгүй олон  үндэсний хийгээд гадаадын  эмийн болон био технологийн компаниудтай стратегийн түншлэлийн холбоог энэ богино хугацаанд сайжруулж чадсан байна. Монгол Солонгос  хоёр улс эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүрээнд туршлага солилцоход бэлэн байгаагаа тус  компанийн удирдлагууд энэ  үеэр илэрхийлж байлаа. Тус компанийн үйлдвэртэй танилцах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд, Тендерийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, энэ мэт дэлхийд брэнд болсон үйлдвэрүүдтэй гэрээ хийж, чанар сайтай эмийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд шууд авдаг болох асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг  Эрүүл мэндийн сайд С.Ламбаад үүрэг болголоо.

    Манай улс дотоодын эмийн хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гаднаас авдаг,  ингэхдээ   ард иргэдийнхээ физиологид тохирсон эмийн чанарын шаардлага сайн хангахуйц эмийн бүтээгдэхүүн оруулж ирж чадахгүй байгаа талаар салбарын сайд ярьж байлаа. Тэрбээр мөн монгол  солонгос хүмүүс бие физиологи талаараа тун адилхан байдаг нь шинжлэх ухааанаар  нотлогдсон, тиймээс  манай улс Солонгосоос эм, эмийн бүтээгдэхүүн авдаг болох нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр талууд эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, үүнтэй холбогдуулан харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.

    Энэ хүрээнд тус улсын эрүүл мэндийн  шинжлэх ухааны ололтыг манай улсад нэвтрүүлэх болон Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад Үндэсний оношлогооны төв барих асуудал хөндөгдсөн бөгөөд ийм  төвийг Хоёрдугаар эмнэлгийн хашаанд барихаар болоод байгаа талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа. Ингэснээр бүх төрлийн оношлогоог  эх орондоо хийх боломж бүрдэж гадаад руу чиглэсэн мөнгөний их урсгал дотооддоо шингэх  төдийгүй ард иргэдийн амьдрал ахуйд ч ихээхэн тустай хэмээн үзэж буй юм

  • Оюутны хотхоны ТЭЗҮ-г солонгосчууд хийнэ

    БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд өчигдөр буюу энэ гуравдугаар сарын 25-нд Инчоны их сургуулийн оюутны хотхонтой танилцлаа. Их дээд сургуулийг оюутны хотхоны чиглэлээр хөгжүүлэх асуудлаар дэлхийд жишиг болсон БНСУ 1980-аад оноос оюутны хотхон байгуулж эхэлсэн бөгөөд  ийм хотхонтой болж “өрх тусгаарласан” сургуулийн сургалтын чанар  эрс сайжирч байсан тул улсын нэр хүнд бүхий сургуулиуд бүгд ийм оюутны хотхонтой болох жишиг тогтож эхэлжээ.

    Эх орныхоо нийслэл Улаанбаатар хотын захын гэж болох Налайх дүүргийн Шивээтийн хөндийд Оюутны хотхон байгуулахаар тууштай ажиллаж буй Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд болон БСШУЯ-ны удирдлагууд тус улсад өнөөгийн байдлаар хамгийн отгон нь гэж болох Инчоны их сургуулийн оюутны хотхонтой танилцаж, хэрхэн өргөтгөл хийж байгаа туршлагаас нь сонслоо. Тус хотхон нь хоёр жилийн өмнө байгуулагдсан,  таван давхар бүхий 25 барилгатай, үүний долоод нь цэвэр сургалтын үйл ажиллагаа явагддаг. Бусдад сургуулийн удирдах газар, спортын ордон, оюутны байр, эмнэлэг,  сургалтын  төв зэрэг оюутнуудад үйлчлэх үйлчилгээний газруудаас гадна шинжлэх ухааны хүрээлэнгүүд байдаг байна.

    БНСУ нь боловсролын байгууллагуудад  харьцангуй хямд зардлаар  газар олгодог бөгөөд Инчоны их сургууль хотынхоо төвд байсан сургуулийн байр, газраа зараад Инчон хотоос 100 орчим км зайд, шинээр газар авч ийм хотхон байгуулжээ. Тус хотхон  10 мянган оюутан хүлээн авч,  мэргэжил эзэмшүүлэх чадалтай талаар тус сургуулийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон албаны хүмүүст танилцууллаа. Манай улсаас 40 гаруй оюутан  тус  хотхонд байрлаж мэргэжил эзэмшихээр сурч  буй бөгөөд тэдний төлөөлөл энэ өдөр улсынхаа  Ерөнхий сайдтай уулзаж Монголд ийм оюутны хотхон байгуулах ажлын эхлэл тавигдсанд баяртай байгаагаа илэрхийллээ.

