Blog

  • Цэргийн гавъяаны улаан тугийн одон гардуулав

    Цэргийн гавъяаны улаан тугийн одон гардуулавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ховд аймагт ажиллахдаа Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган тус ангийг Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал  Ц.Бямбажав Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулсны дараа Ерөнхий сайд С.Батболд одонг 123 дугаар ангийн Байлдааны туганд зүүж өгөв.

    Тэрээр офицер, цэрэг дайчдад баяр хүргээд эх орноо хамгаалах ариун үйлсэд нь амжилт хүслээ. Цэргийн гавъяаны улаан тугийн одон хүлээн авах ёслолын дараа 123 дугаар ангийн цэрэг дайчид Ерөнхий сайдад хүндэтгэл үзүүлэн ёслолын жагсаал хийлээ. Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь 1922 онд байгуулагдсан. Ардын Хатанбаатар Магсаржав баруун хязгаарыг төвхнүүлээд буцахдаа 300 цэрэг үлдээсэн нь хожим Ховдын хороо гэж түүхэнд алдаршсан энэ ангийн суурь нь болсон юм. Ерөнхий сайд С.Батболд Ховд аймагт ийнхүү ажилласны дараа Говь-Алтай аймгийг зорилоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ховд хотын иргэдтэй уулзав

    Ховд хотын иргэдтэй уулзавБНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баруун босоо тэнхлэгийн хатуу хучилттай Манхан-Ховдын чиглэлийн 85,3 км хатуу авто замыг барихаар гүйцэтгэгч компанитай хэлэлцээр хийж хоёр  хоногийн өмнө гэрээнд гарын үсэг зурсан.  Түүнчлэн  Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Баруун босоо тэнхлэгийн автозамын ажлыг энэ онд эхлүүлнэ. Эдгээр нь Ховд аймгийн иргэдийн амьдрах орчин бололцоог сайжруулж, барааны өртгийг бууруулан, амьжиргааг дээшлүүлэхэд тус дөхөм болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлснийг Ховд хотын иргэд баяртайгаар хүлээж авлаа.

    Ерөнхий сайд Ховд аймагт ажиллахдаа иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, тухайлбал ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэл, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх бодлого, боловсрол, бизнесийн салбарын шинэчлэл зэргийн талаар танилцуулж санал  бодлыг нь сонсов. 

    Иргэд ихэвчлэн Ахмадын өргөөний барилгын ажилд дутагдаж байгаа хөрөнгийн асуудлыг шийдэх, алслагдсан бүсийн нэмэгдэл олгох, их, дээд сургуулийн сургалтын төлбөр хэт өндөр байгааг таслан зогсоох, ажлын байраар хангах, хувиараа бизнес  эрхэлж байгаа болон малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх, дулааны станцыг засварлах, зам харилцааг сайжруулах, банкны зээлийн хүүг зохицуулах, чадварлаг боловсон хүчнийг нам, улс төрийн хүчнээр нь ялгаварлалгүй ажилд авч дэмжих зэрэг саналыг Засгийн газрын тэргүүнд тавьж байлаа.

    Ховд аймаг энэ жил бүтээн байгуулалтын олон ажил хийжээ. Тухайлбал Баруун Монголын бурхан шашны төв болох 108 суврагатай Ганданпунцагчойлон хийдийн цогцолбор, Усан спорт сургалтын төв, “Шинэ Ховд” нэртэй хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон барилга байгууламж болон 137 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.  Ховд хотын 21,3 км хатуу хучилттай замыг 2012 он гэхэд 32 км болгохоор төлөвлөн, ирэх жил болох аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан 80 бүтээлч, шинэлэг ажил хийж байгааг  нь Ерөнхий  сайд онцолж, орон нутгийнханд баяр хүргэлээ. Хөшөөтийн уурхай зэрэг бүсийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил, хийж бүтээе гэсэн аливаа санал, санаачлагыг  Засгийн газар бүх талаар дэмжинэ. Гагцхүү ажил ил тод, нээлттэй, шударга байх ёстой гэж Ерөнхий сайд  хэлэв.

    Орон нутгийн удирдлагуудын ажлын шалгуурын нэг гол үзүүлэлт нь хэдэн ажлын байр бий болгосноор хэмжигдэж байгаа. Ховд аймаг өнгөрсөн жил 418 хүнийг ажилтай болгосон бол он гарсаар 600 гаруй хүнийг түр болон байнгын ажлын байраар хангажээ. Ирэх жил гэхэд энэ тоог 2000 болгохоор төлөвлөсөн байна. Өнгөрсөн өвөл тохиолдсон байгалийн гамшиг, зуданд Ховд аймаг өртөж 467 мянга орчим мал хорогдон 16 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Төр, засаг, гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 1,5 тэрбум төгрөгийн хандив тусламж авсан байна.

    Гамшиг, зуднаас сургамж авч орон нутгийн удирдлага, малчид, хэвийн хэвшил хамтран хүнд хэцүү үед хэрхэн хамтран ажиллах, өвлийн бэлтгэлээ хангах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхэлжээ. Мөн малжуулах хөтөлбөрийн хүрээнд малгүй болсон 803 өрхөд нийт  264 сая төгрөг олгож байна. “Малчид хоршоо, нөхөрлөл хэлбэрээр хамтран ажиллах шаардлагатай. Гэхдээ дан ганц мал аж ахуй гэлтгүй газар тариалан эрхэлж, бүс нутгийн үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний хэрэгцээг өөрсдөө хангадаг байх нь чухал” гэж Ерөнхий сайд санууллаа.

    Аймаг энэ жил 2654,4 мянган га-д тариалалт хийж, үр тариа, хүнсний ногоо, тэжээлийн болон техникийн ургамал тариалалтыг өмнөх оноос 78,4-363,8 га-гаар нэмэгдүүлсэн байна. Ховд аймаг “Оюунлиг Ховд” хөтөлбөр боловсруулж “Хөдөлгөөн-эрүүл мэнд”. “Амны хөндийн эрүүл мэнд” аян өрнүүлэн, оюунлаг гэр бүл, багш, эмч, оюутан, сурагч шалгаруулж, нутагтаа шаардлагатай мэргэжилтнийг гэрээгээр сургаж эхэлжээ. Эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын  материаллаг бааз, ажлын байрны ажиллах нөхцлийг дээшлүүлэхэд өнгөрсөн онд 6,8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

    Гэвч үүний үр дүн төдийлөн харагдахгүй байгаа нь аймгийн хэмжээнд эх, бага насны хүүхдийн эндэгдэл, хүүхдийн сургууль завсардалт өмнөхөөс буурснаас харагдаж байгааг Ерөнхий сайд хэллээ. Иргэдийн хүсч байгаа Ахмадын өргөө, дулааны станц, алслагдсан бүсийн нэмэгдэл, орон нутгийн чанартай бусад асуудалд анхаарч эхнээс нь шийдвэрлэх болно. Төр, засгаас ард иргэд, орон нутгаа дэмжиж, хийж бүтээх боломжийг нь гаргана. Гэхдээ нөгөө талаас орон нутаг нөөц, бололцоогоо дайчлан ажиллаж, хариуцлагатай байх ёстой. Уул уурхайн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар цаашид хэдэн мянган ажлын байр бий болно. Үүнд иргэд ч бэлэн байж өөрийгөө боловсруулж, өрсөлдөх чадвартай байх ёстойг Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ санууллаа. Уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын тамгын газарт УАЗ-469 автомашин бэлэглэж, нэр бүхий хоёр иргэнд гэр олгохыг аймгийн удирдлагад чиглэл болголоо.

  • Ховд аймагт ажиллалаа

    ховд, томилолтМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд наймдугаар сарын 5-ны өдөр Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллалаа. Ерөнхий сайдыг Ард Аюушийн нэрэмжит талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул жагссан байлаа. Хүндэт харуулын дарга Ерөнхий сайдад айлтгал өргөсний дараа хөгжимд төрийн дуулал эгшиглэв. Дараа нь Ерөнхий сайд Галдан бошгот болон Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн, талбайд цугласан ард иргэдтэй мэндчиллээ.

    Ерөнхий сайд С.Батболд дараа нь Ховд аймгийн төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзав. Төрийн үйлчилгээг иргэдэд элдэв бэрхшээл, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, ажилгүй  ядуу иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, улмаар  нөөц  бололцоондоо тулгуурлаж ажлын байраар хангах, хийсэн ажлаа иргэдэд ойлгомжтой тайлбарлаж мэдээлдэг  байх, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдолд тухай бүрт нь хариу өгөх, ажилтан албан хаагчдын ёс зүйд анхаарч, алдаа дутагдал гаргасан бол хариуцлага хүлээлгэдэг байх, цаг үеийн ажил тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл болон  иргэний шинэчилсэн бүртгэлийг шуурхайлах зэрэг чиглэлийг Ерөнхий сайд энэ үеэр өглөө.

  • Ерөнхий сайд С.Батболд Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболд Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хэлсэн үг2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр

    Ховд хот

    Ховд аймгийн ард иргэд ээ!
    Хүндэт нөхөд өө!
    Монгол Алтайн мөнх цаст сүрлэг өндөр уулс, их нуурын хотгорын уудам хөндий, Алтайн өмнөх говийн байгалийн үзэсгэлэн хосолсон, олон үндэстэн ястны өлгий нутаг Ховд аймгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Миний бие танай сайхан нутагт анх удаа ирж Та бүхэнтэйгээ нүүр учирч байгаадаа олзуурхаж байна.

    Ховдчуудынхаа ажил хөдөлмөр, амьдрал ахуй, амжилт бүтээлийн тухай байнга сонсож, зохих мэдээлэлтэй байдаг ч Ховдчуудын түүх нэн эртнээс эхлэдэг гэдгийг хотын гудамжинд сүндэрлэн ургасан моднууд болон домогт “Баатар хайрхан” уулаа өөрийн нүдээр хараад бахархах сэтгэл төрж байна. Та бүхэнтэйгээ уулзаж байгаа энэ завшааныг ашиглан улс орны болон аймаг, орон нутгийн хөгжлийн зарим асуудлыг хөндөн ярьж, санал бодлоо солилцохыг хүсэж байна.

    Эрхэм хүндэт Ховдчууд аа!
    Миний бие Эв нэгдлийг эрхэмлэсэн Монгол Улсын хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогдон  улс орныхоо хөгжлийн байдалд  дүн шинжилгээ хийж, ард олныхоо аж амьдралыг судлан үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилттой ажиллаж эхэлснээс хойш 9 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж улс  орныхоо хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн томоохон алхам хийж, хүний хөгжлийн болон үйлдвэрлэгч, бизнесийн илүү тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.

    Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг холбогдох талтай байгуулсан. Ингэснээр хөрөнгө оруулалтын эхний хэсэг орж ирж, үйл явц ам ярианаас ажил хэрэг болох эхлэл тавигдсан. Одоо Оюу толгойд бүтээн байгуулалтын ажил өрнөж, 2200 гаруй монгол залуу шинэ ажлын байраар хангагдаж, орчин үеийн техник, технологи ашиглан гадаадын мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчидтай мөр зэргэцэн ажиллаж байна. Ажлын байр цаашид нэмэгдэн нийтдээ 5700 гаруйд хүрэх юм.  Таван толгойн орд газрыг ашиглах эрх зүйн орчинг бий болгож, Монголын ард иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших боломжийг бүрдүүллээ.

    Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн өмчтэй болох, байгалийн баялагтаа эзэн нь байх  түүхэн шийдвэрийг хамтдаа гаргаж чадлаа.
    Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй, олборлосон ашигт малтмалыг тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх гэх мэт хийвэл зохих олон ажлыг бид эхлүүлээд байна. Иймд энэ арга хэмжээний нэг болох Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг Засгийн газраас боловсруулан Улсын Их хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

    Энэхүү бодлогын зорилго нь одоо байгаа төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эргэлт хэрэгцээг үр дүнтэй, найдвартай хангахад чиглэгдсэн үр ашигтай үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг бий болгох, салбарын эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг экспортолж улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэж байгаа юм.

    “Төмөр зам” төслийн хүрээнд ойрын 4 жилд 1000 гаруй км зам барина. Энэ бол асар их хөрөнгө шаардах, ажлын байр олныг бий болгох, алсдаа хөгжил дэвшил авч ирэх аварга том бүтээн байгуулалтын нэг байх болно. Энэ төмөр зам ирээдүйд бас Ховдчуудад хөгжил дэвшил авч ирэх нь дамжиггүй. Уул уурхайн олборлолтыг дагалдаад боловсруулах үйлдвэрүүд зайлшгүй шаардагдаж байна. Иймд эхний ээлжинд нүүрс угаах, хийжүүлэх, кокс гаргах, зэс хайлуулах, боловсруулах, газрын тос, төмрийн хүдэр боловсруулах тооцоо судалгаа, бэлтгэл ажлыг хийгээд байна. Цогцолборыг барьж байгуулах ажлыг ирэх оноос эхлүүлэхээр зорьж байна.

    Цогцолбор байгуулагдсанаар уул уурхайн нөөц баялгаа түүхийгээр биш боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн экспортолдог орон болох юм.
    Ингэснээр эдийн засагт өсөлт гарч, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2015 оноос 2-3 дахин нэмэгдэнэ. Дагалдаад иргэдийн амьдралд эерэг нааштай өөрчлөлт гарна гэсэн өөдрөг сэтгэлтэйгээр, зориг итгэлтэйгээр ажиллаж байна. Уул уурхай, аж үйлдвэржүүлэлтийн салбарын их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд орчин үеийн техник технологи эзэмшсэн оюунлаг бүтээлч үндэсний мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчид нэн чухал байна.

