
Blog
-
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд гурван тал хамтран ажиллахаар боллоо
Байгалийн баялгийг эзэмших, ашиглахтай холбоотой аливаа үл ойлголцол, зөрчил, маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, эдгээрийг хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх үндэсний тогтолцоог бий болгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хүний үндсэн эрхийг баталгаатай хангах, ил тод, хариуцлагатай, харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжихэд бусад орны туршлагыг судлах, чадавхийг бий болгох зорилго бүхий Хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Уг гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж Иргэдийн Альяанс төвийн захирал Ж.Занаа, Байгалийн баялаг ашиглах чиглэлийн бизнес эрхлэгчдийг төлөөлж Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар гарын үсэг зурлаа. Сүүлийн жилүүдэд манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон гэж хэлж болохуйц өөрчлөлт гарч байгаа боловч үр ашиггүй маргаан, мэтгэлцээнээс үүдэлтэй маш олон саад бэрхшээл хөгжлийг сааруулж, шийдлээ хүлээсэн асуудлууд хуримтлагдсаар байгаа билээ.
Дэлхийн олон оронд бидэнтэй адил саад бэрхшээл тулгарч байсан бөгөөд түүнийг шийдвэрлэсэн сайн туршлага, ололт амжилт ч бас байна. Бусдын сайн туршлага, ололт амжилтад тулгуурлан энэ зүй бус үйлдлийг таслан зогсоож, ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ажил хэрэгч байдлыг хангах нэг алхам бол энэхүү хамтын ажиллагаа юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хамтын ажиллагааны гурван талт гэрээнд талууд гарын үсэг зурсны дараа хэллээ. Мөн уг гэрээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах Үндэсний хороо ажиллана.
Үндэсний хороо нь талуудын тэнцүү төлөөллөөс бүрдэнэ. Харин Засгийн газрын тэргүүний хувьд гэрээний хэрэгжилтэд онцгой анхаарна гэдгээ Ерөнхий сайд онцлоод Хамтын ажиллагааны гурван талт гэрээг санаачилсан иргэний нийгмийн байгууллагууд болон байгалийн баялаг ашиглах чиглэлийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдөд талархаж байгаагаа илэрхийллээ. Иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж, хатагтай Ж.Занаа хэлэхдээ сүүлийн арваад жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллагууд нийтийн болон төрийн өмчтэй холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага тавьж ирсэн. Энэ шаардлага өнөөдөр биеллээ олж байна.
Ингэснээр 21 аймаг 320 суманд байгаа иргэний нийгмийн байгууллага, төр,бизнес эрхлэгчид хамтран ажиллах баталгаа болно гэж үзэж байна. Бүгдээрээ хамтраад асуудлаа яаж шийдэж чаддаг вэ гэдгийг үлгэр жишээ харуулахын төлөө, үлбэгэр үхээнц хамтын ажиллагаа болсон гэж хэлүүлэхгүйн төлөө тууштай хичээн ажиллах болно гэдгээ амлаад хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тус гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, хамтран ажиллахыг хүслээ.
Энэхүү гэрээг байгуулснаар байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, тэгш хүртэх, хуулийн хүрээнд тууштай, санаачилгатай, бүтээлчээр хамтран ажиллаж, бие биендээ харилцан хүндэтгэлтэй хандах нийгмийн зөвшилцлийг бий болгож, улс орныхоо хөгжил дэвшлийг түргэсгэхэд чухал ач холбогдолтой гэж Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд болон байгалийн баялаг ашиглах чиглэлийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид үзэж байна
-
Монгол улсын Ерөнхий сайдын илгээлт
Наурызын баяраа тэмдэглэж буй казах зон олондоо
Казах түмний эрхэм хүндэт аксакалууд, настан буурлууд, хүүхэд, залуучууддаа, нийт казах иргэддээ Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголын бүх иргэдийн нэгэн адил эрх тэгш байдал, адил боломжоор хангагдсан манай орны казах түмэн маань өвлийг өнтэй давж, урин хаврыг угтан золгож, амжилт бүтээл дүүрэн, ажил үйлс арвин, зорилго тэмүүлэл өрнүүн Наурызын баяраа угтан тэмдэглэж буйд сэтгэл хангалуун байна.