    БНСУ-д дэд бүтэц сайн хөгжсөн,  иргэдийнх нь амьжиргааны түвшин харьцангуй сайн учир тус хотхонд багш нарын байр гэж байдаггүй, харин хотхоноос холгүй байх хорооллуудад  амьдрах, тэндээс ажилдаа ирж байх шаардлагыг  багш нартаа тавьдаг байна. Манай улсад шинээр  баригдах оюутны хотхон  үүнээс арай өөр, өөрөөр хэлбэл, хотхоныхоо 300 га газраас 40 га орчмыг нь тусгаарлаж, тэнд багш нарын орон сууцны барилга барихаар төлөвлөснөө Засгийн газрын гишүүн,  БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр  мэдээллээ. Тэрбээр мөн Шивээтийн хөндийд баригдах  оюутны хотхоны номын сангийн барилгын техник эдийн засгийн үндэслэлийг Солонгосын тал хийж байгаа, хэрэв тэдэнд таатай боломж олдвол номын сангийн барилгыг тус улсын буцалтгүй тусламжийн хүрээнд  барьж өгөх асуудал Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын үеэр хөндөгдлөө.

    Энэ дашрамд дуулгахад, 2010 оны зургадугаар сард манай улсад  айлчилсан БНХАУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр  тус улсаас  олгохоор болсон 270 гаруй сая юанийн буцалтгүй тусламжийг Оюутны хотхоны дэд бүтцийн асуудалд зарцуулахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Үүнээс гадна Улаанбаатар Налайх дүүргийг холбосон хурдны замын ажил энэ 2011 онд эхлэх бөгөөд ийм зам баригдсанаар Улаанбаатар Налайх дүүргийн хооронд автомашинаар явахад  ердөө 15 минут зарцуулдаг болно гэдгийг салбарын сайд хэллээ

  • БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна гэдгээ хэллээ

    БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна гэдгээ хэллээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт 3 дугаар сарын 25-ны өдөр бараалхлаа. Цаг гарган хүлээн авч байгаад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлээд  БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар хийж буй албан ёсны айлчлал амжилттай болж байна гэв. Дипломат харилцаа тогтоосон 20 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлээд Монгол, Солонгосын харилцаа шинэ шатанд гарах боломж бүрдсэн гэдгийг тэмдэглэлээ.

    БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тусгасан дунд хугацааны хөтөлбөрийг ойрын ирээдүйд байгуулж ажиллахаар тохирсон, хоёр орны харилцаа, хоёр биенээ нөхсөн хамтын ажиллагаа болж өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлэв. Солонгосын томоохон компаниуд манай улсын бүтээн байгуулалтад оролцохыг дэмжиж байгаа, БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжих зорилгоор эрүүл мэнд, агаарын бохирдлыг арилгах болон бусад төсөлд урт хугацааны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаа  нэмэгдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ иргэд харилцан зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх хүсэлт тавьсан гэдгээ онцоллоо.

    БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн саналыг зүйтэй гэж үзэж байгаагаа хэлээд асуудалд анхааралтай хандаж туслах болно гэлээ. Солонгосын томоохон компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулалт хийх нь ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой. Сөүл хотын даргын хувиар 2005 онд Монголд айлчилж байсан. Энэ онд заавал очно гэж төлөвлөж байгаа гэж хэллээ.

  • Хэвлэлийн хамтарсан мэдээ гаргалаа

    Хэвлэлийн хамтарсан мэдээ гаргалаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Хван Шиг-ийн урилгаар 2011 оны 3 дугаар сарын 23-26-нд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр үдээс хойш Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шиг нар ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.БНСУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь харилцан сонирхсон асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо. Үүний мөрөөр хэвлэлийн хамтарсан мэдээ гаргав.