    Боловсролын  шинэчлэлийг эрчимжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай дэлхийн жишигт нийцсэн тогтолцоог бий болгох, олон улсын түвшний  ерөнхий боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан өрсөлдөх чадвартай цөөн сургуулийг буй болгох зорилтыг хэрэгжүүлэхдээ бүтцийн өөрчлөлтийг төр өөрөөсөө эхлэх ёстой гэсэн чиглэлийг удирдлага болгож байна.  Энэ шийдвэр хэрэгжсэнээр төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тоо 42 байсан бол 16 болж цөөрлөө.

    Мөн Засгийн газраас “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх” төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Эхний ээлжинд ШУТИС-ийг Налайхын ойролцоо байгуулахаар төсөл боловсруулсан. Хотхон байгуулах хөрөнгө босгох анхны алхам хийгдэж эхэллээ. БНХАУ-аас олгох 270 сая юаны буцалтгүй тусламжийг ШУТИС-ийн хотхоны бүтээн байгуулалтад зарцуулахаар санхүүжүүлэгч талтай тохироод байна.
     Манай орны эдийн засгийн нэг үндсэн тулгуур болсон хөдөө аж ахуйн салбарт ч хөрөнгө, хүч зарцуулж буй. Эх орны газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тарианы чанар, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэхээр ажиллаж  байна.

    “Атрын III аяны” үр дүнд өнгөрөгч 2009 онд Тариаланч, механикжуулагчдын хүчин зүтгэлээр хэрэгцээт үр тарианы 97.0 хувь, төмсний 100.0 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ онд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангахыг зорьж байна. Энэ нь зүгээр нэг үйлдвэрлэлийг өргөтгөж тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилт төдий биш иргэдээ эх орны эрүүл, аюулгүй хүнсээр хангах хүнсний аюулгүй байдлын утга агуулгатай том зорилт юм. Энд Ховдчууд Та бүхний хувь нэмэр нэн чухал. Ирэх жилийн бэлтгэл болгож энэ онд 274,3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулаад байна.

    Бид цаашдаа усалгаатай газар тариаланг эрчимжүүлэх замаар хүн амаа хүнсний ногоогоор, хөнгөн үйлдвэрээ түүхий эдээр, мал аж ахуйгаа өвс тэжээлээр хангах зорилтыг цогцоор шийдвэрлэхийг эрмэлзэж зорьж байгаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын дулаарал, өөрчлөлтөөс шалтгаалж олон оронд усны үер, ган, зуд, хүчтэй салхи гарч, хүний амь нас эрсдэх болон эд материалын нөхөж баршгүй  хохирол учруулах боллоо. Өнгөрсөн өвлийн улиралд цочмог хүйтрэн, манай оронд байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл учирч, мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл хохирол учруулсан. Энэ зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 8,1 сая толгойгоор хорогдож 550 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. 8200 гаруй өрх малгүй болж, амьжиргааны үндсэн хэрэгслээсээ хагацсан нь иргэдийн амьдралд хүнд цохилт болсон.

    Зудын гамшиг, хохирлыг даван туулахын тулд Засгийн газраас 6,8 тэрбум төгрөг, иргэд, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын байгууллагын хандив тусламж 26,6 тэрбум төгрөг, олон улсын төсөл, хөтөлбөрөөс 12,3 тэрбум төгрөг, нийтдээ 45,7 тэрбум төгрөгийг зарцуулсан. Энэ нь учирсан хохиролтой харьцуулахад бага боловч эдийн засаг, нийгмийн салбарт зарцуулсан бол томоохон хөрөнгө оруулалт болох байлаа. Засгийн газар “Зудын хохирлыг арилгах арга хэмжээний тухай” тогтоол гарган, нэгдсэн төлөвлөгөө боловсруулан  хэрэгжүүлж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчдыг малжуулахад зориулж 3.0 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусган батлуулсан. Үүнээс 264 сая нь танай аймагт оногдож байгаа юм.

    Мал аж ахуйг цаашид уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экпортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг өнгөрөгч 5 дугаар сард Улсын Их Хурлаас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Малыг малчдад өгсөн нь нэг талаар сайн болсон ч, нөгөө талаар мал аж ахуй амиа аргацаасан шинжтэй байгаа нь хоцрогдол сул тал юм. Үүнээс гарахын тулд нийгмийн зохион байгуулалтанд орж хоршоо, нөхөрлөл хамтын хүчээр аж ахуйгаа эрхлэх шаардлага байна. Мал сүргийнхээ тоо толгойг өсгөхийн зэрэгцээ чанаржуулах, таваарлаг болгох, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж жинхэнэ үр ашигтай, өгөөжтэй үйлдвэрлэл болгох арга ухаанд суралцах хэрэгтэй болжээ.

    Нөгөө талаар малын ашиг шим, түүхий эдийг бүрэн боловсруулж бүтээгдэхүүн болгох жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал. Ингэж мал, малчдыг зах зээл, үйлдвэрлэлтэй холбох талаар орон нутаг, холбогдох яам газар, бизнесменүүд онцгой анхаарвал зохино. Эдийн засаг, нийгмийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн тулд Засгийн газар аж ахуйг эрхлэх арга менежемент, төрийн захиргааны удирдлагадаа өөрчлөлт хийхийг эрмэлзэж байна. Үүний тулд Засгийн газраас эдийн засгийн салбарт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, улсын үйлдвэрийн салбарын удирдлагыг үр ашигтай, нээлттэй болгох болон 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, олон асуудлыг ажил хэрэг болгохоор зорин ажиллаж байгаа.

    Энэ зорилтын хүрээнд төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журам тогтооно. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлнэ. Энэ бүхний үр дүнд манай ажилд өөрчлөлт гарна гэж бодож байна.

    Хүний хөгжлийг хангах нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх нэг чиглэл болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ” гэсэн зорилт хэрэгжих хууль эрх зүйн орчин бүрдүүллээ. “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг УИХ-аар батлуулан байгалийн баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш, шударгаар хүргэх ажлыг эхлүүлж,  эхний ээлжинд 70,000 төгрөгийг иргэддээ олгосон билээ.

    “Хүний хөгжлийн сан”-гаас иргэдэд бэлэн мөнгө олгож буй хугацаанд өөрчлөлт оруулж 2010 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүр иргэн бүрт 10,000 төгрөг олгож байх, цаашид 2011 оны 01 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн 21,000-аас доошгүй төгрөгт хүргэх санал, шийдвэрийг Засгийн газар саяхан гаргасан. Энэ нь бэлэн мөнгө бөөнөөр өгснөөр инфляци өсөж, юмны үнэ нэмэгдэн, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа байдлыг саармагжуулахад чиглэсэн арга хэмжээ гэдгийг Та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

    Иргэн бүрт олгох 1,0 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох зэрэг хэлбэрээс нь сонголт хийх саналыг иргэдээс авах ажлыг зохион байгуулсан. Хүний хэрэгцээ олон талтай тул иргэдийн санал янз бүр байна. Ховдчуудын 40 орчим хувь зээлийн төлбөрт, 30 шахам хувь нь боловсролын үйлчилгээнд үлдсэн хувь нь эрүүл мэнд, тэтгэвэрийн даатгалын шимтгэлд зориулах санал гаргажээ.

    Хамтарсан Засгийн газар иргэддээ амалсан 1,5 сая төгрөгийг бэлэн ба бэлэн бус хэлбэрээр заавал олгох болно. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж  эхлээд байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орныг хамарсан эдийн засгийн хямрал үргэлжилж, улс, орнуудын эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн хэмжээ буурч, ажлын байр хомсдож, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байсан боловч өнгөрсөн оны сүүлчээс тогтворжих хандлагатай боллоо.

    Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд ойрын 5 жилд 40.000 ажлын байр бий болох төлөв байдал ажиглагдаж байна. Энэ бол хүний хөгжлийн чухал нөхцөл бөгөөд ажлын байраар дамжиж орлогожино гэдэг амьжиргааны эх үүсвэр баталгаа болох буюу хүн өөрөө хөдөлмөрлөх явцдаа улам хөгжинө. Энэ оны эхний 5 сарын байдлаар зөвхөн уул уурхайн салбарт  ажиллагчдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгджээ. Цаашид мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх материаллаг баазыг бэхжүүлэх, шинээр бий болгох, залуучуудад мэргэжил, ур чадвар  эзэмшүүлэх ажилд чанарын ахиц гаргах зайлшгүй шаардлага бий болж байна. Үүний үр дүнд боловсронгуй, оюунлаг иргэн төлөвшинө.

    Ховдчуудаа !

    Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх зорилгоор Монгол Улс бүсчилсэн хөгжлийн стратеги, үзэл баримтлалыг боловсруулан батлан хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, авто замын сүлжээг өргөтгөх, холбоо, мэдээллийн орчин үеийн техник хэрэгслэлийг нэвтрүүлэх, эрүүл мэнд, боловсрол, соёлын материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхийг эрмэлзэж ирлээ.

    Энэ хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Баруун босоо тэнхлэгийн хатуу хучилттай Манхан-Ховдын чиглэлийн 85,3 км хатуу авто замыг барихаар гүйцэтгэгч компанитай хэлэлцээр хийж, 2 хоногийн өмнө гэрээнд гарын үсэг зурсан. Мөн ойрын хугацаанд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар баригдах Баруун босоо тэнхлэгийн автозамын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр ажиллаж байна. Эдгээр нь Ховд аймгийн иргэдийн амьдрах орчин бололцоог сайжруулах, барааны өртгийг бууруулах, амьжиргааг дээшлүүлэхэд тус дөхөм болох болно.

    Ховд аймаг нийгмийн салбарынхаа талаар онцгой анхаарч хөгжлийг буй болгогч, үр шимийг нь хүртэгч хувь хүн, иргэдээ оюунжуулан хөгжүүлэхээр “Оюунлиг Ховд” хөтөлбөрийг санаачлан боловсруулж, ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталж, мөрдөн,  хэрэгжүүлж байгаа нь тэмдэглүүштэй. Хөтөлбөрийн хүрээнд 2009 онд “Хөдөлгөөн-эрүүл мэнд”. “Амны хөндийн эрүүл мэнд” аяныг өрнүүлэн, оюунлиг гэр бүл, багш, эмч, оюутан, сурагч шалгаруулан алдаршуулах, орон нутагт нэн шаардлагатай мэргэжилтнийг гэрээгээр сургах журмыг батлан мөрдсөн.

    Ховдын их сургууль, ХААИС-ийн салбар сургуулийг  хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын сургуулиудтай хамтран ажиллах төслийг хэрэгжүүлж, “Хөгжил” Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн дадлагын тоног төхөөрөмжийг шинэтгэн өргөжүүлж, суралцагчдын тоог 13,4 хувиар нэмэгдүүлсэн. Эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын  материаллаг бааз, ажлын байрны ажиллах нөхцлийг дээшлүүлэхэд 2009 оны аймгийн нийт /15,8 тэрбум/ хөрөнгө оруулалтын 43,0 хувь буюу 6,8 тэрбум төгрөгийг зарцуулсан зэрэг нааштай эхлэл, хийсэн ажил багагүй байна.

    Гэвч дээрх арга хэмжээний үр дүн тайлан мэдээнээс үзэхэд төдий л мэдрэгдэхгүй байна. Тухайлбал аймгийн хэмжээнд эхийн эндэгдэл, бага насны хүүхдийн эндэгдэл, сургуулийн насны хүүхдийн завсардалт 2009 онд өмнөх жилүүдийнхээс буураагүйгээр барахгүй зарим үзүүлэлт хуучнаасаа өсчээ. Иймд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтаа улам эрчимжүүлэн цаасан дээрээс ажил хэрэг болгох шаардлага тулгарч байгааг аймгийн удирдлага, холбогдох хүмүүс анхаарах хэрэгтэй байна.

    Жил ирэх тутам өөрчлөгдөж байгаа байгаль цаг уурын байдал, хуурайшилт, байгалийн нөхөн сэргэх хэмнэл, зүй тогтол алдагдсан, бэлчээрийн цөлжилт нэмэгдэж байгаа зэрэг хүний үйл ажиллагаанаас үл хамаарах байгаль орчны экосистем нь эдийн засгийн гол салбар болох мал аж ахуй, газар тариалангийн салбарт сөргөөр нөлөөлж зуншлага, намаржилт төдийлөн сайнгүй болж, мал сүргийн тоо толгойн өсөлт, хураан авах ургацын хэмжээнд муу нөлөө үзүүлэх болжээ.

    Баруун бүс нутаг болон Ховдчуудын нэн түрүүнд анхаарах асуудал бол яах аргагүй мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх. Танай аймгийн малчин иргэдийн шаргуу хөдөлмөр, мал аж ахуйн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсч байсан боловч өнгөрсөн өвлийн харьцангуй хүйтрэлт, олон удаа орсон их хэмжээний цас, байгаль, цаг уурын аюултай үзэгдлээс үүдэн мал өвөлжилт, хаваржилт, төл хүлээн авч бойжуулах ажилд үлэмж хүндрэл, бэрхшээл учирч, оны эхний малын 20,6 хувь буюу 466,9 мянган толгой мал хорогдож, гарсан төлийн 163,3 мянга нь хорогджээ.