Хаан суудлын өдөр хэмээн бэлэгшээж, өдөр шөнө тэнцэж, урин цаг наашилж, ургамал төлжих цагийг угтан золгодог Наурызын баяр бол манай казах түмний шашин соёл, уламжлал, ёс заншил, ураг төрлийн өргөн дэлгэр баяр билээ. Баярын энэ өдөр айл гэр, аймаг хотлоороо настан буурлууддаа хүндэтгэл үзүүлж, залуустаа сургаал элбэрлээ хайрлаж, улиран одож буй оныхоо амжилт бүтээлээр бахархан, алдаа оноог шүүн тунгааж, ирэх жилийнхээ өнгийг шинжиж, өөдрөг бүхнийг бэлгэдэн ерөөдөг сайхан уламжлал манай казах түмэнд бий.
Өнгөрсөн жил миний бие Та бүхэнтэйгээ уулзан ярилцаж явахдаа уламжлал заншлаа дээдэлдэг, удам хойчоо сурган хүмүүжүүлдэг, ажил хөдөлмөрийг эрхэмлэдэг, нутаг усаа хамгаалан шүтдэг, улс орноо хөгжүүлэхийг эрмэлздэг сайхан сэтгэл, хүсэл мөрөөдлийг тань мэдэрснээ баярын энэ өдөр эргэн дурсахад таатай байна. Улиран одож буй онд казах түмэн маань Баян-Өлгий аймгийнхаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг урьд оныхоос үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэнд таатай байна. Манай орны казах иргэд зонхилон амьдардаг Баян-Өлгий аймаг түүхт 70 жилийнхээ ойн босгон дээр “Аймгийн эдийн засаг, соёл, нийгмийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г боловсруулан баталсан.
Энэхүү түүхт ойгоо амжилт бүтээл арвинтай тэмдэглэсэн нь Та бүхний нийтийн баяр бахархал болсон нь ойлгомжтой. Мөн Баян-Өлгий аймгийн олон байгууллага, хичээл зүтгэл ихтэй ард иргэд маань хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж, аймаг, улсын аварга сайчуудын эгнээг нэмэгдүүлсэнд талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар эх орны ирээдүйн хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө байгалийн баялгийнхаа арвин их үүцийг нээж, “Хүний хөгжил сан” байгуулан, иргэн бүрт хишиг, хувь хүртээж байгааг Та бүхэн мэдэж байгаа.
Бид улирч буй ондоо улс орныхоо сүүлийн 20 жилийн улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд буурьтай дүгнэлт хийж, ирэх 20 жилийн бүтээн байгуулалтын далайцтай зорилтоо дэвшүүлснийг энэ ялдамд зориуд тэмдэглэж байна. Бүтээн байгуулалтын энэхүү их зорилтоо Та бид дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэгтэй, хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлнэ. Үүнд Та бүхний сэтгэл зүтгэл бүхнээс чухал гэдгийг хүн бүр ухамсарлан идэвх санаачилгатай ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ингэж байж Та бид өрх гэрээ өөд татаж, улс Монголоо хөгжил дэвшилд хүргэнэ.
Эх орныхоо өнцөг булан бүрт аж төрж, улс орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн бүтээлч хувь нэмрээ оруулж байгаа нийт казах иргэддээ золгон ирж буй төмөр туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Ургах нарыг угтан тосч, аялгуут домбороо хөглөж, айлчин гийчнээ баясган, дастархан дүүрэн идээ будаагаа дэлгэн, ураг төрлөөрөө баясан суугаа казах түмний маань золбоо хийморь, хүсэл эрмэлзэл зоригт бүргэдийн дэвэлт адил дэвжин дээшилж байхыг хүсье.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАРЫН БАТБОЛД
2011 оны 03 дугаар сарын 22
Улаанбаатар хот.
-
Хэдэн хүнийг ажилтай болгосноор нь ажлыг дүгнэнэ
Монгол улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж иргэдээ ажилтай,айл өрх бүрийг орлоготой болгохыг зорьж байгаа билээ. Энэ хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” – ийн ажлыг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих Үндэсний хороо ч байгуулагдсан. Тус хороо хоёр дах хуралдаанаа өнөөдөр хийлээ. Тус хуралдаанаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх ЗТБХБЯ, НХХЯ, ЭБЭХЯ-ны мэдээллүүдийг тус тус сонслоо.Өөрөөр хэлбэл 2011 онд шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд хичнээн ажлын байр шинээр бий болгох төлөвлөгөөтэй байгааг дээрх яамдын холбогдох албан тушаалтнууд дуулгалаа. Тухайлбал , энэ онд зам, тээвэр, барилгын салбарт нийтдээ 22944 ажлын байр шинээр нэмэгдэхээс барилгын салбарт 13500 нь хэрэгтэй байгаа ажээ. Харин ЭБЭХ-ий салбарын хувьд уул уурхай, газрын тосны салбарын ажлын байрны захиалгаа нийлүүлээд 13000 орчим, НХХЯ салбарынхаа хэмжээнд 4700 гаруй ажлын байр гарах судалгааг танилцууллаа.
