
Blog
-
Багш нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаа Ерөнхий сайд амлалаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын 40 гаруй мянган багш нарыг төлөөлж Спортын шинэ ордонд цугласан 5000 орчим багш нарт баярын мэнд хүргэж үг хэлэхдээ, боловсролын шинэчлэлийн гол хөдөлгөгч хүч нь багш нар. Та бүхэн үйл ажиллагаа, арга барилаа цаг үргэлж шинэчлэхгүй бол хэчнээн ярьсан ч шинэчлэл хийгдэхгүй. Энэ шинэчлэлийг хийх багш нарынхаа асуудлыг бид нэн тэргүүнд шийдэх ёстой гэдгийг онцоллоо. Тиймээс ч тэдний хувьд эмзэг сэдэв болоод байгаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд дорвитой арга хэмжээ авна гэдгээ Ерөнхий сайд С.Батболд амлалаа.Багш нарыг орон сууцаар хангах чиглэлд тодорхой санал боловсруулж ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэхийг Боловсрол соёл шинжлэх ухааны болон Сангийн сайдад үүрэг болгосон гэсэн Ерөнхий сайдын мэдээлэл Монголын багш нарын баярын 45 дахь өдрийн хамгийн том бэлэг боллоо. Мөн тэрбээр багш мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, ажлын урамшууллыг сайжруулахад төр засгийн зүгээс тууштай анхаарах болно гэдгээ ч мөн илэрхийллээ.
Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, Кембрижийн сургалтын стандартыг нэвтрүүлэх эхлэлийг тавьсан, их, дээд сургуулийн тоог цөөлсөн, Оюутолгой төслийн хүрээнд хөрөнгө оруулалт хийгдэж томоохон бүтээн байгуулалтад оролцох 3300 залуусыг сургаж эхэлсэн зэрэг өнгөрсөн онд хийсэн ажлаа бахархан нэрлэж Монголын багш нар өнөөдөр Нисэхийн цагаан хаалганы ойролцоо сүндэрлэсэн спортын шинэ ордон хуран чууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр улсын тэргүүний сургууль, цэцэрлэгийн хамт олонд болон оны тэргүүний багш нарт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нар баяр хүргэж, шагналыг нь гардууллаа
-
Монголын багш нарын баярын 45 дахь өдрийн нэгдсэн арга хэмжээнд хэлсэн үг
Эрдэм номын түүчээ болсон Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,Монгол улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч буй болсны 90 жилийн ойг тэмдэглэх энэ онд бас нэгэн баярт өдөр өнөөдөр тохиож байна. Энэ бол Монголын багш нарын баярын 45 дахь жилийн ойн өдөр юм. Энэхүү 45 жилийн ойн баярын мэндийг эрдэмтэн багш, профессорууд, сурган хүмүүжүүлэгчид боловсролын салбарын бүхий л ажиллагсад Та бүхэндээ хүргэж, эрдмийн гэгээн мөртэй их хөдөлмөр тань амжилтбүтээлээр дүүрэнбайхыг ерөөж байна.
Монгол улсын Ерөнхий сайд болоод хамгийн түрүүнд улс орны хөгжлийн түүчээ болсон боловсролын салбарын хамт олонг та бүхэнтэй уулзаж “Монгол орныг Монгол толгой л хөгжүүлнэ” гэж хэлснээ тодхон санаж байна. Энэ үйл явдлаас хойш улс оронд маань олон чухал өөрчлөлтүүд гарч, Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрөө баталж, томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулан, Монгол улсын эдийн засгийн байдал сайжирч, ард иргэддээ “Хүний хөгжил” сангаас хишиг, хувь хүртээж эхэллээ. “Атрын III аян”-ы үр дүнд улс орон маань үр тариа, зарим нэр төрлийн хүнсний ногоогоор өөрийн хэрэгцээгээ хангаж чадахаар боллоо.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлж чадсан нь энэ Засгийн газрын чухал ажлын нэг боллоо гэж дүгнэж байна. Цэцэрлэг, сургуулийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нэмэгдүүлж, бидний сэтгэлийг зовоож байсан цэцэрлэгийн хүүхэд, дотуур байрны сурагчийн хоолны зардлыг шийдэж чадлаа.