    Цаг агаарын эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг оронд монголчуудын амьдралын баталгааны эх үүсвэрийн нэг болсон мал сүрэг хэдийгээр хувийн өмч ч гэсэн улс орны хөгжил, ард иргэдийн маань амьжиргаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа  билээ. Иймд мал сүргээ өсгөх, ашиг шим, бүтээгдэхүүнийг  бүрэн гүйцэд ашиглах, мал сүргийн үржил, селекцийн ажлыг сайжруулах, сүргийн бүтэц, таваарлаг байдалд анхаарч, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх малын тарилга, туулгыг цаг хугацаанд нь хийх, малдаа шаардагдах хадлан тэжээл, худаг ус, хашаа хороо зэрэг материаллаг нөхцлийг бүрдүүлж, цаг агаарын тааламжгүй ямарч бэрхшээлийг даван туулж чадах эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

    Малгүй буюу цөөн малтай малчдыг малжуулах, нөхөрлөл, хоршоо, түрээс зэрэг хамтын хүчийг өрнүүлэн малчдын нийгмийн асуудалд төр, засгаас дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Бүс нутгийн хөгжилд мал аж ахуй чухал үүрэг гүйцэтгэхээс гадна газар тариалан эрхлэн, аймаг, бүс нутгийнхаа үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний хэрэгцээгээ өөрсдөө бэлтгэн авах нь чухал юм. Ховдын шийгуа, тингуа, гэхээр Монголчуудын арааны шүлс асгардаг. Аймаг, бүс нутгаа төдийгүй улсаа хангаж чадах хүч нөөц, дадлага туршлага, мэдлэг чадвар, арга барилтай ард түмэн билээ.

    Хэдийгээр гантай, хур бороо багатай ч танай аймаг 2009 онд 2796,0 га талбайд тариалалт хийж, үр тариа, төмс, хүнсний ногоо /6985,2 тн/, тэжээлийн ургамал /1657,5 тн/, нийтдээ 18748,1 тн ургац хураан авснаас, үр тариа тариалалтаар Булган, Дарви, Үенч сум, хүнсний ногоо тариалалтаар Ховд, Буянт, Мянгад сум бусдыгаа хошуучлан ажиллажээ. 2010 онд аймгийн дүнгээр 2654,4 мянган га-д тариалалт хийж, үр тариа, хүнсний ногоо, тэжээлийн болон техникийн ургамал тариалалтыг урд оныхоос 78,4-363,8 га-гаар нэмэгдүүлсэн нь сайшаалтай.

    Цаашид усалгаатай газар тариаланг сэргээж үр тарианы болон малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чанар сайтай гурил, тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг дотоодын экологийн цэвэр бүтээгдэхүүнээр аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангах төдийгүй бүсийн аймгуудад нийлүүлэх талаар улам санаачлагатай ажиллана гэж итгэж байна. Монгол Улсын Засгийн газар, Монгол банкнаас авч хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын бодлогоор орон нутгийн эдийн засаг, үйлдвэрлэлийг дэмжих, түүний бие даасан үйл ажиллагааг хангахыг зорьсон нь зарим нааштай үр дүн өгснийг танай аймгийн бүтээн байгуулалтаас харж байна.

    Баруун Монголын бурхан шашны төв болохуйц 108 суврага бүхий Ганданпунцагчойлон хийдийн цогцолбор, Усан спорт сургалтын төв, “Шинэ Ховд” нэртэй хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон барилга байгууламж болон, төрийн албан хаагчийн 68, хувийн хэвшлийн 69 орон сууцыг барьж  ашиглалтанд оруулжээ. Ховд аймаг баруун бүсийн тулгуур төв бөгөөд нөлөө бүхий аймгийн хувьд баруун бүс нутгийн хөгжлийн бодлого, зорилго зорилтод ихээхэн нөлөөлөх нь дамжиггүй.

    Баруун бүс нутаг ОХУ, БНХАУ, Казакстан улстай шууд харилцах олон гарцтай, тэдгээрээр дамжин бусад улстай ч харилцаж, түншлэлээ өргөтгөх өргөн боломжоо ашиглан гадаад харилцаагаа өргөжүүлж байгаа нь хөгжлийн нэг гарц мөн. 2009 оныг гадаад харилцааны хувьд онцлох жил болгон зарлаж, ОХУ-ын болон БНАСАУ-ын Элчин сайд нар, БНУнгар, Халимагийн БНУ-ын улс төр, шашны нэр хүнд бүхий төлөөлөгчдийг хүлээн авч аймгийнхаа ирээдүйн хөгжил цэцэглэлтийн талаар үнэтэй санал зөвлөгөө авч хамтын ажиллагааны эхлэлийг тавьжээ.

    “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөл, “Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын хэрэг эрхлэх газар” зэрэг байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, Алтайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал, байгаль хамгаалал, экологи, хөрөнгө оруулалтын асуудлаар хамтран ажиллах зорилгоор тус зөвлөлийн 7 дугаар хуралдааныг анх удаа Ховд хотод зохион байгуулж, гадаад, дотоодын 350 гаруй төлөөлөгч оролцсон нь бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүсийн гадаад харилцааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.

    Төрийн ажилтнуудаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй нээлттэй, ил тод, шударга болгох шаардлага өнөө үед тун чухлаар тавигдаж байна. Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахиулж, төрийн албан хаагчид ёс зүйн зөрчил гаргах, хууль тогтоомж зөрчиж ажлын хариуцлага алдах, ажлаа цалгардуулж  зөрчил дутагдал гаргавал зохих зэм, хариуцлагыг тухай бүрд нь хүлээлгэдэг байх ёстой. Танай аймгийн нутгийн захиргааны байгууллагууд төрийн албан хаагчийн өдөр тутам мөрдөх 9 зарчмыг боловсруулан бүх сум, байгууллагад хүргүүлж, төрийн байгууллага, ажилтны албан тасалгаанд ил тод байрлуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, иргэдээс төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгөх, оршиж байгаа дутагдлыг засаж залруулах нөхцлийг бүрдүүлсэн нь төрийн ажил, үйлчилгээний хүртээмж, чанарт эерэгээр  нөлөөлөх ажлын эхлэл болжээ. Цаашид улам чанаржуулан шинэ шинэ хэлбэрээр баяжуулж ажиллах хэрэгтэй.

    Манай улсад сахилга журамгүй байдал, архидан согтуурах, цалгар назгай хариуцлагагүй явдал нэлээдгүй байгаагаас гэмт хэрэг ихсэж, урд өмнө сонсогдож байгаагүй хэрэг зөрчил гарч иргэдийн амгалан тайван амьдрах баталгаа хангагдахгүй байна. Энэ нь төрийн ажил төв, орон нутагт цалгар назгай байгаатай холбоотой. Мөн хууль хяналтын байгууллагууд, иргэд, хамт олон, гэр бүл бүгд хүчээ нэгтгэж, төр захиргааны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж тасралтгүй, байнгын ажил болгож чадахгүй байгаагийн илрэл гэж үзэхээс өөр аргагүй.

    Архидан согтуурахтай хийх тэмцлийн арга хэлбэрийг өөрчилж, хамгийн гол нь нийгмийн сэтгэл зүйг гэгээрүүлэн ухаалаг зөв хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ховд аймгийн хэмжээнд 2009 онд өмнөх онтой харьцуулахад малын хулгай болон согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт буурсан ба  2010 оны эхний хагас жилд бүх гэмт хэргийн гаралт буурсан мэдээтэй байгаа нь сайшаалтай байна. Цаашид энэ чиглэлийн ажлаа улам эрчимжүүлж, бататгаж ажиллах хэрэгтэй.

    Танай аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу өвөлдөө -40 градус хүртэл хүйтэрдэг цаг уурын эрс уур амьсгалтай манай орны хувьд аймгийн инженерийн ба төвийн дулааны шугам сүлжээ, урсгал болон их засвар, тэдгээрийн шинэчлэлийн асуудлыг онцгой анхаарч, санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвийн хуульд үе шаттайгаар тусган шийдвэрлэж байхаар Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн Ховд хотод дулааны 2 дахь эх үүсвэрийг шинээр барих асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд үүрэг болгосон.

    Засгийн газраас авч явуулж байгаа арга хэмжээ болон нутгийн захиргааны байгууллагуудын ажлын ололт амжилт, дутагдал доголдол, цаашид анхаарах асуудлын талаар товч дурдахад ийм байна. Энэ сайхан бахархал уламжлал, ололт амжилтаа улам бататгаж, хүн бүр эрүүл энх байж, идэвх чармайлттай хөдөлмөрлөж, эх орныхоо болон орон нутгийнхаа бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

     Эрхэм хүндэт иргэдээ
     
     Олон ястны өлгий болсон Ховд нутгийн зон олон Та бүхэн хэзээнээс нааш эвийг эрхэмлэж ирсэн эвсэг найрсаг ард түмэн.
     Ховдчууд эртнээс нааш олон төрлийн аж ахуй эрхлэн, амьдрал ахуйгаа өөд татаж ирсэн ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч ард түмэн.
     Ховдчууд эх болсон газар нутгаа хамгаалж тэмцэж, хайралж ирсэн эх оронч, баатарлаг эрсээрээ бахархдаг ард түмэн.
     Ховдчууд Та бүхэн байгаль дэлхийгээ шүтэж, төр засгаа хүндэтгэж, Өндөр Хөхийдөө залбирахдаа ч төвшин төрөө даатгаж байдаг төр ёсны нандин уламжлал соёлтой. Тийм ч учраас тулх түшигтэй, эрч хүчтэй төрийн түшээд, Улсын Ерөнхийлөгчийг төрүүлсэн ард түмэн.
     Ховдчууд язгуур урлаг соёл, уламжлал ёс заншлаа ямагт хүндэтгэн дээдэлж, хөгжүүлж баяжуулж ирсэн авъяаслаг ард түмэн.
     Ховдчууд эрдэм ухааныг эрхэмлэж, орчин үеийн боловсролд тэмүүлсэн оюунлаг, эрдэмлэг сэхээтэн олныг төрүүлсэн ард түмэн билээ.

  • Казак малчин айлд зочиллоо

    Казак малчин айлд зочиллооМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд наймдугаар сарын 5-ны өдөр Баян-Өлгий аймгаас Ховд аймгийг зорих замдаа Баян-Өлгий аймгийн Толбо сумын зургадугаар багийн малчин Мереке гуайнд зочиллоо. Өмнө нь дарга нар тухайн айлд урьдчилан мэдэгдэж, бэлтгүүлж байж очдог байсан бол Ерөнхий сайд С.Батболд энэ удаа харин Мереке гуайнд гэргийн хамт гэнэтийн зочин болж очлоо. Хэдийгээр гэрийн эзэн малдаа яваад эзгүй, гэрийн эзэгтэй хүүхдүүдтэйгээ байсан ч казах түмний найрсаг, зочломтгой зангаар цагаан идээ, будаагаа дэлгэн угтлаа.

    Өмнө нь УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир зочилж байсныг гэрийн эзэгтэй дурдаад Монгол Улсын Ерөнхий сайд энэ удаа ирсэн нь манай гэр бүлийнхний хувьд хэзээ ч мартагдахгүй баярт үйл явдал. Хэрвээ урьдчилан мэдэгдсэн бол сайтар бэлтгэх байлаа гэж байв. Гэрийн эзэн Мереке 10 жил багийн Засаг даргаар ажиллаж байгаад одоо амин зуулгын хэдэн малаа маллаж, найман  хүүхэд болон ээжийнхээ хамт амьдарч байна. Мереке гуайн ээж, 80 настай азай буурал Ерөнхий сайдын улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ард иргэдээ сайн сайхан амьдруулах гэсэн зорилгод нь амжилт хүсч, их зүйл бүтээхийг ерөөлөө. Халуун дулаан яриа өрнүүлсний дараа Ерөнхий сайд гэргийн хамт хот айлын хүүхдүүдэд гарын бэлэг өгч, дурсгалын зураг авахууллаа.

  • Баян-өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хэлсэн үг

    Баян-өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хэлсэн үг2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр                Өлгий хот

    Хүндэт аксакалууд, настан буурлууд аа!
    Манай орны казак иргэд ээ!

    Мөнх цаст сүрлэг Алтай, домогт Таван Богд уулс, Толбо, Ачит, Даян, Хотон нуурын өгөөмөр үзэсгэлэн төгөлдөр бүс нутагтаа бүрэн эрхт улсынхаа эрх чөлөөт иргэн болж, эв найрамдал, энхийн бүтээн байгуулалтын 70 жилийн түүхээ дархалсан казак, урианхай, тува, дөрвөд зэрэг олон үндэстэн ястан, зон олны өлгий нутаг Баян-Өлгий аймгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Миний бие танай сайхан нутагт анх удаа ирж байгаа хэдий ч Та бүхнийхээ ажил хөдөлмөр, амьдрал ахуй, амжилт бүтээлийн тухай байнга сонсож зохих мэдээлэлтэй байдаг юм. Та бүхэнтэйгээ нүүр тулан уулзаж байгаа энэ завшааныг ашиглан улс орны хөгжлийн болон аймаг, орон нутгийн холбогдолтой цөөн асуудлыг хөндөн ярьж, санал бодлоо солилцохыг хүсэж байна.

    Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ!
    Эв нэгдлийг эрхэмлэсэн Монгол Улсын хамтарсан Засгийн газар улс орныхоо хөгжлийн байдалд дүн шинжилгээ хийж, ард олныхоо аж амьдралыг судлан үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилттой ажиллаж эхэлснээс хойш хоёр жил шахам хугацаа өнгөрчээ. Миний бие Засгийн газрын тэргүүний амаргүй энэ албыг хүлээн аваад 9 сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд олон жил яригдаад шийдэгдэж чадаагүй байсан томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж, улс  орныхоо хөгжлийг түргэтгэхэд чухал алхам хийж, илүү тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.

