Blog

  • С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал

    С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ албанд томилогдсоныхоо дараахан тус сургуулийг зорьж, боловсролын салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ боловсролын талаар баримтлах бодлогоо тодорхойлж байсан билээ. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр тэрбээр улсынхаа ирээдүйн хөгжлийг тодорхойлох, хөдөлгөх хүч бэлтгэх том уурхай болсон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудтай дахин уулзлаа.

    Ерөнхий сайд С.Батболд тэнд хэлсэн үгэндээ “Боловсролын бодлого маш тодорхой. Дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг эх орондоо эзэмших боломжийг буй болгох зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд тулгамдсан болон ойрын ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа ч бас товлож хэлж байлаа. Жилийн өмнө товлож тодорхойлсон ажил үйлс өнөөдөр хэрхэн хэрэгжиж байна гэдэг нь хамгаас чухал” гэж тодотгоод хичээлийн шинэ жилийн нээлтийн баярын энэ өдөр эргээд харахад дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд бидэнд хийж хэрэгжүүлсэн ажил чамгүй байна гэсэн юм.

    Энэ хичээлийн жилд төрийн өмчит 16 их, дээд сургууль шинэчилсэн бүтцээр ажиллах бөгөөд их сургуулийн хотхон байгуулах ажлыг нийслэлийн Налайх дүүргийн Шивэртийн хөндийд эхлүүлэх асуудлыг шийдвэрлэж, зохих бэлтгэлийг хангаад байгаа талаар Ерөнхий сайд С.Батболд дурдлаа. Мөн Хотхон байгуулах ажлын эхний ээлжинд ШУТИС хамрагдаж байгаагийн дээр БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 270 сая гаруй юанийг ШУТИС-ийн хотхоны хөрөнгө оруулалтад зориулна гэсэн мэдээллийг оюутан багш нар алга ташин хүлээн авлаа.

    “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд боловсролын тодорхой үйлчилгээг хамруулаад байгаа. Их, дээд сургууль, коллежиуд сургалтын төлбөрийг энэ намар бүтэн жилээр бус, 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагчаас авахаар зохицуулсан. Цаашид сургалтын сангаас үзүүлдэг зээл, буцалтгүй тусламжийн журам шинэчлэгдэх бөгөөд агуулга нь суралцагчдын сурлагын чанарыг дэмжихэд чиглэгдэнэ гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ онцлоод төр, засгаас баримталж байгаа бодлогыг манай их, дээд сургууль коллежийн удирдлага, хамт олон, оюутан суралцагчид хичээл зүтгэлээрээ тууштай дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

    Мөн даяаршлын зуун дахь дэлхий ертөнц хөгжил, хүний сайн сайхны төлөөх өрсөлдөөнд хэн илүү чадвартай, хүчтэй нь амжилт олно. Монголчууд өрсөлдөөнөөс хоцрохгүйн тулд чанартай, өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал болохыг гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд эрдмийн баярын энэ өдөр оюутнуудад захиж хэллээ.

    ШУТИС-ийн харьяа 17 сургуульд энэ хичээлийн жилд 30 гаруй мянган оюутан суралцана. Мөн 1200 эрдэмтэн багш, мөн тооны ажилтан, ажилчин ажиллана. 134 мэргэжлээр бакалвр, магистрийн, 76 чиглэлээр докторын сургалт явуулдаг Монгол Улсын нэр хүнд бүхий тус сургуульд энэ жил шинээр 500 гаруй оюутан элсэн суралцаж байна. 

    Тус сургуулийн ректор, Монгол Улсын гавьяат багш Б.Дамдинсүрэн хичээлийн шинэ жилийн нээлтийн үгэндээ  “Боловсролын системийг хөгжүүлэх, түүний дотор дээд боловсролын системийг шинэчлэх мэргэжилтэн бэлтгэх чанарыг дээшлүүлэх, боловсролын үйл ажиллагааг явуулах таатай орчныг бий болгох, Монголын залуучуудыг сурч боловсрох, мэргэжил эзэмшихэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар маш чухал шийдвэрүүдийг Таны удирдаж байгаа хамтарсан Засгийн газар гарган хэрэгжүүлэх алхмуудыг амжилттай явуулж байгаад баярлаж байгаагаа энэ ялдамд илэрхийлье” гэж нээлтийн үгэндээ онцоллоо

  • Сурагчдын үдийн хоолны чанар, сургалтын орчинд онцгой анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Сурагчдын үдийн хоолны чанар, сургалтын орчинд онцгой анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүн ам шигүү суурьшсан Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Ерөнхий боловсролын 35 дугаар дунд сургуулийн хамт олонтой 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн өглөөг угтлаа.

    Гэр хорооллын дунд байрладаг тус  сургуульд энэ жил 1520 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд тэдний 120 нь зургаан настай нэгдүгээр ангид суралцаж буй хүүхдүүд юм.   Засгийн газрын тэргүүн тус сургуулийн нээлтэд оролцож сурагч,  хүүхдүүд, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүдэд хандан үг хэлэхдээ  “Манай улс хүүхэд залуучуудынхаа боловсролын асуудлыг шийдвэрлэхэд тэргүүлэх ач  холбогдол өгч, байнга анхаарч байгаа. Энэ оны байдлаар төсвийн нийт орлогынхоо дөрвөн төгрөг тутмын нэг төгрөгийг боловсролд зарцуулж байна. Цаашид ч хүүхэд бүрийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангах, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, өрсөлдөх чадвартай боловсролыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх болно” гэлээ.

    Ерөнхий сайд мөн хэлсэн үгэндээ ‘Өнгөрсөн жилийн зудын сөрөг үр дагаврын улмаас Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймаг болон бусад аймгийн төвүүдэд иргэд олноор шилжин ирж байгаа. Үүний улмаас механик өсөлт бий болж, сургуулийн байр, хичээлийн танхим, сурагчдын ширээ сандлын хүрэлцээ хүндхэн байгааг Засгийн газар анхааралдаа авч зохих арга хэмжээ авахыг холбогдох газруудад үүрэг болгосон. Зарим сургуулиудад өргөтгөл хийгдэж байгаа. Гэлээ ч гэр хорооллын зарим нэг сургуулиуд гурван ээлжээр, нэг ширээнд гурван хүүхэд хичээллэж байгаа тохиолдол гарч байна. 2011 болон 2012 оны улсын төсөвт хүн амынхаа төвлөрийг дагуулан цэцэрлэг, бага сургуулиуд барих хөрөнгийн асуудлыг суулгах шаардлага байгаа. Гэхдээ үүнийг хүлээвэл хугацаа алдана. Үүнийг хүлээлгүй, хүүхдүүдийг хохироохгүйгээр зохицуулах үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БСШУЯ-ны удирдлагууд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт нарт Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохдоо өглөө. 

    Мөн Засгийн газраас багш нар та бүхнийг бүтээлчээр ажиллаж,  сайн сайхан амьдрахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлж, дэмжиж ажиллах болно гэж эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, хариуцлагатай шинэ үеийн  иргэдийг төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүрэг хүлээсэн багш нарт хандаж хэллээ.

    Тус сургуульд Японы “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны агентлагийн төслийн хүрээнд  360 хүүхдийн багтаамж бүхий бага сургуулийн өргөтгөлийн барилга барьж байна.  Бага сургуулийн барилга энэ оны сүүлчээр ашиглалтад орж, бага ангийнхан нэг ээлжээр, дунд ангийнхан хоёр ээлжээр хичээллэх боломжтой болох юм байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Ерөнхий боловсролын 35 дугаар дунд сургуулийн нээлтээс гадна ШУТИС болон Монгол Солонгосын технологийн коллежийн нээлтэд оролцож, багш оюутнуудад мэндчилгээ дэвшүүллээ

  • Ерөнхий сайд С.Батболд Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд С.Батболд Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа Говийн аймгуудад томилолтоор ажиллаж, Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаа элсэн цөлд зохион байгуулаад ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын  шинэ долоо хоногийн ажил Япон улсын Гадаад хэргийн сайд Окада Кацуяатай уулзсанаар эхэллээ.

    Манай улсад айлчилж буй ноён Окада Кацуяа Япон улсын Гадаад хэргийн сайдаар ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд  Австрали, Хятад, Солонгос, Сингапур, БНСВУ зэрэг Ази Номхон далайн таван оронд албан ёсны айлчлал хийжээ. Япон улс Ази Номхон далайн 31 улсад өөрийн Элчин сайдын яамтай бөгөөд гадаад айлчлалын зургаа дахь орноороо Монгол Улсыг сонгосон нь Японы Засгийн газар Монгол Улстай харилцах харилцаагаа ихээхэн чухалчилж буйн илрэл гэж Монгол Улс дахь Японы Элчин сайдын яам мэдэгдэж байгаа юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд Монгол Японы харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын төлөвт сэтгэл ханамжтай байдгаа хэлээд манай улсыг ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн тэр үеэс Япон улс бүх талаар дэмжиж тусалж ирсэнд талархаж явдгаа илэрхийллээ.  Мөн эдийн засгийн хөгжлийн харилцаагаа цаашид улам идэвхжүүлэх нь чухал болохыг дурдаад Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг ойрын үед байгуулах сонирхолтой байгаа. Монгол Улс төмөр зам, эрчим хүч, орон сууц зэрэг дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Эдгээрт Японы хөрөнгө оруулагчид оролцох боломж байгаа гэдгийг Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр онцоллоо.

    “Танай Засгийн газрын үйл ажиллагаа монгол орны эдийн засгийн хөгжлийг хурдасгах томоохон ажлууд руу чиглэж эрчимтэй сайн ажиллаж байгаа гэж сонссон” гэсэн найрсаг үгээр яриагаа эхэлсэн Японы Гадаад хэргийн сайд Окада Кацуяа Монгол Японы харилцаа иж бүрэн түншлэлийн  хэмжээд байгаа. Үүнийг цаашид агуулга, үйл ажиллагааны хувьд улам хөгжүүлэх учиртай гээд Монгол Улсын Ерөнхий сайдын тэмдэглэсэн хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахад идэвхтэй ажиллах болно гэдгээ илэрхийллээ.  Ноён Окада Кацуяа манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа нь бусад оронд үлгэр жишээ болох хэмжээнд байх ёстой гэж үздэгээ хэллээ. Мөн тэрбээр Монгол Улсын эрдэс баялаг, дэд бүтэц, уул уурхай тухайлбал, Тавантолгой, ураны салбарт Монгол Улсын гурав дахь хөршийн хувьд Японы хөрөнгө оруулагчид хамтран ажиллах сонирхолтой байгааг дурдлаа.

    Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зарчмыг мөрдлөг болгож буй Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр энэ зарчмаа мөн тайлбарлалаа. Тэрбээр “Манай улс боловсруулалт хийхгүйгээр түүхий эдээ экспортлож буй. Энэ байдалд өөрчлөлт хийхийг манай Засгийн газар зорьж байгаа бөгөөд өөрчлөх нэг арга нь бусад улс орнуудтай худалдааны хэлэлцээр байгуулах явдал юм. АНУ дэмжиж, тодорхой хөнгөлөлттэй нөхцөлөөр хэлэлцээр байгуулж байна. Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг зорьж буй нь ч ийм учиртай юм. Европын зарим улсад Монголын нэр бүхий бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулахыг дэмжсэн. Энэ мэтчилэн гурав дахь хөршийн үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлж, эдийн засгийн ашигтай хэлэлцээр байгуулахыг зорьж ажиллаж байгаа гэдгээ Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Мөн Япон улс өндөр хөгжсөн технологи, менежмент, хөрөнгө оруулалтын хувьд манай улсын чухал түнш. Тухайлбал, улам өргөжин тэлж байгаа Улаанбаатар хотод эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулахад Японы технологи чухал хэрэг болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцлоод Японы гадаад хэргийн сайд Ноён Окада Кацуяаг дараа ирэхдээ монголчуудын уламжлалт зан заншил, байгалийн сайхантай танилцаарай гэлээ

  • Оюутолгой төслийн явцтай Ерөнхий сайд танилцлаа

    Оюутолгой төслийн явцтай Ерөнхий сайд танилцлаа.Монгол улсын ерөнхий сайд С.Батболд говийн аймгуудаар ажиллах явцынхаа хүрээнд   наймдугаар сарын 25-ны өдөр Оюутолгой төслийн  ажлын явцтай танилцлаа.

    Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойших дөрвөн сарын хугацаанд  энэ хөндийд бүтээн байгуулалтын томоохон ажлууд  өрнөжээ.

    Тухайлбал уул уурхайн барилгын үе эхэлсэн байна. Баяжуулах үйлдвэрийн суурь, зуурмагийн үйлдвэр,өндөр хүчдэлийн 35 квт-ын сууриуд, баяжуулах үйлдвэрт ажиллах 4000 ажилчдын  байр, босоо хоёрдугаар амын үйл ажиллагаа эхэлжээ. Эдүгээ Оюутолгойд 3600 монгол ажилтан, ажиллагсад ажиллаж байгаа бөгөөд ханган нийлүүлэгч монгол компаний тоо 2000 орчимд хүрсэнийг тус компанийхан Ерөнхий сайд С.Батболдод танилцуулж байлаа. Харин БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын хэлснээр өнгөрсөн сард тус компанитай  мэргэжлийн ажилчид бэлтгэх санамж бичигт гарын үсэг  зурснаар 57 сая  ам.долларын хөрөнгө оруулалт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын ажилд зарцуулахаар болжээ.  Түүнчлэн 200 оюутныг төслөөс санхүүжүүлэх болсныг дуулгаж байв.  Оюутолгойд ажиллах 3300 ажилчдын тухайд эхний 1000 ажилчдын элсэлтийг аваад дууссан бөгөөд тэдний сургалт ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэх аж. Үлдсэн 2300 ажилтныг бэлтгэх журмыг НХХХЯ-тай хамтран боловсруулж байгаа юм байна. Нэгдүгээр сарын 1-нээс тэднийг бүртгэх ажлыг эхлүүлнэ хэмээн төслийн явцтай танилцаж байгаа Ерөнхий сайдад  боловсролын сайд мэдээллээ.  Аймаг, нийслэл, дүүргийн хүн амынх нь тоотой харьцуулсан квотыг удахгүй гаргах бөгөөд иргэдэд нээлттэй , ил тод хүртээмжтэйгээр зохион байгуулах тухай Ерөнхий сайдын үүргийг анхаарч байгаагаа мөн дурьдаж байлаа.

    Оюутолгой төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Энэ томоохон бүтээн байгуулалтад монголчуудын оролцоо буюу монгол инженер техникийн ажилтнуудыг бүрэн оролцуулах , улам илүү дадлагажуулах тал дээр Монгол улсын Засгийн газар үүрэг хүлээж байгаа. Цаашид үйлдвэр бүрэн ашиглалтад ороод эхлэхээр монголчуудын, монгол ажилчдын ажиллах энэ боломж 90- ээс доошгүй хувьд  хүрэх юм. Энэ чиглэлээр нэлээд ажил зохион байгуулах шаардлага Засгийн газрын , мэргэжлийн яам талаас байна гэдгийг харж байна. Бидэнд маш их боломж байна. Үйл ажиллагаагаа идэвхжүүлж, бодитой ажлыг явуулах ёстой гэж бодож байна. Болохгүй  байгаа зүйлийг шүүн, ярилцаж болно. Анхаарах ёстой зүйлүүдийг Засгийн газар анхаарч, дэмжих ёстойг нь дэмжин шахаж ажиллах болно. Оюутолгой төслийн явцыг бид газар дээр нь харлаа. Томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж, амаргүй ажлыг тэд нугалж байна. Цаг хугацаандаа үйлдвэрээ нээх зорилт нь биелэх боломжтой юм гэж харлаа”   хэмээн дүгнэж хэллээ.

    Харин Оюутолгой ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Кийт Маршалын хэлснээр барилгын ажил, бичиг цаасны хүндрэл бага зэрэг гарч байгаа ч үүнийг бид даван туулж чадна. Баяжуулах үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд барьж дуусгана. Энэ үйлдвэрийг барьж дууссаны дараа ил уурхайгаа ажилд оруулна. Үүнд бэлтгэх, хөрс хуулалтыг хийхэд зургаан сарын хугацаа шаардагдах болно гэдгийг дуулгаж байлаа. Цаашдаа шаардлага өндөр мэргэжлийн монгол ажилчдыг хурдан сургаж дадлагажуулах, мөн Оюутолгой төслийн ханган нийлүүлэх компаниудыг тендэрээр шалгаруулж ил тод байдлыг хангах, үндэсний аж ахуйн нэгжүүдийг түлхүү оруулах тал дээр анхаарч ажиллахыг Оюутолгой төслийн удирдлагуудад Ерөнхий сайд зөвлөлөө.

    Оюутолгой төслийн ажилчид  дунджаар   300 мянгаас  нэг сая хүртэлх төгрөг авдаг юм байна  Үүрийнцолмон гэх монгол залуу 1.3 сая  ам.долларын үнэтэй машин дээр ганцаараа ажиллаж сурсан нь том амжилт хэмээн ажилчид нь ярьж байв.

    “Эрдэнэс Тавантолгой”-н бүх ажил ирэх аравдугаар сард жигдэрнэ

    Мөн өдрөө Ерөнхий сайд С.Батболд 100 хувийн төрийн өмчит “ Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн  ажлын явцтай танилцлаа.  Тус компани нүүрснийхээ  анхны хөрс хуулалтаа хийж байхтай нь Засгийн газрын тэргүүн ийн таарав.

    Тус ордыг ашиглах тухай УИХ-ын шийдвэр гарснаас хойш  “ Эрдэнэс Тавантолгой” компани  хээрийн ангиа байгуулж, ам нээх баталгаажуулах өрөмдлөгийг хийж ,  шинэ хөрсөө хуулаад эхэлжээ. Оператар компанийг аравдугаар сарын 5 гэхэд шалгаруулж, анхны борлуулалтаа арваннэгдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр тооцож байгаа юм байна. Эрчим хүчний зориулалтаар ашиглах зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй уг уурхай анхны хөрс хуулалтаар 12-16 метрийн дороос “хар алт”-ны нөөцөд хүрэх бөгөөд хоёрхон сарын дараа баялаг маань үүцээ нээнэ хэмээн “Эрдэнэс МGL” компанийн ерөнхий захирал Б.Энэбиш танилцуулж байв. Эхний жилдээ нэг сая тонн нүүрс олборлох зорилт тавьж байгаа бөгөөд зах зээл нь тодорхойгүй байгаад санаа зовж буйгаа ч дурдаж байсан.

     Ерөнхий сайд мэдээллийг  сонссоны дараа “  УИХ-аас Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах тухай шийдвэр гарч, үйл ажиллагааг Засгийн газар эхлүүлж байна. Иргэд Таван толгойгоос их юм хүлээж байгаа. Бид энэ ордоос  олох орлогоос иргэддээ хувь хишиг хүртээж, эрүүл мэнд  боловсролын салбарт хөрөнгө оруулна. 2011 он гэхэд энэ бүх үйл ажиллагааг ажил болгоод, тавьсан зорилтоо биелүүлэх ёстой. Хүний хөгжил сангийн хуулийн дагуу ямар хугацаанд хэдий хэмжээний, ямар үнийн дүнтэй хувьцаа эзэмшүүлэх ёстой  вэ гэдгийг ойрын хугацаанд тодорхой болгож танилцуулна.

    Энэ орд нь олон улсын жишигт нийцсэн байх ёстой. Өмнийн говьд үйл ажиллагаа явуулж буй компаниуд бодлогоороо зангилагдаж, дэд бүтэц нь нэг нэгнээ нөхсөн хамтарсан уялдаа холбоотой байх хэрэгтэй.  Энэ бүгдийг нухацтай авч үзэн, цаашдын ирээдүйг нь харгалзсан орчин үеийн аж үйлдвэрийн, хот байгуулалтын төлөвлөгөө гаргаж Засгийн газарт танилцуулах үүргийг холбогдох албан тушаалтануудад өгч байна” гэлээ.

    “Эрдэнэс Тавантолгой”   компанийн гүйцэтгэх захирлыг олон улсын нээлттэй тендэрээр сонгон шалгаруулах   юм байна.  Тендэрийн хуулийн дагуу хэвлэлүүдээр зарлал  яваад эхэлжээ. Эцсийн шийдвэр аравдугаар сарын 5-нд гарч, оператор компани ажилдаа орж, “Эрдэнэс Тавантолгой” жинхэнэ утгаараа ажилдаа орох юм байна.

    Говь сэржээ

    Говийн аймгуудад хийсэн томилолтоо дүгнэхдээ  Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд  “Говь сэрж байна” хэмээн   хэллээ.  Тэрбээр хэлсэн үгэндээ “Бидэнд хөгжлийн асар их боломж байгааг энэ хоёр өдрийн үзэж харсан зүйл хэлж өглөө. Нааштай олон зүйл байгаа ч төр засгийн зүгээс бодлогын хувьд дэмжих зүйл байгааг газар дээр нь танилцсаны хувьд анзаарагдаж байна.  Бүтээн байгуулалтын олон ажил Сайншандад, Өмнөговьд эхэлжээ. Төрийн зүгээс эрх зүнй болоод бусад талын дэмжлэг үзүүлэхийн  зэрэгцээ нэгдсэн зохицуулалт хийх,  хот суурин газрыг бий болгохтой холбогдсон жигд төлөвлөлтийг бий болгож  өгөх хэрэгтэй байна.  Түүхий эд боловсруулах биш нэмүү өртөг бий болгосон боловсруулах үйлдвэрийг бий болгох, ийм бааз суурийг улам бэхжүүлж дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Энэ чиглэлээр цаашид тодорхой төлөвлөгөө гаргаж, арга хэмжээ авах болно. Иргэдээ МСҮТ-өөр дамжуулан нарийн мэргэжлээр сургах, зах зээлд илүүдээд биш шаардлагатай байгаа мэргэжлээр сургах энэ бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа нь энэ хугацаанд ажиглагдлаа. Говь нутаг сэрж байна гэдэг монгол хүний амьдрал улам  хөгжин дэвжих, олон мянган ажлын байр шинээр бий болох, сайхан орчин бүрдэх, өндөр ур чадвартай боловсон хүчнүүд бэлтгэгдэж, гол нь тэндээ таарсан цалин авч амьдрал нь дээшилж байна. Монголчууд говьд Солонгосыг бий болгож болно. Солонгос явж буй залуусаа говь нутагтаа ирж, ажил хөдөлмөр эрхлэх сайхан боломж бий болж байгааг бид өнөөдөр харлаа. Хоёр том төслийг дагаад хувийн хэшлийнхний хийж байгаа ажлыг, гадны хөрөнгө оруулалттай компаниуд үлгэр дуурайл үзүүлэн ажиллаж байгааг харлаа. Энд байгаа компаниуд  одоо харин нэг жишгээр, нэг стандартаар нэгдсэн хот байгуулалтыг хийх хэрэгтэй байна. Энэ бүх ажлыг эрчимжүүлэхийн төлөө төр засаг нь ард түмэнтэйгээ хамтарч хичээвэл түүхэн хөгжлийн боломж бидний урд байна” гэлээ

  • Монгол Улсын Засгийн газар 8 дугаар сарын 27-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ элсэн цөлд хуралдлаа

    Монгол Улсын Засгийн газар 8 дугаар сарын 27-ны өдөр  бүрэн бүрэлдэхүүнээрээ элсэн цөлд  хуралдлаа.  Засаг хуралдсан  Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг  дахь Гашуун хоолой хэмээх энэ газарт  элсний нүүдэл маш эрчимтэйгээр явагдаж байгаа юм байна. Ер нь сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч байгаа огцом хувирал, байгалийн элдэв өөрчлөлтүүд нь ихэвчлэн хүний болчимгүй үйлдэлтэй холбоотой гэдгийг судлаачид нотолж байгаа.

    Иймд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг цөлжилт ихээр явагдаж байгаа говь нутагт зохион байгуулж, асуудлыг шийдэх гарцыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх нь энэ арга хэмжээний гол зорилго гэдгийг  Ерөнхий сайд С.Батболд хуралдааны эхэнд тэмдэглэлээ.

    Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар цаашид авах арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн  мэдээллийг сонсов. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол нутагт илүү хүчэй ажиглагдаж, ноцтой үр дагавар учруулж байгааг  тэрбээр  тэмдэглээд  сүүлийн дөчөөдхөн жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, цөлжих ган зудын давтагдал нэмэгдэх, усны нөөц биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч байгааг сайд илтгэлдээ онцоллоо. 