Харин Ерөнхийй сайд С.Батболд эдгээр мэдээллийг сонссоны дараа уулзалтаас уулзалт хүртэл явдаг ажил биш, гараад үр дүнд хүрдэг байх нь ажлын гүйцэтгэлийн шалгуур болно шүү гэдгийг санууллаа. Мөн энэ жилийн хүрээнд өрх бүрээс доод тал нь нэг хүнийг ажилтай болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд идэвхтэй ажиллахыг төрийн бүх шатны албан хаагчдад даалгалаа. 2011 онд тэдний ажлыг дүгнэхдээ хэдэн хүнийг ажилтай болгосноор нь дүгнэх болсон нь содон дуулдав. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдын өглөө болгон авдаг мэдээллийн нэг нь ажлын байрны үзүүлэлт болох ажээ.
Харин нөгөө талаас иргэн бүр өөрөө идэвхтэй байвал ажилтай болох нөхцөл бүрдэх ажээ. Мөн түүнчлэн мэдээллийг тодорхой болгож, төр нь ч , иргэд нь ч хэн хэндээ хатуу шаардлага тавьж ажиллавал хурдан хугацаанд үр дүнд хүрнэ гэдгийг ч тэмдэглэж байв. Яам хоорондын уялдаа холбоо хангалтгүй, ялангуяа хөдөлмөрийн биржийн судалгаа тооцоо нарийвчлан гараагүй байгааг Ерөнхий сайд С.Батболд анхааруулаад, ажлын төлөвлөгөөндөө нэлээн том өөрчлөлт оруулж ирэхийг холбогдох яамдад үүрэг болголоо. Мөн дараагийн хуралдаанд орон нутгийн төлөөллийг оролцуулахыг ч даалгавар болгов.
Цаасан дээрх тайлан биш, бодит ажлын тухай тодорхой мэдээллийг дараагийн хуралдаанаас хүсч буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ. Ажилгүй байгаа иргэдийн мэдээлэл гэр хорооллоороо, хороо хороогоор нь нарийвчлалтай гаргах үүрэг ч энэ үеэр мөн хөндөгдсөн. Энэ асуудлаар ҮСХ, ТЕГ,НХХЯ, Нийслэлийн удирдлага зэрэг холбогдох байгууллагынхан Засгийн газрын тэргүүний өрөөнд маргааш уулзахаар болов. МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар иргэдээ ажилтай болгох гэж зүтгэж байгаа Засгийн газрын ажлыг сайшаагаад, энэ том ажлыг хэрэгжүүлэхдээ дунд доод шатныхан ажлыг бүтэлгүй болгодог шүү гэх шүүмжлэлийг ч хэлээд авсан.
Энэ ажилд МҮЭ-ийн холбоо хариуцлага үүрч оръё гэдгээ илэрхийлж байв. Мөн ажилгүй иргэдийн тоо дэндүү ерөнхий, цалин нь бас тодорхойгүй байгааг шүүмжилж байлаа. Дараагийн хуралдаан энэ сарын 28-нд болох бөгөөд БСШУЯ-ны мэдээллийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн мэдээлэлтэй хамтатган сонсохоор боллоо. Өнөөдрийн хуралдаан дээр яригдсан шинэ ажлын байрны тухай мэдээллийг Засгийн газрын сайт буюу www.open-government.mn – ээс үзээрэй
-
Соёл, өв уламжлалаа хадгалах, хөгжүүлэх сайхан театртай болох казах зон олны хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Наурызын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн дарга А.Бакей тэргүүтэй казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Баян-Өлгий болон манай улсын баруун аймгуудад хаваржилт харьцангуй сайн, цаг агаар ч тогтуун байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлээд өнгөрсөн жилийн мөн өдийд мөн казах зон олны төлөөллийг өрөөндөө хүлээн авч уулзан тэднээр дамжуулан мэнчилгээ дэвшүүлэн баяр хүргэж, домборын эгшиг сонсож байсан тухайгаа хуучиллаа.Өвлийн тэсгим хүйтнийг давж, хаврын урь орсныг зарлан тэмдэглэдэг Наурызын баяр бол ёс заншил, ахмад настнаа хүндэтгэн дээдэлдэг уламжлалт сайхан баяр гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд тодотгоод казах түмэнд хандан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөлөө. Сүүлийн жилүүдэд, ялангуяа сүүлийн 20 жилд казахчуудын монгол хэлний мэдлэг хангалттай биш болсон. Энэ нь сурч боловсрох, мэргэжил эзэмших болон эх хэл дээрээ мэдээлэл авахад хүндрэлтэй байгаа талаар Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга уулзалтын үеэр хэлээд МҮОНТР-д тусгай нэвтрүүлэг бэлтгэх суваг, цаг авах боломж олговол төр засгийн мэдээллийг казах хэлээр хүргэх сурталчлах боломжтой болно. Үүнд анхаарал тавихыг Ерөнхий сайдаас хүслээ.