    Стратегийн болон эдийн засгийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 6 дугаар сард байгуулснаар тэнд бүтээн байгуулалтын их ажил өрнөж, 2200 гаруй монгол хүн орчин үеийн техник, техналоги ашиглан гадаадын өндөр мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ Өмнөговь, Ховд, Сэлэнгэ зэрэг аймгуудад нүүрс, төмрийн хүдрийн орд уурхайнуудын олборлолт, ашиглалт шинээр эхэлсэн бөгөөд түүнийг дагалдаж дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжийн бүтээн байгуулалт эх орны энд тэнд өрнөж байна. Нөөцийн хэмжээгээрээ дэлхийд томд орох Таван толгойн орд газрыг ашиглах эрх зүйн орчинг бий болгож, үндэсний компаниудыг үүсгэн байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр энэ орд газраас хувь хүртэх, хувьцаа эзэмших эрх нээгдэж, үндэсний компани, аж ахуйн нэгжүүд ажил, үйлчилгээгээрээ давуу эрхтэй оролцон, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдлээ.

    Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй, олборлосон ашигт малтмалыг тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах, арга замуудыг Засгийн газар эрэлхийлж, асуудлыг цогцоор нь алсын хараа, хэтийн зорилгын үүднээс харж, шийдвэртэй алхамуудыг цаг алдахгүй хийхийг эрмэлзэж байна.
    Энэ арга хэмжээний нэг болох Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

    Энэхүү бодлогын зорилго нь одоо байгаа төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг үр дүнтэй, найдвартай хангахад чиглэгдсэн үр ашигтай үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг бий болгох, салбарын эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг  экспортолж улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэж байгаа юм.

    Энэ төслийн хүрээнд ойрын 4 жилд Тавантолгой, Цагаан суврага, Зүүнбаян, Сайншанд, Баруун-Урт, Чойбалсангийн чиглэлийн 1000 гаруй км төмөр зам барьж байгуулна. Алсдаа энэ төмөр зам баруун тийш үргэлжилж, Баян-Өлгий аймгийн нутгаар дамжин ОХУ-ын хил хүрч олон улсын сүлжээнд холбогдох юм. Төмөр замын бүтээн байгуулалтыг дагалдаж олон зуун мянган ажлын шинэ байр нэмэгдэнэ. Хэдэн арван тосгон суурин байгуулагдаж, хөгжлийн үр шим, хүн амьдрах таатай орчин хөдөөд бий болж, зах зээл малчдад ойртоно гэж бид төсөөлж байгаа. Үүний тулд энэ том ажлыг эхлүүлэхээр Засгийн газар зориг гарган шийдвэрлэсэн.

    Уул уурхайн олборлолттой зэрэгцээд эрдэс баялгийн түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байна. Үүнтэй уялдуулан уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах төсөл хөтөлбөрийг боловсруулж эхлээд байна. Тухайлбал, нүүрс боловсруулан кокс гаргах, хийжүүлэх үйлдвэр, газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр, үрлэн төмрийн болон бусад үйлдвэрийг багтаасан “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах ажлыг ирэх оноос эхлүүлнэ. Арван жилд 70-80 мянган ажлын шинэ байр бий болгох, аж үйлдвэрийн энэ цогцолбор ашиглалтад орсноор Монгол Улс уул уурхайн түүхий эдийг бус бүтээгдэхүүн экспортлогч орон болж, ДНБ-ний хэмжээ одоогийнхоос 2-3 дахин өсөх юм. Бид ойрын ирээдүйгээ ингэж харж байна.

    Уул уурхай, аж үйлдвэржүүлэлт, их бүтээн байгуулалтын энэ том зорилтыг хэрэгжүүлэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, эх орноо хөгжүүлэх чадварлаг мэргэжилтэн, боловсролтой ажилчид, хөдөлмөрч хичээнгүй хүн өнөөдөр нэн чухал эрдэнэ болоод байна. Ажлыг хүн л хийдэг. Гэхдээ ажил өөрөө өөртөө тохирох хүнийг захиалдаг. Өндөр боловсролтой, эх оронч сэтгэлтэй, ёс суртахуунлаг хүн манай нийгмийн захиалга юм. Нийгмийн энэ захиалгад нийцүүлэн боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембриджийн стандартыг ерөнхий боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх, мэргэжилтэй ажилчин бэлтгэх Сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг өргөжүүлэх, Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, төрөлжүүлэх, нэгтгэх, боловсролын тогтолцооны бүх шатанд сургалтын чанарыг дээшлүүлэх замаар дэлхийн жишигт хүрсэн боловсролыг эх орондоо эзэмших нөхцөлийг бүрдүүлэх хэтийн төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна.

    Аж үйлдвэржүүлэлт техник техналогийн дэвшлийг, тэр нь боловсролын шинэчлэлийг өдөөсөн хүн нийгмийн төр зүй тогтлын дагуу үйл явц хурдацтай өрнөж байна. Орчин үеийн өндөр боловсролтой, дэлхийд өрсөлдөх чадвартай шинэ үе гарч ирж байна. Өнөөдөр хэн нь ардчилагч ба ардчилагч бус гэсэн шалгуураар биш хэн нь өндөр боловсрол, өрсөлдөх чадвар, ажил хэрэгч, ёс журамтай вэ гэдгээр үнэлж дүгнэх цаг ирсэн. Манай орны эдийн засгийн өнөөгийн голлох салбар хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тарианы чанар, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэхээр Засгийн газар ажиллаж  байна.

    Засгийн газар, тариаланч, механикжуулагчид, ард иргэдийн хамтын хүчин зүтгэлээр “Атрын гуравдахь аян”-ы хүрээнд өнгөрөгч 2009 онд хэрэгцээт үр тарианы 97.0 хувь, төмсний 100.0 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Тэгвэл энэ  2010 онд 282,2 мянган га-д үр тариа, үүнээс 270,0 мянган га-д буудай, 13,2 мянган га-д төмс, 7,1 мянган га-д хүнсний ногоо, 12,2 мянган га-д малын тэжээлийн ургамал тариалж, улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангах юм. Үүний зэрэгцээ одоо 274,3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулаад байна.

    Сүүлийн үед дэлхийн цаг уурын дулаарал, өөрчлөлтөөс шалтгаалж олон оронд усны үер, ган, зуд, хүчтэй салхи гарч, хүний амь нас эрсдэх болон эд материалын нөхөж баршгүй  хохирол учрах боллоо. Манай оронд л гэхэд жилдээ орох хур тундасны хэмжээ багасаж, хэт халж, хуурайших үзэгдэл нэмэгдэж, гол, нууруудын усны түвшин буурах, ширгэх, зарим үед аадар бороо орж үер болох, цас их орох, цасан болон шороогоор хүчтэй шуурах, хэт хүйтрэх зэрэг байгаль, цаг агаарын бэрхшээл тохиолдсоор байгаа нь эдийн засагт дараас болж, иргэдийн амьдралд хүндрэл учруулж байна.

    Өнгөрөгч өвлийн улиралд цочмог хүйтрэн байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл учирч мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Энэхүү зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 8,1 сая толгойгоор хорогдож, нийтдээ 550 орчим тэрбум төгрөгийн шууд хохирол учирч 8200 гаруй өрх амьжиргааны үндэс болсон малаасаа саллаа. Монгол Улсын Засгийн газар мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулахад цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, нийт 45,7 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс гадаад орон, олон улсын байгууллага, дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдээс 26,6 тэрбум төгрөгийн хандив, тусламж цугларсныг 2 удаагийн цуваагаар 21 аймагт хүргүүлсний гадна ОХУ-ын тусламжийн тэжээлийн буудайг хуваарилан олгосон.

    Гадаадын байгууллагуудаас 12,3 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, Засгийн газраас нийт 6,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн холбогдох арга хэмжээнүүдийг авч ажилласан. “Зудын улмаас амьжиргааны эх үүсвэрээ алдсан зарим малчин өрхийг малжуулах журам”-ыг батлан гаргаж, энэ арга хэмжээнд зориулан эхний ээлжинд 3,0 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор батлуулан аймгуудад хуваарилан олголоо. Цаашид мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар боловсруулан өнгөрөгч 5 дугаар сард Улсын Их Хурлаас батлан гаргасныг бид үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

    Мөн Засгийн газар 2010 оны 137 дугаар тогтоолоор “Мал аж ахуйн салбарт 2009-2010 оны өвөл хаврын улиралд тохиолдсон зудын хохирлыг барагдуулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г батлан холбогдох яам, газар, гадаад орон, Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орныг хамарсан эдийн засгийн хямрал үргэлжилж, улс, орнуудын эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн хэмжээ буурч, ажлын байр хомсдож, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байсан боловч өнгөрсөн оны сүүлчээс тогтворжих хандлагатай болж байна.
    “Хүний хөгжил”-ийн төлөө бодлого боловсруулан хэрэгжүүлж, Монгол хүн бүрээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой болгох нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал зорилтын нэг юм.

    Энэ зорилтын хүрээнд “Хүний хөгжил” сангаас эхний ээлжинд иргэн бүрт 70,0 мянган төгрөгийг олголоо. Мөнгийг бөөнөөр олгох нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсч, зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг бий болгох хандлага ажиглагдаж байна. Иймд үүнээс сэргийлэх, иргэддээ хишиг, хувийг байнга тогтмол хүртээх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж “Хүний хөгжил” сангаас Монгол Улсын иргэнд 2010 оны 8 дугаар сарын 01-ээс он дуустал 10,0 мянган төгрөг, 2011 оноос 20,0 мянган төгрөгийг сар бүр иргэддээ хишиг, хувийн хэлбэрээр олгож байх шийдвэрийг саяхан гаргасан.

    Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 01-ээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдыг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаад хэрэгжүүлж эхлээд байна.

    Эрхэм хүндэт Өлгийчүүд ээ!
    Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө болон бүтээн байгуулах үйлсэд Баян-Өлгийчүүд, нэн ялагуяа ахмад үеийнхэний урсгасан цус, асгаруулсан хөлсийг Монголын төр засаг, ард түмэн ямагт өндөр үнэлж, манай залуу үеийнхэн бахархан дууриаж ирсэн билээ. Тус аймгаас төр, нийгэм, соёлын нэрд гарсан зүтгэлтнүүд, хөдөлмөрийн сайчууд, авъяас билэгтнүүд олноор төрж, манай орны материаллаг ба оюун санааны сан нөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, арилшгүй ул мөр үлдээснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

    Казак түмний хэл, соёл, зан заншил, шашин шүтлэгийн онцлогыг хүндэтгэн хамгаалах, уламжлан хадгалах, аж амьдралыг нь дээшлүүлэх талаар Монголын төр засаг зохих арга хэмжээг авч ирсэн бөгөөд уг асуудал цаашид ч анхаарлын төвд байх болно. Улс орны нийтлэг зорилт, тулгамдсан асуудлуудаас гадна эх орны нийслэлээс алс хол, зах зээлийн төвөөс алслагдсан, бүс нутгийн хөгжил, хүн ам зүйн онцлог, орлогын эх үүсвэр, дэд бүтцийн хомсдол зэргээс шалтгаалан Баян-Өлгийчүүдэд тулгарч байгаа бэрхшээл зовлонг бид бүрэн ойлгож, мэдэрч байгаа.

    Аймгийн өмнө тулгарсан зорилт, бэрхшээлийг Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого болон Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд авч үзэн, хэтийн хараатай, чиглэсэн зорилго, цогц төлөвлөгөөтэйгээр, иж бүрнээр хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Үүний тулд дараах хэдэн зангилаа асуудалд төр засаг, орон нутгийн удирдлага, иргэд хамтын хүчээ төвлөрүүлэн ажиллах нь зүйтэй.

    Үүнд:

    1.Манай орны хөгжил, хүн ардын амьжиргааны үндсэн тулгуур болсон уламжлалт мал аж ахуйг эрхлэх аргыг үндсээр нь өөрчлөх цаг болсныг өнгөрсөн өвлийн байгаль, цаг уурын хүнд сорилт бидэнд харууллаа. Малчдын бүлгэм, хоршоо зэрэг хамтын аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулан эрчимжүүлэх, үндэсний фермерүүдийг бий болгон дэмжих, сүргийн бүтцийг зохистой байлгах, малчдын шинэ үеийг бэлтгэн сургах, орон нутгийн тэжээлийн аж ахуйг өргөтгөн бэхжүүлэх, баг, сум бүрт усалгаатай талбайг олшруулан хашиж хамгаалах, малын даатгалын системийг нэвтрүүлэх зэргээр мал сүргийг байгалийн эрхшээлээс сэргийлэн хамгаалах цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага нэн чухал байна.
     
    2.Танай аймагт малын гаралтай мах, сүү, ноос, арьс шир боловсруулах, загас олборлох зэргээр орон нутгийн түүхий эд, байгалийн нөөцөд түшиглэсэн жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх төсөл, хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлэх боломж нөхцөл бий. Орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг Засгийн газраас зориуд дэмжиж хөрөнгө санхүү, зохион байгуулалтын арга хэмжээ авч бие даасан агентлаг байгуулсан. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр сүүлийн 2 жилд тус бүр 30,0 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ онд аймаг бүрт 530 сая төгрөг хуваарилаад байгаа. Энэ бүхнийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй.
     
    3.Баян-Өлгий аймгийн хувьд уул уурхайн салбарыг хөгжлийн хоёр дахь гол тулгуур болгох өргөн боломж тун ойрхон байна. Хэд хэдэн газарт нөөц бүхий гянт болд, алт, Асгатын мөнгө, Толбо сумын нутаг дахь холимог металлын, Булган сумын нутаг дахь төмөрийн баян орд газруудын хайгуул, судалгааны урьдчилсан үр дүн ихээхэн найдвар төрүүлж байна. Одоо эдгээр орд газруудыг эргэлтэд оруулах талаар лиценз эзэмшигч холбогдох компаниуд болон аймгийн удирдлагууд идэвхтэй, санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Засгийн газар уг асуудлыг бүх талаар дэмжих болно.
     