Ерөнхий боловсролын салбарын сургалтын чанарыг сайжруулахад анхаарч Кембрижийн сургуулийн стандартыг үндэсний боловсролын системд нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр гадаадынхан Монголын боловсролыг чамлах биш харин үнэлдэг болох эхлэл тавигдлаа. Мэргэжлийн боловсролын салбарт суралцагчдын хувьсах зардлыг өсгөн нэмэгдүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна Мянганы сорилтын сан болон Оюу толгой төслийн хүрээнд хөрөнгө оруулалт хийгдэж томоохон бүтээн байгуулалтад оролцох 3300 залуусыг сургаж эхэллээ.
Дээд боловсролын шинэчлэлийн бодлого тодорхойлогдож, их сургуулийн хотхоны ажил гараагаа эхэлж нэгэн үе 186 хүрч байсан их дээд сургуулийн тоо 116 болж буурлаа. Өндөр хөгжилтэй орнуудад суралцагчдын тоог нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар анхааран ажилласнаар гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүүхдийн тоо 3 дахин нэмэгдлээ. Улиран одсон 2010 онд боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, 22 цэцэрлэг, 18 сургууль, 11 дотуур байрыг шинээр ашиглалтад орууллаа.
Үр дүнд нь цэцэрлэгийн орны тоог 1825, сургуулийн суудлын тоог 5900, дотуур байрны орны тоог 1089 аар нэмэгдүүллээ. Багш нарын цалин хөлс гучин хувиар нэмэгдэж, үр дүнгийн урамшууллыг үргэлжлүүлэн олгож байна. Энэ бүхэн мааньманай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээний үр дүнтөдийгүй сурган хүмүүжүүлэгч Табүхний хийж гүйцэтгэсэн нөр их хөдөлмөрийн үр шимтэй шууд холбоотой билээ.
Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,
Бид багш нарынхаа баярыг ийм олон сайхан амжилтаар угтаж буй нь энэ салбарт ажиллаж буй бүх хүмүүст урам зориг хайрлах болно гэдэгт итгэл төгс байна. Засгийн газрын зүгээс цаашид ч боловсролын салбарт онцгой анхаарал хандуулж, шинэчлэлийг үргэлжүүлэн хийх болно. Боловсролын шинэчлэлийн гол хөдөлгөгч хүч нь багш нар билээ. Багш нар үйл ажиллагаа, арга барилаа цаг үргэлж шинэчлэхгүй бол хичнээн ярьсан ч шинэчлэл хийгдэхгүй. Боловсролыншинэчлэлийг хийх багш нарынхаа асуудлыг ч бид нэн тэргүүдн шийдэх ёстой.
“Баатар сайтай цэрэг бардам, Багш сайтай шавь бардам” гэж Монголчууд бид цэцэлдэг. Тиймээс багш мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх, ажлын урамшууллыг сайжруулахад төр засгийн зүгээс тууштай анхаарах болно гэдгийг баярын энэ өдөр Та бүхэндээ мэдэгдье. Хэдхэн хоногийн өмнө Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Нийслэлийн Засаг дарга хоёр багш нартай уулзахад орон сууцны асуудлыг онцгойлон хөндөж тавьсныг надад мэдээлсэн.
Багш нарын өмнө тулгамдаж буй гол асуудал бол орон сууц гэдгийг би ойлгож байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрын тэргүүний хувьд дорвитой арга хэмжээ авахаа та бүхний өмнө илэрхийлье. Багш нарыг орон сууцаар хангах чиглэлд тодорхой санал боловсруулж ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэхийг Боловсрол соёл шинжлэх ухааны болон Сангийн сайдад үүрэг болгосон байгаа.
Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,
Монгол хүн эрдэм боловсролоороо дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрэхийн төлөө, Монголын боловсролыг чамладаг биш, үнэлдэг болгохын төлөө, Монголын багш нар буман шавьдаа эрдэмээ хайрлан, хүндэтгэгдсэн бурхан заяатай байхын төлөө Та бид хамтран ажиллаж чадна. Эцэг эхийн халамжаас эрдэм номын өргөөг зорьсон хүүхэд багачуудыг мэдлэг, боловсролоор тэтгэх хүндэт үйлсдээ амжилт олохыг, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан байхыг Монголын бүх багш нартаа хүсье.
Монголын багш нарын яруу алдар бадрах болтугай.
-
Бар жилийн есөн алдартныг Ерөнхий сайд С.Батболд илт давуугаар магнайллаа
Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонин жил бүрийн цагаан сарын босгон дээр улиран одож буй оны алдартнуудыг тодруулдаг уламжлалтай. XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн есөн алдартныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд магнайлж, тус сонины хамт олноос цалин цагаан бадамлянхуа, ногоолин хаш чулуун суурьтай бар жилийн дүрсийг цул мөнгөөр урласан цом гардлаа.Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есөн алдартныг илт давуугаар , тасархай манлайлсан гэдгийг шалгаруулалтыг зохион байгуулсан “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар хэлээд түүний санаачлан эхлүүлсэн Европ стандарт, Кембрижийн боловсролын тогтолцоо Монголын ирээдүйтэй гарцаагүй хамаатай гэлээ. Мөн МАН-ын шинэчлэлийг гардан зохион байгуулсан гэдгийг ч дурдаад урьд өмнө хэн ч зүрхлээгүй, хэзээ нэгэн цагт хийх л байсан ажлыг барьж авсан зоригийг нь олон нийт үнэлж түүнд саналаа өгсөн гэдгийг бар жилийн тэргүүн алдартанд цомыг нь гардуулахдаа тодотгож байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүн алдартны хувьд оны алдартнуудаа төлөөлж хэлэхдээ, арван жил дараалан зохион байгуулсан энэхүү уламжлалт шалгаруулалтыг нийгмийн салбар бүрийг төлөөлөх төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн саналаар нээлттэй, ил тод явуулдгийг нь онцлоод хоёр дахь удаагаа шалгарсандаа талархаж байгаагаа илэрхийллээ.
Мөн тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд улиран одож буй төмөр бар жилийг улс орны ирээдүйн хөгжилд нөлөө үзүүлэх томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн үндсийг тавьсан, үйл явдлаар баялаг болсон гэж дүгнээд 2010 онд эх орныхоо хөрсөнд ургасан буудай, төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангасан, “Хөгжлийн банк” байгуулж, “Хүний хөгжил сан”-гаас ард иргэддээ байгалийн баялгаас анх удаа адил тэгш хэлбэрээр хишиг, хувь хүртээж эхэлсэн, Тавантолгойн орд газрыг ашиглах, бүтээн байгуулалт өрнүүлэх түүхэн чухал шийдвэрүүдийг гаргасан гэдгийг онцоллоо.
Өмнөх оны амжилтаа үргэлжлүүлж, 2011 оныг Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарласныг Ерөнхий сайд тэмдэглээд, иргэд маань ажлын байртай болж, ядуурлыг бодитой бууруулж, өнгөрсөн жил суурийг нь тавьсан ажлынхаа үр шимийг гаргах бүтээлч ажлын жил байх болно гэж төлөвлөж, ажиллаж байгаа гэж хэллээ.