    Тус хамтарсан мэдээг бүрэн эхээр нь хүргэж байна. Талууд МонголУлс, БНСУ-ын харилцаа “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааныТүншлэл”-ийн зарчимд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид харилцааны зарчмыг шинэ шатанд гарган хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

    Энэ хүрээнд хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тусгасан “Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулж ажиллахаар тохиров. Монголын тал шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж, Солонгосын ард түмний дэмжлэг чухал хувь нэмэр оруулж ирснийг Монголын ард түмэн, Засгийн газар өндөр үнэлж, талархаж байгааг илэрхийлэв. Солонгосын тал Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжих зорилгоор, эрүүл мэнд, агаарын бохирдлыг арилгах болон бусад төсөлдурт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох зэргээр зээл, буцалтгүй тусламжаа нэмэгдүүлэхээ илэрхийлэв.  Хоёр орны харилцааны зарчмыг шат ахиулах зорилтын хүрээнд дараахчиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр талууд санал нэгдэв.

    Үүнд :

    Дээд, өндөр түвшний  яриа хэлэлцээг идэвхжүүлэх чиглэлээр : Хоёр орны хооронд өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн дээд, өндөр түвшний  айлчлал нь харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг Талууд тэмдэглэж, цаашид дээд, өндөр  түвшний харилцан айлчлал болон улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг тогтмолжуулахаар тохиров. 

    Эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх  чиглэлээр : Талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх үлэмж нөөц боломж байгааг санал нэгтэй тэмдэглэж, эрдэс баялаг, хүнд аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц, барилга, далайн тээвэр, усан боомт, ХАА, боловсрол, байгаль орчны салбарт хамтран ажиллахаар тохиров.  Мөн Талууд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх урт хугацааны зорилтын хүрээнд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж ажиллахаар болов. 

    Монголын тал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрыг ашиглах, түүнийг тойрсон дэд бүтцийн бүтээн байгуулалтад солонгосын томоохон хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Талууд Монголын эрдэс баялгийг далайгаар тээвэрлэх тулд далай тээвэр, ложистикийн салбарт хамтран ажиллахаар тохиров. Талууд иргэд харилцан зорчих явдлыг хөнгөвчлөх зорилгоор нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиров. Монголын тал түлш, хар төмөрлөг, зэс хайлуулах үйлдвэрлэлийн чиглэлээр БНСУ-аас технологи, хөрөнгө оруулалт оруулах явдлыг дэмжихээ илэрхийлэв.Солонгосын тал уг хүсэлтийг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

    Талууд Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, үүнтэй холбогдуулан харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллахаар тохиров. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол Улсад эрчимтэй явагдаж байгаа цөлжилт, хуурайшилтын үр уршиг  хөрш зэргэлдээ төдийгүй далайн чанад дахь улс орнуудад ч нөлөөлж байгааг онцолж, БНСУ-ын Ерөнхийлөгчийн “Ногоон хөгжил” санаачилгыг монголын тал талархан дэмжиж буйгаа илэрхийлэв.

    Талууд “Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэн”-гийн үйл ажиллагааны  хүрээнд хамтран төсөл хэрэгжүүлэх, мөн ойжуулалт, байгалийн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. Соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр, Хоёр орны харилцааны зарчмыгшат ахиулах, ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд соёл, боловсролын харилцаа, хүн солилцоог цаашид  өргөжүүлэх  шаардлагатай гэдэгт талууд санал нэгдэв.

    Энэ хүрээнд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэж зохион байгуулж буй “Монгол дахь Солонгосын жил”, “Солонгос дахь Монголын жил” -ийн арга хэмжээ чухал ач холбогдолтой болохыг талууд онцлов. Монголын тал БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцагч монгол оюутны тоог нэмэгдүүлэх,иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн асуудлуудыг нааштай судалж үзэхийг хүсэв. Эдгээр асуудалд БНСУ-ын Засгийн газар анхааралтай хандаж,  судалж үзэхээ илэрхийлэв.

    Олон улсын талбар дахьхамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр : Талууд Японд газар хөдлөлт, цунамын гамшиг тохиолдож олон хүний амь эрсдэж, эд материалын асар их хохирол учирсанд Японы ард түмэн, Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлэв. Талууд байгалийн гамшгийн үр уршгийг арилгах,   сэргээн босгох японы талын хүчин чармайлтад дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдэв. Талууд Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийн төлөө байгаагаа дахин нотолж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө БНАСАУ бодитой эвлэрэл, хамтын ажиллагааны байр сууриа илэрхийлэх ёстой гэдэгт санал нэгдэв.