    4.Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд дэд бүтэц шийдвэрлэгч ач холбогдолтой нь ойлгомжтой. Нэг үеийг бодоход энэ талаар бодит боломж өргөжсөөр байна. Танай аймгийн бүх сумд үндсэндээ өндөр хүчдэлийн эрчим хүчний сүлжээнд холбогдоод байгаа. Улаан байшинт-Өлгий-Ховдын чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил үргэлжилж, Улаанбаатарыг баруун бүстэй холбох хугацаа наашилсаар байна. Одоо БНХАУ-ын Алтай аймгийг манай Баян-Өлгий аймаг, ОХУ-ын Уулын Алтайтай холбох 200 гаруй км хатуу хучилттай зам тавих тухай яриа хэлэлцээ эхлээд байгааг Монгол Улсын Засгийн газар дэмжих болно. Энэ бүхэн нь Баян-Өлгий аймаг төдийгүй Баруун бүсийн дэд бүтцийг цогцолбороор хөгжүүлэх сайхан төлөвийг нээж байгаа юм.
     
    5.Аялал жуулчлал танай аймгийн хөгжлийн бас нэгэн тулгуур болох учиртай. Баян-Өлгий аймгийн онгон байгаль, энд байгаа дэлхийд ховордсон ан амьман, ургамал, эртний түүхэн дурсгалууд, олон үндэстэн ястны өвөрмөгц соёл, зан заншил, аж төрөх ёс зэрэг давтагдашгүй боломжууд бол гадаадын аялагч, жуулчдын анхаарлыг татаж, сонорыг мялаах увьдис мөн. Гагцхүү гадаадын жуулчдыг хүлээн авах соёлч үйлчилгээ, тохилог цэвэр орчинг бий болгоход бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, хүн бүр анхаарч ажиллах нь зүйтэй.
     
    Эрхэм хүндэт иргэдээ!

    Улс орны нийгэм, эдийн засгийн нийт хүчин чадал нь аймаг, орон нутгийн чадавхи, идэвх санаачлагаас ихээхэн хамаардгийг Та бүхэн илхнээ мэднэ. 2009-2010 онд аймгийн хэмжээнд дэд бүтэц, зам, гүүр барилгын салбарт 12,0 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдэж, Өлгий-Цагааннуурын хатуу хучилттай 30 км замыг үргэлжлүүлэн барих 13,0 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлж, баруун бүсийн автозамыг хөгжүүлэх төслийн хүрээнд Өлгий-Хашаатын чиглэлийн хатуу хучилттай автозамыг БНХАУ-ын 50,0 сая ам долларын хөнгөлттэй зээлээр энэ оны 3 дугаар улирлаас эхлэх, Өлгий хотын Нисэх буудлын 11,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хатуу хучилттай зурвас, 1,7 тэрбум төгрөгийн өртөгтэй Спорт цогцолборын барилгын ажил идэвхтэй явагдаж ашиглалтанд оруулах хугацаа ойрхон болсон зэрэг ажлын эхлэл, амжилт бүтээл их байна. Танай аймгийн ажил байдалтай танилцаж явахад нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагаанд ололт, амжилтын зэрэгцээ цаашид анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлууд цөөнгүй байна.

    -Орон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа чандлан сахиж, нэгнийхээ ажлыг дэмжиж, үг хэлээ ойлголцож, үйл ажиллагаагаа уялдуулж, хамтарч ажиллах нь юу юунаас илүү чухал гэдгийг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Төрийн ажилтнуудаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй нээлттэй, ил тод, шударга болгох шаардлага өнөө үед хурцаар тавигдаж байна. Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахиулж, төрийн албан хаагчид ёс зүйн зөрчил гаргах, хууль тогтоомж зөрчиж ажлын хариуцлага алдах, ажлаа цалгардуулж зөрчил дутагдал гаргавал зохих зэм, хариуцлагыг тухай бүрд нь хүлээлгэдэг байх ёстой.

    -Хүний боловсрол, мэргэжлийн чадавхиас эцсийн эцэст ажил хэргийн хувь заяа шалтгаалдаг. Дунд ба дээд боловсролын тогтолцоог дэлхийн хишиг, стандартад ойртуулах, зах зээлийн эрэлт шаардлагад нийцүүлэх нь чухал болж байгааг би өмнө хэлсэн. Өнгөрсөн онд танай аймгийн боловсролын салбарын үйл ажиллагааг судлан үнэлэлт дүгнэлт өгсөн ажлын хэсгийн тайлангаас үзэхэд аймгийн төв, сумдын дунд сургуулиуд, Өлгий хотын соёлын коллежийн сургалтын чанар, сурагчдын сурлагын түвшин, багш нарын мэргэжил, мэдлэг, заах аргад ихээхэн дутагдал илэрч ерөнхий дунд боловсролын сургуулийн үнэлгээгээр сүүлийн 3 жил аймгуудаас сүүлийн байранд байсан байна.

    Уг шалгалтын дүнг үндэслэн Засгийн газраас танай аймгийн боловсролын салбарын ажлыг сайжруулах талаар тогтоол гарган, зарим арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан МУБИС ба Дорнод Казахстаны Их сургуулийн Өлгий хот дахь салбар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн чиглэлийг уул уурхай, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг аймгийн эдийн засгийн салбар, зах зээлийн бүтэц, бодит шаардлагатай нягт уялдуулан оновчтой сонгох, Соёлын коллежийн багш нарыг чадваржуулах, дунд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй байна.

    -Иргэдийн оюун санааны хөгжил, хүмүүжил, ёс суртахууны төлөвшил нь үндэсний соёл урлагын хөгжилтэй салшгүй холбоотой. Баян-Өлгийчүүд олон үндэстэн, ястны соёлын баялаг өвтэй, дэлхийн сонгодог соёл урлагаас суралцаж ирсэн уламжлалтай, хэл, соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой ард түмэн. Өлгийчүүдийн хэл, соёл, ёс заншлын баялаг уламжлалыг хүндэтгэн хамгаалах, цэврээр хадгалах, шинэ нөхцөлд хөгжүүлэх явдал төр засгийн бүх шатны байгууллагуудын байнгын үүрэг мөн. Орчин үеийн барилгын цогцолбортой танай аймгийн хөгжимт драмын театрын техник тоноглолыг шинэчлэх, мэргэжлийн бүрэлдэхүүний тоог театрын стандарт шаардлагын хэмжээнд хүргэх, тэднийг шинээр бэлтгэх, давтан сургах, Домборын үндэсний найрал хөгжмийн оркестрыг сэргээн бэхжүүлэх талаар танай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлага, иргэдээс тавьж буй удаа дараагийн санал хүсэлтийг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүй ёсны асуудал гэж үзэж байна.

    -Аймгийн эрүүл мэндийн салбарт хүнд суртал, хариуцлагагүй байдал ихээхэн газар авсан тухай, эмч, эмнэлгийн ажилтнуудын дотор ажилдаа хайнга хандах, үүрэгт ажлаа оромдож, хувийн эмнэлэг, бизнесээ илүү бөөцийлэх, өвчтөн үйлчлүүлэгчдийг үл тоомсорлох, гар харж, шан харамж авах, архидан согтуурах зэрэг ёс зүйгүй, өргөсөн тангарагтаа үнэнч бус явдал гаргадаг гэсэн иргэдийн гомдол, шүүмжлэл нэмэгдсээр байдаг.
    Ганцхан жишээ авахад, эхийн болон 0-1, 1-5 насны нялхсын эндэгдлээр улсад тэргүүлж, өнгөрсөн жилд 5 эх, 0-1 насны 68, 1-5 насны нялхсын эндэгдэл 25 гарсан ба энэ оны эхний хагас жилд дээрх дутагдал давтагдах шинжтэй байгаа нь иргэдийн иргэдийн шүүмжлэл үндэслэлтэйг харуулж байна. Эдгээр дутагдлуудыг шийдвэртэй засах арга хэмжээг аймгийн удирдлага холбогдох яам, мэргэжлийн хяналтын улсын албатай хамтарч авахын зэрэгцээ эмнэлгийн байгууллагуудын материаллаг бааз, оношлогоо, эмчилгээний техникийн боломж, эм хангамж, эмч сувилагч нарыг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх тал бүрийн арга хэмжээг боловсруулан дэс дараатай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    -Баян-Өлгий аймгийн онгон байгаль, цэвэр агаар, цэнгэг ус, газар зүйн хувьд ашигтай байрлалын давуу тал нь хөгжлийн зангилаа асуудлуудыг шийдвэрлэхэд нэгэн таатай нөхцөл юм. ОХУ, БНХАУ-тай хил залгадаг, Казахстантай шууд харилцаатай, Исламын ертөнцтэй илүү ойр холбогдох сэтгэл зүй, шашин шүтлэгийн хүчин зүйлийн энэхүү боломжийг аймгийн эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд ухаалгаар ашиглан, зээл тусламж авах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг бүхий л талын арга замыг хайж, санаачлага, овсгоотой ажиллах нь чухал юм.

    -Эдийн засаг, нийгмийн зорилтыг шийдвэрлэхэд хүний хүчин зүйл туйлын чухал. Танай аймгийн хувьд ажиллах хүч, хүний нөөц ихтэй, ард иргэд нь хөдөлмөрч хичээнгүй чанартай, ахмад үеэ хүндэтгэн, үндэснийхээ зан заншилаа дээдлэн, эвтэй найрсаг аж төрж ирсэн уламжлалтай, Алтайн уул шиг нөмөр нөөлөгтэй аксакалуудын амьдралын хат суусан баялаг туршлага, алтан сургаал, залуу үеийнхэний сурч боловсрох, ажиллах чин эрмэлзлэл зэрэг нь юу юунаас эрхэм зүйл билээ.

    Танай аймгийн удирдлага, байгууллага, иргэдийн хүсэл эрмэлзэлд тулгуурлан баруун бүсийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Баян-Өлгий аймгийг хөгжүүлэх зорилт, чиглэл Монгол Улсын төр засгийн анхаарлын төвд байнга байсаар байх болно. Анхаараад зогсохгүй шийдвэрлэх арга замыг Та бүхэнтэй хамтран эрэлхийлэн ажиллах болно гэдгээ илэрхийлж байна. Засгийн газраас авч явуулж байгаа арга хэмжээ болон нутгийн захиргааны байгууллагуудын ажлын ололт амжилт, алдаа дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар товч дурдахад ийм байна. Хэдэн үеэрээ аж төрөн суугаа, ээлтэй Өлгий болсон энэ л сайхан нутагтаа эдийн засаг, аж ахуйгаа хөгжүүлж, эрх чөлөөтэй, баян чинээлэг амьдарч 70 жилйин зузаан түүх, баялаг туршлагаа улам бататгаж, тулгамдсан шинэ зорилтуудыг шийдвэрлэх үйлстээ их амжилт олохыг Баян-Өлгийчүүд Та бүхнээсээ хүсэн ерөөе.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Ерөнхий сайд Баян-өлгий аймагт ажиллалаа

    Ерөнхий сайд Баян-өлгий аймагт ажиллалааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболднаймдугаар сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод хүрэлцэн ирэв. Тэрбээр ирсэн даруйдаа Өлгий хотын иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хийхээр төлөвлөсөн зүйлийн талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо. Өлгийчүүд Асгатын мөнгөний орд газрыг хэзээ эдийн засгийн эргэлтэд оруулах, алслагдсан бүсийн нэмэгдэл олгох боломж байгаа эсэх,1500 гаруй номтой номын санг байртай болгох талаар ихэвчлэн хөндөж ярилцаж байв.

    Өнгөрсөн жилийн байгалийн гамшиг зуднаас сургамж авч малчдын бүлгэм, хоршоо зэрэг хамтын аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулан эрчимжүүлэх, фермерийг дэмжих, сүргийн бүтцийг зохистой байлгах, тэжээлийн аж ахуйг өргөтгөн бэхжүүлэх, усалгаатай талбайг олшруулж хашиж хамгаалах зэрэг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг Ерөнхий сайд тэдэнтэй ярилцах зуур санууллаа. Баян-Өлгий аймагт малын гаралтай мах, сүү, ноос, арьс шир боловсруулах, загас олборлох боломж их байдаг аж. Энэ онд хуваарилсан 530 сая төгрөгийг үр ашигтай зарцуулна хэмээн аймгийн удирдлага ярьж байлаа.

    Хэд хэдэн газарт гянт болд, алт, Асгатын мөнгө, Толбо сумын нутаг дахь холимог металлын, Булган сумын нутаг дахь төмрийн орд газрын хайгуул, судалгаа хийгдсэн байгаа юм байна.  “Эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр орон нутгийн удирдлага, идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Баян –Өлгий аймгийн бүх сум өндөр хүчдэлтэй, Улаан байшинт-Өлгий-Ховдын чиглэлийн хатуу хучилттай замын ажил үргэлжилж, Улаанбаатарыг баруун бүстэй холбох хугацаа наашилж байна. БНХАУ-ын Алтай аймгийг Баян-Өлгий аймаг, ОХУ-ын Уулын Алтайтай холбох 200 км хатуу хучилттай зам тавих яриа хэлэлцээ эхлээд байгааг Засгийн газар дэмжиж байгаа.  Энэ нь Баян-Өлгий аймаг төдийгүй баруу бүсийн дэд бүтцийг цогцолбороор хөгжүүлэх сайхан төлөв юм.