Мөн Баян-Өлгий аймгийн театр үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсон, мэргэжлийн найруулагч, удирдаач, зураачгүй болоод байна. 1959 онд байгуулагдахдаа 50-иад хүний бүрэлдэхүүнтэй байсан домборын чуулга өнөөдөр дөнгөж 12-хон хөгжимчинтэй болсон зэрэг хүндрэлтэй асуудлуудынхаа талаар төлөөлөгчид Ерөнхий сайдад дуулгалаа. Засгийн газрын тэргүүнтэйгээ уулзах үеэр иргэд болоод нутаг орныхоо талаар санал бодлоо хэлж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сайшаагаад “Энд гарсан санал, зөвлөмжийг хүсэлт нөгөө талаас төр засагтаа тавьж байгаа шаардлага гэж хүлээж авлаа.
Би өнгөрсөн жил монгол орныхоо 18 аймагт ажилласан. Баян-Өлгийд очихдоо та бүгдийн ярьсан энэ бүхэнтэй газар дээр нь танилцсан. Анхаарч ажиллаж байгаа. Аймгуудад тулгарсан асуудлуудын талаар ажлын төлөвлөгөө гаргаж Засгийн газар, холбогдох яамд ажиллаж байна. Хэрэгжих явцдаа байгаа, шийдлүүд өгнө” гэлээ. Мөн Баян-Өлгий аймаг соёлын өв, уламжлалаа хадгалах, тайзны урлагийн түвшинд хүртэл хөгжүүлэх сайхан театртай, урлагийн чадварлаг баг, хамт олонтой байх учиртайг Ерөнхий сайд онцлоод БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, тус яамны дэд сайд Ч.Куланда үүнд анхааран ажиллаж байгааг дуулгалаа.
Засгийн газар анхаарч байгаа, нөгөө талаар орон нутгийн зүгээс хичээн чармайж санаачилгатай ажиллах даалгаврыг Засгийн газрын тэргүүн Наурызын баярын мэндчилгээний хамт өглөө. Казах зон олныг төлөөлөн Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан төлөөлөгчид “Баян-Өлгий аймгийн 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр” боловсруулж, батлуулснаа Засгийн газрын тэргүүнд гардууллаа
-
Ерөнхий сайд БНСУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар 2011 оны 3 дугаар сарын 23-26-нд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигтэй хэлэлцээ хийж, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхана. Мөн “Солонгос дахь Монголын жил”-ийн арга хэмжээг албан ёсоор нээнэ. Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын төр, засгийн удирдлагатай Монгол Улс, БНСУ-ын “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцож ярилцана.
Ерөнхий сайд С.Батболд мөн айлчлалын үеэр Солонгосын эдийн засгийн гол холбоодын тэргүүн нартай уулзаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцож, Монгол-Солонгосын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцоно.Айлчлалын үеэр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон анагаах шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай, Барилга, боомт, тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах тухай, Төмөр замын салбарт хамтран ажиллах тухай, Яармаг орчмын шинэ орон сууцны хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг барих төсөлд БНСУ-ын КОЙКА байгууллагаас буцалтгүй тусламж олгох тухай, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай баримт бичгийг тус тус байгуулна.
Ерөнхий сайд С.Батболд Сөүлд байх хугацаандаа БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийнэ.