Ийнхүү бар жилийн алдартнуудыг Ерөнхий сайд С.Батболд магнайлж, гавьяат тамирчин С.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Монгол Улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар алдартнаар тодорчээ
-
Төслийн менежментийн тогтолцоог бүх шатандаа нэвтрүүлэх хэрэгтэй
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” үндэсний зөвлөгөөнд оролцлоо. Тус үндэсний мэргэжлийн зөвлөгөөн нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог ажээ. Уг арга хэмжээг нээж, Монгол улсын Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ“Бид ирэх 20 жилээ их бүтээн байгуулалтын үе гэж тодотгон томъёолсон. Мөн манай улсын эрчимтэй хөгжлийн гарааны жилүүд эхэлж байгааг олон улсын төдийгүй хувийн санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын судлаачид ярьж тэмдэглэх болсон. Тиймээс бидний агуулга, мөн чанарын хувьд ч хүрээ далайцын талаасаа ч өмнөхөөсөө илүү нарийн төвөгтэй, оюун ухаан, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар шаардсан зорилго зорилтууд тосон хүлээж байгаа.Манай улс байгалийн баялагтаа тулгуурлан эдийн засгийн хурдацтай өсөлт, их бүтээн байгуулалтын, үйлдвэржүүлэлт хөгжлийн том гараанд ирснийг нийтээрээ ойлгон ухамсарлаж байна. Дэлхийн банкнаас саяхан боловсруулсан Монгол улсын эдийн засгийн төлөв байдлын тоймд манай улсын хөрөнгө оруулалтын төслийг удирдах чадвар, менежментийн чадавхи сул байгааг анхааруулсан байна. Дэлхий дээр баялагтай мөртлөө хөгждөггүй улс орнууд байна. Бас баялаггүй мөртлөө хөгжсөн улс орнууд байна. Үүний нэг том ялгаа бол засаглалын ялгаа юм. Тиймээс төр засгийн төдийгүй дотоодын компани, бизнес эрхлэгчид хөгжлийн шаардлагыг хангаж чадахуйц удирдлага, менежментийн тогтолцоог төлөвшүүлж, хөрөнгө санхүү, хүний нөөцийн хувьд баттай сууриа бүрдүүлж чадах ёстой” гэдгийг тэмдэглэж байсан юм.
Түүнчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө Төслийн менежментийн тогтолцооны талаар суралцах, улмаарбүхий л шатандаа энэхүү менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Мөн бизнес эрхлэгч хувь хүн ч бай, аж ахуйн нэгж байгууллага ч бай юуны өмнө ашиг орлогоо нэмэгдүүлэх асуудлыг эн тэргүүнд тавьдаг хэдий ч тогтвортой амжилтын төлөө гол анхаарлаа хандуулах цаг болсныг хэлээд, хүний төлөөх үзэл баримтлал, үйл ажиллагааг салбар бүрт нэвтрүүлэх хэрэгтэй байгааг зөвлөсөн юм. Шилдэг менежер, манлайлагчдыг бэлтгэх талаар бүх шатны боловсролын байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг энд дурьдаад, орчин үеийн менежментийн ухаанд хөрөнгийн зах зээлийн асуудал томоор тавигдаж байгаа учир бизнес эрхлэгч бүр үүнд анхаарлаа хандуулахыг ч уриаллаа.
Тус зөвлөгөөнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесийн бүх салбарынхны төлөөлөл хүрэлцэн ирж, менежментийн чадамж, бизнесийн амжилтад хүрэх зам, аж ахуйн нэгж байгуулагуудын үйл ажиллагаан дах эрсдлийн менежмент гэх мэт олон сэдвээр мэргэжлийнхнээс номын дуу сонслоо. Дашрамд дурьдахад Ерөнхий сайд С.Батболд Монголын менежментийн холбооны 2004 оны улс төр нийгмийн салбарын “Шилдэг менежер “-ийн шагналыг хүртэж байжээ. Бизнесийн салбарынхны зовлонг ойлгож, энэ тал дээр таатай бодлогоявуулж байгаад талархаж байгаагаа ММХ-ны тэргүүн, профессор Д.Цэрэндорж энэ үеэр илэрхийлж, холбооныхоо хүндэтгэлийн цомыг Засгийн газрын тэргүүнд гардууллаа
-
“Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” Үндэсний зөвлөгөөнийг нээж хэлсэн үг
Эрхэм хүндэт бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаачид аа,Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая.
