Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Арабын Нэгдсэн Эмират Улсад 2011 оны 1 дүгээр сарын 8-10-нд ажлын айлчлал хийж байна. Ерөнхий сайдыг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт тусгай нислэгээр Абу Даби хотын олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхий сайдын орлогч, Газрын тосны сайд болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
АНЭУ нь өнөөдөр дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа улс бөгөөд газрын тосны баялаг нь амьжиргааны үндсэн гол эх үүсвэр нь болдог. Өмнө нь манайхаас Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад өндөр дээд хэмжээний айлчлал хийж байсан бол гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд анх удаа ажлын айлчлал хийж байгаа нь энэ юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд айлчлалынхаа эхний өдөр эргэлдүүлж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийд толгой цохих болсон Абу Даби хөрөнгө оруулалтын зөвлөлийн захирал шейх Хамед Бин Заид Аль Нахьяантай уулзаж өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд өөрийн орны эдийн засаг улс төрийн байдал, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр дэлхийн том зах зээл бүхий улс орнуудтай хэрхэн ажиллаж байгаа болон далайд гарцгүй орны хувьд хөрш 2 том гүрэнтэйгээ ямархуу гэрээ хэлцэл байгуулсан талаараа мэдээлэл өгөв. Мөн хүн ам цөөхөн, жижиг зах зээлтэй АНЭУ-ын хурдтай хөгжлийн туршлагаас судлах сонирхолтой байгаагаа илэрхийлээд Монголд хэрэгжих дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг хэллээ.
Шейх Хамед Бин Заид Аль-Нахьяан Ерөнхий сайд С.Батболдыг эх орондоо тавтай морилохыг уриад Абу Даби хөрөнгө оруулалтын газар нь Монгол Улстай харилцаагаа хөгжүүлж, сайн төсөл дээр хамтран ажиллах боломжийг судалж байна гэлээ. Түүнчлэн манай улсын бусад улс орнуудтай хийж байгаа гадаад худалдаа, ачаа тээвэрлэлт, тариф татварын талаар сонирхон асууж байлаа. Уулзалтын үр дүнд 2 тал ажлын хэсгийн түвшинд ойрын хугацаанд дахин уулзаж хамтын ажиллагааны асуудлаар ярилцахаар тохиров.
Абу Даби хөрөнгө оруулалтын газар нь 1971 онд байгуулагдсан бөгөөд 2010 Төрийн өмчийн сангийн жагсаалтад тэргүүн байрт бичигдсэн, 630 сая ам.долларын хөрөнгийн сантай ажээ. Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Япон банкны дараагаар хоёрт ордог байна.
Мөн өдөр Ерөнхий сайд Батболдод АНЭУ-ын Зэвсэгт хүчний дээд командлагчийн орлогч Абу Дабигийн үе залгамжлах хунтайж шейх, генерал Мухаммад Бин Заид Аль Нахьяан, АНЭУ-ын Ерөнхий сайдын орлогч нарын хүмүүс бараалхаж хүндэтгэл үзүүлэв. Уулзалтын үер Монгол Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай өргөн хүрээтэй асуудлаар ярилцавгэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
АНЭУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөгөөд Дубайн захирагч Шейх Мухаммад Бин Рашид Аль-Мактумтай уулзлаа. АНЭУ-ыг удирдан захирч байгаа зургаан хүний хамгийн нөлөөтэй нь Мухаммед Бин Рашид Аль-Мактум бөгөөд Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг амжилттай хашихын зэрэгцээ Дубайн захирагчийн хувьд Дубай хотыг богино хугацаанд асар хурдтай хөгжүүлж чадсан нь нэр хүнд авчирчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Сүхбаатарын Батболд Кувейт Улсын Ерөнхий сайд Эрхэм дээд шейх Нассэр Мохаммад Аль-Ахмад Аль-Сабахын урилгаар 2011 оны 1 дүгээр сарын 4 – 6-ны өдрүүдэд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийв.
Байгалийн баялгаа чулуу болгож хөрөнгөжсөн булангийн орнуудтай харилцан ашигтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол-Кувейтийн хөрөнгө оруулалт бизнесийн форумд үг хэлэхдээ мэдэгдэв. Энэхүү форумд Кувейтийн талаас Арабын булангийн орнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүнд бүхий 20 гаруй компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь анхаарал татаж байв.
Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дагалдан яваа төлөөлөгчдийнхөө хамт Кувейтийн шинжлэх ухаан судалгааны хүрээлэнд зочиллоо. Тус хүрээлэн нь 1967 онд Японы “Арабиан Ойл” компани Кувейтийн Засгийн газартай хийсэн газрын тосны гэрээний үүргийн биелэлт болон анх байгуулагдсан түүхтэй бөгөөд газрын тос, цөл дэх хөдөө аж ахуй болон далайн биологи гэсэн 3 үндсэн чиглэлээр сэдэвчилсэн судалгаа хийх зорилготой байжээ. Харин 1973 онд тус шинжлэх ухаан судалгааны хүрээлэн нь Эмирийн зарлигаар удирдах зөвлөлөөр дамжуулан сайд нарын зөвлөлийн шууд харьяанд орсон байна. Гэвч удалгүй бие даасан олон нийтийн хүрээлэн болгон өөрчилжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж байгаа албан ёсны айлчлал шинжлэх ухаан технологи, худалдаа бизнесийн салбарыг хамарсан үйл явдлаар үргэлжилж байна. 2011 оны 01 дүгээр сарын 5-нд Монгол Кувейтийн харилцаанд нэгэн шинэ хуудас нээгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. 1-р сарын 4-ний өдөр тэрээр Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль Ахмед Аль Сабахтай хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Үндэсний Ассамблейн дарга Жассем Аль-Харрафи-тай уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын салхийг хагалж хэлсэн үгэндээ Монгол Улсын хөгжлийн гол салбар болох дэд бүтцийн салбарт Кувейт Улс туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд талархав.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль Ахмад Аль Жабер Аль-Сабах-т бараалхсанаар албан ёсны уулзалт эхэллээ. Кувейт Улс ардчилсан, хаант засаглалтай орон бөгөөд тус улсыг Эрхэм дээд Эмир удирддаг. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид шинээр олон салбарт хамтрах өргөн боломж байгааг дурьдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүний хувиар анх удаа Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосноос хойшхи 35 жилийн хугацаанд өндөр, дээд түвшний харилцан айлчлал цөөнгүй байсан ч Монгол Улсын Засгийн газрын тэргүүн айлчилж байсан түүх үгүй юм.