    Талууд БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж, цаашид 6 талт хэлэлцээгээр дамжуулан Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой ахиц гаргах шаардлагатай урьдчилсан  нөхцлийг бүрдүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв.Монгол Улс Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулага (АPЕC)-д элсэх мөн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (APTA)-д нэгдэн орох асуудлыг солонгосын тал нааштай судлан ажиллахаа илэрхийлэв. Мөн монголын тал Зүүн Азийн дээд түвшний уулзалт (East Asia Summit)-д оролцох сонирхолоо илэрхийлэв.

    Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж ажиллах болсонд солонгосын тал баяр хүргэж, энэ хүрээнд Монгол Улстай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.Талууд айлчлалын үеэр

        “Барилга, тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын Газар, тээвэр, далайн тээврийн хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
        “Хөдөлмөр эрхлэх  тогтолцооны дагуу ажиллах хүч илгээх тухай Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
        “Нүүрсийг байгальд ээлтэй аргаар олборлох технологи нэвтрүүлэх, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүч, эрдэс баялгийн  яам,  БНСУ-ын Мэдлэгийн эдийн засгийн яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”
        “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон Анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
        “Монгол Улсад мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар болон Дэлхийн технологийн паркуудын холбоо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
        “Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрчим хүчний судалгааны хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
        “Яармаг орчмын шинэ орон сууцны хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг барих төсөлд БНСУ-ын КОЙКА байгууллагаас буцалтгүй тусламж олгох тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулж, үүгээр дамжуулан холбогдох салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиров.

    Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шиг-ийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж, Солонгосын тал урилгыг талархан хүлээж авав.

  • Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай боллоо

    Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай боллоо Монгол, Солонгос хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээнд Монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нарын албаны хүн оролцлоо. Хэлэлцээний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбар, бүс нутаг олон улсын тавцанд хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд харилцааны зарчмаа цаашид шинэ шатанд гаргах, том зорилт дэвшүүлж түүнд хүрэхийн тулд  цогц арга хэмжээнүүд авахын чухлыг хэллээ.

    Иргэд харилцан чөлөөтэй зорчих, бараа бүтээгдэхүүн чөлөөтэй урсдаг байх нөхцөлийг бий болгох шаардлага хоёр улсын өмнө зүй ёсоор тавигдаж байна. Ингэхийн тулд дэс дараатай арга хэмжээ авч иргэдийг ойрын үед визээс чөлөөлөх саналтай байна. Гадаад  харилцааны сайд  байхдаа миний бие визний хугацааг 90 хоног болгож сунгах шийдвэр гаргасан нь өнөөдөр үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна. Визний хугацаа хэтэрдэг зөрчил эрс цөөрсөн гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд холимог гэр бүлийн гишүүдийн эцэг эх, үр хүүхэд ийм нөхцөл эдэлж чадахгүй байгаа тул нийтлэг  журамд хамруулахыг хүсэв. Нөгөөтэйгүүр 2011 оноос эхлэн Солонгосын монголч эрдэмтдэд манай улсад олон удаагийн визээр зорчих эрхийг Монгол Улсын Засгийн газар олгосон гэдгийг онцоллоо.  

    Солонгост ажиллаж байгаа гэрээт  ажилчдыг мэргэжлийн сургалтад хамруулах, дадлага эзэмшсэн хүмүүст мэргэжлийн үнэмлэх олгох, ажилчдыг мэргэжлийн баримжаа олгох богино хугацааны сургалтад монголчуудыг илүүтэй хамруулахыг Ерөнхий сайд С.Батболд Солонгосын талд тавьлаа. Засгийн газрын тэргүүний энэ хүсэлтэд БНСУ-ын Ерөнхий сайд хариулт өгөхдөө “Энэ чиглэлээр нааштай шийдвэрүүд гарч өнгөрсөн оны сүүлчээс Солонгост гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй хүмүүст мэргэжлийн үнэмлэх олгож эхэлсэн төдийгүй гэрээгээр ажиллаж байгаа бүх хүнд мэргэжлийн үнэмлэх олгохоор холбогдох албаны хүмүүстээ үүрэг өгөөд байгаа” гэлээ.

    Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах суралцагчдын тоог Монгол Улсад шаардлагатай байгаа эрчим хүч, геологи, боловсруулах үйлдвэрлэл, анагаах ухаан,  инженер, газар тариалан зэрэг нарийн мэргэжлээр түлхүү сургах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Хүний хөгжлийг дэмжих бодлого баримталж, түүнийгээ хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа Ерөнхий сайд С.Батболд энэ хэлэлцээний үеэр Монгол Улсад Оношлогооны төв барихад Солонгосын талаас тусламж хүссэнээ хэлээд нааштай арга хэмжээ авч буйд талархаж байна гэв. Энэ төв нь  хоёр  орны хөгжлийн хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон хэллээ.

    БНСУ-ын Засгийн газрын  буцалтгүй тусламжийг авах тэргүүлэх ач холбогдолтой улсын тоонд манай улсыг багтааж, Зүүн Азийн цаг уурын түншлэлийн хөтөлбөрт Стратегийн гол түнш орноор орох болсон, 2011, 2013 үзүүлэх буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд Ерөнхий сайд С.Батболд талархлаа илэрхийллээ. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрыг ашиглах, түүнийг тойрсон дэд бүтцийн бүтээн байгуулалтад Солонгосын томоохон  хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд энэ тендер нь тодорхой шалгуурт нийцсэн байх учиртайг онцлов.

    Сүүлийн жилүүдэд агаарын тээврээр үйлчлүүлдэг монгол, солонгос зорчигчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор онгоцны нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх саналтай байгаагаа Монгол Улсын Засгийн газрын  тэргүүнд уламжиллаа. Ийнхүү хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай болж, БНСУ, Монгол Улсын харилцаа хамтын ажиллагаа бүс нутаг болон олон улсын тавцан дахь харилцан сонирхсон асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо. Үүний мөрөөр хэвлэлийн хамтарсан мэдээ гаргасан билээ. 

  • Солонгост ажиллаж буй монгол иргэд тус улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг БНСУ-ын Ерөнхий сайд онцлолоо

    Монгол Улсын Ерөнхий сайд  С.Батболд  БНСУ-ын  Ерөнхий сайд Ким Хван Шиг нарын ганцаарчилсан уулзалт 3 дугаар сарын 24-ний үдээс хойш тус улсын Засгийн газрын ордонд болов. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 21 жил, Солонгос дахь Монголын жилийн нээлтийн арга хэмжээтэй  Ерөнхий сайд С.Батболдын айлчлал давхцаж байгаад хоёр тал өндөр ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ. Эх орондоо найрсгаар  хүлээн авч байгаад нь Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлээд манай хоёр орон  эртний түүх, соёлын харилцаатай,  өнгөрсөн 20 жилд БНСУ нь манай гадаад худалдааны 4 дэх том түнш бөгөөд оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ гуравт орж байгаа бөгөөд бүх салбарт харилцаа өргөжих бүрэн боломж байна гэлээ.

    Түүнчлэн сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсын шилжилтийн үеийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж, Солонгосын ард түмний дэмжлэг чухал хувь нэмэр оруулж ирснийг Монголын ард түмэн, Засгийн газар өндөр үнэлж, талархаж байдаг гэв. Солонгосын Засгийн газрын тэргүүн хариу талархал илэрхийлээд хоёр  орны харилцааг шинэ шатанд гаргах, урагш ахиулах ёстой гэсэн Ерөнхий сайд С.Батболдын саналыг дэмжиж байгаагаа хэллээ.

    Ингэхдээ манай хоёр орон дипломат харилцаа тогтоосон эхний жилүүдэд жилд 2 сая гаруй ам.доллар байсан хоёр улсын худалдааны эргэлт өдгөө 230 сая долларт хүрч, 85 дахин өссөн гэсэн үзүүлэлтийг онцоллоо. Энэ бол хоёр улсын харилцаа шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэний жишээ гэдгийг тэрбээр тэмдэглэсэн. Энэхүү шат ахиулах хэлэлцээг төрийн өндөр, дээд түвшний айлчлалын үеэр идэвхжүүлэхийг ноён Ерөнхий сайд Ким Хван Шиг  санал болголоо. Ерөнхий сайд Ким Хван Шиг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд “Эрхэм Ерөнхий сайд таны Засгийн газрын тэргүүний хувиар хийж буй анхны албан ёсны энэ айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагш ахиулсан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

