Канад улсад айлчилж байгаа Ерөнхий сайд С.Батболд аравдугаар сарын сарын 1-нд Ванкувер хотноо зохион байгуулсан Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцож үг хэллээ. Энэхүү арга хэмжээний үер Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам Канад улсын Бритиш Колумби мужийн Ойжуулалт, хөрөнгө оруулалтын байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Blog
-
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам Канадтай хамтарна
-
Ахмад настан, азай буурлууд аа!
Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ олон улсын ахмадуудын баярын өдрийн халуун мэндийг хүргэе!Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 19 дэх жилдээ, Монгол Улсад 17 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ. Монгол Улсын Засгийн газрын бодлогын төвд ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын хүн амын насжилтын стратеги”-ийг 2009 онд баталсан нь ахмад настны аж байдлыг сайжруулах, тэдний нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, эрүүл насжих нөхцөл боломжийг нэмэгдүүлэх талаар бодлогын чиглэлийг тусгасан анхны урт хугацааны бодлогын баримт бичиг юм.
Хамтарсан Засгийн газраас байгалийн баялгийн орлогоо иргэддээ тэгш, шударгаар хуваарилах бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж, эхний ээлжинд иргэн бүртээ 120.000 төгрөг олгож эхлээд байна. Ирэх оноос иргэн бүрт сар тутам 21000 төгрөгийг бэлнээр, үлдэх мөнгийг тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан бэлэн бусаар олгох болно. Ялангуяа, ахмадууд бэлэн бус хэлбэрээр эрүүл мэндийн үйлчилгээ хүлээн авах боломжийг бүрдүүлэх нь чухал байна.
Засгийн газар тэтгэврийг нэмэгдүүлэх талаар үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хүрээнд 2010 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэврийг 30,0 хувиар, мөн алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг 50.0-100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Дайнд оролцсон ахмад настнуудад орон сууцны дэмжлэг олгох ажлыг 2009 оноос эхлүүлж өнөөдрийн байдлаар 992 ахмад дайчин энэ арга хэмжээнд хамрагдаад байна. Энэ онд багтаан 600 ахмад дайчдад орон сууц олгох ажлыг хийж дуусгана гэдгийг дуулгахад таатай байна.
Цаашид ч ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх болно. Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
-
Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах хэлэлцээр байгуулахыг эрчимжүүлнэ
Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболдод Канадын олон улсын худалдааны сайд Питер ван Лоун бараалхаж хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Ерөнхий сайд уулзалтын үеэр хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар зөвхөн амлах биш харин хэлсэн ярьснаа бодит ажил хэрэг болгоход илүүтэй анхаарч ажиллаж байна гээд, 2010 оныг Монголд бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарласан.Энэ ажлын хүрээнд бизнесийн орчинг таатай болгох, үйлчилж буй хууль эрх зүйг нь тогтвортой боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байгаа бөгөөд үр дүн нь эхнээсээ гарч эхэлсэн нь Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан сүүлийн судалгааны дүнгээс харагдаж байгааг дурьдав. Мөн Монгол улс эдийн засгийн хөгжлийн замдаа ороод байгаа энэ үед олон орны хөгжлийн туршлага стандарт нормыг судалсан. Ингээд өөрийн орны онцлог байдлаа ч харгалзсан Канадын загвар илүү ойр санагдсан.
Мөн зэсийн үйлдвэрлэлийн хувьд Чилийн загварыг судалж байна гэдгээ Ерөнхий сайд хэллээ Ингэхдээ уул уурхайн салбарт ч ХАА-н салбарт ч түүхий эдээ гадагш нь гаргах биш харин нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрүүд бий болгоход ач холбогдол өгч байгаагаа онцлов. Ноён Питер ван Лоун Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлээд зэсийн үйлдвэрлэлийн хөгжлөөр Чилийн туршлага судалж байгаа нь чухал юм гэдгийг онцлоод, Канад нь барилгын материалын технологиор болон уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмжийн чанар стандартаар дэлхийд дээгүүрт ордог.
Энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломж байна гэв. Түүнчлэн хоёр тал “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих,харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг ойрын үед байгуулах нь чухал гэж үзэж байгаагаа Канадын олон улсын худалдааны сайд илэрхийлэв
-
Монгол Улсыг дэмжиж ажиллахаа Канадын Засгийн газар илэрхийллээ
Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Канадын сан хөмрөгийн зөвлөлийн дарга, Ази Номхон далайн хөтөлбөрийн сайд, парламентын гишүүн Стоквэлл Дэй бараалхав. Канадын нөлөө бүхий улс төрчдийн нэг энэ эрхэм Монголд элэгтэйгээрээ манайханд хэдийнэ танил болсон хүн юм. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд өөрийн орны дотоодын нөхцөл байдал, Засгийн газраас явуулж буй хөгжлийн бодлого зэргээс танилцуулаад Канадын эдийн засгийн хөгжлийн загвар туршлагаас судлах сонирхолоо илэрхийлэв. Ялангуяа дэд бүтэц, барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээ,төрийн алба болон бусад олон салбарт Канадын загварыг нэвтрүүлэх боломжтойг дурдлаа.“Манай хоёр орон цаг агаарын нөхцөл байдлаас гадна өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг, хүчирхэг хөршүүдтэй, байгалийн баялаг арвинтай, нээлттэй засаг төртэй зэргээрээ адил төстэй. Энэ чанараараа өндөр хөгжилтэй Канад улсын загвар бидэнд ач холбогдолтой. Харин энэ загварыг нэвтрүүлэх явц нь харилцан ашигтай байх учиртай” хэмээн Ерөнхий сайд С.Батболд ноён Стоквелл Дэйтэй уулзахдаа онцлов.