    Монгол нутагт ган, зуд, үер бороо цөлжилт зэрэг байгалийн гамшгийн давтагдал нэмэгдэж байгаа ажээ. Аадар бороо мөндөр, хүчтэй цасан болон шороон шуурга, уруйн үер зэрэг байгаль цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдэж, нийгэм, эдийн засагт гамшиг учруулах тохиолдол сүүлийн 20 гаруй жилд хоёр дахин нэмэгджээ.

    Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж, эрч хүч нэмэгдэж байгаагаас хүн амын осол эндэгдэл мэдэгдэхүйц өсөн, ходоод гэдэсний болон суулгалт, зүрх судасны өвчлөл нэмэгдэх хандлагатай  байгаа аж. Монгол оронд 1988 онд зүрх судасны өвчлөлийн тохиолдлын тоо 10000 хүн тутамд 100 орчим байсан бол 2008 оны байдлаар 600 гаруйгаар нэмэгдсэн гэсэн мэдээлэл  Ерөнхий сайдын үгэнд ч,  Байгаль орчны сайдын илтгэлд ч дурдагдлаа.

    Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн мэдээллийг сонсч, уур амьсгалын өөрчлөлтийн шинэчилсэн хөтөлбөрийн төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол оронд болон дэлхийн дахинаа үүсэн бий болж байгаа ноцтой асуудлуудад олон улсын анхаарлыг хандуулахын тулд дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудад хандаж илгээлт гаргалаа.

    Хуралдааныг дүгнэж гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд хэлсэн үгэндээ “Засгийн газрын орон нутагт, тэр тусмаа хөдөө хээр анх удаа хийж байгаа энэ удаагийн хуралдаан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Хамтарсан Засгийн газар дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх болно. Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн төр засгийн төдийгүй иргэн бүр, байгууллага бүрийн санаа зовох асуудал юм. Иймд ард иргэд өөрчлөгдөн хувьсч байгаа нөхцөлд зохицуулан өөрсдийн үйл ажиллагаа, амьдралын хэвшлээ өөрчлөх ёстой болж байна. Иргэд эрчим хүч, дулааны хэрэглээгээ үр ашигтай зохицуулах, хэмнэх өргөн бололцоотой гэдгийг онцлон тэмдэглэлээ

  • Ерөнхий сайд С.Батболдын Өмнөговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболдын Өмнөговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг

    / БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ НЬ НЭГДМЭЛ ЗОРИЛТ МӨН /

    2010 оны 8 дугаар сарын 27

    Даланзадгад хот                              
    Тавтай сайхан намаржиж байна уу, Өмнөговьчууд аа.

    Уудам дэлгэр орны маань өлзийт үүдэн Өмнийн говь нутгийн ард иргэд Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.
    Миний бие Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдоод яг 10 сар болж байна. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы болон Засгийн газрын хуралдаан, ОУ-ын болон  гадаад орны зочин төлөөлөгчдийн айлчлал, ажил хэргийн уулзалт, гадаад томилолт гэрээ хэлэлцээр, иргэд сонгогчдын уулзалт яриа, Үндэсний ба олон улсын хурал гээд онцгой нөхцөл байдал ба цаг үеийн шуурхай ажил хэрэг гэсээр орон нутгийн ард иргэдтэйгээ уулзаж учрах боломж нөхцөл хомс байлаа. Орон нутгийн хөгжил, хөдөөгийн хүн ардын нийгмийн асуудал Засгийн газрын онцгой анхааралд байсаар ирсэн, байх ч болно гэдгийг хэлье.

    Засгийн газрын тэргүүний хувьд би энэ онд, бүр тодруулбал, ирэх оны улсын төсвийн үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө хөдөөгийн бүх аймгаар явж, төсвийн зарцуулалт, үр ашиг, үндсэн чиглэлээр баталсан зорилтуудын хэрэгжилт явц, төрийн ажил, үйлчилгээний хүртээмж, үр нөлөө, иргэдийн аж амьдрал, орон нутаг дахь бүтээн байгуулалт, цаг үеийн ажил төрөлтэй танилцах шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

    Энэ зорилгын үүднээс наадмын дараагаас төвийн болон баруун бүсийн 9 аймгаар 20-иод хоног явж, 5000 км замыг туулан 6300 гаруй иргэдтэй уулзаж, ахуй амьдрал, ажил хэрэгтэй танилцаад ирлээ. Орон нутаг бүр өөр өөрийн онцлогтой олон сайхан бүтээлч ажлуудыг  хийж хэрэгжүүлэн, зарим үр дүнд хүрч байгааг газар дээр нь үзэж танилцлаа. Манай хөдөөгийн иргэд маань өвөг дээдсийнхээ голомтыг залгамжлан өөрийн төрж өссөн нутаг орондоо мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулан бүтээлчээр ажиллаж, ахуй амьдралаа  дээшлүүлэх, аймаг, сумаа хөгжүүлэх үйлсэд идэвхийлэн ажиллаж байгаа нь харагдлаа. Үүний зэрэгцээ төр засгийн хэмжээнд анхааралдаа авч, нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэх олон асуудал байгааг уулзаж учирсан аймаг, сумын удирдлага, иргэд хөдөлмөрчид санал болгож байлаа. Энэ талаар саяхан Засгийн газрын хуралдаанаар тусгайлан хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авахаар болсон.

    Говь нутгийг зорьсон энэ удаагийн томилолт нь орон нутгийн төдийгүй улс орны хөгжлийн ирээдүйтэй шууд холбоотой Засгийн газрын  тэргүүлэх чиглэлийн ажлын явцтай газар дээр нь танилцах, асуудлыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх зорилготойгоороо онцлог юм.
    Хамтарсан Засгийн газрын бодлогыг хамгийн товчоор “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” хэмээн тодорхойлж байгаагаа Ерөнхий сайдаар томилогдох үедээ УИХ-ын индэр дээрээс илэрхийлснийг Та бүхэн санаж байгаа байхаа.

    Тэгвэл Хүний хөгжлийг хангахын тулд эдийн засгаа хөгжүүлэх нь эн тэргүүний зорилт мөн. Эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур нь аж үйлдвэржүүлэлт, бүтээн байгуулалт, гол хөшүүрэг нь хөрөнгийн зах зээл, сайн засаглал, хөдөлгөгч хүч нь бүтээлч сэтгэлгээтэй, боловсрол мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай иргэн хүн билээ.

    Энэхүү гурван хүчин зүйлийг нийтгэн нэгтгэж, эдийн засгийн өсөлтийг хангах гол түлхүүр, эхлэх цэг нь стратегийн ач холбогдолтой орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах явдал гэж бид үзсэн юм.Энэ бодлого нь зөв байсныг бид зүүн говийн аймгаар хийсэн энэ ажлын айлчлалын үеэр дахин мэдэрлээ.Монголын их говь сэрж байна.Энд монгол орны маань ирээдүйн хөгжлийг тодорхойлох их бүтээн байгуулалтын төслүүд гараагаа хэдийнээ эхэлжээ. Өчигдөр зөвхөн нэг уурхайд очиход ажиллагсадын дундаж цалин 890000 төгрөг гэж мэдээлж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хүний газар бэдэрч хөдөлмөр эрхлэхийн оронд эх орондоо мэргэжлээ үнэ төлбөргүй эзэмшээд, эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулж хилийн чанадаас дутахгүй орлоготой ажиллаж амьдрах боломж бүрдэж байна гэсэн үг.Энэ боломж бололцоог улам өсгөн нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар та бүхэнтэйгээ хамтран чармайн ажиллах болно.

    Иймээс Оюутолгойн хөрөнгө  оруулалтын гэрээг батлуулахын төлөө Засгийн газар тууштай ажилласны үр дүнд өнгөрсөн 4-р сарын эцсээр гэрээ хүчин төгөлдөр болсон. Энэ хүчин чармайлт талаар болсонгүй гэдэгт өнөөдөр бид итгэлтэй байна. Өчигдөр Оюутолгойн бүтээн байгуулалтын үйл явцтай газар дээр нь танилцлаа. Нийтдээ  5,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах энэ том төслийн ажил гэрээ байгуулсанаас хойш эрчимтэй өрнөж, нийт хөрөнгө оруулалтынхаа гуравны нэг орчмыг Монголд нэгэнт оруулжээ.

    Ажил  хэрэг энэ эрчээрээ өрнөвөл 3 жилийн дараа уурхай болон үйлдвэрлэлийн цогцолбор бүрэн баригдаж дуусах төлөвтэй. Тэр үед  Эрдэнэтээс 3 дахин  илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн тооцоо судлагаа бий. Эрдэнэт маань өнөөдөр дангаараа  манай ДНБ-ний 40 орчим хувийг үйлдвэрлэж байгаа гээд бод бүгдээрээ. Ямар их ирээдүйтэй бүтээн байгуулалт эхэлчихээд байгаа нь хэн бүхэнд төсөөлөгдөнө. Бодит байдал гэвэл өнөөдөр тэнд дэлхийн олон орноос ирсэн шилдэг мэргэжилтэнүүд бүхий 3500 гаруй хүн шилдэг технологи ашиглан ажиллаж байгаагаас 2600 гаруй нь монгол хүн байна. Энэ бол өчнөөн шинэ ажлын байр, түүгээр дамжаад төчнөөн гэр бүлийнхэн үр шимийг нь шууд хүртэж байна гэсэн үг. Бүхэлдээ Монголын бүх иргэд энэ орд газраас хувь хишгээ хүртээд эхэлчихсэн гэж хэлж болно. Иймээс Засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх замаар хөрөнгө оруулагч талтай үр дүнтэй харилцан ажиллаж, энэ төслийн эцсийн үр дүнг үзэхийн төлөө тууштай ажиллах болно.

    Засгийн газрын хэрэгжүүлж эхлэж  буй нэг том төсөл бол “Тавантолгойн орд” газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах явдал. Энэ бол коксжих болон эрчим хүчний нүүрсний нүүрсний дэлхийд дээгүүр орох их нөөцтэй олон жил ашиглагдах, ингэхдээ жил бүр дунджаар 1,0 тэрбум орчим ам.долларын орлогыг улсын төсөвт оруулах бололцоотой стратегийн чухал орд юм.Энэ орд газрыг ашиглах үзэл баримтлал, бодлогыг УИХ-аар батлуулсан нь эхний чухал алхам мөн. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр байгалийн баялагаасаа хувь эзэмших, ашиг хүртэх, орд газрыг эзэмших болон түүнийг дагасан бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуйн нэгж, Монгол хүн давуу эрхтэйгээр оролцох, цаашид үндэсний томоохон компаниуд өсөн бэхжих бодлого, эрхзүйн үндэс баталгаажиж байгаа юм.

    Энержи ресурс компани “Ухаа худаг” төслийн хүрээнд жил гаруйхны хугацаанд 1000 орчим ажлын байр шинээр бий болгож, ингэхдээ нийт ажиллагсадынхаа 40 гаруй хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлж, монголын 500-аад аж ахуйн нэгж, компанийг төслийн гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгчээр ажиллуулж байгаа нь бүс нутгийн хөгжилд төдийгүй улс орны эдийн засагт чухал хувь нэмэр оруулж буй хэрэг юм.
    Энэ төслийн хүрээнд нүүрс олборлох, нүүрс баяжуулах,  гүн  боловсруулах үйлдвэрийг, дулааны цахилгаан станц, усан хангамж, орон сууцны хотхон, нисэх буудал зэрэг дагалдах дэд бүтцийн хамт цогцоор барьж байгуулах ажил ид явагдаж байсантай бид танилцсан. Энэ удаа төрийн өмчит Эрдэнэс МГЛ –ийн үйл ажиллагаатай танилцаж цаашид ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

    Ажил урагшилж дэвшиж байгаа нь тодорхой байна. Хөрс хуулалт эхлэж тоног төхөөрөмжөө авч 100 гаруй шинэ ажлын байр буй болон техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж оператор компанийг шалгаруулах ажлаа аль хэдийнэ эхэлжээ.Энэ ажлаа улам эрчимжүүлж ард иргэд аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх, олон улсын болон үндэсний хөрөнгийн биржид хувьцаа арилжаалах арга хэмжээг 2011 онд эхлүүлэх үүргийг Засгийн газраас холбогдох Яам, газрын удирдлагуудад өглөө.

    Ирээдүйн Тавантолгойн бүтээн байгуулалтанд хувийн хэвшлийн ийм ур чадвартай, үүрэг хариуцлагатай үндэсний компаниудтай Засгийн газар  үр ашигтай түншлэн ажиллах бөгөөд цаашид тэдний өсөн бэхжих орчин, бүхэлдээ бизнесийн орчны шинэтгэлийг эрчимжүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлнэ. Өмнөговь аймгийг Монгол улсын хөгжлийн загвар аймаг болгон хөгжүүлэх зорилго тавигдаж байгаа билээ. Уул уурхай дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудын зэрэгцээ нутгийн иргэдийн нийгэм соёл, орон сууцны асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.

    Эдгээр асуудлуудыг тусгайлан авч үзэж Засгийн газарт ойрын хугацаанд танилцуулахыг холбогдох яам Өмнийн говийн хөгжлийн зөвлөл, аймгийн удирдлагад чиглэл болгож байна. Ураны орд газруудыг ашиглаж эхлэх нь говийн аймгуудын хөгжилд төдийгүй улс орны эдийн засгийн хөгжил,аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой. Иймд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших орд газрын талаар яриа хэлэлцээг эрчимжүүлж ашиглалтанд оруулах үүргийг өгсөн.

    Газрын тосны хайгуулын үйл ажиллагаа эхнээсээ эхлэн олборлолтонд шилжиж байна.Иймд газрын тосыг түүхийгээр нь экспортлохоос гадна дотооддоо газрын тос боловсоруулах бэлтгэл ажлыг яаралтай хангах шаардлагатай байна. Энэ үүргийг Эрдэс баялаг, Эрчим хүчний яаманд өгч ойрын хугацаанд газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын хамт газрын тосны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.

    Монголын их говь сэргэж байгааг ч дээр хэлсэн. Нүүрс зэс алтны  том төслүүд хүчээ авахын зэрэгцээ уран, газрын тос дэд бүтэц, хот байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлэх боломжийг Засгийн газар бүрдүүлэх ёстой.

    Эрхэм нөхөд өө

    Энд би өөрийн биеэр үзэж танилцсан хоёрхон газрын бүтээн байгуулалтын тухай дурдлаа.Үүнээс гадна танай аймгийн Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний уурхай, Сэлэнгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд гээд эх орны өнцөг булан бүрт уул уурхайн олборлох үйлдвэрлэл, түүнийг дагасан бүтээн байгуулалт ид өрнөж байна.

    Ингэхдээ Монгол Улс уул уурхайн баялагаа түүхийгээр нь гадагш гаргах бус дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад экспортлох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийн дагуу “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, “Төмөр зам”, “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг аварга том төслүүдийг хэрэгжүүлэхээр Засгийн газар бэлтгэл ажилдаа ороод байна.

    Хамтарсан Засгийн газраас хүчин чармайлт тавиад байгаа аж үйлдвэржүүлэлт, их бүтээн байгуулалтын зорилтууд нь хөрөнгө оруулалт, ажлын шинэ байрыг ихээр нэмэгдүүлэх, өндөр технологи, шилдэг менежмент, дэлхийн стандартыг нэвтрүүлэх, бизнесийн орчин, төрийн удирдлагын болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх замаар Монгол хүний хөгжлийн түвшинг ахиулах, хамгийн товчоор хэлбэл, хүний төлөө хөгжлийн бодлогын суурь үндэс юм гэдгийг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэ том аврага зорилт, их бүтээн байгуулалтыг хүн л хийж таараа. Ойрын 5 жилд 40 мянга гаруй ажлын байр шинээр бий болох төлөвтэй.

    Их бүтээн байгуулалт шаардагдах боловсон хүчин мэргэжилтэй ажилтан, ажиллагсадыг бэлтгэх тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардалагатайг бид бүхэн сайн ойлгож байгаа. Өнөөдөр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 45000 залуучууд сурч байна.Үүнээс гадна саяхан Оюут толгой төслийн санхүүжилтээр 3300 ажилгүй иргэдийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан сурган мэргэжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан.Дэлхийн түвшний энэ шаардлагад уялдуулан МСҮ-ийн төвүүдийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлж сургалтын тоног төхөөрөмж, сурах орчин нөхцөлийг сайжруулах дорвитой арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх болно. Мөн хамтарсан засгийн газраас хүн рүү хандсан шууд хөрөнгө оруулалт буюу иргэдийн  орлогод дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна. Үүний тулд ” Хүний хөгжлийн сан” байгуулж, иргэн бүрт олгох 1,5 сая төгрөгөөсөө эхний ээлжинд 70000 төгрөгийг олгосон. Та бүхэнд хүрсэн гэж ойлгож байгаа.

    Мөнгийг бэлнээр бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартайг тооцож, цаашид сар бүр тогтмол олгож байхаар саяхан шийдсэн. Тухайлбал энэ оны 08 дугаар сарын 01 нээс эхлэн он дуустал иргэн сар бүр 10000 төгрөг, 2011 оноос эхлээд сар бүр 20000 төгрөг олгохоор тогтсон. Үлдэх 1,0 сая төгрөгийг иргэдэд  аль хэрэгтэй байдлаар нь буюу боловсрол, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ болон орон сууцны , малчны болон бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр заавал хүртээх зорилготой ажиллаж байна.

    Мөн энэ оны 10 дугаар сараас төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдсэн. Ийнхүү иргэдийг мөнгөн орлогын тогтвортой эх үүсвэртэй байлгах талаар бид аль болохоор хичээн ажиллаж байна.

    Бүтээн байгуулалтаар дамжуулан хүний хөгжлийг хангах чухал зорилтын зэрэгцээ Засгийн газрын онцгой анхааралд буй нэг асуудал бол байгаль орчныг хамгаалах зорилт мөн. Энэ бол эцсийн дүндээ цаанаа хүний хөгжлийн төлөөх төрийн бодлогын нэг хэсэг юм.  Учир нь байгаль бол бидний гэр орон, бүлээн дулаан өлгий, бүр амьдрал тэтгэгч эх булаг билээ. Бид амьсгалах агаар, уух ус, идэх хүнс ногоо ер нь хүний бүхий л хэрэгцээт бүх зүйлээ байгалиас шууд ба шууд бусаар авдаг. Гэвч эх болсон байгаль дэлхийтэйгээ  бид хэрхэн харьцаж байгаа билээ.  Эргэцүүлж нэг нухацтай бодож, эргэн тойрноо бодиттой харвал асуудал ноцтой байдалд хүрээд байгааг ойлгож ядах юмгүй. Тодорхой нэг улс үндэстний төдийгүй хүн төрөлхтний  ирээдүй бүхэлдээ байгальтайгаа цаашид хэрхэн харьцахаас шууд хамааралтай болоод байна.

     Эрс тэс уур амьсгал, эмзэг онгон хөрс ургамалтай манай орны байгаль экологийн хувьд  цаг уурын  өөрчлөлтийн  сөрөг үр дагавар ил шууд  мэдрэгдэх боллоо.  Дулааны улирлын хугацаа богиносон, хэт халалт, хүйтрэлт, хуурайшилт явагдаж бэлчээрийн даац хомсдсон нь мал аж ахуйн эдийн засаг дээр суурилсан манай хөдөөгийн ард иргэдийн амьдралд хүндээр тусч байна. Зөвхөн өнгөрсөн өвөл, хаврын байгалийн гамшгийн улмаас 9,7 сая мал хорогдож, 8700 гаруй айл өрх огт малгүй болж, нийтдээ 57,5 тэрбум төгрөгийн шууд хохирол улсад учирсан тооцоо гарсан. Танай аймаг гэхэд л хагас сая гаруй малаа алдаж, 500 шахам айл өрх малгүй болж, ихэнх малчдын амьдрал ахуй эрс хүндэрсэн.

    Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч буй огцом өөрчлөлт , байгалийн элдэв гамшигт үзэгдлүүд нь ихэвчлэн  хүний болчимгүй буруу үйл ажиллагаатай холбоотой гэдгийг судлаачид нотолж байгаа. Иймд энэ асуудалд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг цөлжилт ихээр явагдаж буй говь нутагт зохион байгуулж, асуудлыг шийдэх гарцыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх нь энэ томилолтын гол зорилгын нэг байсан.
     
    Энэ зорилгын хүрээнд өнөөдөр Баяндалай сумын Гашууны хоолойд Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар, цаашид авах арга хэмжээний талаар БОАЖ-ийн сайдын мэдээллийг сонсож, уур амьсгалын өөрчлөлтийн шинэчилсэн хөтөлбөрийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол оронд болон дэлхий дахинаа үүсэн бий болж байгаа ноцтой асуудлуудад олон улсын анхаарлыг хандуулахын тулд дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудад хандаж илгээлт гаргалаа. Энэ бүхэн зохих үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

    Орон нутагт тэр тусмаа хөдөө хээр анх удаа хийж байгаа энэ удаагийн Засгийн газрын хуралдааны бэлтгэлийг зохих ёсоор хангасан орон нутгийн удирдлага, иргэд болон ирж оролцсон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл, зочдод Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

     Уур амьсгалын өөрчлөлтийн зэрэгцээ уул уурхайн олборлолттой холбоотойгоор байгаль орчин, хөрс,  ургамал сүйдэж доройтож байгаа нь Өмнөговь аймагт илэрхий ажиглагдаж байна. Эндээс уул уурхай болон үйлдвэржүүлэлт нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэсэн болгоомжлол гарч байгаа нь яах аргагүй үнэн. Гэхдээ шууд тийм дүгнэлт, гаргалгаа хийж хараахан болохгүй. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж чадвал бид энэ аюулыг тойрч гарах боломж бий.

    Хариуцлагатай уул, уурхай  гэдэг бол байгальд ээлтэй, эдийн засагт үр ашигтай, хувь хишиг нь ард иргэдэд хүртээлтэй байх явдал гэж бид ойлгож байгаа. Тийм ч учраас орд газарт хөрөнгө оруулалт хийж, олборлолт, үйлдвэрлэл явуулах хүсэлтэй гадаад, дотоодын аль ч компанид энэ шаардлагыг тавьж, шалгуур үзүүлэлт тогтоон,  хариуцлага тооцож ажиллах болно. Тэгэхлээр өнөөдөр хайран газар шороо гэж халаглаж, шүүмжилж  харж суухын оронд зам, талбай зэрэг дэд бүтцийг нэн түрүүнд яаралтай барьж байгуулахыг үйл ажиллагаа явуулж буй компаниудаас шахаж шаардах, улмаар тэдний энэ талын бүтээн байгуулалтад гар бие оролцох нь иргэн хүний үүрэг болоод байна. Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, нөхөн сэргээлт, хөрсжүүлэлт, мод  бут, зүлэг, ногоо тариалах бүтээлч ажлыг өрнүүлэх замаар байгалийн эвдрэл доройтлыг сэргээн засахаас өөр үр дүнтэй арга зам үгүй гэдгийг хаана хаанаа ойлгох цаг болсон. Энэ талаар өмнөговьчууд та бүхэн эхлүүлсэн нааштай санал санаачилгаа идэвхжүүлэхийн хамт өмнөд хөршийнхөө бэлэн туршлагыг өргөнөөр хэрэгжүүлбэл зохино. Тэнд уул тал, говь цөлийг бүхэлд нь ногооруулж, ургамалжуулж байна. Мэдээж, энд хөрөнгө мөнгө хэрэгтэй.  Үүнийг байгалиас өөрөөс нь буюу уул уурхайн үйлдвэрлэлийн ашиг, орлогоос гаргаж байгаа. Тэгэхлээр уул уурхайг байгальд халтай бус, ээлтэй байдлаар эрхэлж болох арга зам бүрэн байна. Манай Засгийн газрын “ногоон эдийн засгийн бодлого” үүнд чиглэгдэж байгаа.

     Орон нутагт газрын эзэмшилт, ашиглалт, газар зохион байгуулалтад холбогдох байгууллага онцгой анхаарч, эхнээс нь хэтийн төлөвлөгөөтэй бодлоготой хийх хэрэгтэй. Танай аймгийн нутаг дахь орд газрын ашиглалтыг дагалдаж бий болох хот тосгоны хэрэгцээнд зориулж Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын тодорхой хэмжээний газрыг улсын тусгай хэрэгцээний газарт авсан Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь хуулийн дагуух үйлдэл бөгөөд эдгээр газруудад ирээдүйн хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил хийгдэж байгаа. Энэ нутагт байгаа орд газруудыг аймгийнхаа хөгжлийн гол тулгуур болон байгальд сөрөг нөлөөлөл багатайгаар эргэлтэд оруулан ашиглахад лиценз эзэмшигч компани болон орон нутгийн удирдлага санаачилгатай ажиллаж, орчны  тэнцлийг алдагдуулахгүй, байгалиа хөнөөж бохирдуулахгүй байхад онцгой анхаарал хандуулахыг дахин сануулж байна.

    Бүтээн байгуулалт, байгаль хамгаалал гэсэн хоёр сэдвийн дор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засаг, нийгмийн гол зорилтуудыг хураангуйлан Та бүхэнд сонголоо. Үүнээс гадна мал аж ахуй, газар тариалангийн салбарт манай Засгийн газар томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ талаар би бусад аймагт хэлсэн үгэндээ дэлгэрэнгүй дурдсан тул энд товчхон хэлье.

    Мал аж ахуй бол орон нутгийн аж амьдралын үндэс. Өмнөговь аймгийн эдийн засгийн хөгжилд энэ салбар өнөөг хүртэл тэргүүлэх байр суурийг эзэлсээр ирсэн бөгөөд цаашид ч мөн уул уурхайн салбартай хослон эрчимтэй хөгжүүлэх бодлого чиглэлийг баримталвал зохино.
     
    Өнгөрсөн өвөл, хавар мал аж ахуйд учирсан хохирлыг арилгахад Засгийн газраас 6,8 тэрбум төгрөгийг  зарцуулсан бөгөөд   малгүй өрхүүдийг малжуулах арга хэмжээнд зориулан  нэмж 3,0 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэрийг  өнгөрсөн  7 сард гаргасан.
     
    Цаашид МАА-н салбарыг бүхэлд нь сайжруулах зорилгоор “Монгол мал” хөтөлбөрийг боловсруулж дэс дараатай арга хэмжээ авч байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд малыг чанаржуулах, фермерийн аж ахуй хөгжүүлэх, мал аж ахуйн түүхий эд, ашиг шимийг иж бүрэн боловсруулах чиглэлээр орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг Засгийн газар хөрөнгө санхүүгээр дэмжихээр заасан. Энэ талаар танай аймагт ихээхэн боломж бий. Тус аймагт буй хилийн хоёр боомтоор гадагш урсаж байгаа малын түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийгээд гадагш гаргах нь ашигтай бизнесийн нэг байх боломжтой.

    Засгийн газраас хүн амынхаа хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах үүднээс ” Атрын III аян”-ыг цаашид эрчимжүүлэх, энэ онд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах зорилт  тавин ажиллаж байна. Танай аймагт  төмс хүнсний ногооны тариалалт  өнгөрсөн оны мөн үеэс буурч, харин тэжээлийн ургамал өссөн дүн мэдээтэй байна. Сүүлийн 10 жил тус аймгийн газар тариалангийн салбар өсөлт бууралттай явж ирсэнд дүгнэлт хийн цаашид тогтворжуулах, жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллавал зохино. Саяхан   ХХААХҮ-ийн сайд  томилолтоор ажиллах явцдаа 20 хүлэмж, ХАА-н бага оврын 9 тракторын асуудлыг шийдвэрлэсэн нь аймгийн газар тариалангийн салбарын хөгжилд бага ч гэсэн бодит дэмжлэг болж байгаа гэж үзэж байна.

    Ийнхүү Засгийн газар бүхий л салбарт тодорхой бодлого гаргаж, бодит ажлыг эхлүүлээд байна. Одоо энэ бүхнийг орон нутаг дэмжин дор бүрнээ хөдлөх, хийх, санаачлах хэрэгтэй байна. Үүний тулд орон нутаг руу чиглэсэн төрийн бодлого, өөрөө өөрийгөө хөгжүүлэх орон нутгийн санаачлага хоёр хослон нийлэх хэрэгтэй. Бид аливаа шийдвэрлэвэл зохих, бэрхшээлтэй асуудлыг ярилцаж, хэлэлцэхэд үйл ажиллагааны болон эрх мэдлийн зохистой бус “Төвлөрөл” нь ажил хэргийг зөв зохион байгуулж, хэрэгжүүлэхэд саад болж байгаа нэг хүчин зүйл юм. Иймээс Засгийн газраас төвлөрөлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Засгийн газраас улсын төсөв, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа, боловсон хүчний томилгоо, хяналтын  төвлөрлийг  багасгаж, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг  илүү тодорхой болгох замаар  иргэд  өөрийн асуудлаа өөрөө шийдэх  эрхийг нутгийн засаг захиргаанд шилжүүлэх зэрэг арга  хэмжээг авахаар төлөвлөж байгаа болно.

    Эрхэм нөхөд өө

    Монголчууд бид баялагтаа эзэн болж, хүний аюулгүй байдал хангагдсан амар тайван чинээлэг орон  болж хөгжих  алсын зорилтдоо хүрэхийн тулд засаглал  ойлгомжтой, хууль дүрэм  шударга, олон нийтийн хяналттай,  төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй,  төрийн үйлчилгээ  орон нутагт тэгш хүртээмжтэй хүрдэг, ажлаа иргэдээрээ үнэлүүлдэг байх ёстой. онгол Улсын Засгийн газрын “Хүний аюулгүй байдлыг хангах, сайн засаглал хөтөлбөр”, мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын  түншлэлийн харилцааг бэхжүүлэх,  засаглалын институцын чадавхи, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг  дээшлүүлэхэд чиглэсэн Төрийн албаны шинэтгэлийн өргөн хүрээтэй бодлого зорилтыг хэрэгжүүлж байгаа билээ.

    Өмнөговь аймгийн хувьд  төрийн үйлчилгээний хүнд суртал бий болгосон дүрэм, журмуудыг хуульд нийцүүлэхээр сум, байгууллагын дарга эрхлэгч нарын захиргааны шийдвэрийг улирал бүр хянан зөвлөгөө туслалцаа үзүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үйл ажиллагааны  ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд  иргэд үнэлгээ өгөх  зэрэг  ажлын эхлэл бий болж байгаа нь зөв зүйтэй алхам юм.

    Өмнөговь аймаг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын зорилтуудаа хэрэгжүүлэхэд зохих санаачилга гарган ажиллажээ. Тухайлбал, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг өргөтгөн бэхжүүлж, уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг дотоод, гадаадад сургаж бэлтгэх, хөдөө сумдад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор “эмчийн орон сууц хөтөлбөр”, “эмчийн тэтгэлэгт хөтөлбөр”-үүдийг “Оюутолгой”  төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Гэсэн  хэдий ч эх нялхасын эндэгдэл зэрэг анхаарал татсан асуудлууд байгааг сануулж хэлье. Тус аймагт ажлын байр шинээр мэдэгдэхүйц нэмэгдэж, аймгийн хэмжээнд үйлдвэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2009 онд өмнөх оноос 55,2 хувиар өсч, нэг хүнд ногдох хэмжээ нь 906,8 мянгаар өссөн нь бусад аймгуудынхтай харьцуулахад нааштай үзүүлэлт юм.

    Орон нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх, төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах бодлогыг баримтлан Концессийн тухай хуулийн дагуу эргэн төлөгдөх нөхцлөөр хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж,  шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан нэн тэргүүнд шаардлагатай 80 бүтээлч ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа юм байна.

    Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил нэмэгдэж буйтай холбогдуулан улсын төсвөөс орон нутагт оруулах хөрөнгө оруулалтын хувь хэмжээ ч жил бүр өсөн нэмэгдэж байгаа. 2010 онд танай аймагт Улсын төсвөөс 5,5 тэрбум төгрөгийн барилга байгууламж их засвар хөрөнгө оруулалтын ажил төлөвлөгдсөн нь өмнөх оноос 50 хувийн өсөлттэй байна. Энэ онд мөн тус аймагт бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр 1,2 тэрбум, Эрүүл мэндийн салбарт 793,5 сая, боловсролын салбарт 2,4 тэрбум, эрчим хүчний салбарт 380,0 сая, хил хууль хяналтын салбарт 734,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Засгийн  газраас олгосон билээ.

    Өнөө үед цаг үеийн ажил буюу хадлан тариа, намаржилт, өвөлжилтийн бэлтгэл ажил Та бидний анхаарал хандуулах чухал асуудал болоод байна. Наадмын  дараахан Засгийн газрыг 7 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуй, эрчим хүчний болон зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай асуудлыг авч хэлэлцээд тогтоол гаргаж, улс орон даяар зохион байгуулалттай бэлтгэл ажлыг хангах үүрэг, даалгаврыг яамдын сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн. Өвөлжилтийн бэлтгэлийг зөвхөн Засаг дарга нар, салбарын яамд бус айл өрх бүр, малчин тус бүр хүйтний улирал эхлэхээс урьтаж, цаг хугацаатай уралдан олон талын бэлтгэл ажлыг хангасан байх шаардлагатайг онцлон анхааруулъя.

    Эрхэм хүндэт Өмнөговьчуудаа!

    21 дугаар зууны Монголын говь нутгийн өнгө төрх өөдрөг, гэгээлэг байна. Өмнийн говь өнөөдөр онгон зэлүүд газар биш их бүтээн байгуулалтын талбар болж, эрдэс баялагынхаа үүцийг нээж, эх орны маань нэрийн хуудас болж байгаа нь бахархалтай.

    Чухамдаа дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуай ” Говь” хэмээх алдарт шүлэгтээ ” Хөрсөн дороос ус гаргаж
                      Хөх цэнхэр тэнгис тогтооно
                      Хангайн модыг говь рүү нүүлгэж
                      Ханагар ногоон ой шуугиулна
                      Гандирсан хотын илбэн зургийг
                      Газар дээр хот болгож гараараа бид барих болно” хэмээн зөгнөн бичсэн нь өнөөдөр бодит байдал болж хувирах бололцоотой болжээ. 
    Эх нутгийнхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, газар шорооны төлөө эрэлхэгээр  тэмцэж, баатарлагаар хөдөлмөрлөж явсан  эх орончдын үр хойч болсон говьчууд та бүхэн эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож, өвөг дээдэс, ахмад үеийнхнийхээ өв  уламжлалыг бататган,  Монгол эх орон, говь сайхан нутгаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Та бүхэндээ хандан уриалж байна.

    Өгөөмөр уудам, өгөөж баян говь нутагтаа уул уурхайн олборлолтыг дагасан эрин цагийн шинэ бүтээн байгуулалт өрнүүлж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эрдэм соёл, урлаг спортоо улам баяжуулан хөгжүүлж, эв найртай элбэг хангалуун, чинээлэг сайхан аж төрөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

     Буцаад ирэхэд булаг шиг, дахиад ирэхэд далай шиг байгаарай гэдэг  эртний сайхан ерөөлөөр энэхүү үгээ өндөрлөе өө.   

      Монгол Улс улам хөгжин цэцэглэх болтугай

  • 2014 онд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулна

    2014 онд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулна Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  говийн аймгуудаар хийж байгаа албан томилолтынхоо үеэр ингэж мэдэгдлээ. Тэрбээр 8 дугаар сарын 25 ны  өдөр Зүүнбаян, Цагаан элсний бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тосны хайгуул, олборлолт явуулж буй  “Доншен” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компани нь одоогийн байдлаар туршилтын олборлолт явуулж байгаа  бөгөөд  хамгийн сүүлийн үеийн мэдээгээр  жилийн эхнээс хойш 328739 баррель нефть олборлоод байгаа аж.  Гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн олборлолтын горимд шилжих ажээ.  Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөл ёсоор эрэл хайгуулын үе шат нь 2010 онд дуусах бөгөөд цааш 20-30 жил олборлолтын үйл ажиллагаа эрхлэх боломжтой юм байна. Нийт 177 сая баррель түүхий тосны нөөцөөс ашиглалтын баталгаат нөөц нь 40 сая хэмээн Ерөнхий сайдад танилцуулж байлаа.

    Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт газрын тосны боловсруулах үйлдвэр барихад доод тал нь нэг сая тоннын хүчин чадалтай технологи бүхий үйлдвэр барих шаардлагатай юм байна. Одоогийн байдлаар ийм үйлдвэр байгуулах хүсэлтэй арав гаруй компани мэргэжлийн байгууллагуудад хүсэлтээ хүргүүлээд байгаа ажээ. Байгаа энэ боломж нөөц дээрээ түшиглээд  Монгол Улс  өөрсдөө газрын тосны бүтээгдэхүүнтэй болох эх үндэс  бүрдэж байгаа бөгөөд 2014 онд боловсруулах үйлдвэр байгуулна гэдгээ Ерөнхий сайд С.Батболд мэдэгдлээ.

    Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд 100 хувь хараат байдаг байсан бол одоо үүнийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох цаг тун ойртжээ. Улс төрийн түвшинд олон жил яригдаж байгаа  газрын тосны  боловсруулах үйлдвэр барих том ажлыг Сайншандын аж үйлдвэрийн паркийг түшиглэн босгохоор Засгийн газар зорьж байна.

    Ураны талаарх мэдээллийг Монголын ард түмэнд нээлттэй байлгахыг Ерөнхий сайд хүслээ

    Ерөнхий сайд  С.Батболд мөн өдөр Франц улсын “Арева” группын ураны хайгуулын явцтай танилцлаа. Дэлхий дахинд эрчим хүчний салбарт  тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Арева” групп нь Франц улсын төрийн өмчит компани юм. Тус групп өнгөрсөн онд 8.630 тонн уран үйлдвэрлэсэн бөгөөд Канад, Казахстан,Нигер зэрэг улсад олборлолт хийдэг аж. Тус  компанийн салбар болох “Кожеговь” компани нь 1997 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар тэд  ураны бүтээгдэхүүн болох “шар нунтаг” үйлдвэрлэх зорилготойгоор Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутагт ураны хайгуулын ажлыг хийж эхлээд байгаа юм байна.

    Шар нунтагийн эхний үйлдвэрлэлийг 2015 онд гаргана хэмээн төлөвлөжээ. Харин  2010-2011 онд тус компани газар дор уусган олборлох туршилт явуулах гэж  буйгаа Ерөнхий сайдад танилцуулж байв. Одоогийн байдлаар манай улсад 10000 тонн орчим ураны нөөц илрээд байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэх магадлал тун өндөр байгааг  францын мэргэжилтнүүд тайлбарлаж байсан. Мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд тэднээс хоёр зүйлийг лавлав. Ураны хайгуул хийж  байгаа “Арева” компанийн үйл ажиллагаа  Монголын ард түмэнд нээлттэй байх ёстой. Энэ талаар юу хийж байгаа болон орон нутгийн  иргэдтэй хэрхэн хамтарч ажилладгийг нь сонирхлоо. Тэдний хэлснээр монголчуудын хувьд шинэхэн танил төдийхөн байгаа ураны талаар Дорноговь болон Зүүнбаянд хоёр ч удаа нээлттэй мэдээлэл хийсэн тухайгаа дурдаад эндээс иргэд анхан шатны мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байв.

    Ажил өргөжихийн хэрээр ажлын байр бий болгож, энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх бодолтой байгаагаа ч мэдээлсэн. Тухайлбал, Казахстан болон Францад энэ чиглэлээр монголчуудыг сургах ажил эхлээд байгаа юм байна. Компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр эрүүл мэнд, боловсролын салбарт  багагүй дэмжлэг үзүүлж буйгаа ч дурдлаа. Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад анхаарч энэ тал дээр Цөмийн энергийн газартай холбоотой ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд зөвлөлөө

  • Ерөнхий сайд С.Батболд Дорноговь аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболд Дорноговь аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн үг/Аж үйлдвэржүүлэх бодлого- улс орны хөгжлийг шинэ шатанд гаргана/

    Домог түүхийн өлгий, эрдэс баялагийн уурхай болсон энэ сайхан нутгийн эзэд Дорноговьчууд Та бүхнийхээ амар амгаланг айлтган, хувиасаа болон хамт яваа нөхдийнхөө халуун дотно мэндийг дэвшүүлье.

    Төр засгийн тэргүүн нар орон нутагт ажиллаж ард иргэдтэйгээ уулздаг нь тогтсон жишиг боловч энэ удаагийн уулзалт Та бидний хувьд анхных гэдгээрээ онцлог. Бас өргөн бүрэлдэхүүн яваа нь аливаа асуудлыг ажил хариуцсан Засгийн газрын гишүүн болон холбогдох албан тушаалтанд шууд тавих боломжийг Та бүхэнд олгож байгаагаараа онцлог.

     Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би  энэ онд хөдөөгийн бүх аймгаар явж, орон нутгийн ажил амьдралтай танилцах,  Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажил хэргийн талаар олон түмэндээ танилцуулан, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилго тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилгын үүднээс наадмын дараагаас төвийн болон  баруун бүсийн  9 аймгаар 20-иод хоног  албан томилолтоор явж, 5000 км замыг туулан 6300 гаруй иргэнтэй уулзаж, ахуй амьдрал, ажил хэрэгтэй танилцаад ирсэн.

    Манай хөдөөгийн иргэд маань өвөг дээдсийнхээ голомтыг залгамжлан өөрийн төрж өссөн нутаг орондоо мэдлэг оюун, ажил үйлсээ зориулан бүтээлчээр хөдөлмөрлөж, ахуй амьдралаа дээшлүүлэх, аймаг сумаа хөгжүүлэх үйлсэд идэвхийлэн ажиллаж байгаа нь харагдлаа. Аймгуудад өөр өөрийн онцлогтой олон сайхан бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэн,  зарим үр дүнд хүрч байгааг газар дээр нь үзэж танилцлаа. Үүний зэрэгцээ төр засгийн хэмжээнд анхааралдаа авч нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэх олон асуудал байгааг уулзсан орон нутгийн иргэд, хөдөлмөрчид, удирдлагуудаас санал болгож байлаа.

    Энэ талаар саяхан Засгийн газрын  хуралдаанаар тусгайлан хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авахаар болсон. Говь нутгийг зорьсон энэ удаагийн томилолтын үндсэн зорилгыг  байгаль хамгаалал, бүтээн байгуулалт гэсэн товчхон үгээр илэрхийлж болно.

    Байгаль бол бидний гэр орон, бүлээн дулаан өлгий, бүр амьдрал тэтгэгч эх булаг билээ. Энэ үг хэн бүхэнд мэдээж зүйл мэт сонсогдож байгаа. Гэвч эх болсон байгаль дэлхийтэйгээ хэрхэн харьцаж буйгаа эргэцүүлж нэг нухацтай бодож, эргэн тойрноо бодиттой харвал асуудал амаргүй байдалд хүрээд байгааг ойлгож ядах юмгүй. Тодорхой нэг улс үндэстний төдийгүй хүн төрөлхтний  ирээдүй байгальтайгаа цаашид хэрхэн харьцахаас шууд хамааралтай болоод байна.

    Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч буй огцом өөрчлөлт , байгалийн элдэв гамшигт үзэгдлүүд нь ихэвчлэн  хүний болчимгүй, буруу үйл ажиллагаатай холбоотой гэдгийг судлаачид нотолж байгаа. Эрс тэс уур амьсгал, эмзэг онгон хөрс ургамалтай манай орны байгаль экологийн хувьд энэ сөрөг өөрчлөлтийн үр дагавар ил шууд  мэдрэгдэх боллоо.  Дулааны улирлын хугацаа богиносон, хэт халалт, хүйтрэлт, хуурайшилт явагдаж бэлчээрийн даац хомсдсон нь мал аж ахуйн эдийн засаг дээр суурилсан манай хөдөөгийн ард иргэдийн амьдралд хүндээр тусч байна.

    Иймд энэ асуудалд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг цөлжилт ихээр явагдаж буй говь нутагт зохион байгуулж, асуудлыг шийдэх гарцыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх нь энэ томилолтын  бас нэг  том зорилго юм.

    Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын зэрэгцээ, байгалийнхаа баялагыг зөв зохистой ашиглан эдийн засгаа өсгөн, хүн ардынхаа хөгжил дэвшил сайн сайхан амьдрах  нөхцлийг  бүрдүүлэх нь  Засгийн газар бүрийн  эрхэм зорилт  төдийгүй түүний сорилт, шалгуур болдог.  Энэ жишгийн дагуу манай хамтарсан Засгийн газар  асуудлын хүнд бэрхээс  халгаж халшрахгүйгээр, өнөө маргаашаар аргацаахгүйгээр  ирээдүйд үр дүнгээ өгөх их бүтээн байгуулалтын томоохон  төсөл хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлэхээр зориглон ажиллаж байна.

    Энэ төсөл, хөтөлбөрүүдээ Та бүхэндээ тайлбарлан таниулж, иргэд олон түмнийхээ сэтгэл, зүтгэлийг их бүтээн байгуулалтын зүг хандуулах нь энэ томилолтын хоёр дахь гол зорилт юм. Их бүтээн байгуулалтын ажлын гол  цөм нь улс орноо аж үйлдвэржүүлэхэд оршино. Учир нь орчин үеийн эдийн засгийн өсөлтийн үндэс тулгуур нь  аж үйлдвэржүүлэлт, өндөр технологи, мэдлэг мэдээлэл болоод байнаа.  Тиймээс ч  аж үйлдвэржүүлэх бодлого улс орны хөгжлийг шинэ шатанд гаргана хэмээн манай Засгийн газар үзэж байгаа юм.
     
    Дорноговь аймаг болон говийн  энэ бүс нутаг шинэ аж үйлдвэржүүлэлтийн нэгэн гол төв болох гэрэлт сайхан ирээдүй нэн холгүй байгаа тул энэ талаар Засгийн газраас хийж байгаа болон төлөвлөж байгаа ажлынхаа тухай Та бүхэндээ товчхон танилцуулъя. 

    Эрхэм хүндэт иргэд ээ!

    Миний бие Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдоод  10 сарын нүүр үзэх гэж байна.  Энэ хугацаанд манай Засгийн газраас олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудын зангилааг тайлж, бүтээн байгуулалтын зарим ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах эхний алхам болох  Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 4 сард байгуулснаар  одоо үйлдвэрлэлийн бэлтгэл ажил ид  өрнөж байна.

    Мөн Таван толгойн орд газрыг ашиглах бодлого, үзэл баримтлалыг Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр  Монгол улсын иргэн бүр байгалийн баялгаасаа хувь  эзэмших, ашиг хүртэх орд газрыг эзэмших болон түүнийг дагасан бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуйн нэгж, Монгол хүн давуу эрхтэйгээр оролцох, цаашид үндэсний компаниуд өсөн бэхжих бодлого  баталгаажиж байгаа юм.

    Орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэлүүд ч ач холбогдлоо өгч байна. Тухайлбал, оны эхний саруудын байдлаар уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдэж, Оюу толгой төсөлд 2200 гаруй монгол хүн ажиллаж байна. Үйлдвэрийг барьж байгуулах явцад  цаашид ч ажлын байр нэмэгдэх бөгөөд ашиглалтад орсон үед ажиллах мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, НХХЯ гэрээ байгуулан  ажиллаж байна.

    Үүнээс гадна манай хувийн хэвшлийнхэн Өмнөговь аймгийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний орд, Сэлэнгэ аймгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрын олборлолтыг эхлүүлж, түүнийг дагалдсан дэд бүтцийн   ажлууд  өрнүүлж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа үндэсний мэргэжилтэн, ажилчдын хүчээр дулааны цахилгаан станц барьж байна. Ийнхүү ашигт малтмал, уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил эх орны өнцөг булан бүрт өрнөж эхэллээ.

    Үйлдвэрлэлийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилбэл 2012 оноос Таван толгойн, 2013 оноос Оюутолгойн орд газрын  үндсэн олборлолт  эхэлж, түүхий эд, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргана. Ашигт малтмалыг боловсруулах, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг бий болгох, ингэснээр ард иргэдээ ажлын байраар хангахад л төрийн бодлого чиглэж байгаа билээ.

    Импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн аж үйлдвэржилтийн бодлогыг цогцоор хэрэгжүүлснээр улс орны хөгжил шинэ шатанд гарах юм. Энэ бүх ажлыг нэгтгэж зангидсан алсын хараатай төрийн бодлого, сайн зохион байгуулалт хэрэгтэй.

    Засгийн газраас баталсан ” Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл” , Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр” зэрэг баримт бичиг нь энэ бодлого, зорилгод чиглэж байгаа юм. Энэ хөтөлбөр чиглэлийн дагуу Монгол Улсын эрчимтэй хөгжлийг хангах зорилгоор Оюутолгой, Тавантолгойн орд газрыг түшиглэн аж үйлдвэрийн цогцолборыг Сайншанд хотод байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа та бүхэнд дуулгахад таатай байна.

    Энэ бол сэтгэл хөдлөлийн шийдвэр биш. Олон талын шалгуур тооцоонд үндэслэн  хамгийн тохиромжтой байршил гэж  тодорхойлсон, Олон улсын зөвлөх байгууллагын дүгнэлтэд тулгуурласан бодит үндэслэлтэй шийдвэр.  Сайншанд хотод аж үйлдвэрийн цогцолбор  байгуулах төслийн хүрээнд зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэр, хар металлургийн, кокс химийн, нүүрс химийн, барилгын материалын үйлдвэр зэрэг улс орны цаашдын хөгжлийг тодорхойлсон томоохон үйлдвэр баригдана.

    Ингэснээр Монгол Улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь гадагш гаргах бус дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад экспортлох боломжтой болно. Томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөнө, хэдэн мянган шинэ ажлын байр бий болно, орчин үеийн аж үйлдвэрийн хот үүсч хөгжинө.

    Урьдчилсан тооцоогоор Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаар манай улсын эдийн засгийн бодит өсөлт эрс нэмэгдэж ДНБ-д эзлэх аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 57 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2 дахин нэмэгдэж, хүмүүсийн аж амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарна гэж үзэж байна.

    Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад эхний ээлжинд 5000 инженер, техникийн ажилтан болон мэргэжлийн ажилчин шаардагдана гэсэн урьдчилсан тооцоо байна. Эдгээр ажилчдыг дагаж ирэх, тэдгээрийн гэр бүл, тэдэнд үйлчлэх нийгмийн суурь үйлчилгээ хүртэл өсөн нэмэгдэх зайлшгүй шаардлага гарна.

    Мөн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Даланзадгад, Чойр, Сайншанд зэрэг орон нутгийн томоохон хотод ажиллаж байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх хэрэгцээ байна. Орон нутгийн иргэд ажлын байраар хангагдах, аж ахуй эрхлэгчид, уул уурхайн компаниудад үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх замаар орлого олох бололцоо бүрдэнэ.

    Өнөөгийн байдлаар “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад хамрагдаж болох үйлдвэр, дэд бүтцийн төслүүдийг хамруулан нийтдээ 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар урьдчилсан тооцоо гараад байна. Төслийн хүрээнд дэвшилтэт техник, өндөр технологи бүхий “үйлдвэр”-үүд, тэдгээрийн найдвартай үйл ажиллагааг хангах дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, шилдэг хот төлөвлөлттэй, олон улсын хэмжээнд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар бүхий аж үйлдвэрийн цогцолборыг төрийн болон хувийн хөрөнгө оруулалтаар байгуулах болно.

    Саяхан батлагдсан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбортой уялдуулан Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн 1000 гаруй км төмөр зам  барина. Энэ нь  эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болж, шинэ ажлын байр бий болох боломж бүрдэнэ.

    Аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам төслийн зэрэгцээ 2011-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг сэргээх, нийслэл болон хүн ам төвлөрсөн хот суурин, бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, орон  сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг  бүрдүүлэхээр томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж эхэлсэн.

    Аж үйлдвэржүүлэлт,  шинэ бүтээн байгуулалтын зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчийн  компаниудыг нээлттэй болгох, олон шаттай зөвшөөрлийн тогтолцоог өөрчлөх, бүртгэл мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, өөрөөр хэлбэл эдийн засгийг ардчилахад чиглэсэн удирдлага зохион байгуулалтыг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

    Уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ манай орны эдийн засгийн нэг голлох бүтэц болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар ихээхэн анхаарч байгаа.

    Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тариа бусад ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүрэх нь бидний ойрын зорилт юм. Энэ нь зөвхөн тухайн салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий бус бүхэлдээ  манай эдийн засгийн тэр дундаа хүнсний аюулгүй байдлын чухал ач  холбогдолтой  том зорилт гэдгийг хэлье.

    Атрын 3 дугаар аяныг үргэлжлүүлэн гурилын хэрэгцээгээ дотооддоо хангах зорилт тавьж, тариаланчдыг дэмжих олон арга хэмжээ авснаар тодорхой үр дүн гарч байна. Энэ онд 330 гаруй мянган тонн улаан буудай хураан авч, 250 мянга орчим тонн гурил үйлдвэрлэх боломжтой, ингэснээр гурилын хомсдол гарахгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн тайлан мэдээллийг холбогдох яам, байгууллага гаргаад байгаа.

    Мал аж ахуй бол манай үндсэн салбар учир Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 5 дугаар сард УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

    Өнгөрсөн өвөл, хавар байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл зуд  болж, мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан.

    Зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9,7 сая толгойгоор хорогдож, нийт 550,0 орчим  тэрбум төгрөгийн шууд  хохирол учирч, 8700 гаруй өрх огт малгүй болсон. Зудын хор хохирлыг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засгийн газраас саяхан тогтоол гарган  “Малчин өрхийг малжуулах журам” батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг энэ онд малжуулах юм. Үүнд зориулан эхний ээлжинд Засгийн газар 3 тэрбум төгрөг гаргаж, аймаг бүрт хуваарилан олгож байгаа. Энэ бүхэн нь эцсийн дүндээ хүн рүүгээ  хандсан бодлого билээ.    

    Манай Засгийн газрын хамгийн гол үндсэн зорилго бол хүний  асуудал  буюу Монгол хүнээ хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа.  Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм боловсролтой, бүтээлч чадвартай байх нь бид бүхний нийтлэг хүсэл эрмэлзэл билээ. Засгийн газар юуны өмнө нийгмийн баялгаас иргэн бүрт хувь хишиг хүртээх, хувь хүний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд иргэн бүрт 70000 төгрөг олгоод байгаа.
     
    Мөнгийг бэлнээр, бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартайг тооцож, цаашид сар бүр, тогтмол олгож байхаар саяхан  Засгийн газраас шийдсэн байгаа. Тухайлбал, энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10000 төгрөг, 2011 оноос эхлээд сар бүр 20000-оос доошгүй төгрөг байлгахаар тогтсон.
     
    Үлдэх 1.0 сая төгрөгийг иргэдэд аль хэрэгтэй байдлаар нь буюу боловсрол сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ болон орон сууцны, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр олгохоор судалж байна. Ямар ч байсан иргэддээ 1,5 сая төгрөгийн хувь хишгийг бэлэн ба бэлэн бус хэлбэрээр заавал хүртээх болно. Мөн энэ оны 10 сараас төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдсэн. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд түүнийг энэ оны IV улирлаас өгч эхлэхээр төлөвлөөд байна. Ийнхүү иргэдээ мөнгөн орлогын тогтвортой эх үүсвэртэй байлгах талаар бид аль болохоор хичээж байна.
     
    Засгийн газар эдийн засаг, нийгмийн бодлогын дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагын ажил, үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ аж ахуйг удирдах арга барилдаа ч шинэчлэл хийхийг эрмэлзэж байна. Энэ чиглэлээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлэсэн.

    Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журамд шилжинэ.

    Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлэх зэрэг арга хэмжээ авна.

    Мөн бүх шатанд хариуцлагын тогтолцоо бий болгож, хууль дүрмийг чанд мөрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн ёс суртахууны эсрэг үзэгдэлтэй тууштай тэмцэж, ард түмний амгалан тайван байдлыг хангахад ч онцгойлон анхаарч ажиллаж байгаа, ажиллах ч болно.

    Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ойрын ирээдүйн бодлого зорилтын талаар  Та бүхэнд товч танилцууллаа. Төр засгаас гаргаж байгаа шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бүх салбар, орон нутгийн түвшинд  бодит ажил болон өрнөж, түүний үр дүн ард иргэдэд шууд хүрч байх учиртай. Тийм ч учраас энэ удаагийн томилолтын нэг зорилго бол гаргасан шийдвэрийг аймаг, сум, багийн түвшинд иргэдэд хүргэх талаар хэрхэн ажиллаж байгаа, иргэдийн санал бодол ямар байгаатай танилцах, мөн орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авч болох талаар санал бодлоо солилцоход чиглэж байгаа юм.

    Эрхэм хүндэт иргэд ээ.

    Дорноговь нутаг байгалийн баялгийн арвин нөөцтэй, соёл, түүхийн гэрч болсон эртний түүхт газар нутаг, зан үйл, дуу хуур элбэгтэй, улс орондоо төдийгүй тив дэлхийд нэр алдраа дуурсгасан гавъяат үйлстнүүдээрээ алдартай билээ.

    Дорноговьчуудын ирээдүй ч бас гэгээлгээр төсөөлөгдөж байна. Яагаад гэвэл улс орны эдийн засгийн хөгжлийн стратегийн олон чухал түүхий эд, ашигт малтмалын орд энэ нутагт илэрч, зарим нь олборлох шатандаа орж байна. Үүнийг дагалдаад аж үйлдвэржүүлэлтийн ажил өрнөхийн хирээр зах зээлийн боломж нэмэгдэх учраас энэ боломжийг алдахгүй байх нь амжилтын үндэс болно.

    Дорнын их говь нутагт хайлуур жонш, цеолит, гөлтгөнө, нүүрс, газрын тос, алт, зэс, нефть зэрэг 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 400 гаруй илэрц тогтоогдсон байдаг. Зөвхөн хайлуур жоншны нийт нөөцийн 30 гаруй хувь нь энэ нутагт бий. Зүүнбаянгийн  орд газарт нефтийн, Дулаан уулын орчимд ураны, Цагаан суваргын зэс-молибден, Хонгор, Чандмань уулын төмрийн хүдэр, холимог металл, Лугийн голын газрын ховор элемент болон хайлуур жонш, шохойн чулуу, гөлтгөнө зэрэг олон ашигт малтмалын нөөцийг тогтоож, хэд хэдэн газарт алт, уран, нүүрсний эрэл, хайгуулын ажил үргэлжлэн явагдаж байна. 

    Энэ уул уурхайг түшиглэсэн олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, түүнийг дагалдсан бусад салбарын ажил хэрэгжиж эхэлснээр олон мянган ажлын байр бий болж, зөвхөн Дорноговьчууд төдийгүй, монголчууд ажлын байраар хангагдаж, ард иргэдийн маань амьдрал ахуй дээшилж, улс орны хөгжил шинэ шатанд гарах гэгээлэг ирээдүй харагдаж байгаа юм.

    Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт дэд бүтэц болоод нийгмийн чиглэлийн арга хэмжээнд хөрөнгө оруулалт сүүлийн 20-иод жилд байгаагүй хэмжээгээр өсч байгаа. Дорноговь аймагт зөвхөн 2010 онд гэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,1 тэрбум төгрөг, авто зам, Замын-Үүдийн дэд бүтцийг шийдвэрлэхэд 100  гаруй сая ам,долларын хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлж байна.

    Тус аймгийн Замын-Үүд боомт бол улс орны үүд хаалга болсон чухал ач холбогдолтой газар билээ. Замын-Үүдийн хөгжлийн хоцрогдлыг арилгах талаар олон жил шүүмжлэн ярилцсаар ирсэн. Хоцрогдлын шалтгаан нь нэгдсэн бодлогогүй явж байгаад байна гэж Засгийн газраас  дүгнээд, Замын-Үүд сумын ерөнхий төлөвлөгөөг 300,0 сая төгрөгөөр шинэчлэн хийлгэж байгаа.

    Тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын томоохон бодлогыг удахгүй гаргаж, орчин үеийн боомт хотын түвшинд хүргэх талаар хувийн хэвшлийнхэн, ард иргэдтэйгээ хамтран ажиллана гэж бодож байна.

    Орон нутагт ч өөрийн боломжоор хийж хэрэгжүүлэх ажил олон байна. Мал аж ахуйд суурилсан эдийн засагтай  аймгийн хувьд өөрийн газар нутаг, цаг уурын онцлогтоо тохирсон мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд малын эзэн-малчдын өөрсдийн оролцоо нэн чухал. Мөн  багийн Иргэдийн нийтийн хурал, сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

    Залуу малчдыг мал маллах арга ухаанд сургах, мал сүргээ эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, байгаль цаг агаарын эрсдлээс хамгаалах зэрэг дээшээ харахгүйгээр орон нутагтаа шийдэх асуудал олон байна. Мал аж ахуйн түүхий эд, байгалийн нөөц баялаг, газар тариалангийн бүтээгдэхүүнийг  боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн хийх замаар орон нутгийн болоод шинээр бий болж байгаа уул уурхайн төвлөрлийн зах зээлд ажиллах жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ихээхэн боломж харагдаж байна.

    Ийм боломж байсаар байтал 2009 оны эцэст  ажилгүйчүүдийн тоо 2008 оныхоос 65,2 хувь өссөн  дүн гарсан байгаа.Цаашид Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор олгож байгаа зээлийг ажлын байр бий болгох төслүүдэд өгч, үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах хэрэгтэй нь харагдаж байна.

    Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас сүүлийн 2 жилд тус бүр 30,0 тэрбум төгрөг зарцуулсан. 2010 онд аймаг бүрт 530 сая төгрөг хуваарилсан. Энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулах нь чухал. Ийм нааштай эхлэл ч байна. Сая бид танай аймгийн иргэн Өнөрбаярын фермерийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. 50,0 сая төгрөгийн зээл авч жилийн дотор үнээний ферм, хүлэмжийн аж ахуй гээд юм юмтай болж чадсан байна. Та бүхний дотор ийм хөдөлмөрч, санаачилгатай иргэн олон байгаа. Тэднийхээ сайн үлгэр жишээгээр ажиллахад хүн бүрт их боломж бий.

    Дорноговьчууд ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүхийн бичиг, соёлын биет болоод биет бус өв дурсгалыг хадгалж үлдсэн оюунлаг ард түмэн билээ. Ноён хутагт Данзанравжаа нь хосгүй авъяас, эрдэм мэдлэгтэй үндэсний сэхээтний томоохон төлөөлөл бөгөөд шашин соёлын нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, ая зохиогч, соён гэгээрүүлэгч гээд нэгэн биенд багтаж ядсан авъяастай ховорхон хүн байжээ.

    Энэ түүх уламжлал нь ч энэ нутгаас оюуны болоод урлагийн олон алдартан төрөн гарах үндэс суурь болсон бизээ. Аливаа улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч хүн, хүний хөгжлийн асуудал байдаг. Тиймээс иргэддээ боловсрол, мэдлэг, мэргэжил олгох асуудал юу юунаас чухал.

    Дорноговь аймгийн нийт хүн амын 22,4 хувь нь ерөнхий боловсролын сургууль, коллежийн сурагч, оюутан байна. Сургуулийн насны хүүхдийн сургуульд хамрагдалт, хичээлийн байрны хүрэлцээ хангамж аймгийн дунджаар улсын дундаж үзүүлэлтийн түвшинд явж байна. Харин Замын-Үүд сумын хувьд 960 хүүхдийн сургуульд  2500-аад хүүхэд суралцаж, 3 ээлжээр хичээллэж байгаа нь багш, сурагчдын суралцах орчныг бүрдүүлэхийн тулд өргөтгөл хийх шаардлага тулгарч байгаа юм байна.

    Аймгийн эрүүл мэндийн салбарын ажлын үзүүлэлтүүд улсын дунджийн түвшинд байгаа бөгөөд эхийн эндэгдэлгүй, хүүхдийн эндэгдэл урьд оноос буурсан байна. Дорноговь аймгийн нэг давуу тал бол Анагаах ухааны коллежоор эмч эмнэлгийн ажилтан бэлтгэдэг учраас энэ салбарын боловсон хүчний хангамж бусад аймагтай харьцуулахад өндөр байна. Энэ мэт нааштай эхлэл, давуу талаа бататгахын зэрэгцээ сул тал, ажлын хоцрогдол, дутагдлаа дор бүрнээ засаж залруулан ажиллах нь чухал. Одоо нам эвслээрээ талцаж толхилцож суух цаг биш болсон. Эвлэн нэгдэж, эвлүүлэн бүтээж барьж байгуулахын төлөө хамтран зүтгэх цаг.
    Эдийн засаг, нийгэм, соёлын зорилтуудаа хамтран шийдвэрлэхийн зэрэгцээ хэзээ мөдгүй болох өвлийн бэлтгэлээ бүх шатандаа хангахын төлөө цаг нартай уралдан ажиллаж, өрсөж амжуулахыг бас анхааруулъя аа.

    Эрхэм хүндэт Дорноговьчуудаа.

    Өвөг дээдсээсээ өвлөсөн эх оронч эрэлхэг зориг, хөдөлмөрч хичээнгүй, баатарлаг дайчин уламжлал Та бүхэнд бий. Угаас заяамал онгод авъяас, орчин үеийн боловсрол сургалтаар олж авсан онолын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, бизнесийн ухаан бий.

    Мөн байгаль эхээс  хайрласан элбэг баян эрдэс баялаг байна. Та бүхний өмнө маш их боломж, элбэг хангалуун амьдрах сайхан ирээдүй байна. Төр засаг энэ боломжийг ард иргэд Та бүхэнтэйгээ хамтран ашиглаж улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд чармайн ажиллаж байна. 

    Дорнын говийн хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Ерөнхий сайд фермерийн аж ахуйтай танилцлаа

    Ерөнхий сайд фермерийн аж ахуйтай танилцлаа Засгийн газрын хуралдааныг  Өмнөговь аймагт зохион байгуулах, түүнчлэн говийн гурван аймгаар ажиллах Eрөнхий  сайдын томилолт наймдугаар сарын 24-ний өдөр Дорнын говиос эхэлсэн. Засгийн газрын олонх гишүүн Ерөнхий сайдтай хамт ажиллаж байгаа нь энэ  томилолтын онцлог гэж хэлж болно. Тэрбээр замдаа сүү, ногооны “Өнөрбаяр” фермерийн үйл  ажиллагаатай танилцлаа. Сайншанд хотоос зургаан км-т байрлах тус фермер нь жижиг, дунд зээлийн хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд  тус аймгийн хамгийн том аж ахуй юм байна. 50 сая төгрөгийн зээлийн хөрөнгөөр боссон уг фермер нь эдүгээ үхэр, тахиа, гахайн аж ахуйтай болсон төдийгүй тарвас, өргөст хэмх  зэрэг нарийн ногоо ч тариалдаг юм байна.

    Ийм хэмжээний фермер байгуулахад говьд байтугай хангай нутагт ч багагүй бэрхшээл туулдаг. Ийм их ажлын ард гарч чадсан “Өнөрбаяр” фермерийнхэнд Ерөнхий сайд баяр хүргээд, жижиг дунд зээл жинхэнэ эзэндээ хүрэхийн ач холбогдлыг сайшааж байсан. Говьд усны асуудал шийдэгдчихвэл фермерээ улам өргөжүүлэх боломж бий гэдгээ фермерийн  эзэн Б.Өнөрбаяр ярьж байлаа. Орон нутагт ажлын байр бий болгож үйлдвэрлэл амжилттай эрхэлж, хийж бүтээж байгаа хүмүүсийг засаг дэмжиж ажиллана гэж тус фермерийн үйл ажиллагаатай танилцахдаа Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

    Аливаа улс орон хөгжин дэвших нь өөрсдөөс л шалтгаална

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сайншанд хотын иргэдтэй уулзах үеэрээ ийн онцолж байв. Аж үйлдвэрийн томоохон төвийг тус хотод байгуулахаар болж, ийм том хүсэл эрмэлзэлээр   сайншандчууд жигүүрлэсэн    энэ мөчид Засгийн газрын тэргүүн тус аймагт ажиллаж байгааг олзуурхах иргэд олон байлаа. Тийм ч болохоор олон иргэд энэ чиглэлээр нэлээд асуулт тавьж, хариулт авч байв. Бүтээн байгуулалтын томоохон ажлууд эхэлж байгаатай холбогдуулан мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нь Засгийн газрын томоохон зорилтын нэг болж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, ажлын байрыг хангахад  энэ зорилт нь хамтдаа явах ёстойг дурдаж байсан. Газрын асар их баялагтай мөртлөө тэр нь хараал болдог, нефтийн баялагтай орнууд  иргэддээ бэлэн мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд бараг дасгачихдаг гэх мэт улс орнуудын хөгжлийн чиг хандлагууд байдаг аж. Харин хөгжлийн өндөр түвшинд хүрсэн, бүтээлч ард түмэн гэх хандлага байдаг бөгөөд монголчууд бид энэ замыг сонгож хөгжлийн төлөө хамтдаа хүчээ нэгтгээд явбал бидэнд түүхэн боломж байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд Дорноговьчуудад санууллаа. 2010-2011 оны  хичээлийн жилд их, дээд сургууль коллежид суралцагчдын сургалтын төлбөрийн 2010 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагч өөрөө хариуцан, үлдэгдэл төлбөрийг 2011 оны нэгдүгээр сараас эхлэн Хүний хөгжил сангийн хишиг, хувиас тооцуулж төлүүлэх зохицуулалт хийхээр Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн  талаар сайншандчууд ихээхэн сонирхож, сайшааж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа. 

    Аймгийн төв Сайншандаас Хамрын хийд хүртэлх 45 км замын хөрөнгийн асуудлыг 2012 оны төсөвт оруулах саналыг иргэд баяртайгаар хүлээн авсан.  Дорноговь аймгийн зарим сумдад одоо болтол ИТХ-ын сонгуулийн маргаан байдаг бөгөөд энэ асуудлаа яаралтай цэгцлэхийг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа. Эдийн засгийн шинэчлэлийн чиглэлээр Засгийн газраас явуулж байгаа бодлого үйл ажиллагаанд  орон нутгийн иргэд ам сайтай байна. Энэ эрч хүчээ алдахгүй ажиллахыг тэд Ерөнхий сайдад зөвлөж байв.

    Иргэдэд түргэн шуурхай үйлчлэхийг анхаарууллаа

    Иргэдтэй хийсэн уулзалтын дараагаар Ерөнхий сайд тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгахад хатуу анхаарч ажиллахыг төрийн байгууллагуудын удирдлагууд болон ажилтнуудад Ерөнхий сайд  анхаарууллаа. Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төр хутгалдах ёсгүй, харин бизнесийн орчныг таатай болгох нөхцөлийг бүрдүүлэхэд ажлаа чиглүүлэх учиртай.  Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд олон төрлийн тушаал шийдвэрийг цэгцэлж, юуг нь хүчингүй болгох вэ гэдгийг ирэх аравдугар сарын 1-ний дотор шийдэх, мөн иргэний шинэчилсэн бүртгэл, Хүний хөгжил сангаас олгох хувь, хишиг хүртээх зэрэг ажлыг иргэдэд ямар ч чирэгдэлгүй түргэн шуурхай хийж үйлчлэхийг төрийн байгууллагынханд үүрэгдлээ.

    Орон нутагт хууль дүрэм хэрэгжихэд төрийн байгууллагууд голлон анхаарах ёстой, ингэхдээ өөрсдөөсөө эхэлж үлгэр жишээ үзүүлэхийг гүйцэтгэх засаглалын тэргүүн төрийн албан хаагчдад анхаарууллаа. Энэ уулзалтын үеэр хөндөгдсөн өөр нэг асуудал нь өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар байв. Өнгөрсөн өвлийн сургамжийг мартах ёсгүй, тиймээс өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд шат шатандаа анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болгоод, эдгээр ажлын гүйцэтгэлийг үр дүнгээр нь шалгана гэлээ

  • Ерөнхий сайд С.Батболд говийн аймгуудад ажиллаж байна

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2010 оны 8 дугаар сарын 27-ны баасан гаригт Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт болно. Хуралдаанаар дэлхийн цаг уурын дулаарал, цөлжилтийн талаар хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Засгийн газрын гишүүд Дорноговь, Өмнөговь, Дундговь аймагт албан томилолтоор ажиллахаар 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Ерөнхий сайд говийн аймгуудад ажиллах үеэрээ Дулааны цахилгаан станц, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын ажилтай танилцан, аймаг, сумдын иргэд, хөдөлмөрчид, төрийн захиргааны албан хаагчидтай уулзаж төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, цаашдын зорилтын талаар танилцуулж үүрэг, чиглэл өгөх юм.

    Мөн Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын үйлдвэрлэлийн бэлтгэл ажлын явц, төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” болон орон нутгийн өмчит “Тавантолгой” уурхай, Гашуун сухайтын хилийн боомтын ажилтай танилцахаар төлөвлөсөн байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Засгийн газрын гишүүд 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо ирнэ