    Баян-Өлгий аймаг онгон байгаль, дэлхийд ховордсон ан амьтан,  эртний түүхэн дурсгалууд, олон үндэстэн ястны өвөрмөц соёл, зан заншилтай  ард түмэн.  Үүнийгээ ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий шүү.  “ хэмээн Засгийн газрын тэргүүн онцолж байсан. Баян-Өлгийчүүд бүтээн байгуулалтын олон ажил хийжээ. Тухайлбал,  2009-2010 онд аймгийн хэмжээнд дэд бүтэц, гүүр барилгын салбарт 12 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн  байна. Өлгий-Цагааннуурын хатуу хучилттай 30 км замыг үргэлжлүүлэн барих,   Өлгий-Хашаатын чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг  БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл буюу 13 тэрбум төгрөгийн  төсөвтэйгөөр   энэ оны гурав дугаар улирлаас эхлүүлжээ. Өлгий хотод нисэх буудлын 11,7 тэрбум төгрөгийн өртөгтэй хатуу хучилттай зурвас, 1,7 тэрбум төгрөгийн өртөгтэй Спорт цогцолборын барилгыг ирэх есдүгээр сард ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн байна.

    Ерөнхий сайд хэлэхдээ, орон нутгийн удирдлагууд үүрэг хариуцлагаа сахиж, бие биенээ дэмжин, үг хэлээ ололцон  ажлаа уялдуулж, хамтарч ажиллах нь чухал.  Иргэдэд хүнд сурталгүй үйлчилж, ил тод  шударга байх, ажлаа цалгардуулан  зөрчил дутагдал гаргавал хариуцлагыг нь хүлээлгэдэг байх ёстой гэлээ. Аймгийн  ерөнхий боловсролын сургуулиудын чанар,  багш нарын  мэдлэг мэргэжил дутмагаас    сургуулийн үнэлгээгээр сүүлийн гурван  жил  бусад аймгуудаас сүүл мушгижээ. Үүнд анхаарах шаардлага байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлээд аймгийн төвийн сургуулийн барилгын байранд шаардагдах хөрөнгийг 2011 оны төсөвт суулгана гэж амалсан.  

    Тус аймгийн Хөгжимт драмын театрын техник тоноглолыг шинэчлэх, мэргэжлийн бүрэлдэхүүний тоог шаардлагын хэмжээнд хүргэх, шинээр бэлтгэх, давтан сургах, Домборын үндэсний найрал хөгжмийн оркестрыг сэргээн бэхжүүлмээр байна гэх Өлгийчүүдийн  хүсэлтийг шийдвэрлэнэ хэмээн  Ерөнхий сайд хэлэв. Аймгийн эрүүл мэндийн салбарт хүнд суртал, хариуцлагагүй байдал газар авсан тухай иргэдийн гомдол, шүүмжлэлд дүгнэлт хийж шат дараалсан ажил хийх шаардлагатай байгааг  бас сануулж байлаа.

    “Баян-Өлгий аймгийг хөгжүүлэх зорилт, чиглэл Монгол Улсын төр, засгийн анхаарлын төвд байнга байх болно. Анхаараад зогсохгүй шийдвэрлэх арга замыг нь ч хамтран эрэлхийлж, ажиллах болно “гэж Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд тэмдэглэлээ. Тэрээр Өлгий суманд УАЗ-469 маркийн автомашин хүлээлгэн өгч, хоёр оюутанд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг өгөхөөр болсноо дуулгалаа. Ерөнхий сайд С.Батболд дараа нь нутгийн төр, захиргааны байгууллагын ажилтнуудтай уулзаж, спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. Засгийн газрын тэргүүн  мөн өдрөө  Баян-Өлгий аймгаас Ховд аймгийг зорилоо

  • Ерөнхий сайд С.Батболд Увс аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболд Увс аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хэлсэн үг/Төр иргэний харилцааг бэхжүүлж, Төвлөрөлийг сааруулж орон нутагт эрх мэдлийг олгоно./
    2010.08.02

    Эрхэм хүндэт Увсчуудаа,
    Тавтай сайхан зусаж байна уу? Та бүхнийхээ  амар амгаланг айлтган мэндчилье.
    Орон нутагт ажиллах, олон хоногийн томилолтын урт аяны ид дунд Увсчууд Та бүхэнтэйгээ уулзаж, улс орон, бүс нутаг, аймаг, сумын хөгжлийн асуудлаар илэн далангүй ярилцах завшаан тохиосонд баяртай байна. Цагийн цагт засаг төрийнхөө бодлогыг дэмжиж, улс орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн олон ястны өлгий Увс нутгийн зон олон та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархлаа илэрхийлье.

    Увсчууд уул усандаа бишрэлтэй, уламжлал соёлдоо хүндэтгэлтэй, төр засагтаа түшигтэй, хатуужил тэвчээртэй, хөдөлмөрч хичээнгүй, үзэл бодол үйлс зорилгодоо тууштай, эвсэг элгэмсэг, шулуун шударга зантай гэж би боддог. Энэ ч чанараараа Увс нутгийнхан өрлөг түүхэнд ч, өнгөрсөн зуунд ч, өнөөгийн цаг үед ч улс төр, үйлдвэрлэл бизнес, урлаг соёл, спорт гээд нийгмийн бүхий л салбарт нэр алдраа дуурсгасан олон олон алдартныг төрүүлсэн бахархалтай.

    Өнөө жил Увс нутгийн хүү улсынхаа их баяр наадмын түрүү бөхөөр тодорч уул ус, зон олноо баярлуулж, алдарт аваргынхаа амжилтын буухиаг үргэлжлүүллээ. Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Тэгэхлээр Увсчууд энэ жилдээ ч, ирэх ондоо ч аз хийморьтой, амжилт бүтээл арвинтай байна гэдэгт итгэл төгс байна.

    Засгийн газрыг тэргүүлж зовлон жаргалыг нь үүрч байгаагийн хувьд би энэ нутгаас төрсөн 20 дугаар зууны Монгол төрийн хоёр том зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх нарын төрийн ухаан, түвшин бодлогоос суралцахын хамт тэдний тэргүүлж удирдаж байсан Монгол Ардын Хувьсгалт Намыг энэ зууны улс төрийн манлай хүчин, Их бүтээн байгуулалтын санаачлагч, хошуучлагч хүчин байлгахыг чармайж, иргэдийнхээ ажил амьдрал, улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангахын төлөө Хамтарсан засгийн газрын хүчин чармайлтыг дайчлан ажиллахыг хичээж байна. Энд Увсчууд Та бүхний итгэл сэтгэл, дэмжлэг түшиг бас хэрэгтэй.

    Иргэдийн дэмжлэг оролцоогүйгээр Засгийн газрын бүтээн байгуулалтын том том зорилтууд хэрэгжихгүй. Засгийн газрын удирдлага, бодлого зохицуулалтгүйгээр иргэдийн амьдралд эрс нааштай өөрчлөлт гарахгүй. Иймээс төр иргэдийн харилцаанд харилцан итгэлцэл, хамтын чармайлт нэн чухал нь тодорхой.

    Эрхэм хүндэт иргэдээ,

    Хамтарсан Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа  болон ойрын жилүүдэд эхлүүлхээр төлөвлөж буй ажлаасаа тоймлон хэлье.
    Юуны өмнө Монгол орны эдийн засгийн бүтэц, өсөлтөд эргэлт, сэргэлт авч ирэх уул уурхайн салбарын хөгжлийн шинэ үе эхэлж байгааг хэлэхэд таатай байна. Стратегийн болон эдийн засгийн ач холбогдолтой ордуудыг эргэлтэд оруулах, үр ашигтай ашиглах эхний алхам хийгдсэн. Тухайлбал,  Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ 4 сард байгуулагдсанаар одоо бүтээн байгуулалт ид явагдаж байгаа. Тэнд 3000 гаруй инженер техникийн ажилчид ажиллаж байгаагаас 2200 гаруй Монгол залуус өндөр цалинтай ажлын байраар хангагдаад байна. Цаашдаа нийтдээ 5700 гаруй ажлын байр бий болох юм.
     
    Орд газрын бүтээн байгуулалтад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, харилцаа холбоо, тээвэр, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж байгаа олон арван аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, ашиг орлого нэмэгдэж байна. Иргэд та бид ч энэ орд газрын ирээдүйн ашгаас хувь хишиг хүртээд эхэлчихсэн байгаа.

    Оюутолгойгоос гадна нөөц баялагаараа дэлхийд дээгүүр орох Таван толгойн ордыг ашиглах бодлого, үзэл баримтлалаа саяхан бид Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр манай иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших, байгалийн баялагтаа эзэн байх, өөрийн гэсэн өмчтэй болох боломж нөхцөл нээгдэж байгаа юм. 

    Оюу толгой, Таван толгойгоос гадна Өмнөговийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний уурхай, Сэлэнгийн Төмөртэйн төмрийн  хүдрийн орд зэрэг олон газарт олборлолт хийгдэж байна. Дагалдаад дэд бүтэц, үйлдвэрлэлийн барилга байгууламжын бүтээн байгуулалтууд эх орны маань өнцөг булан бүрт өрнөж байна. Оны эхний хагаст гадаадад гаргаж буй нүүрс төмрийн хүдрийн хэмжээ 2-2,3 дахин, газрын тосны хэмжээ 68 хувиар өссөн үр дүн гарсан.

    Цаашдаа баялагаа түүхийгээр нь гадаадад гаргах биш, боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн, үнэ цэнэд хүргэх эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох зорилтыг Засгийн газар тавьж байгаа. Үүнтэй уялдаад уул уурхайн боловсруулах үйлдвэрүүд байгуулах, бүтээгдэхүүнийг тээвэрлэх асуудлыг шийдэх шаардлага аяндаа гарч байгаа юм. Энэ чиглэлд бас эхлэл тавигдсан. “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулж УИХ-аар батлуулсан. Энэ бодлогын хүрээнд ойрын 4 жилд 1000 гаруй километр төмөр зам барих томоохон төсөл хэрэгжиж, алсдаа үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ бий болох юм. Төмөр замын бүтээн байгуулалт эхэлбэл олон зуун, мянган хүн ажлын байраар хангагдаж, олон арван суурин, тосгон босч, зам даган хөгжил ундарна.

    Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан үйлдвэржүүлэлтийн зорилтын хүрээнд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах асуудлыг хуралдаанаар хэлэлцээд, тооцоо судалгаа, төсөл төлөвлөгөөгөө хийж байна. Нүүрс угаах, хийжүүлэх, кокс гаргах, газрын тос боловсруулах, зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр, төмрийн болон бусад үйлдвэрээс бүрдэх энэхүү цогцолборыг барьж байгуулах ажлыг ирэх оноос эхлүүлнэ.

    Ийнхүү шинээр хэрэгжүүлж байгаа стратегийн томоохон орд газрууд, аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулснаар 2015 оноос Монгол улс уул уурхайн түүхий эдийг экспортлогч бус, тодорхой хэсгийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн экспортлодог орон болох юм.  Тэр үед манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жилд дундажаар 18-20 хувьд хүрч, нэг хүнд ноогдох хэмжээ нь багаар  бодоход 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн төсөөлөл байна. Ингэвэл хүн амын амжиргаанд мэдэгдэм өөрчлөлт гарах болно.

      Засгийн газраас зөвхөн уул уурхайн салбарыг хөгжүүлэх зорилт тавиагүй бөгөөд нэг талаар,  эдийн засгаа төрөлжүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нөгөө талаар ард иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд ч ихээхэн анхаарал тавьж  2011-2016 онуудад хэрэгжих  “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг саяхан УИХ-аар батлууллаа. 
     
    Энэ хөтөлбөр нь улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлэн хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэж, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах замаар нийтлэг тулгараад байгаа нийгэм эдийн засгийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэж, хөгжлийг жигд хангаж, хүн амынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг нь баталгаажуулахад чиглэгдэж байгаа юм.

    “Шинэ бүтээн байгуулалт ” хөтөлбөр зөвхөн Улаанбаатар хотын асуудлаар хязгаарлагдахгүй, бүхэлдээ барилгын үйлдвэрлэлийг сэргээснээр бүс нутгийн хөгжлийн бодлоготой нягт уялдаатайгаар, хөдөө орон нутаг, томоохон хот суурингийн хөгжилд болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц хөшүүрэг болох юм. Энэ утгаараа Увс  аймаг, Улаангомын хөгжлийн ирээдүйтэй шууд холбогдоно.

    Ийнхүү уул уурхайд суурилсан үндэсний аж үйлдвэржүүлэлт, суурь бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлж байна. Энэ бол эдийн засгийн өсөлтийн шинэ үе юм. Засгийн газар ингэж асуудлыг сууриар нь,  цогцоор нь харж шийдэхийг эрмэлзэж байна.  Гэхдээ энэ их бүтээн байгуулалтыг ард түмэн хийнэ. Ард түмэн бүтээж, Засгийн газар залж чиглүүлж удирддаг нь аль ч цаг үеийн жам билээ. Та бид энэ бүгдийг хамтдаа хийж чадна гэдэгт итгэлтэй байна. 
     
    Манай улсын эдийн засгийн уламжлалт бөгөөд голлох салбар бол Хөдөө аж ахуй билээ. Энэ салбарт ч Засгийн газар анхаарал хандуулж, дэс дараалсан арга хэмжээ авч,  газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тарианы чанар, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэхээр ажиллаж байна. Өнгөрөгч онд “Атрын III аяны” хүрээнд тариаланч, механикжуулагчдынхаа хичээл зүтгэлийн үр дүнд хэрэгцээт үр тарианы 97,0 хувь, төмсний 100,0 хувь, хүнсний ногооны 50,0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан бол энэ онд төмс болон үр тарианы хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодоос хангах зорилготой ажиллаж байна. Энэ нь зөвхөн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилго төдий бус үндэсний үйлдвэрлэл, үндэснийхээ үйлдвэр, аж ахуй нэгжээ дэмжих , хүн амаа эх орны эрүүл хүнсээр хангах хүнсний аюулгүй байдлын утга агуулгатай чухал зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Увсчуудын хувь оролцоо нэн чухал байна.
     