Түүнчлэн Монгол Улс гадаад түншүүдтэйгээ харьцахдаа буцалтгүй тусламжийг шүтэх бус хөгжлийн хамтын ажиллагааг илүүд үзэхийг чухалчилж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Канадын олон улсын хөгжлийн агентлаг / СИДА /-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд Монгол Улс багтан орох сонирхолтой байгаа гэлээ. Ноён Стоквэлл Дэй хэлэхдээ “Ерөнхий сайд Батболд таны айлчлал Канадад хүн бүрийн анхаарал татсан үйл явдал болж байна. Канадын Ерөнхий сайд таньтай уулзсаныхаа орой өөрийн намын болон танхимынхаа гишүүдэд хандаж Монгол Улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж ажиллахыг зөвлөсөн. Ардчиллын замаар замнаж буй хүчтэй хөгжих их боломжтой Монгол орон Канадыг хөгжлийн загвар орноо гэж үзэж байгаад ерөнхий сайд Стивэн Харперийн сэтгэл их хөдөлсөн бололтой” гэлээ. Канадын эдийн засгийн хөгжлийн гол салбар болохын хувьд уул уурхайн салбарт маш өндөр хатуу стандарт хэм хэмжээг тогтоодог тухайгаа ноён Стоквелл дурьдаад энэ стандарт загвар Монгол улсын хөгжлийн нэг тулгуур болсон уул уурхайн салбарт чухал туршлага болох юм гэсэн юм. Мөн түүнчлэн Ерөнхий сайд С.Батболдын тавьсан Канадын олон улсын хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдах ,харилцан туршлага судлах зэрэг саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Ноён Стоквелл Дэй Ерөнхий сайдтай уулзахдаа Монгол Улс ингэж хурдтай хөгжиж дэлхийн тавцан дээр гарч ирж байгаа нь гайхамшиг хэмээн онцолж байв
-
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 9 дүгээр сарын 29-ний болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав
ЕРӨНХИЙ САЙДЫН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАСНЫ ДАГУУ ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 8 дугаар сарын 24-29, 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд говийн болон газар тариалангийн бүс нутгийн 8 аймагт ажиллан, Оюутолгой, Тавантолгой, Дулаан уулын ураны хайгуул, Зүүнбаянгийн нефтийн туршилт, олборлолтын талбай, Булган, Орхон, Дархан, Сэлэнгийн ургац хураалтын байдалтай танилцсан юм.
Тэрээр орон нутагт ажиллах үеэрээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөр, ялангуяа ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, “Атрын гуравдахь аян”-ыг бүх талаар дэмжин үргэлжлүүлэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангах талаар ард иргэдэд ярьж, орон нутгийн болон байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.
Ерөнхий сайд С.Батболдын хөдөө орон нутагт ажилласны дагуу авах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж тогтоол гаргалаа.
Энэ дагуу :
– Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх– Уул уурхайн ашигт малтмалын олборлолтыг нэмэгдүүлэх, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан ашигт малтмал боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх бололцоог судлан, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх
– Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомтын шалган нэвтрүүлэх цогцолбор, суурьшлын бүс, тэдгээрийн дэд бүтцийг ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулах, концессийн гэрээний ажлыг шуурхай зохион байгуулах
– Уул уурхайн болон боловсруулах үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдыг ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, орон нутагт ажилгүй байгаа залуучуудаас элсэлт авч их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд нэгдсэн бодлоготойгоор бэлтгэх
– Зүүн болон өмнийн говийн уул уурхай, аж үйлдвэрлэлийг дагасан хүн амын төвлөрөл, хотжилтыг хот байгуулалтын нэгдсэн бодлогоор төлөвлөж, зохион байгуулахыг салбарын сайд нар, холбогдох албан тушаалтнуудад даалгав.
МОНГОЛ-ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТАРСАН ХОРОО ХУРАЛДАНА
2010 оны 10 дугаар сарын 11-12-ны өдөр Улаанбаатар хотноо болох Монгол, Европын Холбооны Хамтарсан хорооны 13 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Монгол Улсын Шадар сайд, Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболдод даалгав.
Хурлаар талуудын улс төр, эдийн засгийн өнөөгийн болон гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл сонсоно. Мөн хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, үр дүн, 2007-2010 оны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийн талаар ярилцах юм. Хэрэгжүүлэх бололцоо бүхий төслүүдийн талаар санал солилцож, эрчим хүч, дэд бүтэц, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар яриа, хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
Европын Холбооны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, төсөл хэрэгжүүлэх боломж, Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн талаар хөндөж, үүний үр дүн, агуулга, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийн талаар санал солилцоно.
2011 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ МАРГААШ УИХ-Д ӨРГӨН БАРИНА
Монгол Улсын 2011 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн барихаар болов. 2011 оны нэгдсэн төсвийн нийт орлого 3,114.1 /гурван их наяд нэг зуун арван дөрвөн тэрбум нэг зуун сая/ тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 3,250.8 /гурван их наяд хоёр зуун тавин тэрбум найман зуун сая/ тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 41.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 136.7 тэрбум төгрөг байх нь.