Монголын Менежментийн Холбооноос санаачлан сургалтсудалгаа, хэвлэл мэдээлэл, бизнесийн зарим байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж”сэдэвт үндэсний мэргэжлийн зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Энэ бол ардчилсан нийгэмд мэргэжлийн эвсэл холбоод, төрийн бус байгууллагууд, өөрсдийн хүлээсэн үүрэг, зорилгын хүрээнд зөвхөн улс төрийн төдийгүй эдийн засаг, нийгмийн хөгжлийн тодорхой асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, шийдвэрлэх арга замын талаар ажил хэрэгч яриа өрнүүлж, сайн туршлага, оновчтой санааг хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлж болохын нэг сайхан жишээ гэж бодож байна.
Манай улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд ардчилал, зах зээлд шилжих сонголтоо баталгаажуулж, зорилт сорилт, амжилт ололт, алдаа онооны амаргүй замыг бид тууллаа. Харин ирэх 20 жилээ бид их бүтээн байгуулалтын үе гэж тодотгон томъёолсон. Мөн манай Улсын эрчимтэй хөгжлийн гарааны жилүүдэхэлж байгааг олон улсын төдийгүй хувийн санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын судлаачид олонтаа ярьж тэмдэглэх болсон. Тиймээс биднийг агуулга, мөн чанарын хувьд ч, хүрээ далайцын талаасаа ч өмнөхөөсөө илүү нарийн төвөгтэй, оюун ухаан, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар шаардсан зорилго зорилтууд тосон хүлээж байна.
Ийм хариуцлагатай цаг үед биднийг дэлхийн улс орнуудын хаана нь явна вэ? гэдгийг олон улсын судалгааны байгууллагуудын гаргаж буй зарим тоон үзүүлэлт, индексүүдээсавч үзвэлөнгөрсөн 2010 оны байдлаар Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр 94-рбайрт, хүний хөгжлийн индексээр 100-р байрт, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 99-рбайрт, бизнес эрхлэлтийн орчны үзүүлэлтээр 73-рбайрт, төсвийнил тод байдлын үзүүлэлтээр 60-рбайрт, улсын хөрөнгө оруулалтын менежментийн чадавхийн үзүүлэлтээр 70 гаруй улсаас 34-рбайранд жагсаж байна. Дэлхийн 160-180 улсыг хамруулсан дээрх судалгаануудын дүнгээр манай улс гол төлөв 70-100 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа нь бидэнд олон зүйлийг ойлгуулан ухааруулахын зэрэгцээ үйл ажиллагаа, бодлого, зорилгодоо шинэчлэл хийхийг шаардаж байна гэсэн үг юм.
ДАВОС-ын уулзалтаар хэлэлцэж буй сэдэв, урьдчилан боловсруулж гаргасан “Дэлхий нийтийн зорилт: Эрсдлээс үүдэн боломжийг олж авах” гэсэн илтгэлээс үзвэл дэлхий нийтийн эдийн засаг, засаглалын тогтолцоохямралын өмнөх жилүүдээс эрс өөрчлөгдөж, шинэ бодит байдал үүсэн бүрэлдэж буйг анхааруулжээ. Ийм өөрчлөгдөж байгаа шинэ цаг үед бид зөвхөн өөрсдийн ойлгонмэдэж буйхэмжээгээр, эсвэл хүсэл зоргоор бүх асуудлыг, бүх зорилтыгшийдвэрлэж болох мэтээртөсөөлөх, зорих боломжгүй болжээ.Жилээс жилд өөрчлөгдөж буй дэлхийн байгаль цаг уур, эдийн засаг, санхүүгийн шинэ орчин нөхцөлд бид дасан зохицож улс орны, тодорхой салбарын болон бизнес, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг менежментийн бодлогоор амжилттай авч явж,тавьсан зорилтоо хэрэгжүүлэх ёстой.