    Уламжлал, сэтгэлгээний нийтлэг тал олон байдаг гэхчлэн энгийн, халуун  дулаан уур амьсгалд болсон уулзалтын үеэр БНСУ-ын Засгийн газрын тэргүүн, тус улсад ажил эрхэлж байгаа монголчууд Солонгосын эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг гэдгийг тэмдэглэлээ. Ингэхдээ Солонгосын ард түмэн монголчуудыг ах дүүс шигээ дотно санадаг хэмээлээ. Манай Засгийн газар Солонгост сурч ажиллаж, амьдарч буй  монгол иргэдийн асуудалд ихээхэн анхаарал тавьсаар ирсэн, хойшид ч анхаарсаар байх болно гэж  Ерөнхий сайд С.Батболдын монгол иргэдийн асуудалд нааштай хандах хүсэлтийн хариу болгон хэллээ. Ерөнхий сайд нар уулзалтын үеэр албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, уламжлалт харилцааг шинэ  шатанд гаргах үр  дүнтэй  яриа хэлэлцээрүүд хийгдэнэ гэдэгт санал нэгдэж байлаа

  • Монгол Солонгосын бизнесийн уулзалт яриа хэлэлцээрийг тогтмолжуулахад Засгийн газар түлхүү анхаарна гэлээ

    Монгол Солонгосын бизнесийн уулзалт яриа хэлэлцээрийг тогтмолжуулахад Засгийн газар түлхүү анхаарна гэлээ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд энэ сарын 24-нд Монгол Солонгосын бизнес эрхлэгчдийн форумд хэлсэн үгийнхээ эхэнд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 20 жилийн хугацаанд  бидний харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт эрчимтэй хөгжиж өнөөгийн түвшинд хүрсэн нь манай хоёр орон газар нутгийн хувьд холгүй, нэг бүс нутагт оршиж байгаагаас гадна уламжлал, сэтгэлгээний нийтлэг тал олон байдагтай холбоотой гэлээ. Манай улсын гадаад худалдааны 4 дэх том түнш бөгөөд оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ гуравт орж байна гэдгийг мөн хэллээ.

    Хөрөнгө оруулагчдыг татах, бизнес эрхлэгчдийг дэмжих, Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар шинэ мэдээлэл өгөх зорилго бүхий энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монгол Солонгосын бизнес эрхлэгчдэд хандан Засгийн газрын тэргүүн хэлэхдээ Монгол Улс бүс нутагтаа төдийгүй олон улсын хэмжээнд эдийн засгийн өсөлтийн хурд, нөөц боломжоороо танигдаж эхэллээ гэдгийг тэмдэглэлээ. Стратегийн орд газруудыг ашиглаж эхэлснээр 2011-2015 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар 15 хувиас доошгүй өсөх төлөвтэй байгаа гэсэн мэдээллийг Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдад мөн өгөөд эрдэс, баялаг уул уурхайн хамтын ажиллагаа нь хоёр орны хамтын ажиллагааны чухал чиглэлийн нэг.

    БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалт, дэвшилтэд  технологийг Засгийн газар дэмжиж хамтран ажиллах болно гэлээ. Ингэхдээ Монгол Улс нэмүү өртөг шинэгэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх  зорилт  тавьж байгаа талаар онцлоод хамтын ажиллагааг уул уурхай,  эрдэс баялаг,  аж үйлдвэрээс гадна хөдөө, аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт нэмэгдүүлэх боломж байгааг хэллээ. Тиймээс 40 гаруй сая  мал сүрэг,  онгон байгальтай Монгол Улс энэ  их нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгийнхаа  чадавхийг нэмэгдүүлэн, хүн  амынхаа амьжиргааг сайжруулах зорилт дэвшүүлснээ тодотголоо.

