Blog

  • С.Батболд: Төсвийн төвлөрлийг задалж, орон нутагт захиран зарцуулах эрхийг нь шилжүүлнэ

    МОНГОЛ УЛСЫН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙНДААТГАЛЫН САНГИЙН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ УЛСЫН ИХ ХУРЛЫН НЭГДСЭН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛСЭН ҮГ

    УИХ-ын дарга,
    Эрхэм гишүүд ээ,
    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2011 оны Улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан төсвийн бодлого, шинэтгэлийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсвийн дотоод, гадаад орчин, ирэх оны төсвийн төслийн талаар товчхон илтгэе. Манай Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирсэн асуудлуудын нэг бол төсвийн шинэчлэл юм. Улсын төсвийн тогтолцоог шинэчлэх, асуудалд иж бүрэн байдлаар хандаж, тогтвортой байдлыг хангах, үр ашигтай төсөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтын систем бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны зөв, эрүүл тогтолцоог бий болгох зорилгод бидний шинэчлэлийн бодлого чиглэсэн.

    Энгийнээр хэлбэл төсвийн төвлөрлийг задалж, орон нутаг, нийслэлд захиран зарцуулах эрхийг шилжүүлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд нь, эрхэлж байгаа бизнест нь, орон нутаг дахь бүтээн байгуулалтад нь, ажлын байр бий болгоход нь хөрөнгө оруулалт хийх, төсвийн хуваарилалт, зарцуулалт, хяналтад иргэдийн оролцоо, эрхийг нэмэгдүүлэхэд энэхүү шинэчлэлийн зорилго оршиж байгаа юм.  Ингэхийн тулд хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар энэ онд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирлээ.

    НЭГД: Төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг УИХ баталснаар төсвийн төлөвлөлт, хариуцлага, удирдлагын шинэ зарчимд шилжиж бүтцийн томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг нэвтрүүлэх нөхцөл бүрдэж байна.

    Энэ хуулиар төсвийн зарлагыг хязгаарлаж, уул уурхайн салбараас орж ирэх бүх орлогыг үлдэгдэлгүй хуваарилах биш тодорхой хэсгийг нь тогтворжуулалтын санд хуримтлуулж, орлого буурсан үед уг сангаас төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шинэ зарчим бий болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, төсвийн орлогын тасалдлын үед хойд хормойгоор урд хормойгоо нөхөх зарчмаар ажилладаг хуучин хандлагыг халж, төсвийн санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгож буй хэрэг юм.

     Төсвийн тогтворжуулалтын сан нь төсвийн тогтвортой байдлыг хангах зорилтынхоо хүрээнд доод тал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээнд хүртэл санхүүгийн нөөцийг хуримтлуулах ба ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө бүрдэх хүртэл төсвийн орлогын тасалдлыг нөхөхөөс өөрөөр зарцуулагдахгүй, хуримтлал хэлбэрээр хадгалагдах хуультай бөгөөд түүнээс давсан хуримтлалын хөрөнгөөр дотоод болон гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийж эхэлнэ.

    Хөгжлийн энэхүү хөрөнгө оруулалт нь хамтарсан Засгийн газраас дэвшүүлээд байгаа төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний цахилгаан станц байгуулах, олон улсын болон Европын холбооны стандартын шаардлага хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг эдийн засгийн суурийг бэхжүүлэх, хөгжлийг түргэтгэх зорилготой, алсдаа ард түмэнд үр өгөөжөө өгөх томоохон төсөл арга хэмжээнд зарцуулагдахаар хуульчилсан.

    Төсвийн тогтворжуулалтын санд 2011 онд ойролцоогоор 164.6 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрөх төлөвтэй байна. Уул уурхайн ордуудын ашиглалттай холбоотойгоор 2013 оноос эхлэн тус сангаас хөгжлийн хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ хэмээн бид үзэж байгаа.
     
    ХОЁРТ: Засгийн газраас төсвийн шинэчлэлийн ажлын хүрээнд “Нэгдсэн төсвийн тухай”, “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулиудыг нэгтгэсэн “Төсвийн тухай” хуулийн төсөл, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг тус тус боловсруулан 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

    Эдгээр хуулийн төсөлд төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, хяналтад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг сайжруулах, улс орны хөгжлийн бодлого болон төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоог хангахаар тусгасан нь төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үр дүн өгнө гэж үзсэн.  Иймд эдгээр хуулийн төсөлд анхаарал хандуулахыг УИХ-аас хүсэж байна.

    Мөн төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулах талаар онцгой анхаарч, холбогдох албан тушаалтан болон шийдвэр гаргагч субьектуудын эрх хэмжээг тодорхой болгох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, улс төрийн намуудын нийгмийн болон төсвийн хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг төсвийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд авч үзэж байгаа юм. Ингэснээр төсвийн ил тод байдал сайжирч, хяналтын тогтолцоо чамбайрч “улсын мөнгийг идчих вий, засгийн мөнгийг завшчих вий” гэж хардах биш бодитой хариуцлага тооцох боломж бүрдэнэ.

    ГУРАВТ: Төв болон орон нутгийн төсвийн харилцааг боловсронгуй болгох, орон нутгийн эрх мэдэл хязгаарлагдмал байгаа байдлыг өөрчлөхөд анхаарч ирлээ. Өнөөгийн байдал нь орон нутгийн төсөв захирагчдын оролцоо нэн суларч, орон нутагт төсвөө бүрдүүлэх, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжилд төсвийн харилцааг бүрэн дүүрэн ашиглах тал дээр идэвх гаргахгүй, хариуцлагаас зайлсхийх сөрөг хандлагыг бий болгож байна.

    Иймээс төсвийн харилцааг шинэ шатанд гаргах, төвлөрлийг сааруулах цогц бодлогын хүрээнд төв, орон нутгийн төсвийн болон чиг үүргийн зүй зохистой хуваарилалтыг тогтоох цоо шинэ зарчмыг Төсвийн тухай хуулийн төсөлд тусгаж өгснийг энд дурдах нь зүйтэй. Цаашид орон нутгийн төсвийн суурь тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх санхүүгийн дэмжлэг олгохоос гадна зөвхөн тодорхой үйлчилгээнд орлогыг зарцуулах эрхтэй нөхцөлт шилжүүлэг тухайлбал, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж орон нутгийн хөгжлийг дэмжих нэгдсэн сангаас олгох шилжүүлэг болон нийслэл, хотын хөгжлийн хэрэгцээнд зориулж улсын төсвөөс олгох тусгай зориулалтын татаас зэргийг олгохын зэрэгцээ улсын төсөвт орон нутгаас орлого төвлөрүүлдэггүй байх тогтолцоонд шилжихээр төлөвлөж байна.

    Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжүүлэх эрхийг орон нутагт нь бүрэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Томоохон хэмжээний худалдан авалтыг төвлөрсөн байдлаар Засгийн газрын тусгайлсан агентлаг зохион байгуулж, салбарын яамд болон Төсвийн ерөнхийлөн захирагч нар тендер шалгаруулалт, зохион байгуулалтад оролцдоггүй байх тогтолцоонд шилжинэ.

    ДӨРӨВТ: “Засгийн газрын санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн удирдлагын тухай” хуулийн төслийг боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх болно. Монгол Улсын олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилласан өнгөрсөн 20 жилийн хамтын ажиллагаа шинэ төвшинд гарч, нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах боломж хязгаарлагдаж, харин зах зээлийн нийтлэг зарчим, нөхцөлөөр хөрөнгө мөнгө босгох, бүтээн байгуулалтын ажлаа санхүүжүүлэх шаардлага тулгарч байгаа тул энд эрх зүйн зохицуулалт зайлшгүй чухал боллоо. Иймд энэ хууль нь ирээдүйд бий болох мөнгөн хөрөнгийн хуримтлал, гадаадаас орж ирэх хөрөнгийн урсгалыг үр ашигтай удирдах, болзошгүй санхүүгийн дарамт, эрсдэлээс зайлсхийх шаардлагын улмаас Засгийн газрын авах зээл, гаргах баталгаа зэрэг шинээр бий болж буй нөхцөл байдалтай холбогдсон санхүүгийн нэн чухал харилцаануудын зохицуулалтыг шинэ төвшинд гаргах чухал ач холбогдолтой. Төсвийн шинэчлэлийн хүрээнд хийж буй хууль эрх зүйн эдгээр өөрчлөлт, шинэлэг зарчим нь ирэх оны манай улсын төсвийн эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэе.  

    Одоо төсвийн гадаад орчны талаар цөөн хэдэн зүйл хэлье.

    Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай  хамтран Дэлхийн эдийн засагт нүүрлэсэн хямралын улмаас макро эдийн засаг, банк, санхүүгийн салбарт бий болсон хүндрэлийг даван туулах, төсвийн тэнцвэрт байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн огцом алдагдлыг бууруулах зорилго бүхий “Стэнд бай” хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.

    Энэ хөтөлбөрийг Ази, Номхон далайн бүс нутагт амжилттай хэрэгжүүлсэн анхны орон болсныг хамтрагч талууд сайшаан тэмдэглэж байгаа. 
    Харин өнгөрсөн хугацаанд Засгийн газраас улсын гадаад өрийн асуудалд анхаарч, идэвх санаачилгатай ажилласны үр дүнд Монгол Улс гадаад улсад хугацаа хэтэрсэн өргүй болсныг Та бүхэнд мэдэгдэхэд таатай байна.

    Манай улс хугацаа хэтэрсэн гадаад өрийн дарамтаас гарч байгаа нь олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүд, тэдгээртэй холбогдуулан төр засгаас гаргаж буй хүчин чармайлтын үр дүнд бий болж буй нааштай өөрчлөлтүүдийн нэг бөгөөд төсвийн гадаад орчин илаарших, тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдэж буйн илрэл мөн.

    Түүнчлэн Монгол Улсын төсвийн бодлогын ил тод байдал, шинэчлэл, хариуцлагын тогтолцоонд ахиц өөрчлөлт байгааг улс орнуудад төсвийн бодлогын талаарх зөвлөгөө өгдөг “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас хийсэн судалгааны дүн харууллаа. Тус байгууллага нь улс орнуудын төсвийн бодлогын ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, иргэдийн оролцоог жил бүр судлан 100 хүртэлх онооны үнэлгээ өгдөг. Сүүлийн жилүүдийн судалгаагаар манай улсын үнэлгээ тогтмол нэмэгдэж 2010 онд өмнөхөөсөө бараг 2 дахин өсөж 60 оноо авлаа.

    Саяхан тус байгууллагын тайланд дурдсанаар Монгол Улсын Төсвийн бодлогод үзүүлсэн энэхүү амжилт нь Нэгдүгээрт Засгийн газрын бий болгосон техникийн процессын шинэчлэл, Хоёрдугаарт Засгийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагын хүчин чармайлт, Гуравдугаарт Хандивлагч орон, олон улсын байгууллагуудтай хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүн гэж үзсэн байна.

    Өөр нэг нааштай мэдээ гэвэл Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын Олон улсын зөвлөлөөс 2010 оны 10 дугаар сарын 19–ний өдөр Монгол Улсыг газрын тос, байгалийн хий, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт ил тод байдлыг хангасан орноор хүлээн зөвшөөрсөн тухай зарласан явдал юм.

    Монгол Улс анх 2005 онд ил тод байдлын Санаачилгыг хэрэгжүүлэх үүрэг авч, энэ хугацаанд 3 удаагийн тайлан, илтгэл гаргасан юм. Манай улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын шаардлагыг хангасан нь олон улсад Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд өсөж энэ чиглэлд хийж буй шинэчлэл, ахиц дэвшлийг үнэлсэн алхам боллоо.

    Түүнчлэн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын үнэлгээ хийдэг олон улсын Behre Dolbear группээс 2010 онд гаргасан тайлангаар Монгол Улс нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаар түлхүү хөгжсөн 25 улс орноос эхний 6-д эрэмбэлэгдлээ. Энэ бүхнийг ишлэхдээ гадаад орчин биднийг, Монгол Улсыг маань хэрхэн харж, үнэлж буйг нэмэр хачиргүйгээр нийт олондоо танилцууллаа гэдгээ тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

    Засгийн газар Оюу толгойн орд газрын  хөрөнгө оруулалтын гэрээг энэ 2010 онд байгуулж, Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хүлээгдэж байсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн ордыг ашиглах үзэл баримтлалыг УИХ-аас баталж эдийн засгийн эргэлтэнд оруулах эхлэлийг тавьсан нь хамтарсан Засгийн газар, түүнчлэн УИХ, Засгийн газрын хамтын хүчин чармайлтын үр дүн байлаа.

    Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн нь Монгол Улсын цаашдын хөгжилд өргөн боломж, давуу талыг авчирч байгаа учраас энэхүү таатай боломж нөхцөлийг аль болох бүрэн дүүрэн, ард түмэнд үр өгөөжтэй ашиглахын төлөө бид чармайн ажиллаж ирлээ.
    Ийнхүү нэг талаас манай улсын төсөв, санхүүгийн байдал тогтворжиж, гадаад валютын нөөцийн хэмжээ ихэсч, инфляцийн түвшний өсөлт саармагжин эдийн засгийн байдал тогтворжсон зэрэг нааштай өөрчлөлт ажиглагдаж байна.

    Гэвч нөгөө талд эдийн засгийн цаашдын хурдацтай өсөлтийг дагасан олон шийдвэрлэх асуудал биднийг хүлээж байна. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах, иргэддээ үр өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох, байгаль орчин, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн бүтцээ төрөлжүүлэх  чиглэлээр хийх ажил олон бий.

    Цаашид макро эдийн засаг, төсөв, санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах, банкны бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх, халамжийг хавтгайруулах бус харин авах ёстой иргэдэд нь хүргэх, ядуурал, ажилгүйдлийг бодитойгоор бууруулах, бүс нутгийн жигд хөгжлийг хангах талаар анхаарч ажиллах шаардлагатай байна.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,
    Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиудыг боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж,  өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж  буй хууль эрх зүйн орчин болон ирэх оноос хэрэгжиж эхлэхээр батлагдсан хуулийн хүрээнд Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг харгалзан үзсэн болно.

    Ирэх онд эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр байх төлөвтэй байна.

    Иймд Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн өсөлтийг хангах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, ажлын байр гаргах, хүн амын сурч боловсрох, эрүүл аж төрөх, амьдрах нөхцөлийг сайжруулах зэрэг Мянганы хөгжлийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлд тусгагдсан бодлогын арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх зорилтыг тавьж, эдгээр чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьсон. Энэ дагуу ирэх онд Хүний хөгжил сангаас иргэн бүрт сард 21,0 мянган төгрөг, оюутнуудын сургалтын төлбөрт 500,0 мянган төгрөгийг тус тус олгохоор тооцсоны зэрэгцээ бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих, бие даасан байдлыг хангах зорилгоор аймаг, сум бүрт төсвөөс олгох хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэн тооцлоо.

    Ирэх онд төсөвт төвлөрөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, ашигт малтмалын нөөц ашигласны, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн орлогыг  тооцохдоо дэлхийн зах зээл дэх алтны үнийг 1,250.0 ам доллар, цэвэр зэсийн үнийг дунджаар 8,425.0 ам.доллар, угаасан нүүрсний үнийг 128.0 ам доллараар  тус тус тооцож төсвийн төсөлд тусгалаа. 

    Хэдийгээр төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж байсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болгосноор 2011 оноос эхлэн орлого буурах хэдий ч орлогын бусад эх үүсвэрийг бүрэн дайчилснаар нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх жилүүдийнхээс нэмэгдэхээр байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд зааснаар 2011 оны хувьд “гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого”-д “ЗЭС” болон “НҮҮРС”-нээс төвлөрөх орлого хамаарч байна. Алтны хувьд дээрх шаардлагыг хангаж чадахгүй байгаа тул хамаарахгүй.

    2011 онд зэс, нүүрсний үнийг ОУВС-ийн сүүлийн 12 жилийн дундаж, “Bloomberg” агентлагийн 2010-2013 оны үнийн төсөөллийн дунджаар тооцоход төсөвт нийт 583.7 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Төсвийн зарлагын хувьд УИХ-аас баталсан 2010 оны төсвийн үзүүлэлтүүдийг суурь болгох, цалин тэтгэврийн хэмжээг 2010 оны түвшинд барих, төсвийн байгууллагын орон тоог нэмэгдүүлэхгүй байх, УИХ-аас Засгийн газарт өгсөн үүргийн дагуу орон тоо, бүтэцтэй холбоотой өөрчлөлтийг төсөвт тусгаж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 онд хэрэгжүүлэх арга хэмжээг 2010 оны түвшинд байлгахаар  тооцлоо.

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 2011 он онцлог жил болж байгаатай холбогдуулан шинээр эхлэн хэрэгжүүлэх барилга байгууламжийн тоог өмнөх жилээс нэмэгдүүлэх зарчмыг баримталснаар төсвийн нийт хөрөнгө оруулалтад шинээр эхлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний  эзлэх хэмжээ 42.8 хувь болж байна.