Улсын төсвийг авч үзвэл 2011 оны Улсын төсвийн нийт орлого 2,302.3 тэрбум, нийт зарлага 2,250.2 тэрбум, улсын төсвийн нийт тэнцэл 252.0 тэрбум төгрөгийн ашигтай гарах төлөвтэй байна. Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 328.9 тэрбум төгрөг, нийт зарлага 795.9 тэрбум төгрөг буюу 2010 оны зарлагаас 461.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэх нь. Ингэснээр Хүний хөгжил сангийн нийт алдагдал 467.0 тэрбум төгрөгт хүрэхээр байна.
Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт нэгдсэн төсвийн зарлагад хүлээсэн үүргийг 2011 оны төсвийн төслийн үзүүлэлт хангаж байгаа гэж Засгийн газар үзлээ.НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
Хуулийн төсөл болон холбогдох 26 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 70 гаруй хуульд тодорхой төрлийн бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэхээр заасан байдаг. Эдгээрээс 30 орчим нь шаардлагагүй шат дамжлага бий болгож, иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлэн, эдийн засгийн дарамт үүсгэдэг нь судалгаагаар тодорхой болжээ.
Хуулиас гадна захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргаж байгаа нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актад заавал нотариатаар баталгаажуулах тухай хэм хэмжээ тогтоож иргэд, байгууллагыг чирэгдүүлж байна. Иймээс нотариатын үйл ажиллагааг зах зээлийн жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, төр, захиргааны болон шүүх, хууль хяналтын байгууллагад иргэд гуравдагч этгээдийн оролцоогүйгээр шууд хандах эрх зүйн таатай нөхцлөөр хангах, нотариатыг зайлшгүй тохиолдлоос бусад үед иргэдийн хүсэлтийн дагуу хийж байх, энэ харилцаанд төрийн оролцоог багасгах нь зүйтэй гэж үзэн хуулийг шинэчлэн сайжруулахаар төлөвлөжээ.
Шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар :
– Иргэн, хуулийн этгээдийн хуулийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага дээшлэнэ
– Төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад иргэд нотариатчийн оролцоогүйгээр шууд хандах боломжтой болно
– Нотариаттай холбоотой баримт бичиг гэрчлүүлэх шат дамжлага, төлбөр хураамжийн дарамт багасна
– Нотариатчид шударга өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
Хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
Хуулийн төсөл батлагдсанаар :
– Олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, ажлын байр 100 хувь тамхигүй болж олон нийт дам тамхидалтан өртөн халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл буурна
– Тамхины зар сурталчилгаа багасч тамхины хэрэглээ буурна
– Нийгмийн эрүүл мэндийн бодлого, арга хэмжээ, тамхины хяналтын талаар төр, тамхи үйлдвэрлэгчийн хоорондын харилцааны хэм хэмжээ төлөвшин, тамхины хяналтын бодлого, арга хэмжээ, тамхи үйлдвэрлэгчийн бизнесийн үйл ажиллагааны зааг ялгааны талаар төрийн байгууллага, ажилтан, олон нийтийн мэдлэг, хандлага, хариуцлага нэмэгдэнэ
– Тамхины хайрцаг, сав боодолд тавих шаардлага, зохицуулалт сайжирч тамхины хор хөнөөлийн талаарх бодитой мэдээллийн хүртээмж нэмэгдэнэ
– Хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үеийхний дунд тамхины хэрэглээ болон тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралтыг бууруулах боломжтой юм.2009 онд явуулсан халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн шаталсан судалгаагаар нийт хүн амын 27,6 хувь нь тамхи хэрэглэдэг. Үүний 48 хувь нь эрэгтэйчүүд, 6.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ тоог 2005 оныхтой харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ 0.1 хувиар буурч эмэгтэйчүүдийнх 1.1 хувиар өсчээ. Хоёр хүн тутмын нэг нь гэртээ, гурван хүний нэг нь ажлын байрандаа дам тамхидалтад өртдөг нь судалгаанаас тодорхой болсон байна.
ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 61 ХУВЬТАЙ БАЙНА
Иргэний шинэчилсэн бүртгэлд насанд хүрсэн 1.151.236 /нэг сая нэг зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин зургаа/ хүнийг хамруулсан нь нийт хүн амын 61 хувь гэсэн үг юм. Харин насанд хүрээгүй 448.707 хүүхэд буюу нийт хүүхдийн 56 хувийг бүртгэлд хамруулжээ. Дундговь, Дорноговь, Булган, Говьсүмбэр, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт шинэчилсэн бүртгэлийн явц 74.6-87.0 хувьд хүрсэн бол Баян-Өлгий, Ховд аймагт 31.3-45.7 хувьтай буюу удаашралтай байна.
Иргэд төрсний гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн, овог нэр нь зөрсөн, иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан зэрэг нь шинэчилсэн бүртгэлийн явцад нөлөөлж байна. Иймээс 1951 оноос хойш төрсөн иргэний төрсний гэрчилгээний лавлагааг шуурхай олгохын тулд иргэний баримтын архив 24 цагаар, нийслэлийн хороод бямба гарагт ч ажиллаж байгаа юм.
Хөдөө орон нутгийн оюутнууд байнга оршин суугаа газартаа шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой гэж байсныг өөрчилж, удахгүй тухайн сургуульд нь бүртгэж эхлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, БСШУЯ ярилцаж байна.