    Солонгосын хувийн хэвшлийнхэнтэй технологи, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах ихээхэн боломж байна гэж Засгийн газар  үзэж байна. БНСУ-ын туршлагад түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэр, технологийн парк байгуулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Солонгосын шинжлэх ухаан,  технологийн судалгааг нэвтрүүлэхэд түлхүү анхаарна гэдгээ Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ. Хоёр орны хоорондын харилцааг эдийн засгийн бодитой, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар бэхжүүлэх талаар мөн анхаарч бизнесийн ажил хэрэгч хүмүүсийн уулзалт, яриа хэлэлцээг тогтмолжуулах, хамрах хүрээг өргөжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх, хамгийн гол нь өөрийн бизнесийн орчин нөхцөлийг сайжруулах бүхий л арга хэмжээг авч ажиллах болно гэдгээ Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Солонгосын бизнесмэнүүдийн оролцоо, хамтын ажиллагаа, хүчин зүтгэл чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцоллоо

  • Эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгчдийн цогцолборт цэцэг өргөлөө

    Эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгчдийн цогцолборт цэцэг өргөлөө БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар тус улсад  албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий айд С.Батболдын айлчлалын албан ёсны арга хэмжээ өнөөдөр эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгчдийн цогцолборт цэцэг өргөснөөр эхэллээ. Солонгосын дайнд амь үрэгдсэн цэрэг офицеруудыг оршуулж анх ийм Төрийн оршуулгын газар байгууулсан  бөгөөд тус улсад айлчилж буй гадаадын төр засгийн дээд болон өндөр хэмжээний зочин төлөөлөгчид  хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөдөг уламжлалтай юм байна.

    Хоёр орны хооронд  дипломат харилцаа тогтоосны 21жил,“Солонгос дахь Монголын жилийн нээлт”-ийн арга хэмжээ тохиож байгаа зэрэг онцлох үйл явдал олонтой Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалд Солонгосын тал ихээхэн ач холбогдол өгч байна. Монголын Засгийн газрын тэргүүн Сүхбаатарын Батболд Ерөнхий сайдын хувиар тус улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд 2009 оны дөрөвдүгээр сард Гадаад харилцааны сайдын хувиар  ажлын айлчлал хийж байжээ.

  • Ерөнхий сайдын айлчлал Солонгос дахь монгол иргэдтэйгээ уулзсанаар эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд  БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар тус улсад  албан ёсны айлчлал хийхээр  3сарын  23-нд Сөүл хотноо ирлээ. Ерөнхий сайд С.Батболдыг Сөүл хотын Сөннам нисэх онгоцны буудалд  буухад хүндэт харуул жагсч хоёр орны Төрийн дуулал эгшиглэж  албан ёсоор угтлаа. Манай улсын 134 мянган иргэн гадаад улс оронд ажиллаж, сурч амьдарч байгаагаас хамгийн олон буюу 30 гаруй мянга нь Солонгост амьдардаг гэсэн статистик бий.

    Тиймээс ч Монгол Улсын Ерөнхий сайд тус улсад ирсэн даруйдаа Солонгосторшин суугаа монгол иргэдтэйгээ уулзахыг чухалчиллаа. Уулзалтад тус улсад амьдарч байгаа монгол иргэдийг төлөөлж, 200 гаруй хүн ирсэн бөгөөд  энэхүү уулзалт Ерөнхий сайдын Солонгос дахь анхны арга хэмжээ байлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын үеэр гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн дөрөвний нэг нь БНСУ-д байгаа учраас 30 гаруй мянган иргэний асуудал Монголын төр засаг, олон нийтийн анхаарлын төвд байдаг. Солонгосын төр, засгийн зүгээс ч манай иргэдийн асуудалд анхааралтай хандаж ирсэн.

    Солонгост амьдарч буй иргэддээ манай Засгийн газар онцгойлон анхаарал тавьж, визийн нөхцөлийг илүү таатай болгох, Солонгост визгүй зорчих боломжийн талаар судалж ажил хэрэг болгохоор шат шатанд яриа хэлэлцээ хийж байгаа талаар мэдээллээ.Түүнчлэн энд ажиллаж байгаа Монгол иргэдэд нарийн мэргэжлийн үнэмлэх олгох талаар хоёр улсын Засгийн газрын түвшинд асуудал хөндөж тавьсан, холбогдох албаныхан энэ чиглэлээр ажиллаж байгаа гэдгийг ч Засгийн газрын тэргүүн дуулгалаа.