    Төсвийн нийт хөрөнгө оруулалтын 86.2 хувийг барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл хийхэд, 5.6 хувийг их засварын ажилд, 8.2 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад тус тус зарцуулахаар төлөвлөлөө. Орон нутгийн хөгжлийг дэмжих, бие даасан байдлыг хангах, төсвийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд 2011 онд аймаг бүрт 560.0 сая төгрөгөөр тооцсон нийт эх үүсвэрийг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, хүн ам, газар  нутгийн хэмжээ, ДНБ болон орон нутгийн татварын орлогын төвлөрүүлэлт зэрэг үзүүлэлтийг харгалзан хөрөнгө оруулалтад хуваарилах, нийслэлд 20.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулах эрх олгохоор төсвийн төсөлд тусгалаа.

    УИХ-ын дарга,
    Эрхэм гишүүд ээ,
    Монгол Улсын 2011 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн нийт орлого 3 их наяд 56.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.0 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 3 их наяд 251.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 41.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 194.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -2.5 хувьтай тэнцэхээр төсвийн төслийг боловсруулан танилцуулж байна. Та бүхнээс Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж өгөхийг хүсье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг шийдэв

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг шийдэв ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛЫН ДҮНГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ОРУУЛНА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Канад Улсад хийсэн албан айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 1973 оноос хойш 37 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Канад Улсад хийсэн анхны айлчлал нь энэ юм. Сүүлийн жилүүдэд эрс эрчимжиж байгаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бататгах, улс төр, эдийн засгийн  харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, яриа хэлэлцээг тогтмолжуулах, эх орноо Канадад сурталчлан таниулах, ажил хэрэгч хүмүүсийг холбоход айлчлал чухал ач холбогдолтой боллоо гэж Засгийн газар үзэж байна.

    Канад Улс байгалийн нөөц ашиглалт, уул уурхай, тээвэр холбоо, хөдөө аж ахуйн салбарт баялаг туршлагатай, эрс тэс уур амьсгалдаа зохицсон техник, технологи хөгжүүлсэн. Иймээс Канадыг Монгол Улсын хөгжлийн загвар орон болгох, хөгжлийн шилдэг туршлага, техник, технологи, стандартыг нэвтрүүлэх зорилт нь чухал ач холбогдолтой гэж хоёр улсын Засгийн газрын тэргүүний түвшинд үзсэн байна.

    Айлчлалын үеэр хэд хэдэн салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааны эрх зүйн суурийг улам бататгасан. Мөн айлчлалын дүнгээр талууд Хамтарсан мэдэгдэл гаргасан нь харилцаа, хамтын ажиллагааныхаа өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын төлөв, чиглэлээ тодорхойлон, талуудын харилцааны түвшинг шинэ шатанд гаргах эхлэлийг тавьж, итгэлцэл, ойлголцол гүнзгийрэхэд ач холбогдолтой болжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын Канад Улсад хийсэн айлчлал богино хугацаанд ажил хэрэгч, үр дүнтэй болж айлчлалын хүрээнд дэвшүүлсэн зорилтоо бүрэн биелүүлсэн гэж үзлээ.

    Мөн хуралдаанаар Ерөнхий сайд С.Батболд Нью-Иорк хотноо 2010 оны 9 дүгээр сарын 20-27-нд ажиллан, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

    ЛОГИСТИКИЙН ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

    Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Байнгын хороод дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргах болов.

    Төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк 40 сая ам долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам долларын буцалтгүй тусламж олгохоор төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд Замын-Үүдийн хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилгоор ачааны холимог тээвэр, логистикийн үйлчилгээг хөгжүүлэх, Замын-Үүд өртөөнд холимог тээврийн терминал, аж ахуй, логистикийн үйлчилгээ бий болгох юм.

    Буцалтгүй тусламжийн хөрөнгийг зөвлөх үйлчилгээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зардал, байгаль орчин, газар шорооны ажилд зарцуулах бөгөөд Засгийн газрын хөрөнгөөр тоног төхөөрөмж худалдан авч, замын ажил, дотоод татвар, магадлашгүй зардал зэргийг 2012-2015 онд санхүүжүүлнэ. “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам 2011 оны 6 дугаар сараас эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

    БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН АРИЛЖАА НЭВТРҮҮЛЭХИЙГ ДЭМЖИВ

    Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх, хадгалах стандартууд хэрэгжих, үйлдвэрлэгчид улирлын чанартай бэлтгэдэг түүхий эдээр тасралтгүй хангагдах урьдчилсан нөхцөл бүрдэх юм.

    Бирж нь зөвхөн арилжааг зохицуулах чиг үүрэг гүйцэтгэж, харин арилжааны зуучлагч /брокер/ болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн санаачлагаар бий болсон хоршоод нь бараа, түүхий эдийг чанарын шаардлагад нийцүүлэн анхан шатны тордолт хийж, биржид цахим хэлбэрээр арилжихаар хуулийн төсөлд тусгаад байна. Ингэснээр хөрөнгө, цаг хугацаа хэмнэхээс гадна суманд байгаа анхан шатны нэгж хоршоод ямар нэг шат дамжлагагүйгээр биржийн арилжаанд оролцох боломж бүрдэх юм.

    Зуучлагч /брокер/ нь бараа, түүхий эдээ орон нутгаасаа шууд экспортод гаргах тохиолдолд  биржид цахим хэлбэрээр бүртгүүлж, орон нутгаасаа гарал үүслийн гэрчилгээ авахаар төсөлд тусгасан байна. Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага батлах бөгөөд бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржид бүртгүүлэх буюу биржээр дамжуулан арилжихаар заасан байна. Энэ нь түүхий эдийн худалдааны урсгалыг хянах, хууль бус экспортыг зогсоох, татвар төлөлтийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.

    Биржийн арилжаанд зуучлагч /брокер/ болон хоршоо оролцохоор төсөлд тусгасан нь малчид, тариаланчид хамтрах, түүхий эдээ ангилж тордон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон үнэ хүргэж, орлогоо тогтворжуулах боломж бүрдүүлэх юм. Биржийн арилжааны оролцогчид бараа, түүхий эдээ арилжаанд бэлтгэх зорилгоор анхан шатны тордолт хийхэд нь шаардагдах байр, хүн хүчний хэрэгцээг харгалзан төрөөс дэмжих тухай ч хуулийн төсөлд тусгаад байна.

    ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
     
    Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

    Төсөлд олгох зээлийн нийт дүн 7 сая евро, зээлийн эргэн төлөх хугацаа нь 40 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү 0,75 хувь юм. Төслийн зээлийн хөрөнгөөр ирэх жилээс Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.72 км хатуу хучилттай замыг шинэчлэн, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон хүртэл 16.6 км хатуу хучилттай зам тавих юм. Дэд бүтэц сайжирснаар сумдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид хүнсний баталгаатай бараа бүтээгдэхүүнээр нийслэлчүүдийг хангаж, импортын хүнсний  бүтээгдэхүүнээс хараат байдгийг багасгах юм.

    ТЕЛЕВИЗ, РАДИОГ ЗОХИЦУУЛНА

    Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Телевиз, радио нь олон нийтийн санаа бодол, хандлагыг өөрчлөх хүчтэй хэрэгсэл тул зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болсон байна. Дээрх салбарт ашигладаг радио долгионыг үндэсний эрх ашгийн төлөө ашиглах, соёл, уламжлал, зан заншил, хүүхдийн хүмүүжилд нөлөөтэй оролцогчийнх нь хувьд үйл ажиллагаа, эзэмшигч, хөрөнгө оруулагч нь ил тод,  ёс зүйн дүрэмтэй байх шаардлагатай. Мөн шударга өрсөлдөөний зарчим, дүрэм, журам, хязгаарлалт, хариуцлага болон хяналтын систем нь хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байх зэрэг үндэслэлээр телевиз, радиогийн зохицуулалт хийх шаардлагатай гэж Засгийн газар үзлээ.

    Зохицуулалтын журам, телевизийн нэвтрүүлэгт тавигдах нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох, телевизэд мөрдөх мэргэжлийн болон ёс зүйн дүрмийг батлаж мөрдүүлэхэд зохих хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгалаа. Ингэхдээ Монголын телевизүүдийн холбоо зэрэг мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллахыг зөвлөмж болгов.

    Зохицуулалт хийснээр үндэстний эрх ашиг, соёл уламжлал, зан заншлаа дээдэлсэн, үзэгчдийн таашаалд нийцсэн, өрсөлдөөнт, үр ашигтай телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн салбар олон улсын жишгээр хөгжихөд түлхэц болно гэж үзэж байна.Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэлийг боловсруулахад мэргэжлийн холбоо, тухайлбал Монголын телевизүүдийн холбоог  оролцуулсан нь томоохон дэвшил гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

    Телевиз, радиогийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, мэргэжлийн холбоод, холбогдох төрийн бус байгууллагын саналыг авч зөвшилцөн 2011 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Харилцаа, холбооны зохицуулах газар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт даалгав.  
     