ТОВЧХОН
• “Ой, хээрийн түймрийн хохирлыг тооцох журам”-ыг хавсралт ёсоор батлав. 1996 онд батлагдсан Ой, хээрийн түймрээс хамгаалах тухай хууль, түүний дагуу гарсан зарим журам, зааврыг 2007 оны Ойн тухай хууль, даган гарсан журам, зааварт нийцүүлэн шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон байна. 2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлан мөрдүүлж эхэлсэн. Энэ бүхнээс үүдэн “Ой, хээрийн түймрийн хохирлыг тооцох журам”-ыг өөрчлөх шаардлагатай болсон байна. Сүүлийн 5 жилд манай улсад 798 удаа түймэр гарч 48 хүн амь насаа алдан 2.1 сая газрын ой шатаж, 22.5 тэрбум төгрөгийн экологийн болон эдийн засгийн хохирол учирчээ. Ой, хээрийн түймрийн ихэнх нь хувь хүний болгоомжгүй үйлдлээс болсон бөгөөд эзэн холбогдогчийн 60 хүртэлх хувийг илрүүлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.
• АНУ-ын Вашингтон хотноо 2010 оны 10 дугаар сарын 6-11-ний өдөр болох Олон улсын валютын сан, Дэлхийн банкны Захирагч нарын 2010 оны жилийн ээлжит чуулга уулзалт, Бүгд Найрамдах Филиппин Улсын Сэбү аралд мөн оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 3-ны өдөр болох Азийн хөгжлийн банкны хандивлагчдын ээлжит бага хуралд Сангийн сайд С.Баярцогтыг оролцуулах нь зүйтэй гэж үзэв.
• Монгол Улсын буцалтгүй тусламжаар БНАЛАУ-д барьсан “Найрамдал” эмнэлгийн барилгын их засварт зориулан 300 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шилжүүлэх болов. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 2008 онд БНАЛАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус улсын Үндэсний Ассамблейн даргатай байгуулсан албан ёсны хэлэлцээрт тусгагдсаны дагуу их засварт шаардлагатай 300 сая төгрөгийг 2010 оны төсөвт суулгаж батласан юм
-
Санамж бичигт гарын үсэг зурлаа
Ерөнхий сайд С.Батболдын Канад Улсад хийж буй айлчлалынхаа үеэр Монгол Улс, Канад Улсын хооронд худалдаа хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Харилцан ойлголцлын гурван санамж бичиг байгуулахаар тохирлоо. Үүнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад Улсын Төрийн албаны комисс хооронд Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, мэдээлэл харилцан ойлголцлын санамж бичиг, Монголын Стандартчилал, хэмжил зүйн газар, Канадын Стандартын байгууллага хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Канад Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хооронд мэдээлэл технологи, худалдааны солилцоог дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.Эдгээр санамж бичиг нь хоёр орны нийтлэг ашиг сонирхол, сайн сайхан хөгжил цэцэглэлтийн төлөө, ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлийн тод илэрхийлэл гэж хоёр тал үзэж байна. Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд Канадын Парламентын Сенатын танхимын спикер ноён Кинселлад болон Нийтийн танхимын дарга ноён Питер Миликенд нарт тус тус бараалхаж харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов
-
Канад нь Монгол Улсын хөгжлийн загвар орон болно
Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Ерөнхий сайд Стивен Харпертай ганцаарчилсан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар Монгол Канадын өнөөгийн байдлыг өндрөөр үнэлж, хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр цаг агаарын нөхцөл байдал, байгалийн нөөц баялаг, хүн амын нягтаршил, геополитикийн байршлаараа Монгол Улстай маш төстэй Канад Улсын хөгжлийн загвар, стандарт, техник технологиос эх орондоо нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Энэ чанараараа Канад нь Монгол Улсын хөгжлийн загвар орон болох ач холбогдолтой юм гэж Ерөнхий сайд онцоллоо.
Канад улсын Ерөнхий сайд Стивен Харпер Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүний айлчлал хоёр улсын харилцаанд түүхэн шинэ хуудас нээж байгааг тэмдэглээд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа мэдэгдлээ. Монгол Канад хоёр улсын Ерөнхий сайд нар энэ байр сууриа өргөтгөсөн албан ёсны хэлэлцээний үеэр мөн илэрхийлэв.
Энэ ажлын хүрээнд хоёр улсын хоорондын” Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг байгуулах явцыг түргэвчлэхээр Ерөнхий сайд нар тохиров. Мөн Монгол Улс нь “Явган цэрэг эсэргүүцэх газрын мини”-ийн тухай Оттавагийн Конвенцид нэгдэн орох эрмэлзлэлээ нотоллоо. Түүнчлэн Ази номхон далайн бүс нутагт болон дэлхий дахинд тогтвортой байдлыг хангахад оруулж буй хоёр талын цэргийн сургалтын хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв
-
Монгол Улсын Ерөнхий сайд Канадад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын Канад Улс дахь албан айлчлал энэ сарын 28-нд эхэллээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд Канад улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр улсын хоорондын харилцааг өргөжүүлэх, өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байна. Ерөнхий сайд С.Батболд гэргийн хамт Оттава хотын төвд байрлах энхийг сахиулагчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа албан ёсны арга хэмжээ эхэллээ -
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы ерөнхий шүүмжлэлийн хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
Нью-Йорк, 2010 оны 9 дүгээр сарын 27Чуулганы дарга ноён Жозеф Дайс,
Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн,
Хатагтай, ноёд оо,Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулган нь хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлттэй зэрэгцэн нэрвэсэн дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын дараагаар сэргэлтийн зарим шинж тэмдэг илэрч буй үед тохиож байна. Олон улсын хамтын нийгэмлэг хавсарсан, харилцан уялдаа бүхий эдгээр хямралын үр нөлөөг арилгах амаргүй сорилттой тулгарч байгаа хэдий ч Мянганы хөгжлийн зорилтууд (МХЗ)-ыг хэлэлцсэн Дээд хэмжээний уулзалтаас өнгөрсөн долоо хоногт илүү эрчимжсэн хамтын үйл ажиллагаа явуулахыг уриалсан нь найдвар төрүүлж байна.
Их Уналтаас хойшхи хамгийн гүнзгий эдийн засгийн хямрал нүүрлэсэн цагаас эхлэн дэлхий ертөнцийн шилдэг эрдэмтэн мэргэд яагаад ийм байдалд оров, засаж залруулахын тулд юу хийвэл зохилтой вэ гэдэгт тодорхой хариулт олохоор чармайж ирлээ. Өнгөрсөн 25 жилийн туршид ноёлж ирсэн нео-либерализм, эсвэл зах зээлийн фунтаментализм гэж томъёолдог эдийн засгийн онолууд алдаатай байжээ гэж мэтгэх хүн цөөнгүй байна. Эдгээр онолын үндэс, тухайлбал зах зээл өөрийгээ засч залруулдаг учраас зохицуулалт шаардлагагүй гэсэн ойлголт буруу болох магадлалтай байна.
Эрчимтэй өсөлтөд хүрэхийн зэрэгцээ ядуурлыг бууруулах чиглэлээр ахиц дэвшил гаргасан улс орнууд, бүс нутгийн туршлагаас харахад төрийн зүгээс нийтэд хүртээлтэй өсөлт, тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих зорилгоор эдийн засагт зориуд интервенц хийж, зах зээлийн хөшүүргүүдийг ч залж залруулж болдогийг харуулж байна. Эндээс төр болон зах зээлийн үүрэг ролийн тухай ойлголтоо эргэн харахад чиглэсэн «хөгжлийн төлөөх төр» хэмээх концепц сонирхол татаж байна.
НҮБ дэлхий дахиныг өөрчилсөн шинэ, бүтээлч санаа, хөгжлийн тухай ойлголт төрүүлэгчийн хувьд гишүүн орнуудын хөгжлийн бодлого, төлөв байдалд багагүй нөлөө үзүүлж болох тийм суурь ойлголт, үзэл баримтлалуудыг хэлэлцэн хөгжүүлэхэд тэргүүлэн оролцох газар мөн гэж бид үзэж байна. Энэ бол ноён Дарга таны тус чуулганы ерөнхий шүүмжлэлийн гол сэдэв хэмээн санал болгосон «Дэлхий дахины засаглал дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын амин гол үүргийг дахин бататгах нь» гэсэн хэлэлцүүлгийн нэг чухал хэсэг байж болох талтай юм.
Өнөөгийн глобал сорилтуудад глобал шийдлүүд шаардлагатай гэдгийг өргөнөөр хүлээн зөвшөөрч байгаа билээ. НҮБ-ын үндсэн зарчмууд, шинж чанар нь түүнийг дэлхий дахины засаглалын үүсэн бий болж буй тогтолцооны салшгүй хэсэг болгож байна. НҮБ бол дэлхийн хамгийн өргөн төлөөлөлтэй, хууль ёсны, эрх мэдэл бүхий байгууллага, глобал хамтын ажиллагааны улс төрийн төв билээ. Тус байгууллага нь цөмийн зэвсгээс уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн асуудлаас хүний эрх гээд глобал бүхий л асуудлын шийдлийг нэгтгэн томъёолох хосгүй форум юм. Дэлхийн удирдагчид дэлхий ертөнцийг өнөөгийн болоод ирээдүйн үеийнхэндээ илүү аюулгүй, шударга, цэцэглэн хөгжсөн, ногоон болгон үлдээхээ хариуцлагатайгаар амладаг газар нь НҮБ мөн.
Гэвч шийдлээ НҮБ-аас гадуур олсон, эсвэл эрж хайж байгаа сорилтууд байгаа нь үнэн. Яагаад гэж асуух нь зүй ёсны хэрэг. Үүнд хялбар хариулт өгөхөд цөөнгүй хүчин зүйлс, олон асуудал нөлөөлж болно. Гэхдээ дэлхий дахины засаглал дахь амин гол үүргээ дахин бататгахын тулд НҮБ үйл ажиллагаагаа үр ашигтай болгож, шинэчлэлээ тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь бидний хэлэлцүүлгээс тодорхой харагдаж байна.
Ерөнхий Ассамблейн хэлэлцүүлэг, шийдвэр нь бидний төлөөлж буй ард иргэдийн амьдралд бодитой, наалдахуйц үр нөлөө үзүүлдэг байхын тулд түүний үйл ажиллагааг цаашид эрчимжүүлэх шаардлагатай байна. Глобал эдийн засгийн шийдвэр гаргах үйл явц дахь Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн үүрэг ролийг өндөржүүлэх хэрэгтэй. Өнөөгийн дэлхий ертөнцийн бодит байдлыг илүү төлөөлөхөд чиглэсэн Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл нь дэлхий дахины засаглал дахь НҮБ-ын амин гол үүргийг дахин баталгаажуулахад чухал түлхэц болох юм. Монгол Улс байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэн, өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын зохистой төлөөллийг хангах замаар Аюулгүйн Зөвлөлийг шударгаар, тэнцвэртэй өргөжүүлэхийн төлөө байна.
Хөгжил, энх тайван ба аюулгүй байдал, хүний эрх бол НҮБ-ын тулгын гурван чулуу билээ. Өнгөрсөн долоо хоногт Мянганы хөгжлийн зорилтууд/МХЗ/-ыг авч хэлэлцсэн Ерөнхий Ассамблейн Өндөр түвшний бүгд хуралдаан, хамгийн гол нь түүний өмнө өрнөсөн олон улсын идэвхтэй яриа хэлэлцүүлэг хөгжлийн төлөөх НҮБ-ын ажиллагааг эрчимжүүлж байгааг Монгол Улс талархан тэмдэглэж байна. Үүний үр дүнд МХЗ-ыг 2015 он гэхэд хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлтаа эрчимжүүлье гэсэн дэлхийн удирдагчдын амлалт бидний итгэл найдварыг бататгаж өглөө.
Монгол Улсын хувьд гэвэл бидний хоцроод байгаа Мянганы хөгжлийн 3 зорилт болох ядуурлыг бууруулах, жендэрийн тэгш байдлыг хангах, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах талаар хүчин чармайлтаа эрчимжүүлнэ гэдгээ манай Засгийн газар Дээд хэмжээний уулзалт дээр дахин нотолсон. Бид МХЗ-ыг хэрэгжүүлэхдээ салбар дамнасан, оролцоог хангасан, хүн төвтэй арга барил баримтлах, хөгжлийн амжилтын суурь болох засаглалыг сайжруулах, цаашдын үйл ажиллагаандаа илүү сайн мониторинг, үнэлгээ хийж ажиллах болно.
Бид ядуурлыг бууруулах хүч чармайлтаа эрчимжүүлэхдээ жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадваржуулахад чухалчлан анхаарахаар төлөвлөж байна. Бидний энэ хүч чармайлтад саяхан байгуулсан «НҮБ-Эмэгтэйчүүд» газар чухал түнш болно гэдэгт манай Засгийн газар итгэлтэй байна. Энэ жил Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадваржуулах асуудлаар Үндэсний сайн дурын илтгэлээ Эдийн засаг, нийгмийн зөвлөлд танилцуулсан. Эмэгтэйчүүдийн нөөц болоцоог эдийн засаг, улс төрийн хувьд бүрэн дүүрэн ашиглах, тэднийг эрүүл мэндийн үйлчилгээнд үр хүүхдийн хамт түлхүү хамруулах, ардчилсан засаглалд бодитойгоор оролцох боломжийг олгосон эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр бид ажиллах болно.
Эмзэг орнуудын хэрэгцээ шаардлагад санаа тавих нь хөгжлийн төлөөх НҮБ-ын үйл ажиллагааны цөм нь билээ. Далайд гарцгүй хөгжиж буй орон (ДГХБО)-ы хувьд Монгол Улс эдгээр бүлэг орны ашиг сонирхлыг урагшлуулахын төлөө бусад гишүүн орны хамт чармайн ажиллаж байна. Алматын Үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд ахиц гарч байгаа хэдий ч ДГХБО-ууд олон улсын худалдаанаас алслагдаж, бараа бүтээгдэхүүнийг хил дамнуулан тээвэрлэх зардал өндөр хэвээр байгаа нь тэдний бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадваргүй болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад сөрөг нөлөөлөл үзүүлж байна.
Өөрсдийн онцгой хэрэгцээ шаардлагын талаар судалгаа, дүн шинжилгээ хийх чадавхиа нэмэгдүүлэх замаар Алматын Үйл ажиллагааны хөтөлбөр, МХЗ-ыг бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөөх хамтын хүч чармайлтыг улам эрчимжүүлэх зорилгоор ДГХБО-уудын Олон улсын судалгааны төвийг байгуулах санаачилгыг Монгол Улс дэвшүүлсэн билээ. Энэхүү төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг өнгөрсөн долоо хоногт хуралдсан ДГХБО-уудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит 9 дүгээр уулзалтаас сайшаан баталсныг өнөөдөр Та бүхэнд сонордуулахад таатай байна.
Тууштай дэмжлэг үзүүлж ирсэн бүх тал, түүний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нэн буурай хөгжилтэй орон, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал хариуцсан Дээд төлөөлөгчийн газар болон хамтран зүтгэгч бусад улсад манай Засгийн газар гүн талархал илэрхийлж байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн засаглалын бас нэгэн чухал талбар мөн билээ. Улс төрийн өргөн хүрээтэй зөвшилцөл бий болгох чиглэлээр Копенгаген хотноо олсон ахиц дэвшилд дөрөөлөн, энэ оны эцсээр Канкун хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Оролцогч талуудын 16 дугаар бага хурал хүртэл Конвенцийн хүрээнд явуулж буй дэлхий нийтийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх хойшлуулшгүй шаардлага эдүгээ тулгараад байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн Монголд үзүүлж буй сөрөг нөлөөллийг үгүйсгэх аргагүй юм. Сүүлийн 20 хүрэхгүй жилийн дотор манай газар нутгийн 70 гаруй хувь цөлжилтөд нэрвэгдээд байна. Олон зуун гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэсний улмаас усны хомсдол бий болж, биологийн төрөл зүйлс устан доройтлоо. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний нөлөөллийг багасгах чиглэлээр манай улсын хэрэгцээнд тохирсон арга хэрэгслэлийг тодорхойлж, нэвтрүүлэх шаардлагатай байна.
Өнөөгийн хэрэгжүүлж буй стратеги, хөтөлбөрүүд бидний хүсэн хүлээж буй үр дүнд хүрэхгүй байна. Аж үйлдвэрийн голлох салбар болох уул уурхайн хөгжил нь хүрээлэн буй орчны хувьд санаа зовоосон бас нэг асуудал болж байна. Иймд улс орныхоо байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хангаж, экологийн эмзэг байдлыг шийдвэрлэх нь ирэх он жилүүдэд бидний анхаарлын төвд байх болно. Хэрэгжилтийг хангах, тууштай байх, санхүүжилтийг шийдвэрлэх болон хөгжлийн төлөө хамтрах гэсэн 4 асуудал эдгээр сорилтыг даван туулахад тэргүүлэх үүрэгтэй байх болно.
Өнгөрсөн сард бид Говийн элсэн цөлд Засгийн газрын тусгай хуралдаан хийлээ. Цөлжилт нь 100 гаруй орны тэрбум гаруй хүний тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан буюу хөдөө аж ахуйг зохисгүй эрхэлснээс үүдэлтэй өргөжин тэлсээр байгаа газрын доройтол нь түүнд өртөгсдийн хүнсний аюулгүй байдал, эцсийн дүндээ хүний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж байна. Цөл болон Цөлжилтийн Эсрэг Тэмцэх НҮБ-ын 10 жилийн хүрээнд цөлжилттэй тууштай тэмцэх шийдвэр төгс байгаагаа манай Засгийн газар Говиос гаргасан илгээлтээрээ нийтэд илэрхийлсэн.
Зэвсэг хураах олон талт үйл ажиллагааны хүрээнд олон улсын түвшний өөдрөг чиг хандлага 2010 оноос сэргэж буйг бид анзаарч байна. Энэхүү чиг хандлага нь манай Засгийн газраас сайшаасан Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээ болон Цөмийн аюулгүй байдлын Дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичгээр дахин баталгаажсанаас гадна Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх Бага хурлын төгсгөлийн баримт бичигт тусгалаа олсон билээ.
Энэхүү Бага хурлаар Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнц бий болгох үзэл санааг гүйцэлдүүлэхэд чухал шаардлагатай ирээдүйд чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг тохиролцлоо. Монгол Улс Бага хурлын үр дүнг сайшааж байгаа бөгөөд өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид болгон зарлах зэргээр зэвсэг хураах болон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх Бага хурлын Төгсгөлийн баримт бичигт тусгалаа олсончлон манай улсын энэхүү статусыг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс бүрэн хүлээн зөвшөөрсөн билээ.
Айдас түгшүүр болон үгүйрлээс ангид байх эрхийг хангах үйлсэд Олон улсын атомын энергийн агентлаг(ОУАЭА)-аас оруулж буй хүвь нэмэр өсөн нэмэгдэж байгаад Монгол Улс талархан хүлээн авч байна. Цөмийн эрчим хүч, эрүүл мэнд, хүнс болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал зэрэг салбарт цөмийн хэрэглээг хэрхэн хангахаас МХЗ-ын биелэлт тодорхой хэмжээнд шалтгаална. Монгол Улс ОУАЭА-тай, ялангуяа хүний нөөцийг хөгжүүлэх болон эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт цөмийн технологи ашиглах талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Өнгөрсөн жил тус Агентлагтай гарын үсэг зурсан 2009-2014 оны хөтөлбөрийн хүрээнд цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил, манай улсын ураны нөөцийг хамтын ажиллагааны тэргүүлэх салбар болгон нэмж орууллаа.
Энэ жил Монгол Улс Хорт хавдрыг эмчлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн загвар төсөл хэрэгжүүлэх 8 улсын нэгээр сонгогдоод байна. Энэ нь Монгол Улсад өргөн тархацтай байгаа хорт хавдрын өвчлөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэх, хөгжиж буй бусад оронтой туршлага хуваалцахад тус дөхөм болох юм. Тиймээс бидэнд үнэтэй туслалцаа үзүүлж байгаа ОУАЭА болон түүний Ерөнхий захиралд Монгол Улсын Засгийн газар энэхүү боломжийг ашиглан талархал илэрхийлж байна.
Терроризмын эсрэг тэмцлийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхийг онцлохын сацуу гишүүн орнуудад энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхийн чухлыг тэмдэглэсэн Дэлхий нийтийн терроризмын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын стратегийг хянах хоёр дахь удаагийн хурлын дүнг Монгол Улс сайшааж байна.
Монгол Улс нь терроризмын эсрэг дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмэр оруулах асуудалд онцгойлон анхаарч ирсэн бөгөөд терроризмын эсрэг олон талт бүх гэрээ, хэлэлцээрт нэгдэн ороод байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1373 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаарх дэд бүсийн семинарыг манай улс өнгөрсөн тавдугаар сард НҮБ-тай хамтран амжилттай зохион байгуулсан юм. Терроризмтэй тэмцэх улс орнуудын чадавхийг бий болгоход хөгжил дэвшил, ардчиллыг урагшлуулах, хүний эрхийг дээдлэх зэрэг нь нэн чухал үүрэгтэй гэдэгт бид бүрэн итгэдэг.
Энхийг сахиулах үйл ажиллагаа нь дэлхийн засаглалд хувь нэмрээ оруулах НҮБ-ын нэг чухал арга хэрэгсэл мөн. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эв зүйгээр зохицуулах, мөргөлдөөний дараах нөхцөл байдалд энх тайвныг сахин хамгаалах болон цогцлоон байгуулахад улс орнуудад дэмжлэг үзүүлж, чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг илүү хүчтэй, үр дүнтэй, харьцангуй бага зардалтай болгох чиглэлд өнгөрсөн арван жилийн хугацаанд шинэчлэлийн чанартай чухал алхамууд хийгдсэн.
НҮБ-ын энхийг сахиулах болон энхийг цогцлоон байгуулах хүч чармайлт нь уялдаа холбоо бүхий нэгэн цогц үйл ажиллагаа байх нь чухал гэж Монгол Улс үзэж байна. Өнгөрсөн арван жилийн туршид Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж, тодорхой алхамуудыг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр НҮБ-ын мандат бүхий энхийг сахиулах 6 ажиллагаа, түүний дотор хамгийн хүнд нөхцөлтэйд тооцогддог Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс, Чад, Судан дахь ажиллагаанд оролцож байна. Монгол Улс цаашид ч оролцоогоо өргөжүүлэхэд бэлэн байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс нь ардчилсан засаглалын институц, үйл явцыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, ардчиллыг урагшлуулахад чиглэсэн олон улсын үйл ажиллагааны идэвхтэй оролцогч байж ирлээ. Монгол Улс 1992 оны Үндсэн Хуулиараа ард иргэдийнхээ үндсэн эрх, эрх чөлөө, хүний эрхийг баталгаажуулж, хүний эрхийн тухай олон улсын гол гол баримт бичгүүдэд нэгдэн орсон. Мөн хараат бус, бие даасан Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулж, 2003 онд батлагдсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Бодлогын үндсэн баримт болсон энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь төрийн байгууллагуудын чадавхи, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн оролцоог хангах, хүний эрхийг хамгаалах болон хүний эрхийн зөрчихийн эсрэг олон нийтийн идэвхийг хөхиүлэн дэмжихэд чиглэж байна. Товчхондоо манай улсад хүний эрхийг дээдлэн хамгаалах улс төрийн хүсэл эрмэлзэл, эрх зүйн орчин бий болсон гэж хэлж болно.
Гэхдээ аливаа улс орны хүний эрхийн байдал төгс төгөлдөр байдаггүй. Манай улсын хувьд гэвэл хүний эрхийг бүрэн дүүрэн дээдлэн хамгаалахад мэдлэгийн болон чадавхийн хомсдол голчлон саад болсоор байна. Үүний зэрэгцээ ХДХВ/ДОХ болон бусад халдварт өвчин, хүний наймаа, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг хил дамнасан асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн болон олон улсын үр дүнтэй хамтын ажиллагаа шардлагатай байна. Монгол Улс энэ оны 11 дүгээр сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанд Хүний эрхийн байдлын тухай үндэсний илтгэлээ хэлэлцүүлэх хүрээнд тус Зөвлөлтэй үр дүнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна.
Үндэсний болон олон улсын түвшний аль ч засаглалд иргэний шууд оролцоо нэн чухал билээ. Манай Засгийн газар бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх явцад иргэний нийгэм, олон нийтийг идэвхтэй оролцуулахыг чухалчилж байна. Бид иргэний нийгэмтэй хамтын ажиллагааны холбогдох гэрээ байгуулсан бөгөөд Засгийн газрын нээлттэй засаг вэб сайтаар дамжуулан иргэд бодлогын баримт бичгүүд болон хуулийн төслийн талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлэх боломжтой. Миний бие сүүлийн хоёр сарын хугацаанд хөдөө орон нутагт багагүй хугацаанд ажиллаж, орон нутагт тулгарч буй хөгжлийн сорилтуудтай газар дээр нь танилцан жирийн иргэдийн санаа бодлыг сонслоо.
Ийнхүү иргэдтэй нүүр тулан уулзаж ярилцах нь тэдний хувьд эн тэргүүнд тулгарч буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, цаашид анхаарвал зохих зүйлийг Засгийн газрын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов. Мөн энэ оны эхээр бид Монголын эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулж, эдийн засаг, хөгжлийн өргөн хүрээтэй асуудлаар хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй нухацтай санал солилцсоноор ойрын ирээдүйн тэргүүлэх зорилтуудаа тодорхойлоход ач тустай болов.
Хүн амаа ажилтай, боловсролтой, эрүүл байлгах, өөрөөр хэлбэл, хүний хөгжлийг хангах нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны анхаарлын төвд байна. Энэ зорилгын хүрээнд манай Засгийн газар аж үйлдвэржилт, уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн томоохон төслүүд хэрэгжүүлэх замаар хүн бүрт наалдацтай эдийн засгийн өсөлтийг хангах бодлого баримталж байна. Саяхан байгуулсан Хүний хөгжлийн сангаар дамжуулан бид байгалийн баялгийн орлогоос халамжийн тэтгэлэг, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг үзүүлэх хэлбэрээр иргэн бүрт хүртээхээр ажиллаж байна.
Монгол Улс ирэх оноос Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах үүргийг хүлээнэ. Энэхүү нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг хэрэгжүүлэхдээ бид түүний гишүүн орнууд, холбогдох оролцогчидтой идэвхтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзлэл дүүрэн байна. Эцэст нь Монгол Улс НҮБ-ын үйл хэрэгт үнэнч, түүнийг бүрэн дэмжиж байдгаа илэрхийлж, “Хүчтэй, нийтэд хүртээлтэй, нээлттэй НҮБ бол дэлхийн засаглалын баталгаа мөн” гэсэн ноён дарга Таны хэлсэн үгээр өндөрлөхийг хүсч байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