    Монгол Улсад маань хүүхдийн болон төрөх эмнэлэг хүрэлцээгүй байна, иргэддээ олгож байгаа эх орны хувь, хишгийг гадаадад амьдарч байгаа монголчууд хэрхэн хүртэх вэ зэрэг асуултыг иргэд Ерөнхий сайдад тавьж, Улаанбаатарын  утаанд сэтгэл зовж байгаагаа ч хэлж байлаа. Иргэдийн тавьж байгаа асуудлууд хамтарсан Засгийн газрын анхаарлын төвд байгаа гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлээд  өнгөрсөн нэгдүгээр сард Кувейт улсад айлчлах үеэрээ 150 ортой хүүхдийн эмнэлэг барих талаар тохиролцсон энэ ажил одоо хэрэгжих явцдаа орсон. Өнгөрсөн жил Засгийн газраас яаралтай хөрөнгө гаргаж, Нэгдүгээр амаржих газарт иж бүрэн засвар хийсэн, одоо өргөтгөлийн ажил ид хийгдэж байна.

    Үүнээс гадна хоёр, гуравдугаар амаржих газрын өргөтгөл, дөрөвдүгээр амаржих газрын барилгын хөрөнгийн асуудал энэ  жилийн төсөвт тусгагдаад  байгаа гэлээ. Мөн Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдээ орон сууцны хөтөлбөрт хамруулах зорилгоор зээлийн хүүг 6 хувь болгохоор шийдээд байна. Энэ арга хэмжээ нэг талаас иргэдээ орон сууцтай болгох нөгөө талаас утааны асуудлыг давхар шийдэх зорилго агуулж байгаа гэж Засгийг газрын тэргүүн хэллээ. Энэ бүх мэдээллийг манай иргэд Засгийн газрын www.open-government.mn сайтаас авах боломжтой гэдгийг мөн мэдээлэв.

    Тэрбээр иргэдээ  гадаадад ажиллаж, амьдрах биш  гадаад руу гарсан энэ урсгалыг  дотооддоо шингээх, эх  орондоо хүний дайтай амьдрах боломжийг  олгохын төлөө  Засгийн газар ажиллаж байгаа гэдгийг тэмдэглэлээ. Ингэхдээ өнгөрсөн жил уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж буй Өмнөговь зэрэг аймагт очсон. Тэнд өндөр боловсрол, нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд шаардлагатай байгаа талаар тэрбээр хэлээд ийм төслүүдэд ажиллаж байгаа ажилчдын дундаж цалин 800 мянгаас сая гаруй төгрөг байна. Солонгост хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүст энд ажиллаж буй ажлынх нь чиглэлээр мэргэжлийн  үнэмлэх олгох асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаа байгаа бөгөөд  шийдэгдэх шатандаа явж байгаа гэдгийг онцлолоо.

    Ерөнхий сайдын монгол иргэдтэйгээ хийсэн уулзалтын үеэр Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажлын  нээлт  боллоо. Төлөөлөл болгож тус улсад сурч буй нэгэн иргэн бүртгүүлж, бүртгэлд хамрагдсан гадаад дахь анхны иргэн болж Ерөнхий сайд С.Батболдоос  батламжаа гардлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү уулзалтын үеэр иргэддээ  хандаж, Монгол Улсын Засгийн газраас эх орондоо болон хилийн чанадад амьдарч байгааг үл харгалзан иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд адил тэгш бүрэн хамруулж, Монгол Улсын Хүний хөгжлийн сангаас олгож буй хувь хишиг, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг тус бүртгэлд хамрагдсан  иргэдэд нэрийн данс нээж эзэмшүүлэхтэй холбоотойгоор иргэний шинэчилсэн бүртгэлийг гадаадад зохион  байгуулж байгаа гээд энэ бүртгэлд иргэн бүр идэвхтэй оролцох учиртайг хэллээ. 

    Ингэснээр иргэдэд мэдээ, мэдээлэл, лавлагааг чирэгдүүлэхгүйгээр олгох,  цаг завыг нь хэмнэх зэрэг давуу талтайгаас гадна төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох шуурхай нөхцөлийг бүрдүүлэх, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэх, иргэний бүртгэлийн давхардал арилгах, цаашид бүртгэлийг төгөлдөршид чухал алхам болох ач холбогдолтой гэдгийг Улсын  бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар Солонгост амьдарч буй монгол иргэдэд иргэний шинэчилсэн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөхдөө хэлсэн юм.

    Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажил ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд монгол  иргэд тухайн улс  дахь Консулын газраа өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийж буй албан  ёсны айлчлал өнөөдөр эхлэх бөгөөд хоёр улсын Ерөнхий сайд  оролцсон санамж бичиг, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээнүүд болж байна