    ТООН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ ШИЛЖИНЭ

    Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “ Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ” гэж заасан. Энэ дагуу боловсруулсан Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж 2014 оны 7 дугаар сарын 31-ний 00 цаг хүртэл хугацаанд бэлтгэл ажлаа хангах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаар шийдлээ.

    Хөтөлбөрийг 2010-2015 онд хэрэгжүүлэх бөгөөд 4 зорилт дэвшүүлж, тоон өргөн нэвтрүүлгийн сүлжээнд үе шаттай шилжүүлэх, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулжээ.

    Тоон технологид шилжсэнээр радио, телевизийн нэвтрүүлгийн дуу, дүрсийг чанарын өндөр түвшинд хүлээн авах, дамжуулах мэдээллийн багтаамжийг нэмэгдүүлэх, радио давтамжийн ашиглалтыг сайжруулах, шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг иргэдэд хүргэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдэнэ.

    Мөн төрийн үйлчилгээ иргэдэд шуурхай хүрч, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сувгийн тоо нэмэгдэн, мэдээлэл холбооны шинэ төрлийн үйлчилгээ нэвтэрч, үйлчилгээний хамрах хүрээ, хүртээмж нэмэгдэнэ. “Тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 47,4 тэрбум төгрөгийг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны санхүүжилт зэргээс бүрдүүлэх юм.

    Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2006 онд хуралдсан Радиогийн их хурлаас 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээгээ тоон технологид шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Өнөөдрийн байдлаар гадаадын 10 гаруй улс тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн. Европын бүх орон 2015 он, Австрали, Япон, БНСУ, БНХАУ-ын Засаг захиргааны Тусгай бүс-Хонконг, Тайвань, Малайз, Шинэ Зеланд, Филиппин зэрэг улс 2013 онд аналог өргөн нэвтрүүлгийн систем, сүлжээгээ бүрэн зогсоохоо албан ёсоор зарлаад байна. 

    ТОВЧХОН

    • Олон улсын хорио цээрт, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн малыг устгаж малчдад нөхөн олговор олгоно. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн нөхөн олговрын зардалд Дорнод аймагт 758 сая 356 мянган төгрөг,   Сүхбаатар аймагт 1 тэрбум 399 сая 717 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Сүхбаатар аймагт 16264 мал шүлхийгээр өвчилснөөс 16245 малыг, Дорнод аймагт 6952 мал өвчилснөөс 6951 малыг устгажээ. Голомтод үзлэг танадалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэхэд аймаг, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын 1620 хүн, 328 автомашин, механизм, 84 мотоцикл, ариутгалын 47 цэг, хөдөлгөөнт хяналтын 114 цэг ажиллаж байна.

    • Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн Санхүүжилтийн хэлэлцээр болон “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    • “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлтэд хяналт тавих чиглэлээр мэдээлэл солилцон хамтран ажиллах журам”-ыг баталлаа. Журамд гадаад харилцааны, эрүүл мэндийн, байгаль орчны, тагнуул, цагдаа,  гааль, хилийн тагнуул, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, үржлийн байгууллагын эрх, үүргийг тусгасан байна. 

    • 2010 оны 11 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд БНАЛАУ-ын Вьентьян хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Эрүүл мэндийн сайд, комиссын Монголын хэсгийн дарга С.Ламбаад даалгалаа.

  • О.Декамп: Монголын нэр хүнд дэлхийд өссөн

    О.Декамп: Монголын нэр хүнд дэлхийд өссөн Оюутолгой, Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын нэр хүнд дэлхийд өссөн гэж Европын Сэргээн босголтын банкны Турк, Зүүн Европ болон Төв Азийн асуудал хариуцсан захирал Оливье Декамп хэллээ. Тэрээр 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

    Монгол Улс Европын Сэргээн босголтын банк дахь зэрэглэлээ нэмэгдүүлэн зээлжих эрхтэй гишүүн орон болсон. Үүнээс хойш 360 сая ам долларын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил, уул уурхайн салбарт авч ашиглаж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Хөрөнгө оруулалтаас гадна хувийн хэвшлийн бүтцийн өөрчлөлтийг дэмжих, компаний засаглалыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаад тэрээр талархлаа илэрхийллээ.

    Монгол Улсын Засгийн газарт шинэчлэл хийх эрмэлзэл байгаа бөгөөд санхүү, татварын орчин нь итгэл найдвар төрүүлж, хамтран ажиллахад урамтай байна гэж Оливье Декамп хэлэв. Европын Сэргээн босголтын банк цаашид манай улсын аялал жуулчлал, эмийн үйлдвэрлэл, харилцаа холбоо зэрэг салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

    Манай улс 2009-2011 онд Европын Сэргээн босголтын банктай хамтран санхүүгийн системийг нэгтгэх, бэхжүүлэх, эрдэс баялгийн удирдлага, эдийн засгийн суурийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, төрийн мэдлийн дэд бүтцийг арилжааны хэлбэрт шилжүүлэх, түүнд хувийн хэвшлийн оролцоог хангахыг хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна

  • Орос-Монголын парламентын бүлгийн дарга айлчилж байна

    Орос-Монголын парламентын бүлгийн дарга айлчилж байнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай оронд айлчилж байгаа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум дахь Орос-Монголын парламентын бүлгийн дарга, Экологи, байгалийн нөөц ашиглалтын хорооны орлогч дарга В.Г.Малеев тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

    Манай хоёр орон бүх салбар дахь уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа стратегийн түншлэлийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлсэн. Өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд ч тогтмолжиж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв.

    Уулзалтын үеэр хил орчмын худалдаа, эдийн засгийн харилцааг либералчилж эргэлтийг нэмэгдүүлэх, төмөр зам, дэд бүтэц, хийн хоолой, уран, ОХУ-д мах экспортлох зэрэг чиглэлээр санал солилцов

  • Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна

    Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Шадар сайд Бүлэнт Арынч тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав. Турк Улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэх талаар бүх нийтийн санал хураалтаа амжилттай явуулсанд Ерөнхий сайд баяр хүргээд Улаанбаатар хотноо болж байгаа Монгол-Туркийн Хамтарсан хорооны хуралд амжилт хүсэв.

    Түүхэн харилцаатай манай хоёр улсын эдийн засаг, нийгэм, боловсролын салбар дахь амжилттай харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих боломж байгааг тэрээр хэлээд “Орхон говь” төслийг хамтран хэрэгжүүлэхэд анхаарахыг хүслээ.Монгол, Турк Улс хэдийгээр газар зүйн хувьд хол оршдог ч түүхийн улбаатай харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгааг Шадар сайд Бүлэнт Арынч тэмдэглэв.

    Тэрээр албан ёсны айлчлалынхаа хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нартай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Тухайлбал Стамбул-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг хийх, транзит тээврийг хөгжүүлэх, эрчим хүчний салбарт хамтрах, Туркийн хөрөнгө оруулагчид, барилгачдыг монголд оруулах боломжийн талаар ярилцжээ.

    Турк Улс манай улсын цэргийн салбарт туслалцаа үзүүлэх тухай Санамж бичигт удахгүй гарын үсэг зурах бөгөөд үүний дараа Элчин сайдын яамандаа харилцан цэргийн атташе суулгахаар төлөвлөж байна. Терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, ялангуяа хүн наймаалах хэрэгтэй хамтран тэмцэх, монголчуудын нэгэн адил туркийн иргэд монголд 1 сар визгүй зорчих зэрэгт анхаарахыг Шадар сайд Бүлэнт Арынч хүслээ.

    Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад албан ёсоор урьсан урилгаа Ерөнхий сайд С.Батболд дахин нотлов

  • Ерөнхий сайд С.Батболд: Монгол Улс иргэнийхээ бүртгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүлж байна

    Ерөнхий сайд С.Батболд: Монгол Улс иргэнийхээ бүртгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүлж байна Монгол Улсын иргэний  шинэчилсэн бүртгэлийн ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл

    Улсын Их Хурлын дарга,
    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
    Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

    Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болгож бэхжүүлэх, үйл ажиллагааг сайжруулж төгөлдөршүүлэх нь Засгийн газрын хөтөлбөрт туссан гол зорилтуудын нэг мөн. Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний цогц бодлого”, Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-т төрийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэтгэж, эрх зүйн орчин, мэдээлэл, технологийн дэд бүтцийг бүрдүүлж, улсын бүртгэлийн үйл ажиллагааг үнэн зөв, бодитой хөтлөх зорилтыг дэвшүүлэн тавьсан билээ.