    Увс аймаг газар тариалан хөгжүүлэх таатай нутагтай. Увсчууд энэ талын дадлага туршлага, мэдлэг чадвар, уламжлалт соёл,  арга барилтай. Үүнийгээ орчин үеийн техник, технологи, арга менежменттэй хослуулан, орон нутгийн үр ашигтай үндсэн салбарын нэг болговол зохино. Цагтаа Баруунтурууны Сангийн аж ахуй үр тариагаар өөрийн аймгийн төдийгүй баруун аймгийн хэрэгцээг хангаж байсан гэдэг. Энэ уламжлалаа сэргээж цаашид усалгаатай газар тариаланг хөгжүүлж, үр тарианы болон малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, чанар сайтай гурил, тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээр аймгийнхаа хүн амын хэрэгцээг бүрэн хангаж, мал аж ахуйгаа тэтгэж, улмаар зэргэлдээ аймгууддаа нийлүүлэх боломж байна. Энэ бол танай аймгийн эдийн засгийн хөгжлийн бэлээхэн нэг нөөц юм. Энэ нөөцийг бүрэн дүүрэн ашиглаж орлоготой, мөнгөтэй болох нь зөвхөн Увсчууд та бүхнээс л шалтгаална.

    Танай аймаг мөн чулуун давс, байгалийн болон таримал чацарганаар Монголдоо тэргүүлдэг. Энэ давуу тал, нөөцөө ашиглан “Чацаргана”  хөтөлбөр боловсруулан өөрий брэнд бүтээгдэхүүн болгон санаачлагатай ажиллаж буй нь сайшаалтай. Энэ уулзалтын өмнө “Увс Хүнс” ХХК болон чацарганы талбай, үрийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа. Сайн эхлэл, сайхан ирээдүй байна. Энэ жишгээр санаж сэдэж, үнэхээр үр ашигтай, бодит ажлыг хийвэл бид техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалтаар дэмжих болно.  Засгийн газар үр ашиггүй төсөл, ам яриаг бус өгөөжөө өгөх бодит ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийг л дэмжин санхүүжүүлнэ.

    Мал аж ахуй бол манай улсын онцгой анхаарлын төвд байдаг салбар мөн. Өнгөрсөн жил баталсан “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”,  энэ жилийн “Монгол мал” хөтөлбөрүүд нь үүний илрэл мөн. Эдгээр хөтөлбөрүүд нь  мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар болгох малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, малчдынхаа аж амьдралыг дээшлүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн даатгал, хамгааллыг сайжруулах зорилгод чиглэгдэж байгаа юм. 

    Өнгөрсөн өвөл,  хавар энэ салбарт манай эдийн засаг, малчид ихээхэн хохирол амслаа. Оны эхний нийт малын 20 хувь буюу 8,8 сая мал хорогдож, 550.0 орчим тэрбум төгрөгийн шууд хохирол учирч 8700 гаруй малчин өрх огт малгүй болсон. Танай аймагт л гэхэд нийт малын 26,6 хувь буюу 616 мянга гаруй мал хорогдож хагас мянга гаруй өрх огт малгүй болжээ. Зудын хохиролыг арилгахын тулд Засгийн газраас 6,8 тэрбум, олон улсын ба гадаад, дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн хандив тусламжын 26,6 тэрбум, мөн гадаадын төсөл хөтөлбөрийн 12,3 тэрбум, нийтдээ 45,7 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа. Мөн өнгөрсөн 6 дугаар сард Засгийн газар 137 дугаар тогтоол гаргаж, зудын хохирлыг арилгах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө боловсруулж баталсан. Энэ хүрээнд төсвийн тодотголд  3,0 тэрбум төгрөг тусган батлуулж, малгүй болсон малчдыг малжуулах арга хэмжээ авч байна. Танай аймагт энэ чиглэлээр 180 сая төгрөг хувиарлагдаад байгаа.

    Мал аж ахуйн үйлдвэрлэл орон нутгийн хөгжлийн нэг тулгуур үндэс болсоор ирсэн, байх ч болно. Иймд цаашдаа малын тоо толгойг өсгөх төдийгүй малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жинхэнэ утгаар нь үйлдвэрлэл болгох шаардлагатай байна. Үүний тулд мах, сүү, ноос, ноолуур, арьс, шир зэрэг малын бүх төрлийн ашиг шим, түүхий эдийг хагас болон бүрэн боловсруулж бүтээгдэхүүн болгох, энэ чиглэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь орон нутгийн хөгжлийн бодлогын нэг чиглэл байх ёстой. Ийм бодлого, иргэдийн санаачлагыг Засгийн газар хөрөнгө оруулалтаар дэмжих болно.
     
    Мөн малыг эрүүлжүүлэх чанаржуулах, үүлдэр угсааг сайжруулах, таваарлаг чанартай болгох зайлшгүй шаардлагатай байна. Энэ бүхэн орон нутагт малчин, мэргэжилтний хамтын хүчээр хийгдэх ажил. Өнөө цагийн малчид бол мал дагадаг хүн биш малаа өсгөн үйлдвэрлэл явуулдаг бизнесмэн байх учиртай. Иймээс малчид мал маллах уламжлалт  арга ухаанаас гадна бизнес арга ухаанд суралцаж, бүхнийг орчин үеийн мэдлэгтэйгээр хийх цаг болжээ.

    Танай аймгийн түүхэнд нэрээ үлдээсэн Иргэл баян, “Фронт” Бадам нар бол өнөө цагийнхаар бол шилдэг менежмэнт бүхий сайн бизнесмэнүүд, нийгэм, хүмүүнлэгийн сайн үйлстнүүд байжээ. Ийм арга ухаантай улсын аварга болон мянгат малчид Увс аймаг цөөнгүй бий.  Мал сүрэг бол үндэсний өвөрмөц,  нөхөн сэргээгдэх нийгмийн баялаг учраас эзэн хүн овсгоо ухаан гаргаж, ажилч хичээнгүй байвал өрхийн амжиргааг өлхөн хангах, дагалдаад олон хүнийг ажилтай орлоготой болгох, орон нутаг,  улмаар улсын хөгжилд хувь нэмэр оруулах өгөөж буянтай билээ.

    Өнөөдөр олон хүн байгалийн баялаг, алт гээд нүдээ өгөхөөс буцахгүй байна. Гэтэл үндэсний баялаг болсон малынхаа ашиг шимийг бүрэн ашиглаж , алт болгож чадахгүй үнэгүйдүүлж байгаа нь хатуухан хэлэхэд бидний эмгэнэл бөгөөд гутамшиг юм. 30 гаруй сая малтай, 3 хүрэхгүй сая хүн  амтай улсад ядуурал өндөр хувьтай байгаа нь боломж нөөцөө ашигладаггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй, залхуучууд болгож биднийг муухай харагдуулж байна. Хаа сайгүй байгаа энэ байдлыг халахгүй бол хөгжил манайд ирэхгүй. Тэгэхлээр хөгжил хүнээс хамаарах нь тодорхой байна. Хөгжлөөс чангаадаг биш хөгжлийг дэмждэг, хийдэг бүтээдэг, чухам хөгжлийн төлөө хүн болох цаг үе иржээ. Иймээс Монгол хүн өөрөө хурдан хөгжих хэрэгтэй байна.

    Чухам энэ утга агуулгаар нь Хүний хөгжлийг хангах зорилтыг Засгийн газар үйл ажиллагааныхаа тэргүүлэгч, үндсэн зорилт болгон ажиллаж байгаа юм. Монгол хүнээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нийгэм, эдийн засаг,  эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар хичээж байгаа. Хүн амын эрүүл мэнд сэтгэл зовоосон асуудлын нэг хэвээр байна. Эрүүл мэндийн салбарын удирдлага, ажил үйлчилгээний чанар, өгөөжийг дээшлүүлэх, даатгалын тогтолцоог бүхэлд нь боловсронгуй болгохоор зорьж байна. Төр засгаас анхаарлаач иргэн хүн өөрөө эс хичээвэл үр дүн бас гарахгүй ээ. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн хэрэглэхээс эхлээд элдэв буруу зуршилд автах, орчноо бохирдуулах, хөдөлгөөний дутагдалд орох гээд хүний хамгийн үнэт эрхэм баялаг эрүүл мэнддээ дэндүү хайхрамжгүй хандаж байгааг сэрэмжлүүлэн хэлье.

    Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх замаар хүүхэд, өсвөр үеийнхэнд багаас нь амьдралын зөв хэвшил, зуршил суулгах, эрүүл мэндээ хамгаалж сурах, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гэгээрэл сурталчилгааны ажлыг иргэдийн дунд өрнүүлж, эрүүл орчныг бүрдүүлэхэд орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэнд, боловсрол соёлын газар, иргэний нийгмийн байгууллагууд санаачлага гаргавал зохино. Тус аймагт эх, нялхсын эндэгдэл буурсан үзүүлэлттэй хэдий ч улсын дундажаас өндөр байгаа  нь цаашид тодорхой арга хэмжээ авч анхаарал хандуулах шаардлагатай  Мөн халдварт өвчний гаралт нэмэгдсэн байна. Иймд цаашид эмч, эмнэлэгийн ажилтныг давтан сургах ялангуяа хүүхдийн болон нярайн эмчийг бэлтгэх сургалтын тогтолцоонд салбарын байгууллага анхаарах хэрэгтэй.  

    Боловсрол бол хүний хөгжлийн нэг үзүүлэлт төдийгүй орчин үеийн бүтээлч хүний нэг гол шинж мөн. Боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх”, төрөлжүүлэн нэгтгэх, хүүхдүүд эх нутагтаа олон улсын түвшиний ерөнхий боловсрол эзэмших нөхцөл бүрдүүлэх  зэрэг томоохон зорилтыг Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Уул уурхайн томоохон ордуудыг ашиглаж эхлэхтэй холбогдон өндөр боловсролтой инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын хэрэгцээ нэн их байна. Иргэд, ялангуяа хүүхэд залуучууд боловсролд хандах, мэргэжил сонгох хандлага өөрчлөх ёстой.

    “Ямарч байсан яахав” гэдэг чиг зорилгогүй хандлагаар биш, нийгэм, цаг үе, эрэлт хэрэгцээнд тулгуурлаж зөв сонголт хийх нь ирээдүйд баталгаатай ажлын байртай болохын эхлэл болно. Өнөө үед мэргэжлийн боловсрол маш чухалчлагдаж байна. Мал маллах, ногоо тарих хүртэл чухамдаа олон талын мэргэжил мэдлэг шаарддаг маш нарийн  чимхлүүр ажил.   ХААИС-ийн малчны мэргэжлийн ангид элсэлт ховор байхад хуулийн ангид нэг хуваарь дээр хэдэн зуугаар өрсөлдөж байгаа өрөөсгөл ойлголт хандлагаа өөрчлөх цаг болсон.

    Сургуулийн өмнөх болон суурь боловсролын чанарт онцгой анхаарах хэрэгтэй. Чанартай боловсрол чанартай амьдралын баталгаа болдог. Увс аймагт ерөнхий боловсролын 27 сургуульд 20 орчим мянган хүүхэд суралцаж, тэдний сургалтын орчин багшлах боловсон хүчний хангалт зохих түвшинд байгаа юм байна. Тариалан сумын цэцэрлэг улсын тэргүүний цэцэрлэг болсон, төгсөгчдийн элсэлтийн шалгалтын нэгдсэн дүнгээр улсад 3 дугаар байрт орсон зэрэг өсөлт амжилт байна.  Цаашид бүх шатны сурлагын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчинг эрс шинэчлэх, сурагчдын дотуур байрын хүрэлцээ хангамж, тав тухыг хангах зэрэг анхаарах асуудал олон бий.

    Иргэдээ ажлын байр бий болгох нь хамтарсан Засгийн газрын бас нэг чухал зорилго. Их бүтээн байгуулалтын том том зорилтууд эцсийн  дүндээ үүнд чиглэгдэж байгаа юм. Ажлын байрны хэрэгцээ ойрын жилүүдээс маш их нэмэгдэнэ. Манай хүмүүс гадагшаа ажил хайж явах нь багасна. Зөвхөн Сайншанд цогцолборыг барьж байгуулснаар 70-80 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ. Үүний цаана Оюутолгой, Тавантолгой, Төмөрзам, Мянганы зам, их барилга зэрэг ажлын байрын багтаамж ихтэй хөдөлмөрийн зах зээлд борлогдох хүн, шаардлагатай ажлын байранд тохирох чадварлаг мэргэжилтэн, ажилтан чухал болоод байна. Ажил хүнийг голох цаг ирж байна. Ажилд гологдсоноо ажил олдохгүй байна гэвэл эндүүрэл болно.

    Увс аймагт 2000 шахам бүртгэлтэй ажилгүйчүүд  байгаа ба ажилгүйчүүдийн түвшин буурахгүй байна гэсэн мэдээ бий. Ажилгүй гээд аймагтаа, гэртээ бүгэх хэрэггүй. Их бүтээн байгуулалтын фронтруу яв. Тэдгээр хүмүүс юу хийж чаддаг, ямар мэргэжил чадвартай байна. Тийм ажлын байр хаа нэгтээ байгаа. Бүртгэлгүй ажилгүйчүүдээ бүртгэ, сурга, дадлагажуул, хөдөлмөрийн зах зээлд зуучлахад орон нутаг анхаар. Иргэн өөрөө хичээ. Орон нутагт ч ажлын байрын хэрэгцээ мундахгүй их байгаа. Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлтэй жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэйг би дээр дурдсан. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд улсаас жил бүр 30.0 тэрбум төгрөг баталж өгч байна. Өнөө жил аймаг бүрт 530 сая төгрөг хуваарилж олгосон. Энэ бүхэн ажлын байр шинээр бий болгоход чиглэгдсэн арга хэмжээ, үр дүнг бид нэхэх болно.

    Зах зээлийн хямралтай, зудын хохиролтой, төсөв хязгаарлагдмал байгаа нөхцөлд иргэдийнхээ амжиргааг дэмжих, орлогын эх үүсвэртэй байлгах нь манай Засгийн газрын нэн тулгамдсан зорилт байсаар ирлээ. Засгийн газрын  үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ” гэсэн зорилт хэрэгжих хууль эрх зүйн орчинг бүрдүүллээ. “Хүний хөгжил”  сангаас эхний ээлжинд иргэн бүрт 70 мянган төгрөгийн хувь хишиг хүртээлээ.

    Мөнгийг бөөнөөр олгох нь эдийн засагт  сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсч,  зарим бараа,   бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг бий болгох хандлага  ажиглагдаж байна. Иймд үүнээс сэргийлэх үүднээс  8 дугаар сарын 01-нээс  он дуустал иргэн бүрт 10,0 мянган төгрөгийн  хишиг хувийг сар бүр тогтмол хүртээх,  2011 оноос энэ хэмжээг 20,0 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ийм байдлаар 500 мянган төгрөгийг бэлнээр үе шаттайгаар олгох шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан билээ.  “Чамлахаар чанга атга” гэгчээр иргэд маань үүнийг зөв хэрэглэвэл амжиргаанд нэмэр болно. Үлдсэн 1 сая төгрөгийг мөнгөн бус хэлбэрээр буюу  тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол,   эрүүл  мэнд, орон сууцны эрхийн бичиг зэргийн аль хэлбэрээр нь   хүртэх талаар иргэдээсээ санал авах ажлыг зохион  байгуулсан.

    Хүн хүний хэрэгцээ өөр өөр байна. Увсчуудын хувьд гэвэл 26 орчим хувь нь тэтгэвэрийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт, 30 орчим хувь нь боловсролын үйлчилгээнд, 41 хувь нь орон сууц, малчны болон бусад зээлийн төлбөрт зарцуулах санал өгсөн. Энэ бүхнийг бодолцох болно. Төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөх шийдвэр гаргаж, 4 мянга гаруй албан хаагчийг орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамруулах болсон нь мөн л иргэдийн орлогыг шууд ба шууд бус хэлбэрээр нэмэгдүүлхэд чиглэсэн бодлого, арга хэмжээ юм.

    Монгол Улсын Засгийн газар хүндээ зориулсан хөрөнгө оруулалтыг цаашид ч нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллана. Эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг хангах 2 том зорилтод хүрэхийн тулд төрийн оновчтой удирдлага, төсвийн шинэ бодлого, төр иргэний харилцааны зохистой арга механизм хэрэгтэй. Энэ чиглэлээр бид тодорхой алхам хийж байгаа. Төвлөрөлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхэлсэн. Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ.

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журам тогтооно. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлнэ.

    Орон нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг төвлөрсөн   байдлаар зохицуулж санхүүжилтийг хэт багасгасан нь орон нутгийн бие даасан байдал, бүс нутгийн xөгжил, орон нутгийн удирдлагын хариуцлагыг сулруулж, төрийн үйлчилгээ болон төсөвт тавих иргэдийн хяналтыг бууруулж байгаа байдлыг анхаарч, түүнийг засч сайжруулах, орон  нутгийг   хөгжүүлэх,   орон  нутгийн  эрх  мэдлийг  нэмэгдүүлэх талаар  тодорхой арга  хэмжээнүүдийг  авч хэрэгжүүлэхээр Засгийн газраас саяхан “Төсвийн тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан.

    Энэ  нь орон нутагт төсөв санхүүгийн эрх мэдлийг олгох, сум, багийн төсвийн зардлын төлөвлөлтийг боловсронгуй болгох түүнийг  оновчтой, зөв хэрэгжүүлэх, олон нийтэд ил тод ажиллахад нөлөөлнө гэж үзэж байна.  Шийдвэр гаргах процесст иргэдийн оролцоог хангах талаар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, багийн иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагааг чиглүүлэх  хэрэгтэй.

    Хүндэт иргэдээ,
    Ийнхүү Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, боловсруулж буй бодлого, тулгамдсан асуудлууд олон байна. Увс аймагт ч олон асуудал шийдлээ хүлээж байгааг Засгийн газрын тэргүүний хувьд сайн ойлгож байгаа. Тулгарч буй бүхий л саад бэрхшээлийг даван туулахад хүн бүрийн идэвх санаачлага, үүрэг хариуцлага нэн чухал юм. Улс орныхоо эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын  амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг, ажилсаг хөдөлмөрч Увсчууд Та бүхэн орон нутгаа хөгжүүлэхэд санаачлагатай хандаж, аймгийнхаа нөөц баялаг, боломж бололцоог зохистой ашиглаж, мал аж ахуй,  газар тариалангийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

    Засгийн газрын зүгээс Увс аймгийн Боршоогийн хилийн боомтыг “Хилийн боомтын үлгэрчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу тохижуулан, шаардагдах барилга байгууламжыг барих, мөн Улаангом хотод дулааны 2 дахь эх үүсвэр шинээр барих асуудлыг 2011 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт болон зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг холбогдох яам, албан тушаалтанд үүрэг болгосон байгаа. Аймгийн төсөв  2010 оны эхний хагас жилийн байдлаар 3.2 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөгөө 656.7 сая төгрөгөөр буюу 25.8 хувиар давуулан биелүүлжээ.

    Цаашид  ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж аймаг суманд ажиллуулах зэрэг асуудлуудад орон нутгийн Иргэдийн төлөөллийн болон  нутгийн захиргааны байгууллага  онцгой анхаарал хандуулж, аймгийн хөгжлийн давуу тал, нөөц боломжоо бүрэн ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээг бүх талаар дэмжин,  ажлын байрыг олноор бий болгох, оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлага байсаар байна.

    Үүнд мөн иргэний өөрийн хүлээх үүрэг, хариуцлага ч чухал юм. Иргэн хүн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх, сурч боловсрохыг хичээх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах ёстой. Аливаа дэвшил, хөгжил, хүчин чармайлт хоёр талаасаа байх учиртай. Төр,  засгийн бодлого, зохицуулалт байх ёстой газраа дээд зэргээр байх, нөгөө талаас иргэд, нутгийн удирдлага, төр захиргааны байгууллагууд ч хүлээсэн үүргээ биелүүлж санал, санаачлагатай ажиллах нь чухал. Эдийн засаг, нийгмийн том зорилтууд, их бүтээн байгуулалтын ажлын зэрэгцээ цаг үеийн тулгамдсан асуудлуудад ч анхаарах учиртай. Одоо зуны сар шувтарч намрын улирал хаяанд ирлээ. Налайж сууж намрыг өнгөрөөлгүй өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаахыг энд сануулж хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

    МАА-н өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хангуулахад салбарын яам болон орон нутгийн төр, захиргааны байгууллага, малчдын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг Засгийн газар саяхан гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутаг малчдын түвшинд цаг алдахгүй зохион байгуулах тодорхой ажлууд байна. Юуны өмнө малын угаалга, тарилга зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг хугацаанд нь гүйцэтгүүлэх, өвөлжөө бууц, хашаа хорооны ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанартай хийж гүйцэтгэх нь чухал.

    Хадлан тэжээл бэлтгэх техникийн засвар үйлчилгээний ажил өдийд дууссан байх учиртай. Хадлангийн техникээр үйлчлэх дундын үйлчилгээний нэгжийг орон нутагт зохион байгуулан малчид, иргэд, аж ахуйн нэгж хоорондын уялдаа холбоог хангаж ажиллан аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцийг тогтоосон хэмжээнд заавал бүрдүүлсэн байвал зохино. Увс аймаг 1500 тн өвс, 750 тн тэжээл, сум бүр 150 тн өвс, 100 тн тэжээлийн аюулгүйн нөөцтэй байх даалгаврыг дээрх тогтоолоор өгсөн байгаа.

    Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд малчдад үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай зохион байгуулахтай холбогдсон шатахуун болон бусад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх шаардлагатай. Үүний зэргэцээ төв суурин газрын дулааны станцын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалт, нүүрс татах, нөөцлөх ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэг даалгавар тогтоолоор өгөгдсөн байгаа. Бидний ажилд хурд, хугацаа, чанар, үр ашиг гэсэн 4 гол шалгуур үзүүлэлт байх учиртай. Энэ бол зах зээлийн алтан дүрмүүд, бизнесийн үндсэн зарчмууд. Эдгээр нь хувь хүний ажил амьдралд ч, төр захиргааны ажилд нэгэн адил хамаатай. Аль нэг нь доголдвол хүчин зүтгэл талаар болдгийг хэн хүнгүй бодууштай.

    Увс нутгийн ард иргэдээ,

    Увс аймаг бол төрийн тахилгат Ханхөхий, мөнх цаст Хархираа, Түргэний сүрлэг уулс, жигүүртэн шувуу, мал амьтан, жуулчин гийчин цугласан Увс, Хяргас, Үүрэгийн ус ихт нууруудаараа гоёсон, элсэн манхан, хөвч тайга, өргөн тал хосолсон үзэсгэлэнт сайхан байгальтай, арвин их ашигт малтмал, эрдэс баялагийн нөөцтэй. Хүннү Сүннүгийн үеэс эхтэй төр ёс, түүх соёлын арвин баялаг өв дурсгал, үеийн үед уламжилж ирсэн олон ястны язгуур урлаг, соёлын биет ба биет бус өвийг өнөөг хүртэл хадгалан хөгжүүлж ирсэн Монгол иргэншил соёлын голомтын нэгэн билээ. Энэ сайхан нутагтаа эзэн болж, эрх жаргалтай аж төрж, их бүтээн байгуулалт өрнүүлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулж, урьд урьдаас илүү амжилт ололтод хүрэхийг Увс нутгийн нийт иргэддээ хүсэн ерөөе.

  • Улаангом хотод 7,6 км зам ашиглалтад орлоо

    Улаангом хотод 7,6 км зам ашиглалтад орлооУвс аймгийн Улаангом хотын доторхи хатуу хучилттай замын ажил бүрэн дууслаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг Увс аймагт ажиллах үеэр 7,6 км хатуу хучилттай замын нээлт болсон юм. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо хийх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Замын засвар, шинэчлэлийн ажил нь Увс аймгийг 2008-2012 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлын нэг юм байна.

    Авто замын засвар, шинэчлэлийг Увс-АЗЗА компани туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хийсэн байна. Улаангом хотод 1990 оноос хойш ийм их хэмжээний хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй гэнэ. Мөн энэ өдөр Улаангом хотын 6, 7 дугаар багт 100 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийж Ерөнхий сайд оролцлоо. Цэцэрлэгийг Арвижих-Увс компани 364 сая төгрөгөөр барьжээ. Тус аймагт сургуулийн өмнөх насны 8345 хүүхэд байгаагийн 2800 гаруй нь цэцэрлэгийн үндсэн бүлэгт, 1900 гаруй нь нүүдлийн гэр цэцэрлэг, ээлжийн бүлэгт хамрагдаж байна

  • Ерөнхий сайд “Увс хүнс” компаний ажилтай танилцав

    Ерөнхий сайд “Увс хүнс” компаний ажилтай танилцавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Увс аймагт ажиллахдаа “Увс хүнс” компаний ажилтай танилцлаа. Энэ компани нь 1942 онд ”Идэш тэжээлийн комбинат” нэртэй байгуулагдан Увс аймгийн иргэдийг сүү, архи, ундаа, гурил зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр хангаж иржээ.  Төрийн өмчид байсан 51 хувийг 1997 онд нийтийн дуудлага худалдаагаар худалдан хувьчилснаар “Увс хүнс” ХК болсон байна. 2005 онд хувьцааны хяналтын багцыг шинэ хувьцаа эзэмшигчид худалдаж авснаар компаний гүйцэтгэх удирдлага бүрэн шинэчлэгдсэн байна.

    2006 оноос бүтээгдэхүүний техник, технологи, сав баглаа боодлоо шинэчлэн, маркетингийн цогц бодлого хэрэгжүүлж өдгөө UFC групп болон өргөжиж, зах зээлд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ баттай эзэлжээ. Тус компани архи, ундаа, талх, нарийн боов, иоджуулсан давс, жимс, чацаргана боловсруулах үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ Чацарганы газар тариалангийн аж ахуй хөгжүүлэхийг зорьж байна. Энэ дагуу Улаангом хотын нутагт 100 га газрыг боловсруулан, услалтын систем барьж ОХУ-аас шилдэг, элит сортын 50 мянган чацарганы суулгац тариалжээ. Мөн хүнсний ногоо, нарийн ногооны тариалалт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 20 тонн багтаамжтай зоорь, хүлэмжийг өөрийн хөрөнгөөр барьж босгосон байна. “Увс хүнс” компани чацарганы тос, жүүс, “Морьтой Чингис”, “Хан Хөхий”, “Хархираа” зэрэг архи, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нийт 150 орчим ажилтантай. Жилдээ улсын төсөвт 1 тэрбум төгрөгийн татвар төлж байна.