Бид урт, дунд, богино хугацааны зорилтуудыг хангалттай олон тоогоор боловсруулан гаргасан гэж зарим судлаачид үздэг. Харин макро болон микро түвшинд тавьсанзорилтоо хэрэгжүүлэх зөв тогтолцоо, зөв аргазам, шалгарсан сайн менежментийн тогтолцоог улс орнынхоо хэмжээнд болон бизнесийн нийтлэг хүрээндээ бүрэн нэвтрүүлж, төлөвшүүлжхараахан чадаагүй байна. Өнөөдөр манай улсад олон урсгал, онолын менежментийн арга хэлбэрүүд нэгэн зэрэг мөрдөгдөж байна. Хөрөнгө оруулагчаасаа хамаарч Америкийн, Европын, Азийн, Японы, Солонгосын гэх мэт олон чиглэлийн менежментийн арга хэлбэрийг компаниуд мөрдөж байна.
Манай томоохон компаниуд олон улсын түвшний шилдэг менежментийн арга зүйг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа шилдэг, сайн жишээ цөөнгүй бий. Харин жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд ямар нэгэн сонгодогбуюу олон улсын менежментийнарга хэлбэрийг судалж нэвтрүүлэхээс илүүтэйгээр “гэр бүлийн бүтэц, хэлбэртэй”менежментийн арга хэлбэрзонхилж байгаа гэсэн дүгнэлтийг зарим судлаачид гаргажээ. Тодорхой онол, олон улсын шилдэг арга тогтолцоонд суурилаагүй гэр бүлийн бүтцэд тулгуурласан менежмент нь бизнесийг амжилттай удирдан авч явах зөв зүйтэй, хамгийн сайн арга биш, үндсэндээ амиа аргацаах төдий сулхан хэлбэр гэж үздэг.
Манай улс байгалийн баялагтаа тулгуурлан эдийн засгийн хурдацтай өсөлт, их бүтээн байгуулалтын, үйлдвэржүүлэлт хөгжлийн том гараанд ирснийг нийтээрээ ойлгон ухамсарлаж байна. Дэлхийн банкнаас саяхан боловсруулсан Монгол улсын эдийн засгийн төлөв байдлын тоймд манай улсын хөрөнгө оруулалтын төслийг удирдах чадвар, менежментийн чадавхи сул байгааг анхааруулсан байна. дэлхий дээр баялагтай мөртлөө хөгждэггүй улс орнууд байна. бас баялаггүй мөртлөө хөгжсөн улс орнууд байна. Үүний нэг том ялгаа бол засаглалын ялгаа юм.
Тиймээс төр засгийн төдийгүй дотоодын компани, бизнес эрхлэгчид хөгжлийн шаардлагыг хангаж чадахуйц удирдлага, менежментийн тогтолцоог төлөвшүүлж, хөрөнгө санхүү, хүний нөөцийн хувьд баттай сууриа бүрдүүлж чадах ёстой.Бид боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө Төслийн менежментийн тогтолцооны талаар суралцах, улмаарбүхий л шатандаа энэхүү менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй.
Компанийн менежмент, удирдлагын тогтолцооны тухай ярихдаа зөвхөн тухайнганц нэгхэн компанийн ололт амжилт олох эсэх тухай бус бүх нийтээрээ амжилтад хүрч чадах тийм менежментийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх ёстой.
Манай зарим эрдэмтэн судлаачид аливаа тогтолцооны талаар ярихад “Монголын хөрс шороондсуурилсан байх”гэсэн шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг. Үүнийг ч би зөв гэж бодож байна. Гэхдээ өнөөдөр бидэнд байхгүй буюу хараахан бүрэн төлөвшиж хөгжөөгүй шинэ зүйлийг нэвтрүүлэхдээ цаг хугацаа алдалгүй, дэлхийн түвшний хамгийн шилдэг сайн тогтолцоог эхний удаадаа хуулбарлан хэрэгжүүлж сурах нь зүйтэй болов уу. Аажмаар дараагийн жилүүдэд тухайн шилдэг сайн тогтолцоог өөрийн орныхоо онцлог нөхцөлдилүү сайн нийцүүлэн “нутагшуулах” замаар үндэсний шилдэг тогтолцоог бүрдүүлэх ёстой. Ирэх жилүүдийн эрчимтэй хөгжил нь бидэнд аливаа шинэ зүйлийг маш хурдан тусгаж авах, нэвтрүүлэх, бүтээлчээр ашиглаж үр дүн гаргаж сурахыг шаардаж байна.
Энэ асуудлыг олон нийтийн болоод мэргэжлийн хүрээнд хариуцдаг Монголын менежментийн холбоо “Зөв бодлого, сайн менежмент” гэсэн уриатай болохыг ажиглаж харлаа. Энэ бол манай орны хөгжлийн хоёр гол даль жигүүр гэдэгтэй санал нийлж байна. Монголчууд бид “Нуур амар бол нугас амар” гэж ярьдаг. Улс орон хөгжье гэвэл, ард олон амар тайван байя гэвэл төр засгийн бодлого зөв оновчтой, хэрэгжүүлэх арга хэлбэр нь зохистой, ил тод нээлттэй байх шаардлага зүй ёсоор тавигдана. Бодлогын зөв бурууг шүүмжлэх, ярилцах, хэлэлцэх, зөвшилцөх нь ардчилсан нийгэмд байх ердийн үзэгдэл билээ.
Энэ талаар бид үргэлж нээлттэй байж улс төрчид, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, ард түмний дуу хоолойг үргэлж сонсч байх учиртай. Ингэж байж төрийн бодлого зөв, үндэслэл сайтай гарч, хэрэгжих явц нь амар түргэн үр дүнтэй байх болно. Хүн бүр гэр бүл, албан байгууллага, аж ахуйн нэгжээ хэрхэн өөд татах вэ? Ажил амьдралаа яаж улам илүү өнгөтэй, жавхаатай болгох вэ? Юуг хийж бүтээх вэ? Яавал одоо хийж байгаа зүйлээ маргааш илүү сайн хийх вэ? гэсэн үүдэл санааг угтал болгон хөгжиж дэвжих арга замыг газар сайгүй эрэлхийлж ажиллах асуудал бол гарцаагүй зүйл юм.
Тиймээс Ерөнхий сайдын хувьд та бүхэнд болон энэ зөвлөгөөнөөр дамжуулан манай орны нийт бизнес эрхлэгч, менежер, захирал, жирийн ажилтнуудад хандаж хэдэн зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна.
1. Бизнес эрхлэгч хувь хүн ч бай, аж ахуйн нэгж байгууллага ч бай юуны өмнө мөнгө, санхүү, ашиг орлогоо нэмэгдүүлэх асуудлыг эн тэргүүнд тавьдаг хэдий ч үйлдвэрлэл үйлчилгээний чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, тогтвортой амжилтын төлөө, гол анхаарлаа хандуулах цаг болжээ. Тиймээс дэлхий даяар дагаж мөрдөх нийтлэг хэмжүүр, хэрэглэгч болоод хүний төлөөх үзэл баримтлал, үйл ажиллагааг салбар бүрт нэвтрүүлэх хэрэгтэй байна.
2. Чанар стандарт гэсэн хос хэмжүүр, ойлголт орчин үеийн менежментийн ухааны нэг тэргүүлэх чиглэл болоод удаж байна. Тиймээс миний бие Европын стандарт, Канадын технологийг нутагшуулах талаарх олон санал санаачилга гаргаж байна. Засгийн газрын энэхүү санаачилгыг дэмжиж та бүхэн өөрсдийн эрхлэх аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээндээ ч олон улсын стандартыг шуурхайлан нэвтрүүлэх хэрэгтэй. Олон улсын нийтлэг стандарт нь үйлдвэрлэлийн техник технологид төдийгүй эрүүл ахуй, хууль зүй, байгаль орчин, бичиг баримтын гээд өргөн хүрээг хамрах боллоо.
3. Хүний нөөцийн менежмент бол аж ахуйн үйл ажиллагааны төдийгүй бүх төрлийн байгууллагын амжилтын үндэс юм. Хүнээ хөгжүүлэх, хүний ажиллах, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх асуудалд анхаарлаа хандуулж бүх түвшинд зогсолтгүй суралцах, тасралтгүй сайжруулах стратегийг хэрэгжүүлж чадсан тийм газар л өнөө цагт ирээдүй рүүгээ итгэл төгс харж ажиллах боломжтой болж байна. Тиймээс би Монгол улсыг Монгол толгой хөгжүүлэх тухай ярьж сануулж байгаа билээ.
4. Дэлхийн түвшинд сэтгэж, дэлхийн хэлээр ярьж, олон соёлын орчинд үйл ажиллагаагаа явуулж чаддаг менежерүүд, манлайлагчид бидэнд хэрэгтэй байна. Тиймээс шилдэг манлайлагчдыг бэлтгэх талаар манай их дээд сургуулиуд, бүх шатны боловсролын байгууллага онцгой анхаарах хэрэгтэй. Мөн менежментийн холбооныдэмжлэг, туслалцаа хэрэгтэй бизнес эрхлэгчдэд олон улсын менежментийн шилдэг сайн арга туршлагаас зааж сургах ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.
5. Санхүү, тайлан балансаа нээлттэй болгож олон нийтийн итгэл хүндэтгэлийг хүлээн ажиллаж буй олон арван аж ахуйн нэгж, манайд байна. Мөн бизнесийн байгууллага бүр нийгмийн хариуцлагын өндөр ёс суртахуунтай байж, байгаль орчныг хамгаалах, нийгмийн эмзэг бүлэг, ядуу зүдүү хэсгийг өөд татах, тэдэнд туслах, шинжлэх ухаан боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийг дэмжих, арга хэлбэрээ зөв олж зохистой хэрэгжүүлдэг байснаар илүү үр дүнд хүрч чадна.
6. Жижиг, дундаж ахуйн нэгжүүдэд менежментийн ямар арга хэлбэрийг нэвтрүүлж мөрдөх нь манай улсын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын ирээдүйд илүү зохистой, нааштай үр дүнд хүрэх боломжтой болохыг бидсудлантогтоож,нийт бизнес эрхлэгчдэдзөвлөмж болгожөргөнөөр сурталчлах нь зүйтэй.
7. Орчин үеийн менемжентийн ухаанд хөрөнгийн зах зээлийн асуудал томоор тавигдаж байна. Тиймээс манай бизнес эрхлэгч бүр энэ асуудалд анхаарлаа хандуулж, дэлхий нийтийн чиг хандлагыг мэдэрч ажиллах ёстойг анхааруулан сануулъя.
Зөвлөгөөнд оролцогч та бүхэн тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж асуудал бүрээ шийдвэрлэх арга зам, үр дүнтэй туршлагаа хуваалцана гэдэгт найдаж байна. Улс орныхоо хөгжлийн зөв зорилтын төлөө нэгэн санаа зорилготой, хамтын хүчээр зорьж, ажиллахыг бизнес эрхлэгчид, шилдэг менежерүүд, эрдэмтэн судлаачид та бүхэндээ уриалж байна.
Та бидний шинэ санаачилга, хичээл зүтгэл, хийж хэрэгжүүлэх ажлаас улс орны маань ирээдүй шалтгаална.
Анхаарал тавьсанд баярлалаа.
2011 оны 1 дүгээр сар 28 МҮХАҮТ