    Эдгээрийн хүрээнд Улсын Их Хурлаас 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг баталснаар бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох эрх зүйн орчин бүрдсэн. Мөн Хүний хөгжил сангийн тухай хуулиар Хүний хөгжил сангаас хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний бүртгэлийн зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээхээр хуульчилсан.

    Улсын Их Хурлын 2009 оны 85 дугаар тогтоолоор Хүний хөгжил сангаас иргэн бүрт хишиг, хувь хүртээхдээ иргэний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох зорилттой уялдуулан зохион байгуулахаар болсон. Мөн оны  100 дугаар тогтоолоор Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг хишиг, хувь хүртээх үйл ажиллагаатай уялдуулах, иргэний ухаалаг үнэмлэх олгох суурь дэд бүтэц, биеийн өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бий болгох талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан билээ.

    Ашигт малтмал, уул уурхайн салбараас олсон орлого, нийгмийн баялгийн шударга хуваарилалт нь халамжийн үйлчилгээний тэгш хүртээмжтэй шударга тогтолцоо, иргэний бүртгэлийн давхардал, зөрчилгүй байдлаас шууд хамааралтай. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хүний хөгжил сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.

    Монгол Улсын иргэний бүртгэл нь мэдээлэлд суурилсан хэлбэрээр хөтлөгдөж ирсэн түүхтэй. Харин одоо орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр баталгаажуулснаар Монгол Улс иргэнийхээ бүртгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүлж байгааг онцлон тэмдэглэж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн бас нэг давуу тал нь иргэний гэрэл зургийг авч дижитал зургийн сан үүсгэх нөхцлийг бүрдүүлж байгаа явдал юм.
    Иймээс Хүний хөгжил сангийн тухай хуульд заасны дагуу иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн иргэн эх орныхоо байгалийн баялгаас хишиг, хувь хүртэх бүрэн эрх нь нээгдэх юм.

    Төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэдийнхээ эрхийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад шинэчилсэн бүртгэлийн гол ач холбогдол оршиж байгаа болно. 

    Иргэний шинэчилсэн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, цахим үнэмлэх олгох суурь дэд бүтцийг бий болгож, хэрэглээнд оруулж ашиглах нь бидний дараагийн томоохон зорилт юм.Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг хуульд заасан чиг үүргийн дагуу  Улсын бүртгэлийн ерөнхий газарт улсын хэмжээнд удирдах үүрэг бүхий ажлын хэсэг, нийслэл, орон нутагт Засаг даргын орлогч болон Засаг даргын Тамгын газрын даргаар  ахлуулсан зохион байгуулах дэд ажлын хэсгүүдийг ажиллуулж байна.

    Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажилд Улсын бүртгэлийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн 707, сум, дүүрэг, хорооны 524 бүртгэлийн ажилтнаас гадна 502 гэрээт ажилтныг түр хугацаагаар нэмж ажиллууллаа. Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах бэлтгэл ажлын хугацаанд ажлын хэсгүүд байгуулан холбогдох дүрэм, журам, заавар боловсруулж, бүртгэлийн зөрчил арилгах аян, сургалт семинар явуулан хүний нөөцийг бүрдүүлэх, дадлагажуулах, бүртгэл явуулах аюулгүй орчин бий болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Үүнээс гадна сум, хорооны 468 анхан шатны бүртгэлийн нэгжийг зөөврийн компьютер, гэрэл зургийн камер, хурууны хээ авах сканнер, маягт хэвлэх принтер болон бар код уншигч зэрэг тоног төхөөрөмж, програм техникээр хангав.

    Шинэчилсэн бүртгэлийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэхийн тулд орчин үеийн шийдэлд тулгуурласан үндсэн 16 программ хангамжийг шинээр боловсруулан ашиглаж байна.

    Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын дагуу бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр  2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг улсын хэмжээнд эхлүүллээ. Иргэний шинэчилсэн бүртгэлийг 21 аймгийн 331 сум,  нийслэлийн 9 дүүргийн 132 хороо, нийт 468 бүртгэлийн нэгжид хийж байна. Анхан шатны бүртгэлийн  мэдээллийг аймаг, дүүрэг бүр хүлээн авч Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж байна.

    2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд нийт бүртгэгдвэл зохих иргэний 76.9 хувь буюу 1 458 027 иргэн хамрагдсан. Үүнээс нийслэлийн хэмжээнд 74.7 хувь буюу 601 220 иргэн, орон нутгийн хэмжээнд 78.5 хувь буюу 856 807 иргэн бүртгэлд хамрагдаад байна.

    Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил Дундговь аймагт 90.0, Өмнөговь аймагт 89.3, Баянхонгор аймагт 88.4, Дорноговь аймагт 88.7, Архангай аймагт 87.5, нийслэлийн Багануур дүүрэгт 91.5,  Багахангай дүүрэгт 84.7, Чингэлтэй дүүрэгт 82.6 хувьтай байна. Харин Баян-Өлгий аймагт 62.5, Ховд аймагт 66.6 хувьтайгаар бүртгэлийн ажил удааширалтай байна.

    Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт иргэний шинэчилсэн бүртгэлд мэдээлэл нь тулгагдсан, бүртгэлийн зөрчилгүй иргэний нэрийн жагсаалтыг шилжүүлэх ажлыг 12 удаа зохион байгууллаа. Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 712 037 иргэний мэдээллийг шилжүүллээ.
    Төрсний гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн, овог, нэр нь зөрсөн, иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг иргэний баримт бичгийн зөрчил нийтлэг байна.

    Дээрхи зөрчлийг арилгах үүднээс орон нутгийн улсын бүртгэлийн нэгжүүдэд болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт үйлчилгээний ачаалал нэмэгдэж, 3 сарын хугацаанд тус газраас зөвхөн төрсний гэрчилгээний лавлагааг 97918 иргэнд олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм. Баримт бичгийн зөрчилтэй иргэдийн 46,2 хувийг төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн сангийн зөрүүтэй мэдээлэл эзэлж байна.
    Иймд баримт бичгийн зөрчлийг арилгуулах, 1951 оноос хойш төрсөн иргэний төрсний гэрчилгээний лавлагааг шуурхай олгох зорилгоор энэ оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Иргэний баримтын төв архив 24 цагаар ажиллаж, 1 хоногт 1600 орчим лавлагааг иргэдэд олгож байна. Түүнчлэн иргэдэд 7 цонхоор архивын үйлчилгээ үзүүлдэг байсныг 14 болгон үйлчилгээний хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлэв.

    Мөн иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн хороодын ажлын цагийг нэмэгдүүлэн долоо хоногийн “Бямба” гариг бүрт ажиллуулж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах, сурталчлах ажлын хүрээнд төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж байна. Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон цэрэг татлагын үеэр шинэчилсэн бүртгэлийн явуулын цэгүүдийг аймаг, нийслэлийн цэрэг татлагын товчоонд  ажиллуулсан нь үр дүнгээ өглөө.

    Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил эхлээд 3 сар болсон хэдий ч энэ ажлын явц улсын хэмжээнд 76.9 хувьд хүрлээ. Энэ нь шинэчилсэн бүртгэлийн ажил төлөвлөсөн хэмжээнд явагдаж байгааг харуулж байна. Цаашид Засгийн газраас иргэдийг бүртгэлд бүрэн хамруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно. Юуны өмнө орон нутгаас нийслэлд ирж суралцаж бүртгэлд хамрагдаагүй оюутныг тухайн сургуулиар нь, хугацаат цэргийн алба хаагчид тэдний гэр бүлийг анги нэгтгэлээр нь, хорих ял эдэлж байгаа иргэнийг хорих ангиар, эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн очих боломжгүй хүнийг гэрээр нь бүртгэх ажлыг зохион байгуулна.

    Мөн 2011 оноос хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол Улсынхаа иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Улсын бүртгэлийн байгууллагын ажлын ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан архивын байрны багтаамжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг ч авах болно. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл, түүний үр дүнд бий болсон мэдээллийн бааз нь цахим иргэний үнэмлэх нэвтрүүлэх анхдагч, суурь дэд бүтэц  болох юм.

    Ингэснээр төрийн бодлогын нэгдмэл чанарыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, төрөөс иргэд болон бизнесийн байгууллагад үзүүлэх нийгмийн бүх салбарыг хамарсан үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай болгох, иргэний нэгдсэн бүртгэл төгөлдөрших боломж бүрдэж байна.

    2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр                                                    Төрийн ордон

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын “Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа” залуучуудын үндэсний зөвлөлгөөнд хэлсэн үг

    Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын “Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа” залуучуудын үндэсний зөвлөлгөөнд хэлсэн үгЭрхэм залуучууд аа,
    Хүндэт зочид, төлөөлөгчид өө

    “Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний зөвлөлгөөнд оролцогч залуус та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

    Энэхүү залуучуудын үндэсний зөвлөлгөөн нь НҮБ-аас гаргасан Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, хүний хөгжил, залуучуудын олон талт асуудлуудаар халуун яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, та бүгдийнхээ манлайлал, шинэ санаачилгыг дэмжих, хамтран ажиллахыг уриалсан чухал арга хэмжээ хэмээн үзэж Засгийн газар дэмжин оролцож байна. НҮБ, түүний Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүн амын сан ч ийм итгэл найдвараар дэмжиж байгаа гэдэгт итгэж байна.

    НҮБ-аас дэлхийн залуучуудын үйл ажиллагааны хөтөлбөрийг 1995 онд батлан хэрэгжүүлсэн нь даян дэлхийн залуусын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, тэдний нийгмийн олон талт оролцоог хангахад чиглэсэн чухал алхам болсон юм. Монгол Улс ч гэсэн залуучуудынхаа санал санаачилгыг дэмжих, нийгмийн идэвх зүтгэлийг бий болгох талаар олон арга хэмжээ авч ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар 1998 оныг “Залуучуудын” жил, 2002 оныг “Оюутны” жил болгон зарлаж, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэсээр ирсэн билээ.

    “Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа” сэдэвт хурлаар залуучуудын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн өнгөрөх биш шийдвэрлэх арга замыг нь олж харах ёстой. НҮБ-аас гаргасан Мянганы хөгжлийн зорилтуудыг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, санал бодол, дуу хоолойг сонсох нь чухал ач холбогдолтой. Залуучуудынхаа энэхүү үзэл бодол, байр суурийг хурлаас гарах зөвлөмжид тусган Мянганы хөгжлийн зорилтод хүрэхийн тулд санал сэтгэл нэгдэн ажиллаж, хөгжил дэвшлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлнэ гэдэгт итгэж байна.

    Миний бие өнгөрсөн сард болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцож Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрхэн ханган биелүүлэх талаар байр сууриа илэрхийлэхдээ: “Мянганы Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэхдээ салбар дамнасан, оролцоог хангасан, хүн төвтэй арга барил баримтлах, хөгжлийн амжилтын суурь болох засаглалыг сайжруулах, цаашдын үйл ажиллагаандаа илүү сайн мониторинг, үнэлгээ хийж ажиллах болно” гэдгээ илтгэсэн.

    Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхийн төлөө санаа нэгдэн тууштай зүтгэн, энх тайван, эрх чөлөө, ахиц дэвшлийн үзэл санааг залуучуудын дунд түгээн дэлгэрүүлэх зорилтот үйл ажиллагааг бүхий л түвшинд дэмжихийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас уриалсныг бид талархан хүлээж авсан. Тийм ч учраас Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас зарласан Олон Улсын Залуучуудын жилийг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх ёстой. Монгол орон даяар олон улсын Залуучуудын жилийн аяныг эхлүүлсэн бөгөөд цаашид илүү үр дүнтэй олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг холбогдох шат шатны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байна.

    Мөн өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэн ажиллах хэрэгтэй бөгөөд энэ санаачилгыг зөвхөн Засгийн газрын ажил гэлгүй холбогдох иргэд, байгууллагууд хамтран зохион байгуулахыг уриалж байна. Мөн хуралд хүрэлцэн ирсэн та бүхэн ч гэсэн бусдаасаа үлгэр жишээ авч, өөрсдийн удирдаж буй байгууллага, хамт олноо уриалан залуучуудынхаа дунд олон талт хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    Залуус аа,
    Манай Хамтарсан Засгийн газар бодлого, зорилгоо “Хүний хөгжил”-д чиглүүлж байна. Аливаа улс орон хүнийхээ хөгжлийг хангаж байж л хөгжилд хүрдэг. Хөгжлийн төлөө хүний нэн тэргүүний хэрэгцээ бол боловсрол, мэдлэг, эх орон, ард иргэдээ гэсэн сэтгэл юм. Бид Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж байгаа. Монгол залуу хүн өөрийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн бусад орны залуустай адил хэмжээнд сэтгэж, бодож, бүтээж, нэр төртэй явах нь Монгол Улсын өрсөлдөх чадвар, хөгжлийн хамгийн гол илэрхийлэл юм.

    Энэ оны эхний байдлаар манай улсын хүн амын 66.8 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг гэсэн тоо байна. Тиймээс Монгол бол залуучуудын орон. Залуучууд та бүхэн манай улсын хамгийн том баялаг. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн тайлангаас үзэхэд дээд боловсролтой төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин  дөнгөж 35.5 хувьтай байна. Тэгэхээр хүн амын ихэнх хувийг эзэлж буй залуучуудын өмнө бас хамгийн том асуудлууд тулгамдаж байна гэсэн үг. Залуучуудынхаа өмнө тулгамдаж буй энэ мэт асуудлыг шийдвэрлэх, санал санаачилгыг дэмжиж тэтгэх нь улс орныхоо ирээдүйг харсан алс хэтийн бодлого мөн.

    Монголын хүн амын ихэнхийг бүрдүүлж буй залуучууд та бүхний асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага өнөөг хүртэл байхгүй байна. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газраас залуучууд, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулах талаар санаачилга гарган ажиллаж байна. Төр засгийн зүгээс залуучуудын талаар баримтлах бодлого, үйл ажиллагаагаа улам тодорхой болгох, дэлхийн хэмжээний боловсролын стандартыг нутагшуулах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, эрүүл мэндийг нь хамгаалах талаар хийх ажил олон байна.

    Бас залуучуудаа илүү нийгмийн хариуцлагатай болгож,  хийж бүтээх эрхийг нь өгөх хэрэгтэй. Эдгээр бодлогын хүрээнд Засгийн газар гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сурч боловсорсон залуусаа эх орныхоо хөгжилд оролцуулах зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлүүллээ. Мөн гадаадын өндөр хөгжилтэй орнуудад залуусаа сургах талаар олон ажил хийж эхлүүлж байна. Энэ жилээс эхлэн уул уурхай, дэд бүтцийн салбарын томоохон бүтээн байгуулалтын ажилд залуучуудаа өргөнөөр татан оролцуулах зорилгоор МСҮТ-ийг олноор нь бий болголоо.

    Нобелийн Энхтайваны шагналт зохиолч Анатоль Франс хэлэхдээ “Аугаа их зүйлд хүрэхийн тулд бид ажиллаад зогсохгүй илүү их мөрөөдөх хэрэгтэй. Төлөвлөхийн хажуугаар итгэх шаардлагатай гэж хэлсэн байдаг.” Тиймээс ч дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг эх орондоо бий болгох үндэс суурийг тавихын төлөө бид мөрөөдөж, төлөвлөж, илүү их итгэл та бүхэнд өгч ажиллаж байна.

    Эрхэм Залуус аа,
    Монгол Улсын маань хувьд, өнөө цаг үед хөгжил дэвшлийн үүр гийж байна. Эдийн засаг нийгмийн хүнд үеүдийг давж, нойрноосоо сэрж, их хөгжлийн гараан дээр ирлээ. Энэ нь нэг жилийн, нэг хүний, нэг үеийнхний асуудал биш бөгөөд монголчуудыг угтан ирж буй олон арван жилийн өнгийг залуус та бүхэн хамтдаа тодорхойлох учиртай.

    Залуу хүн бүр эрдэм боловсролтой, хүнлэг, энэрэнгүй, хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, алсын хараатай байхаас гадна Монгол Улсдаа эзэн нь байх ёстой гэдгээ мартаж болохгүй. Өчигдөрхөн “Нэр төрөө эрхэмлэх дэлхийн өдөр”-ийг залуучууд өөрсдөө санаачлан улс даяараа зохион байгууллаа. Монголчууд бид нэр төрөө ихэд эрхэмлэж ирсэн ард түмэн. Бидний өвөг дээдэс “Энэ бие хэврэг, Эрхэм нэр мөнх” гэсэн сайхан үгийг мөрдлөг болгож ирсэн. Залуу хүн бүр нэр төрөө нэн эрхэмлэх учиртай. Яагаад гэвэл, та бүхний ирээдүй урд тань байна.

    Шинэ амьдралынхаа гараан дээр шалихгүй зүйлээр нэр төрөө сэвтээвэл насан турш гэмшин харуусах болно. Иймд эрхэм нэр төрийг эхнээс нь хайрлаж хамгаалж явах нь хамгийн чухал. Тухайн хүний нэр төрийг мөнхлөх үйлс нь хөдөлмөр бүтээл, туурвил билээ. Нэр төртэй амьдрахын тулд “Эх орондоо юу хийж чадах вэ?” гэж өөрөөсөө юун түрүүнд асуудаг байх ёстой. Түүндээ хариулт олж амьдралд хэрэгжүүлж чаддаг байх нь чухал.

    Ирээдүйн хөгжил, цэцэглэлтийн төлөө яриа хэлэлцээ өрнүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий энэхүү зөвлөлгөөний үеэр нийтийг хамарсан, ажилгүйдэл, ядуурлыг багасгах, байгалийн гамшигтай тэмцэх асуудлуудыг дэвшүүлэхийн зэрэгцээ залуучуудын соёл, боловсрол,  ёс суртахуун, гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн оролцоо зэрэг өргөн хүрээтэй зүйлсэд онцгой анхаарал хандуулан бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэхийг та бүхнээс хүсэн хүлээж байна.

    Тулгамдсан олон асуудал байгаа хэдий ч өөрчлөлтийг санаачлан, бусдыгаа уриалан шинэ технологийг бүхнээс урьтаж ашиглан, XXI зуунд тэгш боломж, тэгш байдлыг хангах зам харгуйн шан татахад манлайлан оролцох хэрэгтэй. Бид хамтдаа Монгол Улсаа хурдацтай хөгжлийн замд оруулж, эдийн засгийн хувьд хараат бус бие даасан болгох боломж бүрэн байна. Үүнд залуучууд та бүхний минь хичээл зүтгэл, итгэл сэтгэл, бүтээлч санаачилга, холын бодол, алсын хараа нэн хэрэгтэй.

    Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтэд залуучуудын оролцоог хангах, залуучуудын өмнө тулгамдаж буй олон асуудлын шийдлийг энэ хурлаас хүлээж байна. Учир нь залуучуудын төлөөлөл та бүхэн өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө санал санаачилга гарган шийдвэрлэхэд оролцох ёстой. Залуучуудаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших, баталгаатай ажлын байраар хангагдах, шийдвэр гаргах бүхий л түвшинд дуу хоолойг нь хүргэх, оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү үндэсний чуулганд оролцогчдын идэвхи санаачилга чухал болохыг зориуд онцлон тэмдэглэж байна.

    Та бүхний гаргасан шинэ шийдэл, сайн санаачилга, зорилгодоо хүрэх гэсэн хүсэл тэмүүлэл, үйл ажиллагааг Засгийн газрын тэргүүний хувьд дэмжиж ажиллах болно. Залуучууд та бүхнийг Мянганы хөгжлийн зорилтуудад тулгуурлан тодорхойлсон санал зөвлөмж, эрхэм зорилгоо хэрэгжүүлж, улс орныхоо хөгжлийн төлөө нийгмийн салбар бүрт шинэ манлайллыг бий болгон ажиллахыг хүсье.

  • Залуучуудынхаа хүсэл тэмүүлэл, үйл ажиллагааг дэмжихээ Засгийн газрын тэргүүн илэрхийллээ

    Залуучуудынхаа хүсэл тэмүүлэл, үйл ажиллагааг дэмжихээ Засгийн газрын тэргүүн илэрхийллээ Аливаа улс орон хүнийхээ хөгжлийг хангаж байж л хөгжилд хүрдэг. Хөгжлийн төлөө хүний нэн тэргүүний хэрэгцээ бол боловсрол, мэдлэг, эх орон, ард иргэдээ гэсэн сэтгэл юм. Тиймээс ч манай хамтарсан Засгийн газар бодлого, зорилгоо хүний хөгжилд чиглүүлж байгаа гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэллээ. Мөн Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж байгаа. Монгол залуу хүн өөрийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн бусад орны залуустай адил хэмжээнд сэтгэж, бодож, бүтээж нэр төртэй явах нь Монгол Улсын өрсөлдөх чадвар, хөгжлийн хамгийн гол илэрхийлэл юм гэж залууст хандан хэлсэн үгэндээ тэрбээр онцоллоо.

    Манай улсын хүн амын 66 хувийг 35 хүртлэх насны залуус эзэлж байна. Тиймээс Монгол Улс залуучуудын орон. Залуучууд та бүхэн манай улсын хамгийн том баялаг. Мэдлэг боловсролтой залуу монгол хүн брэндийг бий болгохын тулд залуучуудынхаа өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, санаа бодлыг нь сонсох учиртай гэж Засгийн газрын тэргүүн “Харилцан ойлголцлол, хамтын ажиллагаа” залуучуудын үндэсний зөвлөгөөний төлөөлөгчдөд хэлсэн юм.

    Монголын хүн амын ихэнх хувийг бүрдүүлж байгаа залуучуудын асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага өнөөг хүртэл байхгүй байна. Тиймээс ч Засгийн газраас залуучууд, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулах санаачилга гарган ажиллаж байгаагаа Ерөнхий сайд дуулгаад дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших, баталгаатай ажлын байраар хангагдах, шийдвэр гаргах бүхий л түвшинд залуучуудынхаа дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү үндэсний чуулганд оролцогчдын идэвх санаачилга чухал болохыг онцлон тэмдэглэсэн. Үүгээр ч зогсохгүй “Та бүхний гаргасан шинэ шийдэл, сайн санаачилга, зорилгодоо хүрэх гэсэн хүсэл тэмүүлэл, үйл ажиллагааг Засгийн газрын тэргүүний хувьд дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

    Залуучууд, найз нөхдөө төлөөлөн үндэсний хэмжээний чуулганд оролцож, өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө санал санаачилга гаргаж шийдвэрлэх зорилго бүхий энэхүү үндэсний зөвлөгөөн өнөөдөр Гадаад хэргийн яаманд болж, төр засаг, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, иргэний нийгэм, залуучуудын байгууллага, 21 аймаг, нийслэлийн залуусын төлөөлөл 120 гаруй хүн оролцож байна. Мөн олимп, залуучуудын олимпийн аварга залуучууд ч оролцож санал бодлоо хуваалцаж байна. Төлөөлөгч залуус Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд өсвөр үе, залуусын ойлголт оролцоог нэмэгдүүлэх,төрөөс залуучуудыг дэмжих бодлогыг онцгойлон үзэхэд залуучуудын дуу хоолойг сонсон, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны талаар зөвлөлдөж байна.

    “Харилцан ойлголцлол, хамтын ажиллагаа” залуучуудын үндэсний зөвлөгөөний төлөөлөгчид Монгол Улсын төр, захиргааны бүх шатны байгууллага, өсвөр үе, залуучуудын байгууллагууд, нийт залууст хандан залуучуудын хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөлдөөд “Харилцан ойлголцлол, хамтын ажиллагаа”-ны зөвлөмж гаргах ажээ. Үндэсний зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, УИХ, НҮБ-ын Монгол дахь баг, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороотой хамтран Олон улсын залуучуудын жил, НҮБ-ын өдөрт зориулан зохион байгуулж байна

  • Ерөнхий сайд үр тарианы жилийн хэрэгцээг 100 хувь хангах болзол хангасан тариаланчдад баяр хүргэлээ

    Ерөнхий сайд үр тарианы жилийн хэрэгцээг 100 хувь хангах болзол хангасан тариаланчдад баяр хүргэлээ 2005 онд манай улс 75 мянган тн буудай хураан авч байсан бол энэ тоо ирэх жил нь 130 болтлоо өссөн байна. Харин 2007 онд 114 мянган тн ургац хураан авч буудайн хэмжээ буцаад буурчээ. Энэ үзүүлэлт “Атрын-3” аян хэрэгжсэнээс хойш тогтмол өсч, 2008-2010 онд манай улс сая тонн буудай хураан авч үр тарианыхаа жилийн хэрэгцээг 100 хувь хангах болзлыг хангалаа. Эх орны хөрсөнд ургасан төмсөөр ард иргэдээ 100 хувь хангаж чадахуйц нөөцөлж авлаа. Гол нэрийн хүнсний ногоогоор 60 хувь хангана гэсэн “Атрын-3” аяны дүн мэдээг  ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод танилцуулахдаа хэллээ.

    Буудайн чанар ч өмнөх жилийнхээс сайжирч цавуулаг өндөртэй, бусад стандарт шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж сайд мэдээлэл өглөө.
    Монгол Улсын Ерөнхий сайд энэ үеэр хэлэхдээ “Үр тариа, төмсний хэрэгцээг эх орныхоо ургацаар хангана гэдэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах таатай боломж. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг. Бид болж бүтэж байгаа ажлаа дэмжиж, хүмүүстээ урам өгч байх учиртай” гэсэн юм.  Мөн “Бүтээж чадаж байгаа нь сайхан байна. Үр тариа, төмс хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна ургацаа экспортод гаргах, уул уурхайгаас дутахааргүй эх үүсвэр олох боломж газар тариалангийн салбарт эдийн засаг болоод нийгмийн талаасаа байгаа гэдгийг та бүхэн сайн ойлгож байгаа” гэдгийг салбарын сайдад хандаж хэллээ.

    Засгийн газрын тэргүүн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа нийт ажилтан, ажилчид, тариаланчид, бүх хүмүүст баяр хүргэж байгаагаа сайдаар нь дамжуулж байгаагаа энэ уулзалтын үеэр тэмдэглээд тэдний цаашдынх нь ажилд амжилт хүслээ

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИ БАЙГУУЛАВ

    Компанийг “Эрдэнэс МГЛ” компаний охин компани хэлбэрээр байгуулж, дүрмийн санг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн хөрөнгөөс гаргах боллоо. “Эрдэнэс-Тавантолгой” компани байгуулснаар компаний хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 10 хувийг дотоодын үндэсний компаниудад нэрлэсэн үнээр арилжаалах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах зэргийг дэс дараатай хэрэгжүүлж эхлэх юм. 

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь :
    • Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордод хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах
    • Ордыг ашиглах үеийн төрийн оролцоог толгой компани болон Төрийн өмчийн хорооноос эрх шилжүүлсний дагуу хэрэгжүүлэх, төрд ногдох ашгийг төвлөрүүлэх
    • Ордыг түшиглэн уулын олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах, шаардлагатай дэд бүтэц хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх
    • Уурхайн техник, эдийн засгийн үндэслэл болон төсөл боловсруулах
    • Иргэд, аж ахуйн нэгжид компаний хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах
    • Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, олон улсын зах зээлд компаний хувьцааг арилжаалах зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулах юм.

    ТАВАН ТОЛГОЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ЭНЭ ОНД БАГТААН ШАЛГАРУУЛНА

    Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар УИХ-ын тогтоол, Засгийн газрын хуралдааны 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан Ажлын хэсгийн удирдамжийг баталлаа. Ажлын хэсэг Тавантолгойн ордын тодорхой хэсэгт хамтран ажиллах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компанийг /консерциум/ нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулах ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.Мөн дамжин өнгөрөх тээвэр, хөрш орнуудын боомт ашиглалтын талаар яриа хэлэлцээ хийх асуудлаар Засгийн газраас өмнө нь байгуулагдсан Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, үүнийг шалгаруулалтын нэг нөхцөл болгон авч үзэхээр болов.

    Ажлын хэсэг урьдчилгаа төлбөрийн хэмжээний талаар сонгон шалгаруулалтын хэлэлцээний шатанд хэлэлцэж түүнийг шалгаруулалтын нэг нөхцөл болгон тавьж байна. Хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой гадаад орны компани болон тэдгээрийн харъяалагдах Засгийн газарт угтуулан тавих нөхцөлийн талаар Засгийн газраас өмнө баталсан тогтоолын дагуу хэлэлцээ хийн, сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан дуусгах юм.Ажлын хэсэг шалгаруулалтын дүн, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурлын намрын чуулганд танилцуулж хэлэлцүүлэх, сонгон шалгаруулах ажлын явцыг Засгийн газарт танилцуулж байх үүрэг хүлээлээ.

    АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООВ

    Агаарын бохирдлын төлбөр нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын олборлосон түүхий нүүрсний килограмм тутамд 1 төгрөг байх боллоо. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчийн агаарын бохирдлын төлбөрийг агаар бохирдуулах хор хөнөөлийн хүчин чадлаас нь хамаарч Органик уусгагчийн 3 зэрэглэлд хуваан килограмм тутамд 10-30 төгрөг байхаар тогтжээ.

    Органик уусгагч гэдэгт энгийнээр хэлбэл барилгын үйл ажиллагаанд хэрэглэдэг будаг, лак, шингэрүүлэгч зэрэг бодис, хими цэвэрлэгээний цэвэрлэгч уусгагч, бодис, хэвлэх үйлдвэрийн будаг, тоног төхөөрөмжийн цэвэрлэгч бодис, арьс шир боловсруулахад хэрэглэдэг уусгагч, будагч бодис, эмийн үйлдвэрт ашигладаг уусгагч бодис, ашигт малтмал боловсруулах, баяжуулахад хэрэглэдэг уусгагчийг хамааруулдаг байна.

    Манай улс жилд дунджаар 3 сая гаруй литр органик уусгагч бодис импортоор авдаг бөгөөд эдгээрийн агаарын бохирдлын төлбөрөөс “Цэвэр агаарын сан”-д жилд 60 орчим сая төгрөг төвлөрөх тооцоо гарчээ. Хуралдаанаар “Цэвэр агаар сан”-гийн үйл ажиллагааг зохицуулах, олон талын оролцоог хангах орон тооны бус Удирдах зөвлөлийн ажиллах журмыг баталж, зөвлөлийн гишүүдийг томилуулах саналаа 10 дугаар сард багтаан Ерөнхий сайдад танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгав.

    МЯНГАНЫ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2001 оны 9 дүгээр сарын тогтоолд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Тогтоолд Мянганы замын баруун чиглэлийг “Улаанбаатар – Лүн – Дашинчилэн – Өгий нуур – Батцэнгэл – Их Тамир – Хануйн гүүр – Тариат – Цахир – Тосонцэнгэл-Тэлмэн – Улиастай – Завханмандал – Дөргөн – Мянгад – Өлгий –Цагааннуур – Улаан байшинт” гэж өөрчлөхөөр тусгажээ.

    Ингэснээр Азийн автозамын сүлжээний AH32 чиглэл Мянганы замын хэвтээ тэнхлэгийн автозамын чиглэлтэй давхцаж, цаашид автозамын төлөвлөлт болон барилгын зураг төсөл боловсруулах, барилгын ажил хийхэд дөхөм болох юм.Өнөөдрийн байдлаар Өндөрхаан, Булган аймгийн Дашинчилэн сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон бөгөөд шинээр Дашинчилэн – Орхоны гүүр чиглэлд 80 км, Хануйн гүүр-Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлд 165 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлд 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил үргэлжилж байна.

    • Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болох НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн Ажлын хэсгийн ээлжит 9 дүгээр хуралдаанд манай улс илтгэлээ хэлэлцүүлнэ. Хүний эрхийн төлөв байдлын талаархи Үндэсний илтгэл, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын анхдугаар илтгэлийг хамгаалах Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүний тухай хэлэлцэн Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.

    • Иргэдээс 2010 оны 3 дугаар улиралд Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 3 дугаар улиралд иргэдээс 498 өргөдөл, гомдол, санал ирсэний 340-ийг нь судлан, шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хариу өгч 158-д хариу өгөхөөр бэлтгэж байна. Энэ хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын иргэдийг хүлээн авах байранд 113 иргэнийг хүлээн авч санал, гомдол, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан хариу өгчээ. Иргэд ихэвчлэн Засгийн газрын тогтоол, шийдвэр, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, зээл, тусламж, геологи, уул уурхай, газрын тос,  аж ахуйн нэгж, байгууллагын  ажил зэргийн талаар Засгийн газарт хандсан байна.

    • Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд  өргөн мэдүүлэхээр болов. Өмгөөлөл хийх хуулийн этгээдийн тохиромжтой хэлбэрийг тодорхой болгох, өмгөөлөгчдийн сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, өмгөөлөгчид болон Өмгөөлөгчдийн холбооны уялдаа холбоог сайжруулах, төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тусгай сан бий болгох зорилгоор хуулийг шинэчлэн найруулжээ. Өмгөөлөгч авч байсан 123 иргэний 60 орчим хувь нь өмгөөлөгчдөө сэтгэл хангалуун байж чадаагүй нь судалгаагаар тодорхой болсон байна. Өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадвар муу, хэргийн талаар бүрэн хөөцөлддөггүй, төлбөрийн хэмжээнээс хамаарч ажилладаг, нөгөө талд үйлчилдэг, өмгөөлж чадна гэж худал хэлдэг,  хүнд сурталтай, хөлс нь хэт өндөр, өмгөөлөгчийн байр суурь, эрх хэмжээ доогуур, шүүх хуралд мэтгэлцэх зарчим хэрэгждэггүй зэргийг судалгаанд оролцсон иргэд хэлжээ. 

    • Булган аймгийн “Өрнөх булаг” компаний архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, Орхон аймгийн “Отгон тэнгэр оргил ” компаний спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Ингэхдээ Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг үндэс болгожээ. Өмнө нь дээрх хоёр аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд байсан юм.

    • Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо 2010 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд болсон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Бүсийн 30 дугаар чуулга уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд оролцсон дүнтэй танилцав.

    • Канад Улсын Халифакс хотноо 2010 оны 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд болох аюулгүй байдлын асуудлаарх олон улсын чуулга уулзалтад Батлан хамгаалахын сайд Л.Болдыг оролцохыг зөвшөөрөв.

    • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдааны дүнг хэлэлцэн сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг комиссын Монголын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгалаа.